Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00148

 

 

 

 

 

 

 

 

2024 01 17 210/МА2024/00148

 

 

Д.Г-, Г.О- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03458 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Г-, Г.О- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Г-д холбогдох,

2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г-т, 5 хувийн хувьцааг Г.О-д тус тус шилжүүлэхийг хариуцагч С.Г-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, нэхэмжлэгч Г.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Д.Г- миний бие Э ХХК-ийг 2010 онд 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай үүсгэн байгуулж, уг компанийн нийт хувьцааны 44 хувийг, 51 хувийг П.П-, 5 хувийг Г.О- тус тус эзэмшиж, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан. Э ХХК нь Залаатын богинын аманд газар ашиглах эрх авч, аялал жуулчлалын төсөл боловсруулан, 12 жилийн турш уг төслийг хэрэгжүүлж, их хэмжээний хөрөнгө оруулсан. Уг газар дээр 3 барилга барих зөвшөөрөл авсан. Д.Г- миний төрсөн охин С.Г- нь аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэсэн тул хөрөнгийн үнэлгээний Л- компанийн хувьцаагаа өгсөн. Д.Г- миний бие нь өөрийн нэрийн өмнөөс болон охин Г.О-гийн нэрийн өмнөөс охин С.Г- хэлсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Э ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан ба хөгшин настай, харааны бэрхшээлтэй байдлыг минь далимдуулж, ноцтой төөрөгдүүлж гэрээнд гарын үсэг зуруулсан гэж үзэж байна. Г.О- итгэмжлэл өгснөөс хойш 7 хоногийн дараа Монголд ирсэн. Итгэмжлэлийг авахдаа би 5 хувийн хувьцааг нь С.Г-д шилжүүлнэ гэж Г.О-д хэлээгүй нуусан буруутай юм. Дээрх гэрээнүүдэд Д.Г- намайг асарч сувилах, Залаатын богинын аманд байшин барьж өгөх, 2 дүүдээ тухайн компанид оруулсан хөрөнгийг нь буцаан өгөх, олсон ашгаа хуваах зэрэг асуудлууд орох байсан ба гэтэл гэрээнд огт дурдаагүй надаар гарын үсэг зуруулсан байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.6, 56.1.7, 56.1.8, 56.1.10-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Иймд Д.Г-, охин Г.О-гийн нэрийн өмнөөс охин С.Г- хэлснээр байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус тул Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г-т, 5 хувийн хувьцааг Г.О-д тус тус шилжүүлэхийг хариуцагч С.Г-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны сүүлээр өөрийн төрсөн аав Д.Г-тай уулзан холбоотой болж, аав охин хоёр хэн хэн нь ихэд баяртай байсан. Улмаар манай гэрт ирж миний гэр бүлтэй танилцаж, нас өндөр болж өөрийн олон жил үүсгэн санаачлан ажилласан хөрөнгийн үнэлгээний Л- ХХК-ийг охин минь үргэлжлүүлэн авч ажиллавал сэтгэл амрах тухай, мөн өөрийн 49 хувийг эзэмшдэг Э ХХК-ийн газрын талаар дэлгэрэнгүй ярьж, манай нөхрийг хөрөнгө оруулалт хийж авч явахыг хүссэн. Улмаар аав компанийн ажлыг яаралтай эхэл гэж хамтрагч Е.Пүрэвдаваатай / Э ХХК-ийн 51 хувийг эзэмшигч/ намайг танилцуулсан. Би ч хэлсэн ёсоор нь өөрийн оффис дээрээ авчирч, маш замбараагүй бичиг цаас, архивын материал номуудыг нь цэгцэлж, аавын компанийн ажилд сайн дураар тусалдаг байснаас биш албан ёсоор үүрэг хүлээж компанийг хүлээж авсан зүйл байхгүй. Анхнаасаа энэ хувьцаа шилжүүлж байхад хэн ч юу ч хэлээгүй бүгд зөвшилцөөд хувьцаа албан ёсоор нотариатаар баталгаажуулж шилжсэн. Аавын хувьд ямар гэрээ хийснээ ч мэдэхгүй, гэрээний заалтаа ойлгохгүй чадваргүй хүн биш. Ном журмын дагуу хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд одоог хүртэл хууль ёсны хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд үүссэн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр нөгөө талаас удаа дараа нэхэмжлэл гаргасан бөгөөд миний хувьд хууран мэхэлсэн, хуурмаг зүйл байхгүй тул үнэн зөвийг тогтоолгож, шүүхээр хуулийн дагуу шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд тус нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Г-, Г.О- нарын хариуцагч С.Г-д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г-т, 5 хувийн хувьцааг Г.О-д тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгч Д.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг тодруулалгүй шүүх хуралдаан явуулж маргаан бүхий асуудалд хууль зүйн дүгнэлт хийсэн.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г- нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд хандан гаргасан өөрийн нэхэмжлэлээ танилцуулан, тайлбарлахдаа ... Талуудын дунд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээ, хэлцлүүд нь Монгол Улсын Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.5, 56.1.6, 56.1.7, 56.1.8, 56.1.10 дахь хэсгүүдэд тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон. Иймд Д.Г- охин Г.О-гийн нэрийн өмнөөс охин С.Г- хэлсний дагуу байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь тус тус хүчин төгөлдөр бус тул Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г-т, 5 хувийн хувьцааг Г.О-д тус тус шилжүүлэхийг хариуцагч С.Г-д даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулж, тайлбарлаж, хууль зүйн үндэслэлээ тодорхойлсон байна.

Гэтэл нэхэмжлэгч Д.Г- нь 2023 оны 10 дугаар сарын 31-ны өдөр явагдсан шүүх хуралдаанд урьд гаргасан ...хүчингүй болгох... шаардлагын талаар бус талуудын дунд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээ, хэлцлүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээр хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүх хуралдаанд оролцсон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хууль зохицуулалтыг тус тус журамлан маргаан бүхий асуудалд хууль зүйн дүгнэлт хийх шаардлага үүсэх бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагуудын хууль зүйн үндэслэл, маргааны үйл баримтыг нэхэмжлэгчээс гаргасан шаардлагатай уялдуулан тодруулах нь талууд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй мэтгэлцэх, шүүх маргаан бүхий үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг үүсгэх юм. Хариуцагчийн зүгээс гардаж авсан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны явцад тодорхойлж буй нэхэмжлэлийн шаардлагууд нь зөрүүтэй, тодорхой бус байгааг мөн шүүх хуралдаанд тайлбарлаж, шийдвэрт тусгагдсан.

4.б. Талуудын дунд байгуулагдсан гэрээнд зааснаар хариуцагч С.Г- нь худалдан авч буй хувьцааны төлбөрийг ...Хувьцааг хүлээн авснаар төлөх... үүрэг хүлээж байгаа бөгөөд хувьцааг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлийн байгууллагад 49 хувийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэнээр хүлээн авсанд тооцох хууль зүйн зохицуулалттай.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, тухайн гэрээ, хэлцлүүд нь Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хууль зүйн шинжийг агуулж байна гэж үзээд 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлсэн бөгөөд тус ажиллагаа явагдаж байх шатанд нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банк дахь 452573935 тоот дансанд 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр 490,000 төгрөг шилжүүлж тус гүйлгээ нь ...хууль бус гүйлгээ гэсэн тодорхойлолттой буцалт хийгдсэн.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн дотоод шилжүүлгийн маягт гэх хэрэгт чухал ач холбогдол бүхий бичгийн нотлох баримтад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн буюу мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

4.в. Тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Ё.Пүрэвдавааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулах талаар талуудаас хүсэлт гаргаагүй байх боловч шүүх маргаан бүхий асуудалд үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулан тайлбар, татгалзлыг нь хэрэгт тусгаж маргаан бүхий асуудалд бүх талаас нь хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Г.О-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.а. Нэхэмжлэгч Д.Г-т ямар ч гэрээний хувь үлдээгээгүй, Г.О-г аав Д.Г-аар нь шахаж яаруулан Г.О-г Монголд ирэхээс нь өмнө компанийн хувьцааг шилжүүлж авсан байсан. Нэхэмжлэгч Д.Г- нь ноцтой төөрөгдөж хийсэн хэлцэл буюу хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хийсэн байна.

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ талуудын гаргасан тайлбар, бичмэл баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас тус шүүхэд дээрх маргаан бүхий нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 834 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар эцэг биш болохыг тогтоолгох хэрэг хянагдаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 743 дугаар шинжээчийн дүгнэлтээр Д.Г- нь С.Г- биологийн эцэг байх боломжтой гэсэн хариу гарсан.

Шинжилгээний хариу гарсны дараа эцэг биш болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргээсээ татгалзаж, Э ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г-т, 5 хувийн хувьцааг Г.О-д тус тус шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Уг хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 834 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай Д.Г-, Г.О- нарын нэхэмжлэлтэй, С.Г-д холбогдох иргэний хэргийг бүхэлд нь нотлох баримтын шаардлага ханган хэргийг татсан.

Дээрх хэргийг хэрэгсэхгүй болгох тухай иргэний хэрэгт хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнүүдтэй холбоотой баримт бичиг, Д.Г-ийн

нүдний эмчийн тодорхойлолт, хөрөнгийн үнэлгээний тайлан, төлбөр төлсөн баримт зэрэг баримтууд хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Хариуцагч С.Г- нь шүүх дээр хэрэг хянагдаж байх явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөр /нэг бүрийн үнэ 10,000 төгрөг, 44 ширхэг нийт 440,000 төгрөг, 5 ширхэг нийт 50,000 төгрөг/ нийт 490,000 төгрөгийг Д.Г-ийн данс руу шилжүүлсэн байсан.

Нэхэмжлэгч Д.Г-ийн зүгээс уг хувьцааны төлбөрийг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлснийг 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүх хурал дээр мэдсэн ба уг 490,000 төгрөгийг С.Г- Голомт банкны 0000 тоот данс руу буцаан шилжүүлсэн. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх ач холбогдолтой нотлох баримтуудын талаар шүүхээс огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй, бодит байдлыг харгалзан үзэж эрх зүйн дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч Г.О- өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Э ХХК-ийн 5 хувийн хувьцааг буцаан шаардаж байгаа ба Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээ гаргасан.

Иймд Д.Г-, Г.О- нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Г.О-гийн өмгөөлөгчийн зүгээс Д.Г- ямар гэрээ байгуулснаа мэдээгүй, сэтгэл хөдлөлөөр хийсэн гэж тайлбарлаж байна. Тус гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлдэг. Д.Г- сэтгэл хөдлөлөөр гэрээ байгуулах хүн биш, насаараа бизнес, төрийн удирдах албан тушаалын алба хашиж байсан хүн юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлтэй нүдний хараа муу гэх үндэслэл авцалддаггүй. Эрх зүйн чадамжгүй эсхүл сэтгэцийн өвчтэй гэдэг нь тогтоогдсон гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохоос биш, хараа муутай гэх үндэслэл нь хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлд хамаарахгүй. Энэ компанийн хувьд Богд уулын тусгай хамгаалалттай хоосон газартай, тус газар дээр байгаа хувийн байшин, хашаа нь 51 хувийн хувьцаа эзэмшигчийн эзэмшилд байдаг. Тус газар дээр 4 хаусны зай байдаг. Мөнгө санхүү олж, хаус барих төсөл болохоос биш, бэлэн өгсөн өмч хөрөнгийн асуудал байхгүй. Үнэлгээгээр газар, огт байхгүй зочид буудал оруулж тооцоод үнэлсэн. Уг үнэлгээг гэрээний үнэ гэж үнэлэх хууль зүйн хувьд боломжгүй. Анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаанд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль зүйл заалтыг баримталж шаардаж байна вэ гэж тодруулахад, үндэслэлээ тодорхойлж заадаггүй. Нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хугацаанд хангалттай тодруулсан. Анхан шатны шүүх хангалттай тодруулсан учир гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч Д.Г-, Г.О- нар нь хариуцагч С.Г-д холбогдуулан 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчингүй болгож, Э ХХК-ийн 44 хувийн хувьцааг Д.Г-т, 5 хувийн хувьцааг Г.О-д тус тус шилжүүлэхийг хариуцагч С.Г-д даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах эсхүл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжсэн хөрөнгийг буцаах шаардлага гаргасан эсэхийг тодруулах шаардлагатай байжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулснаар талууд тухайн маргааны зүйл, хэргийн үйл баримтыг зөв тогтоох боломжтой.

 

3. Түүнчлэн, нэхэмжлэгч талын хүсэлтээр хэрэгт нотлох баримтаар авагдсан тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШЗ2023/00834 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжтай баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл баримтад тавигдах хэлбэрийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байна.

 

Учир нь шүүхийн Тамгын газраас уг хавтас бүхий баримтыг бүгдийг хуулбарлаж, шүүхийн хуулбар үнэн тэмдэг дарсан байх ба, шүүх зөвхөн өөрийн үйлдсэн эрх зүйн акт, бусад баримт бичигт хуулбар үнэн тэмдэг дарах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн байна.

 

4. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хэрэгт цугларсан баримт нь хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүхээс хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, дүгнэлт хийх боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШШ2023/03458 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Г-аас төлсөн 70,200 төгрөг, нэхэмжлэгч Г.О-гээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

  ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ