Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1692

 

 

 

Т.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэртэй, Т.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 19 050 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: “М” ХХК-тай 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ӨА-18/01 тоот “Үйлдвэрлэлийн зориулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ” байгуулан, Налайх дүүргийн Горхи Тэрэлжийн ам дахь Ар хүүшийн аманд төлөвлөж буй “ПР” амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх өрөмдлөгийн параметр нийт уртааш 2 430 метрийн ажлыг захиалгын дагуу хийж гүйцэтгэсэн. Ажлаа дүгнэж актаар 3 375 метр болсныг хүлээлцсэн. Авах ёстой ажлын хөлс 33 750 000 төгрөг болсноос урьдчилгаа 6 000 000 төгрөг, түлшний зардал 3 700 000 төгрөг, үлдэгдлийн баталгааны дагуу 19 050 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хариуцагчтай удаа дараа уулзаж, уян хатан нөхцлөөр тохиролцох санал гаргадаг байсан боловч хүлээж аваагүй. Хэргийг түдгэлзүүлэх хүсэлтэд дурдагдсан хэрэг нь хариуцагч талын тайлбарласан шиг энэ хэргийн талуудын хийсэн ажилтай хамааралтай гэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хийх ёстой ажлаа тохиролцсон хэмжээний дагуу хийсэн, тэсэлгээ хийх нь гэрээнд хамааралгүй, зөвхөн өрмийн диаметр гэж байдаг. Цооног хаах ажлыг би хийдэггүй. “М” ХХК-ийн инженерүүд өөрсдөө хийдэг, 2 цооногийн хоорондох зайг хариуцагчийн инженерүүд тавьсан. Өрөмдөх цэгийг хариуцагч зааснаар нэхэмжлэгч тухайн цэгүүдэд өрөмдлөг хийдэг. Өрмийн бүдүүн, нарийн хэмжээ бүгдийг нь хариуцагч хянаж байсан гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Талууд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу өрөмдлөгийн ажлаа хийж дуусгаад акт үйлдэж, баталгаа гаргахад, эцсийн дүн 19 050 000 төгрөг байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд маргахгүй, хугацаа тохирох нөхцөл байдал үүссэн бол тохиролцоод явж болно. Зохигчид хэн аль нь “ПБ” ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Шударга ёсны зарчмаар нэг нь өрөмдлөг, нөгөө нь тэсэлгээ хийсэн. Хэн алины буруутай үйлдэл байгаа эсэхийг нөгөө иргэний хэрэгт шинжээч томилон тогтоолгосны дараа л тооцооны талаар ярилцана гэсэн. Захиалагч компаниас манай компани мөнгө авч чадаагүй болохоор л нөхцөл байдал хүндрээд байна. Бид өөрийн компаниас урьдчилгаа төлбөрт 6 000 000 төгрөгийг гаргаж өгөөд ажлыг явуулж байсан. Захиалагч талтай маргаантай байгаа гэж тайлбарлаж байна гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1.-д зааснаар хариуцагч “М” ХХК-иас 19 050 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Ц-д олгож, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 253 200 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагчаас 253 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “М” ХХК нь “ПБ” ХХК-д холбогдуулж нэхэмжлэл гаргаснаар, 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 182/Ш32019/01506 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Энэхүү иргэний хэрэгт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа “...өрөмдлөг муу хийгдсэнээс болж уулын цулыг зурганд зааснаар буталж чадаагүй, ажлыг буруу, хагас дутуу хийж гүйцэтгэсэн учир бид өөрсдийн хүчээр молтокдож ажлаа дуусгасан. Иймд ажил гүйцэтгэгч нарт төлбөр төлөх ёсгүй” гэж тайлбарлан маргадаг. Уулын ажлыг шинжээч томилуулж, хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй.

Иймд Т.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар “М” ХХК болон “ПБ” ХХК-ийн хооронд маргаж байгаа иргэний хэргийн нотлох баримтыг гаргаж өгсөн. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нотлох баримтыг хуулбар үнэн дарж өгөх боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн тайлбар өгдөг бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг зөвхөн хуулбарлан өгсөн. Манай компани бол зөвхөн тэсэлгээний тусгай зөвшөөрөлтэй. Өрөмдлөгийн ажил зургийн дагуу хийгдсэн эсэх дээр дүгнэлт гаргаж чадахгүй. Мэргэжлийн байгууллага л үүнийг тогтоож чадна. Нэгэнт л Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өрөмдлөгийн ажлыг зургийн дагуу хийсэн эсэх тал дээр талууд маргаж иргэний хэрэг үүссэн байхад Т.Ц-гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дахин шинжээч томилж хүндрэл учруулах шаардлагагүй хэргийг түр хугацаанд түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 19 050 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр “Үйлдвэрлэлийн зориулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ” /хх5-8/ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь захиалагч “М” ХХК-ийн хүсэлтийн дагуу Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Горхи-Тэрэлжийн аман дахь “Ар хүүшийн ам”-д төлөвлөж буй “ПР” амралтын газрын барилгын ажлын зургийн дагуу барилгын суурь баригдах газарт уулын цулыг өрөмдлөг тэсэлгээний ажлаар тэслэн сийрэгжүүлэн тэгшилж өгөх ажлын 2 430 тууш метр өрөмдлөгийн ажлыг, 1 тууш метрийн үнийг 10 000 төгрөгөөр тооцож, гэрээний нийт үнийн дүнгээс урьдчилгаа 6 00 000 төгрөгийг захиалагч төлөх, урьдчилгаа төлсөн өдрөөс хойш 10 хоногийн дотор ажлыг хийж гүйцэтгэх талаар харилцан тохиролцсон байна.

 

Дээрх гэрээний нөхцөл, гэрээ байгуулсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хэрэгт авагдсан 2017 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Үйлдвэрлэлийн зориулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ хийсэн тухай акт /хх9/, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх10/ гэх баримтуудаас үзвэл, талууд нэхэмжлэгчийн хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнг 3 375 тууш метр болсныг тодорхойлж, гэрээнд заасан нэг тууш метрийн үнэ 10 000 төгрөг, гэрээний нийт үнэ 33 750 000 төгрөг болсноос урьдчилгаанд төлсөн 6 000 000 төгрөг, түлшний дэмжлэг 3 700 000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсэн алдагдал 5 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 19 050 000 төгрөг байгааг гарын үсэг зурж баталгаажуулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

Хариуцагч дээрх ажил гүйцэтгэх гэрээний нөхцөл, ажлын үр дүн, доголдлын талаар маргаагүй, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч гэрээний үүрэг зөрчсөн, доголдолтой ажил шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, захиалагч энэ талаар шаардлага гаргаж байсан баримтгүй тул гэрээ ёсоор хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлсийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний төлбөрийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлээр шаардсан төлбөрийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.1, 351.1.2, 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг үндэслэснийг зөв гэж үзнэ.

 

Хариуцагч тал дээрх шийдвэрийг эс зөвшөөрч буй гомдлын үндэслэлээ, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг шүүх буруу тайлбарлан, өөр шүүхэд талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой маргаан үүссэн байхад тухайн хэргийг шийдвэрлэтэл уг хэргийг түдгэлзүүлэх  хүсэлтийг хангаагүй гэж тайлбарлажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч талаас “Үйлдвэрлэлийн зориулалтаар өрөмдлөгийн ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд уг өрөмдлөгийн ажилтай холбоотой ажлын хөлсний талаар шүүх шийдвэр гаргахад “Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ”-ний үүргийн талаар хариуцагч бусадтай маргасан хэрэгт хамааруулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулсан өрөмдлөгийн ажлын гэрээний үүргийн талаарх нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хариуцагчийн хийсэн тэсэлгээний ажилтай холбоотой маргаан саад болохгүй. 

 

Иймд өөр шүүхэд байгаа иргэний хэрэг шийдвэрлэгдсэний дараа уг хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүх хангаагүй нь буруу гэх хариуцагч талын давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М” ХХК давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалын хувийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

                                        ШҮҮГЧИД                                Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                         Т.ТУЯА