Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1641

 

 

“БМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01475 дугаар шийдвэртэй,”БМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ТТ” ХХК-д холбогдох, чанаргүй тросс нийлүүлснээс учирсан хохиролд 24 394 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа:  Нэхэмжлэгч нь “ТТ” ХХК-иас 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 10 тонн даацтай, 4 метр урттай, 4 ширхэг, 3 метр урттай 3 ширхэг тросс буюу зөөлөн чалк худалдаж авсан. Тухайн үед хариуцагч нь тросс тус бүр дээр чанарын баталгааны даацын пайз гаргаж өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ХАБЭА-н инженерийн зааварчилгааны дагуу 16 метр урттай тулгуур баганыг өргөх явцад нэг талын 10 тонны даацтай тросс буюу чалкны сүлжээс тасарсны улмаас багана унаж краны хойд багана дээр унасан. Үүний улмаас нэхэмжлэгчид гүүрэн краны баганад учирсан хохирол 9 817 800 төгрөг, 87-30 УНИ улсын дугаартай /Zoomlion QY25V531/ маркийн тээврийн хэрэгслийн хохирол 13 071 200 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 505 000 төгрөг, шинжээчийн зардал 1 000 000 төгрөг, нийт 24 394 000 төгрөг болсон. Компанийн тухай хуульд гүйцэтгэх захирлыг Улсын бүртгэлд бүртгүүлэх талаарх ойлголт байхгүй. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тросс нь дутуу сүлжигдсэн байгаа. Мөн хариуцагч тал нь манайд туршилт хийгдсэн тросс нийлүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Нэхэмжлэгч 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр дээрх шаардлагаар нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн буцааж шийдвэрлэсэн. 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нар дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байдаг. Тус дүгнэлтээр нэхэмжлэгч ”БМ” ХХК нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг мөрдөж ажиллагаагүйгээс осол гарсныг тогтоосон. Тодруулбал, ачааг бугуйлдаж өргөхдөө ган татлагын хурц ирмэгт холгогдохоос хамгаалаагүй, энэ нь ачааллыг 2 дахин нэмэгдүүлсэн, улсын бүртгэлийн 2275 дугаартай автокранаар ачаа өргөх үедээ краныг магадлалд хамруулаагүй, краны бүрэн бүтэн байдал, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагааны ажилтнуудыг сургалтад хамруулж, тушаалаар томилоогүй, 2 тэнжээгээр өргөхөд нэг нь хэд хэдэн хэсэгт холгож огтлогдсон, нөгөө сүлжээс нь шувтарсан байдалтай байна, ачааг оосорлож өргөхдөө холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байдаг.

Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дугаар тушаалын 3 дугаар хавсралтын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.3.2-т заасан журмыг зөрчсөн. Худалдан авсан ган татлагыг ашиглахдаа зохих техник, стандартын шаардлага хангаагүй краныг ажиллуулсан, мөн ган татлагыг ашиглах журмыг мөрдөөгүйгээс ган татлага тасарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч тал нь мэргэжсэн ажилтан томилоогүй, инженерийн зааварчилгааны дагуу үйл ажиллагаа явуулсан гэдэг боловч зааварчилгааны дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээс ачааллыг хоёр дахин нэмэгдүүлж өргөсөн нь, мөн ачааг өргөх зааварчилгааг зөрчсөн зэрэг нь тросс тасрахад хүргэсэн. Хэрэгт краны үзлэгт хамрагдсан бичиг баримт авагдаагүй, мөн тросс нь хэд хэдэн газар холголт үүссэн, холголтоос хамгаалсан зүйл хэрэглээгүй, өргөсөн зүйлийн жин нь даацаас хэтэрсэн байна гэж дүгнэлт гарсан, мөн хориглосон заалттай байхад краныг ашигласан. Шинжээчийн дүгнэлтэд “БМ” ХХК нь аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилласан гэх асуултад хариулахдаа, зөрчсөн гэх бүх заалтуудыг дурдсан байгаа. Манай тросс дангаараа нэхэмжлэгч талд хохирол учруулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ТТ” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүргийн хохиролд 24 396 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “БМ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 279 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ТТ” ХХК-иас 279 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ”БМ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахаас өмнө хөрөнгийн үнэлгээний “ИЭ” ХХК-тай гэрээ байгуулж, захиалгаар “Хохирол үнэлгээний тайлан” гаргуулж шүүхэд нотлох баримтаар өгснийг шүүх үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Энэ нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дах хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэж байна. 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 74/17 дугаартай “Хохирол үнэлгээний тайлан”-ийн 1-т үнэлгээний зорилгыг “ослын улмаас учирсан материаллаг хохирлыг арилгах зардлын хэмжээг тогтоох гэж заасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.2 дах хэсэгт тус тус заасантай нийцээгүй ба тайлан гаргасан үнэлгээний мэргэжилтэн С. Ө нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй эсэх нь эргэлзээтэй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

Гэтэл шүүх тус компанийн хохирол үнэлгээний тайланг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй гэж үнэлсэн нь учир дутагдалтай болсон. Нөгөөтэйгүүр тайланг үйлчлүүлэгчийн хүсэлтээр хийдэг бөгөөд талууд маргаантай үед “ИЭ” ХХК-ийн хохирол үнэлгээний тайланг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хариулт 8-д ”БМ” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулах үедээ улсын бүртгэлийн 22-75 дугаартай автокраныг магадлалд хамруулаагүй байсныг тогтоосон тул кран нь осол гарахаас өмнө эвдрэлтэй, үйл ажиллагаа доголдолтой байсны улмаас осол гарахад нөлөөлсөн гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. “ИЭ” ХХК-ийн хохирлын үнэлгээ нь тус кран өмнө нь засвар оношилгоо хийгдэж байсан болоод магадлалд хамрагдаж байсан тухай дурдаагүй. Кранын эвдрэл нь яг тухайн ослын улмаас үүссэн эсэх нь тодорхойгүй юм.

Хариуцагчийн хувьд, нэхэмжлэгчид хичнээн төгрөгийн хохирол, зардал учирсныг шүүхээр шинжээч томилуулж тогтоолгох шаардлагагүй гэж үздэг болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй, нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаанаас болж өөрөө өөртөө хохирол учруулсан гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлага хариуцагчид байхгүй. Иймд “хариуцагч тал уг хөрөнгийн үнэлгээний хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг боловч шүүхээс шинжээч томилуулан үнэлгээ хийлгэх хүсэлтийг гаргаагүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Шүүх маргааны гол зүйл болох тросс тасарсан шалтгааны талаар дүгнэлт гаргасан шинжээч нарын дүгнэлтэд хууль зүйн дүгнэлт хийсэн бус үйл явдалд дүгнэлт хийсэн. Шүүх шинжээчийн адилаар “ачаалалд орж чангарсан ган татлаганы үзүүрийн сүлжээс тайлагдах бус эсрэгээр багцууд нь улам бие биенээ хавчин хөндлөн огтлол нь нарийссаар тасардаг” гэж нарийн мэдлэг шаардах зүйлд үйл явдал талаас дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед талуудын хүсэлтээр шүүхээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Э, “ЭҮ” ХХК-ийн засвар механикийн заводын өргөх, тээвэрлэх машин механизмын оношилгоо, засвар үйлчилгээний албаны дарга Ч.Ө, барилгын өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч П.Д, инженер Л.А нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилж дүгнэлт гаргуулсан байдаг.

Дээрх дүгнэлтээр нэхэмжлэгч ”БМ” ХХК нь улсын бүртгэлийн 2275 дугаартай автокранаар 2.5 тонн даацтай ачаа өргөх үедээ тус краныг магадлалд хамруулаагүй, краныг бүрэн бүтэн байдлыг хариуцагч болон кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг сургалтад хамруулж тушаалаар томилоогүй. Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.5.18.ф хэсэгт зааснаар ачааг урьдчилан 200-300мм өндөрт өргөж оосорлолт болон тоормосны найдвартай ажиллагааг шалгаагүй, холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтээр хариуцагчийг шууд буруутгасан буюу тус компанийн тросс сүлжсэн байдлыг холбогдох дүрэм, журам зөрчсөн гээгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчаас худалдаж авсан троссыг ашиглахдаа холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, туршилтын өргөлт хийгээгүй, холбогдох дүрэм журмыг баримтлаагүйг дурдсан нь  нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алийг буруутгасан байхаас гадна уг дүгнэлтийг шүүх хуульд нийцүүлэн үнэлэх учиртай.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана, 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж заасан. Хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар нэхэмжлэгч тал аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг тэр дундаа барилга угсралт, барилгын бараа материал худалдан борлуулах үндсэн үйл ажиллагаа бүхий хуулийн этгээд бөгөөд хариуцагчаас худалдаж авсан троссыг барилгын үйл ажиллагаанд ашигласан нь тогтоогддог.

Шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12513 дугаартай захирамжаар томилогдсон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Эрдэнэхүүгийн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2018/02 дүгнэлтийн Ё.ачааг бугуйлдаж өргөхдөө ган татлагыг хурц ирмэгт холгохоос хамгаалаагүй, ачааллыг 2 дахин нэмэгдүүлж өргөсөн нь ган татлага тасрах шалтгаан болсон. Й.Ачааг бугуйлдаж оосорлосон нь ган татлагад үйлчлэх ачааллыг 2 дахин нэмэгдүүлсэн, Ачааг оосорлож өргөхдөө холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, ачаа оосорлох зааврыг зөрчсөн байна” гэж, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 10215 дугаартай захирамжаар томилогдсон “ЭҮ” ХК-ийн Засвар механикийн заводын өргөх, тээвэрлэх машин механизмын оношилгоо, засвар үйлчилгээний албаны дарга Ч.Ө нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/06 дүгнэлтийн 10-т хоёр тэнжээгээр ачааг оосорлож өргөхөд нэг нь хэд хэдэн хэсэгт холгож огтлогдсон, холгосон хэсгээр тасарсан, нөгөө нь сүлжээс шувтарсан байдалтай байна, 11-т ачааг оосорлож өргөхдөө холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна гэж тус тус дурдсан ба дээрх зөрчлүүд илэрсэн тохиолдолд Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.3.2-т зааснаар краныг ажиллуулахыг хориглодог гэжээ.

Үүнээс үзэхэд, нэхэмжлэгч нь краныг ажиллуулах, ачаа өргөх урьдчилсан нөхцлийг хангаж ажиллаагүй, бүрдүүлээгүй ба Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3-т зааснаар хариуцагч байгууллагаас худалдан авсан (ган татлага) эд хөрөнгийн ашиглах журмыг зөрчсөнөөс эд хөрөнгийн доголдол учирсан гэж үзэж байна. Хариуцагчаас худалдан авсан ган татлага тасарсны улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн эсэх нь эргэлзээтэй, дээрх тээврийн хэрэгсэл хэзээ, хаана, юунаас болж эвдэрч хохирол учирсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогддоггүй.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс кранаар ачаа өргөх үед ажилчид байсан гэж тайлбарладаг ч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар нотолж чадаагүй. Харин краныг ээлжит үзлэг, магадлалд хамруулаагүй, мэргэжлийн бус дүрэмд заасан шалгалт өгөөгүй, кран жолоодох, зааварчлах эрхгүй, мэргэшсэн инженергүй үед кранаар ачаа өргөж, үйл ажиллагаа явуулж байсныг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийн хариулт 8-д краны бүрэн бүтэн байдлыг хариуцагч болон кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг сургалтад хамруулж, тушаалаар томилоогүй байна гэж дүгнэснээр нотлогддог. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ”БМ” ХХК нь, хариуцагч “ТТ” ХХК-д холбогдуулан чанаргүй тросс нийлүүлснээс учирсан хохиролд 24 394 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчаас худалдан авсан троссыг маргааш нь буюу 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр ашиглах явцад троссын сүлжээс тасарч, краны хойд багана дээр ачаа өргөж байсан багана унаж 9 817 800 төгрөгийн, 87-30 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу автокраны кабины эвдрэл хохиролд 13 071 200 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 505 000 төгрөг, шинжээчийн зардал 1 000 000 төгрөг, нийт 24 394 000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ, троссыг эрх бүхий байгууллагаар шалгуулж, даацийн пайз авснаар нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгч тросс ашиглалтын дүрэм болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн журам зөрчсөн, улмаар хэвийн бус ажиллагаатай краныг ашигласнаас тросс тасарсан гэх агуулгаар тайлбарласан байна.

 

Хэрэгт авагдсан “ТТ” ХХК-ийн “Зарлагын баримт” /1хх45/, зохигчдын тайлбараас /1хх1, 57-58/ үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгч талд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нийт 8 ширхэг, 295 460 төгрөгийн үнэ бүхий тросс худалдсан үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчид 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр учирсан гэх хохирол нь хариуцагчийн нийлүүлсэн троссны чанар байдал эсхүл нэхэмжлэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан эсэх асуудлаар маргажээ.  

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах тус тусын үүрэг бүхий худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэрэгт дээрх маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 9 дугаартай Шинжээчийн дүгнэлт /1хх71,72/, 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 14/84 дугаартай дүгнэлт /1хх42/, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2018/02 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх78,79/, 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2018/06 дугаар Шинжээчийн дүгнэлт /1хх73-77/ тус тус авагдсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, уг маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчийг биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсаны улмаас троссны сүлжээс задарч нэхэмжлэгчийн нэрлэн заасан эд хөрөнгөд хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Хариуцагч тал давж заалдах гомдлын үндэслэлээ, шүүх шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны талаар дүгнэсэн хэсгийг үнэлээгүй, улмаар нэхэмжлэгч нь Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 234 дугаар тушаалын 04 дугаар хавсралт Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг зөрчсөн, шүүгч осол гарсан үйл явцыг шинжээч мэт дүгнэсэн, хариуцагчийн нийлүүлсэн троссын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх нь эргэлзээтэй, нэхэмжлэгч хохирлын үнэлгээг гаргуулсан 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 74/17 дугаар Хохирол үнэлгээний тайланг эрхгүй этгээд гаргасан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасантай нийцээгүй байхад шүүх үнэлсэн гээд, нэхэмжлэлийг уг тайлангийн үнэлгээгээр хангаж шийдвэрлэснийг буруутган тайлбарлажээ.

Хэргийн 1 дэх хавтас 29-40 дүгээр талд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлох зорилгоор 2017 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөн гэх гүүрэн краны багана, 87-30 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлүүлсэн “ИЭ” ХХК-ийн 74/17 дугаар “Хохирол үнэлгээний тайлан”-г тус компанийн захирал Г.О, үнэлгээний мэргэжилтэн С.Ө бичсэн байна. Уг тайлангаас үзвэл С.Ө нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу үнэлгээчний хувиар бус, харин уг тайланг гаргахад мэргэжилтний хувиар оролцсон, маргаанд хамаарах үнэлгээг тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин Г.О гаргаж, үнэлгээчний тэмдэгээр баталгаажуулсан нь тогтоогдож байна. Иймд энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн, дээрх үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.1.1-д зааснаар хараат бус байх зарчмыг зөрчсөн гэж хариуцагч давж заалдах гомдолдоо дурдах боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах талаар хүсэлт гаргаагүй, мөн уг үнэлгээний үр дүнд маргаагүй талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа нь “ИЭ” ХХК-ийн Хохирол үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчид худалдсан бүтээгдэхүүний даацийг 10 тонн гэж тодорхойлсон “Баталгааны хуудас” /1хх46, 47/, пайз /1хх92/ зэргийг дагалдуулан өгсөн байх бөгөөд хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр худалдан авагч тал тухайн троссын даацийг хэтрүүлээгүй байхад сүлжээс задарч багана унаснаар нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгч өөрөө аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн, улмаар өөртөө хохирол учруулсан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ТТ” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа  төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 279 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                   ШҮҮГЧИД                            М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                 Т.ТУЯА