Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2023/04155

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн тоотод оршин суух, С ургийн овогтой Г Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, хаягт байрлах, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эяр, өмгөөлөгч Ч.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н газарт холбогдуулан Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: Гүрсүрэн овогтой Б Миний бие 2023 оны 04-р сарын 16-иы өдөр БНХАУ-д ажлаар явахаар Замын-Үүд боомтод очтол, хил хамгаалах байгууллагаас миний хилээр гарах эрхийг хязгаарласан талаар анх мэдсэн билээ. Дээрх асуудлаар холбогдох байгууллагаас тодруулахад Н газраас намайг П ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн үндэслэлээр хилийн хориг тавьсан байсан. Миний бие П ХХК гэх компанийн талаар мэдэхгүй бөгөөд ямар учраас Н газраас намайг төлбөр төлөгч гэж тодорхойлоод хилийн хориг тавьсныг тодруулж холбогдох байгуулагуудаас баримт бичгийг шүүлгэхэд дараах нөхцөл байдал тогтоогдсон билээ.

Миний бие 2012 онд өөрийн эзэмшлийн С ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2012 оны 04-р сарын 04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ч.Б-т шилжүүлсэн, компани Ч.Б-т бүрэн шилжилсний дараа 2012 оны 05-р сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Г.Б-г буюу намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.Б-ийг захирлаар томилсон, мөн компанийн оноосон нэрийг П ХХК болгож өөрчилж, Ч.Б 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон баримтууд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Дээрх өөрчлөлтөөс Г.Б миний бие 2012 оноос буюу төлбөр төлөгч П ХХК-г С ХХК нэртэй байх үеэс хамааралгүй болсон нь тодорхой харагдаж байна. Гэтэл Улсын бүртгэлийп байгууллага компанийн өөрчлөлтийг бүртгэлийн системд гуйцэт оруулаагүйгээс миний бие өнөөдрийг хүртэл П ХХК-ийн гүйцэтгэх захирал мэт цахим бүргэлээс харагдаж улмаар шийдвэр гүйцэтгэгч хилийн хориг тавьсан байна. Миний бие өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төлбөр төлөгч гэх П ХХК- ийн үйл ажиллагаанд огт оролцож байгаагүй ба энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогддог. Мөн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хоёр ч албан бичгээр бүртгэлийг залруулж Г.Б-г бүртгэлээс хасах боломжтой. Харин шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08-р сарын 14-ний өдрийн .... дугаар тогтоолоор Улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж мэдэгдсэн билээ. Улмаар миний бие Н газарт 2020 оны 08-р сарын 14-ний өдрийн .... дугаар тогтоолоор П ХХК-ийн Улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн тогтоолыг түр хүчингүй болгуулах хүсэлт гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна. Улмаар дээд шатны байгууллага буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргахад гомдолд дурдсан агуулгад хариу өгөлгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Угтаа шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өнөөдрийг хүртэл миний эрх зөрчигдсөн эсэхийг огт шалгаагүй ба маш хойрго хандсаар байна. Миний бие хилийн хориг тавьсан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын үндэслэл болсон Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01-р сарын 07-ны өдрийн ... дугаар шийдвэртэй хэргийн материал болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх газрын хэргийн материалтай танилцахад би П ХХК-д хамааралгүй болох нь тодорхой харагддаг. Тодруулбал Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01-р сарын 07-ны өдрийн ..5 дугаар шийдвэртэй П ХХК-д холбогдох хэргийн материалд, Уг маргаан үүсэх болсон шалтгаан буюу П ХХК болон Х нарын хооронд байгуулсан 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн Нүүрс, худалдах, худалдан авах гэрээнд П ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Ч.Б, гүйцэтгэх захирал Н.А гэж гарын үсэг зурсан байна. 2020 оны 01-р сарын 07-ны өдрийн 15 дугаар Арбитрын шийдвэрт хариуцагч П ХХК-ийн эрх бүхий этгээд, төлөөлөгчийн мэдээлэл хэсэгт ерөнхий захирал Ч.Б, Н.А нар бичигдсэн байна. Мөн арбитрын хэргийн архивын материалд 2019 оны 12-р сарын 23-ны өдөр миний тайлбар авагдсан байх ба уг тайлбарт Уг нэхэмжлэх дээр хариуцагчийн этгээдүүдийн нэр Ч.Б, Н.А боловч гадна дугтуй дээр гараар Г.Б гэх миний нэр, хаягийг гүйцэтгэх захирал мэтээр бичиж хүргүүлсэн байна, миний биеуг компанид гүйцэтгэх захирал хэлбэрээр оролцож байсан удаа үгүй, гэжээ. Өөрөөр хэлбэл тус хэрэг Монголын олон улсын Арбитрт шийдвэрлэгдэх үед компанийг төлөөлөх эрхтэй этгээдүүдийг шалгаж хариуцагч этгээдүүдийг Ч.Б-г, Н.А нарыг тодорхойлж хэргийг шийдвэрлэснээс Г.Б П ХХК-д хамааралгүй болох нь тогтоогдож байна. Шийдвэр гүйцэтгэх хэргийн материалд Н газрын 2020 оны 09-р сарын 09-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн саналд Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01-р сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр П ХХК-аас 167,493,615 төгрөгийг төлбөр авагчид олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч П ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.А, Ч.Б нар нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэжээ. 2020 оны 09-р сарын 09-ны өдөр төлбөр төлөгч Ч.Б-оос мэдүүлэг авсан тэмдэглэлд гүйцэтгэх удирдлага Г.Б нь 2009 онд ажиллаж байгаад тухайн ондоо ажиллахаа больсон. Энэ хүнд хамаагүй хэрэг болно гэжээ. Мөн Н газарт төлбөр төлөгч П ХХК-с хандсан албан бичгүүдэд П ХХК-ийн захирал Ч.Б гэсэн гарын үсэг, тамга тэмдэгтэй байна. Дээр дурдсан Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01-р сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй хэргийн материал болон уг шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх газрын хэргийн материалаас харахад 2009 оноос хойш компанийг Ч.Б, Н.А нар төлөөлж байсан нь тодорхой байх ба Арбитр болон Н газраас тухайн этгээдүүдэд холбогдуулан ажиллагаа явуулж байснаас миний бие П ХХК-д хамааралгүй болох нь тодорхой харагдаж байна. Улмаар миний бие Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01-р сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй П ХХК-д холбогдох хэргийн материал болон П ХХК-ийн улсын бүртгэлийн материал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн материалаас 40 гаруй хуудас нотлох баримтыг хавсарган Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2012 оны 05-р сард 02-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт бүртгүүлэх өргөдлийг бүрэн гүйцэт бүртгэж Гүрсүрэн овогтой Б П ХХК-ийн гүйцэтгэх захирлаас хасаж өгөх хүсэлтийг гаргасан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06-р сарын 22-ны өдрийн 1/6111 дугаар албан бичгээр Г.Б захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.Бийг захирлаар томилсон, Г.Б 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон 2012 оны 05-р сард 02-ны өдрийн шийдвэрийг дурьдаад бүртгэлийг түдгэлзүүлсэн тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл 2012 оны 05-р сард 02-ны өдрийн Г.Б гүйцэтгэх захирлаас хасах гэсэн хэсгийг улсын бүртгэлд орхигдуулж бүртгэсэн байна. Өнөөдрийн байдлаар П ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд Н газрын 2020 оны 08-р сарын 25-ны өдрийн .....2 дугаар албан бичгээр улсын бүртгэлд хориг тавьсан тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй талаар мэдэгдсэн бөгөөд Н газар дээрх нөхцөл байдлыг мэдэж байгаа ч хариу өгөхгүй байна. Иймд Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон /лсын Арбитрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Прайд фупп ХХК-иас 167.493.617 төгрөгийг гаргуулан БАНХАУ-ын Юн Тун ХХК-д олгохоор шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгчийн П ХХК /РД:/-Д холбогдох материалд Төрийн байгууллагын цахим лавлагааны системээс тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нарт холбогдох лавлагааг авахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалатан, эрх барих этгээдийн мэдээлэл санд Г. Б нь захиралаар томилогдсон 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэгдсэн байна. Тус газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт П ХХК /РД:/-ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийгш түдгэлзүүлж дэлгэрэнгүй мэдээллийг авахад Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 6/7696 дугаар албан бичигт Гийн Б // нь тус компанийн гүйцэтгэх удирлагын мэдээлэлд захирал гэсэн бүртгэлтэйгээр хариу ирсэн байна. П ХХК-ийн гүйцэтгэх удирдлага болох Гийн Б //-ийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1-142/33116 тоот албан бичгээр хүргүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ....дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн байна. Төлбөр төлөгч П ХХК-ийн гүйцэтгэх удирдлага буюу захирал Г.Б нь одоог хүртэл Төрийн байгууллагын цахим лавлагааны системд гүйцэтгэх удирдлага буюу захирал хэвээр байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Хэрэгт нэхэмжлэгчээс Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолын нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 7/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/6111 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 8,9/, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 4/6777 тоот албан бичгийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 10/, компанийн эрх шилжүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 11,12/, бэлэглэлийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 13,14/, Г.Бийн иргэний үнэмлэхийн лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 15/, Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 16/, хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудасны нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 17/, П ХХК-ийн дүрмийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 18-23/, хувьцаа бэлэглэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 24/, эрх шилжүүлэх гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 25,26/, Г.Бийн тайлбар /хх-ийн 28/, Г.Бийн гомдол /хх-ийн 29,30/, Монголын олон улсын арбитрын шийдвэрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 31-35/, Нүүрс худалдах худалдан авах гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /хх-ийн 36-46/, хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг /хх-ийн 69-78,84-86/ зэрэг баримтууд нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч Н газарт холбогдуулан Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ ...Би 2012 онд П ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2016 онд н.Б гэх хүнд шилжүүлсэн. Захирал нь улсын бүртгэлийн газарт хүсэлтээ өгсөн боловч улсын бүртгэлийн байгууллага бүртгэлд өөрчлөлт оруулаагүй байна. 2016 онд хувьцаа шилжүүлж авсан н.Б нь арбитрын шүүхээр явж, П ХХК төлбөр төлөгч болсон байна. Энэ төлбөрийг барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгч улсын бүртгэлийг түдгэлзүүлж, захирлыг хилээр гарах хориг тавьсан байна. Үүнтэй холбоотойгоор улсын бүртгэлийн байгууллагаас тодруулахад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зөвшөөрөл олгохгүй бол бүртгэлд өөрчлөлт оруулж чадахгүй гэсэн. Улсын бүртгэлийн байгууллага болон Н газар аль аль нь Г.Б нь П ХХК-д хамааралгүй болохыг мэдсэн боловч бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байна. Иймд 2022 оны 08 сарны 14ний өдрийн .... дугаартай улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн тогтоол хууль бус болохыг тогтоолгож, уг тогтоолыг хүчингүй болгох, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаартай Г.Б хилээр гарахыг түдгэлзүүлэн тогтоолыг хүчингүй болгож өнгө үү гэж тодорхойлсон.

 

4.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч татгалзаж буй үндэслэлээ ...П ХХК нь Арбитрын шийдвэрээр төлбөр төлөх үүрэг хүлээсэн. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад компанийн талаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авахад Г.Б нь гүйцэтгэх удирдлагаар бүртгэлтэй гэж гарсан. Хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад хуулийн этгээдийн шилжилт хийх эрхийг түдгэлзүүлсэн. Мөн 2020 оны ....дугаар тогтоолоор гадаадад гарахыг түдгэлзүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эдгээр ажиллагаа хуульд заасны явагдсан. Гүйцэтгэх захирлаас өөрчилж бүртгээгүй буруутай үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж тайлбарласан.

 

5.Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр хариуцагч Монгол улсын П ХХК-иас 161,915,087.35 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын Б худалдааны ХК-д олгож, Арбитрийн зардалд нэхэмжлэгч БНХАУ-ын Б худалдааны ХК-иас төлсөн 5,578,530 төгрөгийг арбитрын орлогод хэвээр үлдээж, тус зардлыг хариуцагч Монгол улсын П ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч БНХАУ-ын Б худалдааны ХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 69-73/

 

6.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүгэх тогтоол гарган төлбөр төлөгч П ХХК-ийн талаар Улсын бүртгэлийн газраас хуулийн этгээдийн лавлагаа авч, 2020 оны 08 сарын 14-ний өдөр .... дугаар тогтоолоор П ХХК-ийн үүгсэн байгуулсан хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 74-78/

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг авахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 44.2.15-т заасны дагуу төлбөр төлөгчийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эрх, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авах эрхтэй.

 

8.Хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Б, Ч.Б нарын хооронд 2012 оны 04 сарын 17-ны өдөр байгуулагдсан Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2012 оны 04 сарын 05-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, 2012 оны 05 сарын 02-ны өдрийн Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх өргөдөл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар 2012 оны 05 сарын 02-ны өдөр Г.Б нь С ХХК буюу өөрчлөгдсөн нэрээр П ХХК-ийг 100 хувийн хувьцааг Ч.Бт шилжүүлж, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн болох нь тогтоогдож байна.

 

9.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах өргөдөлд хасагдаж буй өөрчлөлт: 1.Г.Б, 2.С ХХК оноосон нэрийг солих, нэмэгдэж бүртгэх өөрчлөлт: 1.П ХХК оноосон нэртэй болох, 2.Ч.Б, 3.улсын бүртгэлийн гээгдүүлсэн учир дахин авах гэж тусгасан байна. /хх-ийн 16/

 

10.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06 сарын 22-ны өдрийн 1/6111, 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 4/6777 дугаартай, Г.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр нарт өгсөн албан бичигт Г.Б нь Ч.Бт С ХХК буюу өөрчлөгдсөн нэрээр П ХХК-ийг 100 хувийн хувьцааг шилжүүлж, хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн бүртгэл хийгдсэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэрээр хуулийн этгээдийн улсын бүртгэлд хориг тавигдсан учир хуульд зааснаар улсын бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжгүй талаар мэдэгджээ.

 

11.Хариуцагч улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх түдгэлзүүлэх арга хэмжээг авах, уг арга хэмжээг авснаас хойш хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл алдаа, зөрчилтэй байсан нь баримтаар тогтоогдоогүй байна.

 

12.Арбитрын шийдвэрт П ХХК-ийн ерөнхий захирал Н.А, Ч.Б гэж тодорхойлсон байх боловч улсын бүртгэлд үндэслэн П ХХК-ийн үүгсэн байгуулсан хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.

 

13.Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаар тогтоолоор төлбөр төлөгч П ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Бийн гадаадад зорчих эрхийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаанд түдгэлзүүлсэн байна. /хх-ийн 78/

 

14.Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Бд гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх арга хэмжээ авсан үндэслэлээ гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй гэж тайлбарласан.

 

15.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар тавин сая төгрөгөөс дээш хөрөнгийн шаардлага бүхий гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй, эсхүл тэжээн тэтгэх үүргээ 3 сараас дээш хугацаагаар биелүүлээгүй төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг дараах үндэслэлээр түдгэлзүүлж болно.

 

16.Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.2, 59.1.3-т заасан эрэн сурвалжлагдаж байгаа, эсхүл төлбөр төлөхөөс санаатай зайлсхийсэн, хөрөнгөө нуун дарагдуулсан, төлбөр төлөхөөс зайлсхийх зорилгоор гадаад улсад оргон зайлж болзошгүй нөхцөл байдал хамаарна.

 

17.Хариуцагч нь хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг авсан үндэслэл тогтоогдохгүй байх тул уг арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

18.Иймд хариуцагч Н газрын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаартай Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагч Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаартай Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

19.Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 44.2.15-д заасныг баримтлан хариуцагч Н газрын 2020 оны 09 сарын 18-ны өдрийн ....дугаар Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагч Н газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн .... дугаар Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Боос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.АЗБАЯР