Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/04112

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2023/04112

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б овогтой П-ийн Б,

Хариуцагч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... хотхон, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., М овогтой Б-ийн Б,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... хотхон, ... дугаар байрны ... тоотод оршин суух, регистр ..., Б овогтой Ч-ын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: худалдах, худалдан авах гэрээ цуцалж 178 947 668 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан /үнэмлэх 0704/, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Энхтүвшин /үнэмлэх 0539/, хариуцагч Ч.Б, хариуцагчийн өмгөөлөгч Т.Энхбулгантамир /үнэмлэх 0412/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзий нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч П.Б нь Б.Б, Ч.Б нарт холбогдуулан гэрээ цуцалж 178 947 668 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Би иргэн Ч.Б-оос ... загварын ... арлын дугаартай хөх өнгийн авто машиныг худалдан авахаар болж, 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс авч граждаа хийгээд маргааш нь улсын дугаар авч нэр дээрээ шилжүүлсэн юм. Үнийг 175 000 000 төгрөгөөс ярилцаад 168 000 000 төгрөгөөр тохирч шилжүүлж худалдан авсан билээ. Гэтэл уг машиныг аккумлятор нь асааж дийлэхгүй, жолоочийн хамгаалалтын бүс гацах зэргээр гэмтлүүд илэрч эхэлсэн тул Ч.Б-од удаа дараа хэлсэн. Гэтэл тэрээр би гааль дээр орж ирсэн шинэ тэргийг хүнээс худалдан аваад танд зарсан гэдэг. Машины хамгаалалтын бүсэн дээрх оныг шалгатал жолоочийн талын бүс 2012 оных, эсрэг талын бүс 2019 оных байсан ба энэ талаар Ч.Б-од хэлэхэд тодорхой зүйл хэлээгүй. Уг авто машины амортизатор пүршийг солиулахаар засварын газар очиход засварчин залуус осолд орсон машин шиг байна, арлын дугаараар хөөгөөд үзэж болдог гэхээр нь тэднээр үзүүлсэн чинь осолд орсон болох нь батлагдсан. Ч.Б-од хэлэхэд зураг явуулж танд зарсан машин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан гэхээс өөр зүйл хэлээгүй. Иймд намайг залилан мэхэлсэн гэж үзэж, цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Б.Б, Ч.Б нарын зарсан авто машин дээрх үнэнд хүрэхгүй болохыг шинжээчийн дүгнэлт нотолсон. Мөн энэ машиныг худалдан авснаас хойш дахин нэмэгдэл засвар үйлчилгээний зардлууд гарсан бөгөөд нийт 10 947 668 төгрөгийн баримтаар нотлох зардлууд байна. Иймд ... загварын ... арлын дугаартай хөх өнгийн авто машиныг Б.Б, Ч.Б нарт буцаан өгч төлсөн 168 000 000 төгрөг, засвар үйлчилгээнд төлсөн 10 947 668 төгрөг, нийт 178 947 668 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие АНУ-аас ... маркын хөх өнгийн автомашиныг худалдан авч, импортоор 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр оруулж ирсэн. Холбогдох засвар үйлчилгээг хийгээд тээврийн хэрэгслийн техник үзлэг, оношилгоонд оруулж тэнцсэн байсан. Уг автомашиныг анх өөрөө унахаар оруулж ирсэн боловч тухайн үед ковидын нөхцөл байдал, наадам дөхсөн зэрэг байдлаас шалтгаалан туулах чадвар сайтай машинууд эрэлттэй байсан учраас боломжийн үнээр худалдах болсон. Би өөрийн найз Ч.Б-од уг автомашиныг худалдаж өгөхийг санал болгосон. Бид энэ талаар тохиролцоод 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, гарын үсэг зурах төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх зэрэг бүх эрхийг итгэмжлэлээр автомашинаа хүлээлгэн өгсөн. Ч.Б нь итгэмжлэлийн үндсэн дээр зар тавих, хүмүүст санал болгож байгаад нэхэмжлэгч П.Б-т 175 000 000 төгрөгөөс хямдруулаад 168 000 000 төгрөгөөр худалдсан, П.Б нь машиныг авахаар сонирхож байна, цалингийн зээлээ шийдээд авъя гээд тухайн өдрөө 4 сая төгрөгийн урьдчилгаа өгөөд нэхэмжлэгч машиныг шилжүүлж аваад, маргааш нь үлдэгдэл төлбөрөө шилжүүлсэн байсан. Автомашиныг хүлээн авах үедээ өөрөө унаж, бичиг баримт, мэдээлэлтэй танилцаж хүлээн авсан бөгөөд төлбөрөө бүрэн төлөхөөс өмнө нэг хоног өөрийн граждаа аваачсан. П.Б автомашиныг худалдсаны дараа оношилгоонд оруулахад аккумлятор нь муу байна гээд Ч.Б-оор шинэ аккумлятор авхуулж солиулж өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч манай аавыг таньдаг, цагдаад ажилладаг байсан гэж надтай холбогдохдоо багажийн резин, илүүдэл усны сав, гэрлийн хойд талын резин, суудлын бүс зэргийг солиулъя гэхэд нь 5 сая төгрөг өгье гэхэд намайг захиалаад өгөөч гэснээ ярьснаасаа өөр нэмэлт тоноглолын зураг явуулсан. Тэгэхээр нь та 5 саядаа өөрөө тохирох юм аа авчих гэж хэлсэн. Гэтэл үүний дараахан улсын мөрдөн байцаах газарт арлын дугаар сольсон хэмээн гомдол гаргаж, намайг Д гэх мөрдөгч дуудаж хэргээ хүлээ, тайлбараа бичиж өг гэх зэргээр дарамталж мэдүүлэг авахыг оролдсон. Миний бие холбогдох тайлбараа өгсний дараа харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, танил тал зэргээ ашиглан дарамт шахалт үзүүлсэн байдлаар харьцдаг. Хууран мэхэлсэн, төөрөгдүүлсэн гэх асуудлыг шалгаад нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолоор ...Б.Б нь уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулахдаа П.Б-ыг хуурч, төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлгүй... хэмээн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шаардаад байдаг зүйлс нь нэмэлт тоног, дагалдах эд ангийн жижиг сэлбэг хэрэгслүүд л байсан бөгөөд одоо нэхэмжилж байгаа автомашиныг ашиглаж байсан хугацааны урсгал засвар, зардал, өөрийн сонирхлоор сольсон дугуй, пүрш зэргийг хариуцах ямар ч үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Ч.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Анх манай найз Б.Б өөрөө унахаар 2019 оны хөх өнгийн ... автомашиныг АНУ-аас оруулж ирсэн. Б.Б 2022 оны 5 дугаар сард өөрөө хөдөө явах ажилтай болсон тул автомашиныг худалдах зар тавиад, бусдад үзүүлээд, зараад өгөөч гэж надаас гуйсан. Би зөвшөөрч бид 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр итгэмжлэл үйлдээд, автомашиныг ... дүүргийн ... дугаар хороонд байрлах манай зогсоолд авчирч тавиад хөдөө явсан. Би автомашиныг 175 000 000 төгрөгөөр худалдах зарыг www.unegui.mn, автомашины зарын facebook хуудсуудад байршуулсан. Тухайн үед хэд хэдэн хүн автомашиныг үзэж, худалдан авах санал тавьж байсан. Гэтэл П.Б гэж хүн 2022 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ирж, машиныг унаж үзээд их таалагдаж байна, авмаар байна гэсэн. П.Б-т машиныг үзүүлж байхад би түүнд гаалиар орж ирэх үеийн зураг, бүх мэдээллийг үзүүлсэн, мөн П.Б эхнэрээ дагуулж ирээд хоёулаа хамт үзсэн. Б.Б машины аккумлятор нь муу байгаа, авсан хүнд нь солиод өгнө гэснийг мөн П.Б-т хэлсэн. Тэгээд П.Б баталгаатай авна урьдчилгаа шилжүүлчихье, худалдан авахаар сонирхож байгаа хүмүүстээ зарагдчихлаа гээд хэлчих гэхээр нь мөн зарим сонирхож байсан хүмүүстээ хэлээд болиулсан. Б.Б машиныг 170 000 000 төгрөгт зарж болно гэж хэлсэн болохоор доод үнийг хэлсэн боловч тэр машиныг ахин дахин унаж, машины бүх хэсгийг эргүүлж, тойруулж үзээд маш их таалагдаж байна дахиад буулгачих гээд гуйгаад Б.Б 168 000 000 төгрөгт өгч болно гэсний дагуу энэ үнээр худалдаж, худалдан авахаар тохиролцсон. Тэгээд П.Б тэр өдөртөө урьдчилгаа шилжүүлээд машиныг ... дүүргийн ... дугаар хорооны ... хороололд байрлах өөрийн зогсоолдоо аваачиж тавьсан. Тухайн өдөр П.Б машины бичиг баримтыг биетээр үзсэн бөгөөд дахиад шалгуулах гэсэн юм машины бүх бичиг баримт, зурагаа Facebook messenger-ээр явуулаач гэхээр нь бүх мэдээллийг нь дахин явуулсан. П.Б машиныг өөрийн зогсоолдоо хонуулаад маргааш нь буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зайсанд байрлах Тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвд бид уулзсан. Ингэж уулзахаас өмнө П.Б мөнгө дутаад байна, хувь лизинг хийе гэхээр нь Б.Б-ээс асуухад зөвшөөрөөгүй. П.Б авмаар байна ганц цаг хүлээчих гээд нэг цагийн дараа мөнгө олчихлоо авъя гэсээр машиныг худалдаж авсан. Дараа нь Б.Б-ийн мөнгөөр машины аккумляторыг шинээр сольж өгсөн. Би найз Б.Бээс олгосон итгэмжлэлийн дагуу машиныг П.Б-т шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэх үед П.Б машиныг унаж явж үзсэн, өөрийн зогсоолд бүтэн өдөр байрлуулж, бичиг баримтыг авч шалгуулсан буюу юу худалдан авч байгаагаа маш сайн мэдэж, ойлгож байсан. Мөн намайг машиныг шилжүүлэн өгөх үед машин гадна, дотор байдал бичиг баримт, зурагтайгаа ижил, машин унаад явахад ямар ч асуудалгүй байсан. Хэсэг хугацааны дараа П.Б машины бүс гацаад байна, сэтгэлд сэвтэй байна больё гэж эхэлсэн. Би та өөрөө больж болно гэхэд авна гэсээр байгаад шалгаад, үзээд авсан одоо дугаар авчихсан буцаах боломжгүй гэж тайлбарлаж хэлсэн. Өнгөрсөн хугацаанд П.Б над руу байнга дарамталж мессэж бичиж, үндэслэлгүй мөнгө нэхэж, улмаар залилан мэхлэсэн гэж цагдаад өгсөн байсан. Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолоор ...Ч.Б нь уг тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаанд оролцон П.Б-ыг хуурч, төөрөгдөлд оруулсан гэх үндэслэлгүй... болохыг тогтоож хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Нэхэмжлэгчийн шүүхэд өгсөн баримтаас үзвэл П.Б өнөөдрийг хүртэл автомашиныг зориулалтын дагуу ашиглаж байгаа, автомашинд ямар ч эвдрэл гараагүй байхад өөрийн сонирхлын дагуу нэмж тоноглосон зардлууд, урсгал засвар, тос тосолгооны зардлыг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс: Бараа, материалын зарлагын баримт /хх 6-8/, Автомашин худалдан авах үед төлсөн мөнгөний баримтын жагсаалт /хх 9/, Мөрдөгчийн тогтоол /хх 10/, тооцооны хуудас /хх 11/, П.Б-ын ХААН банктай байгуулсан зээлийн гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ /хх 12-18/, явах эд анги оношилгооны хуудас, төлбөрийн баримт /хх 19-23/, автомашины төлбөр төлсөн баримтууд /хх 26-35/, автомашин худалдан авсны дараах нэмэгдэж гарсан зардлын нотлох баримтууд /хх 36-53/, шинжээчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх 54-59/, Д ХХК-иас гаргасан шинжээчийн дүгнэлт /хх 60-65/, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх 66-68/, автомашины оношилгооны хуудас /хх 69-72/, автомашины эвдрэл гэмтлийн зураг /хх 73-112/, тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн мэдээлэл, орчуулгын хамт /хх 125-133/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 148/,

Хариуцагчаас: автомашин худалдах, худалдан авах гэрээ, засварын бүртгэлийн хуудас, автомашины түүхийн бүртгэл /хх 235-256/,

Шүүх хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр: Тээврийн хэрэгслийн мэдээлэл, техникийн хяналтын үзлэгийн мэдээлэл /хх 188-191/, үзлэг хийсэн тэмдэглэл /192-227/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Б.Б-ээс 170 864 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8 083 668 төгрөгийн нэхэмжлэл болон хариуцагч Ч.Б-од холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч нь осолд орсон машин, хэт өнөдр үнээр худалдсан гэж маргаж, доголдлын улмаас гэрээ цуцалж, хохирол гаргуулахаар шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нар АНУ-аас орууулж ирсэн, засвар үйлчилгээ хийсэн, тээврийн хэрэгслийн техник үзлэг, оношилгоонд оруулж тэнцсэн машин худалдсан, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

 

П.Б нь Ч.Б-той 2022 оны 06 сарын 12-ны өдөр ... загварын ... арлын дугаартай авто машиныг 168 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, 2022 оны 06 сарын 12, 13-ны өдөр түүний Голомт болон ХААН банкны дансаар мөнгийг шилжүүлсэн /хх 26-35/, улмаар машиныг хүлээн авч, улсын бүртгэлийн ... дугаар авсан байна.

Б.Б нь 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ч.Б-од итгэмжлэл олгож /хх 190/, ... маркийн машиныг худалдах, гэрээ байгуулах, гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах эрхийг 3 сарын хугацаатай олгожээ. Ч.Б нь итгэмжлэлийн үндсэн дээр дээрх автомашиныг худалдсан, машиныг Б.Б АНУ-аас оруулж ирсэн, түүний өмчлөлийн машин бөгөөд худалдагч нь Б.Б байна.

П.Б, Б.Б нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.1. Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдаж байгаа эд хөрөнгийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

 

4.2. Харин худалдан авсан машин нь аккумлятораас шалтгаалан асахгүй байсан, хамгаалалтын бүс гацах зэрэг гэмтэл илэрснээр худалдан авагч Н ХХК-ний Мастер сүлжээ авто засварын газарт оношлогоо хийлгэсэн байна.

 

Авто засварын газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн оношлогоогоор .. дугаартай автомашинд хөргөлтийн радиатор солигдсон, дээвэр бүрсэн, баруун урд шанаа засварт орсон, зүүн урд сандал бүрж оёсон, зүүн урд ослын бүс хэвийн бус ажиллагаатай гэсэн гэмтэл илэрчээ.

 

Худалдагч Б.Б ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эдгээр гэмтэл, засварласан байдлын талаарх үнэн зөв мэдээллийг худалдан авагчид мэдээллээгүй нь зохичгийн тайлбараар тогтоогдсон.

 

4.3. Нэхэмжлэгч илэрсэн гэмтлийн талаар худалдагчид тухайн үед нь мэдэгдсэн, өөрөөр хэлбэл, доголдлын талаарх гомдлын шаардлагыг гаргасан боловч хариуцагч доголдлыг арилгаагүй байна.

 

Харин Б.Б аккумляторыг сольж өгсөн, энэ талаар талууд маргаагүй.

 

П.Б-ын гомдлоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн ... дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ажиллагаа хийсэн, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ... дүгээр тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг /хх 66-68/ хаажээ.

 

Хэрэг бүртгэлтийн шатанд гарсан шинжээчийн дүгнэлтээр дээрх эвдрэл гэмтлээс гадна бусад эд зүйлийн эвдрэл, засвар, хохирлын үнэлгээ тогтоогдсон байх ба худалдсан авто машин доголдолтой байсныг нотолсон байна.

 

4.4. Хэдийгээр худалдан авагч тухайн автомашиныг ашиглаж байгаа боловч осолд орсон машины эвдрэл гэмтэл, доголдлыг өөрөө арилгах боломжгүй гэж үзсэн, доголдлын улмаас гэрээгээ цуцалж, хохирлоо гаргуулахаар шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь автомашиныг зах зээлийн үнээс хэт өндөр үнээр зарсан, тухайн үед машины үнэ 80 895 447 төгрөгийн ханштай байсан гэж маргасан боловч худалдагчийн санал болгосон 175 000 000 төгрөгийн үнийг 168 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирсон байна. Өөрөөр хэлбэл, талууд өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гэрээний үнийг тохирсон гэж үзнэ.

 

Нөгөө талаас, зах зээлийн үнээс хэт өндөр үнээр худалдсан талаар маргасан нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

 

4.5. Доголдлын улмаас учирсан хохиролд 168 000 000 төгрөг, А ХХК-д оношлогоо хийлгэсэн зардал 520 000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 520 000 төгрөг, Т.Х ХХК-ний засвар үйлчилгээний зардал 1 600 000 төгрөг, М.С ХХК-нд төлсөн оношлогооны зардал 114 000 төгрөг, Т.М ХХК-д төлсөн 110 000 төгрөг нийт 170 864 000 төгрөгийг хариуцагч Б.Б-ээс гаргуулах нь зүйтэй.

 

Харин бусад зардал нь доголдлыг арилгахтай холбоогүй тул хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

4.6. Хариуцагч Ч.Б нь итгэмжлэлийн үндсэн дээр Б.Б-ийн өмчлөлийн автомашиныг худалдсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

5.Нэхэмжлэгч шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 052 688 төгрөг төлсөн байна. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 052 688 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 1 012 270 төгрөг гаргуулж П.Б-т олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б-ийн Б-с 170 864 000 /нэг зуун далан сая найман зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж П-ийн Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8 083 668 төгрөгийн нэхэмжлэл болон Ч-ын Б-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 052 688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ээс 1 012 270 /нэг сая арван хоёр мянга хоёр зуун дал/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 


 

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА