Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2023/04413

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ................... тоотод оршин суух, Б овогт А-ын О /рд:............./

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ................өөрийн байранд оршин байх, Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.А хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Н газарт холбогдох хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчээс дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дугаар .......... тоот шийдвэрээр банк ХХК болон А.О нарын хооронд байгуулагдсан ........... тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж хариуцагч А.О ээс 156,548,335 төгрөгийг гаргуулж банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, ...... тоот 79,98 м.кв талбайтай улсын бүртгэлийн ............. дугаар бүхий гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимд гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбоотойгоор нэхэмжлэгч банк ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэрийг албадан биелүүлэх захирамж болон гүйцэтгэх хуудас гарч 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Тасгийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, хошууч Б.Тийн ..... тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах зорилгоор хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийг шинжээчээр томилж улмаар төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч А.О ийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 350,084,000 төгрөгөөр үнэлсэн. Учир нь нэхэмжлэгчийн орон сууцны 1 м.кв талбай нь төлбөрийн зах зээлийн ханш нь 7,000,000 төгрөг ба 559,860,000 төгрөг юм. Түүнчлэн түүнийг орон сууцыг бэлэн мөнгөөр 450,000,000 төгрөг худалдаж авах сонирхолтой иргэн хүртэл байгаа боловч хямдхан гэх шалтгаанаар зараагүй атлаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээ гаргасан В ХХК нь 350,084,000 төгрөгөөр үнэлсэн. Ийм үндэслэлгүй үнэлгээ гаргасан нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур худалдан борлогдох эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгосон. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2023 оны 7-р сарын 07-ны өдөр үнэлгээ гарсан ирж танилцаарай гэж шаардсан ба үнэлгээтэй танилцах үед Бүх нийтийн буюу улсын баяр наадмын амралт эхэлсэн байсан тул нэхэмжлэлийг 2023.07.21-ний өдөр гаргаж байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн В ХХК-ийн 2023.07.03-ны өдрийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй байна. Түүнчлэн харьцуулж үнэлгээ гаргахдаа гэр хороололд ойр байршил муутай газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан. Иймд хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дугаар Ш-7/1 тоот үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2520 дугаар шийдвэрээр А.О ээс 156,548,335 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,010,891 төгрөгийг тус тус гаргуулж банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Төлбөр төлөгч А.О нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 3 дугаар хороо Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж, Нарны хороолол ...... тоотод байрлах 79,98 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад тогтоосон хугацаанд талуудаас үнийн санал ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр төлөгч А.О нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тус газарт бичгээр ирүүлсэн үнийн саналд дээрх хөрөнгийг 719,820,000 төгрөгөөр үнэлсэн. Төлбөр авагч банк ХХК-иас үнийн санал ирүүлээгүй, талууд үнэлгээг харилцан тохиролцож, тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 6/06 тоот Шинжээч томилох тухай тогтоол-оор В ХХК-ийг томилж, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлүүлэхэд 350,084,000 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулан өгсөн. Дээрх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул төлбөр төлөгч А.О ийн В ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2, 45-46/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3, 47/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаар шийдвэр /хх 5-8, 48-51/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ......... дугаар магадлал /хх 9-11, 52-54/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол /хх 12, 55/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 13-15, 56-58/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3/2540 тоот албан бичиг /хх 16, 60/, Н газарт А.О ийн үнийн санал хүргүүлэх тухай /хх 17, 59/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /хх 18, 62/, Шинжээч томилох тухай тогтооол /хх 19, 61/, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 20-31, 63-74/, итгэмжлэл /хх 141/,

 

4. Хариуцагч дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: итгэмжлэл /хх 37, 77/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 78/, хариу тайлбар /хх 82-85/, Шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 86/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2023/04133 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай /хх 87/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаар шийдвэр /хх 88-91/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн ....... дугаар магадлал /хх 92-94/, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол /хх 95/, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 96-97/, Шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 98/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх 99-100, 107/, Эд хөрөнгө хураах тухай тогтоол, тэмдэгэл /хх 101-103/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3/2210, 3/2211 тоот албан бичиг /хх 104-105/, Н газарт А.О ийн үнийн санал хүргүүлэх тухай /хх 106/, Шинжээч томилох тухай тогтоол, Шинжээчид хууль тайлбарласан тухай, тэмдэглэл /хх 108, 109, 110-111/, В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 112-132/, Банкны төлбөр барагдуулах газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3/2541, 2540 тоот албан бичиг /хх 133-134/,

 

5. Шүүхээс хэргийг нэгтгэх тухай захирамж гаргасан /хх 135/.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч А.О нь Н газарт холбогдуулан өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс Энгельс гудамж 21 байр 1602 тоот хаягт байршилтай 79.98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн Виннэр Вэй ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гарган шүүхэд хандсан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...350,084,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн,... гэсэн агуулгаар тайлбарласан.

 

3. Хариуцагч дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэсэн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөөгүй болно.

 

4. Шүүхээс дараах үндэслэлүүдээр хариуцагч Н газарт холбогдох, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж ...... тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.О ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Үүнд:

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн .......... дугаар шийдвэрээр банк ХХК болон А.О нарын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн ........... тоот Орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.О ээс 156,548,335 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч банк ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж ...... тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

Улмаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ........... дугаар захирамжийн дагуу 00468 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн ..... тоот тогтоолоор иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны зүйл болох эрхийн улсын ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж ...... тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 23360197/03 дугаар тогтоолоор битүүмжилсэн.

 

Түүнчлэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журмыг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоож болдог. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид болох А.О , банк ХХК-иуд харилцан тохирч чадаагүйгээс Н газраас В ХХК-ийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 6/06 тоот тогтоолоор шинжээчээр томилж, барьцаа хөрөнгө болох орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт нийцжээ.

Шинжээчид эрхийн улсын ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж ...... тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн ба эдгээр хөрөнгийн үнэлгээ болон тайланг Н газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 3/2540 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч А.О т мэдэгдсэн байна.

 

Төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч томилогдсон шинжээч үнэлгээ тогтоох эрхтэй эсэх, Н газраас шинжээч томилохдоо шинжээчид эрх, үүрэг танилцуулсан эсэх талаар маргаан гаргаагүй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээ хийх арга, аргачлалыг тусгасан. В ХХК нь хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг тогтоож, үнэлэхдээ холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн, үнэлгээ хийх аргачлалуудыг баримталсан, үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэ цэнийг жишин, судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байна.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлагаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд шүүхийн журмаар баримт гаргуулах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Шинжээчид барьцаа хөрөнгүүдийг дээр дурдсан байдлаар үнэлснийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн гэх үндэслэл хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотолж чадаагүй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Н газарт холбогдох, улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж ...... тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.О ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН