Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2024/00245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 31 210/МА2024/00245

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ХХК-д холбогдох

76,018,235 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 4,502,477 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, хариуцагчийн өмгөөлөгч Э.Гомбо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ХХК нь ******* ХХК-ийн өмчлөлийн, 94 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг тээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, шилжилт хөдөлгөөн хийх ажлын байрны зориулалтаар түрээслэхээр тохиролцож, Ажлын байрны түрээсийн гэрээг 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай байгуулсан.

1.2. ******* ХХК нь 2022 оны 03 дугаар сарны 04-ний өдрийн 22/40 дугаар албан бичгээр хууль бусаар гэрээг дуусгавар болгох мэдэгдэл хүргүүлсэн. Түүний албан бичигт дурдагдсан Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19/012 дугаар ажлын байрны түрээсийн гэрээ цуцлагдаагүй, одоог хүртэл төрийн үйлчилгээ хэвийн явагдаж байгаа болно. Манай компани ажлын байрны түрээсийн гэрээ болон хуульд заасан ямар нэг үүргээ зөрчөөгүй өнөөдрийг хүрсэн. ******* ХХК нь гэрээ цуцлах мэдэгдэл ирүүлэн хаалга цоож эвдсэний улмаас аргагүйн эрхэнд 2022 оны 04 дүгээр сард гарсан.

1.3. Бидний хооронд байгуулагдсан гэрээний 4.5 дахь хэсэгт Талууд түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхлэх бөгөөд ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваана гэж заасан. Манай компани нь гадна авто зогсоолтой холбоотой манаачийн байр, машины дугаар таних бүрэн систем, төлбөр тооцоо авах систем, замын тэмдэг, тэмдэглэгээ, орох гарах хаалт, камерууд зэргийг өөрийн санхүүжилтээр шийдвэрлэсэн ба эдгээрийг ******* ХХК одоог хүртэл ашиглаж байгаа.

Иймээс ******* ******* ХХК нь гадна авто зогсоолыг барихтай холбоотой зардал болон төлбөртэй үйлчилгээний ашиг зэргийг шаардах эрхтэй гэж үзэн харуул хамгаалалтын байр бариулсан 28,000,000 төгрөг, гадна авто зогсоолын камер, нэмэлт материалын зардал 2,500,960 төгрөг, гадна зогсоолын камер 7,400,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 02 дугаар сар хүртэл авто зогсоолын төлбөртэй үйлчилгээнээс авах ёстой ашиг 35,461,013 төгрөг, нийт 73,361,973 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.4. Мөн 2019 оны 09 дүгээр сараас 2022 оны 03 дугаар сар хүртэл 30 сарын хугацаанд түрээсийн төлбөрт 2,656,262 төгрөгийг илүү төлсөн. Түрээсийн гэрээнд зааснаар 94 м.кв түрээсийн талбайг 1 м.кв-ыг 20,000 төгрөгөөр түрээслэхээр талууд харилцан тохиролцсон. ******* ХХК нь тус 94 м.кв талбайгаас 36 м.кв талбайг нь Авто тээврийн үндэсний төвд 2019 оны 05 дугаар сараас түрээсэлж түрээсийн төлбөрийг цаг тухай бүрд нь авч байсан. ******* ******* ХХК-ийн хувьд 94 м.кв-ын төлбөрийг төлөөд явж байсан хэдий ч 36 мкв-ыг нь түрээслээгүй. Сард 1,160,000 төгрөг, нийт түрээсэлсэн 30 сарын хугацаанд 34,800,000 төгрөг төлөх ёстой байсан боловч 37,56,268 төгрөг төлсөн. Иймд хариуцагчаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 2,656,262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК нь ******* ******* ХХК-тай ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй. Цаг тухай бүрд төлбөр тооцоог нийлж байсан. Энэ нь хэрэгт авагдсан төлбөр тооцооны баримтаар нотлогдоно. Мөн харуул хамгаалалтын байр, машины дугаар таних бүрэн систем, замын тэмдэг зэргийг хаанаас ямар үнээр худалдан авах, түүний санхүүжилтийг хэрхэн гаргах, суурилуулах талаар ******* ХХК-д мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй, зөвхөн өөрсдөө ашиглахаар худалдан авсан. ******* ******* ХХК-ийн өмч хэвээр байгаа тул салган авах эрх нь нээлттэй, манайхаас саад учруулаагүй тул шаардах эрх байхгүй. Тиймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан ба түрээсийн талбайг ******* ХХК нь өөрийн хэрэгцээнд ашиглах шаардлагатай болсон. Түрээслэгчид 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр талбайг бүрэн чөлөөлсөн. Талбайг чөлөөлөх хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 4,502,477 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй байна.

Иймээс ******* ******* ХХК-аас уг төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ******* ******* ХХК-ийн захирал Г.Батхүүгийн дансны хуулга авагдсан, баримтаас үзвэл өөрийн хамаарал бүхий компанийн дансаар түрээсийн төлбөрийг төлсөн. Түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-аас 46,523,734 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 29,494,501 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-аас 4,035,036 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлийн шаардлагын зарим хэсэг буюу 467,441 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 531,492 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас төлсөн 86,989 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 390,568 төгрөг гаргуулж ******* ******* ХХК-д, ******* ******* ХХК-аас 79,510 төгрөг гаргуулж ******* ХХК-д тус тус олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа хэрэгт нотлох баримтаар авагдсан талуудын маргааны гол зүйл болох 19/03 дугаар гэрээний 3.3-т заасан Түрээслэгч нь түрээслэсэн эд хөрөнгийн хийц хэсэгт өөрчлөлт оруулах, хөрөнгө оруулалт хийхээр бол түрээслүүлэгчээс зөвшөөрөл авна. Зөвшөөрөлгүй хийсэн хөрөнгө оруулалтыг гэрээг цуцалсны дараа буцаан авах эрхгүй, 3.13-т Түрээслүүлэгч түрээсийн байранд нэмэлт засвар, хөрөнгө оруулалт хийхдээ түрээслүүлэгчтэй зөвшилцөх ба шаардлагатай бол нэмэлт гэрээ байгуулж болно, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.4 дэх хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах, 289 дүгээр зүйлийн 289.2.6-д хөлслөн авсан эд хөрөнгөд салгаж болох засан сайжруулалт хийсэн бол гэрээ дуусгавар болоход түүнийгээ салгаж авах гэж тус тус заасныг огт үнэлээгүй. Хариуцагчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл анх гаргасан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн хариуцагчаас зөвшөөрөл аваагүй хийсэн засан сайжруулалт буюу үнэ нь тодорхойгүй эд зүйлсээ хүлээж авахыг удаа дараа хэлсэн бөгөөд энэ талаараа хариу тайлбартаа ч тусгаж өгсөн байтал нэхэмжлэлийг нь хангасан, мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн олох ёстой байсан ашиг гэх нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсгүүдэд нийцээгүй гэж үзэж байна.

6.2. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх бодит байдлаар буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.4-т ...******* ХХК нь Рено ХХК-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гадна харуул хамгаалалтын байрны ажлыг гүйцэтгүүлэх, ажил гүйцэтгэсний хөлс 28,000,000 төгрөг төлөхөөр тохирсон байх ба урьдчилгаа 14,000,000 төгрөгийг төлсөн 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ажил хүлээлцэх актаар ажлын үр дүнг хүлээлгэн өгч төлбөр тооцоог дуусгасан /1 дүгээр хавтас 119-128/ байна" гэж хэрэгт байхгүй баримтыг үндэслэл болгон бичсэн. Хариуцагч нь Рено гэх ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулж төлбөр төлөөгүй ба 1 дүгээр хавтаст хэргийн 119-128 дахь хуудсанд авагдсан нотлох баримт нь нэхэмжлэгч Рено констракшн гэх ХХК-тай тухайн компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох Ц.Гангаалхам гэгчтэй гэрээ байгуулан мөн тухайн этгээдтэй Делл центр төвийн гадна фасадны ажил хүлээлцсэн акт үйлдсэн нь хэрэгт ямар ч хамааралгүй. Нэхэмжлэгч нь өөр бусад газруудад мөн зогсоолын үйл ажиллагаа явуулдаг учир өөр газарт хийсэн ажлынхаа хуулийн шаардлага хангаагүй акт болон гэрээг хэрэгт хавсарган өгснийг шүүх үнэлсэн төдийгүй нэхэмжлэгч нь хэрэв төлбөрийг төлсөн бол Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу нотолж төлбөр төлсөн баримтыг хэрэгт огт хавсаргаагүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...гадна зогсоолын камер суурилуулалтад 7,400,000 төгрөг төлсөн нь 1 дүгээр хавтас 131 дэх талд авагдсан баримтаар тогтоогдсон тул хангах үндэслэлтэй гэсэн байх бөгөөд 1 дүгээр хавтаст хэргийн 131 дэх талд байгаа нотлох баримт нь бэлэн мөнгөний орлогын баримт гэсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу төлбөр төлснөө нотлоогүй, хэн болох нь тодорхойгүй Н.Өсөхбаяр гэгч байгууллагаас хэнд хэчнээн тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн болон хүлээн авсан эзэн тодорхойгүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэн нэхэмжлэлийг хангасан. 1 дүгээр хавтаст хэргийн 129-130 дахь талд Электро лив ХХК-аас албан ёсны санхүүгийн тэмдэгтэй шаардлага хангасан нэхэмжлэл ирсэн байхад 131 дэх хуудсанд авагдсан хэнд юу хүлээлгэж өгсөн нь тодорхойгүй, санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаагүй буюу нотлох баримтын шаардлага хангаагүй баримтаар нэхэмжлэлийг хангаж буруу шийдвэрлэсэн.

Мөн шүүхийн шийдвэрийн 2.6-д ...Нэхэмжлэгч зогсоолын төлбөртэй үйлчилгээнээс авах ёстой ашиг 35,461,013 төгрөг гаргуулахаар шаардсан. 1 дүгээр хавтаст хэргийн 132-174 дэх талд авагдсан авто зогсоолын төлбөр тооцоо хийсэн баримтаар ******* шанью ХХК /Модун бамбай ХХК-иар төлбөр тооцоо хийж байсан/ нийт 11,123,734 төгрөгийн авлагатай байна..." гэж дүгнэсэн бөгөөд хавтаст хэргийн 132-174 дэх талд авагдсан нотлох баримт нь хэргийн оролцогч бус Модун бамбай ХХК-ийн баримт, мөн зарим баримт гарын үсэггүй байхаас гадна тухайн компанийн төлөөлөх эрхтэй этгээд Г.Гантулга нь шүүх хуралдаанд орж гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...******* шанью ХХК-тай хамтран ажиллах гэрээ байхгүй, төлбөр тооцооны асуудал байхгүй, өдөр өдөртөө тооцоогоо хийгээд явдаг... гэж мэдүүлсэн, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх талд нэхэмжлэгч, хариуцагч нар эцсийн байдлаар буюу 19/03 дугаар гэрээ цуцлах мэдэгдэл өгсний дараа үйлдсэн тооцоо нийлсэн акт байдаг. Тухайн актаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлбөр төлөх бус төлбөр авахаар байдаг. Логикийн хувьд хариуцагч нэхэмжлэгчид төлбөр төлөх ёстой байсан бол гэрээ цуцлагдсаны дараа төлбөр авахаар акт үйлдэхгүй нь тодорхой байтал шүүх нэхэмжлэлийг хангаж дээрх баримтуудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй байна.

6.3. Мөн анхан шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарыг үгүйсгэсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт огт дурдаагүй байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан авто зогсоолын тохижилтын зардал 37,900,960 төгрөг, өөрт ногдох ашиг 35,461,013 төгрөг, илүү төлсөн түрээсийн төлбөр 2,656,262 төгрөг, нийт 76,018,235 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр 4,502,477 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3.1. ******* ******* ХХК, ******* ХХК-ийн хооронд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* ХХК нь Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Дунд голын гудамж хаягт байрлах өөрийн байрны 94 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч ******* ******* ХХК нь 1 м.кв талбайг 20,000 төгрөгөөр тооцон сард 1,880,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.2. Дээрх гэрээний 4.5 дахь хэсэгт талууд түрээсийн байрны гадна авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхэлж, ажилчдын цалин, урсгал зардлыг хасч тооцон ашгийг тэнцүү хуваах-аар тохиролцжээ. Мөн талуудын тайлбараар авто зогсоолын тохижилтыг ******* ******* ХХК хариуцсан болох нь тогтоогдсон байна.

Нэг талаас ******* ХХК нь өөрийн эзэмшлийн газрыг, нөгөө талаас ******* ******* ХХК нь авто зогсоолын тохижилтыг тус тус хамтын үйл ажиллагаанд шилжүүлж авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран явуулж, олсон ашгийг тэнцүү хуваахаар харилцан тохиролцсоноос дүгнэвэл, уг харилцаа нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан байна.

Анхан шатны шүүх уг эрх зүйн харилцааны төрлийг зөв тодорхойлж чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэх боломжтой байна.

4. ******* ХХК нь түрээсийн гэрээнд заасан үйлчилгээний талбайг ******* ******* ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, мөн авто зогсоолын тохижилтыг ******* ******* ХХК хийж гүйцэтгэн талууд авто зогсоолын төлбөртэй үйлчилгээг хамтран эрхэлсэн, ******* ХХК-аас 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр гэрээ цуцлах талаар ******* ******* ХХК-д мэдэгдэл хүргүүлж, түрээсийн болон хамтран ажиллах гэрээ 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөр тасалбар болгон цуцлагдсан үйл баримтыг шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч маргаагүй.

5. Түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь илүү төлсөн гэх 2,656,262 төгрөгийг, хариуцагч нь дутуу төлсөн гэх 4,502,477 төгрөгийг тус тус харилцан шаардсан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч эзэмшиж ашигласан талбайн хэмжээгээр түрээсийн төлбөр төлсөн тул хариуцагч илүү төлбөр авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь түрээсийн талбайг чөлөөлөх хүртэл хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь зөв болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг 4,035,036 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцжээ. Ийнхүү шийдвэрлэсэнд зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

6. Хамтран ажиллах гэрээний хувьд, хэрэгт авагдсан авто зогсоолын сар бүрийн тооцоог нэгтгэсэн баримтад хариуцагч талаас О.Ариунтунгалаг, нэхэмжлэгч талаас Г.Гантулга нар баталгаажуулж гарын үсэг зурсан байх ба энэ талаархи гэрч Г.Гантулгын мэдүүлэг, зохигчдын тайлбар зэргийг шүүх хуульд заасан журмын дагуу үнэлсэн байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийг төлөөлөн түүний хамаарал бүхий этгээд Модун бамбай ХХК үүргийг гүйцэтгэж байсан нь Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдээр үүрэг гүйцэтгүүлэх зохицуулалтыг зөрчөөгүй. Үүнээс гадна хариуцагч болон Модун бамбай ХХК-ийн хооронд тухайн асуудлаар бие даасан эрх зүйн харилцаа үүссэн гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй.

Иймд хариуцагчаас 11,123,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн гаргасан ... нотлох баримт нь хэргийн оролцогч бус Модун бамбай ХХК-ийн баримт, мөн зарим баримт гарын үсэггүй байхаас гадна тухайн компанийн төлөөлөх эрхтэй этгээд Г.Гантулгын гэрчийн мэдүүлэгт шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

7. Талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь өөрийн хийсэн авто зогсоолын тохижилт болох харуул хамгаалалтын байр, машины дугаар таних болон төлбөр тооцоо авах систем, орох гарах хаалт, камер зэрэг эд хөрөнгөө хариуцагчаас шаардах эрхтэй. Эдгээр хөрөнгө нь хариуцагчийн эзэмшлийн газрын бүрдэл хэсэг болсон гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь авто зогсоолын тохижилттой холбоотой гаргасан зардлыг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, харуул хамгаалалтын байрны зардал 28,000,000 төгрөг, камер суурилуулсан зардал 7,400,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч нь тухайн газрын бүрдэл хэсэгт үлдсэн, салгаж болохгүй эд хөрөнгийг хохиролд тооцож нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон хариуцагчаас 11,123,734 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 64,894,501 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/04096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 11,123,734 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 64,894,501 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын ...390,568 гэснийг 157,180 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,569 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Д.ЗОЛЗАЯА