Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00375

 

 

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00375

 

Г.Г ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04216 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Г ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Ж д холбогдох,

12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Б.Ж тай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулахдаа ажлын хөлсийг 12,000,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 5,000,0000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг ажил дуусмагц авахаар тохиролцсон. Улмаар нэхэмжлэгч хууль зүйн гаргалгаа олох гэж судалгаа хийж, холбогдох байгууллагаар нотлох баримт бүрдүүлэн Төрийн албаны зөвлөлд гомдол гаргах явцад Б.Ж нь гэрээгээ цуцалж, ажлын хөлсөнд 50,000 төгрөг өгнө гэх хариу өгсөн.

Улмаар Б.Ж нь Төрийн албаны зөвлөлд гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлт өгч, материалаа авч явсан. Нэхэмжлэгч хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу холбогдох ажиллагааг гүйцэтгэсэн байхад хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйл явц тасалдаж, гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагчаас гэрээний төлбөр 12,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь 12,000,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ гэх боловч уг гэрээнд төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах талаар дурдаагүй. Өмгөөлөгч өөрөө биелэгдэх боломжгүй зүйлийг мэдсээр байж амлалт өгч хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн байсан тул гэрээ байгуулснаас хойш 20 хоногийн дараа утсаар өмгөөлүүлэхгүй, мөнгө төлөх боломжгүй тухайгаа хэлсэн. Хариуцагч0 нь өмгөөлөгчөөс татгалзах үед өмгөөлөгч Г.Г нь Төрийн албаны зөвлөлд хандаж хүсэлт гаргаснаас өөр ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Ж гаас 5,000,0000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ж гаас улсын тэмдэгтийн хураамжид 126,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г од олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь эрүүгийн хэргийн өмгөөллийн гэрээ, иргэний хэргийн өмгөөллийн гэрээний аль болох нь тодорхойгүй, гэрээний үр дүн, үр дагаврын талаар болон төрийн байгууллага, эрх бүхий албан тушаалтан, захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандах талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүйн харилцаа үүсгэх боломжгүй гэрээ юм.

Мөн өмгөөлөгч Г.Г нь Б.Ж миний зөвшөөрөлгүйгээр Төрийн албаны зөвлөлд бичгээр хүсэлт гаргасан. Иймд 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний 2.8-д зааснаар өөрөө сайн дураар өмгөөлөгчөөс татгалзвал, энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд гаргасан зардлаа эргүүлж авахгүй гэсэн заалтын дагуу, мөн дээрх асуудлуудаас болж миний бие өмгөөлөгч Г.Г оор өмгөөлүүлэхгүй гэдгээ 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өөрт нь албан ёсоор мэдэгдсэн. Энэ өдрөөс эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ дуусгавар болсон.

Өмгөөлөгч Г.Г нь тухайн асуудалд үнэн зөв, бодитой мэдээллээр хангаж ажиллаагүй. Мөн миний зөвшөөрөлгүй, гэрээнд дурдаагүй Төрийн албаны зөвлөлд бичгээр хүсэлт гаргаснаас өөрөөр ямар ч ажил хийгээгүй, ажлын үр дүн гараагүй, үр дагавар үүсээгүй, гэрээ дуусгавар болсон байхад 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйд нийцсэн бодитой дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн. Шүүхэд гомдол гаргахын өмнө төрийн албаны зөвлөлд хандсан.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.Ж д холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүрэгт 12,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Г.Г , Б.Ж нар нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь эрх зүйн туслалцаа үзүүлэх, хариуцагч нь ажлын хөлсний урьдчилгаанд 5,000,0000 төгрөг, үлдэгдэл 7,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх5-6/.

3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна.

Талууд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийг гэрээнд тодорхой тусгасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөллийн гэрээ байгуулах шаардлагагүй байсан, гэрээний төрөл тодорхойгүй, миний зорилгод нийцээгүй гэх гомдол үндэслэлгүй.

4. Гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагч нь гэрээнээс татгалзах саналыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан, уг саналыг гаргах үед нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөл, Монгол улсын их сургууль зэрэгт өргөдөл гаргах, лавлагаа авах зэргээр гэрээнд заасан ажил үйлчилгээг үзүүлсэн байжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь гэрээнээс татгалзах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй.

Зохигчийн байгуулсан гэрээнд гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ бүрийн хөлсийг хэрхэн тооцох талаар нарийвчилж заагаагүй тул гэрээний 2.8-д үйлчлүүлэгч эрх зүйн туслалцаа авах гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш өмгөөлөгчийн буруутай ажиллагаанаас бус өөрөө сайн дураараа өмгөөлөгчөөс татгалзвал энэ тухайгаа урьдчилан мэдэгдэх бөгөөд энэ тохиолдолд гаргасан зардал төлбөр эргүүлж авах эрхгүй гэх тохиролцоог үндэслэн анхан шатны шүүх хариуцагчаас ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

4.1. Хөлсөөр ажиллах гэрээнээс талууд татгалзсанаас хойших хугацаанд нэхэмжлэгчийн эрх бүхий байгууллагаас авсан лавлагаа нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээний үүргээ гүйцэтгэхтэй холбоотойгоор өөрт нь гаргаж өгсөн баримтуудыг дахин гэрээ цуцалснаас хойш эрх бүхий байгууллагуудаас гаргуулан авч хувь хүний нууцад халдсан гэх гомдлыг хангахгүй орхив.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/04216 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Т.БАДРАХ