Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/00884

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2023/00884

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 16 дугаар гудамжны 11 тоотод оршин суух, Б.Х

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, О.Ч

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 20 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Г.О

Нэхэмжлэлийн шаардлага: Шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, хана өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 (арван гурван сая тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай 155/2023/00784/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн,

Хариуцагч О.Ч, Г.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б.Х нь О.Ч, Г.О нарт холбогдуулан шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, хана өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 (арван гурван сая тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2023 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 13 дугаар гудамжны 19 тоотод байрлах хашаандаа 14х14 хэмжээтэй, үйлчилгээ явуулах зориулалттай, авто угаалга, засварын газар, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх зориулалтаар хундамаа цутгаж эхэлсэн.

Хариуцагч нартай 14х14 хэмжээтэй шал цутгаж, яам хийж өгөхөөр тохиролцсон. Шал цутгуулахад ажлын хөлс 1,400,000 төгрөг гэж тохирсноос 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г.Оийн данс руу урьдчилгаа 100,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г.Оийн данс руу 1,300,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Өмнө цутгасан шал хуурч унаад, хагарч, мөн өсгийгөөрөө гишгэхэд үүрч унаад ашиглах боломжгүй байгаа тул өнөөдөр хуулаад дахин цутгуулах гэж байгаа. Шал цутгахад орсон материал, ажлын хөлсийг нэхэмжилж байгаа.

Хариуцагч нар нь нэг өдөр шал цутгаж дуусаад танай өрлөгийг хийгээд өгье гэж хэлсэн. 14х14 хэмжээтэй барилгыг хөнгөн блокоор ханын өрлөг, бүс бетон, багана, цонхны амлагаа зэрэг бүх ажлыг 3,700,000 төгрөгөөр хийхээр тохиролцож, хариуцагч Г.Оийн данс руу урьдчилгаа 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн.

Барилгын хана өрж эхлэхэд ханыг далий өрсөн, том, том чулуу чихчихсэн байснаас нэг талын хана нь салхинд унасан.

Шал болон өрлөгт ямар материал орсон болон чанарын шаардлага хангасан эсэх, цаашид ашиглах боломжтой эсэх талаар Дамно ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн.

Ингээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр хүмүүсээр 3 ханыг буулгаж, дахин барилгаа бариулсан. Одоо бүс бетон хүртэлх бүх ажил хийгдэж дээвэр тавихад бэлэн болсон. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүс бетоны цутгалтаа авсан.

Хариуцагч тал өрлөгт нийт 27 метр куб блок зарцуулснаас нураасан өрлөгөөс 7 метр куб блокыг зүсэж шинээр өрлөг өрөхөд зарцуулсан. 20 метр куб блок шинээр авсан учир хариуцагч нараас өмнө нь барилгын өрлөг өрөхөд гарсан зардлыг нэхэмжилж байна.

Иймээс шал цутгахад гарсан зардалд цемент цутгахад 56 шуудай цемент, нэг шуудай цементний үнэ 22,000 төгрөг, нийт 1,232,000 төгрөг, 0,5 хэмжээтэй 18 метр куб хайрга, нэг метр куб хайрганы үнэ 35,000 төгрөг, нийт 630,000 төгрөг, нэг хово хайрга тээвэрлэсэн зардал 150,000 төгрөг, мексер хөлсөлсөн нэг өдрийн хөлс 60,000 төгрөг, 1 тонн усны үнэ 20,000 төгрөг, ажлын хөлс 1,400,000 төгрөг, бүгд 3,192,000 төгрөг, ханын өрлөгт гарсан зардалд цемент 12 шуудай, нэг шуудай цементний үнэ 22,000 төгрөг, нийт 264,000 төгрөг, элс 2 портер, нэг портер элсний үнэ 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөг, төмөр тор 6 боодол, нэг боодол торны үнэ 65,000 төгрөг, нийт 390,000 төгрөг, хөнгөн блок 27 метр куб, нэг метр куб хөнгөн блокны үнэ 260,000 төгрөг, нийт 7,020,000 төгрөг, ажлын хөлс 1,700,000 төгрөг, бүгд 9,474,000 төгрөг, мэргэжлийн байгууллагын үнэлгээний зардал 80,000 төгрөг, бүгд 13,054,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Үнэлгээний газраар үнэлгээ хийлгээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр нураагаад тус өдрөө ажлаа эхлээд 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр барилгын ажил дууссан.

Ханын өрлөгийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 3, 4 хоног өрлөг хийсэн.

Бидний зүгээс нийтэд нь үнэ хөлсөө тохирч хүмүүсээр барилгын ажил хийлгэж байгаа учраас нэг ханыг өрөхөд хэдэн төгрөгийн зардал гарсан талаар сайн мэдэхгүй байна....гэв.

Хариуцагч О.Ч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгчийн шалыг цутгаж өгсөн.

Нэхэмжлэгч Б.Б.Хтай шал цутгахдаа яамны нүхийг ухаж өгнө. Тэгээд та нар яам дотроо ападникаа зангидаарай. Би шалын цутгаж өгнө гэж тохирсон.

Үнэ хөлсөө тохирвол өглөө 6 цагт ирээд ажлаа хийж эхэлье гээд маргааш өглөө нь 6 цагт нэг ахтайгаа хамт ирж шалны дүүргэлтийг хийж дуусгасан. Өглөө 10 цагт таньдаг ахаа дуудаад гурвуулаа болсон. Хүн тус бүрийг өдрийн 100,000 төгрөгөөр цалинжуулаад шөнийн 03 цагт шалны цутгалтыг хийж дуусгаад Б.Б.Х хүлээж аваад хөлс болох 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн.

Яам хийгдээгүй байсан учраас яамны эргэн тойрон байх хааш хаашаагаа 50 см хэмжээтэй шалны хэсгийг цутгахгүй үлдээсэн. Яам дотор ападник зангидсаны дараа шалаа цутгахгүй бол яам руугаа цемент урсаж орох тул тэр хэсгийг цутгаагүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шал үүрч унасан гэх тайлбар хэлж байна. Бид нар мексерээр зуурсан. Мексерээр нэг удаа зуурахдаа тал шуудай цемент ашигладаг. Нийт 2 шуудай, нэг тал цемент ашигласан учраас цемент ихдэх болон багадах асуудал байхгүй. Одоо шал нь үүрсэн зүйл байхгүй. Дээвэр нь хийгдээгүй байшинд шал цутгахад дээрээс нар туссанаас үүсэн бага зэрэг үүрч, хагардаг.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч багана хийж өгнө гэсэн зүйл яриад байна. Анх өрлөг, цонхны амлагаа, бүс бетон гэх зүйл дээр тохирсон. Түүнээс биш би багана барьж өгнө гэж яриагүй. Нэхэмжлэгч бид хоёр тохирсон учир энд нэхэмжлэгч байвал би өөрөөс нь асуумаар байна.

Өрлөгөө өрж байхад бусад хана хэвийн атлаа нэг хана нь хундаамаа дагаад далий өрөгдсөнөөс болж маргаан гарсан. Хөнгөн блокыг 9 үе өрсний дараа маргаан үүссэн. Анх ажлаа эхлэхдээ нэхэмжлэгчид яагаад баганаа цутгаагүй байгаа юм бэ, багана цутгасны дараа өрлөгөө эхэлнэ. Багана өрөгдсөний дараа дундуур нь холбоос хийж өгнө. Тэгэхгүй бол 9 үе өрсний дараа савлана гэж хэлэхэд Б.Б.Х надад ...зүгээрээ, чи 9 үе өрчих. Би араас нь хар панер авчир наагаад баганаа цутгана. Чи зүгээр л өрлөгөө өрчих. Дараа гарах асуудлыг би өөрөө шийднэ... гэж хэлсэн.

Нэхэмжлэгч тал надаас 13,054,000 төгрөгийг нэхэмжилсэн байна. 14х14 хэмжээтэй байшингийн барилгыг хамгийн хямдаар хийж өгсөн. Миний барьсан өрлөгийг нэхэмжлэгч тал буулгаагүй.

Нэхэмжлэгчийн гудамжинд манай ах, дүү нар амьдардаг учраас нураагаагүй гэдгийг нь мэдэж байна. Миний барьсан зүйлийг бүтнээр нь биш нэг талын ханыг нурааж дахин өрсөн.

Бүгдийг нураахад бүтэн блок гардаггүй юм байна гэсэн тайлбар хэлж байна. Үнэхээр бүх блок хагарсан бол хашаанд нь овоолттой байна. Тийм зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч худлаа яриад байна.

Наад талын далий өрсөн хэсгийг л нурааж шинээр өрсөн байсан. Нэхэмжлэгчийнд үлдээсэн багаж, хэрэгслээ авахгүйгээр 1,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...гэв.

Хариуцагч Г.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн данс руугаа барилгын ажлын урьдчилгаа мөнгийг хийлгүүлж авсан. Хариуцагч О.Чыг анх 1,400,000 төгрөг аваад барилгын ажил хийж эхлэх үед нь 14х14 хэмжээтэй том байшингийн шавар хийж байгаа атлаа 1 м.кв-аар бодоод үзэхэд чиний авсан хөлс 6х7 хэмжээтэй байшингийн шавар цутгахтай тэнцэж байна гээд энэ ажлыг хийхээ боль гэхэд нэгэнт хийгээд эхэлсэн учраас дуусгая. Тэгээд ч махны мөнгө нь хаа юм гээд зөрсөөр байгаад барилгын ажлыг хийсэн.

Нэхэмжлэгчийн гэр талын хана бага зэргийн далий байсан. Тэгээд би ээжээ та очоод тэрийг хараад өгөөч гэсэн учраас миний 80 настай ээж маань очиж хараад би 10 гаран жил барилгын ажил хийхдээ бүс бетонгүй, дээшээ 9 үе өрөгдсөн барилга харж байгаагүй. Дээш үе нэмэгдэх бүрд илүү далий харагдана гэхэд Б.Б.Х зүгээрээ эгч гэж хэлж байсан. Ээжийнхээ хэлсэн зүйлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэлэхэд инээгээд өнгөрч байсан.

Мэргэжлийн байгууллагын хүн дүгнэлт хийхээр очихдоо бүс бетоноо хийгээд өрлөгөө хийлгүүлэхгүй яасан юм бэ, хэрэв бүс бетоноо хийлгүүлээд өрлөгөө хийлгэсэн бол энэ хоёр хүний зөв байна шүү дээ гэхэд нэхэмжлэгч ах хоёулаа булан тойръё гээд хамт булан тойрч ирээд нөхөр бид хоёрын буруу болгосон.

Нэг ханыг бүхэлд нь нураасан байсан. Хана өрөхөд шилжүүлсэн урьдчилгаа төлбөрөөс хөрөө 1 ширхэг нь 60,000 төгрөг, дрилл 1 ширхэг нь 236,000 төгрөг, дриллын хошуу 2 ширхэг, нэг бүрийн үнэ 15,000 төгрөг, нийт 30,000 төгрөг, ниве 1 ширхэг нь 5000 төгрөг, алх 1 ширхэг нь 7500 төгрөг, бээлий зэрэг нийт 318,500 төгрөгийн багаж авсан. Эдгээр багаж нэхэмжлэгчийнд үлдсэн.

Нэхэмжлэгч тал өөрсдийнхөө шинээр барилга барихад ашигласан материалынхаа үнийг бид хоёроос гаргуулах гээд байна. Бид хоёр их хэмжээний хохирол учруулсан юм бол бид хоёрт харуулахгүй яасан юм бэ, мөн хаягдлаа бидэнд яагаад үзүүлээгүй юм бэ, зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийнд үлдээсэн багаж, хэрэгслээ авахгүйгээр 1,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна....гэв.

 

Нэхэмжлэгч Б.Б.Хаас гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ундарга ТЕХ хоршооны нэхэмжлэх эх хувь, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Мөрөн бетон ХХК-ийн №01992 дугаартай зарлагын баримтын эх хувь, 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн зарлагын баримтын эх хувь, банкны дансны хуулгууд, 2023 оны 7 дугаар сар Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Дамно ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримтын эх хувь, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 155/ШЗ2023/02494 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн хуулбар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч авах тухай хүсэлт, 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн №0140 дугаартай итгэмжлэл, цахим бичигт тоон гарын үсэг зурсан баримт гэх толгой бичвэр бүхий баримтын хуулбар, Мөрөн бетон ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №01997 дугаартай зарлагын баримтын эх хувь, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн зарлагын баримтын эх хувь, Ундарга ТЕХ хоршооны 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтын эх хувь, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Б.Б.Хын ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагч нар хариу тайлбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Кен барилгын материалын зарлагын баримтын эх хувь зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023 оны 5 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 13 дугаар гудамжны 19 тоотод байрлах хашаандаа 14х14 хэмжээтэй, үйлчилгээ явуулах зориулалттай, авто угаалга, засварын газар, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх зориулалтаар хундамаа цутгаж эхэлсэн.

Хариуцагч нартай 14х14 хэмжээтэй шал цутгаж, яам хийж өгөхөөр тохиролцсон. Шал цутгуулахад ажлын хөлс 1,400,000 төгрөг гэж тохирсноос 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Г.Оийн данс руу урьдчилгаа 100,000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Г.Оийн данс руу 1,300,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Өмнө цутгасан шал хуурч унаад, хагарч, мөн өсгийгөөрөө гишгэхэд үүрч унаад ашиглах боломжгүй байгаа тул өнөөдөр хуулаад дахин цутгуулах гэж байгаа. Шал цутгахад орсон материал, ажлын хөлсийг нэхэмжилж байгаа.

Хариуцагч нар нь нэг өдөр шал цутгаж дуусаад танай өрлөгийг хийгээд өгье гэж хэлсэн. 14х14 хэмжээтэй барилгыг хөнгөн блокоор ханын өрлөг, бүс бетон, багана, цонхны амлагаа зэрэг бүх ажлыг 3,700,000 төгрөгөөр хийхээр тохиролцож, хариуцагч Г.Оийн данс руу урьдчилгаа 1,700,000 төгрөгийг шилжүүлсэн.

Барилгын хана өрж эхлэхэд ханыг далий өрсөн, том, том чулуу чихчихсэн байснаас нэг талын хана нь салхинд унасан.

Шал болон өрлөгт ямар материал орсон болон чанарын шаардлага хангасан эсэх, цаашид ашиглах боломжтой эсэх талаар Дамно ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн.

Ингээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр хүмүүсээр 3 ханыг буулгаж, дахин барилгаа бариулсан. Одоо бүс бетон хүртэлх бүх ажил хийгдэж дээвэр тавихад бэлэн болсон. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүс бетоны цутгалтаа авсан.

Хариуцагч тал өрлөгт нийт 27 метр куб блок зарцуулснаас нураасан өрлөгөөс 7 метр куб блокыг зүсэж шинээр өрлөг өрөхөд зарцуулсан. 20 метр куб блок шинээр авсан учир хариуцагч нараас өмнө нь барилгын өрлөг өрөхөд гарсан зардлыг нэхэмжилж байна.

Иймээс шал цутгахад гарсан зардалд цемент цутгахад 56 шуудай цемент, нэг шуудай цементний үнэ 22,000 төгрөг, нийт 1,232,000 төгрөг, 0,5 хэмжээтэй 18 метр куб хайрга, нэг метр куб хайрганы үнэ 35,000 төгрөг, нийт 630,000 төгрөг, нэг хово хайрга тээвэрлэсэн зардал 150,000 төгрөг, мексер хөлсөлсөн нэг өдрийн хөлс 60,000 төгрөг, 1 тонн усны үнэ 20,000 төгрөг, ажлын хөлс 1,400,000 төгрөг, бүгд 3,192,000 төгрөг, ханын өрлөгт гарсан зардалд цемент 12 шуудай, нэг шуудай цементний үнэ 22,000 төгрөг, нийт 264,000 төгрөг, элс 2 портер, нэг портер элсний үнэ 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөг, төмөр тор 6 боодол, нэг боодол торны үнэ 65,000 төгрөг, нийт 390,000 төгрөг, хөнгөн блок 27 метр куб, нэг метр куб хөнгөн блокны үнэ 260,000 төгрөг, нийт 7,020,000 төгрөг, ажлын хөлс 1,700,000 төгрөг, бүгд 9,474,000 төгрөг, мэргэжлийн байгууллагын үнэлгээний зардал 80,000 төгрөг, бүгд 13,054,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2023 оны 6 дугаар сарын 8-ны өдөр нэхэмжлэгчийн шалыг цутгаж өгсөн. Яамны нүх ухаж, түүн рүү орох шат гаргаж өгөөд шалаа цутгасан. Шалны цутгалтыг хийж дуусгаад Б.Б.Х хүлээж аваад хөлс болох 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн. Одоо шал нь үүрсэн зүйл байхгүй. Дээвэр нь хийгдээгүй байшинд шал цутгахад дээрээс нар туссанаас үүсэн бага зэрэг үүрч, хагардаг.

Өрлөг өрөхөд 3,700,000 төгрөгөөр өрлөг, цонхны амлагаа, бүс бетон хийж өгөхөөр тохиролцсон. Багана барьж өгнө гэж яриагүй. 1,700,000 төгрөгийг урьдчилгаанд авсан. 14х14 хэмжээтэй барилгын 3 талын ханыг 9 үе хөнгөн блокоор өрсөн.

Өрлөгөө өрж байхад бусад хана хэвийн атлаа нэг хана нь хундаамаа дагаад далий өрөгдсөнөөс болж маргаан гарсан.

Нэхэмжлэгч 3 талын ханыг буулгаж шинээр дахин бариагүй. Бидний өрсөн 3 тал хананаас далий өрсөн нэг талын ханыг буулгаж дахин өрсөн. Бусад хана нь бидний өрсөн хана байгаа. Хундаамаа далий цутгаснаас нэг талын хана далий өрөгдсөн нь бидний буруугаас болоогүй тул зөвшөөрөхгүй.

Манай ах, дүү нар барилга барьж байгаа гудамжинд байдаг учир сайн мэдэж байна. 3 тал ханыг буулгасан юм бол бидэнд хаягдлаа яагаад үзүүлээгүй юм. Үнэхээр бүх блок хагарсан бол хашаанд нь овоолттой байна. Тийм зүйл байхгүй.

Хөрөө 1 ширхэг нь 60,000 төгрөг, дрилл 1 ширхэг нь 236,000 төгрөг, дриллын хошуу 2 ширхэг, нэг бүрийн үнэ 15,000 төгрөг, нийт 30,000 төгрөг, ниве 1 ширхэг нь 5000 төгрөг, алх 1 ширхэг нь 7500 төгрөг, бээлий зэрэг нийт 318,500 төгрөгийн багаж авсан. Эдгээр багаж нэхэмжлэгчийнд үлдсэн. Нэхэмжлэгчийнд үлдээсэн багаж, хэрэгслээ авахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Б.Б.Х нь хариуцагч О.Ч, Г.О нарт холбогдуулан шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, хана өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 (арван гурван сая тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шал цутгахад гарсан зардалд 56 шуудай цемент, нэг шуудай цементны үнэ 22,000 төгрөг, нийт 1,232,000 төгрөг, 0,5 хэмжээтэй 18 метр куб хайрга, нэг метр куб хайрганы үнэ 35,000 төгрөг, нийт 630,000 төгрөг, нэг хово хайрга тээвэрлэсэн зардал 150,000 төгрөг, мексер хөлслөсөн нэг өдрийн хөлс 60,000 төгрөг, 1 тонн усны үнэ 20,000 төгрөг, ажлын хөлс 1,400,000 төгрөг, бүгд 3,192,000 төгрөг, ханын өрлөгт гарсан зардалд цемент 12 шуудай, нэг шуудай цементны үнэ 22,000 төгрөг, нийт 264,000 төгрөг, элс 2 портер, нэг портер элсний үнэ 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөг, төмөр тор 6 боодол, нэг боодол торны үнэ 65,000 төгрөг, нийт 390,000 төгрөг, хөнгөн блок 27 метр куб, нэг метр куб хөнгөн блокны үнэ 260,000 төгрөг, нийт 7,020,000 төгрөг, ажлын хөлс 1,700,000 төгрөг, бүгд 9,474,000 төгрөг, мэргэжлийн байгууллагын үнэлгээний зардал 80,000 төгрөг, бүгд 13,054,000 төгрөг-ийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагч нарын өмнө цутгасан шал хуурч унаад, хагарч, мөн өсгийгөөрөө гишгэхэд үүрч унаад ашиглах боломжгүй байгаа тул өнөөдөр хуулаад дахин цутгуулах гэж байгаа. Шал цутгахад орсон материал, ажлын хөлсийг нэхэмжилж байгаа. ...Барилгын хана өрж эхлэхэд ханыг далий өрсөн, том, том чулуу чихчихсэн байснаас нэг талын хана нь салхинд унасан. Шал болон өрлөгт ямар материал орсон болон чанарын шаардлага хангасан эсэх, цаашид ашиглах боломжтой эсэх талаар Дамно ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр хүмүүсээр 3 ханыг буулгаж, дахин барилгаа бариулсан. Хариуцагч нараас шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, хана өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 (арван гурван сая тавин дөрвөн мянга) төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.

Хариуцагч нар нь шүүх хуралдаанд Дээвэр нь хийгдээгүй байшинд шал цутгахад дээрээс нар туссанаас үүсэн бага зэрэг үүрч, хагардаг. 14х14 хэмжээтэй барилгын 3 талын ханыг 9 үе хөнгөн блокоор өрсөн. Хундаамыг далий цутгаснаас болж нэг талын хана далий өрөгдсөн тул бидний буруугаас болоогүй. Нэхэмжлэгч 3 талын ханыг буулгаж шинээр дахин бариагүй. Бидний өрсөн 3 тал хананаас далий өрсөн нэг талын ханыг бүтнээр нь буулгаж дахин өрсөн. Бусад хана нь бидний өрсөн хана байгаа. Нийт 318,500 төгрөгийн багаж авсан. Эдгээр багаж нэхэмжлэгчийнд үлдсэн. Нэхэмжлэгчийнд үлдээсэн багаж, хэрэгслээ авахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас 1,300,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Б.Б.Х нь хариуцагч О.Ч, Г.О нартай 2023 оны 6 дугаар сард Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 13 дугаар гудамжны 19 тоотод байрлах хашаанд 14х14 хэмжээтэй барилгын шал цутгуулж, ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг төлөхөөр, харин хариуцагч нар нь 14х14 хэмжээтэй барилгын шал цутгаж, ажлын хөлсөө авсан болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.

Мөн үргэлжлүүлэн нэхэмжлэгч нь 14х14 хэмжээтэй барилгын өрлөг өрүүлж, ажлын хөлсөнд 3,700,000 төгрөг төлөхөөр, хариуцагч нар нь барилгын 3 талын ханыг 9 үе өрж, нэг талын хана далий өрөгдсөн, ажлын хөлсөнд 1,700,000 төгрөг авсан болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдов.

Талууд 14х14 хэмжээтэй барилгын шал цутгасан, 3 тал ханыг 9 үе өрсөн, нэг талын хана нь далий өрөгдсөн, нэхэмжлэгч нь шал цутгасан ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг, ханын өрлөг өрөхөд урьдчилгаа 1,700,000 төгрөгийг тус тус хариуцагч нарт өгсөн талаар маргаагүй.

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь ...Хариуцагч нартай 14х14 хэмжээтэй шал цутгаж, яам хийж өгөхөөр тохиролцсон. Яам хийгээгүй. Мөн 14х14 хэмжээтэй барилгыг хөнгөн блокоор ханын өрлөг, бүс бетон, багана, цонхны амлагаа хийлгэхээр тохиролцсон.... гэж, хариуцагч О.Ч нь ...Нэхэмжлэгч Б.Б.Хтай шал цутгаж, яамны нүхийг ухаж өгөхөөр тохирсон. Өрлөг, цонхны амлагаа, бүс бетон хийж өгөхөөр тохиролцсон. Багана барьж өгнө талаар яриагүй.... гэж тус тус маргасан болно.

Нэхэмжлэгч Б.Б.Х нь өөрийн материалаар 2023 оны 6 дугаар сард 14х14 хэмжээтэй барилгыг хөнгөн блокоор ханын өрлөг, бүс бетон, цонхны амлагаа зэргийг 3,700,000 төгрөгөнд хийж гүйцэтгүүлэхээр хариуцагч нартай тохиролцож, нэг талын хана далий өрөгдсөнөөс талуудын хооронд маргаан гарч, улмаар ажил цаашид үргэлжлээгүй үйл баримт тогтоогдлоо.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд энэ гэрээгээр нэг талаас ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу эд зүйлийг хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бол нөгөө талаас захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

Мөн талууд уг гэрээг хэлэлцэн тохиролцож амаар эсхүл бичгээр хийж болдог.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Б.Х нь хариуцагч нарыг чанаргүй ажил гүйцэтгэсний улмаас өөрт учирсан хохирол болох 14х14 хэмжээтэй барилгын шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, ханы өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, Дамно ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 төгрөгийг хариуцагч нараас гаруулахаар шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нь нэхэмжлэгчид учирсан хохирлыг шал цутгахад 56 шуудай цемент, нэг шуудай цементны үнэ 22,000 төгрөг, нийт 1,232,000 төгрөг, 0,5 хэмжээтэй 18 метр куб хайрга, нэг метр куб хайрганы үнэ 35,000 төгрөг, нийт 630,000 төгрөг, нэг хово хайрга тээвэрлэсэн зардал 150,000 төгрөг, мексер хөлслөсөн нэг өдрийн хөлс 60,000 төгрөг, 1 тонн усны үнэ 20,000 төгрөг, ажлын хөлс 1,400,000 төгрөг, бүгд 3,192,000 төгрөг, ханын өрлөгт гарсан зардалд цемент 12 шуудай, нэг шуудай цементны үнэ 22,000 төгрөг, нийт 264,000 төгрөг, элс 2 портер, нэг портер элсний үнэ 50,000 төгрөг, нийт 100,000 төгрөг, төмөр тор 6 боодол, нэг боодол торны үнэ 65,000 төгрөг, нийт 390,000 төгрөг, хөнгөн блок 27 метр куб, нэг метр куб хөнгөн блокны үнэ 260,000 төгрөг, нийт 7,020,000 төгрөг, ажлын хөлс 1,700,000 төгрөг, бүгд 9,474,000 төгрөг, мэргэжлийн байгууллагын үнэлгээний зардал 80,000 төгрөг, бүгд 13,054,000 төгрөг гэж тодорхойлсон.

Шүүх хуралдаанд хариуцагч нар нь цемент, хайрга, ус, элс, хөнгөн блок зэргийн үнэ болон хайрга тээвэрлэсний зардал, мексер хөлсөлсөн зардал зэргийн талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгчийн нэг боодол төмөр торны үнэ 65,000 төгрөгөөр тооцон шаардсаныг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь Улаанбаатар хотоос нэг боодол төмөр торыг 25,000 төгрөгөөр захиулж авч ирсэн гэх үндэслэлээр маргав.

Мөн хариуцагч О.Ч нь шал цутгахад болон ханын өрлөг өрөхөд орсон материалын хэмжээний талаар шал цутгахад 3 бүтэн шуудай, нэг тал шуудай цемент, 4 метр куб хайрга, ханын өрлөгөд 3 хананд нийт 330 ширхэг хөнгөн блок, 10 шуудай цемент, 1 бүтэн, тал портер элс, 1 бүтэн, тал боодол тор орсон гэж тайлбарлан маргасан болно.

Талуудын маргаж буй 14х14 хэмжээтэй барилгын шал цутгахад болон хариуцагч нарын өрсөн 3 тал ханын өрлөгт хэдий хэмжээтэй, ямар материал зарцуулагдсан, дээрх ханыг бүхэлд нь буулгасан эсэх, хариуцагч нарын цутгасан шал нь чанарын шаардлага хангахгүй, дахин цутгуулахтай холбоотой зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хавтаст хэргийн 15-33 дугаар хуудсанд авагдсан Дамно ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Мөн хариуцагч нарын цутгасан шалыг бусдаар дахин цутгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдсон.

Түүнчлэн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар нь шал цутгахад болон ханын өрлөг өрөхөд хийж гүйцэтгэхээр тохиролцсон ажлын талаар маргаж байгаа ба нэхэмжлэгч нь шал цутгасан ажлын хөлсийг хариуцагч нарт бүрэн төлснөөс үзвэл тэдний хооронд дээрх ажлыг бүрэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Ханын өрлөг өрөхтэй холбоотой талуудын хооронд байгуулагдсан гэрээний харилцаа нь нэг талын хана далий өрөгдсөн гэх маргааны улмаас цааш үргэлжлээгүй байх тул энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй гэж үзсэн болно.

Иймээс хариуцагч нар далий өрөгдсөн нэг талын ханыг буулган дахин өрүүлсэн талаар маргаагүй тул нэг талын хананд тэдний зөвшөөрсөн материалын хэмжээ, үнээр тооцоход болон үнэлгээ хийлгүүлсэн зардал 88,000 төгрөгийг оруулан тооцоход хариуцагч нарын 1,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс бага байх тул хариуцагч нарын зөвшөөрсөн хэмжээ болох 1,300,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийэн 227.1-д зааснаар хариуцагч О.Ч, Г.О нараас 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,754,000 (арван нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б.Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 (хоёр зуун хорин гурван мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 20 (хорь) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулж, хариуцагч О.Ч, Г.О нараас 1,300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 35,750 (гучин таван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Хт олгох нь зүйтэй.

Хавтаст хэргийн 10-12, 70 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, үнийн дүн засвартай, огноо засвартай, 5-9, 13-14, 15-33, 67, 71-77 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 55, 69 дүгээр хуудсанд авагдсан баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийэн 227.1-д зааснаар хариуцагч О.Ч, Г.О нараас 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Хт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,754,000 (арван нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 (хоёр зуун хорин гурван мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Б.Хаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 20 (хорь) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулж, хариуцагч О.Ч, Г.О нараас улсын тэмдэгтийн хураамж 35,750 (гучин таван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б.Хт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ