Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/04254

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2023/04254

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны 04 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... дүгээр хороо, ... /14210/, өөрийн байранд байрлах, регистр ..., Х.Х.Б ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, Хасбаатарын гудамж, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Х овогтой Г-ын Г,

Хариуцагч: ... дүүргийн ... дугаар хороо, ... гудамж, ... байрны ... тоотод оршин суух, регистр ..., Ө овогтой М-ын Х,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээ цуцлах, 263 484 195.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Идэрбаяр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Чимэд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.Х.Б ХХК нь Г.Г, М.Х нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 263 484 195.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Х.Х.Б ХХК нь зээлдэгч Г.Г, М.Х нартай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ... тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ... тоот баталгааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ...-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, 200 000 000 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлүүлсэн. Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дүгээрт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлдэгч нар нь 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хэмжээг 215 000 000 төгрөг болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр . тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулсан... Мөн цар тахлын улмаас бизнесийн орлого буурсантай холбоотойгоор 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр зээлийн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасан. 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ... тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 183 хоногоор, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт өгч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... тоот гэрээнүүдийг байгуулан үндсэн зээл хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй тул нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлах, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

Зээлдэгч Г.Г нь Х.Х.Б-тай 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... тоот зээлийн гэрээ, ... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ... тоот баталгааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан. Зээлдэгч нь цар тахлын улмаас бизнесийн орлого буурсан тул 2020 оны 01 дугээр сарын 22-ны өдөр зээлийн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж ... тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 180 хоногоор, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт өгч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ... тоот гэрээнүүдийн байгуулан үндсэн зээл хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчиж зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулаагүй, гэрээний үүрэг зөрчигдөж байгааг мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах бодит боломжийг олгосон боловч гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг Зээлийн гэрээний хугацаа дууссан, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар шүүхийн журмаар гэрээг цуцлуулах үндэслэлтэй болно.

Зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Зээл 1 буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ... тоот гэрээгээр үндсэн зээл 168 344 916.92 төгрөг, зээлийн хүү 43 119 437.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 461.89 төгрөг нийт 211 542 816.24 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээл 2 буюу 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... тоот гэрээгээр үндсэн зээл 29 932 582.67 төгрөг, зээлийн хүү 20 102 355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 834 441.04 төгрөг нийт 51 869 379.51 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 72 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ...-3, ...-1, ...-1, ... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээнүүдээр барьцаалсан Г.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, ... дугаар давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дүгээрт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Х.Б-ны нэхэмжлэлтэй зээлийн гэрээний үүрэгт 263 484 195.75 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г, М.Х нар нь Х.Х.Б-тай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ... тоот зээлийн гэрээ болон ...-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ... тоот баталгааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ... тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 200 000 000 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж авсан. Зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хэмжээг 215 000 000 төгрөг болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... тоот Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан зээлийг нэмэгдүүлсэн. Мөн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот зээлийн гэрээ, ... тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг, БГ/... тоот барьцааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №3Б/... тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээг тус тус байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зорилготойгоор зээлсэн. Зээлийн нийт дүн 285 000 000 төгрөг болсон.

Зээлийн төлбөрийг өөрийн эзэмшлийн М хөлөг компанийн өмчлөлийн дэн буудлын бизнесийн орлогоор төлж байсан бөгөөд зээлийг 2020 оны 01 дүгээр сар хүртэл хэвийн төлсөн. 2019 оны 12 дугаар сараас дэлхий нийтээр дэгдсэн Ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас Монгол улс цар тахлаас сэргийлэх арга хэмжээг явуулж эхлэн Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот тогтоолоор улсын хэмжээнд 2020.02.13-2020.03.02-ыг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар дээрх хугацааг тасралтгүй сунгаж зарим үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж 2022 оны 02 дугаар сарын 14-нийг хүртэл дээрх хязгаарлалт үргэлжилсэн.

Энэ нөхцөл байдлын улмаас зээлдэгч нар зээлийн төлбөрийг өөрийн аж ахуйн орлогоор төлөх боломжгүй болсон тул Х.Х.Б-инд удаа дараа хүсэлт гарган Ковид-19 цар тахлын нөхцөл байдал сэргэн дэн буудлын үйл ажиллагаа хэвийн байдалд орох хүртэл зээлийн хүүг тооцохгүйгээр зээлийн хугацааг сунгаж өгөхийг хүсэж хүсэлт гаргасан боловч Банкны зүгээс зээлийн хугацааг хойшлуулсан боловч хүү тооцож хойшлуулсан юм. Урт хугацаанд орлогогүй байсан дэн буудлын үйл ажиллагаа зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан ч төлж чадхааргүй байсан тул зээлдэгчийн зүгээс дахин хүү тооцохгүйгээр зээлийн төлбөрийг хойшлуулаж өгөхийг хүссэн.

Гэвч банкны зүгээс хугацааг хойшлуулсан ч гэсэн сунгасан хугацааны төлбөрийг төлөх төлбөр дээр нэмж төлөхөөр хуваарь гарган шаардсан тул зээлдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй юм. Цар тахлын үед Засгийн газраас иргэдийн орон сууцны зээлийн төлбөрийг хүүгийн хамтаар хойшлуулсан. Дараа нь төлүүлэхдээ хойшлуулсан хугацаан дээр хүү тооцоогүй шууд төлөх төлбөрөө л төлөөд эхэлсэн байдаг бид ийм байдлаар шийдээд өгөөч гэж банкнаас хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймээс бид дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл /хх 9/, нотариатын нэхэмжлэх хуудас /хх 10-11/, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 12/, зээлийн хүсэлт /хх 13/, зээлийн гэрээ /14-15/, зээлийн эргэн төлөлийн хуваарь /хх 16-19/, баталгааны гэрээ /хх 20/, зээлийн нэмэлт гэрээ /хх 21-23/, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх 24-27/, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ /хх 28-32/, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх 33-37/, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх 38-39/, барилгажсан талбайн дэвсгэр газрын төлөв, байдал чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /хх 40/, М.Х ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 41/, М.Х ХХК-ийн дүрэм /хх 42-43/, Т.Т.Э.Э.Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 44/, Т.Т.Э.Э.Э ХХК-ийн дүрэм /хх 45-46/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 47-50/, мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг /хх 51/, зээлийн хүсэлт /хх 52/, шилжин ирсэн тодорхойлолт /хх 53-54/, зээлийн гэрээ /хх 55-56/, үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ /хх 57-62/, баталгааны гэрээ /хх 63/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх 64-65/, зээлийн нэмэлт гэрээ /хх 66-71/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх 72-75/, Х.Х.Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 76-77/, итгэмжлэл /хх 78, 167/, Х.Х.Б ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 168/,

Хариуцагчаас: Итгэмжлэл /хх 91/, Х.Х.Банд гаргасан хүсэлт /хх 96-98/, гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /хх 99/, М.Х ХХК-иас Х.Х.Б-ны Хуулийн хэлтэст гаргасан хүсэлт /хх 100-101/, Х.Х.Б-ны Хуулийн хэлтэст гаргасан хүсэлт /хх 100-101/, Нийслэлийн засаг даргын захирамж, хавсралт /хх 102-154/, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон хүнд нөхцөл байдал гэрчлэх журам /хх 161-162/, зээлийн тооцоолол /хх 179-182/, дансны хуулга /хх 183-221/, итгэмжлэл /хх 222/,

Шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр: Х.Х.Б ХХК-иас Г.Г, М.Х нарын зээлийн хувийн хэргээс зээлдэгч нарын орлого нотолсон, судлагдсан /хх1 228-250, хх2 1-130/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагаас Г.Г, М.Х нартай байгуулсан №3Г/... тоот зээлийн гэрээг цуцлах, 211 542 516 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Х.Х.Б-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, харин 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/... тоот гэрээний үүрэгт Г.Г, М.Х нараас 51 869 379.51 төгрөг гаргуулах шаардлагыг төлсөнд тооцож дуусгавар болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлж, энэ хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлүүдээр хангуулахаар шаардсан.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

Х.Х.Б нь Г.Г, М.Х нартай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ... тоот Зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, ... тоот Баталгааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ...-3 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, 200 000 000.00 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлүүлжээ.

Барьцааны гэрээгээр Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, Г.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дүгээрт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар эзэмших эрх зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байна.

Талууд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ... тоот "Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулж, зээлийн хэмжээг 215 000 000 төгрөг болгожээ.

 

Х.Х.Б нь Г.Г-тэй 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... тоот "Зээлийн гэрээ", ... тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ", ... тоот "Баталгааны гэрээ", 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ" байгуулж, 70 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.1. Зээлдэгч нар нь 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлээ төлөөгүй, зөрчлийг арилгаагүй үндэслэлээр Х.Х.Б зээлийн гэрээ цуцлахыг шаарджээ.

 

Зээлийн гэрээний хугацаа 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дуусах боловч гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй бол зээлдүүлэгчийн буюу нэг талын санаачилгаар гэрээ цуцлахаар тохирсон байна. Харин зээлдэгчийн буюу нөгөө талын санаачилгаар гэрээ цуцлах нөхцөлийг гэрээгээр тохироогүй нь хэт нэг талыг барьсан, зээлдэгчийн хувьд гэрээний нөхцөл тэгш бус гэж үзнэ.

4.2. Зээлдэгч Г.Г нар нь Х.Х.Б-тай 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... тоот "Зээлийн гэрээ", ... тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ", ... тоот "Баталгааны гэрээ", 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ... тоот "Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ" байгуулан 70 000 000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлжээ.

 

Зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ 2021 оны 7 дугаар сараас зөрчиж тогтоосон хугацаанд зээл төлөөгүй талаар нэхэмжлэгч маргаж, зээлийн гэрээний үүрэгт 51 869 379 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

4.3. 2019 онд дэлхий нийтээр тархсан короновирус ковид-19 цар тахлын улмаас Монгол улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай 30 дугаар тогтоол гарч улмаар "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай" Засгийн газрын 2020 оны 62 дугаар тогтоол, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" 2020 оны 63, 64, 102, 147, 188, 234 дүгээр тогтоол, 2021 оны 1, 31, 70, 103, 159 дүгээр тогтоолоор бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасан /Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем/,

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 01-р сарын 27-ны өдрийн Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/108 дугаар захирамж, 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/333 дугаар захирамж, 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн А/436 дугаар захирамж, 2020 оны 4 дүгээр сарын 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/521 дүгээр захирамж, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/313 дугаар захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 дүгээр захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамж, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/1320 дугаар захирамж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1280 дугаар захирамж, 2021 оны 1 дүгээр сарын 9-ний өдрхийн А/06 дугаар захирамж, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн А/25 дугаар захирамж, 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/161 дүгээр захирамж, 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/221 дүгээр захирамж, 2021 оны 4 дүгээр сарыэ 2-ны өдрийн А/246 дугаар захирамж, 2021 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн А/265 дугаар захирамж, 2021 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн А/357 дугаар захирамж, 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн А/553 дугаар захирамж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн А/1241 дүгээр захирамжуудаар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож удаа дараагийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

 

Улмаар Монгол улсын Их хурлаас 2020 оны 04 сарын 29 өдөр Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагджээ.

 

4.4. Ковид-19 цар тахлын улмаас 2020 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр гаргасан зээлдэгчийн хүсэлтээр ... тоот "Зээлийн нэмэлт гэрээ-г байгуулан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 183 хоногоор, ... тоот гэрээгээр үндсэн зээл хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулсан, энэ талаар талууд маргаагүй байна.

4.5. Х.Х.Б нь зээлдэгчийн ашиглалтад байх пос машинаас 2021 оны 10 дугаар сараас 2023 оны 7 дугаар сарын хугацаанд нийт 71 423 870 төгрөгийг татаж авсан, татагдсан мөнгөний үнийн дүнгийн талаар нэхэмжлэгч маргаагүй байна.

Зээлдэгчийн төлсөн 71 423 870 төгрөгийг ... тоот зээлийн гэрээ буюу 215 000 000 төгрөгийн зээлийн хүүнд тооцсон нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байна.

Талууд ... тоот болон ... тоот зээлийн эргэн төлөлтийг үндсэн зээл, зээлийн хүүг сар бүр тогтоосон хэмжээгээр төлөхөөр графикаар тохирсон бөгөөд зөвхөн нэг талын санаачилгаар буюу нэхэмжлэгчийн хүсэл зоригоор ... тоот буюу 215 000 000 төгрөгийн зээлийн гэрээний хүүнд тооцсон нь зээлдэгчийн эрх ашигт нийцээгүй байна.

4.6. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгчийн төлсөн 71 423 870 төгрөг нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй тул 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ... тоот гэрээний үүрэг үндсэн зээл 29 932 582.67 төгрөг, зээлийн хүү 20 102 355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 834 441.04 төгрөг нийт 51 869 379.51 төгрөгийг төлсөнд тооцож үүргийг дуусгавар болгож шийдвэрлэлээ.

4.7. Харин үлдэх 19 554 491 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн ... тоот гэрээний дагуу төлөх үндсэн зээл 168 344 916.92 төгрөг, зээлийн хүү 43 119 437.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78 461.89 төгрөг нийт 211 542 816.24 төгрөгөөс төлөгдсөн, өөрөөр хэлбэл, үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.

 

Зээлийн ... тоот гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй тул 211 542 816.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

4.8. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийн шаардлага хангах үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж нотлох баримтын шаардлага хангаж, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт гаргасан байна. Нотариатын зардалд 72 000 төгрөг төлснийг хангах үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 545 571 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Х.Б болон Г.Г, М.Х нарын хооронд байгуулагдсан 3Г/... тоот зээлийн гэрээг цуцалж, 211 542 516 төгрөг гаргуулах, Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхарын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, Г.Г-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ... дүгээрт бүртгэгдсэн ... дүүргийн ... хороо, ... хороолол, Хасбаатар гудамж, ... тоотод хаягт байрлах ... м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Х.Х.Б-ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х.Х.Б-тай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/... тоот гэрээний үүрэгт Г.Г, М.Х нар нь 51 869 379.51 төгрөгийг төлсөнд тооцож дуусгавар болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Х.Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 545 571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.  

 


 

                   

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА