Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00455

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00455

 

 

**********-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/04288 дугаар шийдвэртэй,

**********-ийн нэхэмжлэлтэй, ********т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2019/00846 дугаартай захирамжаар төлбөр төлөгч "Ди Эйч Ти" ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 13,975,490,918 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 5,087,950 төгрөгийг гаргуулж, "Хас банк ХХК-д олгож, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг "Ди Эйч Ти" ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоотод байрлалтай, үйлчилгээний зориулалттай, Ү-2205034474 дугаарт бүртгэгдсэн хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Тус компани хөрөнгөө 49,975,851,000 төгрөгөөр үнэлж, үнийн санал хүргүүлсэн боловч төлбөр авагч "Хас" банк ХХК саналыг зөвшөөрөөгүй тул ******** 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 4/177 дугаартай тогтоолоор "Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон.

Гэтэл "Хөрөнгө эстимэйт" ХХК 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дээр дурдсан үл хөдлөх хөрөнгийг 30,563,804,000 төгрөгөөр үнэлснийг хариуцагч танилцуулсан. ********т үнийн санал өгөхөөс өмнө 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр "Гэрэгэ-Эстимейт" ХХК-аар компани үнэлгээ хийлгэсэн. Энэ тайлангаар тухайн үл хөдлөх эд хөрөнгө 49,975,851,000 төгрөгөөр үнэлэгдсэн.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл хөрөнгийн үнэлгээний тайланд хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэлийг агуулсан байхаар заасан.Үнэлгээний тайланд жиших хөрөнгүүдийн эх сурвалж нотлох нотолгоо байхгүй байна. Мөн үнэлгээний тохируулсан хэмжигдэхүүнүүдийг үнэлж буй хөрөнгөд хэрэглэхдээ тооцооллын алдаатай. Иймээс шинжээчийн тогтоосон үнэлгээний үнийн зөрүү асар их буюу 19,412,047,000 төгрөгөөр зөрүүтэй байгаа нь нэхэмжлэгчийн хөрөнгө үнэгүйдэх эрсдэлийг бий болгож байна.

Хариуцагч байгууллагаас тодорхой хэмжээний зөрчилтэй дүгнэлт гаргасан. Нэгдүгээрт шинжээч тогтоол үйлдээд тогтоол үйлдсэн даруйдаа шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй, хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан өдрөөр эрх, үүрэг тайлбарлаж танилцуулсан. Урьдчилж хууль сануулж, нөхцөл байдлыг танилцуулснаар мэдвэл зохих эрх, хүлээвэл зохих үүрэг үүснэ.

Мөн үнэлгээний тайланд төлбөр авагч болоод төлбөр төлөгч талуудын хооронд үүрэг нь гүйцэтгэгдсэн байх хэмжээтэй үнийн дүн тавьж үнэлгээ тогтоожээ. Үүрэг нь хэрэгжсэн газар дахиж үнийн дүнтэй үүрэг ногдуулж, төлбөрийн дүн, ажлын хөлс тухайн хэмжээгээр үнэлэгдсэн ажлын хөлсийг төлбөр төлөгч байгууллага дээр нэмэлт асуудал орж ирж байна. Шинжээчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн байгууллагатай ямар харилцаа, хамааралтай дүгнэлт гаргах ёстой байсан бэ гэдэг нь бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Шинжээчийн дүгнэлт хуульд нийцэхгүй. Шинжээчээр ажилласан гэх Д.Гантулгад эрх олгосон итгэмжлэл байхгүй, үнэлгээ хийж буй компанид ямар хамаарал бүхий этгээд, ямар нөхцөл байдлаар ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй байна. н.Батзаяа гэх хүн хөрөнгийн үнэлгээ хийх эрхгүй байсан. Гэтэл энэ хүн яагаад 2020 оны хөрөнгийн үнэлгээ дээр гарын үсэг зураад байгааг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тодорхой хэмжээний хууль зөрчсөн нөхцөл байдлууд дээр тогтоолоо 04 дүгээр сарын 02-ны өдөр үйлдчихээд шинжээч нь 04 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зурсан тодорхой баримт авагдсан. Эдгээр нөхцөл байдлуудын улмаас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Төлбөр 13,975,490,918 төгрөгөөс 3,082,117,500 төгрөгт тооцон Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 13 хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоот хаягт байрлах, Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн 1, 2 дугаар давхрыг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор шилжүүлж, үлдэх 10,893,373,418 төгрөгийг хуваарийн дагуу төлж барагдуулах, хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр эхлүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан 23 тоот хаягт байрлах Y-2205034474 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19250580/01 дугаартай тогтоолоор битүүмжлэх ажиллагаа хийсэн.

Мөн хуулийн 54 дүгээрт зааснаар 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19250580/05 дугаартай тогтоолоор хураах ажиллагааг явуулсан. Ингээд хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр "Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилж, үнэлгээ хийлгэж, шинжээч дээрх үл хөдлөх хөрөнгийг 30,563,804,000 төгрөгөөр үнэлсэн болохыг талуудад мэдэгдсэн.

Үнэлгээ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн өөрсдийнх нь хийлгэсэн үнэлгээ хэрэгт хамааралгүй. Шинжээчид эрх, үүрэг танилцуулаагүй гэж байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар эрх, үүргийг тодорхой хугацаанд танилцуулна гэсэн зохицуулалт байхгүй.

Шинжээч өөрөө хөрөнгийн үнэлгээг хийхэд талуудтай ямар нэгэн харилцаа хамаарал, татгалзал байна уу гэдгээ шалгаад, гарын үсгээ зураад ажлаа хийдэг. Шинжилгээ хийхээс татгалзах зүйл байхгүй гэдгээ илэрхийлж, хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлсэн өдрөө гарын үсэг зурсан боловч үүнийг хуулиар нарийвчилж зохицуулаагүй, Байгууллагыг шинжээчээр томилсон гэж нэхэмжлэгч тал ярьдаг. Манай байгууллага 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоолоор "Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчийн нэрийн хамт заагаад явуулсан. Манай байгууллагаас шинжээч томилох тогтоолын загварыг баталдаг, бид практикт хэрэгжүүлээд явж байгаа. Баталсан загвар нь хууль тогтоомж зөрчөөгүй. Яагаад компанийг нэрлэж давхар оролцуулдаг вэ гэхээр манай байгууллага хөрөнгийн үнэлгээг аж ахуйн нэгжээр хийлгэхдээ хөрөнгийн үнэлгээний эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд тендер зарлаад, шалгарсан байгууллагатай гэрээ байгуулдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан ********т холбогдох, Баянгол дүүрэг, 3-дугаар хороолол, 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоот хаягт байршилтай, 21155.73 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай **********-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүх маргаж байгаа үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

4.1. Эвлэрсэн захирамж, гүйцэтгэх хуудсанд заасны дагуу **********-ын өмчлөлд бүртгэлтэй 21155.73 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 дугаар давхрын 2108.85 м.кв, 1 дүгээр давхрын 174.2 м.кв талбайг төлбөр авагч Хас банкны өмчлөлд шилжүүлсэн байхад хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас битүүмжлэх, хураан авах тогтоолд үл хөдлөх хөдлөх хөрөнгийн талбайн өөрчлөлтийг дурдаагүй, шинжээч томилсон тогтоолд ч оруулан тооцсон байхад анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй.

4.2. Гэрэгэ-Эстимейт ХХК-аар үнэлгээ хийлгэхэд 49,975,851,000 төгрөгөөр үнэлсэн. 2 үнэлгээнд 20 тэрбум төгрөгийн зөрүү гарч байгаа.

4.3 "Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд тухайн байгууллагыг төлөөлж шинжээч томилсон тогтоолд хууль сануулсан мэтээр Д.Гантулгад танилцуулж гарын үсэг зуруулжээ. Өөрөөр хэлбэл, шийдвэр гүйцэтгэгч нь шинжээчээр байгууллагыг томилсон нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг шинжээчээр томилох тухай хуулийг зөрчсөн.

Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг Б.Бат-Энх нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байдаг. Б.Бат-Энхэд шинжээчийн эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан танилцуулж хууль сануулаагүй.

4.4 Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна", мөн хуулийн 9.2-т "Энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна." гэж тус тус заасан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг хүлээн авсны дараа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг талаар тодруулж, энэ тухай шинжээчээр томилох тогтоол гаргаагүй Д.Гантулгад танилцуулсан нь үндэслэлгүйн зэрэгцээ ... шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна... гэсэн хуулийн заалтыг зөрчиж дүгнэлт гарсны дараа зөвшөөрлийг авч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1- д заасан ...урьдчилан тодруулна..." гэснийг зөрчсөн байхад анхан шатны шүүх үнэлгээтэй холбоотой маргаж байхад дүгнэлт хийгээгүй.

4.5. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно" гэж заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй байгаа нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна", "хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх" шаардлагыг хангаагүй.

Үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, үл хөдлөх эд хөрөнгийн байршил, хийц, загварын хувьд ойролцоо, тухайн үед худалдахаар зарлагдсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах барилга-обьектуудтай харьцуулсны үндсэн дээр дүгнэлтээ гаргаагүй.

4.6. Шинжээч томилох тогтоолд Хөрөнгө эстимэйт ХХК-ний гаргасан дүгнэлтийн 5 дахь хуудсанд биед үнэлж буй хэргийн шинж байдлыг тодорхойлох зорилгоор үзлэг хэмжилтийг хийсэн гэж дурдаад Барилга зураг төслийн "Уулс дөл ХХК-ний хэмжилтийн дүгнэлтийг үндэслэл болгож дүгнэлт гаргасан байдаг. Шинжээч шаардлагатай гэж үзвэл эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргахтай холбоотой баримт бичиг шаардаж авах эрхтэй ч энэ талаар дүгнэлтэд тусгаагүй, хэмжилтийг үнэн зөв гэж үзсэн ямар нэгэн нотлох баримт байхгүй, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хэмжилт хийх эрхгүй, энэ дүгнэлтийг ямар журмаар, хэнээс гаргуулан авсан тодорхойгүй, хамтарсан дүгнэлт гаргасан байна.

4.7. 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 4/177 дугаартай "шинжээч томилох тухай тогтоол"-д Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор үнэлгээ хийхийг даалгасан, Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд шинжилгээ хийх хугацааг тогтоосон боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11.2 "Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтооно." мөн хуулийн 14.1.2-т шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах" гэснийг зөрсөн гэж үзэж байна. Учир нь 04 дүгээр сарын 02-ны өдрийн тогтоол шинжээчид хэдний өдөр хүргэгдсэн нь тодорхойгүй боловч уг өдрөөс тоолбол 13 хоногийн дотор 22,000,000 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн талаархи барилга байгууламжийн ерөнхий мэдээлэл, барилга байгууламжийн хийц, бүтээцийн мэдээлэл, газар, эзэмших эрхтэй газрын талбайн мэдээлэл, зах зээлийн судалгаанууд, үүнд: ижил төстэй, оффисын, үйлчилгээний барилгын орлогын хэмжээ, санхүүгийн баримтууд, хорогдуулсан мөнгөн гүйлгээний аргаар өнөөгийн үнэ цэнийг тодорхойлох, түрээсийн үнийн судалгаа, газрын үнэлгээ, барилгын үнэлгээ, нийт үнэлгээ гэх зэрэг олон хүчин зүйлүүдийг судлан, үндэслэл бүхий дүгнэлт гаргах боломжгүй.

4.8 Шүүхийн шийдвэр ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 19250500/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг гүйцэтгэх захирал гэх Б.Батчимэгт танилцуулан гарын үсэг зуруулсан, улмаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 19250580/04 дугаартай хураан авах ажиллагааr ахлах шийдвэр гүйцэтгэгч хүчингүй болгосон тул ажиллагааг зөвтгөн явуулж байна" гэсэн агуулгатай тэмдэглэл үйлдсэн байдаг ба 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 19250580/05 дугаартай Эд хөрөнгө хураан авах тухай тогтоолоор Б.Батчимэгт танилцуулсан байна. 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн хүсэлтээр Б.Батчимэгээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр ...би **********-ийн гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд албан ёсоор бүртгүүлээгүй... гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүх эдгээр нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.

Гүйцэтгэх захирал Б.Солонго шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд тусгайлан оролцуулахаар 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 02/37 дугаартай итгэмжлэлийг Н.Алтангэрэлд хугацаа заагаагүй итгэмжлэлийг олгосон болохоос Б.Батчимэгт итгэмжлэл олгоогүй. Иймд үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхийн тулд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу төлбөр гаргуулах, үнэлгээ гаргуулах ажиллагаа хуульд заасны дагуу үргэлжилж байна. Аль нэг тал өөрсдөө үнэлгээ тогтоож гаргадаг 1 талын эрх ашгаар хууль зохицуулагдаагүй. Үнэлгээ тогтооно, харилцан тохиролцоогүй бол шинжээч томилж үнэлгээ тогтоолгохоор зохицуулсан. Хэрэгт шинжээчийн үнэлгээ авагдсан. Нэхэмжлэгч талын хийлгэсэн 49,000,000,000 төгрөгийн үнэлгээ хэрэгт хамааралгүй. Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг үндэслэлдээ баримтлаагүй. Шүүх удирдлага болгосон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримталсан учир хуулийн зөрчил гараагүй. Тухайн 23,000 м.кв талбайтай, 8 давхар үл хөдлөх эд хөрөнгөөр төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж шаардсан. Шүүхийн шийдвэрт тус үл хөдлөх хөрөнгөөр гаргуулахаар шаардсан учраас нэхэмжлэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудсанд дурдсан тухайн хөрөнгөд ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрэх эрх хуулиар олгогдсон. Шүүхийн шийдвэрт эвлэрэхдээ 1 болон 2 давхраас шилжүүлнэ гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу манай гүйцэтгэх баримт бичигт бүртгэгдсэнээс хойш талууд өөрөөр эвлэрсэн. Энэхүү үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоно. 1 давхраас хөрөнгө шилжүүлээгүй, 2 давхраас 2,034.6 м.кв талбайг 2,700,000,000 төгрөгт хасаж шилжүүлэхээр эвлэрэх хүсэлт гаргаж, үүний дагуу шилжүүлсэн. Нийт үл хөдлөх эд хөрөнгийн объектын хэмжээ 23,133 м.кв юм. Үүнээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эвлэрч буюу шилжсэн 2,034.6 м.кв талбайг хасаж үлдэгдэл 21,155.73 м.кв талбайг битүүмжилж хураасан. Үүнийг анхан шатны шүүх хянасан. Шүүхээс үлдэгдэл 21,155.73 м.кв талбайд үнэлэх хийлгэхээр шинжээч томилох тогтоол гарсан. Шинжээчийн эрх, үүрэг тайлбарласан асуудалд холбогдох үйл хэргийг анхан шатны шүүхэд баримтаар тогтоогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.5-д талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд эвлэрэх эрх гэж заасан. Ийнхүү эвлэрсэн зүйлд өөрийн хүсэл зоригийн дагуу шилжүүлсэн объект юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэргийг тал бүрээс нь үнэлж шийдвэрлэсэн. Шинжээчийн ирүүлсэн тайлан болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу харьцуулалтын арга, орлогын арга, жишиг өртгийн аргаар харьцуулж үнэлгээ хийсэн. Нэхэмжлэгч тал өөрсдийн хүсэл шаардлагыг тавьдаг

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

1. Нэхэмжлэгч Ди-Эйч Ти ХХК нь ********т холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205034474 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороолол, 13 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө гудамжны 23 тоот хаягт байршилтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 30,563,804,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэрэгт авагдсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 6844 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал ...Өмнө шийдвэрлэгдсэн хэргээс шүүхийн шийдвэр, магадлал, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг нотлох баримтаар гаргуулах тухай... хүсэлт гаргасныг анхан шатны шүүх ...өөрөө олж авах боломжтой нотлох баримтууд байна... гэсэн үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. /2хх 58, 58-арын нүүр, 63/

Учир нь, гомдлоор авч хэлэлцэх маргаанд хэргийн оролцогч өөрөө олж авах боломжтой нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн зохицуулалтад харшлахгүй юм.

Түүнчлэн, анхан шатны шүүх нэхэмжлэгч талын гаргуулахыг хүссэн шийдвэр, магадлал, тэмдэглэл зэрэг нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нөхцөл байдлыг нотлох талаар тодруулалгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхээс энэ талаар тодруулахад нэхэмжлэгч тал ...тэдгээр шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдол гаргасан тухай, мөн зохигчдын маргааны зүйл болсон шинжээчийн үнэлгээ нь хуульд нийцээгүй тухай тус тус дүгнэгдсэн байгаа... гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Иймд хэрэгт авагдаагүй шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн талаар давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

3. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтоохоор байна. Хариуцагч хэдэн м.кв талбайг нэхэмжлэгчид шилжүүлсэн, одоо төлбөрийн үлдэгдэл хэд болох, шинжээч нийт хэдэн м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд үзлэг хийсэн, барилга байгууламжийн ерөнхий мэдээлэл, барилга байгууламжийн хийц, бүтээцийн мэдээлэл, газар, эзэмших эрхтэй газрын талбайн мэдээлэл, зах зээлийн судалгаанууд зэргийг үнэлгээнд тусгасан байдлыг тодруулж талуудыг мэтгэлцүүлэх нь зүйтэй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2022/04288 шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч **********-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД