Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2022/00249

 

 

 

 

 

2022 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 141/ШШ2022/00249

Завхан аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж, шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч С.Э,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл,

хариуцагчийн О.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан С.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч ...д холбогдох ... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ... эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч С.Э нь ...д холбогдуулан ... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ... эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1. Сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай Сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал бууруулах тухай захирамж нь илт ойлгомжгүй үндэслэлгүй байна. Учир нь намайг ажлаас чөлөөлсөн гэх үү, бууруулсан ажил нь байхгүй, дараагийн ажил нь ямар ажил албан тушаал нь тодорхойгүй байна. Сумын засаг даргад сургуулийн дотоод хэрэгт буюу захирлын эрх хэмжээнд халдаж сургуулийн боловсон хүчнийг томилох чөлөөлөх бүрэн эрхгүй. Албан тушаал бууруулсан захирамжид дурдсан агуулга нь 2021 оны 12 сард болсон зүйл нь захирлаас шалтгаалсан зүйл байхгүй. Сүүлийн хүүхдийн асуудал хяналтын шатандаа явж байгаа учир шууд би буруутан болох үндэслэлгүй. Завхан аймгийн Их-Уул сумын засаг дарга 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/69 тоот захирамжаар өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлсэн гэж ур чадварын нэмэгдлийг 20 хувиар олгохоор шийдвэрлэсэн.

Сумын засаг дарга нь сургуулийн хүүхэд жирэмсэн болсон болон энэ талаар ямар арга хэмжээ авч, хэрхэн яаж ажилласан талаар ямар нэгэн тайлбар аваагүй шууд сахилгын шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Сумын засаг дарга нь ажилд томилогдсоноосоо хойш намайг ажлаа өгөхийг байнга шахаж шаардаж ажлын байрны дарамт үүсгэж байсан. Тухайлбал 2022 оны 07 дугаар сарын 01-нд албан ёсны ээлжийн амралт эхэлж байхад ажлаа хэзээ өгөх вэ, мөн амраад ажилдаа ороогүй байхад 07 дугаар сарын 18-нд тохироод ажлаа өгөх талаар шахаж байснаа сүүлд нь ийм кейс гарсан гэдгээр сахилгын шийтгэл оногдуулсан байна. Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын хууль бус захирамж нь сахилгын шийтгэл авах 3 үндэслэлийг заасан байна.

- 1-р гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт яагаад 2 удаа гэж. Хуульд хагас бүтэн жилээр л үнэлэх ёстой. Учир нь 2021 оны ажлыг үнэлсэн шалгуур нь юу байсан ямар үнэлгээ өгсөн, ямар оноо авсан, ямар шалгуураар яаж тавьсан зэрэг нь тодорхой бус надад огт танилцуулаагүй. Хэрэв дараагийнх нь 2022 оны 1-р хагас жилийн үнэлгээ гэж үзвэл хэн үнэлснийг, тэр үнэлгээг ч гэсэн мэдээгүй. Боловсролын газраас тодорхой бус үнэлгээ нь манай сургуулиар дамжиж ирсэн ба миний бие 2022 оны 05 дугаар сард тухайн үнэлгээг хэвлэн Сумын засаг даргад хүргүүлж байсан. Энэ талаар хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах 3 талт хорооны хуралдаанд сумын засаг дарга надаас хүлээн авснаа тайлбарлаж байсан. Сумын засаг дарга гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэг ч удаа дүгнээгүй байж 2 удаа хангалтгүй биелүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм.

- Сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдэл удаа дараа гаргаж ажилдаа хайхрамжгүй хандсан гэдгийг ямар үндэслэлээр нотлоод байгаа нь ойлгомжгүй байна. Хүүхэд жирэмсэн болсон гэх кейс гарахаар урьдчилан сэргийлэх талаар холбогдох багш, нийгмийн ажилтан, эмч нарт байнга анхааруулж сонор сэрэмжээ дээшлүүлэх анхаарал хандуулах, зөрчлийг нэн даруй илрүүлэх зэрэг зөвлөмж өгөх зэргээр ажиллаж байсан. Хүүхэд жирэмсэн болсноос болж сургуулийн сургалтын хэвийн үйл ажиллагаа тасалдаагүй хичээл явагдаж байсан. Миний бие хүүхдийн үзлэгийг гардан хийх боломжгүй, сургуулийн эмч үзээд илрүүлээгүй юмыг эмнэлгийн мэргэжилтэн биш миний хувьд илрүүлэх боломжгүй. Сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн зүйл огт байхгүй. Тухай тохиолдлууд дан ахуйн хүрээнд үйлдэгдсэн хэрэг гэдгийг бүгд мэдэж байгаа сургуулийн орчинд буюу сургуулийн дотуур байр, сургууль дотор, сургуулиас 100 метр орчимд ийм хэрэг зөрчил гараагүй. Ковидын үе байсан тул хичээл тасалдсан ба мөн 5/9-н зарчмаар буюу хүүхдүүд танхимаар 5 хоног хичээллээд 9 хоног цахимаар гэрээсээ хичээллэх гэх мэт богиносгосон цагаар хичээллэж байсан. Гэтэл сургууль дээр гэмт хэрэг удаа дараа гараад хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн гэж илт үндэслэлгүй захирамж гаргасанд гомдолтой байна. Мөн сумын засаг дарга нь ажлын байрны тодорхойлолтгүй гэдгээ 3 талт хорооны хуралдаанд мэдэгдсэн ба миний ажлын байрны тодорхойлолтыг боловсруулж батлуулаагүй юм.

- Боловсрол соёл, шинжлэх ухааны газраас ирсэн албан тоотын арга хэмжээ авах чиглэлийг өгсөн эрх бүхий албан тушаалтан нь үнэлгээ дүгнэлтийг танилцуулаагүй тодорхой биш зүйлээр албан тушаал бууруулах арга хэмжээ авсан. Албан тушаал бууруулах арга хэмжээ авахдаа намайг ямар доод шатны албан тушаалд томилсон нь тодорхойгүй ажилгүй болгосон. Одоо болохоор сургуулийн насан туршийн боловсролын багшаар томилсон тушаалыг сургуулийн захирлын гаргасан байгаа. Ажил олгогч буюу сумын засаг дарга хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн надад тохирсон хэлбэрийг сонгох байтал хэрэглэх боломжгүй сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Өөрөөр хэлбэл сумын засаг дарга сургуулийн захирлыг албан тушаал бууруулах эрхгүй... гэжээ.

2. Хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг дарга нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4-т заасан албан тушаал бууруулах гэдэг үндэслэлээр С.Э.ыг тус сумын сургуулийн захирлын албан тушаалаас буруулах сахилгын шийтгэл оногдуулсан. С.Э нь сумын Засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т Хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж, мөн зүйлийн 5.1.17-т ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэж тус тус заасныг зөрчсөн. Мөн Их-Уул суманд 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 14 настай сурагч нойл /жорлон/-д төрсөн үйл явдал гарсан. Охин төрөх хүртлээ хичээлдээ хэвийн явж байсан. Энэхүү үйл явдлыг анги удирдсан багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлагууд мэдээгүй байгаа нь ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй хандсаныг илэрхийлж байна. Хүүхэд хамгааллын хамтарсан баг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдаж хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг тодорхой хугацаанд хүргэн одоогоор сургууль завсардаагүй хоёулаа эсэн мэнд амьдарч байна. Энэхүү үйл ажиллагааны дараа ажил эрчимжүүлэх аймгийн нэгдсэн баг манай суманд 2022 оны 03 сард ажиллаж сургуулийн охидын үзлэгийг хийх талаар заавар зөвлөгөөг өгсөн. Хамтарсан багийн ахлагч миний хувьд ч удаа дараа шаардсан боловч хийгдэлгүй зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэгийн хэмжээнд зохион байгуулсан. Их-Уул суманд 2022 оны 08 сард хүүхэд хамгааллын хамтарсан багт сурагч Б нь 9 сартай жирэмсэн мэдээлэл ирж хамтарсан баг хуралдаж хүүхдэд чиглэсэн зөвлөн туслах үйл ажиллагааг хүргэсэн. Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/123 тоот албан бичигт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг тусгай үзүүлэлт, шалгуураар үнэлж сүүлийн 5 байранд орсон сургуулийн захирал нарт хариуцлага тооцож ажиллах чиглэл өгсөн. Эдгээр үндэслэлээр ажилдаа удаа дараа хайхрамжгүй хандсан гэж үзэж албан тушаал бууруулах, сахилгын шийтгэл оногдуулсан болно. Одоогоор сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь С.Энхжаргалыг албан бус боловсролын багшаар томилон ажиллуулж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд: Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот захирамж, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/69 тоот захирамж, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 01/183 дугаартай албан тоот, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/05 тоот албан мэдэгдэл, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1/42 дугаартай албан тоот, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/55 дугаартай чиглэл хүргүүлэх тухай албан тоот,2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/53 дугаартай ажлын хэсэг байгуулах тухай захирамж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/79 дугаартай албан тоот, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1/79 дугаартай албан тоот, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/54 дугаартай хөрөнгө гаргах тухай захирамж, 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/55 дугаартай албан тоот,

Завхан аймгийн Улиастай сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 04 тоот тэмдэглэл,

Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай албан тоот,

Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний А/03 дугаартай хүүхэд хамгааллын баг байгуулах тухай тушаал,

Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багийн 2022 онд хийх төлөвлөгөө,

Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу буюу хүүхэд хамгааллын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа хийсэн тайлан,

Нийгмийн ажилтан Э.Чимэдцэрэн, эмч Э.Отгонпүрэв нарт үүрэг, чиглэл сануулга өгөх тухай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр,

Хишиг-Ундрах Баясгалан нарын эмэгтэй нийгмийн ажилтан АУБ нар уулзалт зөвлөгөө өгсөн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэл,

Ээлжийн амралттай болон амралтын өдөр утсаар дуудсан болон ярьсан баримт,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тодорхойлолт,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай ур чадварын нэмэгдэл олгох тухай захирамж,

Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон байдал улс ба аймгийн дундажтай харьцуулсан судалгаа, багш нарын амжилтыг харуулсан хүснэгт,

10 дугаар сарын 2-р хагасын цалингийн мэдээлэл,

Завхан аймгийн 2021 оны элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүн, Завхан аймгийн 2022 оны элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүн,

 

Хариуцагч талаас шүүхэд: 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай захирамж, 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/30 тоот захирамж,

2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн сургуулийн захирал С.Э.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

Завхан аймгийн засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А/144 тоот захирамж,

Хамтарсан багт хүүхэд хамгааллын талаар зөвлөн туслах ажлын хэсгийн бүрэлдэхүүн,

Хамтарсан багт хүүхэд хамгааллын талаар зөвлөн туслах ажлын хэсгийн удирдамж,

Хамтарсан багуудад зөвлөн туслах ажлын хөтөлбөр,

Завхан аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны 1/123 дугаартай албан тоот,

2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай сургуулийн захирал С.Э.тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ,

2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл,

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл,

Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 54 дугаартай албан тоот, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 55 дугаартай албан тоот,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/248 дугаартай хүүхэд үрчлэх тухай захирамж,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/50 дугаартай буцалтгүй тусламж олгох тухай захирамж,

Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/220 дугаартай хүүхэд үрчлэх тухай захирамжийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч С.Эын ... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот сахилгын шийтгэл оногдуулж, албан тушаал буруулах тухай захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ... эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд:

2.1. Сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай захирамж нь илт ойлгомжгүй үндэслэлгүй гарсан. Учир нь намайг ажлаас чөлөөлсөн үү эсхүл албан тушаал бууруулсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн сумын засаг даргад сургуулийн дотоод хэрэгт буюу захирлын эрх хэмжээнд халдаж сургуулийн боловсон хүчнийг томилох чөлөөлөх эрхгүй.

2.2. Албан тушаал бууруулсан захирамжид дурдсан 2021 оны 12 сард сургуулийн хүүхэд жирэмсэн болж төрсөн, 2022 оны 8 дугаар сард сургуулийн хүүхэд жирэмсэн болсон явдлуудыг сургуулийн захирал намайг ажилдаа удаа дараа хайхрамжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Учир нь Ковид өвчний улмаас сургууль танхимаар бүрэн хичээллээгүй, цахимаар хичээллэсэн. Энэ хугацаанд сургуулийн хоёр хүүхэд жирэмсэн болсон байдаг. Мөн эдгээр хүүхдүүд нь сургуулийн дотуур байранд байхдаа юм уу сургуулийн орчинд жирэмсэн болсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэдгээр хүүхдүүд нь гэртээ эцэг эхийн хамт амьдардаг байсан. Хүүхэд жирэмсэн болсон асуудал хууль хяналтын шатанд шалгагдаж байгаа.

Сургуулийн хүүхэд жирэмсэн болсонтой холбогдуулан сургуулийн хэмжээнд арга хэмжээ авч, охидыг эмчийн үзлэгт хамруулж, сурагч, багш нарын дунд сургалт явуулж, анги удирдсан багш болон нийгмийн ажилтан, сургуулийн эмч нарт үүрэг даалгавар өгч ажилласан.

2.3. Гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 удаа зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Хуульд хагас бүтэн жилээр л үнэлэх ёстой. Учир нь 2021 оны ажлыг үнэлсэн шалгуур нь юу байсан ямар үнэлгээ өгсөн, ямар оноо авсан, ямар шалгуураар яаж тавьсан зэрэг нь тодорхой бус надад огт танилцуулаагүй. Хэрэв дараагийнх нь 2022 оны 1-р хагас жилийн үнэлгээ гэж үзвэл хэн үнэлснийг, тэр үнэлгээг ч гэсэн мэдээгүй.

2.4. Сумын засаг дарга нь сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг байгуулж, надад өгөөгүй атлаа ажлын байрны тодохойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

2.5. Албан тушаал бууруулах арга хэмжээ авахдаа намайг ямар доод шатны албан тушаалд томилсон нь тодорхойгүй. Ажил олгогч буюу сумын засаг дарга хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг надад тохирсон хэлбэрийг сонгох байтал хэрэглэх боломжгүй сахилгын шийтгэл ноогдуулсан байна. Өөрөөр хэлбэл сумын засаг дарга сургуулийн захирлыг албан тушаал бууруулах эрхгүй.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

3.1. Ерөнхий боловсролын сургуулийн 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойл /жорлон/-д төрсөн, 17 настай сурагч Б нь 9 сартай жирэмсэн зэрэг сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдлийг удаа дараа гаргаж ажилдаа хайхрамжгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн нь хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т Хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж, мөн зүйлийн 5.1.17-т ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн гэж тус тус заасныг зөрчсөн.

3.2. Аймгийн Боловсрол шинжлэх ухааны газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/123 тоот албан бичигт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг тусгай үзүүлэлт, шалгуураар үнэлж сүүлийн 5 байранд орсон сургуулийн захирал нарт хариуцлага тооцож ажиллах чиглэл өгсөн. Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль нь сүүлийн 5 байранд орсон байсан.

4. Хавтас хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нэхэмжлэгч С.Э нь ... ажиллаж байсан болох нь Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/69 дугаар захирамж /хх 6/, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх 26-30/, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хөдөлмөрийн гэрээгээр /хх 37-41/ нотлогдож байх бөгөөд зохигч талууд энэ талаар маргаагүй байна.

Иймд талуудын маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

5. Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай ...Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4, сумын засаг даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4, 5.1.17 дахь заалт, аймгийн боловсрол соёл, шинжлэх ухааны газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/123 тоот албан бичиг зэргийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ерөнхий боловсролын сургуулийн 13 нас, 6 сартай сурагч Н нь хичээл сургуульд явж байгаад гадаа ОО-д төрсөн, 17 настай сурагч Б нь 9 сартай жирэмсэн зэрэг сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдлийг удаа дараа гаргаж ажилдаа хайхрамжгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн зэрэг нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн тул С овогтой Э.д сургуулийн захирлаас албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай.

2. С.Эын ажлыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор багтаан зохих журмын дагуу ажлын хэсэг байгуулж, хүлээлцэхийг засаг даргын орлогч Б.Наранбаатарт даалгасугай гэсэн захирамжаар нэхэмжлэгч С.Эд 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалаас бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.

6. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно гэж заасан байх тул нэхэмжлэгч С.Э нь албан тушаал бууруулсан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот захирамжийг гардаж аваад эс зөвшөөрч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан гомдол гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

7. Хариуцагч нь ...сургуулийн захирал С.Э нь 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойл /жорлон/-д төрсөн. Мөн 2022 оны 08 дугаар сард 17 настай сурагч Б нь жирэмсэн болсон явдал гарч сургуулийн орчинд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн үйлдлийг удаа дараа гаргаж ажилдаа хайхрамжгүй хандсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн. Энэ нь Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т 5.1.17-т заасныг зөрчсөн учраас албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл болсон... гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч С.Э нь 2022 оны хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т 5.1.17-т заасан заалтыг зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна гэж үзэв.

..., ... С.Э нар нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулж гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар талууд маргаагүй байх тул маргаагүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэв.

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.4-т Хөдөлмөрийн гэрээний салшгүй нэг хэсэг болох ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэл болно гэж заажээ.

Гэтэл ... нь ... нарын хооронд байгуулагдсан ажлын байрны тодорхойлолт байхгүй болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан ...Сургуулийн захирлын ажлын байрны тодорхойлолтыг байгуулаагүй... гэсэн тайлбараар нотлогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

Иймд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойл /жорлон/-д төрсөн. 2022 оны 08 дугаар сард 17 настай сурагч Б нь жирэмсэн болсон нөхцөл байдлыг сургуулийн захирал С.Э.ыг ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг 2 ба түүнээс дээш удаа хангалтгүй биелүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.17-т ажилтан гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсан нь байгууллагын хэвийн үйл ажиллагаа, ашигт ажиллагаанд муугаар нөлөөлсөн бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах үндэслэл болно гэж заажээ.

 

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойл /жорлон/-д төрсөн. 2022 оны 08 дугаар сард 17 настай сурагч Б нь жирэмсэн болсон нөхцөл байдал нь сургуулийн захирал С.Э.ын ямар гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд удаа дараа гүйцэтгэхгүй, үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандсанаас болж Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн хэвийн үйл ажиллагаанд хэрхэн яаж нөлөөлсөн болох нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл ... С.Э нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ямар заалтыг зөрчсөний улмаас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 нас, 6 сартай сурагч Н нь гадаа нойл /жорлон/-д төрсөн. 2022 оны 08 дугаар сард 17 настай сурагч Б нь жирэмсэн болсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна.

 

... С.Эын ...Ковид өвчний улмаас сургууль танхимаар бүрэн хичээллээгүй, цахимаар хичээллэсэн. Энэ хугацаанд сургуулийн хоёр хүүхэд жирэмсэн болсон байдаг. Мөн эдгээр хүүхдүүд нь сургуулийн дотуур байранд байхдаа юм уу сургуулийн орчинд жирэмсэн болсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэдгээр хүүхдүүд нь гэртээ эцэг эхийн хамт амьдардаг байсан. Хүүхэд жирэмсэн болсонтой асуудал хууль хяналтын шатанд шалгагдаж байгаа. Сургуулийн хүүхэд жирэмсэн болсонтой холбогдуулан сургуулийн хэмжээнд арга хэмжээ авч, охидыг эмчийн үзлэгт хамруулж, сурагч, багш нарын дунд сургалт явуулж, анги удирдсан багш болон нийгмийн ажилтан, сургуулийн эмч нарт үүрэг даалгавар өгч ажилласан... гэсэн тайлбар нь Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 21-ний А/03 дугаартай хүүхэд хамгааллын баг байгуулах тухай тушаал, Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд хамгааллын багийн 2022 онд хийх төлөвлөгөө, Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу буюу хүүхэд хамгааллын чиглэлээр нөлөөллийн үйл ажиллагаа хийсэн тайлан, Нийгмийн ажилтан Э.Чимэдцэрэн, эмч Э.Отгонпүрэв нарт үүрэг, чиглэл сануулга өгөх тухай 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, Хишиг-Ундрах Баясгалан нарын эмэгтэй нийгмийн ажилтан АУБ нар уулзалт зөвлөгөө өгсөн 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тэмдэглэлээр тогтоогдож байна. /хх 51-65/

Нэхэмжлэгч сургуулийн захирал С.Э нь сумын засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж ур чадварын нэмэгдлийг 2022 оны 3 дугаар сард 20 хувиар, 2022 оны 5 дугаар сарт 25 хувиар тооцуулж авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А/69 дугаартай, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар тус тус тогтоогдож байна.

8. Хариуцагч нь Завхан аймгийн боловсрол соёл, шинжлэх ухааны газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/123 тоот албан бичигт ...Манай газар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг тусгай үзүүлэлт шалгуураар үнэлсэн. Уг үзүүлэлтээр эхний 5 байранд орсон цэцэрлэг эрхлэгч, сургуулийн захирал нарыг 2 сарын хугацаатай цалингийн 20 хувийн нэмэгдэл олгож, сүүлийн 5 байранд орсон цэцэрлэгийн эрхлэгч сургуулийн захирал нарт хариуцлага тооцон хамтран ажиллана уу... гэсний дагуу тус сумын ерөнхий боловсролын сургууль нь сүүлийн 5 байранд орсон байсан учраас албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан гэж маргажээ.

Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль нь Завхан аймгийн боловсрол шинжлэх ухааны газраас 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлсэн үзүүлэлтээр сүүлийн 5 байранд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй ч талууд энэ талаар маргаагүй байна.

Завхан аймгийн боловсрол шинжлэх ухааны газраас 2021 оны үйл ажиллагааны хэрэгжилтийг үнэлсэн үзүүлэлтээр Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль сүүлийн 5 байранд орсон нь захирал С.Эын Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан заалтыг зөрчсөн эсэх нь тодорхойгүй байхын зэрэгцээ энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Хавтаст хэрэгт хариуцагч талаас Завхан аймгийн боловсрол соёл, шинжлэх ухааны газрын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2021 оны үйл ажиллагааны жагсаалтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч уг жагсаалт нь нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй, хуулбар, үг үсэг харагдаж гаргагдахгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

9. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ.

Дээрх үйл баримтуудаас үзвэл Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Э нь Хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг ямар үйлдэл, эс үйлдэхүйгээр зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.

 

10. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заажээ.

Их-Уул сумын засаг дарга нь тус сумын сургуулийн захирал С.Э.д сахилгын шийтгэл оногдуулахаас өмнө түүнд мэдэгдэж, тайлбар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна.

Хавтаст хэрэгт хариуцагч талаас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан байх боловч уг тэмдэглэлд тайлбарыг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн, мөн уг тэмдэглэлийг хөтөлсөн албан тушаалтан гарын үсэг зурж баталгаажуулаагүй байх тул нотлох баримтаар үнэлэх үндэслэлгүй байна.

 

11. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Сумын засаг дарга аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, ...томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй гэж заажээ.

Үүнээс үзвэл сумын засаг даргад сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар олгосон байхаас бус сургуулийн захирлын албан тушаалыг бууруулах эрх хэмжээг олгоогүй байна.

 

12. Завхан аймгийн Их-Уул сумын засаг дарга нь эрх хэмжээгээ хэтрүүлж тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Э.д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 тоот захирамж нь хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Ажил олгогчийн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан захирамж нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан, захирамжид баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчилд тохирсон, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байх учиртай боловч ажил олгогч ... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай нэхэмжлэгч ... С.Эыг албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулах захирамж нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлд нийцэхгүй байна.

... 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулж албан тушаал бууруулах тухай захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төвлөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

13. Нэхэмжлэгч С.Эыг Завхан аймгийн Их-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.Э.ын сүүлийн 3 сарын дундаж цалинг тооцохдоо түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод /цахим сангаас авсан лавлагаа/ бичигдсэн сүүлийн 3 сарын буюу 2022 оны 5, 6, 7 дугаар саруудын бичилтээс 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1,832,887+1,832,887+1,273,024=4,938,798 : 3 /сар/ = 1,646,266 : 21 = 78,393 /нэг хоногт/ төгрөг болж байна.

Нэхэмжлэгч С.Э.ын ажилгүй байсан хугацааг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ажлын нийт 66 өдрөөр тооцож олговорт 5,173,938 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтээр амрах өдрийг нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тооцохдоо хасаж тооцсон болно.

14. Нэхэмжлэгч С.Эын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ажилгүй байсан хугацааны олговор 5,173,938 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 97,733 төгрөгийг хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын Засаг даргаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А овогт С.Эыг Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч ...с ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор нийт 5,173,938 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Э.д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан олговор 5,173,938 төгрөгөөс зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч  С.Э.ын  нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч ...д даалгасугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Завхан аймгийн Их-Уул сумын засаг даргаас улсын тэмдэгтийн хураамжид 97,733 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

6. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ