Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00124

 

2024.01.12 210/МА2024/00124

 

И ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/03621 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: И ХХК

Хариуцагч: С ХХК

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зардалд 166,708,249 төгрөг гаргуулах,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс болон хохирол 28,985,743 төгрөг гаргуулах иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 И ХХК нь С ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдөр БУ/2021/01 дугаартай Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээгээр хариуцагч нь Баянзүрх дүүрэг, 00 дүгээр хороо, Ө захын хойд талд байршилтай, төслийн Х блокийн 16 давхар үйлчилгээтэй орон сууцны барилга угсралтын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламжийн норм, нормативын баримт бичигт нийцүүлэн чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч ажлын хөлс 631,726,682 төгрөг төлөх үүрэг хүлээсэн.

1.2 Барилгын ажил 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлсэн ба хариуцагч нь 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэрээ цуцлах тухай мэдэгдэл ирүүлсэн. Мэдэгдэлд алдаатай гүйцэтгэсэн ажлаа засварлаж, ажлаа хүлээлгэж өгөх тухайгаа илэрхийлж, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариу өгч, асуудлыг эвийн журмаар, харилцан санал бодлоо илэрхийлж шийдвэрлэх саналыг хүргүүлсэ. Үүний дагуу И ХХК-ийн ерөнхий инженер Г. , С ХХК-ийн захирал Э. нарыг оролцуулж, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хамтарсан уулзалт хийсэн. Уулзалтаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд хэмжилт хийж, алдаатай ажлыг засварлах талаар ярилцаж, хариуцагч нь гүйцэтгэсэн ажилд засвар хийх хуваарь гаргаж 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгөхөөр тохирсон. Гэтэл хариуцагч нь үүнээс хойш ямар нэгэн ажил хийгээгүй ба алдаатай ажлаа засварлах талаар удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэг үр дүнд хүрээгүй.

1.3 Иймд нэхэмжлэгчийн зүгээс ХХК-ийн геодезийн инженер А.Баярбатаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажил болох зоорийн давхраас 3 давхар хүртэл хийгдсэн ажилд 2021 оны 10 дугаар сард хэмжилт хийлгэхэд хананд хийсэн хэмжилтээр хүлцэх хэмжээнээс 1,439.33 м.кв, таазны тэгш хэм хэмжсэн тоо хэмжилтээр хүлцэх хэмжээнээс 1,204.76 м.кв, цонх болон хаалганы хэмжилтээр хүлцэх хэмжээнээс 2,481 м.кв алдаа гарсан болох тогтоогдсон. Энэхүү хүлцэх алдаанаас хэтэрсэн ажлыг заслын аргаар засварлах боломжгүй байдаг бөгөөд эдгээр алдаатай ажлыг тэгшилгээ шавардлага хийх, гипсэн хавтан ашиглах, цахилгаан молодок ашиглаж өөлж тэгшлэх байдлаар засварлах шаардлагатай болсон. Дээрх алдаатай ажлыг засварлахад 83,409,484.6 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан.

1.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр алдаатай ажлыг засварлахад 166,708,249 төгрөгийн зардал гарсан. Иймд хариуцагчаас 166,708,249 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 И ХХК нь гэрээгээр тохирсоны дагуу барилга угсралтын ажлын санхүүжилтийн хуваарийн дагуу санхүүжилт олгоогүй. Гэрээнд заасан цутгалтын дараа 90 хувь олгох санхүүжилтийг 70 хувь болгон бууруулж гэрээний үүргээ зөрчсөн.

2.2 Нэхэмжлэгч нь 1, 2, 3 дугаар давхрын санхүүжилтээс 42,152,254 төгрөгийг олгоогүйгээс ажилчдын цалин олгох, багаж, тоног төхөөрөмжийн худалдан авалт, засвар үйлчилгээ хийх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг ханган ажиллах боломжгүй болж барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон. Энэ талаар И ХХК-д мэдэгдэж, дутуу санхүүжилт болох 42,152,254 төгрөгийг өгсөн тохиолдолд ажлаа үргэлжлүүлэх боломжтойг мэдэгдсэн боловч манай саналыг хүлээж аваагүй тул гэрээ үргэлжлэх боломжгүй. Тухайн үед засварын ажлыг хийхэд 10 гаруй сая төгрөгийн зардал гарахаар байсан.

2.3 Шинжээч нь хэмжилт хийхдээ хариуцагч талыг оролцуулаагүй, БНбД 52-02-05 стандартыг буруу ашиглаж дүгнэлт гаргасан. Дүүжин тааз хийгдээгүй замаск, эмульсэн засал хийгдсэн байсан. Барилга ашиглалтад оруулах комиссын акт баталгаажсан бол барилга нь бүхэлдээ барилга байгууламжийн норм, стандартыг хангасан гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Ажил гүйцэтгэх гэрээний дагуу хариуцагч нь барилгын суурь, зоорь болон 1-3 дугаар давхрын цутгамал бетон хавтан, цутгамал хана, шат, хучилтын 2,319.77 м.кв талбайн ажлыг хийсэн. Тухайн ажлын үнэ 201,587,649 төгрөг болсон. Үүнээс 178,717,906 төгрөгийг өгсөн бөгөөд 22,869,743 төгрөгийг төлөөгүй.

 

3.2 Дээрх үүргээ нэхэмжлэгч гүйцэтгээгүйгээс хариуцагч нь өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 3,500,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд 2,616,000 төгрөг тус тус төлж хохирсон.

3.3 Иймд нэхэмжлэгчээс нийт 28,985,743 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Хариуцагч ажлаа гэрээнд заасан чанартай, барилга байгууламжийн стандарт, нормын дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул хийсэн ажлынх нь хөлсийг өгсөн гэж үзэж байна.

4.2. Өмгөөлөгч болон шинжээчийн ажлын хөлс нь хариуцагчийн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор гарсан зардал тул нэхэмжлэгч төлөх үндэслэлгүй гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2.2, 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 110,797,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 55,910,289 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, И ХХК-иас 22,869,743 төгрөг гаргуулж С ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 6,116,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,149,500 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,310 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 711,940 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 7,569 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 272,299 төгрөг гаргуулж С ХХК-д олгож шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 И ХХК-ийн нь ХХК-аар хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд хэмжилт хийлгэсэн. Тухайн хэмжилтээр холбогдох барилгын норм, стандарт зөрчсөн болохыг тогтоосон. Харин хариуцагчийн зүгээс энэхүү хэмжилтыг эс зөвшөөрч маргасан учир зохигчийн хүсэлтээр шүүхээс Барилгын хөгжпийн төвийг шинжээчээр томилсон. Шүүгчийн захирамжид заасны дагуу шинжээч нь хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Дүгнэлтээр тодорхой хэмжээний зөрчил илрүүлсэн боловч дүгнэлт холбогдох хуульд нийцээгүй учир нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс ХХК-ийг шинжээчээр томилсон. Дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн алдаатай ажлыг засварлахад таазны ажил 97,339,054 төгрөг, ханын ажил 46,931,336 төгрөг, буулгалт, өрлөг, хог хаягдлын ажил 466,760 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад зардал 21,971,099 төгрөг, нийт 166,708,249 төгрөг шаардлагатай гэсэн.

6.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлыг засварлахад ажлын хөлсөнд 78,528,510 төгрөг, материалын зардалд 67,585,653 төгрөг, нийт 146,528,510 төгрөгийг зарцуулсан талаарх санхүүгийн баримтуудыг хэрэгт нотлох баримтаар өгсөн.

6.3 Дээрх нотлох баримтуудыг анхан шатны шүүх тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй.

6.4 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахтай холбоотой бодитоор гарсан зардал болох 146,528,510 төгрөгийн баримтууд болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлттэй харьцуулан үзвэл, манай компани ажил гүйцэтгэх гэрээний үүргээс бий болсон доголдлыг арилгахтай холбоотой зардалд 146,528,510 төгрөгийг хариуцагч компаниас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 146,528,510 төгрөгт холбогдох хэсгийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1 Анхан шатны шүүх Шүүх шинжилгээний тухай хуулийг илтэд зөрчиж, хэт нэг талыг барьсан, бодит байдалд үл нийцсэн өмнөх мэргэжлийн улсын байгууллагын гаргасан дүгнэлтээс хэт өндөр үнийн дүнтэй ХХК-ийн дүгнэлтийг үндэслэсэнд гомдолтой байна. ХХК нь дүгнэлтдээ УБ хот Бум-Үр орон сууц, үйлчилгээний цогцолбор блок Х барилгын давхрын хүлцэх алдааны засварын ажлын төсвийг 166,708,249 төгрөг гэж үзсэн нь бодит байдалд үл нийцсэн. Мөн Төрийн өмчит аж ахуйн нэгж болох Барилгын хөгжлийн төв-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр хүлцэх алдаа нь 26,127,946 төгрөг байна гэснээс хэд дахин өндөр байгаа нь дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй байсан.

8.2 Шинжээчийн дүгнэлт гаргасан ХХК нь геодезийн хэмжилт хийх эрх, тухайн хэмжилтийн үр дүнг үндэслэн барилга бүтээцийн эдлэл буюу хана, хучилтын чанарыг БНбД-д үндэслэн үнэлэлт дүгнэлт өгөх ажлуудын гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ хавсаргагдаагүй байсан. Тухайн хэмжилтийн үр дүнг ашиглан төсөв зохион баталгаажуулах тусгай мэдлэгийн эрхтэй эсэх нь тодорхойгүй байсан.

8.3 ХХК-ийн шинжээч дүгнэлт гаргахдаа БЫ6Д52-02-05-Г буруу ашиглаж дүгнэсэн. Барилгын тааз буюу хучилтын хүлцэх алдааг /10 мм/ гэж авсан нь БНбД 52-02-05-ын 14.1-д заасан №-р дугаар хүснэгтийн 2 дугаарт 2 хэвтээ гадаргын түвшин зурагт зааснаас зөрөх хэмжээг/+-20мм/ гэж заасан хүлцэх алдаанаас дариу 50% бууруулж тооцсон нь дүгнэлтийн таазны хэмжилт хэсэг бүхэлдээ буруу хийгдсэнийг харуулж байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд хаалга, цонхыг орхиж цутгасан, эсвэл хэмжээ алдсан учраас зөөж засварласан буруу хаалга гаргасан байсныг тоосгоор битүүлж гаргасан зэрэг тайлбар нь бүгд худал бөгөөд манай компанийн цутгасан зоорины давхраас 4-р давхар хүртэлх ажлыг ажлын зургийн дагуу хийж гүйцэтгэсэн захиалагч тал И ХХК барилга угсралтын явцад зурагт өөрчлөлт оруулж гүйцэтгэгч компанийн гүйцэтгэсэн байсан тоосгоор битүүлэх зэрэг арга хэмжээг авсан болно.

Энэ нь барилга угсралтын явцад И ХХК-с гүйцэтгэгч компанид өгч байсан ажлын зургаар батлагдана. Тус шинжээчийн дүгнэлтийн төсөвт ханын засалд нийт 30.1 сая төгрөгийн ротбанд зуурмаг гэж оруулсан байна. Цутгамал төмөр бетон ханын засалд ротбанд зуурмаг эсвэл түүнтэй адилтгах ямар нэгэн зуурмагийг ашиглахгүй заслын ажлыг гүйцэтгэх боломжгүй юм. Мөн дүгнэлтийн төсөв хэсэгт нийт 1147.1 м.кв талбайд60х60 хэмжээтэй хөнгөн цагаан рамтай дүүжин тааз-аар засварлана гэж зөвхөн таазны ажилд 97.3 сая төгрөг төсөвлөж 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар тухайн барилгад нийслэлийн харьяа Хотын стандартын газар-аас улсын комисс ажиллаж барилгыг байнгын ашиглалтад оруулсан байна.

8.4 Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.1, 173, 18.1.5, 18.1.8-д заасан заалтыг зөрчсөн. Тухайн хэмжилтэд ашигласан тоног төхөөрөмжүүдийн жагсаалт, дугаар тэдгээрийн бүрэн бүтэн ажиллагааг магадалсан Стандарт хэмжил зүйн газрын гэрчилгээ хавсрагдаагүй байсан нь тухайн хэмжилт үнэн зөв биш байх бүрэн боломжтойг илтгэж байна. Тус үндэслэлээр өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэж анхан шатны шүүх нэмэлт шинжээч томилж байсан. Шинжээчийн дүгнэлтэд хэмжилт хийж байгаа барилгын фото зураг, тухайн давхарт хэмжил хийж байгааг баталгаажуулж баримтжуулсан фото зураг хангалтгүй байсан бөгөөд зөвхөн дүгнэлтийн хэсэгт оруулсан харанхуй өрөө нь доторхи зураг нь энэ хэмжилт тухайн барилга дээр хийгдсэн эсэхийг ч бүрэн дүүрэн нотолж чадаагүй. Гэтэл Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтэд хангалттай харуулсан байдаг. Дээрх дүгнэлт нь Шүүх шинжилгээний тухай хуулийг ноцтой зөрчсөн, уг дүгнэлт хууль зөрчсөн эхний болон давтан шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй байсан тул энэ тухай анхан шатны шүүхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт зааснаар дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хариуцагч талаас гаргаж байсныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шинжээч томилж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

9. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

9.1 Шүүгчийн захирамжаар тухайн шинжээч байгууллагаас тусгай зөвшөөрөлтэй холбоотой баримт ирүүлэх тухай захирамж гаргаж, түүний дагуу шинжилгээний байгууллагын тусгай зөвшөөрөл зэрэг баримтууд хэрэгт хавсаргагдсан. Гэтэл Барилгын хөгжлийн төв хариуцагч компанийн төлөөлөгчтэй ашиг сонирхлын зөрчилтэй болох нь тогтоогдсон. Иймд шинжээчийн дүгнэлт үнэн зөв гарсан эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв гараагүй гэж үзэж байгаа бол дахин шинжээч томилуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан.

9.2 Түүнчлэн шинжээчид хууль тайлбарласны үндсэн дээр шинжээчийн дүгнэлт гаргадаг. Яагаад ийм зөрүүтэй дүгнэлт гарсан юм бэ гэвэл хэмжилтийг хэрхэн хийснээс шалтгаалж байна. Өөрөөр хэлбэл, 4 цэгээс хэмжилт хийвэл доголдол бага гарч, 8 цэгээс хэмжилт хийвэл шинжээчийн дүгнэлт илүү нарийвчлалтай гарч, үнийн зөрүү гардаг. Алдаатай ажлыг засахад ийм хэмжээний хөрөнгийг гаргасан гэдэг анхан шатны баримтыг өгсөн учраас шинжээчийн дүгнэлт нотолгооны ач холбогдолтой биш гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С ХХК-д холбогдуулан ажлын үр дүнгийн доголдлыг арилгах зардалд 166,708,249 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс болон хохирол 28,985,743 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой, доголдлын хэмжээ, доголдлыг засварлахад хэдий хэмжээний зардал гарсан, гэрээний дагуу ажлын хөлсийг бүрэн төлсөн, гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой хохирол учир эсэх нь маргааны зүйл болжээ.

3.1 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШЗ2022/00787 дугаар захирамжаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын хэмжээ болон доголдлыг засварлах төсөвт өртөг зэргийг тогтоолгохоор Барилгын хөгжлийн төв-ийг шинжээчээр, шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШЗ2022/17983 дугаар захирамжаар ХХК-ийг шинжээчээр тус тус томилсон ба шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт авагдсан. /1 хх 99-102, 105-146, 166-172, 188, 192-245, 2 хх 40-45/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт нь хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилготой байдаг.

4.1 Анхан шатны шүүх ХХК-ийн дээрх дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлын хэмжээг тодорхойлох нь зүйтэй гэж үзэн, тухайн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.2 Учир нь, шүүхээс шинжээчээр томилсон Барилгын хөгжлийн төв-ийн болон ХХК-ийн дүгнэлтийг шинжээчийн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна. Учир нь, шүүх шинжилгээ хийх дээрх эрх бүхий этгээдийг шинжээчээр томилохдоо Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, мөн зүйлд зааснаар шүүх дээрх этгээдүүдийг шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулаагүй байхаас гадна мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар түүнд эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулаагүй байна. Иймд шүүгчийн захирамжаар шинжээчээр томилсон Барилгын хөгжлийн төв болон ХХК-ийн гаргасан дүгнэлтүүдийг шинжээчийн дүгнэлт буюу нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй.

5. Анхан шатны шүүх зохигчдоос гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзэн хангаж шийдвэрлэхдээ шинжээчид хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулаагүй, шинжээчээр ажиллахад харшлах нөхцөл байдлыг урьдчилан тодруулаагүйгээс дүгнэлтүүд нь нотолгооны ач холбогдлоо алдсан байх бөгөөд тухайн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь буруу. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхойгүй болжээ.

6. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөн дүгнэн маргааныг хянан шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч талын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримт үнэлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/03621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч И ХХК-аас төлсөн 336,608 төгрөгийг, хариуцагч С ХХК-аас төлсөн 712,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН