Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 225/МА2023/00028

 

 

 

 

2023 11 29 225/МА2023/00028

 

 

Б.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00884 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нарт холбогдох

Шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, хана өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 (арван гурван сая тавин дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Долгорсүрэн, хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2023 оны 5 дугаар сард 14х14 харьцаатай авто засварын газар, угаалга, сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх зориулалтаар өөрийн эзэмшлийн хашаандаа барилга барих гэж байхад хариуцагч нар ирж шал цутгаж өгөхөөр тохиролцсон тул 1,400,000 төгрөг шилжүүлсэн, өрлөг, бүс, бетон, баганын цутгалт, цонхны амлагаа зэргийг 3,700,000 төгрөгт хийлгэхээр тохирч урьдчилгаанд 1,700,000 төгрөг өгч ажлаа эхлүүлсэн. ...*******,******* нарын хийсэн ажил болох цутгасан шал нь гүйцэд хатахаараа шавар нь үйрч бутарч унаад цемент нь ихэдсэн байдалтай, барилгын ханын өрлөгийг хазгай муруй хийсэн, гар хүрэх төдийд ганхаж найгаад байхаар нь ажлыг нь зогсоосон.

Иймд ...нийт 13,054,000 төгрөгийн хохирлыг О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгын хана өрж эхлэхэд ханыг далий өрсөн, том, том чулуу чихчихсэн байснаас нэг талын хана нь салхинд унасан. Шал болон өрлөгт ямар материал орсон болон чанарын шаардлага хангасан эсэх, цаашид ашиглах боломжтой эсэх талаар Дамно ХХК-иар үнэлгээ хийлгүүлсэн. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өөр хүмүүсээр 3 ханыг буулгаж, дахин барилгаа бариулсан. Одоо бүс бетон хүртэлх бүх ажил хийгдэж дээвэр тавихад бэлэн болсон. 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр бүс бетоны цутгалтаа авсан.

Хариуцагч нараас ...бүгд 13,054,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нар шүүхэд гаргасан тайлбартаа: ...Барилга барихад гарсан доголдлыг засаад өөрсдөөсөө материал гаргаж өгье гэхэд зөвшөөрөөгүй, та хоёр дотор талын шавар, бүс бетон, далий ханаа зас гэсэн. Бид хоёрын ажлын хөлсийг төлөөгүй. ******* бид хоёрын багаж хэрэгслийг авч бас үнэгүй шаврын ажил хийлгэж, тасалгааны блок өрүүлнэ гэсэн. 2 сая төгрөг өгөхгүй гэхээр нь бид хоёр ажиллахаа больсон ...тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч тал өөрсдийнхөө шинээр барилга барихад ашигласан материалынхаа үнийг бид хоёроос гаргуулах гээд байна. Бид хоёр их хэмжээний хохирол учруулсан юм бол яагаад бид хоёрт харуулахгүй, мөн хаягдлаа үзүүлэхгүй байгаа юм бэ?

...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шал үүрч унасан гэх тайлбар хэлж байна. Бид нар миксерээр зуурч, нийт 2 шуудай, нэг тал цемент ашигласан учраас цемент ихдэх болон багадах асуудал байхгүй. Одоо шал нь үүрсэн зүйл байхгүй. Б.******* хүлээж аваад хөлс болох 1,400,000 төгрөгийг шилжүүлсэн.

...Өрлөгөө өрж байхад бусад хана хэвийн атлаа нэг хана нь хундаамаа дагаад далий өрөгдсөнөөс болж хөнгөн блокийг 9 үе өрсний дараа маргаан үүссэн. ...14х14 хэмжээтэй байшингийн барилгыг хамгийн хямдаар хийж өгсөн, багана барьж өгнө гээгүй, 1,700,000 төгрөг авсан. Миний барьсан өрлөгийг нэхэмжлэгч тал буулгаагүй. ...Нэхэмжлэгчид үлдээсэн багаж, хэрэгслээ авахгүйгээр 1,300,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00884 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нараас 1,300,000 (нэг сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,754,000 (арван нэгэн сая долоон зуун тавин дөрвөн мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.3, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,200 (хоёр зуун хорин гурван мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 20 (хорь) төгрөгийг гаргуулан Төрийн сангийн 100170000941 тоот дансанд оруулж, хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нараас улсын тэмдэгтийн хураамж 35,750 (гучин таван мянга долоон зуун тавь) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр буюу 1,300,000 төгрөгийг гаргуулан үлдэх 11,754,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь барилгын шал цутгуулж ажлын хөлсөнд 1,400,000 төгрөг өгөхөөр, харин хариуцагч нар нь . . . барилгын шалыг цутгаж ажлын хөлсөө авсан болох нь . . . тогтоогдлоо гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцсэнгүй. Учир нь хариуцагч нар бидэнд мөнгө хэрэгтэй байна, барилгын чинь шалыг цутгаад өгье гэж тохирохдоо ажлынхаа хөлсийг урьдчилж өгөхийг хүссэн тул 100,000 төгрөг эхэлж өгсөн, маргааш нь үлдсэн 1,300,000 төгрөгийг шилжүүлсэн баримт байдаг. ...Шүүх чухам яг ямар баримт үндэслэн ажлыг чанарын шаардлагын хэмжээнд хүртэл хийж ажлын хөлсөө авсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

2. Нэхэмжлэгч болон ажил гүйцэтгэж байгаа хүмүүс хоорондоо итгэлцлийн үндсэн дээр барилга барих, ажил гүйцэтгэх гэрээг /амаар/ байгуулан ажил гүйцэтгүүлэгч тал шаардлагатай барилгын материал /хөнгөн блок, цемент, хайрга, миксер гэх мэт/-иар хангаж ажлын хөлсийг нь урьдчилж өгсөн. Гэтэл хариуцагч нар мөнгө авснаас хойш барилгын ажлыг чанаргүй гүйцэтгэж өрлөгөө дутуу, хазгай, далий өрөх, өрлөг хооронд шавардлага хийхгүйгээр өрөх, яам хийж өгнө гээд яамгүй өрөх зэргээр итгэлийг алдаж улмаар ажлаа хийхгүй хэрүүл маргаан үүсгэснээр уг барилгын ажил зогссон байдаг ...хариуцагчид бол анхнаасаа л барилгын ажил хямд зардлаар хийж өгнө гэж хуурч урьдчилгаа мөнгөө авсны дараа ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан үүсгэн тохиролцсон ажлыг хийхгүй орхих зорилготой байсан байдал харагддаг.

3.Нэхэмжлэгч уг барилгыг барихад зориулан шаардлагатай барилгын материал болох хөнгөн блок, цемент, шаардлагатай элс, хайрга, усыг тээвэрлэн барилга бариулах газарт авчирч хариуцагч нарт хүлээлгэн өгсөн. Гэтэл уг материалуудаар шаардлага хангахгүй хана босгохдоо хазгай өрж, хазгай өрсөн өрлөгтөө чулуу хавчуулан тэгшилж орхисон нь нурж унасан, хөнгөн блокууд нурж унахаараа бүгд үйрч нэхэмжлэгч нар барилга ч үгүй, барилгын материал ч үгүй үлдэж, дээр нь ажлын хөлсөөр хохирсон байдал маргалдагч талуудын гарган өгсөн их хэмжээний үйрч унасан хөнгөн блокууд-ын фото зургуудаас харагддаг.

4.Мөн шүүхийн шийдвэрээс харахад нэхэмжлэгчийн төлөөлөгчийн ярьсан хэлснийг хариуцагч нарын хэлснээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэсэн байх бөгөөд хариуцагч нарын мэдүүлгүүдийг юуг үндэслэн үнэн гэж дүгнэсэн болох нь тодорхойгүй байна.

5. ...Гарсан зардлын талаар үнэлгээний мэргэшсэн байгууллага болох Эд хөрөнгөний үнэлгээний Дамно ХХК-ний Хөвсгөл дахь салбарын мэргэшсэн үнэлгээчдээр үнэлгээ хийлгэсэн бөгөөд уг үнэлгээний тайланг эх хувиар нь шүүхэд гаргаж өгсөн нь хавтаст хэргийн 15-33 дугаар талд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь ...өгнө... гэсэнтэй нийцэж байхад хуулбар учраас нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэн үнэлээгүй зэрэг байдлаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарын хамтран гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нарт холбогдуулан шал цутгахад гарсан зардал 3,492,000 төгрөг, хана өрлөгт гарсан зардал 9,474,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн зардал 88,000 төгрөг, нийт 13,054,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ 14х14м харьцаатай авто засварын газар, угаалга, сэлбэг, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх зориулалтаар барилга бариулах гэж байхад хариуцагч нар ирж шал цутгаж өгөхөөр тохиролцож 1,400,000 төгрөг шилжүүлсэн, өрлөг, бүс, бетон, баганын цутгалт, цонхны амлагаа зэргийг 3,700,000 төгрөгт хийлгэхээр тохирч урьдчилгаанд 1,700,000 төгрөг өгч ажлаа эхлүүлсэн. Барилгын хана нь хазгай, далий, цутгасан шал шавар нь үйрч бутарч унаад цемент нь ихэдсэн байдалтай байсан учир ажлыг зогсоосон, ...чанаргүй ажил гүйцэтгэсэн, хийсэн ажил нь стандартын шаардлага хангахгүй нь ойлгомжтой байсан, барилгын материалын болон ажил гүйцэтгэхэд зарцуулсан зардал, цаг хугацаагаар биднийг хохироосон гэж тайлбарласан байна.

Хариуцагч О.Чулуунбат, Г.Оюунтунгалаг нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... шалыг 1,400,000 төгрөгөөр хямд хийж өгсөн, өрлөг хийхэд урьдчилгаа 1,700,000 төгрөг авсан, шинээр барилга барихад ашигласан материалынхаа үнийг бид хоёроос гаргуулах гээд байна, нэг хана л хундаамаа дагаад далий өрөгдсөн, засаад өгье гэхэд засуулаагүй, шалны цемент ихэдсэн, үүрсэн асуудал байхгүй, бид хоёр их хэмжээний хохирол учруулсан юм бол яагаад бид хоёрт харуулаагүй, мөн хаягдлаа үзүүлээгүй юм бэ, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэсэн тайлбар гаргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагч О.Чулуунбатын шүүх хуралдааны явцад төлөхийг зөвшөөрсөн 1,300,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 11,754,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хуулийг агуулга, зорилгод нь нийцүүлэн, оновчтой зөв хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны байх шаардлага хангасан гэж, хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх шаардлага хангасан гэж үзэх үндэслэл болно.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, ...гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна, ...талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ, ...гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 352 дугаар зүйлийн 352.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зохицуулсан.

Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал Иргэний хуулийн дээрх зүйлүүдэд зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй ч энэ эрхээ эдлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл хариуцагч нар гүйцэтгэсэн ажлын чанар бүхэлдээ шаардлага хангаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар, нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй тохиолдолд уг ажил доголдолтой байсан гэх байдлаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотлоогүй байна.

Хэрэв хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ийм хүсэлт гаргаагүй байна.

Нэхэмжлэгч нь Дамно ХХК Хөрөнгийн үнэлгээний тайлан гэх баримт шүүхэд ирүүлсэн байх боловч уг тайлангаар байшингийн суурь барих төсөвт өртгийн нэгдсэн тооцоог гаргасан, харин гүйцэтгэсэн ажлын доголдлын байдлыг тогтоогоогүй байх тул уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Т.Долгорсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 155/ШШ2023/00884 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,220 /хоёр зуун хорин гурван мянга хоёр зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                Л.ЭРДЭНЭБАТ

Б.СОСОРБАРАМ