Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2023/00022

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 225/МА2023/00022

 

 

Н.Туяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2023/00383 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Туяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.*******, Б.Батцэцэг нарт холбогдох

19,000,000 (арван есөн сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Туяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Туяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:... Нямсүрэнгийн******* би 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ажлын газрын ажилтан Б.*******тэй эрсдэл гарахгүй, эрсдэл гарсан ч таныг хохироохгүй, найдвартай нэг үл хөдлөх Улаанбаатар хотод байгаа, асуудалгүй гэх мэтээр ярихад нь итгэл үнэмшилдээ автан итгэлцлийн үндсэн дээр 1 сарын хугацаатайгаар амаар харилцан тохиролцож түүнд итгэн түүний эхнэр Б.Батцэцэгийн ХААН ............ дансанд 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн банкны хуулбар дээр Б.******* гарын үсэг зурж баталгаажуулсан. ...Ийнхүү харилцан тохиролцсоноор байж чадахгүй худал үнэн, наана цаана ярьсаар байгаад Солонгос явчих, эрсдэлтэй байгаа тул эхнэр*******ийн дансанд мөнгө шилжүүлж өгсөн нь үнэн тул Б.*******, Б.Батцэцэг нараас 19,000,000 төгрөгийг гаргуулан өгч хохирлыг барагдуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нямсүрэн овогтой*******гаас 19,000,000 төгрөг зээлээгүй, хамтран тохиролцсон тухай баримтуудыг хавсаргав. Мөн Бэлтэс Мөрөн ХХК-д хамтран мөнгө хийсэн тухай нотлох хөндлөнгийн гэрч, ажлын хамт олон байгаа ба Бэлтэс Мөрөн ХХК-ийн дансанд шилжүүлсэн мөнгөний баримт Н.Туяатай харилцаж байсан хувийн чат, мессэжний зургуудыг хавсаргав. Мөн мөнгө шилжүүлсэн баримтын ард Н.Туяа Бэлтэс Мөрөн гэж тодотгосон байгаа.

...бид хоёр мөнгө зээлэх ямар нэгэн хэрэг байгаагүй. Дансанд орж ирсэн 19,000,000 төгрөгийг аавынхаа данс руу шилжүүлсэн. Бид нар аавын нэр дээр Бэлтэс Мөрөн ХХК-нд мөнгө хийж байсан учраас мөнгө шилжүүлсэн. Бэлтэс Мөрөн ХХК-ийн хэрэгт аав хохирогчоор тогтоогдсон байгаа. Бэлтэс Мөрөн ХХК-тай холбоотой манай аавын асуудал шийдэгдэж байж бид нарын асуудал шийдэгдэнэ гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2023/00383 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нараас 19.000.000 /арван есөн сая/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Туяад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамж 252,950 /хоёр зуун тавин хоёр мянга ёсөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Туяад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нар давж заалдах гомдолдоо: Б.*******, Б.Батцэцэг бид ...шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагч болох Б.******* намайг мөнгө авснаа хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн, харин зээлиин гэрээ мөн эсэх дээр маргасан, мөн нэхэмжлэгч Н.Туяа, хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нарын хооронд үүссэн харилцааг зээлийн гэрээ гэж тодорхойлон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

1. Мөнгө авсантай маргаагүй гэх хэсэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Н.Туяа нь Б.Батцэцэгийн данс руу 19,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдэлтэй бид маргаагүй. Б.Батцэцэгийн дансаар мөнгийг хүлээн авч цааш дамжуулсан. Б.Батцэцэгийн данс руу мөнгийг шилжүүлээд байгаа үйлдэл нь бидэнд мөнгийг зээлсэн учраас шилжүүлсэн гэдгийг нотлох үйлдэл биш юм. Б.Батцэцэгийн данс руу 19,000,000 төгрөг орсныг хүлээн зөвшөөрсөн биш зээлсэн учраас мөнгийг авсан гэж хүлээн зөвшөөрөөгүй.

2. Мөнгийг төлөхөө илэрхийлсэн гэх хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Нэгэнт Б.Батцэцэгийн аав Б.Бат-Эрдэнийн нэрээр Бэлтэс Мөрөн ХХК-д мөнгө хийж, гэрээ байгуулсан. Б.Бат-Эрдэнэ нь хохирогчоор тогтоогдон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод явж байгаа. Уг хэрэг шийдэгдсэний дараа бид бүгдийн хохирлын асуудал шийдэгдэнэ. Иймд Бэлтэс Мөрөн ХХК буюу нэр бүхий 8 хүнд холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа бид бүгдийн хохирлын асуудал шийдэгдэх тул тэр үед нь мөнгийг нь өгнө гэсэн утга санаагаар мөнгийг нь өгнө гэж хэлсэн.

3. Зээлийн гэрээ гэж тодорхойлсныг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Н.Туяа нь анх 19,000,000 төгрөгийг биднээр дамжуулан Бэлтэс Мөрөн ХХК-нд хийх, харин миний зүгээс Бэлтэс Мөрөн ХХК-аас орж ирэх мөнгөний ашгаас 700,000 төгрөгийг өөртөө авч, 19,000,000 төгрөгийг ашиг 5,000,000 төгрөгийн хамт Н.Туяад өгөхөөр харилцан тохиролцож амаар хэлцэл хийж дээрх харилцан тохиролцсон нөхцөл дээр бидний хүсэлт зоригийн илэрхийлэл нэгдсэн.

...Бидний хооронд зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй, хүсэлт зоригийн илэрхийлэл нэгдээгүй юм.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Туяа давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч миний бие Хариуцагч Б.*******г ажилтай, орлоготой, бас бусад өөр аргаар мөнгө олдог бизнестэй, баталгаатай, 1 сарын хүгацаанд мөнгийн минь буцааж өгнө найдвартай гэсэн болохоор харилцан тохиролцож өөрт байгаа 19 сая төгрөгөө зээлдүүлсэн нь үнэн. Хариуцагч Б.******* бид 2-н хооронд мөнгө өгсөн, авсан талаар ямар ч маргаангүй харин Б.*******, Б.Батцэцэг нар надаас авсан мөнгөө өгөхгүй янз бүрийн шалтгаан хэлж ... удаах зорилгоор Бэлтэс мөрөн ХХК-д уг мөнгийг хийсэн болгож түүнийгээ ямар ч баримтгүйгээр тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна.

Дээрх хүмүүс нь түхайн мөнгийг хадам аав гэх Бат-Эрдэнээр Бэлтэс мөрөн" рүү хийлгэсэн гэж ярьдаг боловч тэр талаарх хийгдсэн гэрээ болон түүнд хамаарах ямарч БАРИМТ" хэрэгт өгөөгүй юм. Хэрэгт ч авагдаагүй болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Н.Туяа нь хариуцагч Б.*******, Б.Батцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19,000,000  төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч нар ...зээлийн гэрээ байгуулаагүй, Бэлтэс Мөрөн ХХК-д мөнгө хийхээр тохирч, мөнгөө шилжүүлсэн, тус компанийн нэр бүхий 8 хүнд холбогдох эрүүгийн хэрэг шийдвэрлэгдсэний дараа бидний хохирлын асуудал шийдэгдэх тул тэр үед нь мөнгийг нь өгнө гэх тайлбар гаргасан байна.

Зохигч нэхэмжлэлд дурдсан 19,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, авсан талаар маргаагүй, харин зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргажээ.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн талуудын хооронд зээлийн гэрээ амаар байгуулагдсан гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзнэ.

Харин хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хөрөнгө олж авсан этгээд гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг, үүрэг гүйцэтгэгч этгээд гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг, үүрэг үүсээгүй гэж хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байхыг тус тус ойлгох бөгөөд зохигчийн хооронд ямар нэгэн үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас 19,000,000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байх ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хариуцагч нарын давж заалдах гомдлын талаар:

1. Нэхэмжлэгч Н.Туяа нь хариуцагч Б.Батцэцэгийн данс руу 19,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх ба шүүх хариуцагч нарын дээрх мөнгийг хүлээн авснаа хүлээн зөвшөөрсөн, Бэлтэс Мөрөн ХХК-д буюу нэр бүхий 8 хүнд холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэний дараа хохирлоо төлнө гэсэн тайлбарыг үндэслэн хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

2. Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нар Бэлтэс Мөрөн ХХК-д мөнгө хийхээр тохирч, мөнгөө шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

3. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэсэн байх боловч уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжтой байна.

Иймд хариуцагчийн гаргасан ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2023/00383 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Б.Батцэцэгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ

 

 

 

 

.