Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/03689

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/03689 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Н.М /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: өөрийн байранд байрлах И/РД: /-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Иындотоод аудитын албаны даргаар ажиллаж байсан. Тус газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дүгээр тушаалаар албан үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Миний бие 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ний өдрүүдэд өвчтэй байсан бөгөөд эмнэлгийн магадалгааг ажил олгогчид хүргүүлсэн байсан. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тушаалд Дотоод аудитын албаны дарга Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар түр алдсан талаар дүгнэж, хүлээн зөвшөөрсөн байдаг. Тийм атлаа энэ хугацаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-т заасан ажил үүргээ биечлэн, үнэнчээр өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх гэсэн үндсэн үүргээ биелүүлээгүй гэж албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахдаа үндэслэлээ тодорхой заасан тушаал, шийдвэр гаргах ёстой. Гэтэл ажил олгогч Иындарга С.Мөнхнасан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/244 дугаар тушаал гаргахдаа ажилтан надад сахилгын шийтгэл ногдуулах болсон үндэслэлээ тодорхой тайлбарлаж тусгаагүй байна. Надаас тайлбар аваагүй. Миний бие уг тушаалд хууль зааснаар зохих байгууллагад гомдлоо гарган хянагдаж байх хугацаанд ажил олгогч Иындарга С.Мөнхнасан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Н.Мтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/299 дугаартай хууль бус тушаал дахин гаргаж, намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Ажлаас халсан тушаалд Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгажээ. Гэтэл миний бие уг ажлын байран дээр ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг ажилтан надад танилцуулаагүй, гарын үсэг зуруулаагүй атлаа албан тушаалын тодорхойлолтод заасан хэрэгжүүлээгүй гэж буруутгасан нь үндэслэлгүй. Иймд урьд эрхэлж байсан Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 2022 оны 10 сарын 31-ний Б/244 дүгээр тушаалыг Иындаргын тушаалаар Н.Мд сахилгын шийтгэл ногдуулсан. Иындаргын 2021 оны 3 сарын 11-ний өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан эмнэлгийн хуудас олгох хянах журам гэж байгаа. Энэ нь ямар харилцааг зохицуулдаг журам вэ гэхээр хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацаанд мэдээллийн санд бүртгэх хяналт тавих харилцааг зохицуулсан. Энэ журам дээр юу гэж заасан бэ 3.1 дээр бол нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу эмнэлгийн хуудас олгох нийт харилцааг дор дурдсан хуанлийн хоногоор тооцно. Үүнд ердийн өвчин ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд 91 хоног хүртэлх хугацаагаар эмнэлгийн хуудас олгохоор зохицуулсан харилцаа. Гэтэл ажилтан маань одоо үндсэндээ тушаал дээр дурдаад байгаа 131 хоног эмнэлэг дамжин өөр өөр эмнэлэгт очиж эмнэлгийн хуудсыг авах замаар дээрх хугацаанд үзүүлсэн. Тухайлбал юу гэж заасан бэ гэхээр зэрэг 91 хоногоос дээш хоногоор өвдсөн ажилтан өвдсөн тохиолдолд хэрхэн зохицуулдаг талаар байж байгаа. Эмнэлэг, хөдөлмөрийн магадлал, комиссын дүрэм гэж бий Засгийн газрын 2021 оны 67 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан. Уг журамд өвчтөн 91 буюу түүнээс дээш хоног өвдсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоодог ажиллагааг зохицуулдаг. 91 хоногоос дээш өвдсөн бол хөдөлмөрийн чадвар алдалтынхаа хувь хэмжээг тогтоолгоод л ингээд цаашаа үргэлжлүүлээд ажиллах уу, үгүй юу гэдэг асуудал нь шийдэгдэнэ. Ийм л харилцаа байсан. Нийгмийн даатгалын байгууллагаас 91 хоногоос дээш хуудсанд 3 удаагийн листийг баталгаажуулаагүй байна. Баталгаажуулаагүйтэй холбоотойгоор ажилтан өвдсөн эсэх, яг бодитой эсэх дээр эргэлзээ төрнө. Ийм учраас албан тушаал бууруулаад, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар дээрх хугацаа өнгөрсний дараа ажилтан Мөнхсүрэнд 2022 оны 11 сарын 10-ны өдөр мэдэгдэх ээлжийн амралт олгох мэдэгдэх хуудас өгсөн байдаг. Энэ мэдэгдэл дээр 2022 оны 11 сарын 7-ны өдрөөс ажлын 15, нэмэгдэл 9 хоног хоёр амралтын өдрүүд нэмэгдээд бүгд 35 хоног амраад 2022 оны 12 сарын 14-ний өдөр ажилдаа эргэж орсон байхыг мэдэгдсэн. Ээлжийн амралтыг хөдөлмөрийн хуульд зааснаар эдлүүлсэн ба энэ талын холбогдох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ээлжийн амралтын цалин 4 071 000 төгрөгийг ажил олгогч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн цалингийн дансанд шилжүүлсэн байгаа. Дээрх мэдэгдэлд заасан хугацаа өнгөрснөөс хойш 2022 оны 12 сарын 22-ны өдрөөс хойш тодорхойгүй шалтгааны улмаас ажилдаа ирээгүй байсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил байсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаар тасалбар болгон цуцалж шийдвэрлэсэн. Иынтушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Иынхөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 34 дүгээр тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хорооны худалдааны 25 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, Амбулаториор эмчлүүлэгсдийн карт эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/03 дугаар Ч.Мг сэлгэн ажиллуулах тухай тушаал, Иындаргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дүгээр Н.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, Эрүүл мэндийн газрын 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 665 дугаар албан бичиг, ээлжийн амралт олгох хуудас, төлбөрийн хүсэлт, гүйлгээний баримт, ХХБ-ны дансаар цалин олгох ажилтнуудын жагсаалт, ажилчдын цалин хөлсний дэлгэрэнгүй бүртгэл, Н.Мий хөдөлмөрийн чадвар түр алдсаны листний жагсаалт, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...ИынДотоод аудитын албаны даргаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд өвчтэй байсан ба эмнэлгийн магадалгааг ажил олгогчид хүргүүлсэн байхад 2022 оны 10 дугаар сарын 31-ний Б/244 дугаар тушаалаар ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэх үндэслэлээр албан тушаал буулгах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалд гомдол гаргаж шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дугаар тушаалаар Дотоод аудитын ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж шийдвэрлэсэн хууль бус гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан нь Дотоод аудитын албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж баталгаажуулахаар шаардах эрхтэй... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...Нийгмийн даатгалын байгууллагаас 91 хоногоос дээш хуудсанд 3 удаагийн листийг баталгаажуулаагүй байна. Баталгаажуулаагүйтэй холбоотойгоор ажилтан өвдсөн эсэх, яг бодитой эсэх дээр эргэлзээ төрнө. Иймээс албан тушаал бууруулаад, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан. Улмаар ажилтанд 2022 оны 11 сарын 10-ны өдөр ээлжийн амралт олгох мэдэгдэх хуудас өгсөн байдаг. Уг мэдэгдэлд 35 хоног амраад 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ажилдаа эргэж орсон байхыг мэдэгдсэн. Гэтэл тодорхойгүй шалтгаанаар ажилдаа ирээгүй байсан нь хөдөлмөрийн гэрээнд заасан болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил байсан. Ажил олгогчийн тушаал хуульд нийцсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар маргаагүй.

 

5. Иындаргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, ИынХөдөлмөрийн дотоод журмын 3.29.16, 4.1.4, 4.5, Хөдөлмөрийн гэрээний 4.2.1, 4.2.17 дахь заалтыг тус тус үндэслэн Дотоод аудитын албаны дарга Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 28-ны өдрүүдэд хуанлийн 131 хоног хөдөлмөрийн чадвар түр алдсан байх ба эдгээрээс 89 өдрийн эмнэлгийн хуудас баталгаажиж, 42 өдрийн буюу 8 дугаар сарын 18-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 3.1.1 дэх заалтад ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд 91 хүртэл хоног гэснийг зөрчсөн хэмээн үзэж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ердийн өвчний хоног гүйцсэн, үргэлжилсэн эмнэлгийн хуудас нь удаа дараа эмнэлэг хяналтын комиссын дугааргүй, эмнэлэг дамжин хуудас авсан байна гэж дүгнэн түүний хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудсыг баталгаажуулаагүй нь ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэх, Хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ажилтан 3 сараас дээш хугацаагаар өвдсөн тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоор өвчний нэр, үе шат, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, хугацаагаар тогтоолгон акт гаргуулах гэснийг тус тус биелүүлээгүй байх тул албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, Н.Мг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс Дотоод аудитын албанд ахлах аудитораар ажиллуулахаар шийдвэрлэжээ.

 

6. Хэргийн баримтаар ажилтан Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан, эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байсан болох нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас болон Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тус тус тогтоогдож байна. /хх 105-113, 120-123 /

 

7. Хариуцагч буюу ажил олгогч нь ажилтан Н.Мгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэлх хугацаанд ирүүлсэн эмнэлгийн хуудсыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/28 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 3.1.1 дэх заалтад ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд 91 хүртэл хоног гэснийг зөрчсөн хэмээн үзэж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ердийн өвчний хоног гүйцсэн, үргэлжилсэн эмнэлгийн хуудас нь удаа дараа эмнэлэг хяналтын комиссын дугааргүй, эмнэлэг дамжин хуудас авсан байна гэж дүгнэн түүний хөдөлмөрийн чадвар түр алдсан эмнэлгийн хуудсыг баталгаажуулаагүй нь ажилтан өвдсөн эсэх, яг бодитой эсэх дээр эргэлзээ төрж, хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан гэх тайлбар дараах үндэслэлгүй байна.

 

7.а. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, олгох хугацааг зохицуулсан бөгөөд эрүүл мэндийн байгууллагаас олгож буй хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нь даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах үндсэн баримт юм.

 

7.б. Дээрх хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д эмнэлгийн хуудасны маягтын загвар, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан ба Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 3 дугаар зүйлд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасны дагуу Эмнэлгийн хуудас олгох хугацааг журамласны дотор ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвар түр алдсан тохиолдолд 91 хоног хүртэл гэсэн нь даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах хугацааг зохицуулсан гэж үзнэ.

7.в. Өөрөөр хэлбэл, ажилтан Н.Мгийн 2022 оны 8 дугаар сарын 18-ний өдрөөс 9 дүгээр сарын 28-ний өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нийгмийн даатгалын байгууллага баталгаажуулаагүй нь түүний Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхийн асуудал хөндөгдөхөөс бус өвчтэй байсан гэх үйл баримтыг үгүйсгэхгүй болно.

 

7.г. Түүнчлэн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ердийн өвчний хоног гүйцсэн, үргэлжилсэн эмнэлгийн хуудас нь удаа дараа эмнэлэг хяналтын комиссын дугааргүй, эмнэлэг дамжин хуудас авсан гэх үндэслэлээр эмнэлгийн хуудсыг баталгаажуулахаас татгалзсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй.

 

8. Дээр дүгнэсэнчлэн, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас болон зохигчийн тайлбараар нэхэмжлэгч Н.М нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд өвчтэй байсан, эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан болох нь тогтоогдож байх тул ажилтанд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл болох ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр үл биелүүлсэн гэх нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

 

9. Иймд хариуцагч Иындаргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Мд албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэв.

 

10. Нэхэмжлэгч Н.М нь дээрх хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан Б/244 дүгээр тушаалыг эс зөвшөөрч хөдөлмөр эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Иынхөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талд хороонд тус тус хандан, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ажил олгогч буюу хариуцагч нь Иындаргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Н.Мг Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна.

 

11. Нэхэмжлэгч Н.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаал бууруулан Дотоод аудитын албаны ахлах аудитораар ажиллуулахаар шийдвэрлэсэн ажил олгогчийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/244 дүгээр тушаал хуульд нийцээгүй тул урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үр дагавар үүснэ. Иймд хариуцагч Иындаргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/299 дүгээр Н.Мг Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалаас чөлөөлж буй хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал эрх зүйн үр дагавар үүсгэхгүй тул шүүх уг тушаалын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

12. Дээрх үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мг урьд нь эрхэлж байсан Дотоод аудитын албаны даргын ажлын байранд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.

 

13. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Н.Мд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан 2022 оны 10 дугаар сарын 31-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл нийт ажлын 256 хоногийн цалинг Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоос Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар тооцоход нэг өдрийн цалин 133 177,22 төгрөг байх тул /133 177,22х256 хоног/ ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34 093 370 төгрөгийг хариуцагч Игаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгохоор шийдвэрлэв.

 

14. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй тул нэхэмжлэгч Н.Мгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

15. Тухайн нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргааны төрөл тул нэхэмжлэгч хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 398 617 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Мг урьд нь эрхэлж байсан Дотоод аудитын албаны даргын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34 093 370 төгрөгийг хариуцагч Игаргуулан нэхэмжлэгч Н.Мд олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Мгийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид Ит даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 398 617 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ