Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2017/0429/з |
Дугаар | 164 |
Огноо | 2018-04-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 164
“О к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого,
хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч
нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Х.Батсүрэн
Шүүгчид: Д.Мөнхтуяа,
П.Соёл-Эрдэнэ,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: Б.Мөнхтуяа,
Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг.
Нэхэмжлэлийн шаардлага: “...татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарын 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актыг хүчингүй болгуулах”,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0065 дугаар магадлал,
Шүүх хуралдаанд оролцогч:
Хариуцагч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нар.
Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан “О к” ХХК-ийн нэхэмжлэлээр Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарт холбогдуулан гаргаснаар “Татварын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 210022520 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0065 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2017/0876 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 35 дугаар зүйлийн 35.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан “О к” ХХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Л.А, Т.Б нарт холбогдуулан гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “...О к ХХК нь 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр “Монгол шуудан банк” ХХК-тай “Арматур зээлээр худалдан борлуулах гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу “Монгол шуудан банк” ХХК нь арматурыг НӨАТ тооцсон дүнгээр манай компанид нийлүүлэхээр заасан. Улмаар талууд энэхүү гэрээний үүргийн зөрчлөөс болж шүүхээр маргасан байдаг ба шүүхийн маргааны явцад 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 01 тоот “Эвлэрлийн гэрээ” байгуулж, уг гэрээнд Монгол шуудан банкны эрх залгамжлагч болох Хадгаламж банк НӨАТ татвар болох 69,563,170 төгрөгийн НӨАТ-ийн падааныг “О к” ХХК-д шилжүүлэхээр заасан.
4. Шүүхийн маргааны хүрээнд ийм байдлаар буюу Хадгаламж банк НӨАТ-ийн падааныг “О к” ХХК-д шилжүүлэхээр шийдэгдсэн, улмаар Хадгаламж банк НӨАТ төлөгч биш учраас өөрийн холбоо хамаарал бүхий компаниас НӨАТ-ийн падаан бичиж өгөхөөр харилцан тохиролцож, хэлцэл хийж протокол үйлдсэн. Энэ дагуу хүлээн авсан НӨАТ-ын баримтыг хүлээсэн үүргийнхээ дагуу Татварын ерөнхий газарт тайлагнасан. Маргаан бүхий татварын улсын байцаагчийн акт, түүнийг зөвтгөсөн хариуцагчийн тайлбарт дараах үндэслэлүүд байдаг. Үүнд:
5. “Банк НӨАТ төлөгч биш гэдгийг нэхэмжлэгч анхнаасаа мэдэж байсан” гэдэг ба үүнийг мэдэж байснаараа буруутгагдах хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь ямарваа хэлцлийг талууд өөрсдийн чөлөөт, эрх тэгш байдлын үндсэн дээр харилцан тохиролцож хийх бөгөөд банктай хэлцлийн үнийг тогтоохдоо тодорхой нөхцөлийг тохиролцсон болно. Энэ нь дээрх НӨАТ-ийн асуудал байсан.
6. “Хүслэнт Хулан” ХХК-ийн падаан хуурамч болохыг тогтоосон” гэсэн хариуцагчийн тайлбар, үйл баримтыг нэхэмжлэгчийн эсрэг ашиглах гэхээсээ илүү алба, төрийн байгууллагын үйл ажиллагаа өөрөө доголдолтой байсан гэдэг талаас авч үзэх ёстой. Учир нь “Хүслэнт Хулан” ХХК-ийн падаан нь “хуурамч” гэдгийг нэхэмжлэгч бид мэдээгүй, мэдэх ч боломжгүй бөгөөд манайхаас татварын албаны цахим систем тайланд тухайн нэмэгдсэн өртгийн падааныг шивж оруулахад шууд бүртгэгдэж, тухайн компанийн нэрээр оруулахад хүлээн авч байсан нь татварын хэлтэст бүртгэлтэй падаан гэдгийг харуулж байсан. Энэ тохиолдолд татварын алба, хэлтэс буюу төрийн эрх бүхий байгууллага буруутай буюу хуурамч падааныг системдээ бүртгэснээр татвар төлөгч аж ахуйн нэгжийг хохироох үндэслэлийг бий болгосон хэрэг юм.
7. Татварын ерөнхий хуульд зааснаар татвар төлөгчийг мэдээллээр хангах нь татварын албаны үндсэн чиг үүргийн нэг бөгөөд татварын албанаас мэдээлэл авсаны үндсэн дээр “Хүслэнт Хулан” ХХК-ийн падааныг тайлагнасан. Хэрэв энэхүү баримт хуурамч биш байсан бол татварын орлого дутахгүй байсан, татварын орлого дутаагүй бол маргаан бүхий акт гарахгүй байсан. Яг энэ нөхцөл байдлаас авч үзвэл татварын алба өөрсдөө “Хүслэнт Хулан” ХХК-ийн падааныг хүлээж аваагүй бол, хуурамч гэдгийг мэдээлэх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч компани уг падааныг тайлагнахгүй байсан юм.
8. Татварын улсын байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот акт нь Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлүүдийг үндэслэж гарсан. Татварын ерөнхий хуулийн 34.1-д улсын байцаагч акт бичих үндэслэлийг заасан бөгөөд уг зүйлд “Татварын улсын байцаагч энэ хуулийн 47.1, 48.1, 67, 74 дүгээр зүйлд заасан үндэслэлээр акт, 33.2.6-д заасан үндэслэлээр дүгнэлт бичих бөгөөд тэдгээр нь тэмдэглэх болон тогтоох хэсгээс бүрдэнэ” гэсэн байх бөгөөд “О к” ХХК нь эдгээр зүйлүүдэд зааснаар татварын орлогоо үнэн зөв тодорхойлоогүй, нуун дарагдуулсан, нягтлан бодох бүртгэлээ буруу ташаа хөтөлсөн, татвараас зайлсхийсэн зэрэг асуудал байхгүй.
9. “О к” ХХК-ийн зүгээс НӨАТ шингэсэн үнийг Хадгаламж банкинд төлсөн хэрнээ дахин НӨАТ төлж байгаа нь нэг борлуулалт дээр давхар татвар төлж байгаа асуудал юм.
10. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 876 дугаар шийдвэр, түүнийг хэвээр үлдээсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2018/0065 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасантай нийцсэн тул хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
12. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар нь “О к” ХХК-ийн 2010-2012 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210022520 тоот актаар, тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш, Монгол шуудан банкнаас 632,392,454 төгрөгийн арматурыг худалдан авсан атлаа “Хүслэнт хулан” ХХК-аас худалдан авснаар НӨАТ-ын тайланд төлөх татварыг хасч тооцсон зөрчил гаргасан гэж дүгнэж, тус компанид захиргааны шийтгэл торгууль, алданги ногдуулаагүйгээр 63,239,245.4 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нөхөн төлүүлэхээр тогтоожээ.
13. Нэхэмжлэгч “О к” ХХК нь дээрх, татварын улсын байцаагчдын 210022520 тоот актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...худалдан авсан бараа бүтээгдэхүүнийхээ үнэд НӨАТ тооцон төлж, хүлээсэн үүргээ биелүүлчихээд одоо давхар татвар төлөх үндэслэлгүй” гэж тодорхойлон маргажээ.
14. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар төлөгч татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж тус тус заасан.
15. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “О к” ХХК нь 2011 оны 1060/25 тоот Авлага барагдуулах гэрээгээр, Монгол шуудан банк /эрх залгамжлагч нь Хадгаламж банк/ болон иргэн Ш.Баттөр нарын хооронд 2009 онд байгуулагдсан “Арматур зээлээр худалдан борлуулах тухай” гэрээний төлбөр болох 695,631,700.00 төгрөгийг хариуцан төлөх үүрэг хүлээсэн байх ба энэхүү гэрээний үүрэг хэрэгжихгүй явсаар талуудын хооронд маргаан үүсч, Хадгаламж банк нь “О к” ХХК-д холбогдуулан иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаснаар талууд эвлэрлийн гэрээ байгуулж, хариуцагч нь дээрх өр авлагын үлдэгдэл төлбөрийг төлж дуусгахаар, Хадгаламж банк нь 69,563,170 төгрөгийн НӨАТ-ын падааныг нэхэмжлэгчид шилжүүлэхээр тохиролцсоны дагуу “Хүслэнт хулан” ХХК-ийн гэх 007485999, 007485996 тоот НӨАТ-ын падаанууд “О к” ХХК-д шилжсэн, нэхэмжлэгч компани эдгээр падаануудаар худалдан авалт хийснээр НӨАТ-ын тайланд тусгасан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байна.
16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “О к” ХХК нь “Хүслэнт хулан” ХХК-тай бодитоор худалдан авалт хийгээгүй /арматур худалдан аваагүй/ буюу тус компанид нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байтлаа Хадгаламж банкны шилжүүлж өгсөн гэх 007485999 тоот падаанаар 2012 оны 4 дүгээр сарын 25-нд 313,301,545.00 төгрөгийн, 007485996 тоот падаанаар 2012 оны 4 дүгээр сарын 30-нд 319,090,909.00 төгрөг, нийт 632,392,454.00 төгрөгийн худалдан авалтыг хийснээр НӨАТ-ын тайланд тусган, татвар ногдуулах орлого бууруулсан зөрчил гаргасан нь тогтоогджээ. Иймд маргаан бүхий актаар дээрх зөрчилд 63,239,245.4 төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т заасантай нийцжээ.
17. Түүнчлэн, хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нь 750.385 тн арматурыг худалдан авахдаа худалдагчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болохыг дан ганц НӨАТ-ын падаанаар нотлохгүй, санхүүгийн анхан шатны бусад баримтуудаар нотлогдсоны үндсэн дээр татвар төлөгчийн албан татварыг хасч тооцох үндэслэлтэй, гэвч нэхэмжлэгч хуулийн этгээдээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь санхүүгийн бусад баримтаар нотлогдоогүй, шүүхүүд маргаан бүхий захиргааны актад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
18. Иймд “О к” ХХК-ийн “...“Хүслэнт хулан” ХХК-ийн падаан “хуурамч” гэдгийг бид мэдээгүй, мэдэх ч боломжгүй, манайхаас татварын албаны цахим систем тайланд тухайн нэмэгдсэн өртгийн падааныг шивж оруулахад шууд бүртгэгдэж, тухайн компанийн нэрээр оруулахад хүлээн авч байсан, ...Татварын алба өөрсдөө тус падааныг хүлээж аваагүй бол, хуурамч гэдгийг мэдээлэх үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч компани уг падааныг тайлагнахгүй байсан...” гэсэн хяналтын гомдол үндэслэлгүй байна.
19. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын утга найруулгын алдааг зөвтгөж, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийг баримталсан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулсан нь үндэслэлтэй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА/2018/0065 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА