Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 115/ШШ2023/0011

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Цэнд даргалж, шүүгч Б.Сийлэгмаа, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О” НҮТББ (1 дэх хавтаст хэргийн 9 дэх талд байх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд зааснаар),

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “Г” ХХК,

Гуравдагч этгээд: “П” ХХК нарын хооронд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрт холбогдуулан  маргасныг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д/цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, Э, хариуцагчийн өмгөөлөгч Б /нар цахимаар/, гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, А, гуравдагч этгээд “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б/цахимаар/, иргэдийн төлөөлөгч Т.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” НҮТББ нь Дундговь аймгийн Засаг даргын тус аймгийн Ссумын нутаг дахь “Б” нэртэй газарт “П” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254 дүгээр, мөн С сумын нутаг дахь “Б” нэртэй газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулж гарган маргаж байна.

2. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ: “О” ТББ нь 2001 онд байгуулагдсан үеэс эхлэн Онги гол болон сав газрын байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Манай байгууллага үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэс эхлэн Онги голын савд уул уурхайн олборлолт хийлгэхгүй байхад анхаарч нутгийн иргэдтэй хамтран ажилласаар байгаа билээ. Манай байгууллагад 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр И НҮТББ-аас  “...нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай...” хүсэлт ирсэн юм.

Уг хүсэлтээс энэхүү нэхэмжлэлд дурдсан маргаан бүхий захиргааны актын талаар мэдсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг үндэслэн шүүхэд хандаж байна.

Хараа хяналтгүй уул уурхай, хууль зөрчиж олгогдсон тусгай зөвшөөрөлтэй ашигт малтмалын олборлолтоос Онги голын сав газарт асар их бохирдол үүсч, байгалийн тэнцэл ихээр алдагдаж иргэдийн “... эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах...” эрхийг зөрчиж байгаа үйлдлүүдийг зогсоох зорилготойгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т ...Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална.

4.2.1. хуульд үндэслэх

4.2.3. хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх

4.2.4. үр нөлөөтэй байх

4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах ... гэж заасан.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “...14.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

14.6. Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ.

14.7. Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно...” гэж заасан.

Гэтэл аймгийн Засаг дарга шийдвэр гаргасан өдрөө шууд тусгай зөвшөөрөл олгосон нь хуулийн энэ зохицуулалттай зөрчилдөж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан зарчмуудтай зөрчилдөж байгаа юм.

Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 27.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ:

27.1.1. тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;

27.1.2. энэ хуулийн 27.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;

27.1.3. энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу батлагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;

27.1.4. хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;

27.1.5. энэ хуулийн 27.1.4-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж, уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах... гэсэн заалтуудыг хэрэгжүүлэхгүй байгаа.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.3-т заасан “...хүний эрүүл мэнд, байгаль орчин,  нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих ...” гэсэн заалтыг Дундговь аймгийн Засаг дарга хэрэгжүүлэхгүй байна.

Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр ашигт малтмал хайх  ажиллагаа явуулснаар тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан “...байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах ...” эрх зөрчигдөж болзошгүй байна.

Ийм учраас Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр  С сумын нутаг Б нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ...тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-д олгосон А/254 дүгээр захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С сумын нутаг Б нэртэй газарт түгээмэл тархацтай ашиг малтмалын ...тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон А/323 дугаар захирамжуудыг хүчингүй болгож өгөхийг хүсье гэсэн нэхэмжлэлийг гаргасан байх  бөгөөд,

 

  2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “О” НҮТББ нь 2001 оноос эхлээд бүс нутгийн хэмжээнд буюу 3 аймгийн 8 сумын иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, сургалт өгөх, байгаль орчныг хамгаалах чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн. 2 байгууллагад тусгай зөвшөөрөл олгогдлоо гэдгийг нутгийн иргэд олон нийт болон нэг төрийн бус байгууллага мэдэж танилцаад 699 иргэдийн гарын үсэгтэй албан хүсэлт өгсний үндсэн дээр нэхэмжлэлийнхээ шаардлагыг гаргаж байгаа. Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхийг зөрчиж буй үйлдлийг зогсоох зорилготойгоор нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 22-ны өдөр С сумын нутаг дэвсгэр Б гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-д олгосон А/254 дугаар захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С сумын нутаг дэвсгэр Б гэх нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын ... тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгосон А/323 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хууль зүйн үндэслэлийг өмгөөлөгч Дашдэмбэрэл гаргаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие дараа нь тайлбараа хэлнэ. Нэмж тайлбар хэлэхэд Засаг дарга захирамж гаргахдаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6, 14.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Энэ нь нотлох баримт шинжлэн судлах явцад ил болох байх. Тухайн заалтуудад аймаг, нийслэлийн засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ. Гэтэл захирамж, тусгай зөвшөөрлийг нэг өдөр гаргасан.

Үүнээс өмнө эхний жилийн төлбөрөө төлсөн. Уг нь Засаг даргын захирамж гаргасны дараа эхний 1 жилийн төлбөрөө төлөх ёстой байсан. 14.6-д Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ. Гэтэл шийдвэр гарахаас өмнө тус компаниуд төлбөр төлсөн. 14.7-д Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно гэж заасан. Захирамж гарсны дараа төлбөрөө төлж, үүний дараа Засаг дарга ажлын 5 хоногийн дотор 3 жилийн хугацаагаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох байсан. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүд нь Захиргааны ерөнхий хуулийн  4 дүгээр зүйлд заасан зарчмуудыг зөрчиж байна гэж үзэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, дээрх 2 тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгох үндэслэлтэй юм.

 

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн зүйл заалтуудыг манай өмгөөлөгч хэлж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлаагүй мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т заасан хууль дээдлэх, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэдгийг үндэслээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийг үндэслээгүй, үүнд захиргааны актыг гаргах үндсэн зарчмууд байдаг. Мөн шаардлагатай ажиллагаа буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсгийг огт хийгдээгүй гэж үзэж байна. Сумын иргэдийн Хурлын дарга нарын ирүүлсэн мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгч иргэдийн гэрчийн мэдүүлэг дээрээс нотлогдож байсан.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан оролцогчдыг сонсох гэснийг баримтлаагүй байна. Мөн зөрчигдөж болзошгүй эрх гэж бид бүхэн үзээд байгаа, үүнийг шүүх шинжилгээний шинжээчид батлаад өгсөн. Ургамлын төрөл зүйл доройтож болзошгүй, амьтад дайжих нь байна. Хөрсний хувьд тухайн орчны унаган төрх нь өөрчлөгдөж, цөлжиж сөрөг нөлөө үүсч болзошгүй байна. Мөн ус бохирдож болзошгүй, мөн дүгнэлт нь байгалийн сав газрын тэнцэл алдагдахад нөлөөлж болзошгүй байна гэсэн ийм шүүх шинжилгээний дүгнэлт гарсан нь өөрөө тухайн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах ийм эрх нь зөрчигдөж болзошгүй байгаа гэдгийг нотолж өгч байгаа хэлбэр байна гэж харж байна. Мөн байгаль орчны үнэлгээтэй холбоотой асуудлыг яриад байсан.

Байгаль орчны үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байгаа байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ гэсэн ийм хуулийн зохицуулалттай байтал энэ хоёр компани маань хийгээгүй, гэхдээ нэхэмжлэгч талаас яагаад энэ талаар дурдахгүй байна гэхээр захирамж нь хууль бус шийдвэр учраас үүний дараа ажлууд нь цуцлагдаж энэ хоёр компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй гэж үзсэн учраас байгаль орчны нөлөөллийн үнэлгээний талаар дурдаагүй. Гэхдээ сая яригдсан учраас энэ хуулийг зөрчсөн байна гэж тодотгож хэлмээр байна.

 

Ингээд нэхэмжлэгч талын гаргасан Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн С сумын нутагт байрлах “Б” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл “П” ХХК-д олгосон, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “Г” ХХК-д олгосон А/323 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дугаарт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэв.

 

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монголын хуульчдын холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Д би өөрийн үйлчлүүлэгчийн хүсэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байр сууриа илэрхийлж, шүүх хуралдаанд оролцож байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийнхээ шаардлагыг дурдлаа. Өмгөөлөгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална, 4.2.1 хуульд үндэслэх гэсэн зарчмыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заагдсан энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэсэн хуулийн хүрээнд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтайгаар шүүх хуралдаанд оролцож байна.

Юуны өмнө нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь обьектив эрхийн маргаан гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан хуулийн үндэслэлийг удирдлага болгож үндэслэлээ тайлбарлана. Онги голын сав газар болон Дундговь аймгийн С сумын нутаг дахь нэхэмжлэлд нэр дурдаж байгаа газрууд нь уул уурхайд өртсөнөөр тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрхийг нь Төрийн бус байгууллага хамгаалж, иргэдэд сургалт сурталчилгаа өгч ажиллаж байгаа гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Эрх зүйн зөрчилтэй захиргааны акт гэдэг үндэслэлийг дараах үндэслэлээр тайлбарлаж байна.

            Нэгдүгээрт, Дундговь аймгийн Засаг даргын маргаан бүхий хоёр захирамж Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан ажиллагааг огт хийгээгүй захиргааны акт гэж үзэж байна. Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэсэн зохицуулалт байгаа. Засаг дарга захирамж гаргахдаа энэ хуулийн заалтыг огт хэрэглээгүй байна. Энэ заалтыг зайлшгүй хэрэглэх ёстой байсан. Усны тухай хуулийн шинэчилсэн зохицуулалт байгаа. Үүнд үндэслэж Захиргааны ерөнхий хуулийн 24.2-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулж, үнэлж, дүгнэх ажиллагааг захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй байна.

            Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажиллагааны тухай зохицуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан. Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас эдгээр тусгай зөвшөөрлийг олгох эсэх талаар санал огт аваагүй, хүргүүлээгүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Үүнийг нотлох баримт шинжлэн судлах үедээ тодорхой ярина. Өөрөөр хэлбэл аймгийн Засаг дарга тухайн сумын иргэдийн төлөөлөгчдийн Хурлын саналыг заавал авч байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Аймгийн иргэдийн хурлын Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд, Ашигт малтмал газрын тосны газрын дүгнэлт, С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын санал гэж бичсэн боловч энэ асуудал нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан эрх зүйн зөрчил үүссэн байгаа акт гарсан гэж үзэж байна. Дээрх захиргааны актууд нь Дундговь аймгийн С сумын тодорхой тооны иргэдийн гарын үсэгтэйгээр мэдээлэл ирсэн. Энэ үйл баримт нь шинжээчийн дүгнэлт, тайлбарыг сонсоход илүү тодорхой болно. Тусгай зөвшөөрөл олгогдсоноор иргэдийн Үндсэн хуулиар баталгаажсан эрхийг нь ноцтой зөрчиж байна гэж үзэж байгаа учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасан үндэслэлээр маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох үндэслэлтэй.

            Шүүх хуралдаанд Дундговь аймгийн Засаг даргын гаргасан маргаан бүхий 2 захирамжтай  холбогдуулж мэтгэлцлээ. Энэ дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тайлбарыг хэлье. Маргаан бүхий захиргааны актуудыг зохицуулж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчин хамгаалах тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэснээр Монгол Улс 2019 онд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт газар болон түүний хэвлий дэх баялаг бусад бүх зүйл ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна.

Энэ нь төрийн нийтийн өмч мөн гээд зохицуулаад өгсөн. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Монголын төрөөс иргэнийхээ өмнө хүлээх үүргийг нь хуульчилж өгсөн. Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Аймгийн Засаг дарга, төрийн хүлээх үүргийг хэрэгжүүлэгч анхан шатны төлөөлөгч, улс төрийн албан хаагч. Ийм хүн өөрийн тодорхой эрх мэдлийн хүрээнд шийдвэр гаргахдаа 2016 онд батлагдсан Захиргааны ерөнхий хуулийн тодорхой заалтуудыг үндэслэх ёстой.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх гэсэн ажиллагааг огт хэрэгжүүлсэнгүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэсэн ийм зарчмыг огт хэрэгжүүлсэнгүй. Тийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 болон 24.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээн гэсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэнгүй, эдгээр тусгай зөвшөөрөл олгосон компаниудад Байгаль орчин үнэлгээний тухай хуулиар тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй байна.

 

Мөн Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засаг дарга энэ бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, тухайн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Умард говийн гүвээт халхын дундад сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан байгаа тэгэхээр 2012 онд Улсын Их Хурал, Усны тухай хуулийг шинэчлэн батлахдаа усны сав газар мөн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг хийхдээ хараа хяналтгүй уул уурхайгаас иргэдийн зөрчигдөөд байгаа эрх, ашиг сонирхлыг хамгаалах 19 дүгээр зүйлд заасан  эдийн засаг, хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүднээс энэхүү эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх энэ зохицуулалтын хүрээнд энэ хуулиудыг гаргасан.

Хууль бол хууль л байх ёстой. Хуулийг гарсан өдрөөс эхлэн мөн мөрдөгдөж эхэлсэн өдрөөс төрийн захиргааны байгууллага, иргэд, хуулийн этгээд хэн ч бай биелүүлэх үүрэгтэй, ийм учраас Дундговь аймгийн Засаг даргын гаргасан маргаан бүхий 2 захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дүгээр зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа юм. Энэ хууль бус шийдвэр гаргасан нь Дундговь аймгийн С сумын Төгрөг багийн нутгийн иргэд, бүс нутгийн байгаль орчин, хүрээлэн буй орчинд маш их сөрөг нөлөөлөл үзүүлж болзошгүй байна гэдэг нь шүүх шинжилгээний үндэсний төвийн шинжээчдийн дүгнэлтээр маш тодорхой дүгнэлт гарсан.

 

Ийм учраас хууль бус шийдвэр гаргасан нь нийтийн эрх ашгийг зөрчиж болзошгүй байна гэдгийг өнөөдрийн тайлбар мэтгэлцээн дээр хэллээ. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан заалтуудыг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10-т заасан зохицуулалтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

3. Хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Дундговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “О” ТББ-ын аймгийн Засаг даргад хариуцагдах тус аймгийн С сумын нутаг Б, Б гэх газарт зэрэгцүүлэн олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

2014 онд батлагдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийг хуульчилж өгсөн. Тухайлбал хуулийн 11.1.1-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах” гэж заагдсан байдаг.

1.   Дээрх аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь Газрын тухай хуулийн 25.2-т буюу Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд заасан хүрээнд боловсрогдсон 12-16 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зураг төслийн баримт бичиг юм. Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан байдаг. Иймд 2020 оны аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө гэж байхгүй болно.

2.   Аж ахуйн нэгжүүдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг хуулийн 11.2.4-т заасны дагуу хянан үзэж, Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулахаар хүргүүлэхэд АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 8/3270, 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 8/4820 тоот албан бичгээр түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирүүлсэн байдаг.

3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт ирсэн тохиолдолд хуулийн дагуу тухайн талбай байрших сумаас санал авахаар хүргүүлэхэд С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 сарын 21-ний 27, 2020 оны 10 сарын 23-ны 19 тоот албан бичгүүдээр дэмжсэн хариу ирсэн учир аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж, аймгийн Засаг даргын  шийдвэрээр аж ахуйн нэгжүүдэд  хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон болно.

 

Иймээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 сарын 15-ны 99 дугаар тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолыг үндэслэн дээрх ААН-үүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг ирүүлсэн бөгөөд,

 

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Нэхэмжлэгч талаас хуулийн хэд хэдэн заалтын талаар ярьж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн дагуу аймгийн хэмжээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийлгэж, ашиглалт бий болгох, мэдэхгүйгээсээ болоод барилга, байгууламж барихад сөргөөр нөлөөлж байгаа асуудал аймгийн хэмжээнд байгаа. Өнөөдрийн байдлаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын ганцхан лицензтэй газар байгаа, өөр газар байхгүй. Элс, хайрга, дайрга олборлоход төвөг учирч байгаа учраас хайгуулыг өргөн дэлгэр хийлгэж, ашиглалтын тодорхой шаардлагад нийцсэн аж ахуйн нэгж бий болгох зорилгоор түгээмэл тархацтай ашигт малтмалын лицензийг олгож ирсэн.

Дундговь аймгийн С сумын хувьд аймгийн Засаг даргаас албан бичиг хүргүүлж буюу жишээлбэл 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1276 тоотоор С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Эрдэнэбаатар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтын дагуу хавсралтад танай суманд Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл хүссэн өргөдөлд, талбайд саналаа ирүүлнэ үү гэж хүссэн байдаг. Тухайн үед Ковид-19 өвчин гарсан байсантай холбоотой Хурлын даргын албан бичиг ирсний дагуу хэлэлцүүлсэн байдаг. Ковид-19 цар тахал нөхцөл байдалтай уялдаад хууль зөрчигдсөн зүйл гараагүй, өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг хийж олгогдсон гэж үзэж байна.,

Маргаан бүхий хоёр захирамж гарах үед мөрдөж байсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг нэхэмжлэгч тал дурдаад байна. Тухайн үед мөрдөж байсан хуулиар 14.4-т зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэсний дагуу саналыг авсан. Өнгөрсөн 04 дүгээр сарын 22-ны өөрчлөлтөөр Тэргүүлэгчид санал ирүүлдэг байсныг Хурлаас санал ирүүлэхээр өөрчлөлт орсон. Мөн Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ гэж заасан. Энэ нь Ашигт малтмалын тухай хуультай хамааралтай ойлголт. Түүнээс Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийхэд тус газрын саналыг авна гэсэн ийм заалт байхгүй байна гэж ойлгож байна. Мөн шинжээч нарын дүгнэлттэй холбоотой түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх олборлолт явуулах хоёроо ялгахгүй олборлолт хийсэн гэсэн байдлаар дүгнэлт гаргасан байна. Тийм учраас шүүхээс эдгээрийг харгалзан үзэж шийдвэр гаргах нь зүйтэй.

Энэ шийдвэрийг тодорхой хуулийн дагуу гаргасан гэж эхэнд ярьсан. Шинжээчийн дүгнэлт мэдээж чухал үүрэгтэй, гүний болон хөрсний худаг 11 байгаа юу гэдэг дээр эргэлзээтэй байна, хүний амаар хэтэрхий явсан юм уу гэсэн бодол төрсөн. Тийм учраас энэ асуудал дээр анхаарал хандуулна биз. Хайгуулын асуудлыг улсын хэмжээнд хийхийг Газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас болон уул уурхайн зөвлөгөөн дээр ярьсан. Ийм байдлаар цаашид явах юм бол хайгуул хийхэд маш хүндрэлтэй байх, энэ дээр бас бодолцож үзнэ үү, ер нь бол хариуцлагатай уул уурхайг явуулъя гэвэл хаана юу байгаагаа мэдэхгүй байна.

Ялангуяа түгээмэл тархацтай ашигт малтмалын эрдэс хайрга, барилгын шавар энэ мэт асуудлыг  ярих юм бол манай аймагт ганц ашиглалтын лицензтэй газар байдаг. Тэр бол элс хайрганых биш элс хайрга бол барилга байгууламж барьж байгаа нөхцөлд бий болдог зүйл. Тийм учраас энэ дээр онцгойлон анхаарах ёстой гэж бодож байна. Дээр нь нэмээд хэлэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт тодорхой заасан энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх ашиглахтай холбоотой харилцааг буюу ашигт малтмалын хууль хамрах хүрээг нь заагаад өгсөн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль мөн адил, түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай харилцааг зохицуулна гэж заасан. Бид энэ дагуу явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч тал эрх зүйн чадамжгүй акт гэж маргаад байгаа. Манай зүгээс нэгэнт гаргуулсан учир хүчингүй болгуулахгүй хууль ёсны гэж үзэж байна.

 

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцэж 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 тоотоор “Г” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох саналыг дэмжсэн. Мөн 09 дүгээр сарын 15-ны өдрийн 99 тоот иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “П”-т олгохыг дэмжсэн. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамж гарсан. Манай зүгээс уг захирамжийг яагаад хүчингүй болгуулахгүй гэж байгаа вэ гэхээр хуульд заасан холбогдох баримт материалыг үндэслэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцээд саналыг дэмжсэн учраас аймгийн Засаг даргын захирамжуудаар олгосон. Аймгийн Засаг даргын 2020 оны 09 дугаар сарын 22-ны өдөр С сумын нутаг дэвсгэрт Б гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр С сумын нутаг дэвсгэрт Б гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ... тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон захирамжуудыг хүчин төгөлдөр гэж үзэж байна гэв.

 

3.2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон хууль зүйн тайлбарыг сонслоо. Нэхэмжлэлийн шаардлагаа хууль зөрчсөн болохоор хүчингүй болгож өгнө үү гэж ярьж байна. “Г” ХХК, “П” ХХК-д ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл олгосон захирамж нь хууль зөрчиж гарсан учраас хүчингүй болгуулах үндэслэлтэй гэсэн тайлбарыг хэлж байна гэж ойлголоо. Хууль зөрчсөн учраас хүчингүй болгуулах ёстой гэж яриад байгаа юм уу, эсвэл нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хүчингүй болгуулах ёстой гэж байгаа юм уу. Энэ хоёр үндэслэлийн алийг нь баримталж яриад байгааг ойлгохгүй байна. Шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт заасан заалтыг баримталж Онги голын сав газрын захиргааны саналыг аваагүй, мөн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын саналыг аваагүй гэж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авсан тохиолдлыг манай итгэмжлэгдсэн төлөөлөгч Э-ын зүгээс тодорхой тайлбарласан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан тоотуудаар түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжиж байна гэсэн Хурлын даргын гарын үсэгтэй, бланктай албан бичиг байна. Үүнийг хууль зүйн нотлох баримт бичиг гэж үзэхгүй юм бол өөр ямар бичиг гэж үзэх вэ. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Онги голын сав газрын ойролцоо уул уурхайн олборлолт хийвэл байгалийн тэнцвэрт байдал алдагдана гэж бичгээр гаргасан байна. Бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа өөр асуудал яригдаж байна. Онги голын сав газраас 34 километрт байрладаг гэж шинжээч тогтоосон. Дээрээс нь Төгрөг хайрхан уул нь тусгай хамгаалалтад авагдсан газар. Маргаан бүхий 2 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон газраасаа 20 километрийн зайтай оршдог.

Ийм байхад Төгрөг хайрхан ууланд ойрхон гэж яриад байдаг. Засаг дарга захирамж гаргасан, захирамж гаргахдаа Төгрөг хайрхан уул тусгай хамгаалалттай газрын зурваст ордоггүй, үүнийг тогтоож гаргасан. Дундговь аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газраас С сумын нутаг Б гэх нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ...тоот хайгуулын тусгай зөвшөөрөл, Б гэх нэртэй түгээмэл тархацтай ашигт малтмалын ...тоот хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон.

Нэхэмжлэлийн шаардлагаа ярихдаа 2 хайгуулын талбайд худаг байдаг, иргэд ундны усаа авдаг, 200 гаруй иргэний саналыг авч бид ундны усгүй болох гээд байна, хүн мал ундны усгүй болж аюул учрах гээд байна гэсэн тайлбарыг бичгээр гаргадаг. Гэтэл энэ талбайд аялал жуулчлалын газраас ирсэн бичиг дээр байна. Дээрээс нь умард говийн сав газрын захиргааны 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 тоотод манай сав газрын мэдээллийн санд байгаа мэдээлэлд тусгай зөвшөөрөл олгосон газарт гүний худаг байдаггүй болно гэсэн албан бичиг байна. Онги голын байгалийн тэнцвэрт байдал алдагдахыг тодорхойлох боломжгүй гэсэн. 34 километрийн хол зайд байгаа газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа газрын байгалийн тэнцвэрт байдал алдагдана гэж байхгүй.

Дээрээс нь иргэд ундны усгүй болно гэж гомдол гаргадаг гэж ярьж байна. 206 хүний гарын үсэг зурсан бичиг харуулж байсан. Энэ гарын үсэг нь иргэдийн регистрийн дугаарыг бичээгүй, нэр бичээд ард нь гарын үсэг зурсан болоод орхисон. Урд талынх нь нэрийг  нэг бичгийн хэвээр бичсэн. Үүнийг тухайн иргэд гаргасан гэхэд эргэлзээтэй байна. Хоёрдугаарт 4 хүнийг гэрчээр асуусан. Уг 4 иргэн нь тухайн сумын нутаг дэвсгэр болон багт оршин суух иргэдийг төлөөлөх эрх байна уу, хэн энэ эрхийг олгосон юм. Хэрвээ багийн дарга байдаг бол багийн дарга нь энэ иргэдийн эрх ашгийг төлөөлж шүүх болон бусад төрийн байгууллагад тайлбар мэдүүлэг өгөх эрхтэй гэсэн зүйл байж төлөөлөх эрхтэй болно.

Дундговь аймагт ганцхан түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон. Барилга байгууламж барихад хүндрэлтэй байдаг. Нутаг орныхоо нөхцөл байдлыг судалж, нутаг орондоо шаардлагатай байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өгч түүнээсээ барилга байгууламж барихаар болж үүнийгээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн саналаар дэмжүүлж, аймгийн Засаг дарга нь захирамж гаргаж 2 тусгай зөвшөөрөл олгосон. Орон нутгийн дотоод асуудалд төрийн бус байгууллага хэт их оролцож, Дундговь аймгийн хөгжилд саад учруулж байна. Хэрвээ тусгай зөвшөөрлийн нэг нь байвал тусгай зөвшөөрлийнхөө дагуу хайгуулаа хийж ямар ашигт малтмал олборлох вэ, түүнийгээ олборлож, тэнд үйл ажиллагаа явагдаж байх ёстой. Гэтэл 2 жил гаруй хугацаанд ямар ч үйл ажиллагаа явагдаагүй. Ямар ашигт малтмал байгаагаа тодорхойлох боломжгүй гэж орхисон. Харин эсрэгээрээ захиргааны байгууллагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага саад учруулаад байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодорхой болгох шаардлагатай байна. Захирамж хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм уу, иргэдийн эрх ашиг Онги голын сав газрын байгалийн тэнцвэрт байдаг алдагдана, Төгрөг Хайрхан уулын байгалийн тэнцвэрт байдал алдагдана, тэнд байгаа түүхийн дурсгалт  газар устана гэж байгаа юм уу. Үүнийгээ сайн тайлбарлаж өгнө үү. Бичгээр уншихад ойлгогдож байна. Сая тайлбарлаж байгааг нь сонсохоор хууль зөрчсөн, хууль зөрчсөн учраас хүчингүй болгох ёстой гэж яриад байна. Дараа нь нийтийн эрх ашиг хөндөгдөж байна гэж яриад байна. Сая мэдүүлэхдээ нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаараа ярихгүй байна.

 Хууль бол хууль байх ёстой гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Хууль юуны тулд гардаг юм бэ, хууль хүний төлөө гарах ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүнээ сайхан амьдруулахын тулд хууль гардаг. Хоёрдугаарт шат шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болоод, Засааг дарга хэний төлөө, юуны төлөө сонгогддог вэ гэвэл тухайн орон нутагт амьдарч байгаа иргэдийнхээ төлөө, иргэдийн сайн сайхан амьдралыг бий болгох гэж, тухайн сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө ажиллах гэж гарч ирдэг. Хуулийн дагуу байгуулагдсан орон нутгийн удирдлага, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Засаг дарга бүгд л иргэдийнхээ төлөө ажлаа хийж явж байгаа.

Үүний тулд хууль гарч байгаа, энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой, гэхдээ хууль хэрэгжүүлээгүй гээд байна. Хууль хэрэгжүүлээд тухайн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аваад, тухайн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нь бланк дээр гарын үсэгтэй тухайн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лицензийг олгохыг дэмжиж байна гэсэн бичиг хийгээд хүргүүлж байхад үүнийг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын саналыг аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй, тусгай зөвшөөрлийн дагуу Засаг даргын захирамж гарсан гэж бодож байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байна, “Онги” голын сав газар нэг ч хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохгүй юм шиг ярьж байна. Тэгвэл бид яаж хөгжих юм бэ, шинжээчийн дүгнэлт дээр болзошгүй гэж яриад байна. Болзошгүй юм гээд бид нар хөгжихгүй суугаад байх уу, би хуулийн зүйл заалт ярихгүй, тэрийг шүүх шийдэж өгнө биз, миний хувьд бол амьдрал л яръя. Тухайн сав газрын байгалийн тэнцэлд нөлөөлж болзошгүй гээд бид нар яаж хөгжих юм. Энд төлөөлж сууж байгаа захиргааны хоёр хүн юу хийж, яах гэж төлөөлж сууж байгаа юм, хүнийхээ төлөө, хөгжлийнхөө төлөө, сайн сайхан амьдралын төлөө гээд шийдвэр гаргадаг улс шүү дээ. Энэ шийдвэрийн дундуур төрийн бус байгууллага орж ирээд, гэхдээ зорилго нь “Онги” голын урсцыг “Улаан нуур”-т хүргэх зорилготой ийм төрийн бус байгууллага орж ирээд хаагаад байна. Одоо хоёр жил болж байна. Үүн дээр “И” ТББ яг энэ хоёр лиценз дээр нэхэмжлэл гаргаад явсан. “И” ТББ нь хүсэлт гаргаад “О” НҮТББ-ыг оруулж ирсэн.

Ингээд үгсэн хуйвалдах журмаар засаг төрийнхөө гаргаж байгаа шийдвэрийг эсэргүүцээд ямар нэг байдлаар болзошгүй гэдэг асуудал тавиад суудаг. Тэгээд тухайн орон нутаг хөгждөггүй ийм л асуудал. Эцсийн эцэст хууль гэдэг хөгжлийн төлөө байгаа, хууль хүнийхээ төлөө байх ёстой. Ийм асуудлыг шүүх ойлгоосой гэж хүсэж байна.

Хоёрдугаарт, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийг их ярьж байна. Би бодохдоо илүү нарийвчилсан хуулийг барих юм бол Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг барих байх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль гэж тусдаа хууль байна. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт юу гээд заасан гэхээр ашигт малтмалын олборлолт, хайгуулын тусгай зөвшөөрлийг гэж заасан. Хуулиа мушгиж, засаг төрийнхөө шийдвэрийг унагаахын тулд  өөрийнхөөрөө тайлбарладаг байж болохгүй, хуулийг бүх хүн нэг мөр ойлгож явах ёстой.

Шинжээчийн дүгнэлтэд болзошгүй гэж яриад, “П” ХХК, “Г” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, хайгуулын ганц ширхэг өрөм тавиагүй байхад олборлолт явуулж байгаа мэтээр дүгнэлтээ гаргасан. Ундаалах усны боломжийг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Гэтэл  нэхэмжлэгчийн маань өмгөөлөгч “Онги” голын урсцад нөлөөлнө, яагаад гэвэл “Онги” гол доогуураа хөрсний усны нөөцийг хангадаг гэж байна. Тэгэхээр ухаж болохгүй, хайгуул хийж болохгүй, олборлолт хийж болохгүй, хөгжиж болохгүй гэдэг.

 

Гуравдугаарт, нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг тайлбарлаж чадахгүй байна. Илт хууль бус захиргааны акт гэж өмгөөлөгч ярьсан. Тэгэхээр илт хууль бус захиргааны акт гэж тооцуулах гээд байгаа юм уу, эсвэл хууль зөрчөөд гарсан учраас нийтийн эрх ашиг хөндөгдөөд байна гээд байна уу, эсвэл “Онги” голын сав газрын байгалийн тэнцэлд нөлөөлөх учраас нийтийн эрх ашиг хөндөөд байна уу гэсэн гурван санаа гарч ирж байгаа юм. Чухам аль нь юм, хууль зөрчөөд нийтийн эрх ашиг хөндөөд байгаа юм уу, хөндөж болзошгүй юм уу, эсвэл байгалийн тогтцод сөргөөр нөлөөлөх гээд байгаа нь нийтийн эрх ашгийг хөндөөд байгаа юм уу, энэ нь захиргааны актыг илт хууль бус гэж тооцуулах үндэслэл гэж үзээд байна уу, иймд нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж чадаагүй гэж үзэж байна. Орд гэж яриад байна энэ чинь ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудалд яригдана. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбарыг мөн дэмжиж байна. Эцэст нь хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

4. Гуравдагч этгээд “Г” ХХК –ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус компани “О” ТББ-ын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн компанид холбогдох хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

            Манай компани нь 2020 оны 10-р сарын 23-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 12, 13-т  тус тус заасны дагуу Дундговь аймгийн С сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор хүсэлт гаргасан бөгөөд бидний энэхүү хүсэлтийг хүлээн авч Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.12 дахь заалт,  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэн Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 112 дугаартай  тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хүсэлтийг дэмжсэн болно.

            Улмаар Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112-р тогтоол, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын тосны газрын дүгнэлт, Сайхан овоо сумын ИТХ-ын саналыг тус тус үндэслэн Дундговь аймгийн Засаг дарга 2020 оны 11 сарын 02-ны өдрийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хавсралтад заагдсан солбицлын дагуу 3 жилийн хугацаатайгаар олгосон болно.

Үүнээс хойш манай компани өдийг хүртэл 2021 онд хийх түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын төлөвлөгөө, 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулан холбогдох эрх бүхий албан тушаалтнаар батлуулах ажлыг хийж дуусгаад байна.

Иймээс манай компанид тусгай зөвшөөрөл олгосон Дундговь аймгийн Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй, хууль бус гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын манай компанид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг бичгээр гаргасан байх ба,

 

4.1. Тус гуравдагч этгээд “Г” ХХК–ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт, шүүхэд бичгээр гаргасан тайлбараа дэмжиж оролцож байна. Манай компани 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 12, 13 дугаар зүйлд зааснаар Дундговь аймгийн С сумын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын лиценз авахаар хүсэлт гаргасан. Энэ хүсэлтийг Засаг дарга хүлээж аваад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12 дугаар зүйл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийг үндэслэж, улмаар Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоол, Ашигт малтмалын газрын тосны газрын дүгнэлт, С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг тус тус үндэслэж  аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаартай захирамжаар С сумын нутагт түгээмэл тархацтай хайгуулын тусгай зөвшөөрлийг хавсралтад заасан солбилцлын дагуу 3 жилийн хугацаатай олгосон. Тусгай зөвшөөрөл олгосноос хойш өнөөдрийг хүртэл манай байгууллага ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Гэхдээ 2021 онд хайгуулын ажлын төлөвлөгөөгөө батлуулж, 2021, 2022 онд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө боловсруулж эрх бүхий албан тушаалтанд танилцуулсан. Ковид-19 өвчин гарсантай холбоотой хайгуулын лиценз ашиглах, үйл ажиллагаа явуулах боломж өнөөдрийг хүртэл олдоогүй. Ийм байдлаар явж байхад шүүхэд маргаан үүссэн.

 

Хоёрдугаарт, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар тайлбар хэлэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байр суурьтай оролцож байгаа. Үндэслэл нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд гэж хуулиар эрх олгогдсон, энэ хуулийн 18.3-т заасан шаардлага хангасан төрийн бус байгууллагыг хэлж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дугаар зүйлд заасан шаардлага нь хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд нь дараах шаардлагыг хангасан байхыг шаарддаг.

Нэгдүгээр шаардлага буюу нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрэм, зорилгод нийцсэн байх ёстой. Хоёрдугаарт, дүрэм, зорилгын дагуу 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг хуулиар шаардсан. Нэхэмжлэл гаргаж байгаа этгээд энэ шаардлагыг хангаж байгаа эсэх талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад 1 дүгээр хавтаст хэргийн нэхэмжлэлд хавсаргасан Онги голын хөдөлгөөн НҮТББ-ын дүрэм авагдсан байна. Дүрмийн 2.1-т Онги голын хөдөлгөөний үндсэн зорилго нь Онги голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино гэсэн зорилготой байна. Нэхэмжлэлийн шаардлага нь зорилгодоо нийцсэн байгаа эсэхийг шалгахад нэхэмжлэлийн шаардлага нь Дундговь аймгийн Засаг даргын манай компанид олгосон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хууль зөрчсөн гэсэн үндэслэл байна. Нэхэмжлэлийн бичгээр гаргасан шаардлагад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ашигт малтмал хайх ажиллагаа явуулснаар тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн үндсэн хуулиар хамгаалагдсан байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй байдалд хүрч байна гэсэн агуулгатай байна. Энэ агуулгыг харахад Онги голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино гэсэн зорилгод хамааралгүй гэж үзэж байна.

Мөн хуулийн 18.3.2-т зааснаар дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх гэсэн шаардлагатай нэмж хэлэхэд, нэхэмжлэгч тал үүнийг хангаж байна уу. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар Төрийн бус байгууллага нь үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээ зохих журмын дагуу жилийнхээ тайланг гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны дотор Татварын тайлангаа өгнө. Энэ тайлангаа улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан байна. Нэхэмжлэлд тухайн шаардлагыг хангаж байгаа эсэхийг харахад 2021 оны 07 сарын 29-ний өдрийн 437 дугаартай Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс албан тоот нэхэмжлэлд хавсаргасан. Уг албан тоотод О НҮТББ нь 2018, 2019, 2020 онд үйл ажиллагааны тайлангаа бүртгэлийн байгууллагад өгсөн байна. Нэхэмжлэл гаргасан огноог харахад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гаргасан. Иймд сүүлийн 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан тайлангаа өгнө гэхээр  2021, 2020, 2019 оны тайлангаа өгсөн байхыг шаардана. Зөвхөн энэ албан тоотыг харахад тухайн О НҮТББ нь нэхэмжлэл гаргахаас өмнө тасралтгүй 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан гэдэг нь нотлогдохгүй байна.

Ийм учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргахгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл байна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д нийтийн ашиг сонирхлыг төлөөлж байгаа этгээдийн хувьд маргаж байгаа асуудлын талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байх бөгөөд нийтийн ямар ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсвэл зөрчигдөж болзошгүй талаар хангалттай сонирхол илэрхийлсэн байхыг шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлага нь 52 дугаар зүйлийн 52.2.4-т зааснаар тодорхой байхыг, 52.2.5-т зааснаар хангалттай сонирхол илэрхийлсэн байхыг шаардана. Хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар дээр нэмж хэлэхэд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байна. Ямар эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь хангалттай илэрхийлэгдэхгүй байна. Иймд дээрх хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй өгнө үү ,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар шинжээч томилогдож дүгнэлтээ гаргасан байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шинжээч дүгнэлт гаргахдаа шинжилгээний бодит үр дүнг тусгасан, шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан, шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд гарсан байх ёстой. Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шинжээч гаргасан дүгнэлтийнхээ үндэслэлийг хариуцахаар зохицуулсан.

Гэтэл шинжээчид тавьсан асуулт, хариултын үед тухайн 2 компанийн тусгай зөвшөөрөл нь түгээмэл тархацтай ашигт малтмал хайх лиценз байгаа, үүнтэй холбогдуулан дүгнэлтээ гаргах байсныг ойлгоогүй байна. Шинжээч олборлолтын тухай яриад байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх тусгай зөвшөөрөлтэй холбоогүйгээр дүгнэлтээ гаргасан байна гэдэг нь өөрсдийнх нь тайлбараар нотлогдлоо гэж үзэж байна. Шинжээч шүүхээс тавьсан асуултад хариулахдаа үзлэг ба шинжилгээгээр тогтоогдсон дүгнэлтээсээ эсрэг утгатай дүгнэлт гаргасан учир шүүх үүнийг шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй байна гэж харагдаж байна.

Шинжилгээний объектыг тодорхойлохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судлах ажиллагааны явцад хавтаст хэргийн 146, 154 дүгээр талд авагдсан манай компанийн 2020, 2021 оны хайгуулын ажлын төлөвлөгөө, 2021 онд хэрэгжүүлэх байгаль орчны төлөвлөгөө зэргийг байхгүй байсан гэж тайлбар хэлсэн. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжилгээ хийлгэх эрх зүйн баримт бичиг авагдсаныг анзааралгүй, үүн дээр шинжилгээ хийгээгүй гэдэг нь харагдаж байна. Шинжээчийн гаргасан дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бодит үр дүнг тусгасан байх шаардлагыг хангасан байх ёстойг хангаагүй байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгох боломжгүй нотлох баримт байна. Үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч мөн манай талаас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан тайлбар үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

5. Гуравдагч этгээд “П” ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Дундговь аймгийн Засаг дарга С сумын нутагт 2020 оны 09 сарын 22-ны өдөр Б нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын ...дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь нийтийн ашиг сонирхол зөрчсөн болохыг тогтоон, хүчингүй болгуулах” тухай О ТББ-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Манай компани, С сумын нутагт орших Б нэртэй 49,47 га талбайд дайргын хайгуулын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ, Монгол Улсын Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13-р зүйлд зааснаар Дундговь аймгийн Засаг даргад гаргаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу ...дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа болно.

Бид дээрх талбайд дайргын байршил, тоо хэмжээг тогтоох зорилгоор хайгуул хийж, түүнийг ашиглах боломж, техник, эдийн засгийн үнэлгээг боловсруулах юм. Бид хайгуулын ажлын төлөвлөгөө, аргачлал, байгаль орчныг хамгаалах ажлын төлөвлөгөө, нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулсан. Төлөвлөгөөний дагуу хээрийн ажил энэ оны 5 дугаар сард эхлэх байсан ч Ковид-19 цар тахлын улмаас графикт хугацаандаа эхэлж амжаагүй.

 

Манай улсад зам, барилгын бүтээн байгуулалт жил бүр нэмэгдэж байгаа өнөө үед гол түүхий эд болох элс, хайрга, дайрганы хэрэгцээ мөн адил өсч байна. Ийм үед элбэг тархалт бүхий ашигт малтмалыг эрж хайх,  нөөцийг нэмэгдүүлэх нь улс, орон нутгийн хэмжээнд чухал ач холбогдолтой. Нэхэмжлэгч үүнийг үгүйсгэж, С сумын нутагт зам, барилгын бүтээн байгуулалт төлөвлөөгүй, тэндээс элс, хайрга, дайрга олборлох боломжгүй, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзжээ.

ИТББ-ын нэхэмжлэлийн шаардлага нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа тул бид энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх ашгаа хамгаалан оролцоно гэсэн тайлбарыг ирүүлсэн байх ба,

 

            5.1. Гуравдагч этгээд “П” ХХК –ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-ийн гаргаж байгаа тайлбартай санал нэг байна. Манай компанийн хувьд аймаг, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулъя л гэсэн бодолтой  байсан гэв.

 

            6. Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Гуравдагч этгээд “Г” ХХК, “П” ХХК нарт зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй байна. Олон айлын өвөлжөө, хаваржаанд ойрхон, бас малын бэлчээрт ойрхон байгаа нь малын бэлчээр, усанд нөлөөлөх магадлалтай тул малчдын эрх ашиг зөрчигдөнө гэж бодож байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Б/-өөс нэхэмжлэгч “О” НҮТББ-ыг  нийтийн ашиг сонирхлыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж буй тайлбарыг гаргаж, үүнийг хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс санал нэг байна гэж байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага нь тухай байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх;”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;”-аар тус тус зохицуулсан байгаа ба энэ дагуу “О” НҮТББ-ын дүрэм /1-р х.х-ийн 4, 5 дахь тал/-д зааснаас үзвэл тус байгууллагын “Зорилго, үйл ажиллагааны чиглэл”-ийг тодорхойлсон “Хоёр” дахь хэсгийн 2.1-д “Онги голынхон” хөдөлгөөний үндсэн зорилго нь Онги голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино” гэсэн байгаагаас гадна, мөн хэсгийн 2.5-д “Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах”, 2.6-д “ ..., экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах”-аар тус тус заажээ.

 

1.1 Нэхэмжлэгч байгууллагын дүрмийн дээрх зохицуулалтаас үзвэл түүний Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1-д зааснаар дүрмийн зорилгодоо нийцэж байгаагаас гадна, уг дүрмийн зорилгын дагуу буюу мөн хуулийн 18.3.2-т зааснаар сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан нь энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох нэхэмжлэгчийг 2018, 2019, 2020 онд үйл ажиллагааны тайлангаа бүртгэх байгууллагад өгч байсан талаарх Дундговь аймгийн  Улсын бүртгэлийн  хэлтсийн албан бичиг болон  2020, 2021 онуудад бичигдэж байсан нэхэмжлэгч байгууллагын үйл ажиллагааны тайлан /1-р хх-ийн 8, 52-57 дахь тал/ зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул “О” НҮТББ-ыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан асуудлын хүрээнд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 

2. Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тэдгээрийг эс зөвшөөрч хариуцагч болон гуравдагч этгээдүүдээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарууд, шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбарууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг шүүх хуралдаанд нотлох баримтаар шинжлэн судалж, үнэлж, дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Талуудаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон түүнийг эс зөвшөөрч буй үндэслэлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбаруудад дурдагдсан болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбар зэрэгт үндэслэн дараахь агуулгаар тодорхойлбол:

 

3.1. Нэхэмжлэгч талаас тайлбарлахдаа, “О” НҮТББ нь хараа хяналтгүй уул уурхайн эсрэг хууль бус үйлдлүүдийг зогсоох, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах чиглэлээр нутгийн иргэдтэй хамтран ажилладаг бөгөөд энэ нь тус байгууллагын дүрэмд заасан зорилго, зорилтуудад нийцэж байгаа тул нийтийн эрх ашгийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргаас “П” ХХК болон “Г” ХХК-нуудад тус аймгийн С сумын нутаг дэвсгэр дэх “Б”, “Б” нэртэй газруудад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр болох 2020 оны А/254, А/323 дугаар захирамжууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1, 37 дугаар зүйлийн 37.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5, 14.6, 14.7, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр заасныг тус тус зөрчсөнөөс гадна, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх  зүйлд заасан ажиллагааны тухай зохицуулж өгсөн байна. Өөрөөр хэлбэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан дүгнэлтийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж заасан байдаг боловч хариуцагч нь Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох саналыг аваагүй зэрэг байдлаар хууль зөрчиж гарснаар тус компаниудын уг тусгай зөвшөөрлүүдийн дагуу явуулах үйл ажиллагааны улмаас тухайн бүс нутагт байгалийн тэнцэл алдагдах, улмаар Үндсэн хуулиар олгогдсон иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй байгаа нь дээрх захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл болно гэсэн агуулгаар,

 

            3.2. Хариуцагч талаас тайлбарлахдаа, Дундговь аймгийн Засаг даргын гаргасан А/254, А/323 дугаар захирамжууд нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 2020 оны 07 сарын 22-ны өдрийн 8/3270, 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 8/4820 тоот албан бичгүүдээр ирүүлсэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлт, уг дүгнэлт ирснээр тус аймгийн Засаг даргаас хуульд заасны дагуу тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахаар хүргүүлсэн албан бичгийн дагуу С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 08 сарын 21-ний 27, 2020 оны 10 сарын 23-ны 19 тоот албан бичгүүдээр ирүүлсэн дэмжсэн хариу болон энэ дагуу хэлэлцэж гаргасан Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 99,  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 112 дугаар тогтоолуудыг үндэслэн тухайн аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь холбогдох хуулиудад заасныг зөрчөөгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх захирамжуудыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар, эсхүл нийтийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжилж байгаагийн аль нь болох нь тодорхойгүй байна гэсэн агуулгаар,

 

   3.3. Гуравдагч этгээд “Г” ХХК-аас тайлбарлахдаа, Хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын гаргасан тус компанид холбогдох А/323 дугаар захирамж нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх зорилгоор түүний гаргасан хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.12 дахь зүйл,  Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх зүйлд заасныг болон Ашигт малтмал, газрын тосны газрын дүгнэлт, Дундговь аймгийн С сумын ИТХ-ын санал, мөн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 112 дугаар  тогтоол зэргийг тус тус үндэслэн гарсан нь хууль зөрчөөгүй. Нэхэмжлэлийн агуулгаас үзэхэд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэлгүйгээр ашигт малтмал хайх ажиллагаа явуулснаар тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан байгалийн тэнцвэрт байдал алдагдахаас хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй байдалд хүрч байна гэсэн агуулга бүхий байгаа нь Онги голын урсацыг Улаан нуурт хүргэхэд оршино гэсэн зорилгод нь хамааралгүй байна.

 

Мөн олгогдсон тусгай зөвшөөрлийн дагуу одоог хүртэл үйл ажиллагаа явуулаагүй байхад нийтийн ямар эрх, ашиг зөрчигдөөд байгаа нь тодорхойгүй байгаагаар нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэсэн агуулгаар,

 

            3.4. Гуравдагч этгээд “П” ХХК-аас тайлбарлахдаа, Шүүх хуралдаанд оролцож буй түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж буй тайлбартай санал нэг байна гэж байгаагаар дээрх гуравдагч этгээдийн тайлбарлаж буй үндэслэлтэй ижил агуулгаар тус тус тодорхойлон маргаж байна.

 

4. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хэргийн үйл баримтыг хянаж үзвэл:

 

4.1. Гуравдагч этгээд “П” ХХК /... дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2 дахь хх-ийн 34 дэх тал/ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаар албан бичгээр Дундговь аймгийн Засаг даргад гаргасныг, 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр бүртгэн хүлээн авч /1 дэх хх-ийн 140-р тал/, түүнээс хойш Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 8/3270 дугаар албан бичиг /3 дахь хх-ийн 192-р тал/-ээр талбай давхцалгүй тул тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой гэсэн дүгнэлт болон Дундговь аймгийн С сумын “Б” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “П” ХХК-д олгох саналыг дэмжсэн тухай тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай” 99 дүгээр тогтоол /3 дахь хх-ийн 108, 109-р тал/ тус тус гарч,

 

4.1.1. Улмаар Дундговь аймгийн Засаг дарга нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/254 дүгээр захирамж, түүний хавсралт  /3 дахь хх-ийн 98, 99-р тал/-аар “П” ХХК-д тус аймгийн С сумын нутаг, “Б” гэх газарт 49.47 га хэмжээ бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон шийдвэрийг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргаж,  ...дугаар /1 дэх хх-ийн 150, 151 дэх тал/-тай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг шийдвэр гаргасан мөн өдөртөө буюу 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр бичиж олгосон байх ба гуравдагч этгээд “П” ХХК-аас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр /1 дэх хх-ийн 152-р тал/ “Түгээмэл тархацтай АМНАТ” гэж тодорхойлон төлсөн байна.

 

4.2. Гуравдагч этгээд “Г” ХХК нь /-... дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 2 дахь хх-ийн 127 дахь тал/ нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг 2020 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 10/08 дугаар албан бичгээр Дундговь аймгийн Засаг даргад гаргасныг, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр /1 дэх хх-ийн 140-р тал/ бүртгэн хүлээн авч, түүнээс хойш Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн 8/4820 дугаар албан бичиг /3 дахь хх-ийн 191-р тал/-ээр талбай давхцалгүй тул тус компанид түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох боломжтой талаарх дүгнэлт болон Дундговь аймгийн С сумын “Б” нэртэй газарт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгох саналыг дэмжсэн тухай тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэхэд санал өгөх тухай” 112 дугаар тогтоол /3 дахь хх-ийн 114, 115-р тал/ тус тус гарч,

 

4.2.1. Улмаар Дундговь аймгийн Засаг дарга нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/323 дугаар захирамж, түүний хавсралт  /3 дахь хх-ийн 100, 101-р тал/-аар “Г” ХХК-д тус аймгийн С сумын нутаг, “Б” гэх газарт 55.77 га хэмжээ бүхий талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гаргаж,  ...дугаар /1 дэх хх-ийн 165, 2 дахь хх-ийн 132 дахь тал/-тай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл”-ийг  шийдвэр гаргасан мөн өдөртөө буюу 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр бичиж олгосон байх ба гуравдагч этгээд “Г” ХХК–аас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр /1 дэх хх-ийн 167-р тал/ төлсөн байна.

 

4.2.2. “Г” ХХК–ийг түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлт гаргахаас өмнө Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /дарга П.Эрдэнэбаатар/-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар албан бичиг /3 дахь хх-ийн 138 дахь тал/-ээр “Сумын ИТХ-ын хуралдаанаар сумын зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасахаар шийдвэрлэлээ. Иймд уг тогтоолыг үндэслэн тус газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт явуулж, тус газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8/4624 дүгээр албан бичиг /3 дахь хх-ийн 169-р тал/-ээр “Танай 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 тоот албан бичгийг хүлээн авч танилцлаа. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасах тухай” 03 дугаар тогтоолыг Кадастрын бүртгэлийн системд бүртгэв” гэсэн хариуг тус С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /.../-д хүргүүлсэн байх ба энэхүү хариу албан бичиг  ирсний дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 08-ний өдөр “Г” ХХК нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай хүсэлтийг хариуцагчид хандан гаргасан байна.

 

4.2.3. Энэ дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын “Хуулбар үнэн” тэмдэг дарсан баримт болох тус аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасах тухай” 03 дугаар тогтоол  дахь орон нутгийн тусгай хэрэгцээнээс хассан 55.8 га хэмжээ бүхий газрын “...” гэж заасан солбицол /2 дахь хх-ийн 50-р тал/ нь, “Г” ХХК-д хариуцагчийн  А/323 дугаар захирамжаар олгосон 55.77 га хэмжээ бүхий газрын “...” гэж заасан уртраг, өргөргийн солбицол /3 дахь хх-ийн 101-р тал/-уудтай тохирч байгаа болон,

 

4.2.4. Мөн тус асуудалтай холбогдуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодруулсны дагуу Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн /.../-ээс ирүүлсэн дүгнэлтэд “...С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020.09.21-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасах тухай” тогтоолын хавсралтад заасан талбай нь Дундговь аймгийн Засаг даргын 2020.11.02-ны өдрийн А/323 дугаар захирамжаар “Г” ХХК-д олгосон ...(049/Ду) тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа ... “П” ХХК-д олгогдсон ...(049/Ду) тусгай зөвшөөрлийн талбайд хамааралгүй байна” гэж байгаа зэрэг байдлуудаар дээр дурдсан нотлох баримтууд болох Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид /дарга .../-ийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар, Ашигт малтмал, Газрын тосны газрын 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 8/4624 дүгээр албан бичгүүдэд дурдсан тухайн орон нутгийн тусгай хэрэгцээнээс хассан газар нь нэхэмжлэгчээс маргаж буй захиргааны актуудын А/323 дугаар захирамжид буюу “Г” ХХК-д олгогдсон тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамааралтай байна.

 

4.2.5. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөн уг асуудалд холбогдуулан хавтаст хэрэгт гаргуулан авсан нотлох баримт болох Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 26 дугаар албан бичигт хавсарган ирүүлсэн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаар тогтоол нь дээр дурдагдаж буй тус Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнээс хасах тухай” тогтоол бус  2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гарсан “Хурлын даргыг сонгох тухай” тогтоол /3 дахь хх-ийн 46, 47-р тал/ байгаагаар “03” гэсэн нэг дугаар бүхий тухайн Хурлын тогтоолууд зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй. 

 

4.3. Түүнчлэн хариуцагч нь гуравдагч этгээдүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон маргаан бүхий захиргааны актууд болох А/254, А/323 дугаар захирамжуудыг гаргахдаа тэдгээрт  “..., С сумдын  ИТХ-ын санал ...”–ыг үндэслэсэн, мөн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар /1 дэх хх-ийн 75, 76 дахь тал/-таа “...тухайн талбай байрших сумаас санал авахаар хүргүүлэхэд С сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргын 2020 оны 08 сарын 21-ний 27, 2020 оны 10 дугаар сарын 23-ны 19 тоот албан бичгүүдээр дэмжсэн хариу ирсэн...” гэж тус тус дурдсан, мөн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас энэ талаарх тайлбарыг гаргаж байх боловч,

 

4.3.1. Дээрх асуудлыг тодруулах зорилгоор тус шүүхээс Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас холбогдох баримтыг шаардсаны дагуу ирүүлсэн тус байгууллагын архивын “хуулбар үнэн” тэмдэг дарсан, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 05/171 дүгээр албан бичигт Дундговь аймгийн Засаг дарга /О.Бат-Эрдэнэ/-аас Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /П.Эрдэнэбаатар/-д хандаж, уг албан бичгийн хавсралтад заасан “Г” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд саналаа ирүүлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1276 дугаар албан бичиг /3 дахь хх-ийн 97, 102, 103-р тал/-ийг хавсарган ирүүлсэн байх ба харин “П” ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл бүхий талбайд хариуцагчаас санал авах талаар хүргүүлж байсан тухай баримт ирээгүйгээр энэ талаарх баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

 

4.3.2.  Мөн хавтаст хэрэгт авагдсан Дундговь аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /.../-ын гарын үсэг бүхий 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай ”П” ХХК-ийн өргөдлийг дэмжиж байна”, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай “Г” ХХК-ны өргөдлийг дэмжиж байна” гэсэн, аймгийн Засаг дарга /.../-д хандаж гаргасан албан бичиг /1 дэх хх-ийн 146, 161-р тал/-үүдэд тус аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс гэх “тэмдэг” дарагдсан байгаа нь хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцээгүйгээс гадна,

 

4.3.3.   Тухайн баримтуудыг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс эх хувиас нь хуулбарлан баталгаажуулснаар хэрэгт хавсаргахаар, тус аймгийн С сумын Засаг даргаас шаардсаны дагуу тус газраас ирүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/60 дугаар албан бичиг /1 дэх хх-ийн 105, 106-р тал/-т  “...Сумын ИТХ-ын даргын 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27 дугаартай тоот, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай албан бичгүүд тус сумын архивт эх хувиараа байхгүй бөгөөд хуулбарыг Дундговь аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсээс авсан болно” гэснээр дээрх хоёр албан бичгийн болон Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1276 дугаар албан бичгийн хуулбар болох 3 ш баримт /1 дэх хх-ийн 107-109-р тал/-ыг мөн нотлох баримтын шаардлага хангаагүй хавсарган ирүүлсэн байх ба,

 

            4.3.4.  Гэтэл Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн “Нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл” /2 дахь хх-ийн 75-р тал/-ээс үзвэл тус аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2022 оны 01 дүгээр сарын 06-аас мөн оны 12 дугаар сарын 31-ийг хүртэлх хугацааны хуралдааны материалд “1 дэх хх-ийн 107-109-р хуудсан дахь баримтууд тус сумын архивт байхгүй ...” гэсэн байх ба мөн тус шүүхэд сумын Хурлаас өгсөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар албан бичигт “Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2020 онд ирсэн, явсан бичгийн бүртгэл архиваас олдсонгүй ...” /2 дахь хх-ийн 76-р тал/ гэжээ.

 

4.3.5.  Түүнчлэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс мөн тухайн албан бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлэхээр шаардсан ба, гэтэл Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 26 дугаар албан бичиг /3 дахь хх-ийн 46-р тал/-т  “...2020 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Б гэх газарт “П” ХХК-ний, Б гэх газарт “Г” ХХК-ний түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл ирээгүй бөгөөд Хурлын төлөөлөгчид болон тэргүүлэгчдийн хурлын хэлэлцэх асуудалд огт тусгагдаагүй зүйл болохыг С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас мэдэгдэж байна” гэснээс гадна, уг албан бичигт  “...Сумын ИТХ-аас Дундговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн гэх 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 27 дугаар тоот байхгүй бөгөөд уг 27 дугаар тоот нь 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гарсан Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн ... албан тоот болохыг, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай албан тоот байхгүй бөгөөд, уг 19 дүгээр тоот нь 2020 оны 04 сарын 24-ний өдөр гарсан Дундговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд хүргүүлсэн Орон нутгийн хурлын ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай албан тоот болохыг архивт хадгалагдаж буй бичиг баримтаас хуулбараар баталгаажуулж байна”  гэж тус тус дурдсанаар,

 

4.3.6. Тухайн албан бичигт Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст” хандсан 27 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Дундговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд” хандсан 19 дүгээр албан бичгүүд /3 дахь хх-ийн 48, 141-р тал/-ийг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж хавсарган ирүүлсэн байгаагаар дээр дурдсан Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /.../-ын гарын үсэг бүхий, нэг байгууллагаас гарсан, нэг ижил дугааруудтай 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр албан бичгүүд нь тус албан бичгүүдээс зөрүүтэй байна.

 

4.3.7. Мөн дээр дурдагдсан Дундговь аймгийн Засаг дарга /.../-ын тус аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /П.Эрдэнэбаатар/-д хандсан, “санал ирүүлэх” тухай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1276 дугаар албан бичиг нь хэдийгээр хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаж хэрэгт авагдсан байгаа ч тус албан бичиг нь С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас шүүхэд өгсөн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар албан бичигт “Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2020 онд ирсэн, явсан бичгийн бүртгэл архиваас олдсонгүй ...”  гэсэн байгаагаар холбогдох этгээдэд хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй байх бөгөөд,

 

4.3.8. Улмаар аймгийн Засаг даргын 1/1276 дугаар албан бичгийн дагуу “санал хүргүүлсэн” гэх С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /.../-ын гарын үсэг бүхий 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр албан бичиг нь дээрх 1/1276 дугаар албан бичигтэй  цаг хугацааны хувьд нэг өдөр бичигдсэн байх ба үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эргэлзээтэй гэж үзэж буй тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

4.3.9. Иймд дээр тогтоогдож буй байдлууд буюу тухайн албан бичгүүдийн нотлох баримтын шаардлага хангахгүй хэрэгт авагдсан байдал, үүнийг шүүхээс тодруулах ажиллагааны явцад тэдгээрийн эх хувь баримтууд олдохгүй байгаа зэрэг байдлуудад үндэслэн “дэмжсэн санал хүргүүлсэн” гэх Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /.../-ын гарын үсэг бүхий 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

5. Маргааны зүйл болох А/254, А/323 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэл, тэдгээрийг батлан гаргасан захиргааны үйл ажиллагаа хууль бус эсэх тухайд;

 

5.1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, түүнийг бүртгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа буюу тус зөвшөөрлийг олгох, эсэх үйл ажиллагаа нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн “Гуравдугаар бүлэг”-ээр илүү нарийвчлан журамлагдсан байх ба энэ дагуу тухайн маргаанд дээрх хууль хэрэглэгдэхээр байна.

 

5.2. Иймд  уг захиргааны актуудыг батлан гаргах үеийн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 (энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар)-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан үйл ажиллагааг явуулна;” гэж зааснаар мөн зүйлийн 14.1.4-т “... өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх”, 14 дүгээр зүйлийн 14.2 (энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх үеийн заалтаар)-т “Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ”, 14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар)-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байгаа ба,

 

5.3. Харин түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “санал” авах ажиллагаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/ дахь “Сум, дүүргийн Хурлын бүрэн эрх”-ийг тодорхойлсон 18 дугаар зүйлийн 18.3-д “Сум, дүүргийн Хурал нь хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн  “Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх”-ийг тодорхойлсон 20 дугаар зүйлийн 20.1.14-т “хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх”-ийн хүрээнд буюу бусад хуулиар хэрэгжүүлэх, тухайлбал дээр дурдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар)-т заасан “санал өгөх” эрхийг хэрэгжүүлж гаргасан тухайн сум, дүүргийн Хурал болон аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авснаар түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулагдсан байна.

 

5.4. Гэтэл хариуцагч нь гуравдагч этгээдүүд болох “П” ХХК болон “Г” ХХК  нараас гаргасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэн хүлээн авснаар дээр дурдсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2 (энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх үеийн заалтаар)-т заасан ажиллагаа буюу Ашигт малтмал, газрын тосны газраас холбогдох “дүгнэлт”-үүдийг авсан, мөн  14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар)-т заасан Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн “санал”-уудыг авсан байгаа боловч,

 

5.5.  Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх явцад тухайн талбай байрших  асуудалд холбогдуулан “санал авахаар” хүргүүлсэн гэх Дундговь аймгийн Засаг дарга /.../-ын  2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1276 дугаар албан бичгийн дагуу “дэмжсэн санал” хүргүүлсэн гэх Дундговь аймгийн Ссумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга /.../-ын гарын үсэг бүхий 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 27, 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19 дүгээр албан бичгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байдал нь тогтоогдож байгаагаар хариуцагчийн зүгээс тус  асуудлаар шийдвэр гаргах хуульд заасан үндэслэлүүдийн нэг болох түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайн талбай байрших сум буюу Дундговь аймгийн С сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “санал авах” үйл ажиллагааг Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар)-т заасны дагуу зохих ёсоор хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            5.6. Нөгөө талаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ”, 24.1-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн  эхний жилийн төлбөрийг  энэ хуулийн 14.5, 19.3.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 14.7-д “Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.” гэж тус тус заасан байх ба,

 

5.6.1. Энэ дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг гуравдагч этгээд “П” ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр, гуравдагч этгээд “Г” ХХК нь 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус тус төлсөн нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хугацаанд төлөгдсөн байна гэж үзэхээр байх боловч, 

 

5.6.2. Хариуцагч нь тухайн компаниудад олгох “тусгай зөвшөөрөл”-ийг тус төлбөр төлөгдсөнөөс хойш ажлын таван өдөрт багтаан олгохоор байтал дээрх төлбөрийг төлөгдөхөөс өмнө буюу гуравдагч этгээдүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан тухайн өдрүүдэд уг “тусгай зөвшөөрөл”-ийг шууд олгосон нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасантай нийцэхгүй байх ба энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /Ц/-ийн гаргаж буй тайлбар үндэслэлтэй байна.

 

5.7. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль дахь “Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх”-ийг тодорхойлсон 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ... талбайг тусгах” асуудлыг хуульчилж өгсөн байгаа нь түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход баримтлах суурь үндэслэл бүхий зохицуулалт бөгөөд,

 

5.7.1.  Гэтэл хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргаж буй тайлбаруудад “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 дугаар 04-ний өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан, Газрын тухай хуулийн хүрээнд боловсруулж гаргасан 12-16 жилийн хугацаанд хэрэгжих урт хугацааны төлөвлөгөө байдгийн хувьд жил бүр батлагддаггүй тул 2020 онд баталсан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө байхгүй, 2018 онд баталсан аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгай зөвшөөрөл бүхий тухайн талбайнууд тусгагдаагүй  гэж байгаагаар хариуцагчийн зүгээс тухайн үед газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй талбайг гуравдагч этгээдүүдэд олгож шийдвэрлэснээр дээрх хуулийг мөн зөрчсөн байна.

 

5.7.2. Хэдийгээр хариуцагч нь уг шийдвэрүүдийг 2020 онд гаргасан боловч түүнийг гаргахаас өмнө зөвшөөрөл хүсч буй тухайн талбайг 2018 онд батлагдсан гэх тус аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд нэмэлтээр тусгуулж, батлуулах эсэх асуудлыг хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлснээр шийдвэрлүүлэх боломжтой байсныг дурдах нь зүйтэй.

 

         5.8. Иймд дээрх байдлуудыг дүгнэж үзвэл хариуцагч Дундговь аймгийн Засаг дарга нь гуравдагч этгээдүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон 2020 оны А/254, А/323 дугаар захирамжуудыг гаргахдаа тэдгээр шийдвэрүүдийг гаргахад баримтлах Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар зохицуулсан холбогдох заалтууд буюу мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар), 14 дүгээр зүйлийн 14.7-д заасныг тус тус зөрчсөн байгаагаар,

 

         5.9. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмууд болох тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх”, 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчим алдагдаж, улмаар мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 –д заасан “эрх зүйн зөрчилтэй” захиргааны актуудыг бий болгосноор тухайн шийдвэрүүдийг гаргасан захиргааны үйл ажиллагаа нь хууль бус болсон байна.

 

6. Захиргааны дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож буй эсэх тухайд

 

6.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчөөс “шинжээч томилуулах” тухай хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсний дагуу хэрэгт авагдсан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн гаргасан 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1957 дугаартай “Шинжээчийн дүгнэлт” /3 дахь хх-ийн 203-218-р тал/-ээр,

6.2. Гуравдагч этгээд “П” ХХК болон “Г” ХХК-ууд нь үйл ажиллагаа явуулаагүй байгаа учир Онги голын урсацад сөргөөр нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй, мөн тэдгээр компаниудын үйл ажиллагааны улмаас тухайн нутаг дэвсгэрт хүн, мал, амьтан ундаалах ундны усгүй болох эрсдэлийг одоогоор  нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн боловч,

 

6.3. Мөн тус дүгнэлтээр, “Б”, “Б” гэх газруудын ойролцоо орших өвөлжөө, хаваржааны байршлаас мал бэлчээрлэх 2 км, 3 км, 4 км, 5 км-ийн радиус тогтоож үзэхэд “П” ХХК болон “Г” ХХК-уудын талбай багтаж байна. Төгрөг багийн хүн, малын ундны эх үүсвэр нь гүний худаг болон өнгөн хөрсний худаг юм. Амьтан, ус, ургамал, хөрс, бэлчээрт үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс харахад тус компаниудын үйл ажиллагаа нь Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын байгалийн тэнцэл алдагдахад нөлөөлж болзошгүй гэж дүгнэсэн байдал,

 

         6.4. Мөн тус дүгнэлтийн “Үзлэг ба шинжилгээ”-ний хэсэг дэх “...”Б”, “Б” гэх нэртэй газраас 3-10 км-ийн зайд нийт 11 гүний болон өнгөн хөрсний худаг, 25 айлын өвөлжөө, хаваржаа байна. Багийн даргын хэлсэнчлэн 25 айлын малын тоог асуухад 25000 гаруй байна. /Зураг. 9-17/ ...” гэсэн байгаа болон мөн дээрх хэсэгт:

 

- “Ургамлын нөмрөг”-т үзүүлэх сөрөг нөлөөний хувьд, Ашиглалтын улмаас ойролцоох газрын ургамал нь нөмрөг тоосонд дарагдах, машин техникийн нөлөөгөөр талхлагдах, доройтох, бэлчээрийн ургамал ба ургамлын аймгийн байгалийн төрх алдагдах, төрөл зүйл багасах, ургамал нөмрөг тоосонд дарагдсанаар фотосинтезийн процесс алдагдах, ургамал ургах чадвараа алдах, ургамлын зүйлийн бүрдэл багасах,

- “Амьтны аймаг”-т үзүүлэх сөрөг нөлөөний хувьд, Төсөл хэрэгжих талбайн ойр орчинд техник хэрэгслийн хөл хөдөлгөөн, дуу чимээ ихэссэнээс амьтад улам дайжих, байршил тархалт нь өөрчлөгдөх, амьдрах орон зай хязгаарлагдах сөрөг нөлөөтэй. Үйл ажиллагаа явагдах үед зөвхөн ашиглалт явуулж буй талбайд бус түүний эргэн тойрныг хамарсан радиуст нөлөөлөл үзүүлж байдаг. Иймд хайгуулын талбай орчмын амьтдын тоо толгой, байршил, шилжилт хөдөлгөөн, тэдгээрийн төрөл зүйл устах болон амьдралынх нь хэвийн үйл ажиллагаа алдагдаж болно,

- “Хөрсөн бүрхэвч”-д үзүүлэх сөрөг нөлөөний хувьд, Онгорхой нүх үүсч, тухайн орчны унаган төрх өөрчлөгдөх, дотоод, гадаад тээвэрлэлтийн авто зам үүсч газрын гадарга өөрчлөгдөх, компанийн үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байгаа хэсэгт хөрсний элэгдэл, эвдрэлд орох, хөрсний шимт бодисын нөөц хомсдох, хөрсний биологийн бүтэц ба шинж чанар өөрчлөгдөх, хог ургамалд баригдах, доройтох, цөлжих сөрөг нөлөө үүсч болзошгүй,

- “Бэлчээр-Усны чанар”-т үзүүлэх сөрөг нөлөөний хувьд, Биологийн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийн усалгаа, зам талбайн тоосжилт дарах, ахуйн хаягдал бохир ус, шатах, тослох материалын зохисгүй хадгалалт, тээвэрлэлт, зайлуулалтаас үүдэлтэйгээр усан орчин бохирдож болзошгүй. Гүний усны нөөц хомсдох, гадаргын болон гүний усны бохирдол үүсэх /бензин, дизель, бусад хорт шингэн гүний усны бохирдлыг үүсгэнэ/, ахуйн хог хаягдал, шингэн хаягдлаас усан орчин бохирдох /хүний үйл ажиллагаа, төлөвлөлтөөс хамаарч хатуу, шингэн хог хаягдлаас усанд бохирдол үүсэх/ зэрэг сөрөг нөлөө үүсч болзошгүй, гэж  тус тус тогтоосон байдлууд,

 

6.5. Мөн дүгнэлтийн 3, 4, 6 дугаарт дурдагдаж буй тус Ссумын нутаг дэвсгэр нь чийгээр дутмаг, халуувтар зунтай, хуурайвтар мужид багтдаг болох байгаль, цаг уурын онцлог байдлууд болон,

 

6.6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс авсан гэрчүүдийн мэдүүлэг /1 дэх хх-ийн 118-132-р тал/-т тухайн тусгай зөвшөөрөл бүхий талбайд үйл ажиллагаа явагдаж эхэлбэл тус С сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд бэлчээрийн болоод ундны усны хомсдол үүсэж, байгалийн тэнцэл алдагдах, нутгийн иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжгүй болж болзошгүй талаар мэдүүлж буй зэрэг байдлуудаас тус тус дүгнэж үзвэл,

 

6.7. Хэдийгээр гуравдагч этгээд болох “П” ХХК болон “Г” ХХК-ууд нь тусгай зөвшөөрөл олгогдсоноос хойш хугацаанд үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байгаагаар тухайн талбай байрших С сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн, мал, амьтан, байгаль орчинд учирсан сөрөг нөлөөлөл одоогоор байхгүй байх боловч энэ нь тус компаниудад тухайн тусгай зөвшөөрлийг олгох үйл ажиллагаа хууль ёсны болж чадаагүй захиргааны буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй бөгөөд,

 

6.8. Дээрх хууль зөрчиж шийдвэр гаргасан захиргааны хууль бус үйл ажиллагаатай уялдан, уг шийдвэрүүдийн дагуу гуравдагч этгээдүүдийн зүгээс хайгуулын үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлэх тохиолдолд тухайн талбай байрших сум буюу Дундговь аймгийн С сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд дээр дурдсан шинжээчийн дүгнэлт болон гэрчийн мэдүүлгүүд дэх сөрөг нөлөөллүүд бий болох, тус сумын байгаль, цаг уурын нөхцөл одоо байгаа байдлаас дордох, бэлчээр болоод хүн, мал, амьтан ундаалах  ундны ус хомсдох зэрэг сөрөг үр дагаварт хүрч байгалийн тэнцэл алдагдах, улмаар тус сумын нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхөд хүрэх нөхцөл байдлууд үүсэхийг үгүйсгэхээргүй байх тул  маргаан бүхий захиргааны актууд болох А/254, А/323 захирамжууд хэрэгжиж эхэлснээр нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

6.9. “П” ХХК болон “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон  Дундговь аймгийн Засаг даргын 2020 оны А/254, А/323 дугаар захирамжууд нь хууль зөрчсөн бөгөөд тэдгээрийн улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь дээрх байдлаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн гаргасан “иргэдийн эрх зөрчигдөж болзошгүй байна, 2 компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг зөвшөөрөхгүй” гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэл бүхий байх тул шийдвэрт үндэслэл болгосныг тэмдэглэх нь зүйтэй.

 

7. Иймд дээр тогтоогдож буй маргааны үйл баримт, мөн маргаан бүхий захиргааны актууд хууль бус болох нь тогтоогдож буй дээрх нөхцөл байдлууд болон иргэдийн төлөөлөгчийн энэ талаар гаргаж буй дүгнэлт зэрэгт үндэслэн хариуцагч Дундговь аймгийн Засаг даргын тус аймгийн С сумын “Б” гэх газарт “П” ХХК-д, мөн сумын “Б” гэх газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254 дүгээр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаар захирамжуудыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

8. Харин нэхэмжлэгч талаас хариуцагчийг маргаан бүхий захиргааны актууд болох А/254, А/323 дугаар захирамжуудыг гаргахдаа эрх, ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тухайн талбай байрших орон нутгийн иргэд, малчдад мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулалгүй энэ талаарх Захиргааны ерөнхий хуульд заасан холбогдох заалтуудыг зөрчсөнөөс гадна, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь зүйлд зааснаар сав газрын захиргаанаас санал аваагүй, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд тусгай зөвшөөрөл авахаас өмнө байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхээр тус тус заасныг шийдвэр гаргах үйл ажиллагаандаа баримтлалгүй зөрчсөн гэж байх  боловч,

 

8.1. Тухайн тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргахад тус харилцааг нарийвчлан зохицуулсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар)-т “... тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ... саналыг  ...” авахаар заасан байгаагаар уг асуудлыг сум, орон нутгийн иргэдийг төлөөлж сонгогдон ажиллаж буй байгууллагад мэдэгдэж, энэ дагуу саналыг авахаар зохицуулагдсаны хувьд Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааны талаарх зохицуулалт давхар хэрэглэгдэхгүй,

 

8.2. Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналд үндэслэх асуудал нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д тодорхойлон заасан “түгээмэл тархацтай ашигт малтмал”-аас бусад буюу Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх зүйлд заасан “ашигт малтмал”-ыг хайх, олборлолт хийхтэй холбоотой олгогдох тусгай зөвшөөрөлд хамаарахаар,

 

8.3. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлээр зохицуулсан тухайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журамд уг тусгай зөвшөөрлийг олгохоос өмнө хүсэлт гаргагчийн зүгээс “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэсэн байх зохицуулалт байхгүй ба харин Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмаас үзэхэд, тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан “ашигт малтмал”-ын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахад “байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ” хийлгэсэн байхыг шаардсан байгаа зэрэг байдлуудаар тухайн маргаанд Усны тухай хууль болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулиуд тухайн маргаанд хэрэглэгдэхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.10, 106.3.12 дахь зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 14 дүгээр зүйлийн 14.4 (энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн болон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиудаар өөрчлөлт оруулахаас өмнөх үеийн заалтаар), 14 дүгээр зүйлийн 14.7 дахь зүйлүүдэд заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дундговь аймгийн Засаг даргын тус аймгийн С сумын “Б” гэх газарт “П” ХХК-д, мөн сумын “Б” гэх газарт “Г” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл тус тус олгосон 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/254 дүгээр, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/323 дугаар захирамжуудыг хүчингүй болгосугай.

2. Дээрх захиргааны актуудын биелэлтийг түдгэлзүүлсэн Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 115/ШЗ2023/0005 дугаар захирамжийн 1 дэх заалтын үйлчлэл дуусгавар болсныг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг мөн дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй ба гомдлыг мөн хуулийн 114.2 дахь зүйлд зааснаар шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ЦЭНД

                                                  ШҮҮГЧ                         Б.СИЙЛЭГМАА

                                                  ШҮҮГЧ                         З.ГАНЗОРИГ