Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2021/00178

 

  Бэрэн металл ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01475 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1641 дүгээр магадлалтай,

 Бэрэн металл ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Түмэн тросс ХХК-д холбогдох,

Доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас учирсан хохиролд 24 394 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин, өмгөөлөгч С.Энхбат нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэрэн метал ХХК нь Түмэн тросс ХХК-иас 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10 тонн даацтай 4 метр урттай 4 ширхэг, 3 метр урттай 3 ширхэг тросс буюу зөөлөн чалк худалдаж авсан байдаг. Тухайн үед хариуцагч тал нь тросс тус бүр дээр чанарын баталгааны даацын пайз гаргаж өгсөн. Гэтэл маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ХАБАЭ-ийн инженерийн зааварчилгааны дагуу 16 метр урттай тулгуур баганыг өргөх явцад нэг талын 10 тонны даацтай тросс буюу чалкны сүлжээс тасарсны улмаас багана унаж краны хойд багана дээр унасан. Ингэж багана унасны улмаас Бэрэн металл ХХК-д гүүрэн краны баганы учирсан хохиролд 9 817 800 төгрөг, 87-30 УНИ улсын дугаартай Zoomlion QY25V531 маркийн тээврийн хэрэгслийн хохиролд 13 071 200 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 505 000, шинжээчийн зардалд 1 000 000 төгрөг, нийт 24 394 000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж өгнө үү.

Гүйцэтгэх захирлыг Улсын бүртгэлд бүртгүүлнэ гэдэг нь Компанийн тухай хуульд байхгүй юм. Мэргэжлийн хяналтын дүгнэлтээр тросс нь дутуу сүлжигдсэн байгаа. Мөн хариуцагч тал нь манайд туршилт хийгдсэн тросс нийлүүлэх ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бэрэн метал ХХК нь Түмэн тросс ХХК-д холбогдуулан 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 24 394 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Гэвч нэхэмжлэгч тал нь өмнө нь 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23 394 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байсан боловч 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн буцааж шийдвэрлэсэн байдаг. 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Мэргэжлийн хяналтын газрын шинжээч нар дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн байдаг. Тус дүгнэлтээр нэхэмжлэгч Бэрэн металл ХХК нь Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг мөрдөж ажиллагаагүйгээс осол гарсныг тогтоосон. Үүнд ачааг бугуйлдаж өргөхдөө ган татлагын хурц ирмэгт холгогдохоос хамгаалаагүй, энэ нь ачааллыг 2 дахин нэмэгдүүлсэн, улсын бүртгэлийн 2275 дугаартай автокранаар ачаа өргөх үедээ краныг магадлалд хамруулаагүй, краны бүрэн бүтэн байдал, кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа хариуцагч нарыг сургалтад хамруулж, тушаалаар томилоогүй, 2 тэнжээгээр өргөхөд нэг нь хэд хэдэн хэсэгт холгож огтлогдсон, нөгөө сүлжээс нь шувтарсан байдалтай байна, ачааг оосорлож өргөхдөө холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байдаг. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 234 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.3.2-т заасан журмыг зөрчсөн. Худалдан авсан ган татлагыг ашиглахдаа зохих техник, стандартын шаардлага хангаагүй краныг ажиллуулсан, мөн ган татлагыг ашиглах журмыг мөрдөөгүйгээс ган татлага тасарсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч тал нь мэргэжсэн ажилтан томилоогүй, инженерийн зааварчилгааны дагуу үйл ажиллагаа явуулсан гэдэг боловч зааварчилгааны дагуу үйл ажиллагаа явуулаагүйгээс ачааллыг хоёр дахин нэмэгдүүлж өргөсөн нь, мөн ачааг өргөх зааварчилгааг зөрчсөн зэрэг нь тросс тасрахад хүргэсэн, хэрэгт краны үзлэгт хамрагдсан бичиг баримт авагдаагүй, мөн тросс нь хэд хэдэн газар холголт үүссэн, холголтоос хамгаалсан зүйл хэрэглээгүй, өргөсөн зүйлийн жин нь даацаас хэтэрсэн байна гэж дүгнэлт гарсан, мөн хориглосон заалттай байхад Краныг ашигласан. Шинжээчийн дүгнэлтэд Бэрэн метал ХХК нь аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж ажилласан гэх асуулт дээр зөрчсөн гэх бүх заалтуудыг дурдсан байгаа. Манай тросс дангаараа нэхэмжлэгч талд хохирол учруулаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01475 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч Түмэн тросс ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүргийн хохиролд 24 396 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бэрэн метал ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Түмэн тросс ХХК-иас 279 920 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бэрэн металл ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1641 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01475 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Түмэн тросс ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 279 920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин, өмгөөлөгч С.Энхбат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн дугаар 184/ШШ2019/01475 шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 1641 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдол гаргаж байна.

1. Шүүх талуудын гэм бурууг тал бүрээс нь судлан дүгнэлт гаргаагүй. Хэргийн нөхцөл байдал, хариуцагчийн давж заалдах гомдлыг бүрэн хянаагүй, зөвхөн гомдлыг 1 дэх хэсэгт тусгагдсан Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд дүгнэлт хийсэн. Хариуцагч Түмэн тросс ХХК-ийн хувьд нэхэмжлэгчид хичнээн төгрөгийн хохирол, зардал учирсныг шүүхээр шинжээч томилуулж тогтоолгох шаардлагагүй гэж үздэг болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид учирсан хохирол нь хариуцагч байгууллагаас шалтгаалаагүй, нэхэмжлэгч өөрийн үйл ажиллагаанаас болж өөрөө өөртөө хохирол учруулсан гэж маргадаг бөгөөд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээг шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлага хариуцагчид байхгүй. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээг хариуцагч нь хүлээн зөвшөөрч байгаа мэтээр дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно.

2. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид нийт 8 ширхэг тросс нийлүүлсэн байдаг. Үүнээс 18 мм голчтой 4 ширхэг троссыг нийт 10 тонны даацтай гэсэн баталгааны хуудас, 1 ширхэг даацын пайз өгсөн байдаг. Шүүх хурал дээр үүнийг тайлбарлаж хэлсэн. 1 ширхэг тросс 10 тонны даацтай гэж үзэж байгаа бол 4 ширхэг пайзыг нотлох баримтаар өгөх ёстой. Ядахдаа 2 троссоор нь ачааг бугуйлдаж өргөсөн юм чинь 2 ширхэг тонны даацтай гэсэн пайз хэрэгт авагдах ёстой. Манайх 4 ширхэг тросс нийлээд 10 тонны даацтай гэж өгсөн. Мөн шинжээчид өргөсөн троссны даацыг 2.5 тонн даацтай гэж дүгнэлтэд тусгасан. Нэхэмжлэгч байгууллага мэргэжлийн үйл ажиллаа явуулдаг байгууллага учир тухайн үед 4 ширхэг тросс нийлээд 10 тонн, 1 бүр нь 2.5 тонн даацтайг мэдэж худалдаж авсан байдаг. Тэрнээс биш 1 ширхэг нь 2.5 тонн даацтай троссыг 10 тоннын даацтай гэж хариуцагчаас худалдаагүй, худалдан авагч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг газар тул тухайн троссын 1 ширхэг нь 2.5 тонн даацтай, 4 ширхэг нь нийлээд 10 тонн даацтайг мэдэж байсан. Осол гарах үед нийлүүлсэн 18 мм голчтой 4 троссны 2 троссоор ачааг жийргэвч хэрэглэхгүй шууд бугуйлдаж өргөсөн байдаг ба Н хэлбэрийн 800 мм, зузаан нь 20 мм швелер төмрөөр хийгдсэн ачааг өргөх явцад 1 ширхэг тросс нь холгогдож тасарсан, нөгөөх нь сүлжээс задарсан байдаг. Осол гарахад ашигласан 2 троссоос үлдсэн 2 троссыг чанарын шаардлага хангахгүй байна гэж буцаагаагүй, мэргэжлийн хяналтын байцаагчид үзүүлээгүй, хэрэгт авхуулаагүй. Мөн нэхэмжлэгч байгууллагаас хариуцагчийн нийлүүлсэн тросс дутуу сүлжигдсэн 5-аар сүлжих ёстой байсныг 3-аар сүлжсэн гэдэг боловч талууд чанарын талаар гэрээгээр тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй. Хариуцагч тал нэхэмжлэгчид нийлүүлсэн 8 ширхэг троссыг бүгдийг 3-аар сүлжсэн ба осол гарахад хэрэглэснээс бусад 6 ширхэг троссод гомдлын шаардлага нэхэмжлэгч тал гаргаагүй нь тухайн троссууд чанар, биет байдлын доголдолгүй болохыг илэрхийлж байна.

3. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-т Дараах тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана. 255 дугаар зүйлийн 255.1.2-т аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй гэж заасан. Хэрэгт цугларсан баримт болон нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбараар нэхэмжлэгч байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг, тэр дундаа барилга угсралт, барилгын бараа материал худалдан борлуулах үндсэн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд хариуцагч байгууллагаас худалдаж авсан троссыг барилгын үйл ажиллагаанд ашигласан болох нь тогтоогддог. Барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Эрдэнэхүүгийн №2018/02 дүгнэлтийн Ё- Ачааг бугуйлдаж өргөхдөө ган татлагыг хурц ирмэгт холгохоос хамгаалаагүй, ачааллыг 2 дахин нэмэгдүүлж өргөсөн нь ган татлага тасрах шалтгаан болсон. Й- Ачааг бугуйлдаж оосорлосон нь ган татлагад үйлчлэх ачааллыг 2 дахин нэмэгдүүлсэн, Ачааг оосорлож өргөхдөө холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй, ачаа оосорлох зааврыг зөрчсөн байна гэж. Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №2018/06 дүгнэлтийн 10-т Хоёр тэнжээгээр ачааг оосорлож өргөхөд нэг нь хэд хэдэн хэсэгт холгож огтлогдсон, холгосон хэсгээр тасарсан, нөгөө нь сүлжээс шувтарсан байдалтай байна, 11-т Ачааг оосорлож өргөхдөө холголтоос хамгаалах хэрэгсэл хэрэглээгүй байна гэж тус тус дурдсан нь нэхэмжлэгч байгууллага хариуцагч байгууллагаас худалдан авсан (ган татлага) эд хөрөнгийн ашиглах журам зөрчсөнөөс эд хөрөнгийн доголдол учирсан гэж үзэх үндэслэлтэй юм.

4. Тухайн үед нэхэмжлэгч байгууллага жийргэвчгүй, мэргэшсэн ажилчид байхгүй, ажилчдаа сургалтад хамруулаагүй тохиолдолд Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.3.2-т зааснаар үйл ажиллагаа явуулахгүй, ачааг өргөх ёсгүй, краныг ажиллуулахыг хориглосон үед ачааг өргөсөн гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй. Нэхэмжлэгч тал Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийг мөрдөж ажилласан эсэх, осол гарахад нэхэмжлэгч буюу хохирогчийн буруу байсан эсэхэд огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй зөвхөн хариуцагчийг доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. Мөн хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж тус тус заасныг шүүх харгалзан үзээгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулахыг хориглосон үед үйл ажиллагаа явуулсан, хэрэв мөрдөж ажилласан бол осол гарахгүй бөгөөд ачаа өргөж байсан кранд эвдрэл учрахгүй байсан гэж үзэж байгаа. Хариуцагч талаас давж заалдах гомдолдоо хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон дүрэмд дүгнэлт хийж өгнө үү хэмээн гомдолдоо тусгасан боловч үүнийг шүүх огт харгалзан үзээгүй.

5. Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд Үнэлсэн хөрөнгийн нэр Гүүрэн краны баганын хохирлын үнэлгээ, Хөрөнгийн хохирлын дүн 9 817 800 төгрөг гэж заасан байна. Хохирлын үнэлгээний тайлангийн хоёрдугаар хэсэг үнэлж буй хөрөнгийн төлөв байдал гэдэгт ...гүүрэн краны багана эвдэрч дараах хохирол гарсан байна. ...Н хэлбэрийн 800 мм, зузаан нь 20 мм швелер төмрөөр хийгдсэн 1 ш багана бөгөөд түүнийг тэгшилж засах нь техникийн аюулгүй байдлыг хангахгүй тул солих шаардлагатай гэж үзлээ.Хохирлын үнэлгээний тайлангийн Гуравдугаар хэсэгт ...2016 оны 12-р сард хийгдсэн гэрээ, 2017 оны 03-р сарын 22-ны өдрийн гаалийн мэдүүлэг, гүүрэн краны 1 баганы эвдэрсэн байдал зэргээс үндэслэн шаардагдах мэдээллээ олж авсан. Хохирлын үнэлгээний тайлангийн дөрөвдүгээр хэсэгт ...Бидний үнэлгээ хийж буй эд зүйлс нь ашиглалтад ороогүй суурилагдаж байсан тул үнэ буурах хүчин зүйлс болох биет элэгдэл, үйл ажиллагааны элэгдэл, эдийн элэгдэл зэргийг тооцоогүй. хэмээн Итгэлт-Эстимэйт ХХК-ийн хохирол үнэлгээний тайланд тусгасан байгаагаас үзэхэд хариуцагч байгууллагаас худалдан авсан ган татлага тасарсны улмаас нэхэмжлэгч байгууллагын Zoomlion QҮ25V531 маркийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, нэхэмжлэгчийн дээрх тээврийн хэрэгсэл хэзээ, хаана, юунаас болж эвдэрч хохирол учирсан нь дээрх хохирлын үнэлгээний тайланд тусгагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар бүрэн нотлогддоггүй. Zoomlion QҮ25V531 маркийн тээврийн хэрэгсэл эвдэрсэн нь нэхэмжлэгчийн үйл ажиллагааны дүрмийг баримталж ажиллаагүй, мэргэшсэн ажилчид байхгүй, ажилчдаа сургалтад хамруулаагүйгээс үүдсэн гэж үзэж тус хохирлыг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны зүйлд хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглэсэнгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянаж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Нэхэмжлэгч Бэрэн металл ХХК нь Түмэн тросс ХХК-д холбогдуулан доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсний улмаас учирсан хохиролд 24 394 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Бэрэн металл ХХК нь Түмэн тросс ХХК-иас 10 тн-ын даацтай 4м урттай 4 ширхэг строн чалк, 3м урттай 3 ширхэг чалк худалдан авсан, 2017 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 16м урттай тулгуур баганыг өргөх явцад худалдан авсан троссны сүлжээ тасарснаас гүүрэн краны багана авто краны кабин дээр унаж, багана, авто кран эвдэрсэн. Шинжээчийн дүгнэлтээр баганын хохирлыг 9 817 800 төгрөгөөр, тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг 13 071 200 төгрөгөөр тус тус үнэлж, нэхэмжлэгч нь үнэлгээ хийлгэхэд 505 000 төгрөгийн, шинжээчийн дүгнэлт гарахад 1 000 000 төгрөгийн зардал тус тус гаргажээ.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...чанарын шаардлага хангахгүй, доголдолтой хөрөнгө худалдснаас хохирол учирсан... гэж үзсэн бол хариуцагчаас ...нэхэмжлэгч нь ачааг өргөх ажил гүйцэтгэхдээ үйл ажиллагааны дүрмийг баримтлаагүй, худалдаж авсан /ган татлага/ хөрөнгийг ашиглах журмыг зөрчсөн тул хариуцагч буруугүй... гэж зааж маргасан байна.

 Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д нийцжээ.

 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1.-д зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийн төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ, үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.

 Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Засвар механикийн заводын Өргөх, тээвэрлэх машин механизмын оношлогоо засвар үйлчилгээний албанаас гаргасан 2018.12.26-ны өдрийн №2018/06 шинжээчийн дүгнэлт, Барилгын техник /Өргөх механизм/-ийн хяналтын улсын байцаагч Г.Эрдэнэхүүгийн 2018.08.01 өдрийн №2018/02 дүгнэлтээр ...Түмэн тросс ХХК-ийн нийлүүлсэн ган татлага нь 18 мм-ийн ган татлага байна, тус ган татлагын сүлжээсний сүлбэлт нь 3 удаа сүлбэгдсэн байгаа нь Ачаа өргөх, кран төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 2.7.5.-д заасан ...15-28 хүртэлх мм голчтой татлагын сүлбэлт хамгийн багадаа 5 байх гэсэн заалтыг хангаагүй, ...сүлбэлтийн тоо нь сүлжээсийг найдвартай, бат бэх байлгахад оршино, ...осол гарсан байдлаас үзэхэд тэнжээний сүлжээс задарснаас үүдэн ачаа унасан... гэжээ.

 Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн худалдсан бараа чанарын доголдолтой болох нь нотлогдсон гэх үндэслэлээр хохирлыг хариуцагчаар хариуцуулахаар шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт буруу биш боловч анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хариуцагчаас гаргасан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулаагүй байна.

 Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй тул хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтад тулгуурлан, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах замаар алдааг засч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

 Хариуцагч доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн буруутай боловч осол гарахад нэхэмжлэгчийн хайхрамжгүй, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гэм хор учирсан нөхцөл байдалд нөлөөлснөөс учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж үзэхээр байна.

 Тухайлбал, нэхэмжлэгч нь ЗТБХБ-ын сайдын тушаалаар батлагдсан Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм-ийн 8.5.18.ф, 8.5.18.о, 8.5.18.е, 8.5.18.з, 8.5.18.м, 2.7.4., 2.19.2. зэрэгт заасан заалтыг зөрчиж, ачааг урьдчилан өргөж, оосорлолтын байдлыг шалгаагүй, хурц ирмэгтэй ачааг зөөлөвч хэрэглэхгүйгээр өргөсөн, шулуун чиглэлд хэрэглэх ёстой ган татлагаар ачаагаа шууд ороож өргөсөн, шилжүүлж буй ачааг унах, гулсах, хөмрөхгүй байх нөхцөлийг хангасан зориулалтын талбай бэлдээгүй, эрсдэлтэй үйл ажиллагаа явуулснаас ачаа унаж краны бүхээгийг дарж гэмтээсэн... байх бөгөөд нэхэмжлэгч Бэрэн металл ХХК нь улсын бүртгэлийн 2275 дугаартай автокранаар ачаа өргөх үедээ тус краныг магадлалд хамруулаагүй, краны бүрэн бүтэн байдлыг хариуцагч болон кранаар ачаа шилжүүлэх үеийн аюулгүй ажиллагаа, хариуцагч нарыг сургалтанд хамруулж, тушаалаар томилоогүй нөхцөл байдал хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

 Иймд осолд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүх талуудын гэм бурууг тал бүрээс нь судлан дүгнэлт гаргаагүй талаарх хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

 Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2.-т гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээр зохицуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас 15 000 000 төгрөгийг хангаж, хариуцагчаар хариуцуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1641 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2019/01475 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 219 дүгээр зүйлийн 219.1., 229 дүгээр зүйлийн 229.1.-д зааснаар хариуцагч Түмэн тросс ХХК-иас 15 000 000 төгрөгийг гаргуулан Бэрэн металл ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын хариуцагч Түмэн тросс ХХК-иас 279 920 төгрөг гаргуулан гэснийг хариуцагч Түмэн тросс ХХК-иас 232 950 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бумчин, өмгөөлөгч С.Энхбат нарын гомдлын заримыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Түмэн тросс ХХК-иас 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279 920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН               Х.СОНИНБАЯР

                 ШҮҮГЧИД               П.ЗОЛЗАЯА

                                                         Г.ЦАГААНЦООЖ

                                                Д.ЦОЛМОН

                                                        Х.ЭРДЭНЭСУВД