Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/04376

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2023/04376

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... дүүргийн ... хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны ... тоотод оршин байрлах, регистр ..., Д.Э.Т ХХК,

Хариуцагч: ... дүүргийн ...-р хороо, өөрийн байранд оршин байрлах, Н.Ш.Ш.Г.Г,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хуяг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.Э.Т ХХК нь Н.Ш.Ш.Г.Г-т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Э.Т ХХК-иас 13 975 490 918 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5 087 950 төгрөгийг гаргуулж Х.Б ХХК-д олгох, хариуцагч төлбөрөө төлөөгүй тохиолдолд Д.Э.Т ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... өргөн чөлөө гудамж, үйлчилгээний зориулалттай ... барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны шатанд манайх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хийлгэж 49 975 851 000 төгрөгөөр үнэлж, үнийн санал хүргүүлсэн боловч Хас банк үнийн саналыг зөвшөөрөөгүй. Н.Ш.Ш.Г.Г 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4/177 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-иар үнэлгээ хийлгэсэн. Хөрөнгө-Эстимэйт ХХК нь Д.Э.Т ХХК-ийн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур буюу 30 563 804 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ ... дэлгүүр нь Баянгол дүүргийн ... дугаар .... байрладаг, ... давхар, доороо ... давхар зоорийн давхартай нийт .... м.кв талбайтай, ... дугаар давхарт ... дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг. Зах зээлийн үнэлгээг хийхдээ үнэлгээний 3 аргаар буюу орлогын, хандлагын, харьцуулалтын аргаар үнэлсэн байх ёстой. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд Баянзүрх дүүрэгт байрлалтай үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулсан. Тэгэхээр энэ харьцуулалтын арга нь үнэлгээний олон улсын стандарттай нийцээгүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1-т шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол тусгай мэдлэг бүхий, тухайн хэрэгт хувийн сонирхолгүй этгээдийг ирүүлэх, хөрөнгийн үнэлгээ хийх шинжээчээр ажиллах боломжтой эсэхийг урьдчилан тодруулсан байх шаардлагатай. Шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайланг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээж авсан, гэтэл энэ өдрөө шинжээчид эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан. Өөрөөр хэлбэл, шинжээчид эрх үүрэг тайлбарлаагүй. Мөн 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн мэдэгдэлд ... м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгөө 3 хоногийн дотор үнэлгээнээс багагүй үнээр бие даан борлуулах санал гаргаж болно гэсэн байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд ... м.кв талбайтай байхад ... м.кв болгоод мэдэгдэл өгсөн байна. Эдгээр үндэслэлээр ... худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 30 563 804 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Хас банкны нэхэмжилсэн 13 975 490 918 төгрөгийн төлбөрөөс 3 082 117 500 төгрөгт тооцон барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхрын 2 ... м.кв, 1 дүгээр давхарын ... м.кв талбайг шилжүүлж, бусад төлбөрийг графикаар төлөхөөр тохирсон байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд 1 дүгээр давхраасаа шилжүүлэхгүйгээр зөвхөн 2 давхрын 2 034.6 м.кв талбайг 2.7 тэрбум төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлэх болсон. Хоёр тал зөвшөөрөөд шилжүүлэх болж Баянгол дүүргийн улсын бүртгэлд албан бичгээр явуулсан. Улсын бүртгэлд өөрчлөлт орж, гэрчилгээ нь солигдсон. Ингээд өөрчлөлт орсон хэмжээгээр шинжээч томилсон. Тайлан авсан өдрөө шинжээчид эрх, үүрэг тайлбарласан талаар өмнөх шүүх хурал дээр ярьсан. Ноцтой алдаа биш гэж үзсэн. Баянзүрх дүүрэгт байрлах барилгатай харьцуулж үнэлсэн талаар мөн өмнө нь яригдсан гэв.

3. Нэхэмжлэгчээс: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 5/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 846 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж /хх 6-9/, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 4718 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж /хх 10-11/, Хөрөнгө Эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /хх 12-52/, 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 4/14349 тоот мэдэгдэл /хх 53/, Гэрэгэ эстимэйт ХХК-ний үнэлгээний тайлан /хх 54-97/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 2331 дүгээр нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх 98-/, дуудлага худалдаа явуулах тогтоол /хх 100-101/,

Хариуцагчаас: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг, хэрэг гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 151-250/, /2хх 1-6/, итгэмжлэл /хх 15/,

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр: Хөрөнгө эстимэйт болон Гэрэгэ эстимэйт ХХК-ний хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 129-150/, шүүхийн шийдвэр, магадлал, шүүх хуралдааны тэмдэглэл /хх 104-123/, эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 113-226/ зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.Э.Т ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгө үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

2.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 сарын 28-ны өдрийн 846 дугаар Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Д.Э.Т ХХК-иас 13 975 490 918 төгрөг гаргуулж Х.Б ХХК-д олгох, энэ төлбөрөөс 3 082 117 500 төгрөг тооцон улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэгдсэн, Д.Э.Т ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... өргөн чөлөө гудамж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө буюу ... төвийн барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хүчинтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

2.1. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШЗ2019/04718 тоот захирамж, 00379 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж, хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа хийгдсэн, энэ талаар талууд маргаагүй байна.

2.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд төлбөр төлөгч Д.Э.Т ХХК нь Х.Б ХХК-тай дээрх үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын ... м.кв талбайг 2 746 710 000 төгрөгт тооцон төлбөрт шилжүүлэхээр тохирсон, улмаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Д.Э.Т ХХК-д 2155.73 м.кв талбай бүхий 000706072 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгогджээ.

2.3. Төлбөр төлөгч Д.Э.Т ХХК нь барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг хөрөнгө үнэлгээний Гэрэгэ эстимэйт ХХК-иар үнэлүүлсэн, 2020 оны 2 дугаар 14-ний өдрийн зах зээлийн ханшаар дээрх хөрөнгийг 49 975 851 000 төгрөгөөр үнэлжээ. Албадан дуудлага худалдаагаар худалдах үнийн саналыг төлбөр төлөгч энэ үнэлгээгээр өгсөн байна.

Төлбөр авагч Х.Б ХХК үнийн санал гаргаагүй, харин энэхүү үнэлгээг зөвшөөрөөгүй тул 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлтийг /хх 193/ гаргажээ.

2.4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/177 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

Шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтээр төлбөр төлөгч Д.Э.Т ХХК-ний 2155.73 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 30 563 804 000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 8-р зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заажээ.

Харин шинжээч зах зээлийн үнэлгээнд харьцуулан жиших аргыг хэрэглэхдээ ..., ... Хиллийн эсрэг талд, ... зам дагуу, ... хороололд, Бөхийн өргөөний урд, ... центр гэх зэрэг нэр, байршил, зориулалт нь тодорхойгүй барилга байшинтай харьцуулсан, Баянзүрх дүүрэгт байрлалтай хөрөнгөтэй харьцуулах замаар үнэлгээ гаргасан нь ... худалдаа, үйлчилгээний төвийн зах зээлийн үнэлгээ бодитой, үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.

2.5. Гэрэгэ эстимэйт ХХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 49 975 851 000 төгрөгөөр үнэлсэн, харин шинжээч Хөрөнгө-Эстимэйт ХХК 30 563 804 000 төгрөгөөр үнэлсэн нь хэт зөрүүтэй, зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэж үзнэ.

2.6. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар шинжээчид эрх, үүрэг, хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна. Харин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчийн дүгнэлт гарч, дүгнэлтийг хүлээлгэн өгсөн өдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шинжээчид эрх, үүрэг тайлбарласан нь энэ хуулийн 10.8-д заасан ...энэ зүйлд заасан журмыг зөрчиж шинжээч томилохыг хориглоно гэснийг зөрчсөн байна.

 

2.7. Хөрөнгийн үнэлгээний тухай /2010/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэнийг хэлэх ба үнэлгээчин Б.Батзаяа нь тухайн үед үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй байжээ.

 

Сангийн сайдын 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 130 дугаар тушаалаар Б.Б-д хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ний захиралын 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01/02 тоот тушаалаар түүнийг мэргэшсэн үнэлгээчнээр томилсон байна.

 

3. Д.Э.Т ХХК-ний нэхэмжлэлийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Ш.Ш.Г.Г-ын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн .... тоот мэдэгдлээр мэдэгдсэн, төлбөр төлөгч Д.Э.Т ХХК-ний үл хөдлөх эд хөрөнгийг 30 563 804 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э.Т ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА