Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/00397

 

 

 

 

 

     

 

 

 

П.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/04112 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, Ч.Б нарт холбогдох, автомашины үнэд төлсөн 168,000,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10,947,668 төгрөг, нийт 178,947,668 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие иргэн Ч.Б-оос Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн ********************** арлын дугаартай автомашиныг 2022 оны 06 сарын 12-ны өдөр 168,000,000 төгрөгөөр тохирч худалдан авсан. Гэтэл уг машины аккумлятор нь асааж дийлэхгүй, жолоочийн хамгаалалтын бүс гацах зэрэг гэмтлүүд илэрч эхэлсэн. Энэ талаар Ч.Б-д удаа дараа хэлсэн. Тэрээр гааль дээр орж ирсэн тэргийг хүнээс худалдан аваад танд зарсан гэсэн. Автомашины хамгаалалтын бүсний оныг шалгатал жолоочийн талын бүс 2012 он, эсрэг талын бүс 2019 оных байсан. Уг автомашины амортизатор пүршийг солиулахаар засварын газар очиход засварчин залуусын хэлснээр машины арлын дугаараар хөөж үзэхэд осолд орсон болох нь батлагдсан. Энэ талаар Ч.Б-д хэлэхэд ...зураг явуулж танд зарсан автомашин ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй гэхээс өөр зүйл хэлээгүй. Иймд намайг залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад хандахад шинжээчийн дүгнэлтээр Б.Б, Ч.Б нарын зарсан автомашин дээрх үнэд хүрэхгүй болох нь нотлогдсон. Мөн энэ машиныг худалдан авснаас хойш засвар үйлчилгээний нийт 10,947,668 төгрөгийн зардлууд гарсан. Иймд Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ загварын автомашиныг Б.Б, Ч.Б нарт буцаан өгч, нийт 178,947,668 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна гэжээ.

2.   Хариуцагч Б.Б хариу тайлбартаа: Миний бие АНУ-аас Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн автомашиныг худалдан авч, импортоор 2022 оны 05 сарын 12-ны өдөр оруулж ирсэн. Холбогдох засвар үйлчилгээг хийгээд тээврийн хэрэгслийн техник үзлэг, оношилгоонд оруулж тэнцсэн. Өөрөө анх унахаар оруулж ирсэн боловч туулах чадвар сайтай машинууд эрэлттэй байсан учраас боломжийн үнээр худалдах болсон. Би найз Ч.Б-д уг автомашиныг худалдаж өгөхийг санал болгоод 2022 оны 05 сарын 25-ны өдөр итгэмжлэл үйлдсэн. Ч.Б итгэмжлэлийн үндсэн дээр нэхэмжлэгч П.Б-т 168,000,000 төгрөгөөр худалдсан. П.Б автомашиныг хүлээн авах үедээ өөрөө унаж, бичиг баримт, мэдээлэлтэй танилцаж хүлээн авсан. П.Б автомашиныг худалдсаны дараа оношилгоонд оруулахад аккумлятор нь муу байна гэхэд Ч.Б-оор шинэ аккумлятор авахуулж солиулж өгсөн. Дараа нь нэхэмжлэгч холбогдохдоо багажийн резин, илүүдэл усны сав, гэрлийн хойд талын резин, суудлын бүс зэргийг солиулая гэхэд нь 5,000,000 төгрөг өгье гээд намайг захиалаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь 5,000,000 төгрөгтөө өөрөө тохироод юмаа авчих гэж хэлсэн. Гэтэл үүний дараа Улсын мөрдөн байцаах газарт арлын дугаар сольсон хэмээн гомдол гаргасан. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн шаардаж байгаа зүйлс нь нэмэлт тоног, дагалдах эд ангийн жижиг сэлбэг хэрэгслүүд бөгөөд одоо нэхэмжилж байгаа автомашиныг ашиглаж байсан хугацааны урсгал засвар, зардал, өөрийн сонирхлоор сольсон дугуй, пүрш зэргийг хариуцах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.   Хариуцагч Ч.Б хариу тайлбартаа: Манай найз Б.Б өөрөө унахаар 2019 оны хөх өнгийн Тоёото 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн автомашиныг АНУ-аас оруулж ирсэн. Б.Б 2022 оны 05 сард өөрөө хөдөө явах ажилтай болсон тул автомашиныг худалдах зар тавиад, бусдад үзүүлээд, зараад өгөөч гэж гуйсан. П.Б гэж хүн 2022 оны 06 сарын 12-ны өдөр ирж, машиныг унаж үзээд авмаар байна гэсэн. Би түүнд гаалиар орж ирэх үеийн зураг, бүх мэдээллийг үзүүлсэн. Автомашины аккумлятор муу байгаа, авсан хүнд нь солиод өгнө гэснийг мөн П.Б-т хэлсэн. Тэгээд П.Б урьдчилгаа шилжүүлээд машиныг Хурд рапид хороололд байрлах өөрийн зогсоолдоо аваачиж тавьсан. Машины бичиг баримтыг биетээр үзсэн. Бид 2022 оны 06 сарын 13-ны өдөр Зайсанд байрлах Тээврийн хэрэгслийн бүртгэлийн төвд уулзсан. Дараа нь Б.Бийн мөнгөөр машины аккумляторыг шинээр сольж өгсөн. П.Б автомашиныг унаж явж үзсэн, өөрийн зогсоолд бүтэн өдөр байрлуулж, бичиг баримтыг авч шалгуулсан, ямар автомашин худалдан авч байгаагаа маш сайн мэдэж, ойлгож байсан. Мөн намайг автомашиныг шилжүүлэн өгөх үед машин гадна, дотор байдал бичиг баримт, зурагтайгаа ижил, машин унаад явахад ямар ч асуудалгүй байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасныг баримтлан Б.Б-ээс 170,864,000 төгрөгийг гаргуулж П.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 8,083,668 төгрөгийн нэхэмжлэл болон Ч.Бод холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч П.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,052,688 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бээс 1,012,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

5.   Хариуцагч Б.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

5.1.  Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас, талуудын шүүхэд гаргасан тайлбар зэргээр биет байдлын доголдолгүй болох нь нотлогдсон. Дээрх автомашины биет байдлын доголдолгүй хэвийн ашиглаж байгааг нотлох үйл баримтад шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй.

5.2.  Гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжтой гэдэг нь нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд хэлсэн тайлбар, одоог хүртэл 1 жил 7 сарын хугацаанд унаад явж байгаа бодит нөхцөл байдал, 26,688 миль одометрийн заалттай байсан, одоо 42,663 миль /орж ирснээс хойш 25,709 км явсан/ болсон зэргээс гарцаагүй дүгнэх боломжтой.

5.3.  Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч тэргүүн ээлжид доголдолтой гэж тодорхойлж буй эд анги, сэлбэгийг солиулах шаардлагыг гаргах эрхтэй бөгөөд үүнийгээ хэрэгжүүлсэн. Худалдан авагчаас шаардсаны дагуу 2019 оны суудлын бүс, усны хуванцар сав, хойд гэрлийн жийргэвч резин, багаажны шалавч гэх сэлбэгүүдийг АНУ-аас шинээр захиалж авчирсан. Нэмээд 5,000,000 төгрөг бэлнээр өгөхөөр зөвшилцсөн байсан.

5.4.  Автомашин нь биет байдлын доголдолтой байсан гэсэн тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй. Талууд гэрээнд автомашины чанарын талаар тохиролцоогүй, АНУ-аас импортоор оруулж ирсэн хуучин автомашин гэдэг талаар маргаагүй. Иймд худалдагч нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1-д зааснаар дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. Авто засварын газрын 2022 оны 09 сарын 13-ны өдрийн оношилгоогоор **** УЕВ дугаартай автомашинд хөргөлтийн радиатор солигдсон, дээвэр бүрсэн, баруун урд шанаа засварт орсон, зүүн урд сандал бүрж оёсон, зүүн урд ослын бүс хэвийн бус ажиллагаатай гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д зааснаар худалдан авагч гомдлын шаардлага гаргах эрхээ алдана. Дээрх доголдол нь нуугдмал буюу шалгаж авахад мэдэгдэхгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхгүй юм.

5.5.  Анхан шатны шүүх 2023 оны 04 сарын 20-ны өдрийн 891 дугаартай прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон хэрэг бүртгэлийн хэргээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтыг шийдвэрийн үндэслэл болгосон. Маргааны зүйл нь автомашин биет байдлын доголдолтой эсэх юм. Иймд нэхэмжлэгч нь доголдлын улмаас гэрээ цуцлах шаардлагатай гэх боловч автомашинаа унаж хэрэглэж байгаа тайлбараараа доголдолтой гэх тайлбараа үгүйсгэсэн, хариуцагч нараас мөн доголдолгүй талаар авто тээврийн улсын үзлэгт орж Авто тээврийн тухай хууль бусад холбогдох журам стандартыг бүрэн хангасан талаар баримтыг гаргасан. Маргааны талаар эргэлзээтэй байдлыг арилгах үүднээс миний өмгөөлөгч 2023 оны 11 сарын 16-ны өдөр шүүх хуралдаанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасныг зөрчиж, хэт нэг талыг барин нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

6.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ч.Б нь тухайн үед эвдрэл гэмтэлтэй гэдгээ мэдэгдсэн бол автомашиныг авахгүй байсан бөгөөд энэ талаар огт мэдэгдээгүй. Тухайн автомашиныг маш хямд үнээр аваад өндөр үнээр худалдсан. 10,000 ам.доллараар хилээр орж ирсэн автомашиныг 168,000,000 төгрөгөөр худалдсан. Шинжээчийн дүгнэлтээр 80,000,000 төгрөгөөр үнэлсэн. Автомашин зөвхөн тээвэрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг бараа биш, аюулгүй байдлыг хангах давхар үүрэгтэй онцгой бараа юм. Тухайн автомашины аюулгүй байдлын асуудал бүх шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан. Зарим төрлийн барааг эдэлж, хэрэглэж байж доголдлыг мэдэх боломжтой байдаг. Тухайлбал, автомашиныг эдэлж, хэрэглэж байж доголдлыг мэдэх боломжтой. П.Б- автомашиныг эдэлж хэрэглэж өөрийн хэмжээнд доголдлын талаар мэдсэн бөгөөд залилсан гэдгийг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хуулийг зөв хэрэглэж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

7.   Хариуцагч Ч.Б давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Б.Б нь надад бүрэн бүтэн тээврийн хэрэгслийг авч ирж өгсөн. Хариуцагч нь тухайн тээврийн хэрэгслийг унаж үзээд, арлын дугаар, зураг хөргийг аваад гэртээ авч очиж хонуулаад тухайн автомашиныг худалдаж авсан. Хариуцагч Б.Бийн гомдлыг дэмжиж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч нь автомашины үнэд төлсөн 168,000,000 төгрөг, засвар үйлчилгээний зардал 10,947,668 төгрөг, нийт 178,947,668 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ. /1хх 1-2, 119-120, 121-122/

3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Б.Б нь 2022 оны 05 сарын 12-ны өдөр Монгол Улсын хилээр 2019 онд үйлдвэрлэгдсэн Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн,  ********************** арлын дугаартай, 42,699 км гүйлттэй автомашиныг оруулан ирж, өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлтийг хийсэн; /1хх 191/

3.2.  Улмаар Б.Б нь дээрх автомашиныг бусдад худалдах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, төлбөр тооцоо хүлээн авах, бүртгэлийн байгууллагад өмчлөх эрх шилжүүлэх үйлдэлд төлөөлөх бүрэн эрхийг Ч.Бод олгож, 2022 оны 05 сарын 25-ны өдөр итгэмжлэл үйлдсэн; /1хх 190/

3.3.  Ч.Б нь дээрх итгэмжлэлийн үндсэн дээр П.Б-тай автомашин худалдах, худалдан авах хэлцэл хийсэн бөгөөд П.Б- нь автомашины үнэд 8 удаагийн гүйлгээгээр нийт 168,000,000 төгрөгийг төлж, автомашиныг өөрийн өмчлөлд бүртгүүлсэн. /1хх 26-35/

 4.   Анхан шатны шүүх П.Б-, Б.Б нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, төлөөлөгч Ч.Бын бусадтай хийсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг гагцхүү төлөөлүүлэгч Б.Бд бий болно гэж зөв дүгнэж, улмаар хариуцагч Ч.Бод холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5.   Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

5.1.  Худалдагч Б.Б, түүнийг төлөөлж Ч.Б нар худалдан авагч П.Б-т 2019 онд үйлдвэрлэгдсэн Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн, ********************** арлын дугаартай автомашиныг АНУ-д 2021 оны 08 сарын 17-ны өдөр урд хэсгээрээ осолд орсон тухай үнэн зөв, бүрэн мэдээллийг өгөөгүй буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. /1хх 83-87, 125-133/

5.2.  Хэрэгт авагдсан CARFAX автомашины түүхийн лавлагаанд 2019 онд үйлдвэрлэгдсэн Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн, ********************** арлын дугаартай автомашины гүйлтийг бодит миль биш, механик хязгаараас давсан, буцаан худалдан авах баталгаан тэнцэхгүй, 2021 оны 08 сарын 17-ны өдөр осолд орсон, аюулгүйн дэр нээгдсэн, ослын зэрэг дунд /тээврийн хэрэгслийн олон бүрэлдэхүүн хэсгүүдэд нөлөөлж, тээврийн хэрэгслийн ажиллагаа болон/ эсвэл аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй/ гэж тэмдэглэгджээ. /1хх 236-244, 248-250, 2хх 1-7/

6.   Хариуцагч нар ...П.Б- автомашиныг шалгаж, өөрийн гараашдаа хонуулж, бодитоор үзэж, гаалийн бичиг баримтуудтай тулгаж, унаж үзэж байж авсан, автотээврийн хэрэгслийн хяналтын дүгнэлтээр тэнцсэн, П.Б- нь автомашиныг зориулалтын дагуу ашиглаж байгаа... гэсэн агуулгаар тайлбарлаж байх боловч эдгээр тайлбар, татгалзал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2-т заасан худалдаж байгаа эд хөрөнгийн талаарх үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй. /1хх 189, 191/

Дээрх тохиолдолд ...Автомашин АНУ-д осолд орсон гэж мэдсэн бол автомашиныг худалдан авахгүй байсан... гэсэн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг буруутгах боломжгүй.

Иймд хариуцагч Б.Бийн гаргасан ...анхан шатны шүүх хэрэгт авагдсан хариуцагч талын татгалзлыг нотлох баримтыг үнэлээгүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангахгүй.

7.   Худалдагч Б.Б, түүнийг төлөөлж Ч.Б нар автомашин осолд орсон тухай, гүйлт бодит биш тухай үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагч П.Б-т өгөөгүй, гаалийн бүрдүүлэлтийн баримтад энэ талаар дурдагдаагүй, дээрх доголдол нь автомашиныг өмчлөлдөө хүлээн авах үед илрүүлэх боломжгүй доголдолд хамаарч байхаас гадна нэхэмжлэгч П.Б нь автомашин осолд орж, засварлагдсан тухай мэдсэн даруй 2022 оны 09 сарын 08-ны өдөр хариуцагч П.Б-д энэ тухай мэдэгдсэн, 2022 оны 10 сарын 06-ны өдөр цагдаагийн байгууллагад хандсан тул нэхэмжлэгч П.Б-ыг Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй. /1хх 10, 191, 201-202/

Түүнчлэн, худалдагч Б.Б, түүнийг төлөөлж Ч.Б нар автомашин осолд орсон үйл баримтыг мэдсээр байж нуун дарагдуулсан байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1-д заасан шаардах эрх алдах зохицуулалт үйлчлэхгүй.

Иймд ...нэхэмжлэгч нь гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан, гэрээг цуцлах эрхгүй... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч Б.Б-ийн давж заалдах гомдлыг хангахгүй.

8.   Хариуцагч талаас гаргасан шинжээч томилуулах тухай хүсэлтийг анхан шатны шүүх өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. /2хх 13/ 

9.   Анхан шатны шүүх автомашины үнэд төлсөн 168,000,000 төгрөг, баримтаар нотлогдож буй засвар үйлчилгээний зардал 2,864,000 төгрөг, нийт 170,864,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан зохицуулалтад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

10.   Нэхэмжлэгч нь 2019 онд үйлдвэрлэгдсэн Тоёота 4 Раннер /Toyota 4 Runner/ маркийн, ********************** арлын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэн өгнө гэж анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсаныг тэмдэглэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 16-ны өдрийн 102/ШШ2023/04112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 1,012,270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

 

Д.НЯМБАЗАР