Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03621

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо   тоот “И” ХХК /РД: /

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 3 дугаар хороо   тоот М и б ХХК /РД:  /

 

Ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зардалд 166,708,249 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, ажлын хөлс болон хохирол 28,985,743.57 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч Э.П, Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Үүрийнцолмон

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч “М и б ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээгээр доголдолгүй үр дүн хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. “М и б ХХК-тай 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021/01 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Өгөөмөр захын хойд талд байршилтай “Б” төслийн С-1 блокийн 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс 631,726,682 төгрөг төлөх үүрэг хүлээсэн. 

 

1.2. Барилгын ажил 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн ба хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн, уг мэдэгдэлд алдаатай гүйцэтгэсэн ажлаа засварлаж, ажлаа хүлээлгэж өгөх тухайгаа илэрхийлсэн.

 

1.3. Дээрх мэдэгдэлд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хариу өгч асуудлыг эвийн журмаар, харилцан санал бодлоо илэрхийлж шийдвэрлэх саналыг хүргүүлсэн бөгөөд үүний дагуу “И” ХХК-ийн ерөнхий инженер Г.Д, “М и б” ХХК-ийн захирал Э.П нарыг оролцуулж 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хамтарсан уулзалт хийсэн. Уг уулзалтаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд хэмжилт хийж алдаатай ажлыг засварлах талаар ярилцаж, хариуцагч нь гүйцэтгэсэн ажилд засвар хийх хуваарь гаргаж 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр өгөхөөр тохирсон.

 

1.4. 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш хариуцагч нь ямар ч ажил хийгээгүй, утсаа салгаад алга болсон ба алдаатай ажлаа засварлах талаар удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэг үр дүнд хүрээгүй. Иймд манай талаас “М” ХХК-ийн геодезийн инженер А.Б хариуцагчийн гүйцэтгэсэн ажил болох зоорийн давхраас 3 давхар хүртэл хийгдсэн ажилд 2021 оны 10 дугаар сард хэмжилт хийлгэхэд хананд хийсэн хэмжилтээр хүлцэх хэмжээнээс 1,439.33 м2, таазны тэгш хэм хэмжсэн тоо хэмжилтээр хүлцэх хэмжээнээс 1,204.76м2, цонх болон хаалганы хэмжилтээр хүлцэх хэмжээнээс 2,481м2 алдаа гарсан болох тогтоогдсон болно. Энэхүү хүлцэх алдаанаас хэтэрсэн ажлыг заслын аргаар засварлах боломжгүй байдаг бөгөөд эдгээр алдаатай ажлыг тэгшилгээ шавардлага хийх, гипсэн хавтан ашиглах, цахилгаан молодок ашиглаж өөлж тэгшлэх байдлаар засварлах шаардлагатай болсон. Дээрх алдаатай ажлыг засварлахад 83,409,484.6 төгрөгийн зардал гарах тооцоо гарсны дагуу нэхэмжлэл гаргасан.

 

1.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алдаатай ажлын хэмжээг тогтоохоор шинжээч томилсон, шинжээчийн дүгнэлтээр алдаатай ажлыг засварлахад 166,708,249 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан бөгөөд энэ үнийн дүнгээр тооцож хариуцагчаас хохирол шаардаж байна гэжээ.       

 

2. Хариуцагч М и б ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. “И” ХХК нь гэрээгээр тохирсоны дагуу барилга угсралтын ажлын санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжилт олгоогүй, гэрээнд заасан цутгалтын дараа 90% олгох санхүүжилтийг 70% болгон бууруулж гэрээний үүргээ зөрчсөн. 

 

2.2. Нэхэмжлэгч нь 1, 2, 3 дугаар давхрын санхүүжилтээс 42,152,254 төгрөгийг олгоогүйгээс ажилчдын цалин хөлс олгох, багаж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах боломжгүй болж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ талаар “И” ХХК-д мэдэгдэж, дутуу санхүүжилт болох 42,152,254 төгрөгийг өгсөн тохиолдолд ажлаа үргэлжлүүлэх боломжтойг мэдэгдсэн боловч манай саналыг хүлээж аваагүй. Иймд гэрээ үргэлжлэх боломжгүй болсон. Тухайн үед засварын ажлыг хийхэд 10 гаруй сая төгрөгийн зардал гарахаар байсан.   

 

2.3. Шинжээч нь хэмжилт хийхдээ хариуцагч талыг оролцуулаагүй, БНбД 52-02-05 стандартыг буруу ашиглаж дүгнэлт гаргасан, дүүжин тааз хийгдээгүй замаск, эмульсэн засал хийгдсэн байсан, барилга ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан бол барилга нь бүхэлдээ барилга байгууламжийн норм, стандартыг хангасан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ. 

 

3. Хариуцагч “М и б ХХК нь нэхэмжлэгч “И” ХХК-д холбогдуулан үлдэгдэл ажлын хөлс болон хохирол 28,985,743.57 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

3.1. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “М и б” ХХК нь барилгын суурь, зоорь болон 1-3 дугаар давхрын цутгамал бетон хавтан, цутгамал хана, шат, хучилтын 2,319.77м2 талбайн ажлыг хийсэн ба тухайн ажлын үнэ 201,587,649.6 төгрөг болсон. Үүнээс 178,717,906.33 төгрөгийг өгсөн бөгөөд 22,869,743.57 төгрөгийг төлөөгүй тул ажлын хөлсийг төлүүлэхээр шаардаж байна. 

 

3.2. Дээрх үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол болох өмгөөлөгчийн ажлын хөлс 3,500,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 2,616,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.   

 

4. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

4.1. Хариуцагчийн хийсэн ажлын хэмжээнд маргахгүй бөгөөд энэ ажлаа гэрээнд заасан чанартай, барилга байгууламжийн стандарт, нормын дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул хийсэн ажлынх нь хөлсийг өгсөн гэж үзэж байгаа.

 

4.2. Өмгөөлөгч болон шинжээчийн ажлын хөлс нь хариуцагчийн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор гарсан зардал байна, үүнийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй.

 

5. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “И” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 02/1375 дугаартай албан бичиг, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн БУ/2021/01 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, зөрчилд хариуцлага тооцох хувь хэмжээ, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах тухай гэрээ, С-1 блокын зоорь, 1, 2, 3 давхруудад хийсэн хэмжилтийн ажлын тайлан, “Б” ХХК-ийн орон сууц, үйлчилгээний цогцолбор барилгын С-1 блокын угсралтын ажлын нэгдсэн графикт төлөвлөгөө, “М и б ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №07 дугаартай албан бичиг, торгуулийн хуудаснууд, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл, “И” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2021/189 дугаар албан бичиг, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, гүйлгээний жагсаалт, 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, нэхэмжлэх, ажил гүйцэтгэлийн баримтууд, зарлагын баримтууд, Голомт банкны гадаад төлбөрийн даалгавар, Хаан банкны депозитын хуулга, С1 блокын 1, 2, 3 давхарт гологдол засуулахад зарцуулсан ажлын хөлсний задаргаа, худалдах, худалдан авах гэрээ, материалын түүвэр, “И” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/165 дугаартай албан бичиг, Б.Буянжаргалын ниймийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,  /I-ХХ-6, 8, 10-34, 36-43, II-18, 20, 96-197, 200-202, 215-220 дугаар тал/

 

6. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: М и б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №07 дугаартай албан бичиг, Б орон сууцны С-1 блок барилга угсралтын төслийн үр ашгийн урьдчилсан тооцоо, бодит зардлын тооцоо,  Б орон сууцны С-1 блок төслийн давхар бүрт хэрэглэгдэх материалын задаргаа төсөв, дундын цахилгаан багаж хэрэгслийн тооцоо, тоног төхөөрөмжийн тооцоо, Б барилгын С-1 блокын барилгын засварын ажлын төсөв, гэрэл зураг, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Хаан банкны депозит дансны хуулга  / I-ХХ-49-52, 62, 88-95, II-24, 233-239 дугаар тал/

 

7. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: “Г” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримтууд /I-ХХ-191-245 дугаар тал/

 

8. Хариуцагчийн хүсэлтээр шүүхээс дараах нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, үүнтэй холбогдох баримтууд  / I-ХХ-107-146, II-ХХ-46-82 дугаар тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил гүйцэтгэх гэрээний дагуу доголдолгүй ажил шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүй, “М” ХХК болон шинжээч “Г” ХХК-ийн хэмжилтээр хана, тааз, цонх, хаалганы ажил нь БНбД 52-02-05 Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн барилгын норм ба дүрэмд заасан хүлцэх хэмжээнээс хэтэрсэн, уг алдаатай ажлыг заслын аргаар засварлах боломжгүй болох нь тогтоогдсон бөгөөд өөр аргаар засварлах ажлын зардалд 166,708,249 төгрөг гарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зардлыг гаргуулж, хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгч нь санхүүжилтийн хуваарийн дагуу олгох санхүүжилтийн хэмжээг  дур мэдэн өөрчилж гэрээний үүргээ зөрчсөн, гүйцэтгэсэн ажлын санхүүжилтэд 42,152,254 төгрөгийг олгоогүйгээс ажилчдын цалин хөлс олгох, багаж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах боломжгүй болж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, гэрээ дуусгавар болсон. Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарсан бөгөөд сүүлд томилогдсон “Г” ХХК нь хэмжилт хийхдээ хариуцагч талыг оролцуулаагүй, БНбД 52-02-05 стандартыг буруу ашиглаж дүгнэлт гаргасан, нэхэмжлэгч нь дүүжин тааз хийгээгүй замаск, эмульсэн засал хийгдсэн байсан, барилга ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан тул барилга нь бүхэлдээ барилга байгууламжийн норм, стандартыг хангасан гэж үздэг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

 

4. Хариуцагч “М и б ХХК нь нэхэмжлэгч “И” ХХК-д холбогдуулан 28,985,743.57  төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

 

5. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:

 

5.1. Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд 2,319.77м2 талбайн ажлыг хийсэн, энэ ажлын хөлсөнд 178,717,906 төгрөг төлсөн. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажил гэрээнд заасан шаардлагад нийцээгүй доголдолтой хийгдсэн байсан тул тохирох ажлын хөлсийг төлсөн гэж үзэж байна.

 

5.2. Хариуцагчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан зардал, шинжээч томилуулж гарсан зардал нь түүний эрхээ хэрэгжүүлсэнтэй холбогдож гарсан зардлууд учраас үүнийг нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

6.1. Талууд 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021-01 дугаартай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г бичгээр байгуулсан байх бөгөөд тухайн гэрээгээр хариуцагч М и б ХХК нь Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Өгөөмөр захын хойд талд баригдах Б төслийн С-1 блок буюу үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь, зоорийн давхар, 1-14 дүгээр давхар, техникийн давхар нийт 16 давхар орон сууцны барилга угсралтын ажлыг 631,726,682 төгрөгөөр /1м2 талбайн үнийг 86,900 төгрөг, нийт ажлын талбай 7,208.72м2/ батлагдсан зураг төслийн дагуу, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд гүйцэтгэх, нэхэмжлэгч нь ажлын  хөлсийг ажлын гүйцэтгэлээр хэсэгчлэн төлөх үүрэг тус тус хүлээжээ. Дээрх гэрээний шинж, агуулга, нөхцөл, талуудын үүрэг зэргээс үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээг байгуулсан асуудлаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” , мөн зүйлийн 343.2 дахь хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна” гэж тус тус заасан. Үүнээс үзвэл ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн бөгөөд ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг бий болгож, хүлээлгэн өгснөөр захиалагч талд хөлс төлөх үүрэг үүсдэг байна.

 

Талууд хариуцагчийн хийсэн ажлын хэмжээнд буюу 2,319.77м2 талбайн цутгалтын ажлыг хийсэнд маргаагүй, харин доголдолтой хийсэн ажлын хэмжээнд маргасан ба нэхэмжлэгч нь шинжээчийн тогтоосон хэмжээгээр доголдлыг арилгахыг буюу 166,708,249 төгрөг шаардаж байгаа бол хариуцагч нь доголдолтой хийсэн ажлыг засварлахад 10 гаруй сая төгрөг болно гэж маргажээ. 

 

Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй бол ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг /ажлын хөлс, материалын зардал, замын хураамж болон тээврийн хөлс г.м/ хариуцах үүрэгтэй болохыг мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасан байна. Иймд хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлын үр дүнг доголдолтой гүйцэтгэсэн бол уг доголдлыг өөрийн зардлаар арилгах үүрэгтэй байна.

 

“М и б” ХХК нь гэрээг цуцлаж, дуусгавар болгох хүсэлтээ 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 07 тоот албан бичгээр хүргүүлсэн байх ба гэрээ цуцлах болсон үндэслэлээ “санхүүжилтийг хуваарийн дагуу олгохгүй, бараа материалыг бүрэн хангахгүй тасалдуулсан, гэрээнд заасан цутгалтын дараа 90% олгох санхүүжилтийг 70% болгон бууруулж гэрээг нэг талын дур зоргоор өөрчилж байгаа нь хэвийн ажил гүйцэтгэх боломжийг хязгаарлаж хүнд нөхцөлд оруулж байна” гэжээ. Ийнхүү гэрээг дуусгавар болгож буйтай холбогдуулан хийж гүйцэтгэсэн нийт ажил болох 2,318.24м2 талбайн цутгалтын ажилд хамтран хэмжилт хийж засах шаардлагатай хана, хучилтыг баталгаажуулж, үүний дагуу засварлах ажлыг гүйцэтгэж, үлдсэн 30%-ийн ажлын хөлсөө авах хүсэл зоригоо хариуцагч тал илэрхийлсэн байна. /I-ХХ-ийн 62 дугаар тал/

 

Дээрх үндэслэлээр гэрээг цуцлахгүй болохоо “И” ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2021/104 тоот албан бичгээр мэдэгдэж, санхүүжилтийг 70% болгон бууруулсан нь ажлын явц болон үр дүнгийн дутагдалтай холбоотой, энэ талаар хоёр тал харилцан тохиролцож шийдвэрлэсэн болохыг дурджээ.

 

Талууд ажлын үр дүнгийн доголдлын асуудлаар 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хамтарсан уулзалт хийсэн байх ба уг уулзалтаар “М и б” ХХК нь ажлын үр дүнгийн доголдлыг засварлах ажлын хуваарийг 7 дугаар сарын 08-ны өдөр гаргаж өгөхөө илэрхийлж, хэв хуулагдсаны дараа геодезийн хэмжилт хийхээр талууд тохирсон байна. Уг тохиролцооны дагуу ямар нэг ажил хийгдээгүй, гэрээ дуусгавар болсон болох нь талуудын тайлбараар тогтоогдов. 

 

Дээрх баримтуудаас үзвэл ажлын үр дүн тодорхой хэмжээний доголдолтой байсан болох нь тогтоогдож байх ба харин хэдий хэмжээний доголдол байсан болохыг тухайн үед талууд хамтран тогтоогоогүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийн хүсэлтээр доголдолтой ажлын хэмжээг тогтоохоор Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь хэмжилтийг хийхдээ хэргийн оролцогчийн тоног төхөөрөмжийг ашигласан, БНбД 52-02-05 Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн барилгын норм ба дүрмийг баримтлаагүй үндэслэлээр шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж шүүх үзэж дахин шинжилгээ хийлгэхээр “Г” ХХК-ийг шинжээчээр томилжээ. /I-ХХ-ийн 166-172, 186, 188 дугаар тал/

 

Шинжээчийн дүгнэлтээр 1 дүгээр давхрын тааз 382.37м2, 2 дугаар давхрын тааз 369.98м2, 3 дугаар давхрын тааз 369.98м2 талбай нь хүлцэх алдаанаас хэтэрсэн, уг алдааг өндөр маркийн зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах шаардлагатай, 1 дүгээр давхрын хана 329.46м2, 2 дугаар давхрын хана 404.71м2, 3 дугаар давхрын хана 290.7м2 талбай нь хүлцэх хэмжээнээс хэтэрсэн, цүлхийлттэй, уг алдааг цахилгаан молодок ашиглан өөлөх, тэгшилгээ шавардлага хийж засварлах, 1 дүгээр давхрын D тэнхлэгт 1400 х 2300 хаалга гаргах хэсгийг орхиж битүү цутгагдсан байсныг бетоныг хөрөөдөж хаалга гаргасан, 2 давхрын D тэнхлэгт шатны хонгилын 2ш цонх зүүн, баруун тийш 200мм шилжсэн байсныг засварласан, бусад хаалга, цонхыг хэмжих боломжгүй, 1,2,3 дугаар давхрын дээр дурдсанаас бусад цонх, хаалга хэмжих боломжгүй, зоорийн давхарт хана, таазны цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажлын дараагийн үе шатны ажил болох тэгшилгээ өнгө шавардлага, тусгаарлах ханын өрлөгийн ажил хийгдсэний улмаас хэмжилт хийх боломжгүй гэж дүгнэсэн байх ба дээр заасан алдааг засварлахад таазны ажил 97,339,054 төгрөг, ханын ажил 46,931,336 төгрөг, буулгалт өрлөг, хог хаягдлын ажил 466,760 төгрөг нийт 144,737,150 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад зардал 21,971,099 төгрөг нийт 166,708,249 төгрөгийн зардал гарах төсөвт өртгийн тооцоо гаргажээ.

 

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийн хийсэн ажлын доголдлыг тогтоолгох зорилгоор “М” ХХК-иар 2021 оны 10 дугаар сард геодезийн хэмжилт хийлгэсэн гэх ажлын тайланг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтад зааснаар зоорийн болон 1,2,3 дугаар давхрыг оролцуулаад шавардлага хийх ханын хэмжээг 1,439.33м2, цонх болон хаалгын молодокны ажлын хэмжээ 2,481м2, хүлцэх алдаанаас хэтэрсэн таазны хэмжээг 1,204.76м2 гэж тус тус тогтоосон байна.   

 

Шинжээч нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр геодезийн хэмжилтийг хийхэд цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн ажлын дараагийн үе шатны ажил болох тэгшилгээ өнгө шавардлагын ажил хийгдсэн байсны улмаас зоорийн давхрын хана, тааз, цонх, хаалга, 1-3 дугаар давхрын цонх болон хаалганы хэмжилтийг хийх боломжгүйгээс хэмжилт хийгээгүй, 1-3 давхрын таазны хэмжээг 1,122.33м2, ханын хэмжээг 1,024.87м2 гэж тогтоосон бөгөөд энэ нь “М” ХХК-ийн хэмжилтийн үр дүнтэй ойролцоо тогтоогдсон байна. Мөн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн БА-089/2023 дугаар дүгнэлтээр барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзэн ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ. Иймд барилгын ажил бүрэн дууссан тохиолдолд хариуцагчийн хийсэн ажлын доголдлын хэмжээг тогтоох боломжгүй болох нь шинжээчийн зарим хэмжилтийг хийгээгүй шалтгаанаа тайлбарласан байдлаар тогтоогдож байна.

 

2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хоёр талын уулзалтаар хариуцагч нь ажлын үр дүнд тодорхой хэмжээний доголдол байгаа, түүнийг засварлах талаар нэхэмжлэгчтэй ярилцаж тохиролцсон атлаа тухайн тохиролцоогоо биелүүлээгүй нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл барилгын ажлыг /хугацаандаа гүйцэтгээгүйгээс гарах үр дагавар ихтэй/ хугацаа алдахгүй үргэлжлүүлэхээр ажил гүйцэтгэгчтэйгээ тохиролцоонд хүрсэн гэсэн захиалагчийн итгэл үнэмшилийг алдагдуулж, тохиролцоондоо хүрээгүй явдлыг үүрэг гүйцэтгэх зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болно. Мөн нөгөө талаар хариуцагч нь доголдлыг засварласнаар түүний хэмжээг нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож тогтоох буюу хэн алиныхаа ашиг сонирхолд нийцсэн байдлаар шийдвэрлэж гэрээгээр олгогдсон тэгш эрхийн зарчмыг хэрэгжүүлэх боломжтой байтал энэхүү эрхийг хэрэгжүүлэхээс татгалзжээ. Гэрээний тэгш эрхийн зарчим нь гэрээний талуудыг эрх, үүргээ хэрэгжүүлэхэд ямагт адил, тэгш боломжийг олгож, үүргээ зөрчсөний улмаас хүлээх хариуцлага хэн алинд нь тэгш байх нөхцөл болдог. Иймд хариуцагч нь доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүйгээс гарах үр дагаврыг нэхэмжлэгчийн нотолсон хэмжээнд хариуцах болохоо хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

 

Дээрх үндэслэлүүдээр “Г” ХХК-ийн тогтоосон доголдлын хэмжээгээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж үзэв. Шинжээч нь ажлын үр дүнгийн алдааг БНбД 52-02-05 Цутгамал бетон, төмөр бетон бүтээцийн барилгын норм ба дүрмийн 14.1-ийн 13 дугаар хүснэгтэд заасан Бетон, төмөр бетон бүтээцийн хүлцэлийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзсэн ба таазны алдааг өндөр маркийн зориулалтын шавраар шавардах, гипсэн уналттай тааз хийж засварлах, цүлхийлттэй болон хүлцэх алдаанаас хэтэрсэн ханыг цахилгаан молодок ашиглан өөлөх, тэгшилгээ шавардлага хийж засварлах шаардлагатай гэж дүгнэжээ. Үүнээс үзвэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт “Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж заасанд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг нь нийцэхгүй байх тул гэрээгээр тохирсон чанарт тохироогүй биет байдлын доголдолтой гэж үзэв. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, дахь хэсэгт зааснаар хариуцагч нь захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд захиалагч буюу нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг гаргах эрхтэй ба уг эрхээ хэрэгжүүлж хариуцагчаас ажлаа бүрэн гүйцэтгэхийг шаардсан, үүний үр дүнд доголдлыг засварлахаар тохирсон боловч хариуцагч нь доголдлыг арилгахтай холбоотой ямар нэг үйлдэл хийгээгүй, доголдлыг арилгаагүй байна. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3 дахь хэсэгт “Нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болно” гэж зааснаар нэхэмжлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй юм. 

 

Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардсанаар доголдлыг арилгах үүргээ биелүүлээгүй тохиолдолд доголдолтой ажлыг хэрхэн засварлах, үүнд хэдий хэмжээний зардал гаргахаа өөрөө шийдвэрлэж, өөрийн хүсэл зоригийн дагуу гүйцэтгэх боломжийг алдах бөгөөд нэхэмжлэгч нь доголдлыг арилгахтай холбоотой зардлыг шаардах эрхтэй болно. Энэ талаар Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх”-ээр шаардах эрхтэй гэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн дүгнэлтийг үндэслэн зохиосон төсвийн тооцоогоор 166,708,249 төгрөг гэж тодорхойлсон ба үүнд ажиллах хүчний зардлыг 35,125,560 төгрөг, материалын зардалд 77,357,753, механизм болон тээврийн зардлыг 2,427,288 төгрөг байхаар тооцоолсон байна. Харин нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудыг тооцоход материалын зардалд 73,245,112 төгрөг, ажлын хөлсөнд 59,075,239 төгрөгийн зардал гарсан байх байна. Шинжээчийн дүгнэлтээр хана, таазны ажлын материал болон ажиллах хүчний зардлыг тооцоолсон болно. Иймд доголдлыг арилгах материалын зардлыг 73,245,112 төгрөг /нэхэмжлэгчээс бодитой гарсан зардал/, ажиллах хүчний зардлыг шинжээчийн тогтоосон хана, таазны ажлын хөлс болох 35,125,560 төгрөгөөр, машин механизм болон тээврийн зардлыг мөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 2,427,288 төгрөгөөр тогтоож, нийт 110,797,960 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлээс 55,910,289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /II-ХХ-ийн 96-197 дугаар тал/  

 

Нэхэмжлэгч нь ажлын үр дүнгийн доголдлыг засварлуулах шаардлагыг гэрээ цуцлагдахаас өмнө гаргасан ба гэрээ цуцлагдаж, дуусгавар болсон нь доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргийг хариуцагч биелүүлээгүйтэй холбоогүй байна. Иймд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд гэрээ цуцлагдсаны улмаас учирсан хохирол шаардах эрхийн зохицуулалт хамааралгүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй. Хариуцагч нь 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цуцлах хүсэл зориг илэрхийлсэн боловч уг хүсэл зоригийг нэхэмжлэгч тал хүлээн аваагүй тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж зааснаар хариуцагчийн гэрээ цуцлах хүсэл зориг хүчин төгөлдөр болоогүй гэж үзнэ. 

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчийн өмчлөлд шилжүүлснээр хөлс авах эрх үүсэх талаар мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.3, 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зохицуулжээ.

 

Талууд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ буюу 2,319.77м2 талбайн ажил болон ажлын хөлсөнд 178,717,906 төгрөг төлөгдсөн асуудлаар маргаагүй байна. Гэрээний 1.3-т гэрээний ажлын үнийг 1м2 нь 86,900 төгрөгөөр тохирч, үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар оруулж тооцсон байх ба нэмэгдсэн өртгийн албан татвар ороогүй дүнгээр 1м2 талбайн ажлын үнэ 79,000 төгрөг байна. Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хөлс 183,261,830 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 18,326,183 төгрөг орсон дүнгээр 201,588,013 төгрөг болж байх бөгөөд үүнээс 178,717,906 төгрөгийг нэхэмжлэгч төлсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 4,543,924 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 18,326,183 төгрөг нийт 22,870,107 төгрөг төлөх үүрэгтэй байна. Ажлын үр дүнгийн доголдлыг хөлс төлөх ажлын үр дүн гэж үзэхгүй боловч нэхэмжлэгч нь ажлын хөлсний дийлэнх хэсгийг нэгэнт төлснөөс гадна доголдлыг арилгахтай холбоотой зардлыг нөхөн төлүүлж байгаа тул нийт гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөх үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 22,869,743 /хариуцагчийн өөрийнх нь тодорхойлсон үнийн дүн/ төгрөг гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг доголдолгүй ажлын үр дүн хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаснаар “М и б” ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцохдоо өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан, нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох зорилгоор шинжээч томилуулсан байх ба эдгээртэй холбогдон гарсан зардал нь нэхэмжлэгчийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүйтэй холбоогүй байна. Өөрөөр хэлбэл үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан аливаа хохирол, зардал нь үүрэг гүйцэтгэгчийн үүргээ гүйцэтгээгүй зөрчлийн улмаас үүссэн, хоорондоо шалтгаант холбоотой байх нь уг хохирлыг шаардах эрхийн үндэслэл болно. Иймд дээрх зардлууд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан байх тул  өмгөөлөгчийн хөлс 3,500,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 2,616,000 төгрөг нийт 6,116,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов. 

 

Мөн ажлын хөлс төлөх үүргээ биелүүлээгүй явдалд /үүргийн зөрчилд/  нэхэмжлэгч буруутай байх, тухайн зөрчил нь хариуцлага хүлээх хэмжээний зөрчил мөн эсэх нь хохирол төлөх үндэслэл болох бөгөөд ялимгүй зөрчил нь хариуцлага хүлээх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.2, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М и б” ХХК-иас 110,797,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 55,910,289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “И” ХХК-иас 22,869,743 төгрөг гаргуулж “М и б” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 6,116,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,149,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,310 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “М и б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 711,940 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “И” ХХК-д, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7,569 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, “И” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 272,299 төгрөг гаргуулж “М и б” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ГАНДИЙМАА