Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00290

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00290

 

 

 

2024 02 05 210/МА2024/00290

 

Н.М-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03689 дугаар шийдвэртэй,

Н.М-гийн нэхэмжлэлтэй, ИНЕГ-т холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Еркебулан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, Б.Хүсэлт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Н.М-г ИНЕГ-ын- дотоод аудитын албаны даргаар ажиллаж байхад нь тус газрын даргын 2022 оны 10 сарын 31-ний өдрийн Б/000- дугаар тушаалаар албан үүргээ биечлэн гүйцэтгээгүй гэх үндэслэлээр албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй. Учир нь Н.М- 2022 оны 05 сарын 03-ны өдрөөс 09 сарын 28-ны өдрүүдэд өвчтэй, эмнэлгийн магадалгааг ажил олгогчид хүргүүлсэн.

Мөн нэхэмжлэгч нь дээрх тушаалд хуульд зааснаар зохих байгууллагад гомдлоо гарган хянагдаж байх хугацаанд ажил олгогчоос 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/001- тоот тушаалаар Н.М-тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан хууль бус тушаалыг дахин гаргаж, Н.М-г үндэслэлгүйгээр ажлаас халсан.

Иймд урьд эрхэлж байсан Дотоод аудитын албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулан, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ИНЕГ-ын- даргын 2022 оны 10 сарын 31-ний Б/000- дугаар тушаалаар Н.М-д сахилгын шийтгэл ногдуулсан. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд зааснаар тасалбар болгон цуцалсан ИНЕГ-ын- тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Н.М-г Дотоод аудитын албаны даргын ажлын байранд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 34,093,370 төгрөгийг хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгч Н.М-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Н.М-гийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг хариуцагчид ИНЕГ-т даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 398,617 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэрт "Өөрөөр хэлбэл, ажилтан Н.М-гийн 2022 оны 08 сарын 18-ны өдрөөс 09 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нийгмийн даатгалын байгууллага баталгаажуулаагүй нь түүний Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхийн асуудал хөндөгдөхөөс бус өвчтэй байсан гэх үйл баримтыг үгүйсгэхгүй болно" гэж дүгнэжээ. Нэхэмжлэгч өвчтэй байсныг тодорхойлсон эмнэлгийн хуудсыг эрүүл мэндийн байгууллагаас олгохдоо Нийгмийн даатгалын ерөнхий газрын Даргын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн хуудас олгох, хянах журам"-ын 1.1-д заасныг эрүүл мэндийн байгууллагууд огт хэрэгжүүлээгүй, зөрчдөг, хуурамч эмнэлэгийн хуудас олгодог, танил тал, гуйлгаар ажилдаа очоогүй, ажил тасалсан хэн нэгэн ажилтны үйлдлийг зөвтгөх, хуулийн дагуу мэт харагдуулах гэсэн оролдлогыг шүүх зөвтгөсөн шийдвэр гаргахдаа Эмнэлэгийн хуудас олгох журмыг анхаарч үзээгүй байна.

4.2. Мөн шийдвэрт "Түүнчлэн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч "Ердийн өвчний хоног гүйцсэн, үргэлжилсэн эмнэлгийн хуудас нь удаа дараа эмнэлэг хяналтын комиссын дугааргүй, эмнэлэг дамжин хуудас авсан гэх үндэслэлээр эмнэлгийн хуудсыг баталгаажуулахаас татгалзсан гэх хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй" гэжээ. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн эмнэлгийн хуудсыг байгууллагын нягтлан бодогч Нийгмийн даатгалын байгууллагад хянуулж, баталгаажуулахаар цахимаар хүргүүлдэг ба энэ төрлийн харилцаа цахимаар явагдана. Энэ талаарх баримтыг www.naalgal.mn сайтаас хэвлэсэн байдлаар шүүхэд гаргаж өгснийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэсэн бол тухайн баримтыг хариуцагч нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөх, шүүх шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, дээрх баримыг гаргуулан авч хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан.

4.3. Шүүх хэргийг шийдвэрлэж цалин хөлсний олговрыг тооцохдоо огт цалин авч байгаагүй гэж тооцоолсон ба нэхэмжлэгчийн 2022 оны 11 сарын 07-ны өдрөөс ээлжийн амралтаа эдэлж, ээлжийн амралтын цалин 11 сард, 2,872,533 төгрөг, 12 сард 1,198,807 төгрөг, нийт 4,071,341 төгрөгийн ээлжийн амралтын цалинг авсан буку хөдөлмөрийн хуульд заасан ээлжийн амралтыг эдэлж байсан үед хамаарах хугацаа оруулан 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс хойш ажилгүй байсан хоног"-ийг гэж тоолсон нь шүүхийн шийдвэр илт үндэслэл муутай болжээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Эмнэлгийн байгууллагаас эмнэлгийн хуудас хянах журмыг зөрчиж удаа дараа магадлагаа олгосон гэх үндэслэлээр ажилтан Н.М-г буруутгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Ажил олгогчоос Н.М- нь өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагааг ирүүлж байсанд маргадаггүй. Харин Н.М-д олгосон эмнэлгийн хуудсыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын улсын байцаагч баталгаажуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Албан тушаал бууруулсан тушаалын хууль зүйн үндэслэл баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Хариуцагч тал татгалзлаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ажилтан Н.М-г албан тушаал бууруулсан буюу ажлаас халсан өдрөөс анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулсан нь үндэслэлтэй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Н.М- нь хариуцагч ИНЕГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн маргаж буй маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдалд дүгнэлт өгч тодруулаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Хариуцагч ИНЕГ-ын- даргын 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/001- тоот тушаалаар нэхэмжлэгч Н.М-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, Дотоод аудитын албаны ахлах аудиторын албан тушаалаас чөлөөлжээ. Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон уг тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар зохигч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрээ шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргах үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн маргаж буй маргааны зүйлийн талаархи баримт хэрэгт бүрэн авагдаагүй, нотлох баримтын шаардлага хангагдаагүй байхад шүүх энэ талаар хэргийн оролцогчоос тодруулж, чиглүүлэх үүргээ биелүүлэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан хариуцагчийн 2022 оны 12 сарын 30-ны өдрийн Б/001- тоот тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй, энэ тушаалын үндэслэл болсон хариуцагч ИНЕГ-ын- даргын хөдөлмөрийн дотоод журам хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн маргаж буй үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх боломжгүй бөгөөд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзнэ.

Шүүх дээрх нөхцөл байдлыг тодруулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаанд хүргэсэн байна.

 

5. Анхан шатны шүүхийн уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, улмаар маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03689 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ИНЕГ-ын- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 328,816.85 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ