Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00433

 

 

 

 

 

     

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03810 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э-т холбогдох, 666,068,287 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 39,284,174 төгрөг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б.Э нь 2022 оны 04 сарын 05-ны өдөр автомашин захиалсан боловч санхүүгийн хувьд боломжгүй болчихлоо гэсний дагуу 500,000,000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр тохирсон. Би машины төлбөрт 434,634,780 төгрөгийг компанийн дансанд, үлдэх 65,365,000 төгрөгийг Б.Э-ийн дансанд шилжүүлсэн. Автомашиныг нь өөрийн нэр дээр гаргуулж, машин барьцаалж зээл олгосон. Б.Э нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй элдэв шалтгаан тоочиж хойшлуулсаар өдий хүрсэн. Дээрх хугацаанд 2022 оны 05 сарын 20-ны өдөр 6,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 05 сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 09 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 09 сарын 17-ны өдөр 3,000,000 төгрөг, 2022 оны 12 сарын 28-ны өдөр 11,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг төлсөн. Одоо үндсэн зээл 500,000,000 төгрөг, зээлийн хүү 78,793,151 төгрөг, алданги 87,275,136 төгрөг, нийт 666,068,287 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.  

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Г.Б нь 500,000,000 төгрөг зээлдүүлсэн мэтээр гэрээ байгуулж, тухайн зээлийн төлбөрөөр худалдан авах гэж байсан автомашиныг Б.Э миний нэр дээр гэрчилгээг гаргуулахгүйгээр шууд өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж, тухайн автомашины өмчлөгч болсон. Өөрөө худалдан авсан автомашиныхаа төлбөрийг надаас шаардаж байна. Би бодитоор 500,000,000 төгрөгийг аваагүй, ашиглаагүй. Дансны хуулгаар 65,365,000 төгрөгийг шилжүүлэн авсан, өөр мөнгө хүлээн аваагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Автомашин худалдан авах захиалгын хуудаст заасны дагуу урьдчилгаанд 12,900 евро, засвар үйлчилгээ, нэмэлт тоноглолд 2,172,274 төгрөг, Бодь даатгалд 6,000,000 төгрөгийг 2022 оны 03 сарын 04-ний өдөр Г.Б-ын эзэмшлийн автомашины даатгалын баталгаанд даатгуулагчийг төлөөлж тушаасан. Даатгалтай нийлээд 49,696,874 төгрөгийг МСМ групп ХХК болон Бодь даатгал ХК-д миний бие тушаасан болно. Дээрх төлбөр дээр нэмж 2022 оны 04 сарын 06-ны өдрөөс 2022 оны 12 сарын 30-ны өдрийн хооронд нийт 52,952,300 төгрөгийг Г.Б-т шилжүүлсэн. Нийт түүнд 104,649,174 төгрөгийг шилжүүлснээс түүний өгсөн 65,365,000 төгрөгийг хасвал 39,284,174 төгрөгийн зөрүү гарна. Иймд зээлийн гэрээний дагуу Г.Б-т шилжүүлсэн 39,284,174 төгрөгийг гаргуулна гэжээ.

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч нь зээлдүүлэгчээс мөнгөн төлбөр гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Зээлдэгч зөвхөн зээлийн гэрээнд заасан үүргийн дагуу зээлийн хүү шилжүүлж байсан бөгөөд үндсэн зээл төлөөгүй. Бусад байгууллага руу шилжүүлсэн гэх мөнгөн төлбөр нь Б.Э-ийн эзэмшиж, ашиглаж байсан тээврийн хэрэгсэлтэй холбоотой гарсан зардал болно гэжээ.

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Э-ээс 580,306,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 85,762,287 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,458,291 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 354,317 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 3,059,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож шийдвэрлэжээ.  

6.   Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Нэхэмжлэгчид төлсөн 73,500,000 төгрөгийг хасч тооцоход 564,500,000 төгрөг байна гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, Б.Э нь МСМ групп ХХК-иас 3 дахь удаагаа автомашин захиалан авч байгаа тул Мерседес Бенз Жи-500 маркийн автомашиныг 10 хувийн хөнгөлөлттэй худалдан авах болзол хангаж 2021 оны 07 сарын 09-ний өдөр МСМ групп ХХК-иас автомашин худалдах, худалдан авах гэрээний гол нөхцлийг урьдчилан тохиролцож автомашин худалдан авах захиалгаа баталгаажуулж үнийн дүнгийн 10 хувь болох 12,900 евро буюу 20,000,000 төгрөгийг 2021 оны 08 сарын 16-ны өдөр МСМ групп ХХК-ийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. Гэтэл шүүх хүүнд төлсөн гэж нэхэмжлэлд дурдсан 73,500,000 төгрөгийг зөвхөн хасаад дараахь төлбөрүүдийг зээлийн гэрээний төлбөрөөс хасаж тооцоогүйд гомдолтой байна. Тухайлбал: Б.Э-ээс 2021 оны 08 сарын 16-ны өдөр автомашины урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, Б.Э-ээс Г.Б-ын Голомт банкны дансанд нотариатаар гэрчлүүлэх болон татварт 2022 оны 04 сарын 12-ны өдөр төлсөн 450,000 төгрөг, Г.Б-ын МСМ групп ХХК руу шилжүүлсэн 434,634,780 төгрөг, Б.Э-ийн урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг нийт автомашины үнэ 454,634,780 төгрөгийн НӨАТ-д татварын албанаас хувь хүнээр бодож Г.Б-ын данс руу шилжүүлсэн 8,266,087 төгрөг, Б.Э-ээс Г.Б-ын нэр дээр Бодь даатгалын ХААН банкны дансанд 2022 оны 04 сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 04 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт шилжүүлсэн 6,000,000 төгрөг, Г.Б- нь Б.Э-ээс автомашин авч 2022 оны 07 сарын 18-ны өдрөөс 2022 оны 08 сарын 05-ныг хүртэл Увс, Ховд аймгаар 18 хоног аялахдаа эвдсэн, эд зүйлийг засуулахад Б.Э-ээс МСМ групп ХХК-д төлсөн 2,172,273 төгрөг буюу нийт 36,888,360 төгрөг дээр хүүнд төлсөн 73,500,000 төгрөгийг нэмж нийт 110,388,360 төгрөгийг зээлийн гэрээний дагуу төлөх 638,000,000 төгрөгөөс хасаад 527,611,640 төгрөгийг төлөх үндэслэлтэй.

6.2.  Б.Э- нь зээлийн гэрээний хүүг cap бүр төлж байхад н.Болдын гэх 86998209, н.Наката гэх 89743574, н.Инамота гэх 85001374 дугааруудаас 2022 оны 11 сарын 06-ны өдөр залгаж миний утас руу залгаж болохгүй данс хаагдсан би өөрөө чам руу залгаж ярина гээд алга болсон. Тэгээд 2022 оны 12 сарын 25-ны өдөр өөрөө залгаж гэрийн гадаа ирж уулзахдаа 461-т хоригдоод АТГ-т нүүрсний хэргээр шалгуулаад гарч ирлээ гэж хэлсэн. Ингээд надад зээлийн хүүг хийх өөр хүний буюу н.Цолмонбаатарын ХААН банкны ************* дугаартай дансыг өгөөд дараа сарын хүүг н.Дуламсүрэн гэх хүний 5720464810 данс руу хийгээрэй гэж хэлсэн. Г.Б нь машиныг Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ-д үл хөдлөх эд хөрөнгийн хамт барьцаалаад 2,0 тэрбум орчим төгрөг зээлж авсан гэж тухайн үедээ надад хэлээд гэрээ үзүүлж байсан. Хэрэгт авагдсан баримтаар Авто тээврийн Үндэсний төвд хүсэлт гаргаж 2022 оны 11 сарын 04-ний өдөр Юу Эс Эй Эм Өү инвест ББСБ-ын нэр дээр машиныг шилжүүлж барьцаанд тавьсан байсан ба 2023 оны 04 сарын 12-ны өдөр өөрийн нэр дээрээ буцаан шилжүүлж аваад шүүхэд хандсан байна. Дээр дурдагдсан баримт нөхцөл байдлаас үүдэн зээлийн төлбөрийг шилжүүлэх дансгүй болон автомашин хэний эзэмшилд байгаа нь тодорхойгүй болсон учир ББСБ-ыг хайсан боловч уг ББСБ нь бүртгэлтэй хаягтаа байхгүй, утас руу нь залгахаар үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа гэсэн хариу өгдөг учраас зээлийн төлбөр төлөх боломжгүй болж мухардсан. Иймд 14 хоногийн алданги 15,808,000 төгрөгийг зөвшөөрөхгүй тул төлбөрөөс хасаж өгнө үү.

6.3.  Улсын Их Хурлын 2023 оны 12 сарын 22-ны өдрийн нүүрсний хэрэг хэлэлцэгдсэн шинжээчийн дүгнэлтээр Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалтай хамаарал бүхий нэг нутаг, нэг ангийн найз нь Г.Б болох нь нотлогдож нүүрсний мөнгө угааж Г.Б-ын нэр дээрх оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг хураан авч мөрдөн шалгаж байгааг дурдсан. Нүүрсний сонсголыг олон нийтэд зурагтаар мэдээлсэн. Үүнээс Г.Б мөнгө угааж надаас их хэмжээний хүү, алданги нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас 14 хоногийн алданги 15,808,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна.

6.4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 25, 26 дугаар зүйлд зааснаар итгэмжлэгдсэн төлөөлөгч надад олгогдсон эрхийг зөрчиж, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гарган баримтыг хавсарган өгсөн байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.  

7.   Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

7.1.  Хариуцагч талаас талуудын хооронд бодитоор зээлийн гэрээ байгуулагдаагүй, зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжигдээгүй, МСМ групп ХХК-д 434,634,780 төгрөгийг шилжүүлсэн нь Б.Э-т зээлийн гэрээний дагуу мөнгө хүлээлгэн өгсөн гэж үзэхгүй гэж маргасан. Учир нь Б.Э нь тодорхой хөнгөлөлттэй нөхцөлөөр МСМ групп ХХК-аас автомашин авах зорилгоор Г.Б-аас мөнгө зээлэх хүсэл сонирхолтой байсан ч Г.Б- хөнгөлөлттэй нөхцөлийг өөрт ашигтайгаар ашиглаж, Б.Э өөртөө авах гэж байсан автомашиныг өөрийн нэр дээр худалдах, худалдан авах гэрээ хийж, Б.Э- рүү шилжүүлэх байсан зээлийн гэрээний зүйлээ түүний өмчлөл рүү шилжүүлэлгүй МСМ групп ХХК-ийн данс руу Г.Б- өөрийн нэрийн өмнөөс шилжүүлэн, өөртөө хөдлөх эд хөрөнгө бий болгосон. Тиймдээ ч автомашины өмчлөх эрхийн гэрчилгээ анхнаасаа Г.Б-ын нэр гарсан байдаг. Одоогийн байдлаар Б.Э нь автомашингүй, тухайн автомашин төрийн захиргааны байгууллагын хөндлөнгийн бүртгэл дээр Г.Б-ын өмчлөлийн хөрөнгө байсаар байхад Г.Б-т давхар өмчлөлдөө шилжүүлэн аваагүй мөнгөний хүү, алдангийн хамт 580,306,000 төгрөгийн төлбөрийн өрөнд шүүхийн шийдвэрээр төлөхөөр тогтоогдож байна.

7.2.  МСМ групп ХХК-ийн дансанд Г.Б нь бусдын нэрийн өмнөөс төлбөр төлөх үүрэг гүйцэтгэсэн нь Б.Э рүү зээлийн мөнгийг шилжүүлсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь илт үндэслэл муутай болохыг анхаарч үзнэ үү. Бодит үйл явдал болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дээр дурдсан нөхцөл байдал байсаар байхад анхан шатны шүүхээс Б.Э-ийн өмчлөлд зээлийн гэрээний мөнгө шилжигдсэн гэж дүгнэсэн нь илт үндэслэл муутай байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г.Б-т шилжүүлсэн мөнгийг шаардсан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

8.   Нэхэмжлэгч давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Би 500,000,000 төгрөгийг сарын 2.3 хувийн хүүтэй 1 жилийн хугацаатай Б.Э-т зээлдүүлсэн. Өнөөдөр хүртэл Б.Э- автомашиныг эзэмшиж, ашиглаж байгаа. Өөрийн унаж, ашиглаж байгаа тээврийн хэрэгсэлд засвар хийлгэчихээд надаас шаардаж байгаа нь ойлгомжгүй. Би амьдралдаа 2,0 тэрбум төгрөгийн зээл авч үзээгүй. Намайг автомашиныг нь аваад Увс аймаг руу явсан гэх боловч би Увс аймаг руу явж байгаагүй. 2021 оны 07 сарын 16-ны өдөр автомашины захиалга өгч, 2022 оны 04 сард орж ирэхээр нь надаас автомашины үлдэгдэл мөнгийг зээлж авсан. Б.Э- нь Хас банк ХХК-аас орон сууцны зээл авсан байсан. Б.Э- олон төрлийн бизнес эрхэлдэг тул 2 сарын дотор 200,000,000 төгрөгийг төлнө, автомашиныхаа үнийг гэрээндээ оруулая гэхээр нь зээлийн гэрээ байгуулсан гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.  

2.   Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Б.Э-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 666,068,287 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, 39,284,174 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1, 23, 70-71, 107-108/

3.   Талууд 2022 оны 04 сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г.Б- нь 500,000,000 төгрөгийг нэг сарын 2.3 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлдүүлэх, Б.Э- нь тохирсон хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх 5-7/

4.   Г.Б- нь 2022 оны 04 сарын 06-ны өдөр 434,634,780 төгрөгийг МСМ групп ХХК-ийн Голомт банк дахь 1102047960 тоот данс руу, 2022 оны 04 сарын 12-ны өдөр 65,365,000 төгрөгийг Б.Э-ийн Хаан банк дахь 5085069183 тоот данс руу тус тус шилжүүлсэн болох нь холбогдох мөнгөн шилжүүлгийн баримт, харилцах дансны хуулгаар нотлогдсон. /хх 10, 52/

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

5.   Б.Э нь Мерседес Бенз Жи-500 маркийн автомашиныг захиалж, урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлсөн, уг автомашиныг Бодь даатгал ХХК-д даатгуулж, даатгалын хураамжид 6,000,000 төгрөгийг төлсөн, мөн 73,500,000 төгрөгийг Г.Б-т буцаан төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон тул хариуцагч талын гаргасан ...зээлийн мөнгөн хөрөнгийн бодитоор хүлээн аваагүй... гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. /хх 63, 66, 73-106/  

6.   Хэдийгээр 7108 УЕА улсын дугаартай Мерседес Бенз Жи-500 маркийн автомашин нэхэмжлэгч Г.Б-ын өмчлөлд бүртгэлтэй байх боловч талууд 2022 оны 04 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ-нд тус автомашиныг үүргийн гүйцэтгэлд барьцаалахаар тусгасан, мөн тус автомашиныг хариуцагч Б.Э- бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон тул ...автомашин Г.Б-ын өмчлөлд бүртгэлтэй... гэх нөхцөл байдал нь зээлдэгч Б.Э-ийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. /хх 5-6, 158/

7.   Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасантай нийцэж байх боловч Зээлийн гэрээ-гээр талуудын тохиролцсон үүргийн хэмжээг анхаараагүйгээс хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнг илүү тооцоолон гаргасан байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

2022 оны 04 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ-ний 1-р хавсралтад зээлдэгч нь 500,000,000 төгрөгийн зээлийг 610,295,976 төгрөг болгон буцаан төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх 7/

Дээрх 610,295,976 төгрөгөөс хариуцагчийн буцаан төлсөн гэх 73,500,000 төгрөгийг хасч тооцоход 536,795,976 төгрөгийн үүрэг үлдэж байна.

Уг дүнгээс хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцоход 73,500,000 х 0.2% х 14 хоног = 15,030,287 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 536,795,976 + 15,030,287 = 551,826,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгох нь зүйтэй. 

8.   Хариуцагч нь тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо ...527,611,640 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байна... гэж дурдсан болохыг тэмдэглэх нь зүйтэй. /хх 165/ 

9.   Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан автомашины урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөг, засвар үйлчилгээ, нэмэлт тоноглолын үнэд төлсөн 2,172,274 төгрөг, даатгалд төлсөн 6,000,000 төгрөг г.м төлбөрүүд нь Б.Э- өөрийн эзэмшиж, ашиглаж буй автомашиндаа зарцуулсан зардлууд байх тул эдгээрийг зээлийн гэрээний үүргээс хасч тооцох үндэслэлгүй юм.

Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, улмаар энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

10.   Анхан шатны шүүх хариуцагч талын хүсэлтээр удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж байсан, хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа өнгөрсөн, хариуцагч талын гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авч, хангахгүй.

11.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 183/ШШ2023/03810 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Б.Э-ээс 551,826,263 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, үлдэх 114,242,024 төгрөгт холбогдох шаардлага болон Г.Б-т холбогдуулан гаргасан 39,284,174 төгрөгийг буцаан гаргуулах тухай Б.Э-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилөн найруулж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...3,059,480 төгрөг... гэснийг ...2,917,081 төгрөг... гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 3,060,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР