Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2023/03810

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 20 өдөр              Дугаар 183/ШШ2023/03810                                  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах овогт Г.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоотод байрлах, овогт Б.Э/РД: /-ийн холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 666 068 287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч Э нь 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр миний танилаар дамжуулан надтай танилцаж, Ммашин захиалсан боловч санхүүгийн хувьд одоогоор боломжгүй болчихлоо, би олон төрлийн бизнес эрхэлдэг захиалсан машинаа авахад туслаач, жилийн хугацаатай гэрээ байгуулаад төлбөрийг барагдуулъя гэсний дагуу 500 000 000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлүүлэхээр тохирсон. Миний бие машины төлбөрт 434 634 780 төгрөгийг компани руу нь шилжүүлж, үлдэх 65 365 000 төгрөгийг Б.Эийн дансанд шилжүүлсэн. Автомашиныг нь өөрийн нэр дээр гаргуулж, машиныг нь барьцаалж зээл олгосон. Б.Энь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй элдэв шалтгаан тоочиж хойшлуулсаар өдий хүрсэн. Дээрх хугацаанд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 6 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 1 000 000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 20 000 000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 17-ны өдөр 3 000 000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 11 500 000 төгрөг, нийт 73 500 000 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 78 793 151 төгрөг, алданги 87 275 136 төгрөг, нийт 666 068 287  төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлээ дэмжиж байна...” гэв.

 

            2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: “...Г.Бнь 500 000 000 төгрөг зээлсэн мэтээр гэрээ байгуулж, тухайн зээлийн төлбөрөөр худалдан авах гэж байсан автомашиныг Б.Эминий нэр дээр автомашин эзэмшигчийн гэрчилгээг гаргуулахгүйгээр шууд өөр дээрээ гэрчилгээ гаргуулж, тухайн машины өмчлөгч болсон ба энэхүү өөрийн худалдан авсан автомашиныхаа төлбөрийг надаас шаардаж байна. Миний бие бодитоор 500 000 000 төгрөгийг хүлээн аваагүй ашиглаагүй ч Г.Бын шүүхэд нотлох баримтаар өгсөн Хаан банкны нэг хуудас хуулга дээрх 65 365 000 төгрөгийг Хаан банк дах өөрийн эзэмшлийн 5085069183 дугаарын дансаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл Г.Баас 65 365 000 төгрөгийг гар дээрээ бодитоор хүлээн авсан. Үүнээс өөрөөр Г.Баас мөнгө хүлээн аваагүй болно. Энэхүү шилжүүлсэн төлбөрөөр Автомашин худалдан авах захиалгын хуудаст заасны дагуу урьдчилгаа 10 хувь болох 12 900 евро болон Засвар үйлчилгээний нэхэмжлэхээр нэмэлт тоноглол гэж 2 172 274 төгрөг, Бодь даатгалд 6 000 000 төгрөгийг 2022 оны 3 дугаар сарын 4-ны өдөр Г.Бын эзэмшлийн машины даатгалын баталгаанд даатгуулагчийг төлөөлж тушаасан. Нийтдээ: тухайн өдрийн Монгол банкны ханш 3 373.04 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар төгрөг байсан буюу 12 900 евро нь 49 524 600 төгрөг ба нэмэлт тоноглолын тооцоо, даатгалтай нийлж 49 696 874 төгрөгийг Эболон Бодь даатгал ХК-д миний бие тушаасан болно. Дээрх төлбөр дээр нэмж Хаан банк дах 5085069183 тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 52 952 300 төгрөгийг Г.Бт шилжүүлсэн. Нийтдээ түүнд 104 649 174 төгрөгийг шилжүүлснээс түүний Хаан банк дах дансаар 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр түүний нэрийн өмнөөс Б.Эби бусад байгууллагад машины төлбөр хураамжид тушаан шилжүүлсэн 65 365 000 төгрөгийг хасвал 39 284 174 төгрөгийн зөрүү авлагатай болно. Иймд зээлийн гэрээний дагуу Г.Бт  Хаан банк дах 5085069183 тоот данснаас шилжүүлсэн 39 284 174 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            3. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл Батаагийн Эийг огт таньдаггүй, урьд нь уулзаж байгаагүй. Үүнээс харвал миний бие огт танихгүй хүнд түүнийг хүсээгүй байхад хүчээр зээлийн гэрээ байгуулж, даатгал, болон засвар үйлчилгээний төлбөрийг миний нэрийн өмнөөс хариуцан төлж байсан мэтээр ярьж байна. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч зээлдүүлэгчээс мөнгөн төлбөр гаргуулахаар эсрэг нэхэмжлэл гаргасан нь огт ойлгомжгүй байна. Шүүхэд гаргаж өгсөн Бийн Эийн Хаан банкны хуулга 2011 оны 4 дүгээр 11-ний өдрийн байдлаар 4598 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Нотариатын төлбөр ч төлөх мөнгөгүй байсан учир надаас зээлсэн мөнгөнөөс төлсөн байна. Миний бие дээрх мөнгийг зээлээгүй. Батаагийн Эийн хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу харилцан тохиролцож зээлийн гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж, 500 000 000 төгрөг зээлүүлсэн. Түүнийг зээлийн гэрээ хийхийг хэн ч албадаагүй. Өөрийн 99117108 угасны дугаарын арын 4 орон болох ...улсын дугаарыг нэр бүхий цагдаагийн хурандаад 1 000 000 төгрөг өгч авсан. Автомашин худалдах, худалдан авах гэрээний 2.1-д автомашины үнэ нь 454 634 780 төгрөг байна гэж заасны дагуу Б.Энь 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр М-ийн данс руу шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг хасаж зөрүү үлдэгдэл болох 434 634 780 миний бие М-ийн данс руу шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл анхны захиалгын гэрээг Б.Э2021 оны 7 дугаар сарын 9-ний өдөр байгуулж, улмаар 2021 оны 8 дугаар сарын 16-ны 20 000 000 төгрөгийн урьдчилгаа тавьж байгуулан миний бие үлдэгдэл төлбөр болох 434 634 780 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 6-ны төлж, түүний хүсэлтийн дагуу 63 365 000 төгрөгийг нэмж, нийт 500 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Бийн Этэй байгуулсан. Нэмэлт тоноглол хийлгэсэн засвар үйлчилгээний төлбөрт 2172274 төгрөгийг 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэлийг хавсаргажээ. Зээлийн гэрээ байгуулсан өдрөөс автомашиныг одоог хүртэл Б.Ээзэмшиж, ашиглаж байгаа болно. Төлбөрийн нэхэмжлэлийн хийсэн ажил гэдэгт нүүрний сетька, нүүрний сетькний хүрээ, зөөлөвч, радиоторын гриллийг солих, будах, машины угаалга гэх зардал гарчээ. Миний бие зээлийн гэрээний хугацаа дууссан, гэрээний хугацаандаа үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гарган, автомашин худалдсан компанийн засвар үйлчилгээний ажилтнаас ...улсын дугаартай автомашины засвар үйлчилгээний талаарх мэдээлэл, гарсан зардлыг тодруулахад 2022 оны 5 дугаар сарын 5-ны засвар үйлчилгээгээр автомашин урдуураа юм мөргөсөн учир Б.Эүйлчилгээ авсан тухай надад мэдээлж, цахим шуудангаар хүргүүлж байсан болно. Зээлдэгч над руу зөвхөн зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу зээлийн хүүгээ шилжүүлж байсан бөгөөд /хугацаандаа огт төлж байгаагүй/ үндсэн зээлээс огт төлөөгүй, бусад байгууллага руу шилжүүлсэн гэх мөнгөн төлбөр нь Бийн Эийн эзэмшиж, ашиглаж байсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарсан зардал болно. Би зээлийн гэрээний зээлдэгчийн үүргээр болон ямар нэг итгэмжлэлээр өөрийн нэрийн өмнөөс ямар нэг төлбөр тооцоо, хураамж төлөх эрх Бгийн Эт олгоогүй...” гэв.

 

4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0114 дугаартай зээлийн гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 01 тоот гэрээний хавсралт, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, М-ийн нэхэмжлэх, Төрийн банк ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн мөнгөн шилжүүлэг,  2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн V21/285 дугаартай автомашин худалдах, худалдан авах гэрээ, зээлийн гэрээний хуваарь болон эргэн төлөлтийн талаарх хүснэгт, Төрийн банк ХХК-ийн харилцах дансны харилцагчийн хуулга, М-ийн автомашины нийт төлбөр төлсөн санхүүгийн баримт, түүний хавсралтад 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дансны хуулга зэрэг баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно.  Хариуцагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, М-ийн баримт түүний хавсралтад төлбөрийн баримт, 2023 оны 06 дугаар сарын 7-ны өдрийн мейл хаягт ирүүлсэн баримт, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Голомт банк ХК-ийн дансны хуулга, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Голомт банк ХК-ийн дансны хуулга түүний хавсралтад  2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Голомт банк ХК-ийн орлогын мэдүүлгийн гүйлгээ,  2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хаан банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл, гүйлгээ хийсэн талаарх зураг, талууд харилцсан зурвас, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн V21/285  дугаартай авто машин худалдан авах захиалгын хуудас түүний хавсралт, Бодь даатгал ХХК-ийн даатгалын баталгаа, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн М-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэх, түүний хавсралтад төлбөрийн баримт, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банк ХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Авто тээврийн үндэсний төвөөс ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг болон хувийн хэрэг түүний хавсралт зэргийг нотлох баримтаар гаргуулсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...Б.Энь Мкомпаниас захиалсан Mercedes benz G500 маркийн автомашинаа авах зорилгоор 500 000 000 төгрөгийг сарын 2,3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн. Гэрээний хугацаанд 73 500 000 төгрөг төлсөн. Үндсэн зээл 500 000 000 төгрөг, зээлийн хүү 78 793 151 төгрөг, алданги 87 275 136 төгрөг, нийт 666 068 287  төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй...” гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч зээлийн гэрээ бодиттой байгуулагдаагүй зээлийн мөнгөн хөрөнгөөс 65 365 000 төгрөгийг л хүлээн авсан. Г.Бнь миний захиалсан автомашины гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Тухайн машины өмчлөгч болсон ба энэхүү өөрийн худалдан авсан автомашиныхаа төлбөрийг надаас шаардаж байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Г.Бт 2022 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 52 952 300 төгрөгийг шилжүүлсэн. Автомашины нэмэлт тоноглол, даатгалын хураамжид түүний өмнөөс миний бие 49 696 874 төгрөгийг Эболон Бодь даатгал ХК-д төлсөн. Эдгээр төлбөрөөс түүний шилжүүлсэн 39 284 174 төгрөгийг хасч, зөрүү  39 284 174 төгрөгийг Г.Баас буцаан гаргуулна...” гэж тайлбарлажээ.

 

5. Зохигчид үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг харилцан эс зөвшөөрч маргасан. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1. Талуудын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ /барьцаатай/ гэх нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Г.Бнь 500 000 000 төгрөгийг нэг сарын 2,3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдэгч Б.Эийн Хаан банкны  тоот дансанд шилжүүлэх, зээлдэгч нь зээл болон хүүг хугацаандаа эргүүлэн төлөх, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувийн алданги төлөхөөр тохирсон байна.

 

5.2. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.2-т “...Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйг хэлцэл гэнэ. Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог. Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.” гэж заасан.

 

5.3. Хариуцагч Б.Энь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр М-тай автомашин худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөлийг урьдчилан тохиролцож, Mercedes benz G500 маркийн автомашины худалдан авах захиалгаа баталгаажуулсан байна. Улмаар захиалга өгч баталгаажуулахад 10 хувь болох 12 900 евро буюу түүнтэй тэнцэх төгрөг төлөх үүрэг хүлээсний дагуу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр  М-д 20 000 000 төгрөгийг төлсөн байна. /хх-60-61, 112, 113/

 

5.4. Уг захиалсан тээврийн хэрэгсэл нь 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Монгол улсын хилээр орж ирсэн болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг гэх баримтаар тогтоогдож байна. Улмаар дээрх Mercedes benz G500 маркийн автомашиныг худалдах, худалдан авах гэрээг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г.БМ-тай байгуулан, гэрээний үлдэгдэл төлбөр 434 634 780 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Г.Баас М-ийн Голомт банк дахь 1102047960 тоот дансанд шилжүүлсэн байна. /хх-10, 112/

 

5.5. М-ийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 448 дугаар автомашин улсын бүртгэлд бүртгүүлэх тухай албан бичиг, холбогдох баримтыг үндэслэн ...улсын дугаартай, Mercedes benz G500 маркийн автомашины өмчлөгчөөр Г.Б2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр бүртгэгджээ.

 

5.6. Нэхэмжлэгч Г.Бын өмчлөлд бүртгэгдсэн ...улсын дугаартай, Mercedes benz G500 маркийн автомашин нь маргааны эрх зүйн баримт бичиг болох зээлийн гэрээний 3.5-д барьцаа хөрөнгөөр тусгагдсан байна. Мөн ...улсын дугаартай, Mercedes benz G500 маркийн автомашины хариуцагч Б.Ээзэмшиж, ашигладаг болох нь зохигчдын тайлбар болон хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн даатгалын баталгаа, засвар үйлчилгээний нэхэмжлэл гэх баримтуудаар тогтоогдож байна.

 

5.7. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Б.Энь М-иас захиалсан Mercedes benz G500 маркийн автомашиныг үлдэгдэл төлбөрийг төлөх зорилгоор нэхэмжлэгч Г.Бт хүсэл зоригоо илэрхийлж, улмаар дээрх нөхцөлөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

 

5.8. Иргэний хуулийн 189 дугаар зүйлийн 189.1-д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасан бөгөөд  талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээн нь талуудын зарчимд нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

6. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

6.1. Зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч Б.Эийн Хаан банк дахь  тоот дансанд 65 365 000 төгрөгийг, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр М-ийн Голомт банк дахь 0 тоот дансанд 434 634 780 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж заасантай нийцэх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

6.2. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн зээлийн мөнгөн хөрөнгийг бодиттойгоор шилжүүлээгүй, нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд зарцуулсан нэмэлт тоноглол, даатгалын төлбөрийг, мөн түүнд шилжүүлсэн төлбөрийн зөрүү 39 284 174 төгрөгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулна гэх сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна.  

 

7. Хариуцагч зээлийн гэрээний гэрээний хугацаанд нэхэмжлэгчид 52 952 300 төгрөгийг буцаан төлсөн болох нь түүний шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдоно. Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаанд 73 500 000 төгрөгийг хариуцагч төлсөн гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийг тайлбарыг үндэслэн зээлийн тооцооллыг хийх нь зүйтэй.  

 

7.1. Хариуцагч зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрт 500 000 000 төгрөг, зээлийн хүүд 138 000 000 /11 500 000 х 12 сар/, нийт 638 000 000 төгрөг төлөх үүргээс гэрээний хугацаанд нэхэмжлэгчид төлсөн 73 500 000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчийн гүйцэтгээгүй үүрэг 564 500 000 төгрөг байна.

 

7.2. Гэрээний 3.7-д алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцэх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй юм. Талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дууссан бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул 14 хоногийн алданги 15 806 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

7.3. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Б.Эээс 580 306 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85 762 287 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.   

 

 8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115  дугаар зүйлийн 115.1,  115.2.2, 155.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Эээс 580 306 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85 762 287 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3 458 291 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 354 317 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эээс улсын тэмдэгтийн хураамжид 3 059 480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Бт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХЦЭЦЭГ