Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 02 05 210/МА2024/00279

 

 

А.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04413 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.О,

Хариуцагч: Н,

Нэхэмжлэлийн шаардлага: үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэмүүлэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн дугаар 102/ШШ2022/02520 дугаар шийдвэрээр Г ХХК болон А.О нарын хооронд байгуулагдсан ЗГ1165114851 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч А.Оээс 156,548,335 төгрөгийг гаргуулж Г ХХК-д олгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Ш, Х гудамж, 00 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

1.2. Г ХХК-ийн хүсэлтийг үндэслэн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 23360197 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийг шинжээчээр томилж, дээрх орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 350,084,000 төгрөгөөр үнэлсэн. Нэхэмжлэгчийн орон сууцны 1 м.кв талбай нь зах зээлийн ханш нь 7,000,000 төгрөг буюу орон нийт үнэ 559,860,000 төгрөг болж байгаа. Гэтэл шинжээч нь тухайн орон сууцыг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн нь үндэслэлгүй.

1.3. Шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...үнэлгээ гарсан, ирж танилцаарай гэж мэдэгдсэн. Дүгнэлтэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2-т заасны дагуу жишиг үнийн аргаар үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй. Түүнчлэн, харьцуулж үнэлгээ гаргахдаа гэр хороололд ойр байршил муутай газрын үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулж үнэлгээ гаргасан. Иймд хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 дугаар үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2520 дугаар шийдвэрээр А.Оээс 156,548,335 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,010,891 төгрөгийг тус тус гаргуулж Г ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу тус газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч А.О нь тогтоосон хугацаанд төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тул түүний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулахад тогтоосон хугацаанд талуудаас үнийн санал ирүүлээгүй, харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр төлөгч А.О нь 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр тус газарт бичгээр ирүүлсэн үнийн саналд дээрх хөрөнгийг 719,820,000 төгрөгөөр үнэлсэн.

2.2. Төлбөр авагч Г ХХК-аас үнийн санал ирүүлээгүй, талууд үнэлгээг харилцан тохиролцож, тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6/06 дугаар тогтоолоор В ХХК-ийг шинжээчээр томилсон. Шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн ба үнэлгээний тайланг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр талуудад мэдэгдэж, мэдэгдлийг гардуулсан.

Дээрх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нт холбогдох, улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Ш, Х гудамж 00 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн В ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай А.Оийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн.

4.2. Шинжээч В ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасны дагуу жишиг үнийн харьцуулж үнэлэхдээ ямар хөрөнгүүдийг харьцуулсан нь тодорхойгүй.

4.3. Мөн хөрөнгийн үнэлгээний тайланд харьцуулсан орон сууцуудын мэдээлэл байх боловч тус цахим хаягаар орж үзэхэд ямар ч мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь хөрөнгийн үнэлгээ хууль бус явагдсан байгааг шүүх бүрэн судлаагүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Нт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн шинжээч В ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2022/02520 дугаар шийдвэрээр Г ХХК болон А.О нарын байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ1165114851 дугаартай Орон сууцны зээлийн гэрээ-г цуцалж, хариуцагч А.Оээс 156,548,335 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, хариуцагч төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Ш, Х гудамж 00 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

3.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 210/МА2022/01824 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

3.2. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ШХТ2022/01345 дугаар тогтоолоор хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 5-12/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар иргэн, хуулийн этгээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй.

5. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хариуцагч байгууллагаас шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 23360197 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 18/, нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-000000000000 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Ш /16020/ Х гудамж, 00 дүгээр байр, 000 тоот хаягт байршилтай, 79,98 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 23360197/03 дугаар тогтоолоор битүүмжилж /хх 100-101/, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23360197/05 дугаар тогтоолоор хураан авсан /хх 102-103/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.

6. Төлбөр төлөгч А.Оээс үнийн санал авахад тэрээр 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 719,820,000 төгрөгөөр үнэлэх санал гаргасан. /хх 107/ Хариуцагч нь төлбөр авагч Г ХХК-аас үнийн санал авахаар мэдэгдсэн /хх 105/ боловч төлбөр авагч санал ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 6/06 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шинжээчээр В ХХК, шинжээч О.Бат-Эрдэнийг томилсон нь /хх 109/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд тус тус нийцжээ.

6.1. Шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Ш-7/1 дугаар дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 350,084,000 төгрөгөөр үнэлсэн. /хх 110-131/ Үнэлгээний тайланг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн. /хх 132/ Улмаар, хариуцагч байгууллагын зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 3/2540 дугаар мэдэгдлийг мөн өдрөө төлбөр төлөгчид хүлээлгэн өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ./хх 134-135/

7. Шинжээч нь дүгнэлт гаргахдаа өртгийн болон орлогын хадлагын, мөн зах зээлийн жишиг үнийн аргыг ашигласан байна. /хх 20-31, 64-75, 113-128/ Үүнээс өндөр үнэлгээ буюу зах зээлийн жишиг үнийн аргаар дээрх орон сууцыг үнэлж, үнэлгээг 350,084,000 төгрөгөөр тогтоосон. Ийнхүү үнэлэхдээ тухайн орон сууцтай ойролцоо төрлийн 3 ширхэг орон сууцыг харьцуулан үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тухайн орон сууцыг зах зээлийн үнэ ханшнаас доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн ...барьцаа хөрөнгийг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2023/04413 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН