Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2023/04216

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр Дугаар 183/ШШ2023/04216 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суух, овогт Г.Г /РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт оршин суух, овогт, Б.Ж /РД: /-д холбогдох,

 

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 12 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Саранчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 2022 оны 10 дугаар сарын эхээр надтай хамт Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан, миний дотнын анд, хурандаа Т.Сутсаар ...Миний найз бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажилд нь буцааж оруулж өгөөч, 2 жил гаран ачилчхаад тэтгэвэртээ гарчихна, тухайн газар нь нас хэтэрсэн гээд авахгүй байна. Чи Д хэлж, дэмжлэг үзүүлээч, Найзынх үсчин эгч нь гэнэ... гэхэд нь, За ойлголоо. Над руу яриулаарай, би материалтай нь танилцаж, боломжтой бол, хуулийн дагуу хөөцөлдөж өгье... гэсэн. Түүнээс хойш над руу огт яриагүй, холбогдоогүй байж байгаад 10 дугаар сарын сүүлээр Б.Жгэгч эмэгтэй утсаар Т.Сын ярьсан зүйлийг ярихад нь би чамд тус болж чадахгүй, Энэ асуудал яригдаад, чи холбогдолгүй бараг сар болж байх шиг байна. Туслалцаа үзүүлж чадахгүй гэхэд би тантай уулзаж ярилцъя, танаас хууль зүйн туслалцаа авмаар байна гэхээр нь зөвшөөрч, энэ өдрөө манай ажлын байранд ирж уулзсан. Тухайн өдөр энэ асуудлаар хоорондоо ярилцаж ажлын хөлс 12 000 000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 5 000 000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлж, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг ажил дуусмагц өгөхөөр тохиролцож эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Улмаар миний бие хууль зүйн гаргалгаа олох гэж судалгаа хийж, холбогдох байгууллагаа нотлох баримт бүрдүүлэн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Улмаар миний гомдлын дагуу холбогдох ажиллагаа хийгдэж байх хугацаанд Б.Жнь над руу залгаад ...таны гэрээний дагуух ажлын хөлсийг төлөх гэсэн чинь нөхөр уурлаад ойрын үед маш их хэрүүлтэй байна. Хоёулаа гэрээгээ цуцалж би танд 50 000 төгрөг өгий гэхэд нь чиний насан туршийн амьдралын асуудал шийдвэрлэгдэнэ шүү дээ. Чи юу яриад байгаа юм бэ?... гэхэд утсаа таслаад алга болсон. Улмаар Б.Жнь Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлыг хянаж байсан референт Жавзандуламд гомдлоосоо татгалзах хүсэлт өгөөд, материалаа аваад явсан байсан. Миний бие хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу холбогдох ажиллагааг гүйцэтгэсэн байхад хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйл явц тасалдаж, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагчаас гэрээний төлбөр 12 000 000 төгрөгийг гаргуулна... гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь эрүүгийн хэргийн өмгөөллийн гэрээ, иргэний хэргийн өмгөөллийн гэрээний аль нь болох нь ойлгомжгүй. Өмгөөлөгчийн энэхүү гэрээ нь 12 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ гэх боловч уг гэрээнд төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах талаар огт дурдаагүй. Захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй гэрээ байсан. Өмгөөлөгч өөрөө биелэгдэх боломжгүй зүйлийг мэдсээр байж амлалт өгч хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ байна. Өөрөөр хэлбэл, гэрээний агуулга, миний өмгөөлүүлэх гэсэн асуудал хоорондоо огт авцалдаагүй. Өмгөөлөгч Г.Г нь захиран тушаасан, зандарсан, дарамталж ярьдаг ёс суртахуунгүй байдлаас дарамтад орсон. Иймд гэрээ хийгдсэнээс хойш 20 хоногийн дараа утсаар ...би өмгөөлүүлэхгүй, мөнгө төлөх боломжгүй тухайгаа хэлсэн. Би өмгөөлөгчөөс татгалзах үед өмгөөлөгч Г.Г нь Төрийн албаны зөвлөлд хандаж хүсэлт гаргаснаас өөр ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Б.Жгийн төрийн албан хаагчийн анкет, Төрийн албаны зөвлөлд 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 22/17 дугаар албан бичгээр гаргасан гомдол, МУИС Хуул зүйн сургуулийн 2022 оны 11 сарын 01-ны өдрийн 01 тоот тодорхойлолт, 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр НДЕГ-т гаргасан өмгөөлөгчийн хүсэлт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, өмгөөлөгчөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын төв архивд хандан гаргасан хүсэлт, архивын лавлагаа тушаалын хамт, өмгөөлөгчөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын Захиргаа удирдлагын газарт гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын албан тоот, төрсний гэрчилгээний хуулбар, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, хариуцагчийн хаяг тогтоолгосонтой холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас хариу тайлбарт хавсаргасан зураг буюу нэхэмжлэгчтэй харилцсан зурваст үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй, уг баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагчтай байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөллийн үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байх хугацаанд хариуцагч гэрээнээс татгалзсан тул гэрээгээр тохирсон ажлын хөлсөө шаардах эрхтэй... гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч нь ...өмгөөлөгч Г.Г Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаснаас өөр ажил хийгээгүй. Өмгөөлөгч өөрөө биелэгдэх боломжгүй зүйлийг мэдсээр байж амлалт өгч хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зорилгоо Б.Жнь 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Б/403 тоот тушаалаар МУИС, ХЗС-ийн докторантурын сургалтад суралцахаар чөлөөлөгдсөн. Эргэж албандаа ажиллах хүсэлтэй, нас хэтэрсэн гэх шалтгаанаар аваагүй байх тул хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөл, эрх зүйн асуудлыг шийдвэрлүүлэх үйл ажиллагаа явуулна гэж тодорхойлж, өмгөөллийн ажлын хөлс 12 000 000 төгрөг байхаар, үйлчлүүлэгч нь гэрээ байгуулснаар 5 000 000 төгрөгийг, үлдэгдэл 7 000 000 төгрөгийг үйл ажиллагаа дууссаны дараа төлөхөөр тохиролцжээ.

 

4.2. Дээрх гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

4.3. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аливаа хэлцэл нь хуульд заасан хэлбэрээр хийгдсэн байхыг шаардах бөгөөд талуудын байгуулсан гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 дахь хэсэгт заасан нөхцөл байдлууд тогтоогдож байвал аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байдаг.

 

4.4. Хариуцагч биелэгдэх боломжгүй зүйлийг мэдсээр байж амлалт өгч хийсэн хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарлаж байх боловч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй. Талууд хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

4.5. Хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах нь гэрээний талуудын эрхээр тодорхойлогдох бөгөөд зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д гэрээнээс татгалзах тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэн журмыг баримталсан гэж үзлээ.

 

4.6. Өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг байдаг ба нэхэмжлэгч нь өмгөөлөгчийн хувиар төрийн холбогдох байгууллагуудад хандан нотлох баримт цуглуулах, улмаар Төрийн албаны зөвлөлд гомдол гарган ажиллагаа явагдаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

4.7. Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1-т хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацаанд гүйцэтгэсэн ажлынхаа хөлсийг шаардах эрхтэй гэж заасан.

 

4.8. Гэрээний 2.8-д үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш өмгөөлөгчийн буруутай ажиллагаанаас бус өөрөө сайн дураараа өмгөөлөгчөөс татгалзвал энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд гаргасан зардал төлбөр эргүүлж авах эрхгүй гэсэн тохиролцоо, хариуцагч гэрээ байгуулснаар үйлчилгээний хөлс 5 000 000 төгрөгийг өмгөөлөгч буюу нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн байжээ.

 

4.9. Ажиллагч буюу нэхэмжлэгчийн гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд гүйцэтгэсэн ажлын хөлсийг талуудын хооронд хийгдсэн дээрх тохиролцоог үндэслэн 5 000 000 төгрөг гэж үзэх үндэслэлтэй байна.

 

4.10. Иймд хариуцагч Б.Жгаас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Жгаас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид 126 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Год олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ