Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2023/00002

 

 

 

 

 

2023 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2023/00002

 

 

 

 

Г.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2022/00885 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Хүрэлчулуунд холбогдох

2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, Г.Цэцэнчимэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Түвшинтөгс, хариуцагч Б.Хүрэлчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:*******гийн *******,*******ын Цэцэнчимэг бид 2021 оны хавар Улаанбаатар хотод байр худалдан авахаар шийдэж Ж.Эрдэнэчулуун гэх залуутай уулзаж тохиролцсон. Ингэж тохиролцохдоо байрны урьдчилгаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 22-02 тоотод байрлах хашаа байшингаа 30,000,000 төгрөгөөр тооцож, Ж.Эрдэнэчулуунд худалдахаар болсон.

2021 оны 7 дугаар сард Ж.Эрдэнэчулуун бидэнтэй холбогдоод та 2 хашаа байшингаа Б.Хүрэлчулуун гэх хүний нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн тул бид Б.Хүрэлчулуун гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгөө түүний нэр дээр шилжүүлэн өгсөн.

Анх хашаа байшин худалдахаар тохиролцсон Ж.Эрдэнэчулуун нь саяхан нас барсан ба тохиролцсон ёсоор биднийг байранд оруулж өгөөгүй. Ингээд хашаа байшин ч үгүй, байр ч үгүй үлдлээ. Хашаа байшинг худалдан авсан Б.Хүрэлчулуун нь хашаа байшингийн үнэ болох 30,000,000 төгрөгийг талийгаач Ж.Эрдэнэчулууны дансанд л шилжүүлсэн байх. Гэтэл худалдах худалдан авах гэрээнд хашаа байшин болон газар нь нийлээд 10,000,000 төгрөгөөр үнэлж гэрээг байгуулсан. Мөн түүнчлэн анхнаасаа тухайн худалдан авах гэрээ нь С.Хүрэлчулуунтай дүр үзүүлэн хийсэн гэрээ болсон юм.

...Анхнаасаа Б.Хүрэлчулуун нь Ж.*******, Г.Цэцэнчимэг нартай хашаа байшин худалдах, худалдан авах, гэрээний үнийг төлөх зорилгогүйгээр гэрээ байгуулсан байна. ...Иргэний хуулийн 243 дугаар зүйлд худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар бол үнийг Ж.*******, Г.Цэцэнчимэг нарт төлөх ёстой. Гэтэл худалдах худалдан авах гэрээний үнийн дүн Ж.*******, Г.Цэцэнчимэг нарын дансанд шилжиж ороогүй. Мөн мөнгийг н.Эрдэнэчулуунд өгөхийг зөвшөөрсөн бол худалдах, худалдан авах гэрээн дээрээ мөнгийг н.Эрдэнэчулуун руу шилжүүл гэж бичих ёстой, гэрээнд тийм зүйл байхгүй байгаа. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг бодит байдал дээр 30,000,000 төгрөгөөр худалдсан боловч гэрээг 10,000,000 төгрөгөөр байгуулсан нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзнэ. Татвар бага төлөх зорилгодоо хүрэх нь хүрсэн байх.

Гэхдээ анх Ж.*******, Г.Цэцэнчимэг нар нь н.Эрдэнэчулуунд хашаа байшингаа шилжүүлж өгье гэж байтал н.Эрдэнэчулуун нь Б.Хүрэлчулуун руу шилжүүлээд өгчих гэхээр нь шилжүүлж өгсөн. Мөн Ж.*******, Г.Цэцэнчимэг нар нь н.Эрдэнэчулууныг байшингийн мөнгө өгөхгүй байсан болохоор цагдаагийн газарт шалгуулж эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байдаг.

Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Хүрэлчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус нэхэмжлэлд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн хийсэн гэрээ болсон гэж үзэж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талийгаач Ж.Эрдэнэчулуун нь 2021 оны 7 дугаар сард миний ах*******, бид хоёртой уулзаж, Мөрөн суманд ... дүгээр багт хашаа байшин байрны урьдчилгаанд авсан, та хоёр 30,000,000 төгрөгөөр худалдаж аваач, урьд өмнө зээлж авсан 10,000,000 төгрөгийг суутгаад 20,000,000 төгрөгийг бэлнээр өгөөд аваач гэсэн санал тавьсан. Бидний хувьд саналыг хүлээж аваад уг хашаа байшинг худалдаж авахаар тохиролцож, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг миний нэр дээр шилжүүлж авахаар 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нотариатын газар очтол уг хашаа байшин нь Ж.*******, Г.Цэцэнчимэг гэх хүмүүсийн нэр дээр байгаа гээд уг хүмүүсийг хамт авчирсан байсан. ...Би Ж.*******, Г.Цэцэнчимэг,******* та гурвын хооронд дараа нь ямар нэгэн асуудал, төлбөр тооцооны маргаан гарах эсэхийг асуухад Ж.*******, Г.Цэцэнчимэг нар маргаан байхгүй, асуудал гарахгүй гэсэн. Мөн Ж.*******, Г.Цэцэнчимэг нар надад хэлэхдээ ах, эгч хоёр нь*******аас цөөхөн хэдэн төгрөг авах тооцоотой, тэрийгээ авах гээд яараад байна, хурдан уг хашаа байшинг нь аваад, бидэнд 3,000,000 төгрөг шилжүүлж өгөхөд болно гэсэн.

...Гэрээ байгуулагдах явцад нотариат уг 1076, 1077 дугаартай гэрээний нөхцөлүүдийг нэг бүрчлэн танилцуулж, үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсны орлогын албан татварыг худалдагч тал хариуцна, хуулиараа 30,000,000 төгрөгөөс 2 хувийн татвар төлнө гэхэд Ж.*******, Г.Цэцэнчимэг нар бид ийм их хэмжээний хураамж төлж чадахгүй, гэрээнд бичигдэх үнийг нь багаар буюу 10,000,000 төгрөгөөр бичиж тусгаад үл хөдлөх хөрөнгийг борлуулсны орлогын албан татвар багаар төлмөөр байна гэсэн тул гэрээнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан үнийг багаар тусгаж бичсэнээр гэрээг байгуулсан.

Ингэхдээ бид харилцан тохиролцож, хэн аль нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Мөн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдан авагч миний нэр дээр шилжиж ирснээр би худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлсөн. Мөн*******, Ж.*******, Г.Цэцэнчимэг нарын хооронд ямар гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх, тэдний хооронд ямар төлбөр тооцоо байсан эсэх талаар мэдэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхэд эдгээр хүмүүс нь*******аас цөөхөн хэдэн төгрөг авах авцаатай үлдсэн болохоор бушуухан гэрээгээ байгуулаад, бид мөнгөө аваад дуусгая, бид дараа ямар нэг байдлаар маргаан үүсгэхгүй асуудалгүй гэхээр нь бид итгэж уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан. Гэвч Ж.*******, Г.Цэцэнчимэг нар нь одоо ийм байдлаар шүүхэд хандаж, маргаан үүсгэж, бидний хооронд байгуулагдсан гэрээг дүр үзүүлж хийгдсэн гэрээ гэж тухайн үед гэрээ байгуулагдах үед ярьж хэлж байснаасаа тэс ондоо зүйл ярьж хэлж байгаад гайхаж байна. Ингэж дур зоргоороо аашилж болохгүй байх гэж үзэж байна. Мөн тухайн үед Ж.*******, Г.Цэцэнчимэг нар гэрээ байгуулахаас өмнө 3,000,000 төгрөг яаралтай өгчих, бид дараа нь ямар ч асуудал гаргахгүй, маргаан байхгүй гэж ярьж хэлж байсан зэргээс үзэхэд эдгээр хүмүүс өөрсдийн хүсэл зориг, гаргаж буй саналаа бүрэн ухамсарлаж байсан. Мөн уг гэрээг хийснээр ямар үр дагавар гарахыг мэдэж байсан гэдгийг шүүх анхаараасай гэж хүсэж байна.

... Ж.*******, Г.Цэцэнчимэг болон******* нарын хооронд байгуулсан гэрээ хэлцэл, төлбөр тооцоотой холбоотой асуудлыг бид мэдэхгүй. 

Иймд 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 1076, 1077 дугаартай худалдах, худалдан авах гэрээнүүд хууль журмын дагуу байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээнүүд тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2022/00885 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2-т зааснаар Б.Хүрэлчулуунд холбогдох Ж.*******, Г.Цэцэнчимэг болон Б.Хүрэлчулуун нарын хооронд байгуулагдсан 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдрийн 1076,1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгсийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуульд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрөө баримтаар нотлох үүрэгтэй. Гэвч нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй тул гэх шалтгаанаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Тус шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа ба хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 00885 дугаартай шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинтөгс нь хариуцагч Б.Хүрэлчулуунд холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан 1076, 1077 дугаар бүхий Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан байх ба хариуцагч Б.Хүрэлчулуун нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Ж.*******, Г.Цэцэнчимэг нар шүүхэд ...бид 2021 оны хавар Улаанбаатар хотод байр худалдан авахаар шийдэж Ж.Эрдэнэчулуун гэх залуутай уулзаж тохиролцсон. Ингэж тохиролцохдоо байрны урьдчилгаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн ........... тоотод байрлах хашаа байшингаа 30,000,000 төгрөгөөр тооцож, Ж.Эрдэнэчулуунд худалдахаар болсон. 2021 оны 7 дугаар сард Ж.Эрдэнэчулуун бидэнтэй холбогдоод та 2 хашаа байшингаа Б.Хүрэлчулуун гэх хүний нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн тул бид Б.Хүрэлчулуун гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгөө түүний нэр дээр шилжүүлэн өгсөн... анхнаасаа тухайн худалдах, худалдан авах гэрээ нь Б.Хүрэлчулуунтай дүр үзүүлэн хийсэн гэрээ болсон... гэж тайлбарлажээ.

Хариуцагч Б.Хүрэлчулуун нь ...бид харилцан тохиролцож, хэн аль нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Мөн гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг зохих журмын дагуу бүртгүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг худалдан авагч миний нэр дээр шилжиж ирснээр би худалдаж авсан эд хөрөнгийн үнийг төлсөн. ...Ж.Эрдэнэчулуун, Ж.*******, Г.Цэцэнчимэг нарын хооронд ямар гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх, тэдний хооронд ямар төлбөр тооцоо байсан эсэх талаар мэдэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг шилжүүлэхэд эдгээр хүмүүс нь*******аас цөөхөн хэдэн төгрөг авах авцаатай үлдсэн болохоор бушуухан гэрээгээ байгуулаад, бид мөнгөө аваад дуусгая, бид дараа ямар нэг байдлаар маргаан үүсгэхгүй гэхээр нь бид итгэж ******* түүний эхнэрт 3 сая төгрөг шилжүүлээд, үлдэгдэл төлбөрийг нь*******ы дансанд хийж уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авсан... гэж тайлбарласан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд Ж.*******, Г.Цэцэнчимэг нар нь өөрийн өмчлөлийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын..... дүгээр багийн ......... тоот хаягт байршилтай сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Б.Хүрэлчулууны өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 1076, 1077 дугаартай Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.

Зохигч талууд болох Ж.*******, Г.Цэцэнчимэг, Б.Хүрэлчулуун нар нь Ж.*******, Г.Цэцэнчимэг нарын өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 30,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Б.Хүрэлчулуун нь 3,000,000 төгрөгийг худалдагч Ж.*******ын дансанд шилжүүлж, үлдэх мөнгийг иргэн Ж.Эрдэнэчулуунд төлөхөөр харилцан тохиролцож, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх Б.Хүрэлчулууны нэр дээр шилжсэн, Ж.Эрдэнэчулуун нь 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нас барсан үйл баримт нэхэмжлэгч, хариуцагч нарын дээрх тайлбар, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 14 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, Б.Хүрэлчулуун болон талийгаач Ж.Эрдэнэчулуун нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, Ж.Эрдэнэчулууны бичгээр гаргасан баталгаа, нэхэмжлэгч Г.Цэцэнчимэгийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл, гэрч Б.Ариунжаргалын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Татварын хэлтсийн Иргэний үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогоос суутгасан албан татварын тодорхойлолт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Б.Хүрэлчулууны эзэмшлийн Хаан банкны 5914095648 дугаар данснаас 3,000,000 төгрөгийг Ж.*******ын эзэмшлийн Хаан банкны 5890390043 дугаар дансанд шилжүүлсэн байх ба дээрх үйл баримтад талууд маргаагүй байна.

Шүүх ...талууд худалдах, худалдан авах гэрээг хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн бусдын дарамт шахалтгүйгээр хийсэн болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нотлогдсон, нэхэмжлэгч нар худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг нотолж чадаагүй тул худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулан дүгнэх боломжгүй... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь дүр үзүүлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэхэд нэг тал хуурч мэхлэх зорилгогүйгээр, гэхдээ тухайн үйлдлийг хийх хүсэл зориггүйгээр үйлдэл хийснийг нөгөө тал мэдэлгүйгээр хүлээн авсан байх, нэг талын хүсэл зоригийн илэрхийлэл нь үнэн биш байсныг нөгөө тал мэдсэний дараа уг илэрхийллийг хүлээн авахаас татгалзсан байх урьдчилсан нөхцөлүүд хангагдсан байхыг шаардах бөгөөд хэргийн үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч Ж.*******, Г.Цэцэнчимэг нар нь үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг Б.Хүрэлчулуунтай байгуулж, худалдан борлуулсан үнийг Улаанбаатар хотод байрлах орон сууц худалдан авахад зарцуулах, мөн үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар бага төлөх зорилгоор үнийг бууруулж худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулсан байна.

Хариуцагч Б.Хүрэлчулуун нь Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдах авах гэрээг Иргэний хуульд заасны дагуу байгуулж, холбогдох зарим хуулийн шаардлага хангуулж тухайн эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээг авсан ба бүртгэл хүчинтэй эсэх талаар маргаангүй байх тул хууль ёсны эзэмшигч өмчлөгч байна гэж үзлээ.

Иймд шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 155/ШШ2022/00885 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                Н.БАЯРХҮҮ

Л.ЭРДЭНЭБАТ

 

 

 

 

.