Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00316

 

 

 

 

 

 

             

    2024         02           16                                       210/МА2024/00316

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш, даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04155 дугаар шийдвэртэй,

 

Г.Бгийн нэхэмжлэлтэй

НШШГГ холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар “Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай”, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-д ажлаар явахаар Замын-Үүд боомтод очтол, хил хамгаалах байгууллагаас миний хилээр гарах эрхийг хязгаарласан талаар мэдсэн. Дээрх асуудлаар холбогдох байгууллагаас тодруулахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас намайг ПГ ХХК -ийн гүйцэтгэх захирал гэсэн үндэслэлээр хилийн хориг тавьсан байсан.

Би ПГ ХХК -ийн талаар мэдэхгүй, ямар учраас намайг төлбөр төлөгч гэж тодорхойлоод хилийн хориг тавьсныг тодруулж холбогдох байгуулагуудаас баримт бичгийг тодруулахад дараах нөхцөл байдал тогтоогдсон.

Би 2012 онд өөрийн эзэмшлийн СИ ХХК -ийн 100 хувийн хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ч.Бт шилжүүлсэн, компани Ч.Бт шилжилсний дараа 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр намайг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.Бийг захирлаар томилж, компанийн оноосон нэрийг ПГ ХХК гэж өөрчилж, Ч.Б 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон баримтууд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Би 2012 оноос буюу төлбөр төлөгч ПГ ХХК -г СИ ХХК нэртэй байх үеэс хамааралгүй болсон. Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага компанийн өөрчлөлтийг бүртгэлийн системд гүйцэт оруулаагүйгээс би ПГ ХХК -ийн гүйцэтгэх захирал мэт харагдаж улмаар шийдвэр гүйцэтгэгч хилийн хориг тавьсан байна.

1.2. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хоёр ч албан бичгээр бүртгэлийг залруулж Г.Бг бүртгэлээс хасах боломжтой боловч шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар тогтоолоор “Улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй” гэж мэдэгдсэн.

Иимээс НШШГГ 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар тогтоолоор ПГ ХХК -ийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг түдгэлзүүлсэн тогтоолыг түр хүчингүй болгуулах хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргахад гомдолд дурдсан агуулгад хариу өгөлгүй зөвхөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Миний бие хилийн хориг тавьсан шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолын үндэслэл болсон Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэртэй хэргийн материал, шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэх газрын материалтай танилцахад ПГ ХХК -д хамааралгүй.  

1.3. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн саналд “Монголын олон улсын Арбитрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр ПГ ХХК -аас 167,493,615 төгрөгийг төлбөр авагчид олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч ПГ ХХК -ийн үүсгэн байгуулагч Н.А, Ч.Б нар нь гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй” гэжээ.

2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлбөр төлөгч Ч.Боос мэдүүлэг авсан тэмдэглэлд “гүйцэтгэх удирдлага Г.Б нь 2009 онд ажиллаж байгаад тухайн ондоо ажиллахаа больсон. Энэ хүнд хамаагүй хэрэг болно” гэжээ.

Улмаар миний бие Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/6111 дугаар албан бичгээр Г.Бг захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, Ч.Бийг захирлаар томилсон. Г.Батзориг 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэрийг дурьдаад бүртгэлийг түдгэлзүүлсэн тул бүртгэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэж мэдэгдсэн.

Өөрөөр хэлбэл 2012 оны 05-р сард 02-ны өдрийн Г.Бг гүйцэтгэх захирлаас хасах гэсэн хэсгийг улсын бүртгэлд орхигдуулж бүртгэсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 сарын 14-ний өдрийн 142/26 дугаар “Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай”, 2020 оны 09 сарын 18-ны өдрийн 2828 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож өгнө үү .

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр ПГ ХХК -иас 167,493,617 төгрөгийг гаргуулан БНХАУ-ын “Юн Тун” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20250664 дугаар тогтоолоор явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч ПГ ХХК /РД:5113458/-Д холбогдох материалд Төрийн байгууллагын цахим лавлагааны системээс тус компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч нарт холбогдох лавлагааг авахад итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эрх барих этгээдийн мэдээлэл санд 2009 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Гүрсоронзонгийн Болдоо нь захиралаар томилогдсон бүртгэлтэй байна.

Тус газрын 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4-142/30202 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт ПГ ХХК -ийн хуулийн этгээдийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж дэлгэрэнгүй мэдээллийг авахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 6/7696 дугаар албан бичигт Гүрсоронзонгийн Болдоо нь тус компанийн гүйцэтгэх удирлагын мэдээлэлд “захирал” гэсэн бүртгэлтэйгээр хариу ирсэн.

2.2. ПГ ХХК -ийн гүйцэтгэх удирдлага болох Г.Б-ийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх саналыг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1-142/33116 тоот албан бичгээр хүргүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар тогтоолоор түдгэлзүүлсэн.

Төлбөр төлөгч ПГ ХХК -ийн гүйцэтгэх удирдлага буюу захирал Г.Б нь одоог хүртэл Төрийн байгууллагын цахим лавлагааны системд гүйцэтгэх удирдлага буюу захирал хэвээр байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14, 44.2.15-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар “Төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар ‘Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Бгоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Монголын олон улсын арбитрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр ПГ ХХК -иас 167,493,615 төгрөгийг гаргуулж, БНХАУ-ын “Юн Тун” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 20250664 дүгээр тогтоолоор эхлүүлэн явуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ПГ ХХК -ийн гүйцэтгэх удирдлага болох Г.Б, хувьцаа эзэмшигч Н.А, Ч.Б нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлж, 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар тогтоолоор гүйцэтгэх удирдлага болох Г.Б гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн.

4.1. ПГ ХХК -ийн гүйцэтгэх удирдлага болох Г.Б нь улсын бүртгэлийн цахим лавлагаагаар одоог хүртэл тус компанийн гүйцэтгэх удирдлага хэвээр байсаар байгааг анхан шатны шүүх харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн.

4.2. Иргэний шийдвэрт Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол гэж буруу тусгасан.

4.3. Улсын бүртгэлийн байгууллага гүйцэтгэх удирдлагын бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлээгүй буруутай байхад хууль зүйн дагуу явагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд буюу Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн гадаадад зорчих эрхийг саналыг хүргүүлж 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан аль үндэслэлээр гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн талаарх баримтгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын тус хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан 3 үндэслэлийн аль үндэслэлээр зорчих эрхийг түдгэлзүүлсэн гэдгээ тайлбарлаагүй, энэ талаарх баримтаа гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх үндэслэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

   ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГ холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар “Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай”, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2020 оны 01 сарын 07-ны өдрийн 15 дугаар шийдвэрээр хариуцагч ПГ ХХК -иас 161,915,087.35 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч БНХАУ-ын Юн ХХК -д олгохоор шийдвэрлэжээ.

3.1. Хариуцагч нь гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20250664 тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /хх74/

 

 Хариуцагч байгууллага нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хийж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1-142/33116 дугаар албан бичгээр ПГ ХХК -ийн гадаад зорчих эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хүргүүлсэн байна. /хх-78х/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3.5-т шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх, сэргээх эрхийг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хэрэгжүүлэхээр заажээ.   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 2828 дугаар тогтоолоор Г.Бгийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлсэн байна. /хх-78х ар тал/

Энэ тогтоолыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргаагүй тул уг нэхэмжлэлийн хариуцагч биш байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, НШШГГ холбогдох гадаадад зорчих эрх түдгэлзүүлсэн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн  шаардлагыг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

4. Анхан шатны Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар “Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.14-д заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

5. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч НШШГГ холбогдох  2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар “Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай”, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай Г.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 102/ШШ2023/04155 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.3, 271.3.5-т зааснаар хариуцагч НШШГГ холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/26 дугаар “Хуулийн этгээдийн бүртгэлийг түдгэлзүүлэх тухай”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2828 дугаар “Төлбөр төлөгчийн гадаад зорчих эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах тухай Г.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ

                                           

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.ДАВААДОРЖ

                                                                                             

   ШҮҮГЧ                                Э.ЗОЛЗАЯА