Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1617

 

 

Д.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01032 дугаар шийдвэртэй, Д.Н нэхэмжлэлтэй, хариуцагч Л.О, С.Н нарт холбогдох, хамтран ажиллах гэрээний үүрэгт 18 750 000 төгрөг гаргуулах,

Хариуцагч Л.О нь нэхэмжлэгч Д.Н-с зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Нэхэмжлэгч нь С.Н-тэй хамтран түргэн үйлчилгээний цэг / цаашид ТҮЦ гэх/ ажиллуулах зорилгоор 3 м өргөнтэй, 5 м урт зөөврийн байгууламжийг 4 400 000 төгрөгөөр бариулсан. Нэхэмжлэгч 2 400 000 төгрөгийг гаргасан. С.Н нь өөрийн эгч Л.О-с 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг зээлж, зээлийн болон хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг гэрээнд Д.Н-г гарын үсэг зур гээд зуруулсан. Д.Н нь Л.О-с мөнгө зээлж аваагүй, зөвхөн хамтран ажиллах үйл ажиллагааг баталгаажуулж гарын үсэг зурсан. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ТҮЦ бэлэн болж 13 дугаар хороололын замын хойд талын автобусны буудал дээр байрлуулж С.Н-ийн хамт ажиллуулж эхэлсэн. 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Л.О-той хийж Д.Н-г олсон мөнгийг хувьдаа завшаад байна гэх үндэслэлээр хамтын ажиллагаанаас гаргаж ТҮЦ-ийг булааж авсан.

Одоо бидний мөнгө гаргаж бариулсан ТҮЦ-ийг Л.О, С.Н нар 1 дүгээр хороолол “Саппоро”-ийн автобусны буудал дээр байрлуулан ажиллуулж байгаа. Зохигчид хамтран ажиллах гэрээ байгуулснаас хойш Д.Н өнөөдрийг хүртэл хохирч байна. Хэрэв 3 жилийн хугацаанд хамтран ажилласан бол ТҮЦ ашгаа өгөх байсан. Хамтран ажиллах гэрээний 3.7-д худалдааны эргэлтийн мөнгийг ижил тэнцүү гаргаад ашгийг ижил тэнцүү хувааж авна гэж заасан.

Иймд ТҮЦ-ийг өнөөдрийг хүртэл ажиллуулж олсон ашгийг хуваах ёстой гэж үзээд С.Н, Л.О нараас ТҮЦ барихад оруулсан мөнгө 2 400 000 төгрөг, хамтран ажиллуулж байх хугацааны бусдад төлөх төлбөрт төлсөн 350 000 төгрөг, нийт 2 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, ашгийг 100 хувь тодорхойлох боломжгүй байгаа тул зах зээл дэх ашгийн дунджаар 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл нийт 32 сарын хугацаанд бодож, хариуцагч С.Н ТҮЦ-ийг дангаар ажиллуулсан тул сард 1 000 000 төгрөгийн цэвэр ашиг олсон гэж тооцон 32 000 000 төгрөгийн ашиг олсноос өөрт ногдох 16 000 000 төгрөгийг нэмж, нийт 18 750 000 төгрөгийг хариуцагч нараас шаардана гэжээ.

 

Хариуцагч С.Н тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сард Д.Н бид хоёр хамтран ТҮЦ ажиллуулахаар амаар тохиролцсон. ТҮЦ барихад мөнгө шаардлагатай байсан тул өөрийн эгч Л.О-д хандан 2 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, хүүгүй зээлж, зээлийн гэрээ байгуулсан. ТҮЦ-ийг манай нөхөр найз нөхөдтэйгээ нийлж барьсан. Материалыг Л.О-с зээлсэн 2 000 000 төгрөгөөс авсан. 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын автобусны буудлын хойд талд ТҮЦ-ээ байрлуулан, ажиллуулж эхэлсэн. Д.Н өдөр бүр ирж орлогыг авдаг, би ТҮЦ-дээ суудаг байсан. Тэрээр орлогын мөнгийг авсан атлаа ямар ч бэлэн мөнгө байхгүй гэснээс болж бид 2016 оны 3 дугаар сарын сүүлээр тооцооны талаар маргалдаж, үл ойлголцол үүсч нэхэмжлэгч Д.Н өөрийн эд хөрөнгө болох хөргөгч болон бусад хөрөнгийг аваад явсан.

ТҮЦ-ийг барихад Д.Н мөнгө оруулаагүй, харин өөрийн ээмэг, бөгжийг ломбардад тавиад тогны утас оруулахад 600 000 төгрөг, ТҮЦ-ийг байрлуулахад 400 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөг оруулсан. Гэхдээ ТҮЦ-нээс олсон орлогоос ломбардад тавьсан зүйлээ буцааж авсан. Тухайн үед Д.Н нь хүний ТҮЦ-д суудаг байсан. Д.Н-д өгсөн мөнгө нэхэмжилж байгаа 2 750 000 төгрөгөөс хэтрээд байхад ямар мөнгө нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Үүнийг нотлох баримт нэхэмжлэгчид эх хувиараа байгаа болно. Д.Н нь өөрийн зээлээр авсан барааны үлдэгдэл 350 000 төгрөгийг төлсөн нь үнэн боловч миний бие бас өөрийн зээлээр авсан барааны үлдэгдэл болох 1 600 000 төгрөгийг төлж барагдуулсан.

ТҮЦ барихад нэхэмжлэгч тусдаа 2 400 000 төгрөг гаргасан зүйл байхгүй тул нэхэмжлэлээс 2 750 000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2016 оны 4 дүгээр сараас хойш хамтран ажиллах гэрээнээс өөрийн хүсэлтээр гарсан учраас ТҮЦ ажиллуулж олсон ашигтай холбоотой шаардлага гаргах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Л.О тайлбартаа: Миний бие 2 000 000 төгрөгийг ТҮЦ бариулж, худалдаа үйлчилгээний үйл ажиллагааг явуулахад нь зориулан дэмжлэг үзүүлэн Д.Н, С.Н нарт зээлдүүлсэн. Уг 2 000 000 төгрөгт багтаан ТҮЦ-ийг Баянзүрх дүүргийн Сансар үйлчилгээний төвийн ойролцоо байдаг аж ахуйн хашаанд байсан материалыг ашиглан өөрсдийн найз, нөхдөөрөө бариулсан. Хамтран ажиллах болон мөнгө зээлэх гэрээний хувьд би зээлдэгчийн хувиар оролцсон бөгөөд хамтран ажиллах байдлаар оролцоогүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ намайг ТҮЦ-ийг нь булааж авсан гэсэн нь худлаа, би уг ТҮЦ-ийн хаалгаар нэг ч удаа гишгэж орж үзээгүй. 2016 оны 3 дугаар сарын сүүлчээр “бид тооцоо хийж чадахгүй байна, одоогийн байдлаар ямар ч мөнгө алга, та нягтлангаараа бодуулаад өгөөч” гэхээр нь хоорондын тооцоог хийж өгсөн болохоос тэдний хамтын ажиллагааг нь болиулаагүй, Д.Н өөрөө цаашид ажиллахгүй гээд больсон гэсэн. Д.Н ТҮЦ барихад өөрийн зүгээс мөнгө гаргасан зүйлгүй. Миний хувьд хамтран ажиллаагүй, зөвхөн энэхүү хамтын ажиллагааг явуулахад зориулан мөнгө зээлүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Л.О сөрөг нэхэмжлэлдээ: 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Д.Н, С.Н нартай мөнгө зээлэх болон хамтран ажиллах гэрээ байгуулж 2 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 6 сарын хугацаатай, хүүгүй зээлүүлсэн боловч мөнгийг төлж барагдуулаагүй. С.Н нь надтай төрөл садангийн холбоотой бөгөөд өөрийн найз Д.Н хамт ирж “бид худалдаа, үйлчилгээ эрхлэх гэсэн юм, та дэмжиж ТҮЦ барихад зориулан мөнгө зээлээч” гэсний дагуу 2 000 000 төгрөг тэдэнд зээлсэн. Зээлийг Д.Н, С.Н нар адил тэнцүү төлөх үүрэгтэй. Уг 2 000 000 төгрөгийг Д.Н нь С.Н-ийн нөхрийг архи уудаг гэх нэрийдлээр өөрөө авч захиран зарцуулсан болно.

Иймээс нийт 2 000 000 төгрөгийн зээлийн 1 000 000 төгрөгийг Д.Н эргэн төлөх үүрэгтэй гэж үзэж байна. Мөн гэрээний 2.6-д заасны дагуу зээлдэгч зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6- дах хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчид төлөх үүрэгтэй. Энэхүү алданги төлөх үүргийг ч зээлдэгч нар тэнцүү хариуцах учиртай. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 2 жил 8 сарын алданги нь 1 000 000 төгрөг болох бөгөөд Д.Н-д 500 000 төгрөг хамаарах тул зээлийн гэрээний үүрэгт нийт 1 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид ТҮЦ-д үйл ажиллагаа явуулж олсон орлогоор зээлийг төлөх ёстой байсан. Нэхэмжилж буй 1 000 000 төгрөгийг зөвшөөрнө. Харин 500 000 төгрөгийн алданги нэхэмжлэхдээ ямар аргачлалаар тооцсон нь ойлгомжгүй. Алдангийг зөв тооцвол төлөхөд бэлэн. Гэхдээ С.Н-ийн сүүлийн гурван жилийн дансны хуулгыг харахад дансаар 300 000 000 төгрөгийн гүйлгээ хийсэн байдаг. Автобусны мөнгө эгчээсээ гуйж очдог байсан хүн 300 000 000 төгрөгийн гүйлгээ хийх дээрээ тултлаа ТҮЦ-ийн үр шимийг хүртсэн байна. Ингээд үзэхээр ТҮЦ ажиллуулж байхдаа маш их хэмжээний орлого олсон байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-ээс 1 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 16 950 000 төгрөг, хариуцагч Л.О-д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н-с 1 500 000 төгрөг гаргуулж хариуцагч Л.О-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56.2, 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 298 950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Н-ээс 43 750 төгрөг гаргуулж Д.Н-д, нэхэмжлэгч Д.Н-с улсын тэмдэгтийн хураамжид 38 950 төгрөг гаргуулж хариуцагч Л.О-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Д.Н би С.Н-тэй хамтран ТҮЦ ажиллуулахаар тохиролцож тус бүр 2 000 000 төгрөг гарган хамтран ажилласан. Гэвч С.Н ТҮЦ-ийг 2016 оны 3 дугаар сараас эхлэн ганцаараа эзэмшиж, ашиглаж намайг хохироосон тухай шүүхэд гомдол гаргахад шүүх илтэд бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Анхан шатны шүүх, өөрийн барьсан ТҮЦ-ээс хөөгдсөн намайг 2016 оны 3 дугаар сард гэрээнээс гарсан байна гэж дүгнээд С.Н нь эгчээсээ зээлж авсан 2 000 000 төгрөгийг хувааж төлөх үүргийг хүлээлгэж, надаас 1 500 000 төгрөгийг Л.О-д олгох, С.Н-ээс 1 800 000 төгрөгийг надад олгохоор шийдвэрлэсэнд итгэхгүй байна. ТҮЦ-ийг 3 600 000 төгрөгөөр барьсан гэж үзээд шууд 2 хувааж шийдвэрлэснийг гайхаж байна. Хэрэв 3 600 000 төгрөгөөр баригдсан юм бол 2 000 000 төгрөгийг С.Н-ийн эгчээс зээлж үлдэх 1 600 000 төгрөгийг миний бие гаргасан гэсэн үг. Зээлсэн мөнгийг 2 тэнцүү хуваах юм бол энэ ТҮЦ-ний надад оногдох хэсэг ядаж 2 600 000 төгрөг байх ёстой.

Өнөөдрийг хүртэл надад ТҮЦ барихад оруулсан хөрөнгийг буцаан өгөөгүй атал шүүх хариуцагч талын тайлбараар 2016 оны 3 дугаар сард гэрээнээс гарсан гэж дүгнэж байгааг юу гэж ойлгох вэ, үнэхээр гэрээнээс гарсан юм бол тухайн үед надаас оруулсан хөрөнгийг буцааж өгөхгүй өнөөдрийг хүртэл ашиглаж, үр шим хүртэж байгааг юу гэж тайлбарлах вэ, Иргэний хуульд үүнийг зөвшөөрдөг юм уу.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ТҮЦ-д хөрөнгө оруулсан миний хувь оролцоог бодитоор тогтоож өөрийн оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд хүртэх ёстой байсан өөрт ногдох хувь болох 16 950 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Л.О, С.Н нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу өөрийн оруулсан хөрөнгө 2 400 000 төгрөг, бусдад төлсөн төлбөр 350 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сар хүртэл 32 сарын хугацаанд хамтран ажилласнаас олсон ашгийн өөрт ногдох 50 хувийн орлого болох 16 000 000 төгрөг, нийт 18 750 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч Л.О нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үүрэгт нийт 1 500 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, талууд харилцан маргажээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий ТҮЦ-нд үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан журмыг зөрчжээ. Тодруулбал, үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр иргэн Н.Б, С.М нарыг оролцуулсан боловч нэр бүхий гэрч нарт уг ажиллагаанд оролцохдоо эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын талаарх холбогдох хуулийн заалтыг тайлбарлан танилцуулаагүй байна.

 

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Н.Н, Н.Г нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг шүүх 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2019/00576 дугаар Шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн атал уг захирамжийн биелэлт хангагдаагүй, /1хх 66, 68, 69/ нэхэмжлэгч тал дээрх гэрчүүдийг асуулгах хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх уг хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Хэргийн баримтаас үзвэл гэрчүүдийн хаяг тодорхойгүй байх бөгөөд нэхэмжлэгч өөрөө гэрчүүдийг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээж, энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн хүсэлтээ дэмжиж байгаа эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байжээ.  

 

Мөн хэргийг шийдвэрлэсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт гэрч Д.Э оролцсон гэж бичигдсэн. Гэтэл шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчээс нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч /2хх25-28/ Д.Аюурзаныг асуух талаар тайлбарлаж, гэрчийн биеийн байцаалтаар Лэгдэнгийн Алтанцэцэг гэх гэрчийг асууж мэдүүлэг авсан байдлаар тэмдэглэлд тусгагджээ. /2хх28/ Үүнээс үзвэл, тухайн шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг гаргасан этгээд хэн болох нь тодорхойгүй, гэрчээр оролцвол зохих этгээдийн бичиг баримт хэрэгт авагдаагүй байх тул уг мэдүүлгийг нь шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Иймд, шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэх гэрч асуулгах талаарх хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж үзэхгүй бөгөөд гэрчийн мэдүүлэг авах хуульд заасан журам зөрчигдсөн байна.

 

Дээрхээс гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч талаас “ТҮЦ” барьсан орлого, зарлага, түүнийг бүртгэсэн дэвтрийн эх хувийг нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасныг /1хх29, 34/ шүүх хангаж шийдвэрлэснээр /1хх 36/, дурдсан  баримт хэрэгт авагдсан. Уг баримтаас үзвэл, мөнгөн хөрөнгийг зарцуулсан талаарх огноо тусгагдсан хэдий ч үүнийг талуудын хэн бичсэн нь тодорхойгүй, шүүх  тодруулаагүй, улмаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримт, талуудын тайлбартай харьцуулан үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасантай нийцэхгүй байгааг дурдах нь зүйтэй.  

 

Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх зөрчлийг залруулах, улмаар талуудын хооронд үүссэн маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2019/01032 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нарантуяа давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талуудад магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

                                                           

                                         ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА