Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04096

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2023/04096

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .... дүүргийн ...-р хороо, .... салхитын ...., .... тоотод оршин байрлах, регистр ...., Х.Ш ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ...-р хороо, Дундгол гудамж, өөрийн байранд оршин байрлах, регистр ..., У ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 73 361 973 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэл: Түрээсийн гэрээний төлбөр 4 502 477 төгрөг гаргуулах тухай хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чулуунбор, хариуцагчийн өмгөөлөгч Э.Гомбо /үнэмлэх 3320/, гэрч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Ш ХХК нь У ХХК-д холбогдуулан 73 361 973 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

1.1. Манай Х.Ш ХХК нь У ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох 94 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, шилжилт хөдөлгөөн хийх зориулалтаар ажлын байр түрээслүүлж, түрээслэхээр харилцан тохиролцож ... дугаар Ажлын байрны түрээсийн гэрээ-г 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан билээ. Дээрх гэрээний дагуу түрээсийн төлбөрийг миний бие Г.Б нь өөрийн эзэмшлийн Ц.Г ХХК-ийн дансаар төлж байсан болно. Мөн тухайн түрээсийн төлбөр төлсөн гүйлгээний утга дээр У ХХК-д түрээсийн төлбөр төлж байсан болох нь нотлогдоно. Гэтэл У ХХК нь 2022 оны 3 дугаар сарны 4-ний өдрийн ... тоот мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт Авто тээврийн үндэсний төвөөс 2020.11.17-ны өдрийн ... тоот мэдэгдлээр 2019.12.20-ны өдрийн ... тоот ажлын байрны түрээсийн гэрээг дуусгавар болгож цуцалж байгааг мэдэгдсэн. Иймээс танайтай байгуулсан 2019.05.25-ны өдрийн түрээсийн гэрээний 3.14-р заалтыг үндэслэн 2022.03.04-ний өдрөөр дуусгавар болгож цуцалж байна" гэх агуулга бүхий хууль бусаар гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн юм. Гэвч түүний албан бичигт дурдагдсан дээрх 2019.12.20-ны өдрийн ... тоот ажлын байрны түрээсийн гэрээ цуцлагдаагүй, одоог хүртэл төрийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа болно. Мөн манай компанийн хувьд талуудын хооронд байгуулагдсан ажлын байрны түрээсийн гэрээ болон хуульд заасан ямар нэг үүргээ зөрчөөгүй өнөөдрийг хүрсэн билээ. Гэтэл ямар үндэслэлээр гэрээг цуцлах гэж байгаа нь тодорхой бус байна. Түүнчлэн бидний хооронд байгуулагдсан гэрээний 4.5 дахь хэсэгт Талууд түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхлэх бөгөөд ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваана гэж заасан байдаг. Манай компани нь гадна авто зогсоолтой холбоотой бүхий л зардлыг өөрсдийн санхүүжилтээр шийдвэрлэсэн байдаг. Тухайлбал, манаачийн байр, машины дугаар таних бүрэн систем, төлбөр тооцоо авах систем, замын тэмдэг, тэмдэглэгээ, орох гарах хаалт, камерууд зэргийг бид өөрсдийн санхүүжилтээр бий болгосон юм. Гэтэл У ХХК нь бидний хооронд байгуулагдсан дээрх гэрээг гэрээнд заасан үндэслэлээр цуцлах биш, өөрсдийн дур зоргоор буюу хууль бусаар цуцалж, бидний хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөж, ноцтойгоор хохироох үйлдэл гаргаад буй учраас гэрээний 5.1-д заасан хугацаанд гэрээг үргэлжлүүлэхийг У ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

1.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Өөрчилсөн нэхэмжлэлийн хувьд У ХХК-аас 73 361 973 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Талуудын хооронд 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ болох 1303 тоот гэрээ байгуулагдсан. Х.Ш ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж байсан хэдий ч У ХХК-ний зүгээс гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлэн хаалга цоож эвдсэний улмаас аргагүйн эрхэнд тухайн түрээсэлж байсан газраасаа 2022 оны 04 дүгээр сард гарсан. Тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт түрээсийн байрны гадна төлбөртэй авто зогсоолын үйлчилгээг хамтран эрхлэх бөгөөд ажилчдын цалин урсгал зардлыг хасаж тооцон тэнцүү хуваана гэж заасан боловч гадна авто зогсоолтой холбоотой бүх зардлыг Х.Ш ХХК гаргасан. Үүнтэй хариуцагч маргадаггүй. Үүнд харуул хамгаалалтын байр, машины дугаар таних бүрэн систем, замын тэмдэг тэмдэглэгээ орох гарах камер зэргийг У ХХК одоог хүртэл ашиглаж байгаа. Иймээс гадна авто зогсоолыг барихтай холбоотой зардал болон төлбөртэй үйлчилгээний ашиг зэргийг шаардах эрхтэй гэж үзэн Х.Ш ХХК нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. У.Г ХХК-аас харуул хамгаалалтын байр бариулсан 28 000 000 төгрөг, гадна авто зогсоолын камер, нэмэлт материалын зардал 2 500 960 төгрөг, гадна зогсоолын камер 7 400 000 төгрөг, 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээнээс авах ёстой ашиг 35 461 013 төгрөг нийт 73 361 973 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

1.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: Нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр нэмэгдүүлсэн. Шаардлагын хувьд 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл 30 сарын хугацаанд түрээсийн төлбөрт илүү төлсөн мөнгө болох 2 656 262 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шаардлага байгаа. Түрээсийн гэрээнд зааснаар 94 м.кв түрээсийн талбайг 1 м.кв 20 000 төгрөгөөр түрээслэхээр талууд харилцан тохиролцсон. Тухайн компанийн хувьд 94 м.кв талбайгаас 36 м.кв талбайг нь Авто тээврийн үндэсний төв болох төрийн өмчийн үйлчилгээний газарт 2019 оны 05 дугаар сараас түрээсэлж түрээсийн төлбөрийг цаг тухай бүрд нь авч байсан. Х.Ш ХХК-ийн хувьд 94 м.кв-ийн төлбөрийг төлөөд явж байсан хэдий ч 36 мкв-ийг нь түрээслээгүй. 1 мкв-ийг 20 000 төгрөгөөр тооцвол сардаа 1 160 000 төгрөг болох бөгөөд нийт түрээсэлсэн 30 сарын хугацаанд үржүүлбэл 34 800 000 төгрөг төлөх ёстой байсан боловч 37 456 268 төгрөг төлсөн. Нийт төлөх ёстой 34 800 000 төгрөгөөс байсан дүнгээс нийт төлсөн байгаа дүнгээ хасахад 2 656 262 төгрөгийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, өөрчилсөн, ихэсгэсэн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. У ХХК нь байрлаж буй оффисын байрны гадна талд байрлалтай авто зогсоолын талбайг Х.Ш ХХК-тай түрээсийн гэрээгээр хамтран ажиллаж нэхэмжилж буй 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэлх авто зогсоолын төлбөрийн ашиг 35 960 013 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнтэй холбоотой манайх Х.Ш ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Цаг тухай бүрд төлбөр тооцоог нийлж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан төлбөр тооцооны баримтаар нотлогдоно. Мөн харуул хамгаалалтын байр, машины дугаар таних бүрэн систем, замын тэмдэг зэргийг хаанаас ямар үнээр худалдан авах, түүний санхүүжилтийг хэрхэн гаргах, суурилуулах талаар У ХХК-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, зөвхөн өөрсдөө ашиглахаар худалдан авсан. Х.Ш ХХК-ний өөрийн өмч хэвээр байгаа тул салган авах эрх нь нээлттэй байгаа. Камер болон харуулын байрыг тодорхой хэмжээнд үнэлээд нэхэмжлээд байгаа дээр манайх маргаагүй. Буцааж өөрсдөө хүрч ирээд авах эрх нь нээлттэй, манайхаас саад учруулаагүй тул манайхаас шаардах эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч У ХХК нь Х.Ш ХХК-д холбогдуулан 4 502 477 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

У ХХК нь Х.Ш ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан ба Х.Ш ХХК-ний түрээсэлж байсан талбайг У ХХК нь өөрийн хэрэгцээнд ашиглах шаардлагатай болсон. Түрээслэгчид 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр өөрсдөө бүрэн чөлөөлсөн. Талбайг чөлөөлөх хүртэлх хугацааны түрээсийн төлбөр гэрээний 4 дэх хэсэгт заасны дагуу бүрэн төлөх үүрэгтэй. Түрээсийн төлбөрт 4 502 477 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байгаа. Х.Ш ХХК-аас ажлын байрны түрээсийн төлбөрт 4 502 477 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Х.Ш ХХК-ийн захирал Г.Б-гийн дансны хуулга авагдсан, баримтаас үзвэл өөрийн хамаарал бүхий компанийн дансаар түрээсийн төлбөрийг төлсөн. Түрээсийн төлбөрийн үлдэгдэл харагдахгүй. Тиймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

5. Нэхэмжлэгчээс: Х.Ш ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 6/, ажлын байрны түрээсийн гэрээ /хх 7-8/, Ц.Г ХХК-ийн дүрэм /хх 9-11/, Ц.Г ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 12/, Ц.Г ХХК-ийн ХААН банкны депозит дансны хуулга /хх 13-36/, У ХХК-иас Х.Ш ХХК-д хүргүүлсэн 2022.03.04-ний өдрийн мэдэгдэл /хх 37/, итгэмжлэл /хх45/, итгэмжлэл /хх 57/, мэдэгдэл, ажлын байрны түрээсийн гэрээ /хх 71-74/, Мэргэжлийн хяналтын газрын 2022.05.10-ны өдрийн 02-02/1766 дугаар хариу /хх 103/, ажил хүлээлцэх акт /хх 119/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /125-128/, нэхэмжлэх, үнийн санал /хх 129-174/, Мэргэжлийн хяналтын газрын 2022.06.17-ны өдрийн 02-02/2768 дугаар хариу /хх 199/, авто зогсоол захиалгаар бариулах гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ /хх 250/, Үүрэг гүйцэтгэх тухай хэлцэл /2-р хавтас 1/, барьцааны гэрээ /2-р хавтас 2/, авто зогсоол захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх гэрээ /2-р хавтас 3/, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /2-р хавтас 4/, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас 5/,

Хариуцагчаас: У ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 43/, итгэмжлэл /хх 44/, итгэмжлэл /хх 70, 86/, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт /хх 87-89/, Нэмэлт гэрээ /хх 224-225/, Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас 24/, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас 25-28/, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /2-р хавтас 29-31/, итгэмжлэл /2-р хавтас 86/, М.Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм /2-р хавтас 92-94/, У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.8.25-ны өдрийн эрх олгох, ажилд томилох тухай тушаал /2-р хавтас 95-96/,

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хариу албан бичиг /хх 227-228/, шинжээчийн дүгнэлт /хх 231-246/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х.Ш ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас 46 523 734 төгрөгийг У.Г ХХК-иас гаргуулах, У.Г ХХК-ний сөрөг нэхэмжлэлээс 4 035 036 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

2.1. У.Г ХХК нь Х.Ш ХХК-тай 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ... дугаар ажлын байрны түрээсийн гэрээ байгуулж, ... дүүргийн ...-р хороо, .... гудамж, У.Г ХХК-ний байрны ... м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч 1 м.кв талбайг 20 000 төгрөгөөр буюу сарын 1 880 000 төгрөгийг төлөхөөр тохирчээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

2.2. Түрээслэгч Х.Ш ХХК нь Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, шилжилт хөдөлгөөн хийх ажлыг түшиглэн үйл ажиллагаа явуулсан, түрээсийн төлбөр төлж байсан /1 дүгээр хавтас 13-36/, одоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа талаар маргаагүй байна.

Авто тээврийн үндэсний төв нь У.Г ХХК-тай байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ-ний дагуу түрээсийн талбайд үйл ажиллагаа явуулах гэрээгээ /хх 73-74/ 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 3/1099 дүгээр мэдэгдэл /хх 62/, 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар мэдэгдлээр /хх 71/ цуцлахыг мэдэгдсэн, улмаар гэрээгээ цуцалжээ.

У.Г ХХК нь Х.Ш ХХК-д гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн ... тоот албан бичиг, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22/56 дугаар мэдэгдлээр /хх 72/ хүргүүлсэн, түрээслэгч 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн нь талуудын тайлбараар тогтоогджээ.

2.3. Талууд гэрээний 4.5 дахь заалтаар түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхлэх, ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваахаар тохирсон байна.

У.Г ХХК-ний эзэмшлийн газар дээр Х.Ш ХХК өөрийн зардлаар авто зогсоолын хаалт, камер зэргийг гүйцэтгэсэн, улмаар талууд өдөр бүрийн орлогын тооцоог хийдэг байсан нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Гэрч Г.Г-ын ...У ХХК, Х.Ш ХХК компаниуд ... баригдаж байхад зогсоол хийх ажилд хамтран ажилласан, би тоног төхөөрөмж байршуулах, зогсоолын зурвасыг байршуулах зэрэг ажлуудад анхнаас нь ажилласан, зогсоолыг ажиллуулах ажилчдыг хариуцаж зогсоолын тооцоог нийлж байсан, тооцоог А бид хоёр хийдэг байсан, тооцоог карт, мобайл, бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр хийгддэг байсан, картаар бол У ХХК-ний пос машинаар, мобайл нь У ХХК-ний данс руу ордог, цалингийн зардал сард 3.000.000 төгрөг гардаг, сар бүр У ХХК-аас авдаг, М.Б ХХК-иарг төлбөр тооц хийж байсан, У ХХК-иас А тооцоо нийлж байсан гэсэн мэдүүлгээр ашгийг 50 хувиар хуваахаар тохирсон нь тогтоогджээ.

 

2.4. У.Г ХХК нь Р ХХК-тай 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гадна харуул хамгаалалтын байрны ажлыг гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэсний хөлс 28 000 000 төгрөг төлөхөөр тохирсон байх ба урьдчилгаа 14 000 000 төгрөгийг төлсөн 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ажил хүлээлцэх актаар ажлын үр дүнг хүлээлгэн өгч, төлбөр тооцоог дуусгасан /1 дүгээр хавтас 119-128/ байна.

Түүнчлэн гадна зогсоолын камер, суурилуултад 7 400 000 төгрөг төлсөн нь 1 дүгээр хавтас 131 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон тул хангах үндэслэлтэй.

 

2.5. Харин Х.Ш ХХК нь нэмэлт материалын зардалд 2 500 960 төгрөг зарцуулсан гэх боловч хэргийн 129 дүгээр талд авагдсан баримт нь Электорлив ХХК болон Ц.Г ХХК-ний хоорондын нэхэмжлэх, төлбөр тооцооны баримт байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

2.6. Нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээнээс авах ёстой ашиг 35 461 013 төгрөг гаргуулахаар шаардсан.

1 дүгээр хавтаст хэргийн 132-174 дэх талд авагдсан авто зогсоолын төлбөр тооцоо хийсэн баримтаар Х.Ш ХХК нь /М.Б ХХК-иар төлбөр тооцоо хийж байсан/ нийт 11 123 734 төгрөгийн авлагатай байна.

 

2.7. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл 30 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг 94 м.кв талбайд тооцож төлсөн, харин 36 м.кв талбайг түрээслээгүй гэж маргаж түрээсийн төлбөрт 2 656 262 төгрөгийг илүү төлсөн, өөрөөр хэлбэл, У.Г ХХК энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж маргажээ.

Хэдийгээр түрээслүүлэгч ... м.кв талбайг түрээслүүлэхээр тохирсон боловч Х.Ш ХХК-д ... м.кв талбайг түрээслүүлсэн, бусад ... м.кв талбайд Авто тээврийн үндэсний төв үйл ажиллагаа явуулсан, түрээслүүлсэн нь төлбөрийн нэхэмжлэх, талуудын тооцоо нийлсэн баримтаар /1 дүгээр хавтас 87-89/ тус тус тогтоогдсон байна.

Иймд У.Г ХХК нь илүү хэмжээгээр түрээсийн төлбөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэлээ.

2.8. Х.Ш ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагаас авто зогсоолын хариуул хамгаалалын байрны зардалд гаргасан 28 000 000 төгрөг, камер суурилуулсан 7 400 000 төгрөг, авто зогсоолын үйлчилгээний орлого 11 123 734 төгрөг нийт 46 523 734 төгрөгийг У.Г ХХК-иас гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ. Нэхэмжлэлийн бусад хэсэг баримтаар тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

3. Хариуцагч У.Г ХХК нь Х.Ш ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 4 502 477 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

Талууд түрээсийн төлбөр тооцооны талаар 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж 1 792 360 төгрөгийн тооцоог баталгаажуулсан /хх 89/ байна.

Түрээслэгч 2022 онгы 5-р сарын 4-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлсөн байх ба 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрөөс 5 дугаар сарын 4-нийг хүртэлх 58 хоногийн түрээсийн төлбөрийн төлөх үүрэгтэй.

Хэдийгээр түрээслүүлэгч ... м.кв талбайг түрээслүүлэхээр тохирсон боловч Х.Ш ХХК-д ... м.кв талбайг түрээслүүлсэн, төлбөрийн нэхэмжлэх, талуудын тооцоо нийлсэн баримтаар ....м.кв талбайн хэмжээнд тооцоо нийлсэн /1 дүгээр хавтас 87-89/ тул 1 сарын төлбөрийг 1 160 000 төгрөгөөр тооцвол 1 өдрийн төлбөр 38 667 төгрөг байна.

Тооцоогоор баталгаажуулсан 1 792 360 төгрөг дээр 58 хоногийн төлбөр 2 242 676 төгрөгийг нэмж нийт 4 035 036 төгрөгийг Х.Ш ХХК-иас гаргуулахаар хангав.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нь Нэмэлт гэрээ-нд /хх 210/ Г.Б гарын үсэг зурагүй талаар маргаж шинжээч томилуулсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 3471 дүгээр дүгнэлт гарсан, дүгнэлтээр Г.Бгийн гарын үсгийн загваруудтай тохирно гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас 210-250, 2 дугаар хавтас 1-6/ гарчээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч энэ дүгнэлтийн талаар маргаагүй болно.

5. Нэхэмжлэгч Х.Ш ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 531 492 төгрөг, хариуцагч У.Г ХХК сөрөг нэхэмжлэл гаргахдаа 86 989 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч У.Г ХХК-иас 390 568 төгрөг гаргуулж Х.Ш ХХК-д, Х.Ш ХХК-иас 79 510 төгрөг гаргуулж У.Г ХХК-д тус тус олгох нь зүйтэй.

Харин Х.Ш ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 6 542 төгрөг дутуу төлжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Х.Ш ХХК-иас 6 542 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан У.Г ХХК-иас 46 523 734 /дөчин зургаан сая таван зуун хорин гурван мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулж Х.Ш ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 29 494 501 /хорин есөн сая дөрвөн зуун ерэн дөрвөн мянга таван зуун нэг/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Ш ХХК-иас 4 035 036 /дөрвөн сая гучин таван мянга гучин зургаа/ төгрөг гаргуулж У.Г ХХК-д олгож, сөрөг нэхэмжлийн шаардлагын зарим хэсэг буюу 467 441 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 531 492 төгрөг, хариуцагч У.Г ХХК-иас төлсөн 86 989 төгрөгийг тус тус улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч У.Г ХХК-иас 390 568 төгрөг гаргуулж Х.Ш ХХК-д, Х.Ш ХХК-иас 79 510 төгрөг гаргуулж У.Г ХХК-д тус тус олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Х.Ш ХХК-иас 6 542 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

 

5.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                       

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Р.АЛТАНТУЯА