Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2022/00885

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-11 тоотод оршин суух, .................... дугаар регистртэй, Ц Г-ын Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 28-02 тоотод оршин суух, ...............- дугаар регистртэй, О Бын Х,

Нэхэмжлэлийн шаардлага: 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т,

Хариуцагч Б.Х, түүний өмгөөлөгч Б.Амаржаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанхундага.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь хариуцагч Б.Х-д холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

А.Шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Жгийн Б, Гын Ц бид 2021 оны хавар Улаанбаатар хотод байр худалдан авахаар шийдэж Ж.Э гэх залуутай уулзаж тохиролцсон. Ингэж тохиролцохдоо байрны урьдчилгаанд Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-02 тоотод хаягт байрлах хашаа байшингаа 30.000.000 төгрөгөөр тооцож Ж.Эд худалдахаар болсон. 2021 оны 07 дугаар сард Ж.Э бидэнтэй холбогдоод та хоёр хашаа байшингаа Б.Х гэх хүний нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн тул бид Б.Х гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө түүний нэр дээр шилжүүлэн өгсөн. Анх хашаа байшин худалдахаар тохиролцсон Ж.Э нь саяхан нас барсан ба тохиролцсон ёсоор биднийг байранд оруулж өгөөгүй.Ингээд хашаа байшин ч үгүй, байр ч үгүй үлдлээ. Хашаа байшин худалдан авсан Б.Х нь хашаа байшингийн үнэ болох 30.000.000 төгрөгийг талийгаач Ж.Эы дансанд шилжүүлсэн байх.

Худалдах, худалдан авах гэрээнд хашаа байшин болон газар нийлээд 10.000.000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн анхнаасаа тухайн худалдан авах гэрээ нь Б.Хтай дүр үзүүлэн хийсэн гэрээ болсон юм.

Иймд 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү ...гэжээ.

Б.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тайлбартаа:...Анхнаасаа Б.Х нь Ж.Б, Г.Ц нартай хашаа байшин худалдах, худалдан авах, гэрээний үнийг төлөх зорилгогүйгээр гэрээ байгуулсан байна. н.Э хашаа байшингаа энэ хүний нэр дээр шилжүүлээд өгчхөөч гэсэн учраас бодит байдал дээр шилжүүлж өгсөн. Тэгээд 30,000,000 төгрөгөөр худалдсан боловч 10,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсан.

Тэр үедээ төлбөрийг Эы дансанд өгөхөөр талууд тохиролцсон байгаа ч худалдах худалдан авах гэрээ юуны төлөө бичгээр хийж байгаа билээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар бол үнийг Ж.Б, Г.Ц нарт төлөх ёстой. Гэтэл худалдах худалдан авах гэрээний үнийн дүн Ж.Б, Г.Ц нарын дансанд шилжиж ороогүй. Мөн мөнгийг н.Эд өгөхийг зөвшөөрсөн бол худалдах, худалдан авах гэрээн дээрээ мөнгийг н.Э руу шилжүүл гэж бичих ёстой, гэрээнд тийм зүйл байхгүй байгаа.

2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Хаас Бын дансанд 3,000,000 төгрөг шилжиж орох нь орсон. Гэхдээ энэ мөнгө хашаа байшингийн үнээс хасагдах ёстой мөнгө биш. Б дээрх мөнгийг хүүтэйгээ хамт барилгын ажил хийсэн ажлын хөлс байсан гэж тайлбарладаг. н.Этай холбоотой байсан юм болов уу гэж би ойлгосон.Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдал дээр 30.000.000 төгрөгөөр худалдсан боловч гэрээг 10.000.000 төгрөгөөр байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Татвар бага төлөх зорилгодоо хүрэх нь хүрсэн байх.

Гэхдээ анх Ж.Б, Г.Ц нар нь н.Эд хашаа байшингаа шилжүүлж өгье гэж байтал н.Э нь Б.Х руу шилжүүлээд өгчих гэхээр нь шилжүүлж өгсөн. Мөн Ж.Б, Г.Ц нар нь н.Эыг байшингийн мөнгө өгөхгүй байсан болохоор цагдаагийн газарт шалгуулж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байдаг. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч тал нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэж буй татгалзалаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд:... Б.Х би Ж.Б, Г.Ц нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Тус нэхэмжлэлд 2021 ны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн гэрээ болсон гэж үзэж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Талийгаач Ж.Э нь 2021 оны 7 дугаар сард миний ах Ч, бид хоёртой уулзаж, Мөрөн суманд 9 дүгээр багт хашаа байшин байрны урьдчилгаанд авсан, та хоёр 30,000,000 төгрөгөөр худалдаж аваач, урьд өмнө зээлж авсан 10,000,000 төгрөгийг суутгаад 20,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд аваач гэсэн санал тавьсан.

Бидний хувьд саналыг хүлээж аваад уг хашаа байшинг худалдаж авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг миний нэр дээр шилжүүлж авахаар 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нотариатын газар очтол уг хашаа байшин нь Ж.Б, Г.Ц гэх хүмүүсийн нэр дээр байгаа гээд уг хүмүүсийг хамт авчирсан байсан.

...Би Ж.Б, Г.Ц, Э та гурвын хооронд дараа нь ямар нэгэн асуудал, төлбөр тооцооны маргаан гарах эсэхийг асуухад Ж.Б, Г.Ц нар маргаан байхгүй, асуудал гарахгүй гэсэн. Мөн Ж.Б, Г.Ц нар надад хэлэхдээ ах, эгч хоёр нь Эаас цөөхөн хэдэн төгрөг авах тооцоотой, тэрийгээ авах гээд яараад байна, хурдан уг хашаа байшинг нь аваад, бидэнд 3.000.000 төгрөг шилжүүлж өгөхөд болно гэсэн.

...Гэрээ байгуулагдах явцад нотариат уг 1076, 1077 дугаартай гэрээний нөхцөлүүдийг нэг бүрчлэн танилцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна, хуулиараа 30,000,000 төгрөгөөс 2 хувийн татвар төлнө гэхэд Ж.Б, Г.Ц нар бид ийм их хэмжээний хураамж төлж чадахгүй, гэрээнд бичигдэх үнийг нь багаар буюу 10,000,000 төгрөгөөр бичиж тусгаад үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогын албан татвар багаар төлмөөр байна гэсэн тул гэрээнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийг багаар тусгаж бичсэнээр гэрээг байгуулсан.

Ингэхдээ бид харилцан тохиролцож, хэн аль нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Мөн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг зохих журмын дагуу бүртгүүлсэн.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдан авагч миний нэр дээр шилжиж ирсэнээр би худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлсөн. Мөн Э, Ж.Б, Г.Ц нарын хооронд ямар гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх, тэдний хооронд ямар төлбөр тооцоо байсан эсэх талаар мэдэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхэд эдгээр хүмүүс нь Эаас цөөхөн хэдэн төгрөг авах авцаатай үлдсэн болохоор бушуухан гэрээгээ байгуулаад, бид мөнгөө аваад дуусгая, бид дараа ямар нэг байдлаар маргаан үүсгэхгүй асуудалгүй гэхээр нь бид итгэж уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Гэвч Ж.Б, Г.Ц нар нь одоо ийм байдлаар шүүхэд хандаж, маргаан үүсгэж, бидний хооронд байгуулагдсан гэрээг дүр үзүүлж хийгдсэн гэрээ гэж тухайн үед гэрээ байгуулагдах үед ярьж хэлж байснаасаа тэс ондоо зүйл ярьж хэлж байгаад гайхаж байна. Ингэж дур зоргоороо аашилж болохгүй байх гэж үзэж байна. Мөн тухайн үед Ж.Б, Г.Ц нар гэрээ байгуулахаас өмнө 3,000,000 төгрөг яаралтай өгчих, бид дараа нь ямар ч асуудал гаргахгүй, маргаан байхгүй гэж ярьж хэлж байсан зэргээс үзэхэд эдгээр хүмүүс өөрсдийн хүсэл зориг, гаргаж буй саналаа бүрэн ухамсарлаж байсан. Мөн уг гэрээг хийснээр ямар үр дагавар гарахыг мэдэж байсан гэдгийг шүүх анхаараасай гэж хүсэж байна.

... Ж.Б, Г.Ц болон Э нарын хооронд байгуулсан гэрээ хэлцэл, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг бид мэдэхгүй. Иймд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүд хууль журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнүүд тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

...Анх гэрээг талийгаач Этай хийхээр ярилцсан боловч нотариатын газарт очиход уг үл хөдлөх хөрөнгө нь Ж.Б, Г.Ц нарын нэр дээр байсан. Би Ж.Б, Г.Ц нараас дараа нь ямар нэгэн асуудал, маргаан гарах эсэхийг асуухад Ж.Б, Г.Ц нар маргаан байхгүй, асуудал гарахгүй. Бид Эаас цөөхөн хэдэн төгрөг авах тооцоотой, тэрийгээ авах гээд яараад байна, 3.000.000 төгрөгийг бидэнд шилжүүлж өгөөд үлдэгдэл тооцоог Этай хийхэд болно гэсэн.

...Миний хувьд Ж.Б, Г.Ц нарт зүй бусаар нөлөөлж, хүчээр гэрээ байгуулсан зүйл байхгүй, Б, Ц нар өөрсдийн эд хөрөнгийн эрхээ надад шилжүүлэхийг зөвшөөрч, хэлцэл хийхийг хүсэж байсан учир би харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Ингэхдээ 3.000.000 төгрөгийг Ж.Б, Г.Ц нарт өгч, үлдэх мөнгийг Эд өгөхөөр тохиролцсон. Үүнийхээ дагуу би үнийг төлсөн...гэв.

Нотлох баримт:

Нэхэмжлэгчээс Г.Ц, Ж.Б нарын иргэний үнэмлэхний хуулбар хувь 1 хуудас, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, нэхэмжлэгч нарын итгэмжлэл 1 хуудас, 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн №1076, 1077 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбар 4 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000098079 дугаартай Ү-1723004083 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ хуулбар 1 хуудас, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Г-1723001164 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ хуулбар 1 хуудас зэрэг нотлох баримтуудыг,

Хариуцагчаас Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хуулбар үнэн тэмдэг дарагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол хуулбар 3 хуудас, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хуулбар 1 хуудас, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт гаргасан Г.Цийн өргөдөл хуулбар 1 хуудас, Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгааны хуулбар 2 хуудас, Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар 3 хуудас, Гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл хуулбар нийт 10, Итгэмжлэл хуулбар 1 хуудас, Ж.Э, Г.Ц нарын иргэний үнэмлэх хуулбар 1 хуудас, Ж.Эы Баталгаа гаргах тухай өргөдөл хуулбар 1 хуудас, Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн Мөрдөгчийн санал хуулбар 1 хуудас, иргэн Б.Чын гаргасан Тодорхойлолт хуулбар 1 хуудас, нийт 25 хуудас баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 8 хуудас, Хаан интернет банк хуулбар 3 хуудас, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Жижиг татвар төлөгчтэй харилцах тасгийн ТУБ Б.Даваажаргалын Иргэний үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварын тодорхойлолт 1 хуудас, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000903148 дугаар бүхий, Ү-1723004083 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ хуулбар 1 хуудас, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000681706 дугаар бүхий, Г-1723001164 дугаарт бүртгэгдсэн гэрчилгээ хуулбар 1 хуудас зэрэг баримтуудыг тус тус гаргаж өгсөн.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын хүсэлтээр гэрчээр Б.Ариунжаргалыг дуудан мэдүүлэг авсан ба талийгаач иргэн Ж.Эы Хаан банкны 5914130403 дугаар бүхий дансны 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хугацааны хуулгыг Хаан банкны Хөвсгөл салбараас гаргуулсан, мөн хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын хүсэлтээр гэрчээр Б.Эг дуудан мэдүүлэг авсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №04/0521 дугаартай иргэн Б.Эгийн ӨҮ Эм Ди Си ХХК-тай байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг ӨҮ Эм Ди Си ХХК-аас гаргуулан авч нотлох баримт бүрдүүлсэн.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь хариуцагч Б.Хд холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан 1076, 1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч Б.Х нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж...Анх талийгаач Ж.Э миний хашаа байшинг 30,000,000 төгрөгөөр худалдаж аваач, урьд зээлж авсан 10,000,000 төгрөгийн өрөө суутгаад 20,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд аваач гэсэн санал тавьсан. Саналыг хүлээж аваад уг хашаа байшинг худалдаж авахаар тохиролцсон. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг миний нэр дээр шилжүүлэхээр 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нотариатын газар очтол уг хашаа байшин Эы нэр дээр биш харин Ж.Б, Г.Ц гэх хүмүүсийн нэр дээр байгаа гээд уг хүмүүсийг нотариатын газар хамт авчирсан байсан. Би Ж.Б, Г.Ц нараас дараа нь ямар нэгэн төлбөр тооцооны асуудал, маргаан гарах эсэхийг асуухад Ж.Б, Г.Ц нар маргаан байхгүй, асуудал гарахгүй гэсэн. Мөн Ж.Б, Г.Ц нар нь надад хэлэхдээ ах, эгч хоёр нь Эаас цөөхөн хэдэн төгрөг авах тооцоотой, тэрийгээ авах гээд яараад байна, хурдан уг хашаа байшинг аваад, бидэнд 3.000.000 төгрөг шилжүүлээд өгчих гэсэн. Ингээд 3.000.000 төгрөгийг Ж.Бын дансанд шилжүүлэх, үлдэх мөнгийг Ж.Эд өгөхөөр бид тохиролцсон. Би Ж.Б, Г.Ц нартай нотариатын газар орж гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдах явцад нотариат уг 1076, 1077 дугаартай гэрээний нөхцөлүүдийг нэг бүрчлэн танилцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна, 30,000,000 төгрөгөөс 2 хувийн татвар төлнө гэхэд Ж.Б, Г.Ц нар бид ийм их хэмжээний хураамж төлж чадахгүй, гэрээнд бичигдэх үнийг багаар буюу 10,000,000 төгрөгөөр бичиж тусгаад үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогын албан татвар багаар төлмөөр байна гэсэн. Ингээд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийг багаар тусгаж гэрээ байгуулсан. Тус гэрээг бид харилцан тохиролцож, хэн аль нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч байгуулсан ба би худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлж, Улсын бүртгэлд гэрээг бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг зохих журмын дагуу шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй...хэмээн маргаж, өмгөөлөгчийн хамт оролцсон.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ...2021 оны хавар Улаанбаатар хотод байр худалдан авахаар шийдэж Ж.Э гэх залуутай уулзаж тохиролцсон.

Ингэж тохиролцохдоо байрны урьдчилгаанд Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-02 тоотод хаягт байрлах хашаа байшингаа 30.000.000 төгрөгөөр тооцож Ж.Эд худалдахаар болсон. 2021 оны 07 дугаар сард Ж.Э бидэнтэй холбогдоод та хоёр хашаа байшингаа Б.Х гэх хүний нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн тул бид Б.Х гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.Анх хашаа байшин худалдахаар тохиролцсон Ж.Э нь саяхан нас барсан ба тохиролцсон ёсоор биднийг байранд оруулж өгөөгүй.Ингээд хашаа байшин ч үгүй, байр ч үгүй үлдлээ.Хашаа байшин худалдан авсан Б.Х нь хашаа байшингийн үнэ болох 30.000.000 төгрөгийг талийгаач Ж.Эы дансанд шилжүүлсэн байх.

Худалдах, худалдан авах гэрээнд хашаа байшин болон газар нийлээд 10.000.000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан. Мөн түүнчлэн анхнаасаа тухайн худалдан авах гэрээ нь Б.Хтай дүр үзүүлэн хийсэн гэрээ болсон...хэмээн тодорхойлсон.

Харин шүүх хуралдаанд тэрээр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүн Ж.Б, Г.Ц нарын дансанд шилжиж ороогүй, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдал дээр 30.000.000 төгрөгөөр худалдсан боловч гэрээг 10.000.000 төгрөгөөр байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ гэж тайлбарласан.

Гэвч хэрэгт авагдсан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Иргэний үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварын тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс үзвэл хариуцагчийн тайлбар бодит үнэнд нийцсэн, үнэн зөв тайлбар байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал зохигч талууд болох Ж.Б, Г.Ц, Б.Х нар нь 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдагч Ж.Б, Г.Ц нар нь өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-02 тоотод хаягт байршилтай сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 30.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Б.Х нь 3.000.000 төгрөгийг худалдагч Ж.Бын дансанд шилжүүлж, үлдэх мөнгийг иргэн Ж.Эд төлөхөөр харилцан тохиролцсон.

Мөн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар бага төлөх зорилгоор худалдан борлуулсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 10.000.000 төгрөгөөр тодорхойлсон.

Улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Б.Хы нэр дээр шилжсэн үйл баримт тогтоогдлоо.

Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Б.Хы эзэмшлийн Хаан банкны 5914095648 дугаар данснаас 3.000.000 төгрөгийг Ж.Бын эзэмшлийн Хаан банкны 5890390043 дугаар дансанд шилжүүлсэн байх ба дээрх үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьтал болгодог шинжтэй байдаг.

Өөрөөр хэлбэл хэлцэл хийгдснээр ямар нэгэн хариуцлагыг талууд харилцан хүлээх хүсэл зориггүй байхыг шаардана.

Гэтэл Ж.Б, Г.Ц нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг Б.Хүрэлчулуутай байгуулж, худалдан борлуулснаар үнийг Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад оролцуулах, мөн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар бага төлөх хүсэл зорилгоор дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан ба татвар бага төлөх зорилгодоо хүрч хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн талууд худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн бусдын дарамт шахалтгүйгээр хийсэн болох нь зохигчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдлоо.

Иймд талууд анхнаасаа хэлцлийн зорилгыг ухамсарлаж байсан, хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгосон байх тул Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ-нүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулан, улмаар хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэлгүй байна.

Мөн хуулинд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч тал 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан 1076, 1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай  шаардлагынхаа үндэслэлийг нотлож чадаагүй тул дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Ж.Б, Г.Ц нар нь Улаанбаатар хотод орон сууц худалдан авахад үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны үнийг оролцуулах зорилгодоо хүрч чадаагүй нь дээрх хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцох үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч талтай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон гэж үзэж байгаа бол буруутай этгээдээс хохирлоо шаардах эрх нь нээлттэй ба энэхүү шийдвэр нь хохирол шаардахад саад болохгүйг тайлбарлах нь зүйтэй.

Хэргийн 11, 68, 69, 70, 116-121 дүгээр талд  авагдсан баримтууд нь нотариатчаар баталгаажуулаагүй хуулбар хувь, 30-50, 104 дугаар талд авагдсан баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүй, ...талд авагдсан иргэн Б.Чын тодорхойлолт хаана, хэнд хандаж гаргасан болох нь тодорхойгүй, 135-138 дугаар талд авагдсан гэрч Б.Эгийн мэдүүлэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар Б.Хд холбогдох Ж.Б, Г.Ц болон Б.Х нарын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1076,1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.ДАВААХҮҮ