Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00361

 

 

 

 

 

 

             

    2024          02            23                                       210/МА2024/00361

 

ХХБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04254 дугаар шийдвэртэй,

 

ХХБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Г.Г, М.Х нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцлах, 263,484,195.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.И, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч нарын өмгөөлөгч Д.А нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ХХБ ХК нь Г.Г, М.Х нартай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр RСС180511021-1 тоот зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, RСС180511021-1 тоот баталгааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр RCС180511021-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлүүлсэн.

Зээлдэгч нар нь үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Г.Гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ****************** хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ********************** талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Хасбаатар гудамж, 6/15 тоотод хаягт байрлах 123 м.кв талбайтай, нийтийн үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

1.2. 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗНГ/RСС181226054-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулсан.

1.3. Зээлдэгч Г.Г нь ХХБ ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр RСС190510011-2 тоот зээлийн гэрээ, RСС190510011-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, RСС190510011-2-н тоот баталгааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр RСС190516009-2-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг дахин байгуулан 70,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалсан.

1.4. Зээлдэгч нь цар тахлын улмаас бизнесийн орлого буурсан тул 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаж RСС200122010-2 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 180 хоногоор, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасны дагуу 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр RСС201224013-2 тоот гэрээг байгуулан үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулсан.

Мөн дахин 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн эргэн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасны дагуу 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/RСС200417013-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулан үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг 183 хоногоор, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зээлийн эргэн төлөлтийг 6 сарын хугацаагаар хойшлуулах хүсэлт өгч 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/РСС201224013-1 тоот гэрээг байгуулан үндсэн зээл, хүүгийн төлбөрийг 6 сараар хойшлуулсан.

1.5. Зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс зөрчиж, эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй бөгөөд энэ талаар тэдэнд мэдэгдэж, үүссэн зөрчлийг арилгах боломжийг олгосон.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй тул нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлах” гэж, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу банкны зүгээс нэг талын санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.

1.6. Зээлдэгч нар нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар  

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн RСС180511021-1 тоот гэрээний үлдэгдэл 168,344,916.92 төгрөг, зээлийн хүү 43,119,437.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,461.89 төгрөг, нийт 211,542,816.24 төгрөг,

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн RСС190510011-2 тоот гэрээний үлдэгдэл 29,932,582.67 төгрөг, зээлийн хүү 20,102,355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,834,441.04 төгрөг, нийт 51,869,379.51 төгрөгийн үлдэгдэлтэй,

шүүхэд нэхэмжлэхтэй холбогдон гарсан зардал 72,000 төгрөг гарсан тул нийт 263,484,195.75 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд RСС180511021-1-3, RСС180511021-1-1, RСС190510011-2-1, RСС190516009-2-3 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан Г.Гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1************* талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ***********************аягт байрлах, 393.12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, **********************д хаягт байрлах, 123 м.кв талбайтай, нийтийн үйлчилгээний газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1. Г.Г, М.Х нар нь ХХБ ХК-тай 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр RСC180511021 тоот зээлийн гэрээ болон RCС180511021-1-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, RСС180511021-1 тоот баталгааны гэрээ, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ЗБ/RСС180511021-1-3 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зориулалтаар зээлж авсан.

Зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хэмжээг 215,000,000 төгрөг болгон өөрчлүүлэх хүсэлт гаргаж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗНГ/RСС181226054-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г байгуулан нэмэгдүүлсэн.

Мөн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн RСС190510011-2 тоот зээлийн гэрээ, RСС190510011-2-1 тоот үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, БГ/RСС190510011-2 тоот барьцааны гэрээ, 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн ЗБ/RСС190516009-2-3 тоот үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 70,000,000 төгрөгийг жилийн 20.40 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар бизнест хөрөнгө оруулах зорилготойгоор зээлсэн. Зээлийн нийт дүн 285,000,000 төгрөг болсон.

2.2. Зээлийн төлбөрийг өөрийн эзэмшлийн “Мандах хөлөг” компанийн өмчлөлийн дэн буудлын бизнесийн орлогоор төлж байсан бөгөөд зээлийг 2020 оны 01 дүгээр сар хүртэл хэвийн төлсөн.

2019 оны 12 дугаар сараас дэлхий нийтээр Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улс цар тахлаас сэргийлэх арга хэмжээг авч, Засгийн газраас 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 62 тоот тогтоолоор улсын хэмжээнд 2020.02.13-2020.03.02-ны өдрийг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар дээрх хугацааг тасралтгүй сунгаж зарим үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл дээрх хязгаарлалт үргэлжилсэн.

Уг нөхцөл байдлын улмаас зээлдэгч нар зээлийн төлбөрийг аж ахуйн нэгжийн орлогоор төлөх боломжгүй болсон тул ХХБ ХК-д удаа дараа хүсэлт гарган Ковид-19 цар тахлын нөхцөл байдал сэргэн дэн буудлын үйл ажиллагаа хэвийн байдалд орох хүртэл зээлийн хүүг тооцохгүйгээр зээлийн хугацааг сунгаж өгөх хүсэлт гаргасан бөгөөд банкны зүгээс зээлийн хугацааг хойшлуулсан боловч хүүг тооцож байсан.

Зээл болон хүүгийн төлбөрийг хойшлуулсан ч төлж чадахааргүй байсан тул дахин хүү тооцохгүйгээр зээлийн төлбөрийг хойшлуулж өгөхийг хүссэн боловч банкны зүгээс хугацааг хойшлуулсан ч гэсэн сунгасан хугацааны төлбөрийг төлөх төлбөр дээр нэмж төлөхөөр хуваарь гарган шаардсан тул зээлдэгчийн зүгээс хүлээн зөвшөөрөөгүй.

2.3. Цар тахлын үед Засгийн газраас иргэдийн орон сууцны зээлийн төлбөрийг хүүгийн хамтаар хойшлуулсан. Дараа нь төлүүлэхдээ хойшлуулсан хугацаанд хүү тооцоогүй шууд төлбөрөө л төлөөд эхэлсэн байдаг. Бид ийм байдлаар шийдээд өгөөч гэж банкнаас хүсэлт гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй. Иймээс бид дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банк болон Г.Г, М.Х нарын хооронд байгуулагдсан ЗГ/RСС180511021-1 тоот зээлийн гэрээг цуцалж, 211,542,516 төгрөг гаргуулах, Г.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн **********тоотод хаягт байрлах 145 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн ********************* хаягт байрлах 393.12 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, Г.Гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22********* дүгээрт бүртгэгдсэн Баянгол дүүргийн *************************************** 123 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан Худалдаа хөгжлийн банктай байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/RСС190510011-2 тоот гэрээний үүрэгт Г.Г, М.Х нар нь 51,869,379.51 төгрөгийг төлсөнд тооцож дуусгавар болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,545,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

4.1. Анхан шатны шүүх нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй хэт нэг талыг баримтласан тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/RСС180511021-1 тоот “Зээлийн гэрээ”-г шүүхийн журмаар цуцалж, зээлдэгч Г.Г, М.Х нараас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүд 211,542,816.24 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан ЗГ/RСС190510011-2 тоот “Зээлийн гэрээ”-г цуцалж зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Г.Гөөс зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд 51,869,379.51 төгрөгийг төлсөнд тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал 72,000 төгрөгийг хангаагүй нь шүүгч хэргийн учир явдлыг бүрэн ойлгоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлээгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийг хариуцагчийн талд хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.2. Хариуцагч өөрийн сонгох эрхээ эдлэн автомат ажилбараар зээл татуулах хүсэлтийн дагуу ЗГ/RСС180511021-1 тоот зээлийн гэрээний хойшлуулсан зөрчлийн өр төлбөрийг 2021 оны 11 дүгээр сараас эхлэн зээлийн 473025024 тоот дансанд төлж байсан. Энэ нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ.” гэж зааснаар энэ зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхээр өөрөө сонгож гүйцэтгэсэн.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ.” гэж заасны дагуу илүү өндөр дүнтэй зээлийг хариуцагч өөрөө сонгон гүйцэтгэсэн ба банк хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн. Мөн зүйлийн 216.4 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.” гэж заасан.

Зээлийн гэрээнд үндсэн үүрэг хүү төлөх ба зээлийн гэрээний 5.6 дахь хэсэгт “банк эхний ээлжинд бодогдсон зээлийн хүүг бүрэн төлүүлсний дараа зээлийн үндсэн өрийг төлүүлнэ.” гэж заасны дагуу гэрээгээр тогтоосон үүргийг гүйцэтгүүлэхээр тохирсон.  Хариуцагч үүрэг гүйцэтгэсэн дарааллын талаар маргаагүй атал шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан нь зохигч нарын мэтгэлцээнийг зориуд нэг тал руу хандуулсан.

4.3. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасны дагуу нотлох баримтыг үнэлсэн хэдий ч тал бүрээс нь судлан шинжлээгүй, нотлох баримт дутуу, хэргийг бүрэн эргэлзээгүй шийдвэрлэх ач холбогдол бүхий нотлох баримтыг гаргуулаагүй зэрэг нь хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргахад нөлөөлсөн.

4.4. ЗГ/RСС190510011-2 тоот зээлийн гэрээний тухайд хавтаст хэргийн 72-75 хуудсанд авагдсан 473029403 тоот дансны зээл, зээлийн хүүгийн тооцооллоор 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 518,560 төгрөгийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлсөн нь өмнөх зээлийн гэрээнд төлбөр төлж эхэлсэн цаг хугацаатай ойролцоо байгаа ба энэ 2 зээлийн гэрээнд төлбөр төлөх үүргийн ухамсарласан, сонгох эрхийнхээ дагуу төлбөр төлөх үүргээ мэдэж байсан нь нотлогдож байна.

Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 04254 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.6 дахь хэсэгт ЗГ/RСС190510011-2 тоот зээлийн гэрээний өр төлбөрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ЗГ/RСС190510011-1 зээлийн гэрээний зөрчлийн өр төлбөрт төлөгдсөн 71,423,870 төгрөгийг ЗГ/RСС190510011-2 тоот зээлийн гэрээнд үндсэн зээлийн 29,932,582.67 төгрөг, зээлийн үндсэн хүү 20,102,355.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,834,441.04 төгрөгийг төлсөнд тооцож, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.7 дахь хэсэгт 71,423,870 төгрөгийг дээрх зээлд төлж үлдсэн 19,554,491 төгрөгийг ЗГ/RСС190510011-1 төлснийг мөн адил зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлсэнд тооцсон байна.

ЗГ/RСС190510011-1 тоот зээлийн гэрээний зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүнд төлөгдсөн 71,423,870 төгрөгөөс 51,869,379.51 төгрөгийг хасч ЗГ/RСС190510011-2 тоот зээлийн гэрээнд төлсөнд тооцож байгаа хэдий ч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөх үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү сэргэж, зээлийг хэвийн төлөвт шилжүүлэн үндсэн зээл 168,344,916.92 төгрөг, үндсэн хүү 43,119,437.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,461.89 төгрөг нийт 211,542,816.24 төгрөг дээр 51,869,379.51 төгрөгийг нэмж хуримтлуулах, зээлийн гэрээг цуцлахгүйгээр зээлийн төлбөрийн хуваарийн дагуу үргэлжлүүлэн хүү хуримтлуулах үүргийг хууль гэрээний дагуу банк хүлээх ба хэргийн зохигч нарт илт хохиролтой, хуульд нийцээгүй шийдвэр болсон.

Шүүгч нь энэ иргэний хэргийн нотлох баримтыг бүрэн шинжлэн судлаагүй, хэргийн учир холбогдлыг бүрэн дүүрэн ойлгоогүй нь дээрх нөхцөл байдлаас тогтоогдож байна.

4.5. Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн.

ЗГ/RСС190510011-1 тоот зээлийн гэрээний зөрчлийн өр төлбөр арилах нөхцөл бүрдээгүй. Нийт зээлийн гэрээний өр төлбөрт 211,542,816.24 төгрөг дээр нэмж 51,869,379.51 төгрөг нэмэгдэж байгаа ба зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгосон.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банк хангалттай өр төлбөрийг барагдуулах хугацаа өгсөөр байтал төлөгдөөгүй нь зээлийн гэрээг Иргэний хууль болон холбогдох хуулиудаар цуцлуулах бүрэн үндэслэлтэй байна.

ЗГ/RСС190510011-1 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлөгдсөн 71,423,870 төгрөгөөс 51,869,379.51 төгрөгийг хасч ЗГ/RСС190510011-2 тоот зээлийн гэрээг төлсөнд тооцож байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно” гэж, мөн зүйлийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж тус тус заасныг зөрчсөн.

Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй” гэдгийг “зээлдэгч нь гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан.

Тодруулбал зээлийн хүүг зээл ашигласан хугацаагаар буюу зээлийн төлбөрийг бүрэн буцаан төлж дуусах хүртэлх хугацаагаар тооцох бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөлгүйгээр үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсний улмаас банк нэг талын санаачилгаар зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд зээлдэгч нь зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Түүнчлэн Иргэний хуулийн 236-240 дүгээр зүйлээр үүрэг дуусгавар болох үндэслэлийг хуульчилсан хуулийн шаардлагыг зөрчсөн, банкийг илт хохиролд оруулсан шийдвэр байна.

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч талыг баримтлан зөвлөмж өгсөн, хэргийг хариуцагчийн талд хөтлөн асуулт тавьсан, нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх үүргээ шүүх биелүүлээгүй, хариуцагч нарын тайлбарт үндэслэн нэг талын шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04254 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Би ХХБ ХК-аас 215,000,000 төгрөг, 70,000,000 төгрөгийн зээлийг тус тус авсан. Эдгээр зээлийг Ковид-19 өвчин гарах хүртэл нэг ч өдрийн хоцрогдолгүйгээр сар бүр 12,000,000 төгрөгийн зээлийг төлж байсан. Ковид-19 өвчин гарснаар Улсын онцгой комиссын шийдвэрээр зочид буудлын үйл ажиллагааг 2020 оноос 2021 оны 07 дугаар сар хүртэл хаасан. 2021 оны 07 дугаар сараас улсын хэмжээнд шар түвшинд шилжиж, 50 хувийн дүүргэлттэй, орой 22 цагаас хойш хүн авч болохгүй гэсэн Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ажиллаж байсан.

5.2. Бид нар 2021 оны 10 дугаар сараас ХХБ ХК-ийн пос машинаар зээлээ төлж байсан. Нэхэмжлэгч талаас биднийг 215,000,000 төгрөгийн зээлийг сонгож төлсөн гэж тайлбарлаж байна. Бодит байдал дээр аль зээлийг төлөхийг сонгох боломжгүй. Яагаад гэвэл бид ХХБ ХК-ийн пос машинаар мөнгөө уншуулдаг, тухайн пос машинаас мөнгө авах боломжгүй бөгөөд аль зээлийн төлөлтөд авах нь нэхэмжлэгч байгууллагын эрх юм.

Тухайн үед 70,000,000 төгрөгийн зээл 29,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ зээлийг эхэлж төлөх талаар аман байдлаар нэхэмжлэгч талд хэлж байсан. Гэвч ХХБ ХК тухайн хүсэлтийг хүлээж аваагүй. Сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа нэхэмжлэлтэй танилцахад бидний төлсөн 71,000,000 төгрөгийг 215,000,000 төгрөгийн зээлийн хүүд тооцож авсан байсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4 дэх заалтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.3. ХХБ ХК тэргүүн ээлжид төлбөрөө барагдуулах эрхтэй гэж тайлбарладаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрсдөө хуулийг буруу тайлбарлаж, давж заалдах гомдол гаргаж байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт “...Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэж заасан.

Өөрөөр хэлбэл улсын тэмдэгтийн хураамж, үндсэн зээл, зээлийн төлөлтийг төлсний дараа сүүлд хүү төлнө гэж заасан. Энэ зарчмын дагуу анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “...Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй.

Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж заасан. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд сонгох эрхийг хязгаарласан заалтыг оруулсан. Энэ нь нэмэгдүүлсэн хүү болон хүүг тэргүүн ээлжид авна гэсэн хууль зөрчсөн зүйл заалтыг зээлийн гэрээнд оруулж, үүнийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Талууд харилцан тохиролцож, зээлийн хугацааг хойшлуулсан байх хугацаа буюу 1 жил 6 сарын хугацаанд гарсан зөрчлийг гэрээнээс үүссэн зөрчил гэж тайлбарладаг. 2 зээлийг хоёуланг нь хариуцагчийн орлого олж байгаа ганц эх үүсвэр болох буудлаас олж байгаа орлогыг пос машин авч байгаа бөгөөд пос машины дансаар хариуцагч нарын авсан зээлээс аль зээлийн төлбөрийг төлж байгаа нь ойлгомжгүй. Аль зээлийг төлөхийг сонгох эрх хариуцагчид байгаа.

Хариуцагч нар зээл авснаас хойш 103,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлсөн. Хариуцагч нар зээлийн хүүг төлөхгүй гэж маргаагүй. Ковид-19 өвчний үед хойшлогдсон байсан зээлийн хүүг түрүүлж авч байгаа нь буруу гэж маргадаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ХХБ ХК нь хариуцагч Г.Г, М.Х нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцлаж, 263,484,195.75 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.1. ХХБ ХК болон Г.Г, М.Х нарын хооронд 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр ЗГ/RСС180511021-1 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдэгч нар 200,000,000 төгрөгийг жилийн 18.60 хувийн хүүтэй зээлж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргийг хүлээсэн, гэрээний хугацааг 60 сар, зориулалтыг хөрөнгө оруулалтын гэж талууд тодорхойлжээ.    

Энэ зээлийн гэрээнд 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ЗНГ/RCC181226054-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хэмжээг 15,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр,

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ЗГ/RCC200417013-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 66 сар /5 жил, 6 сар/ байхаар сунгаж,

2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/RCC201224013-1 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 78 сар /6 жил 6 сар/ байхаар сунгасан өөрчлөлтүүдийг тус тус оруулжээ. Талууд энэ талаар маргаагүй.

3.2. Мөн ХХБ ХК болон Г.Г, М.Х нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/RСС190510011-2 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж,  уг гэрээгээр зээлдэгч нар 70,000,000 төгрөгийг жилийн 18.40 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 4.08 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатайгаар хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн.

Энэ зээлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/RCC201224013-2 дугаартай зээлийн нэмэлт гэрээгээр зээлийн хугацааг 36 сар /3 жил/ болгож сунгасан өөрчлөлт оруулжээ. Мөн талууд энэ талаар маргаагүй.

3.3. Тэдний хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Дээр дурдсан зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

5. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  ЗГ/RСС180511021-1 дугаартай зээлийн гэрээг цуцлах үндэслэл тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.

5.1. Зээлдэгч нар зээлийн гэрээний хуваариар тохирсон зээл буцаан төлөх үүргийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс зөрчсөн тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг шаардах эрхтэй.

Түүнчлэн энэ талаар талууд тус гэрээний 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт “зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” бол зээлдэгч гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцлаар тохиролцсон нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 5.2. ХХБ ХК нь Г.Г, М.Х нарт зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг хэсэгчлэн төлөх үүргийн хугацаа хэтэрсэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6/12786 тоот албан бичгээр мэдэгдсэн нь  Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт зааснаар урьдчилан сануулсан гэж дүгнэнэ.

5.3 Зээлдүүлэгч нь энэ зээлийн гэрээг цуцлах эрхээ Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй.

5.4. Хариуцагч нарын энэ зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр үндсэн зээлийн  үлдэгдэл 168,344,916.92 төгрөг, зээлийн хүү 43,119,437.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 78,461.89 төгрөг, нийт 211,542,816.24 төгрөг байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

6. Талуудын хооронд 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан ЗГ/RСС190510011-2 дугаартай зээлийн гэрээний үүргийг зээлдэгч тал төлсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй алдаатай болжээ.

 Энэ зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нар 2021 оны 07 дугаар сараас зөрчсөн талаар талууд маргаагүй тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлсэн, уг эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл болох гэрээний үүргийг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон талаар талууд маргаагүй.

Энэ гэрээний үүрэгт зээлдэгч нар үндсэн зээл 29,932,582 төгрөг, зээлийн хүү 20,102,355 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,834,441 төгрөг, нийт 51,869,379 төгрөг төлөх үүрэгтэй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

7. Харин зээлдэгч нараас дээр дурдсан 2 зээлийн гэрээний үүрэгт нийт 71,423,870 төгрөг төлснийг 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/RСС190510011-2 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцсон нь буруу.

 

8. Зээлдэгч нар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ЗГ/RСС180511021-1 дугаартай зээлийн гэрээний үүрэгт  211,542,816 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/RСС190510011-2 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 51,869,379 төгрөг, нийт 263,412,195 төгрөгийг төлөх үүрэгтэй байх бөгөөд тэдний төлсөн 71,423,870 төгрөгийг нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хасч тооцжээ.

Иймд хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 263,412,195 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

9. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор зээлдэгч нарын хүсэлтийг зээлдүүлэгч хүлээн авч зээлийн гэрээний хугацааг сунгаж, зээлийн хүү төлөх хугацааг хойшлуулсан байна.

Уг зээлийн гэрээний үүргийг аж ахуйн нэгжийн орлогоор төлөхөөр талууд тохиролцоогүй, хариуцагч иргэд болох Г.Г, Н.Халиун нарын эрхэлж буй “Мандах хөлөг” ХХК-ийн дэн буудлын үйл ажиллагаа сэргэж хэвийн болох нөхцөл энэ зээлийн гэрээнд хамаарахгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй. 

Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийн гэрээнд оруулсан өөрчлөлт нь Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд заасан иргэдийн ипотекийн зээлд хамаарахгүй. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хөрөнгө оруулалтын зориулалтаар байгуулжээ.   Иймд талууд харилцан тохиролцож зээлийн гэрээний  эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд хүндэтгэн үзэх үндэслэл байвал зээлдэгч нар нь Иргэний хуулийн 220, 221 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг цуцлах  эрхийг хэрэгжүүлэх боломжтой байсан уг эрхээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч талыг зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зээлдэгч нарт хохиролтойгоор байгуулсан гэж дүгнэхгүй. 

 

10. Анхан шатны шүүх  Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргажээ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг хэрэглэхийн тулд урьдчилсан нөхцөл болох үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон буюу зээлийн гэрээний хугацаа дууссан байх, зээлдэгчийн бүх өрийг төлөхөд тэдгээрийн үүргийг гүйцэтгэл нь хүрэлцэхгүй байх нөхцөл бүрдээгүй байна. Иймд ззээлдэгч нарын төлсөн төлбөрийг үндсэн үүргээс хасч тооцох боломжгүй.  

 

11. Зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул энэ маргаанд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зохицуулалт хамаарахгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

12. Иргэний хуулийн 221 дугаар зүйлийн 221.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасан.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нотлох баримтыг нотариатчаар гэрчлүүлж 72,000 төгрөгийг төлснийг хохиролд тооцож хариуцагч нараас гаргуулах нь зүйтэй байна.

 

12.1.  ХХБ ХК болон Г.Г, М.Х нар 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар мөн өдөр Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, Г.Гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн *****************145 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн *************************** м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-2205000551 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн *****************тоотод хаягт байрлах, 123 м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.

Мөн тэдгээрийн хооронд 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээр дурдсан 3 хөрөнгийн барьцааны гэрээний дагуу барьцаалжээ.

12.2. Талуудын хооронд байгуулагдсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

12.3. Зээлдэгч Г.Г, М.Х нар нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч ХХБ ХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу дээр дурдсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг захиран тушаах хэлбэртэй байна гэснийг анхан шатны шүүх зөрчиж шийдвэрийн 4 дэх хэсгийг хүүрнэх хэлбэрээр бичсэн алдааг залруулна.

 

14. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2023/04254 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.Г, М.Х нараас зээлийн гэрээний үүрэгт 263,484,195 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХК-д олгосугай.” гэж

2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Г.Г, М.Х нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Г.Гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-22*********** дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн ***********************байрлах, 145 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай, 5 дугаар давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ****************************үйлчилгээний зориулалттай барилгын 1-4 дүгээр давхрын хэсэг үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Э-22************ дүгээрт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 1********************* талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалттай газар эзэмших эрхийг тус тус худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч ХХБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,545,571 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, М.Х нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,545,571 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХБ ХК-д олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж,

4 дэх заалтад “эрхтэй” гэснийг “эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,475,371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЗОЛЗАЯА

                                           

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Г.ДАВААДОРЖ

                                                                                             

  ШҮҮГЧ                                              Э.ЗОЛЗАЯА