Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 155/ШШ2022/00383

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн 204-4-4 тоотод оршин суух, Х Н-ийн Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Б Б-ын Э

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 6 дугаар гудамжны 01 тоотод оршин суух, Б Б-ийн Б нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Т,

Хариуцагч Б.Э, Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдуулан 19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Нэхэмжлэгч Н.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Н Т би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын газрын ажилтан Б.Этэй эрсдэл гарахгүй, эрсдэл гарсан ч таныг хохироохгүй, найдвартай нэг үл хөдлөх Улаанбаатар хотод байгаа, асуудалгүй гэх мэтээр ярихад нь итгэл үнэмшилдээ автан итгэлцлийн үндсэн дээр 1 сарын хугацаатайгаар амаар харилцан тохиролцож түүнд итгэн түүний эхнэр Б.Бийн ХААН 507495228 дансанд 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны хуулбар дээр Б.Э гарын үсэг зурж баталгаажуулсан. Тэгээд би 5 дугаар сард Ханхад амьдрардаг ахын минь бие муудаад ээжийнхээ амралтыг авч эмнэлгээр явсаар асарч халамжлах шаардлагатай болж 6, 7, 8 дугаар сард цалингүй чөлөө авсан. 8 дугаар сард ах минь таалал төгсөж ажилдаа орсон. Энэ өдөр Э 3 сарын чөлөө авсан гээд надтай зөрж таарсан. Ажлын хүмүүсийн яриаг сонсоход 7 дугаар сард Харьер авч унасан, удахгүй Солонгос улс руу явах санаатай гэж ярьж байсан. Удалгүй 10 сарын сүүл орчим ажлаас өөрийн хүсэлтээр гарч байна. Хүлээлгэж өгөхөөр ирсэн гээд манай өрөөнд орж ирээд эхнэрийн дүүгийн нэр дээр Улаанбаатар хотод 1 үл хөдлөх хаус байгаа юм, үүнийг зарж таны мөнгийг өгнө дөө гэсэн. Би за, за анх юу гэж ярьсан билээ дээ, зөндөө удаан хугацаа өнгөрлөө, хурдан зараад Солонгос явахаасаа өмнө өгөөрэй гэх мэтээр бид 2 ярилцаж байгаад гарч явсан. Тэр үед эхнэр бид 2 Солонгос явахаар виз өгсөн 12 дугаар сард гарах байх гэж байсан. Бас Харриер машинаа зарж байгаа гэж яриа байсан. Маргааш нь надад мөнгөний хэрэг болоод талыг нь ч болов өгчихөөч, нөгөөхөө зарахаар болсон уу гэж асуухад, үгүй ээ хүн амьтан асуухгүй байна гээд таг болсон. Энэ мэтчилэн хүний боломжийг харж хүлээн суух тэсвэр тэвчээр, итгэл ч үгүй боллоо. Хүний амьдрал баялаг хойно гэр бүлийн доторх уур амьсгал ч хүндэрлээ. Ийнхүү харилцан тохиролцсоноор байж чадахгүй худал үнэн, наана цаана ярьсаар байгаад Солонгос явчих, эрсдэлтэй байгаа тул эхнэр Бийн дансанд мөнгө шилжүүлж өгсөн нь үнэн тул Б.Э, Б.Б нараас 19,000,000 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг барагдуулж өгнө үү...гэжээ.

Б. Нэхэмжлэгч Н.Т шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Бид амаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Анх надаас 19,000,000 төгрөгийг авахдаа эрсдэлгүй, найдвартай, баталгаатай, хэрэв ямар нэгэн эрсдэл гарах юм бол үл хөдлөх эд хөрөнгөө зараад таны мөнгийг төлөөд өгнө. Үл хөдлөх хөрөнгө байгаа гээд надад үл хөдлөх хөрөнгийнхөө зургийг Хсан учир би хариуцагч Б.Эд итгээд, ямар ч байсан эрсдэл үүсэн тохиолдолд миний мөнгийг төлөөд өгчих юм байна гэсэн найдвар төрөөд 19,000,000 төгрөгийг Б.Бийн дансанд шилжүүлсэн. Би 19,000,000 төгрөгөө Б. Э, Б.Б нарт өгсөн нь үнэн, Б.Э, Б.Б нар надаас авсан нь үнэн. Тийм учраас 19,000,000 төгрөгөө хариуцагч нараас гаргуулж авмаар байна. Хариуцагч Б.Э нь надаас мөнгө авч байх үедээ хүүтэй төлнө гэж байсан. 1 сарын хугацаатайгаар 19,000,000 төгрөгийн би Б.Э, Б.Б нарт зээлж, Б.Э нь сарын хүү 5,000,000 төгрөгийг надад өгөхөөр болж тохиролцож байсан. Би яг Бэлтэс Мөрөн лүү хийх талаар бол сайн мэдээгүй.Гэхдээ тухайн үед хүмүүс Бэлтэс Мөрөн ХХК-нд мөнгө хийж өндөр хүү авч байсан учраас энэ хоёрыг уг газарт хийх байх. Тэгээд надад ийм өндөр хүү өгөх гэж байгаа юм байна гэж бодсон. Одоо тэр хүүтэй нь хамт мөнгө авах худлаа учир зээлсэн 19,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Намайг Бэлтэс Мөрөн ХХК-ийн дансанд 50,000,000 төгрөг хийсэн гэж байна. Энэ үнэн, манай ээж 50,000,000 төгрөг хийсэн. Үүнтэй холбоотойгоор би хариуцагч Б.Э рүү чат бичиж асууж байсныг 19,000,000 төгрөгтэй холбож тайлбарлаад байдаг. Б.Э нь Бэлтэс Мөрөнд 50,000,000 төгрөг гүйцээж өгөхийн тулд надаас 19,000,000 төгрөг зээлээч гэхээр нь би бодож үзье гээд гэртээ ирээд байж байхад над руу хоёр удаа залгаад мөнгөө өгөхөөр болсон уу? гэж байн байн асууж байсан. Тэгээд би Хаан банкин дээр очиж 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн надаас мөнгө зээлээч гэж гуйгаагүй, мөнгө зээлж аваагүй гэж худлаа тайлбарлаж болохгүй байх.

Хамгийн гол нь Б.Э нь надаас мөнгө зээлээд хүүтэй нь сарын хугацаанд буцааж өгнө гэж хэлсэн.Мөн ямар нэгэн эрсдэл гарлаа ч гэсэн өөрөө хариуцаад төлнө гэсэн учраас би зээлсэн. Мөн ажлын газрын хүн н.Гантөмөртэй хоолны газарт яриад сууж байхад ирээд хамтарч мөнгө хийх талаар ярьсан гэж тайлбарлаад байна. Би ингэж хэлснээ огт санахгүй байна. Тухайн үед хүн болгон л цайны газарт Бэлтэс Мөрөнгийн тухай ярьж байсан байх. Хүнийг бас ингэж гүтгэж болохгүй байх. Би хариуцагчид 19,000,000 төгрөгийг өгөхдөө мэдээж гэр бүлийн хүнтэйгээ зөвшилцөж байж шийдвэр гарсан. Нөхөртөө ажлын газрынхаа залууд мөнгө зээлэх талаараа хэлэхэд яг найдвартай юм уу? гэхээр нь ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд Б.Эгийн эхнэрийнх нь дүү болох Б.Батцацралын нэр дээр байгаа үл хөдлөх эд хөрөнгийг зарж борлуулж байгаад төлнө гэсэн гэж хэлсэн. Би Б.Этэй тохиролцож 19,000,000 төгрөгийг өгөхөөр болсон, харин Б.Бийн данс руу нь 19,000,000 төгрөгийг хийсэн. Энэ хоёр нь нэг гэр бүлийн хүмүүс учраас бүх зүйл нь нэг л савнаас гарах учраас би хоёулангаас нь 19,000,000 төгрөгөө гаргуулж авна. Би анх мөнгө өгсөн хүмүүсээсээ л мөнгө нэхэмжилнэ, энэ хүмүүсийг тухайн мөнгийг надаас аваад хэнд өгсөн байх нь надад ямар ч хамаагүй гэв.

Хариуцагч Б.Э, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж дараах үндэслэлээр татгалзсан. Үүнд:

А.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа:..Нэхэмжлэгч Н овогтой Т нь 2022 оны 3 дугаар сараас л Бэлтэс Мөрөн ХХК-ийн тухай удаа дараа асууж, сонирхож байсан ч би болон манай ажлын 3, 4 хүн мөнгө хийсэн тухай л ярьсан төдий ба Н.Тг нэг ч удаа Бэлтэс мөрөн ХХК-д мөнгө хийх тухай зөвлөөгүй, шахаж шаардаагүй болно. Үүнээс хэдэн өдрийн дараа цайны газарт ажлын ах Б.Гантөмөртэй хамтарч мөнгө хийх талаар ярьж байсныг сонсоод манай ажлын өрөөнд орж ирэн эгч нь шийдсэн ээжийнхээ нэр дээр 50,000,000 төгрөгөө хийсэн. Чамд хэд дутуу байгаа юм. Хамтраад хийе гэхэд нь надад 31,000,000 төгрөг байгаа гэсэн. 31,000,000 төгрөгтэй нийлүүлээд 50,000,000 төгрөгийг хадам аав Аюуш овогтой Б нэр дээр Бэлтэс Мөрөн ХХК-д хийсэн. Энэ явдлаас 4 хоногийн дараа 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газраас Бэлтэс мөрөн ХХК-ийн үйл ажиллагааг шалгаж зогсоосноор бид Бэлтэс мөрөн ХХК-ийн луйврын хэргийн хохирогчид болсноо мэдсэн. Н овогтой Тгаас 19,000,000 төгрөг зээлээгүй, хамтран тохиролцсон тухай баримтуудыг хавсаргав. Мөн Бэлтэс Мөрөн ХХК-д хамтран мөнгө хийсэн тухай нотлох хөндлөнгийн гэрч, ажлын хамт олон байгаа ба Бэлтэс мөрөн ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөний баримт Н.Ттай харилцаж байсан хувийн чат, мессэжний зургуудыг хавсаргав. Мөн мөнгө шилжүүлсэн баримтын ард Н.Т Бэлтэс Мөрөн гэж тодотгосон байгаа гэжээ.

Б.Хариуцагч Б.Э шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Би нэхэмжлэгчийг 19,000,000 төгрөг зээлээч, Бэлтэс Мөрөнд мөнгө хийгээд өсгөж өгнө гэж мөнгө зээлж авсан удаа байхгүй. Нэхэмжлэгч бид хоёрын хооронд ямар нэгэн зээлийн гэрээ байгуулагдсан асуудал байхгүй. Тухайн үед Бэлтэс Мөрөн ХХК-нд мөнгө хийгээд өсгөж авах асуудал нь их өргөн дэлгэрсэн байсан. Би ч гэсэн мөнгө хийгээд 20-30 хувийн ашиг хүртсэн. Сүүлд 50,000,000 төгрөг хийж гэж байх үед би ажлынхаа н.Гантөмөр гэх хүнтэй цайны газарт мөнгө хийх талаар яриад байж үед нэхэмжлэгч Н.Т нь бид хоёрын яриаг сонссон юм шиг байсан. Тэгээд би Улаанбаатар хотоос ирээд удаагүй учир надад аймагт таньж мэдэхгүй хүн байхгүй учраас итгээд дансанд нь мөнгө хийчих хүн байхгүй учир хоёулаа хамтраад Бэлтэс Мөрөнгийн данс руу мөнгө хийе гэхэд би саналыг хүлээн зөвшөөрсөн түүнээс биш нэхэмжлэгчээс мөнгө зээлээч гэж хэлээд мөнгө зээлсэн асуудал байхгүй. Би Хөвсгөл аймгийн Нисэхэд 12 жилийн хугацаанд ажилласан. Харин нэхэмжлэгч нь ирээд 1 жил ч хүрээгүй байж надтай ямар нэгэн гэрээ байгуулахгүйгээр 19,000,000 төгрөгийг өгч, авалцах дотно харилцаатай биш. Үүнээс харахад нэхэмжлэгч нь цэвэр өөрийн ашиг сонирхлын төлөө надаар Бэлтэс Мөрөн ХХК-нд мөнгө хийлгэсэн.

Мөн нэхэмжлэгч нь Бэлтэс Мөрөн ХХК-д намайг мөнгө хийх гэж байгаа талаар огт мэдээгүй гэж тайлбарлаад байх боловч нэхэмжлэгч нь ээжийнхээ нэр дээр 50,000,000 төгрөгийг хийлгэж байсан. Мөн нэхэмжлэгч манай эхнэрийн данс руу мөнгө хийхдээ Бэлтэс Мөрөнд мөнгө хийв гэж бичсэн бичгээр нэхэмжлэгч Бэлтэс Мөрөнд мөнгө хийх гэж байгаа талаар мэдэж байсан болох нь тогтоогдож байна. Яг үнэн гэх юм бол нэхэмжлэгчийн зүгээс 19,000,000 төгрөгийг, миний зүгээс 31,000,000 төгрөг нийт 50,000,000 төгрөгийг хамтарч Бэлтэс Мөрөн ХХК-ийн дансанд хийсэн. Би тухайн үед ийм асуудал үүснэ гэж огт бодоогүй, ийм зүйл болохыг мэдсэн бол нэхэмжлэгчийн 19,000,000 төгрөгийг Бэлтэс Мөрөн ХХК-ийн дансанд хийлгэх ёстой байсан. Нэхэмжлэгч бид нар яг адилхан. Учир нь Бэлтэс Мөрөн ХХК-ийн дансанд мөнгө хийхдээ бид нарын хэн аль нь өөрсдийн нэр дээр мөнгө хийж гэрээ байгуулаагүй. Харин манай хадам аавын нэр дээр мөнгө хийж, манай хадад аав гэрээ байгуулсан учир хадам аав маань Бэлтэс Мөрөн ХХК-аас нэхэмжлэх эрхтэй. Цагдаагийн газарт өргөдөл гаргаад хохирогчоор тогтоогдсон байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 19,000,000 төгрөгийг огт төлөхгүй гэж хэлээгүй. Нэхэмжлэгч нь өнөөдөр намайг байж боломжгүй байдлаар гүтгэж байгаа учраас би гомдолтой байна. Хэдийгээр шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх юм бол тэр шийдвэр нь надад нээх нөлөөлөөд байхгүй. Би нэхэмжлэгчийн 19,000,000 төгрөгийг өгнө. Гэхдээ одоо биш. Бид нар бүгдээрээ Бэлтэс Мөрөнгийн хохирогч нар учраас Бэлтэс Мөрөнд холбогдох хэрэг шийдэгдсэний дараа би 50,000,000 төгрөгөө авч, нэхэмжлэгчийн 19,000,000 төгрөгийг өгөх боломжтой.Бэлтэс Мөрөн ХХК-ийн дансанд 50,000,000 төгрөг хийсэн талаарх гэрээ надад байгаа. Та яагаад өнөөдөр тухайн үед болсон үнэнийг хэлж өгөхгүй байгаа юм бэ? бид нар яг адилхан Бэлтэс Мөрөн ХХК-ийн үйл ажиллагааны улмаас хохирсон хүмүүс, би арга барьж байна. Намайг машин худалдаж авсан гэж нэхэмжлэл дээрээ тайлбарласан байсан. Би энэ машиныг банк бусаас зээлж авсан, зээл нь одоо болтол төлөгдөж байгаа. Өнөөдрийн байдлаар миний дансанд 100 төгрөг ч байхгүй байна. Ийм байдалтай байна гээд байхад яагаад намайг ойлгохгүй заавал ийм нөхцөл байдал үүсгээд шүүхээр оруулж байгаа юм бэ? би Солонгос улс руу явах бодолтой байсан боловч нэхэмжлэгчийн нөхөр нь намайг гадагшаа явах эрхийг минь хаана гэж хэлсэн. Би нэхэмжлэгчийн нөхрийг танилтай гэдгийг нь мэдэж байна. Гэхдээ бид нар бүгд л амьдрах гээд хичээж явж байгаа хүмүүс гэдгийг ойлгох хэрэгтэй. Би таны 19,000,000 төгрөгийг дүүгийнхээ зуны байшинг зараад, унаж яваа машинаа зараад ч болов уу өгчихөж чадна. Би Бэлтэс Мөрөнгийн ХХК-ийн хэрэг мөд шийдэгдэхгүй гэдгийг мэдсэн учраас өнөөдөр гадагшаа явж чадахгүй, машинаа зарах гэж байна. Түүнээс биш би энэ машиныг таны мөнгөөр худалдаж авсан асуудал байхгүй. Би өнөөдрийн хурал дээр нэхэмжлэгчтэй нэг өрөөнд суудаг н.Санжид гэдэг хүнийг гэрчээр дуудмаар байсан боловч үлдэх хүмүүсийн харилцааг бодоод тийм асуудал үүсгээгүй. Би н.Санжид гэх хүнд 6 сард өөрийн унаж байсан машинаа зараад банк бусаас мөнгө нэмж гаргуулаад машин авсан. Өнөөдөр би үнэхээр гомдолтой байна, тухайн үед нэхэмжлэгч эгчдээ туслаач гээд байж байсан тэр үйлдлээ одоо яагаад санахгүй байгаа юм бэ? зүгээр хүнд тусалсныхаа төлөө өнөөдөр ингээд зогсож байгаадаа гомдолтой байна. Та миний урд гарч чадахгүй ингээд сууж байна шүү дээ, юм өнөөдрийн ганц 19,000,000 төгрөгөөр дуусахгүй шүү дээ, бид нар чинь хүн биз дээ, надад хэлэх үг ч олдохгүй байна. Би таны 19,000,000 төгрөгийг өгнө, миний гадаа унаж ирсэн машиныг аваад явбал яваарай. Би өнгөрсөн жил ээжийнхээ байрыг хүртэл зараад хийж байсан. Одоо манай ээж манай эгчийнд амьдарч байгаа. Би өнөөдөр ялтай юм шиг амьдарч байна. Миний эхнэр, гурван хүүхэд хэрэв байхгүй байсан бол би өнөөдөр энэ хорвоод байхгүй байж болох л байсан. Гэхдээ ямар нэгэн зүйлд хүн чанар гэж байдаг л бол тухайн үед юу хэлж байснаа санах хэрэгтэй. Би дэлхийд байхгүй хүү буюу 25 хувийн хүүтэй мөнгө нэг сарын хугацаанд таниас зээлээд зогсож байх тэнэг хүн биш. Би хэзээ ч таниас мөнгө зээлээгүй, үүнийг би бурхан болсон аавынхаа нэрээр тангараглаж байна. Хэзээ ч би хүнд худал хэлж үзээгүй. Өнөөдөр би үнэхээр гомдолтой байгаа учраас шүүх хуралдаанд орж таны урдаас харж зогсмоор санагдсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.

В.Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:...Би нэхэмжлэгчийг огт танихгүй, манай нөхөртэй хамт нэг газар ажилладаг хүн түүнээс өөрөөр мэдэхгүй. Манай нөхөр нэг өдөр ирээд манай ажлын хүн Бэлтэс Мөрөнд мөнгө хамтарч танай аавын нэр хийе гээд байна гэж хэлэхээр нь эхлээд зөвшөөрөөгүй.Тэгтэл манай нөхөр Улаанбаатар хотоос ирээд удаагүй учраас таньж мэдэх хүнгүй хэцүү байх шиг байна гээд байхаар нь би зөвшөөрсөн. Гэхдээ би сүүлд нь энэ хүнийг ингэж гүтгэнэ гэж огт бодоогүй. Нэхэмжлэгч анхнаасаа 5.000.000 төгрөгийн ашиг олох гэж л мөнгө хийсэн. Бид нар бүгд ашгаа олж авч чадаагүй. Тухайн үед манай нөхөр бид хоёр ийм асуудал болно гэж огт бодож байгаагүй. Мөн нөхөр бид хоёр мөнгө зээлэх ямар нэгэн хэрэг байгаагүй. Дансанд орж ирсэн 19,000,000 төгрөгийг би аавынхаа данс руу шилжүүлсэн. Бид нар аавын нэр дээр Бэлтэс Мөрөн ХХК-нд мөнгө хийж байсан учраас мөнгө шилжүүлсэн. Бэлтэс Мөрөн ХХК-ийн хэрэгт аав хохирогчоор тогтоогдсон байгаа. Бэлтэс Мөрөн ХХК-тай холбоотой манай аавын асуудал шийдэгдэж байж бид нарын асуудал шийдэгдэнэ гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс нэхэмжлэл 4 хуудас, Н.Тгийн иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, Голомт банкны төлбөрийн баримтын хуулбар 01 хуудас, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар 01 хуудас, гэрэл зураг 01 хуудас, харилцсан чат 2 хуудас зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагчаас харилцсан чат 3 хуудас, ХААН бакны шилжүүлгийн баримт болон Эд 19,000,000 төгрөгийг эхнэр Бийн дансанд шилжүүлж өгөв гэрээг жич хийнэ. Өгч шилжүүлсэн. /Бэлтэс мөрөн/ гэх бичиглэлтэй ягаан өнгийн цаасыг канондсон хуулбар 01 хуудас, Голомт банкны төлбөрийн баримт 01 хуудас, ХААН бакны шилжүүлгийн мэдээллийн эх хувь баримт 2 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх хариуцагч Б.Эгийн хүсэлтээр 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 19,000,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт (ягаан өнгөтэй)-ын ард Эд 19,000,000 төгрөгийг эхнэр Бийн дансанд шилжүүлж өгөв. Гэрээг жич хийнэ. (Бэлтэс мөрөн)... гэх тэмдэглэгээний (Бэлтэс мөрөн) гэх хэсэг нь бусад бичвэртэйгээ тохирч байгаа эсэх, Н.Тгийн бичгийн хэвтэй тохирч байгаа эсэхэд шинжилгээ хийлгэсэн, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Т Тна гэх нэртэй фэйсбүүк хаягаас Б.Э гэх нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан чатанд үзлэг хийж нотлох баримт бүрдүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч  дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр 19,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай Б.Э, Б.Б нарт зээлсэн. Бэлтэс Мөрөн ХХК-д хийж ашиг олох зорилгоор өгөөгүй. Хэрэв тэгэх байсан бол би өөрөө Бэлтэс Мөрөн ХХК-д хийх байсан. Надаас мөнгө авахад би Бэлтэс Мөрөн ХХК-д хийх гэж байна гэдгийг мэдсэн. Гэхдээ зээлсэн мөнгөө хэрхэн яаж зарцуулах нь энэ хүмүүсийн асуудал. Би энэ хүмүүст итгэж мөнгөө өгсөн. Өгсөн мөнгөө авах гэж нэхэмжлэл гаргасан... гэж тайлбарлав.

3.Хариуцагч Б.Э, Б.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар үгүйсгэсэн.Үүнд: ...Н.Тгаас 19,000,000 төгрөг зээлээгүй, харин Бэлтэс мөрөн ХХК-д хамтраад хийе гэж өгсөн. Бид өөрсдийн 31,000,000 төгрөгтэй нийлүүлээд 50,000,000 төгрөг болгож аав А.Б нэр дээр Бэлтэс Мөрөн ХХК-д хийсэн. 19,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн Н.Тгаас авсан болохоор төлнө. Гэхдээ Бэлтэс мөрөн ХХК-ийн асуудал шийдвэрлэгдсний дараа төлнө... хэмээн мэтгэлцэв.

4. Хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд 2022 оны 4 дүгээр сарын 21-ны өдөр 19,000,000 төгрөгийг өгч авалцсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Голомт банкны төлбөрийн баримтаар тогтоогдлоо.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараас үзвэл 19,000,000 төгрөг авсан, төлөх үйл баримтанд талуудын хэн аль нь маргаагүй ба харин дээрх мөнгө нь зээлийн төлбөр мөн эсэхэд маргаж байна.

5ргэний эрх зүйн маргаанд зохигч өөр, өөрсдийн тайлбар, үндэслэлийг нотлох үүрэгтэй.

Тодруулбал нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотлох баримтыг шүүхэд гаргасан тохиолдолд хариуцагч татгалзлаа нотлох, холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй.

Харин шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Хариуцагч Б.Э, Б.Б нар нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 19,000,000 төгрөгийг Бэлтэс мөрөн ХХК-д хамтарч хийхээр өгсөн мөнгө хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн, мэтгэлцэж байгаа ба үүнийгээ баримтаар нотлох ёстой.

Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэл, шаардлага түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Мөн хавтаст хэрэг авагдсан facеbook чатаар харилцсан 3 хуудас баримт /хх-ийн 22-24 дүгээр тал/, нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн ХААН банкны шилжүүлгийн баримт 3 хуудас / хх-ийн 25-27, 28 дугаар тал/, 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-54 дүгээр тал/, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд Т Тна гэх нэртэй фэйсбүүк хаягаас Б.Э гэх нэртэй фэйсбүүк хаягтай харилцсан чатанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 58-70 дүгээр тал/ зэрэг баримтууд нь нэхэмжлэгч Н.Тг 19,000,000 төгрөгөө Бэлтэс мөрөн ХХК-д хийхээр өгсөн гэдгийг шууд нотлохгүй.

6.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Нэхэмжлэгч Н.Т, хариуцагч Б.Э, Б.Б нарын хооронд бичгээр гэрээ байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулаагүй боловч талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний хувьд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээг байгуулсанд тооцдог.

Нэхэмжлэгч Н.Т 19,000,000 төгрөгийг хариуцагч Б.Бийн Хаан банкин дахь 5007495228 тоот дансанд шилжүүлэн өгсөн гэдгийг хариуцагч Б.Э, Б.Б нар үгүйсгээгүй.

Иймээс хариуцагч нар нь Н.Тгаас авсан мөнгө өөрсдөө хариуцаж төлөх үүрэгтэй, харин 19,000,000 төгрөгийг шаардах эрх нь нэхэмжлэгчид үүснэ.

7.Хариуцагч нараас Бэлтэс мөрөн ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт 50,000,000 төгрөгт хохирогчоор аав А.Б тогтоогдсон ба Н.Т 19,000,000 төгрөгт хохирогчоор тогтоогдоогүй хэмээн тайлбарласан.

Нөгөөтэйгүүр хариуцагч нар нь дээрх мөнгийг Бэлтэс мөрөн ХХК-ийн асуудал шийдвэрлэгдэж, хохирол төлөгдсний дараа төлнө гэж байгаа боловч хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч Н.Т нь Бэлтэс мөрөн ХХК-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон нь нотлогдоогүй.

8. Иймд хариуцагч Б.Э, Б.Б нараас 19,000,000 /арван есөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.Э, Б.Б нараас 19.000.000 /арван есөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252.950 /хоёр зуун тавин хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э, Б.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Тд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ