Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 183/ШШ2023/03458

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 31 өдөр                 Дугаар 183/ШШ2023/03458                              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Д.Г/РД: /,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Г.О /РД: / нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт Г.С /РД: /-д холбогдох,

            

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Гт, 5 хувийн хувьцааг Г.Од тус тус шилжүүлэхийг хариуцагч Г.Сд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогч: Нэхэмжлэгч Д.Г, Г.О нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Мөнхтуяа, Х.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Гшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Д.Гминий бие "Э" ХХК-ийг 2010 онд 1 000 000 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулж, уг компанийн нийт хувьцааны 44%-ийг /51%-ийг П.П5%-ийг Г.О тус тус эзэмшдэг/ эзэмшиж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан. "Э" ХХК нь Залаатын богинын аманд газар ашиглах эрх авч, аялал жуулчлалын төсөл боловсруулан, 12 жилийн турш уг төслийг хэрэгжүүлж, их хэмжээний хөрөнгө оруулсан. Уг газар дээр 3 барилга барих зөвшөөрөл авсан бөгөөд уг барилгыг барьж дуусгах ажил үлдсэн байсан. Д.Гминий төрсөн охин Г.С гэх эмэгтэй 2019 оны сүүлээр "гэнэт намайг асрана, халамжилна" гэж гарч ирсэн. Би ч маш их баярлаж, 2 дүү нь ч эгчтэй боллоо гэж баяртай хүлээж авсан. Тэрээр 1 жилийн хугацаанд миний гар урлалын маш үнэ цэнэтэй зүйлүүдийг бэлгэнд авсан. Дараа нь Г.С нь би таны төрүүлсэн охин, аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлмээр байна, гадаадад эдийн засгийн мэргэжлээр төгссөн гээд өөрөө хүссэн тул би хөрөнгийн Үнэлгээний Л  компаниа өгсөн. Г.С нь Л  компанийн бүх бичиг баримт, тайлан, зохиосон сурах бичиг, гарын авлага зэргийг ачиж аваад явсан. Түүгээр ч зогсохгүй Залаатын богинын аманд 3 барилга барих саналыг 4 хөрөнгө оруулагч гаргаж байснаас 1 хөрөнгө оруулагч нь олон жил танил, найдвартай тул бараг сонгочихсон байхад Г.С нь би уг төслийг хариуцмаар байна гэж хэлсэн. Би өөрийн төрсөн охин уг төслийг хэрэгжүүлбэл санхүүгийн байдал нь сайжрах юм даа, дүү нартаа ч хэрэгтэй юм гэж бодон Г.Сд харьцуулж, нэг барилгын газарт нь чи барилгаа барьж авч болно гэсэн. 2022 оны эхээр Г.С заавал өөрийн нэр дээр хувьцаа шилжсэн тохиолдолд төсөлд хөрөнгө оруулж, барилга барих гэрээ хийнэ гээд байна, нөхөр ч тэгж байна, хүний юманд хөрөнгө оруулахгүй гэж байна гэхээр нь "2 дүү чинь болон аав чинь бүх хураасан хөрөнгөө оруулсан шүү дээ" гэхэд би таны байрыг энэ хавар эхлээд намар ашиглалтанд оруулаад таныг дэргэдээ асрамжиндаа авна, 2 дүүгийн хувьд энэ компанид оруулсан хөрөнгийг буцаан төлж, хувийг нь ашгаас нь телне, таныг эмчлүүлнэ, рашаан сувилалд авч явна гэх мэтээр настай миний сэтгэлийг хөөргөдсөн олон зүйлийг амалсан болохоор нь "за ямар ч гэсэн миний байшинг барьж, намайг оруулаад, эмчилгээ, сувилалын мөнгө өгөөд хоёр дүүгийнхээ хөрөнгө оруулалтыг буцаан өгөөд цаана нь ашиг гаргана гэж байгаа юм байна" гэж хувьцаа шилжүүлэхийн өмнө ойлгоод үүнд нь 100% итгэж хувьцаагаа худалдах, худалдан авах гэрээгээр өгсөн бөгөөд ингэхдээ өөрийн төрсөн охин гэж 100% итгэлтэй байсан тул гэрээнд амалсан зүйлээ бүгдийг тусгасан гэж бүрэн итгэж, гэрээг огт шалгаж харахгүйгээр хуруугаар заасан газар болгонд гарын үсэг зурсан билээ. Тэгээд ч миний өрөөсөн нүд огт харахгүй, нөгөө нүд ойрын хараагүй, 16 гэсэн шириптээр томруулж байж унших тул боломжгүй байлаа. Худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээний тус бүр 1 хувийг Г.С надад өгөөгүй ба хожим компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигчээр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж авч харахад дээрх амалсан зүйлүүдээ гэрээнд тусгаагүй байсан. Ингээд эргээд санахад Г.Сд компанийн хувьцаа шилжүүлэхээс өмнө өгсөн амлалт, хайлсан тугалга шиг харьцаа огт байхгүй болж, хувьцаа шилжүүлснээс хойш Г.С одоо энэ минийх болсон та нарт хамаагүй гээд бүх харилцаагаа тасалж утсаа блоклоод зугтаачихсан. Хоёр дүү нь та биднийг шударга хөдөлмөрлөж, шударга бай гэж сургасан гэтэл бид хоёр хогийг нь цэвэрлэж, манаж хонож, олон жил хөрөнгөө оруулсан босгосон компанийг та яагаад огт хөрөнгө оруулж хуруугаа ч хөдөлгөөгүй хүнд өөрийнхтэйгээ хамт бүгдийг өгчихдөг юм бэ? гэсэн. Би тэр даруй Г.С руу залгаж, "худалдах худалдан авах гэрээг даруй авч ирээд амлалт хариу төлбөрөө тайлбарлаад хоёр дүүгийнхээ гомдлыг тайльяа гэхэд тэгье" гээд бүх утас, холбоогоо блоклоод зугтаагаад одоо хүртэл алга болсон тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон Иргэн Д.Гминий бие нь өөрийн нэрийн өмнөөс болон охин Г.Огийн нэрийн өмнөөс охин Г.Схэлснээр 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "Э" ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан ба хөгшин настай, харааны бэрхшээлтэй байдлыг минь далимдуулж, ноцтой төөрөгдүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Г.Огийн хувьд Д.Гминий бие компанийн ажил хурдан шуурхай явуулахад итгэмжлэл явуулах шаардлагатай байна гэхэд 7 хоногийн дараа Монголд очих тул итгэмжлэл өгөх шаардлагагүй гэж хэлсээр байхад нь уурлаж байгаад итгэмжлэл авсан. Г.О нь өөрөө итгэмжлэл өгснөөс хойш 7 хоногийн дараа Монголд ирсэн. Итгэмжлэлийг авахдаа би 5 хувийн хувьцааг нь Г.Сд шилжүүлнэ гэж Г.Од хэлээгүй нуусан буруутай юм. Дээрх гэрээнүүдэд Д.Гнамайг асарч сувилах, Залаатын богинын аманд байшин барьж өгөх, 2 дүүдээ тухайн компанид оруулсан хөрөнгийг нь буцаан өгөх, олсон ашгаа хуваах зэрэг байсан ба гэтэл гэрээнд огт дурдаагүй гарын үсэг зуруулсан байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.6, 56.1.7, 56.1.8, 56.1.10-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Иймд Д.Г, охин Г.Огийн нэрийн өмнөөс охин Г.С-ын хэлснээр байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус тул "Э" ХХК-ийн 44%-ийн хувьцааг Д.Гт, 5%-ийн хувьцааг Г.Од тус тус шилжүүлэхийг хариуцагч Г.Сд даалгаж өгнө үү...” гэв.

 

2. Нэхэмжлэгч Г.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.О миний бие 2019 онд Канад улс руу ажлын шугамаар явсан бөгөөд ковид цар тахлын улмаас 3 жил түгжигдсээр 2022 онд хил нээгдэх үед Монголдоо ирж аав дүүтэйгээ уулзсан. 2021 онд Г.С гэж 50 хүрч яваа эмэгтэй хүн миний эгч гэж гэнэт гарч ирээд аавын маань нэр дээр байдаг компанийн 44 хувь, миний нэр дээр байдаг 5 хувийн хувьцааг аавын маань итгэлийг олох замаар өөрийн нэр дээр шилжүүлж аваад бидний утсыг блоклоод ямар ч харьцаа байхгүй болоод алга болсон. Аав маань намайг Монголд ирэхээс өмнө гэнэт компанийн өөрийнхөө хувьцааг яаралтай над руу шилжүүл би ажил хийх гэхээр холоос хэцүү байна гээд өдөр болгон залгаж эхэлсэн, ингээд би аавдаа би одоохон очлоо шдээ яасан юу болсон юм бэ? гэхэд өнөөдөр шилжүүлээдхээ би ажил хийх гэсэн юм гээд тэгээд аав маань бие муутай байсан болохоор санаа зовоод аавдаа консулаар баталгаажуулж итгэмжлэл явуулсан. Надад энэ талаар огт хэлээгүй. Очоод энэ талаар лавлахад Г.С эгч чинь ажил хийх гэхээр заавал бүх хувь нь өөрийнхөө нэр дээр байж хийнэ гэхээр нь шилжүүлсэн гэж хэлсэн. Энэ хийсэн гэрээ нь анхнаасаа хүчинтөгөлдөр бус, гэрчгүйгээр хийсэн гэрээ, аавыг маань хуурч бие муу байгааг ашиглан төөрөгдүүлээд шахалтаар хийсэн гэрээ юм. Жишээ нь аавд маань энэ гэрээний 1 хувийг нь өгөөгүй. Ямар гэрээнд гарын үсэг бүү мэд гэрээг нэг ч удаа хараагүй. Намайг ааваар яаруулан ирэхээс минь өмнө хувьцаа шилжүүлж авсан байсан. Аав маань насаараа хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ үнэнчээр зориулсан хөрөнгийн үнэлгээний "Л " компаниа Г.С эгч рүү шилжүүлж өгсөн байсан. 2 өрөө байр Г.Сзөвлөсний дагуу 70 хувийн урьдчилгаа төлүүлээд  Г.Сын охиныг амьдруулж байсан. Үүнийг бид араас явж байгаад буцааж авсан. Аав маань нэг нүд нь хараагүй болсон, нэг нүд нь ойрын хараа бараг байхгүй охиноо гээд итгээд авчирч өгсөн гэрээн дээр нь огт уншилгүй гарын үсэг зураад шилжүүлсэн байгаа юм. Манай аавын бие нэлээд суларсан байсан тул би Монголд буугаад 7 хоногийн дараа шууд аав Д.Гыг Хужирт амралтын газар руу биеийг нь сайжруулахаар авч явсан бөгөөд энэ үед Г.С гэж хүн сүүлийн өдөр нь хүргэж өгөхөөр ирсэн. Бид 2 нэг бус удаа уулзсан бөгөөд энэ хугацаанд тэр хүнтэй дотно танилцаж яриа өрнүүлж байсан бөгөөд нэлээд хэдэн удаа ярилцсаны эцэст миний сэтгэлд энэ хүн хэд, хэдэн зүйл дээр эвгүй сэтгэгдэл үлдээсэн болохоор би гэнэт сэжиглэж эхэлсэн юм. Ингээд аав маань хэд хэдэн удаа залгаж ирж дүү нартайгаа асуудлаа шийд гэхэд бид нарын дугаарыг бүгдийг блоклож, бид нараас холбоо тасалсан. Намайг хүний нутагт байх хугацаанд "охин нь гэж итгүүлэн янз бүрийн амлалт амлаж, хөгшин болсон эцгийг маань төөрөгдүүлж, анхнаасаа зорилготой, хуурч мэхэлж хийсэн худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зуруулж компанийг шилжүүлж авсанд гомдолтой байна...” гэв.

 

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:“... Г.С миний бие 2019 оны сүүлээр өөрийн төрсөн аав Д.Гтай уулзан холбоотой болж аав охин хоёр хэн хэн нь ихэд баяртай байсан. Уулзах үед аав минь нас 70 гарсан бие нь тааруу, сэтгэл санаа ч гундуу байх шиг санагдсан, өөрөө ч хэлж байсан ганцаараа амьдардаг байсан. Хааяа аавыг очиж аван салхиулан гадуур хамт явж ярилцахад их сайхан байжээ. Аав маань еерийн үзсэн туулсан өнгөрсөн амьдрал, хийж бүтээсэн ажлын талаар ярьж өөрийн том охин болох намайг харж хандаагүй ээжид минь муухай хандсандаа, ер нь залуу насандаа олон алдаа гаргаж олон ч амьдрал үзсэн, охиноосоо зовж байна гэж надад хэлж байсан. Улмаар манай гэрт ирж миний гэр бүлтэй танилцаж, нас өндөр болж өөрийн олон жил үүсгэн санаачлан ажилласан хөрөнгийн үнэлгээний Л ХХК-ийг охин минь үргэлжлүүлэн авч ажиллавал сэтгэл амрах тухай, мөн өөрийн 49% эзэмшдэг Э ХХК-ийн газрын талаар дэлгэрэнгүй ярьж, манай нөхрийг хөрөнгө оруулалт хийж авч явахыг хүссэн. Миний охин хөрөнгө оруулалт олоод барилгын төсөл хэрэгжүүлбэл мөн сайн байна даа гэж ярьж эхэлсэн. Аав нь яваандаа шилжүүлж өгье гэж ярьсан. Би нөхөртөө аавын ярьсныг хэлсэн. Нөхөр хэрэггүй ээ дэмий байхаа гэсэн. Ер нь хүний юманд хөрөнгө оруулалт хийхгүй ээ, ааш занг нь сайн мэдэхгүй байж баахан хөрөнгө оруулсны дараа нь янз бүрийн асуудал үүсгэвэл яах уу гэж хэлж байсан. Улмаар аав компанийн ажлыг яаралтай эхэл, би хамтрагчтайгаа ярьсан чамайг танилцуулна гээд надад утсыг өгч би Е.Птай /Э ХХК-ийн 51% эзэмшигч/ танилцуулсан. Би ааваас "Та /Э ХХК-ийн 5%-ийн хувьцааг эзэмшигч/ ярилцсан юм уу. болох юм уу" гэхэд "Би өөрөө мэдэж байна тооцоог нь хийчихсэн Хоёр дүү чинь би тус тусад нь байр орон сууц, мөнгө өгдгөө өгсөн. Хамгийн сүүлд компанийн оффисыг зараад мөнгийг нь хуваагаад өгсөн. Чамд л энэ компаниа шилжүүлчихвэл аав нь сэтгэл амрах гээд байна гэсэн. Ингээд хувьцаагаа албан ёсоор ном журмаар нь шилжүүлж өгсөн. Өөрөө надад өөрийн өсгөсөн охин нь гадаад амьдарна гэсэн намайг орхиод явсан гэж гомдолдог л байсан. 2020 оны 9 сард Г.С миний төрсөн өдрөөр аав нь охиндоо бэлэг гээд жижиг гарын мөнгөн аяга 1ш, цагаан өнгийн хаш шагай 1ш өгсөн. Мөн өөрийн эдэлж хэрэглэж явсан зүйлээ хүүхдэдээ хуваан өгсөн талаар ярьж надад дунд гарын чүнчүгноров хөөрөг 1ш, миний охинд өвөөгийнх хэрэглэж явсан үзгэн бал 1 ширхгийг уулзсандаа баяртай байна гээд бэлэглэсэн болохоор эцгийн минь өгсөн юм гэж одоо ч хадгалж байгаа. Нэгэнт эдгээр бэлгийн талаар аав маань нэхэмжлэлдээ дурдсан учраас өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан эргүүлэн өгөх хүсэлтэй байна. Жич: (Нөхөрт маань өгсөн хар хаш хөөргөө аав нөхөр луу утасдаж нэхсэн тул бид жолоочоор хүргүүлж өгсөн. Өнгөрсөн хугацаанд аав надтай өдөр бүр холбогдон өөрийн компанийг залгамжлуулан өгөх талаар хэлдэг байсан. Аав хэлэхдээ: Чамаас өөр хүн байхгүй нээ, чи миний ажлыг үргэлжлүүлж аваад явбал аав нь баярлана гээд би их сэтгэл өндөр аавынхаа ажлыг үргэлжлүүлж хийнэ гэдэг надад нэр төрийн хэрэг санагдаж байсан. Аавтай ярилцаж байгаад аавын үнэлгээний компанийн ажилд нэмэр болох гээд ажлын гэрээнүүд олж өгч тусалдаг байсан. 2022 онд аав өөрийн компанийн байрыг зарж 2 дүүд чинь өгсөн компани өөрийн байр байхгүй болсон учраас бичиг цаас баримтыг чи авч хадгалаач гэж хэлсэн. Би ч хэлсэн ёсоор нь өөрийн оффис дээрээ авчирч, маш замбараагүй бичиг цаас, архивын материал номуудыг нь цэгцэлж, аавын компанийн ажилд сайн дураар тусалдаг байснаас биш албан ёсоор үүрэг хүлээж компанийг хүлээж авсан зүйл байхгүй. Хэдий шүүхийн маргаан үүссэн байсан ч аавыг агуулах газаргүйг ойлгож боломжтой хугацааг иртэл компани бичиг цаасыг хадгалж ирсэн. Хоёр дох нэхэмжлэлдээ энэ талаар дурдсан учраас Л  компанийн бичиг цаас, номинуудыг яаралтай хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Би тэр компанийн хувьцааг авахаар гуйж юм уу, шахаж, шаардсан зүйл ерөөсөө байгаагүй. Угаасаа тэр компани нь өөрөө үйл ажиллагаа явуулдаггүй, хувьцааны 51 хувийн хувьцааг эзэмшдэг өөр иргэнээс бүрэн хамааралтай, санхүүгийн X тайлан гаргадаг, балансаа бүртгэлтэй хөрөнгөгүй, татварын өртэй, бусдад төлбөр тооцоотой, шүүх дээр маргаантай компани байсан. Тус компанийг хөл дээр нь босгохын тулд томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай, хөлс хөдөлмөрөө зарцуулж байж төсөл амжилттай хэрэгжүүлснээр цэгцлэх ийм л компани байсан. Өөрөөр хэлбэл тэр бол зөвхөн хийх ажил, хэрэгжүүлэх төсөл л байна. Миний аав арай ийм хүн биш өөр нэгэн л зориуд биднийг хагаралдуулж байгаа байх л гэж бодож байлаа. Анхнаасаа энэ хувьцаа шилжүүлж байхад хэн ч юу ч гээгүй бүгд зөвшилцөөд хувьцаа албан ёсоор нотариатаар баталгаажуулж шилжсэн. Аавын хувьд нэхэмжлэлд бичсэн шиг тийм мэдэн будилсан, ямар гэрээ хийснээ ч мэдэхгүй, гэрээний заалтаа ойлгохгүй чадваргүй хүн биш бөгөөд харин ч олон жил төр, нийтийн удирдах ажил хийсэн, маш хариуцлагатай, чамбай хүн бөгөөд хувийн бизнесийн олон чиглэлийг удирдаж, асуудал маргааныг шийдвэрлэх чадвар, туршлагатай хүн билээ. Шүүхийн маргаан нь дуусвал асуудлыг эв зүйгээр ойлголцоод шийдэх байх гэж миний хувьд хүлээцтэй хандсаар ирсэн. Ном журмын дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоог хүртэл хууль ёсны хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд үүссэн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нөгөө талаас удаа дараа нэхэмжлэл гаргачихсан бөгөөд миний хувьд хууран мэхэлсэн, хуурмаг зүйл байхгүй тул үнэн зөвийг тогтоолгож, шүүхээр хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй байх гэж бодож байна. Иймд тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Аав охин хоёрын хооронд энгийн сайхан харилцаа байсан. Нэхэмжлэлд дурдсан шиг Г.Схувьд гэрээг хуурч мэхлэх, залилах эд хөрөнгийн ашиглах зорилго агуулсан зүйл байхгүй. Аав охин 2 ярилцаж байгаад хувьцааг шилжүүлсэн. Аав нь газар дээр байшин барилга барих ажлын хийгээч гэсэн. Тухайн үед гэрээ хийгдээд охин гадаадаас ирээд харилцааны асуудал үүссэн. Үүний улмаас төсөл хэрэгжүүлэх боломж гараагүй нэхэмжлэгч тал шүүхэд хандсан учраас шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Гэрээнээс татгалзаж байгаа юм уу, анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ юм уу, ойлгомжгүй байна. Бүгд тус тусдаа өөр эрх зүйн агуулгатай байдаг. Хэрвээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6, 56.1.7 дахь заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл боллоо гэхэд эрх зүйн чадамжгүй эсхүл сэтгэцийн өвчний саатлын улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй этгээдийн хийсэн хэлцлийг авч үздэг бөгөөд Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7, 18.1.8-д заасны дагуу эрх зүйн чадамжгүй иргэн гэдэгт 7 хүртэлх насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцож, асран хамгаалалт тогтоосон этгээдийг тус тус ойлгоно. Гэтэл нэхэмжлэгч Д.Гийн хувьд Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу өөрийн үйлдлээр өөртөө эрх олж авах, үүрэг бий болгох чадвар бүхий 18 насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн юм. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Гаас харааны бэрхшээлтэй байдлыг минь далимдуулж гэрээнд гарын үсэг зуруулсан гэжээ. Нотариатын тухай хуулийн 46.1.8-д зааснаар нотариатч хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээг гэрчилнэ гэж заажээ. Нотариатын тухай хуулийн 46.2-т "Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх, бусдын дарамт, болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх" гэж заасан. Хэрэв энэ хуулийн 46.2-т заасан байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзах үүрэгтэй байдаг. Иймд хууран мэхлэх үндэслэл болохгүй. Талууд гэрээний нөхцөл, хувьцааны төлбөрөө өөрсдөө тодорхойлсон байдал нь Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д заасан "гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасантай харшлаагүй, хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзнэ.  "Голден-Ассет" ХХК-ийн үнэлгээчнээс ирүүлсэн тус компанийн бизнесийн үнэлгээний гэх тайлантай танилцахад үнэлгээ нь бодит байдалтай нийцэхгүй байна. Учир нь компанийн бизнесийг орлогын хандлагаар үнэлэхдээ компани нь 3 жилийн дотор 9 давхар, 24,000 м.кв талбай бүхий зочид буудал барьж ашиглалтад оруулж, худалдахаар таамаглаж, түүний орлогоор үнэлгээг тогтоожээ. Гэтэл бодит байдалдаа уг газарт 9 давхар барилга баригдах тусгай зөвшөөрөл огт гараагүй байх бөгөөд Нийслэлийн засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/653 тоот захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх тусгай хамгаалалттай уг газарт (Богдхан уулын дархан цаазат газар) шинээр барилга байгууламж барих зөвшөөрөл олгох, өөрчлөлт оруулах үйл ажиллагааг зогсоосон. Түүнчлэн уг тайлангаар компанийн хөрөнгө, бизнесийг 100% хувийн өмчлөлд байна гэж үзэж дүгнэлтээ гаргасан тухай тайландаа дурджээ. Гэтэл үнэлгээний тулгуур үнэ цэнэ болсон 16,000 м2 талбай бүхий газар нь компанийн болоод хувийн өмчлөлд хамаарахгүй юм. Учир нь МУ-ийн Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 5.2-т зааснаар МУ-ийн иргэнд өмчлүүлсэнээс бусад газар төрийн нийтийн өмч байхаар заасны дагуу улсын тусгай хамгаалалттай газарт байрлах 5 жилээр тусгай зориулалтын дагуу ашиглах эрхтэй газрыг хувийг эмч мэтээр үнэлгээ тогтоож, улмаар бусдад үнэлэн худалдах нь хууль зөрчинө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хуульзүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна...” гэв.

 

5. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, "Э" ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, "Э" ХХК-ийн дүрмийн хуулбар, "Э" ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, "Э" ХХК-ийн үүсгэн байгуулагчдын тогтоол, Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, Татварын тодорхойлолт,  Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, мөнгө төлсөн баримт, "Э" ХХК-ийн гэрчилгээ /шинэ/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 834 дүгээр захирамж, 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1991 дүгээр захирамжийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын архиваас Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэрлэгдсэн 183/ШЗ2023/00834 дугаартай хэргийг бүхэлд нь нотлох баримтаар татсан болно. Хариуцагчаас хариу тайлбарыг ирүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Гнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Г.С нь намайг асарч сувилах, Залаатын богинын аманд сайн байшин барьж өгөх, 2 дүүдээ тухайн компанид оруулсан хөрөнгийг нь буцаан өгөх, олсон ашгаа хуваах зэрэг байсан ба гэтэл гэрээнд огт дурдаагүй, намайг хуурч мэхлэн, хувьцааг худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулан гарын үсэг зуруулсан тул гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч Г.О нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Намайг хүний нутагт байх хугацаанд "охин нь гэж итгүүлэн янз бүрийн амлалт амлаж, хөгшин болсон эцгийг маань төөрөгдүүлж, анхнаасаа зорилготой, хуурч мэхэлж хийсэн худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээн дээр гарын үсэг зуруулж компанийг шилжүүлж авсан. Иймд гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардах эрхтэй...” гэж тайлбарласныг хариуцагч шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрсөн агуулгаар тайлбар шүүхэд гаргасан.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд

 

4.1. Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г, 5 хувийн хувьцааг Г.О, 51 хувийн хувьцааг Ё.Пүрэвдаваа нар тус тус эзэмшдэг байсан болох нь компанийн дүрмээр тогтоогдож байна.

 

4.2. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 63 дугаар зүйлийн 63.2-т хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно. Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

 

4.3. Нэхэмжлэгч Г.О нь 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр Э ХХК-ийн өөрийн эзэмшлийн 5 хувийн хувьцааг бүхэлд нь эрх шилжүүлэх, худалдах, бэлэглэх гэрээ байгуулах гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, холбогдох үйлдэлд бүрэн төлөөлөх эрхийг нэг жилийн хугацаатай нэхэмжлэгч Д.Гт олгосон.

 

4.4. Нэхэмжлэгч Д.Гнь Г.Стой 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Э ХХК-ийн өөрийн эзэмшлийн 44 хувь буюу 44 ширхэг хувьцааг, Г.Огээс олгосон итгэмжлэлийн дагуу Г.Огийн эзэмшлийн 5 хувь буюу 5 ширхэг хувьцааг нэг бүрийн үнэ 10 000 төгрөгөөр, нийт 490 000 төгрөгөөр худалдахаар тохирсон байна. 

 

4.5. Улмаар мөн өдөр талууд Эрх шилжүүлэх гэрээг байгуулж, эрх шилжүүлэгч Д.Гнь "Э" ХХК-ийн хувьцааг эрх хүлээн авагч Г.Сд шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.6. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг. Маргааны эрх зүйн баримт бичиг болох хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ нь талуудын зарчимд нийцсэн, хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

4.7. Түүнчлэн, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг,  мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан байдаг.

 

 

4.8. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэйтэй боловч хэргийн баримтаар маргааны эрх зүйн баримт бичиг болох 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нарын “хариуцагч өндөр настай хүнийг хуурч мэхэлж компанийн хувьцааг шилжүүлсэн авсан” гэж тайлбар баримтаар тогтоогдоогүй.

 

4.9. Гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд гэрээг бичгээр байгуулж, хүсэл зоригоо гарын үсэг зурж баталгаажуулсан тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн ба талуудын хэн аль нь гэрээний үүрэг шаардах эрхтэй болно.

 

4.10. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Г, Г.О нарын хариуцагч Г.Сд холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Г.Солонгыг "Э" ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г, 5 хувийн хувьцааг Г.Од тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г, Г.О нарын хариуцагч Г.Сд холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, "Э" ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Гт, 5 хувийн хувьцааг Г.Од тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай. 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХЦЭЦЭГ