Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 137/ШШ2024/00009

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Хас банк ХХК-ний /УБД: 9016001007, РД: 2578697/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,*******,*******/,

Хариуцагч: *******,*******,*******,******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2019 оны 12 сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хонгорзул, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Март, Х.Тэмүүжин, хариуцагч Т.Отгонлхагва, түүний өмгөөлөгч Ж.Чимэг нар оролцов.

Хариуцагч Н.Нарантунгалагт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байх тул оролцогчдын хүсэлтийг харгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хэлэлцэв.

      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Хас банк ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Тэрбишийн Отгонлхагва, Надмидын Нарантунгалаг нар нь 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай 1390018038 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар тус тус авсан. Банк нь зээлдэгч Т.Отгонлхагвын Хас банк дахь 5001101400 дугаартай дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээ байгуулснаас хойш огт төлөлт хийгээгүй хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 2020/03 сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. 1390018038 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1390018038-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, дараах хөрөнгийг барьцаалуулсан. Үүнд: 1. Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4-р баг, Сүлд 12 хэсэг гудамж 204 тоот, 1 давхарт байрлах, ГД-000733326 гэрчилгээний дугаартай, Ү-0714001728 улсын бүртгэлийн дугаартай, 270 мкв, хувийн сууц граж болно. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт болон 1390018038 тоот зээлийн гэрээг үндэслэн 2022 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Март шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай Отгонлхагва, Нарантунгалаг нар 1390018038 тоот зээлийн гэрээг байгуулж, 30,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн байдаг. Банк зээлдэгч Отгонлхагвын Хас банк дахь 5001101404 дугаартай харилцах дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээл авснаас хойш Отгонлхагва зээлийн гэрээний үүргийг зөрчсөн учраас үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүүнд 11,704,544 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,639,511 төгрөг гээд нийт 43,344,055 төгрөгийг нэхэмжилж байгаа. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхгүй. 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс үүрэг зөрчигдсөн. Хүүгийн төлбөрт 680,547 төгрөг төлсөн нь гэрээг зөвшөөрч байгаа гэж ойлгоно. Хариуцагч нар нь үндсэн зээлийн төлөлт хийгдээгүй. Зээлийг шаардсан талаарх баримт байхгүй боловч зээлээ төлөхийг мэдэгдэж байсан. Засвар хийлгэсэн байр манай банкны өмчлөлийн байр, банкны нэр дээр байгаа хөрөнгөд засвар хийж зарж борлуулахаар засвар хийгдсэн бол банк засварын зардлыг гаргаж болно. Засвар хийсэн зардлыг байр зарагдангуут эхний ээлжинд төлнө гэж Ууганбаатартай тохирсон юм билээ. Тэгээд тухайн үедээ зээлийн гэрээ байгуулсан байдаг. Манай зүгээс харилцагчид өргөдлийн дагуу зээлийг олгож журмын дагуу гэрээг байгуулсан гэж үзэж байгаа тул  нэхэмжлэл гаргасан гэв.

 

            1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Отгонлхагва нь банкыг хууран мэхэлж гэрээ хийсэн гэж шаардаж байгаа боловч яг ямар байдлаар хуурсан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад өөр тайлбарлах зүйлгүй гэв.

 

            1.3.Хариуцагч Т.Отгонлхагва шүүх хуралдаанд гаргасан татгалзал тайлбартаа: 2019 онд Хас банкны захирал Ууганбаатар намайг гуйгаад манайхаас зээл аваад манай байрыг янзлаад өгчих хэдэн төгрөг болох вэ гэж асуухаар нь би 30,000,000 төгрөгт багтах юм байна гэсэн. Тэгсэн чинь та манайхаас өөрийнхөө нэр дээр зээл аваад янзлаад өгчих, энэ 3 байрны түрүүлж зарагдсан үнээс зээлийг чинь хаачихна. Энэ зээл огт танд хамаагүй, та тэгээд 4 давхрыг шагналд нь аваарай гэж хэлсэн. Ингэж хэлсэн болохоор нь би энэ ажлыг хийсэн. Ингээд байрыг засварлаж өгөөд 30,000,000 төгрөгийн зээл гаргуулж аваад байр засахад зарцуулсан барилгын материалын зардал, ажилчдынхаа цалинг өгч, өрөө тараагаад дууссан.  Би Хас банкны байранд засвар хийхийн тулд өөрийн тээврийн хэрэгслийг хүртэл барьцаанд тавьж мөнгө авсан, тэр баримтаа хэрэгт хийсэн. Гэтэл Ууганбаатар та зээлийн дансаа хөдөлгөхгүй бол болохгүй нь ээ гэхээр нь танай хөрөнгөд засвар хийж өгчихөөд яахаараа би зээл  хариуцах ёстой гэж хэлсэн. Ядаж хүүг нь эхний ээлжинд хийж байгаач гэж гуйсан. Ингээд гуйгаад байхаар нь 680,000 төгрөг төлсөн. Ингээд үүнээс хойш төлөлт хийгдээгүй. Түүнээс хойш намайг зээлээ төл гэж Хас банкнаас огт яриагүй байж байгаад шүүхэд өгсөн байсан. Хас банкны захирал гуйсан учир би найдвартай гэж бодсон. Ингэж хуурч мэхэлнэ гэж бодоогүй. Зээл авсан мөнгөөрөө эдний байранд засвар хийсэн учраас би зээлийг төлөхгүй гэж үзэж байгаа, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            2.Хариуцагч Т.Отгонлхагва шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг бид 2012 онд Хаан банк Замын-Үүд салбараас Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р баг 102-р байрны 3, 4 давхрыг барьцаалж 200,000,000 төгрөгийн зээл авч графикийн дагуу төлж байгаад 2014 онд Хас банк руу зээлээ шилжүүлсэн. Зээлээ графикийн дагуу төлж байгаад эдийн засгийн хүндрэлтэй байдалд орж зээлээ графикийн дагуу төлж чадаагүй. Тухайн үед Хас банк нь Замын-Үүд тооцооны төвийн захирал болох Хангай, Дорноговь аймгийн Хас банк тооцооны төвийн хариуцсан захирал Заяа гэж хүний хамт уулзаж зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөл байдалд орсон тул Хас банкнаас манай барьцаанд тавьсан давхруудыг мкв 400,000 төгрөгөөр бодож зээлийн төлбөрт авъя гэсэн бид зөвшөөрсөн. Тэгээд 2016 оны 11 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 3, 4-р давхрыг Хас банкны нэр дээр шилжүүлж өгсөн. 2019 оны 11 сард Хас банк Замын-Үүд тооцооны төвийн захирал Ууганбаатар надтай ирж уулзаад  Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 3 байранд засвар хийлгэе засварын хөлс хэдэн төгрөг болох вэ гэхэд Отгонлхагва миний бие 30,000,000 төгрөг болно гэж Ууганбаатарт хэлсэн. Гэтэл Ууганбаатар банкнаас таны нэр дээр зээл аваад байр зарагдахаар таны зээлийг хаачихна гэж хэлсэн. Би тухайн үед түүний үгэнд итгэж барилгын дэлгүүрээс материалаа зээлж засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. 12 сард байрны засвар хийж дууссаны дараа зээл гарсан. Засварын төлбөрийг өгөхдөө Т.Ууганбаатар захирал таны нэр дээр зээл гаргаад эхний байр зарагдангуут зээлийг чинь шууд хаачихна та санаа зоволтгүй. Таны нэр дээр зээл гарахад барьцаа хэрэгтэй байна, гражаа барьцаанд тавьчих гэсний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 12-р хэсэг 204 байрны 1 давхарт байрлах ГД-000733326 гэрчилгээний дугаартай, Y-0714001728 улсын бүртгэлийн дугаартай 270 мкв гражийг барьцаанд тавьсан. Бидний хувьд хувь хүн гуйгаагүй Хас банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал гуйж, Хас банк ХХК-ийн эзэмшлийн байранд засвар хийлгэж байгаа гэж итгэж өөрийн нэр дээрээ зээл гаргуулсан. Уг зээлийн 30,000,000 төгрөгийг байрны засвар үйлчилгээ болон засвар хийсэн ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан. Иймд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай Хас банк ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвтэй байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан гэв.

 

            2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Март шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Отгонлхагва, Ууганбаатар нар аль, аль нь харилцан ашигтай байдлаар аман гэрээ байгуулж, Хас банкнаас 30,000,000 төгрөгийн зээлийг авч тэр байрыг зассан. Банкны хувьд үүргээ биелүүлж зээлийг Отгонлхагвын дансанд олгосон байгаа. Дээрээс нь Отгонлхагва, Нарантунгалаг нар 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 680,537 төгрөгийн зээлийг төлсөн. Тэгэхээр уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Засвар хийлгээд хүлээлгэж өгөөд мөнгөө авсан гэж яриад байгаа. Зээл олгосон зориулалт дээр маргахгүй байгаа. Гол нь амаар хийсэн хэлцэл нь биелэгдээгүй яваад байгаа. Засвар бүрэн хийгдээгүй, хөрөнгөө зараагүй гэх ийм л нөхцөл байдал байгаад байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Зээлийн үйл ажиллагааны журамд өмчлөлийн байраа засварлуулсан зардлыг олгох байдлаар зээл олгож болно гэх заалт байхгүй ч журам бусаар шийдвэрлэсэн байж магадгүй. Отгонлхагвын хувьд засвар хийсэн зардлаа тусад нь нэхэмжлэх ёстой байх гэв.

 

            2.1.2 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Хариуцагч тал Хас банкийг хууран мэхэлж гэрээ хэлцэл хийсэн гэх тайлбарыг гаргаж байна. Зээлийг хууран мэхэлж хийсэн гэх шинж байхгүй гэж үзэж байгаа. Анхнаасаа зорилго нь тодорхой байсан. Хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлж байхдаа ийм зорилгоор, ийм мөнгө гаргаад, засвар үйлчилгээ хийсэн. Байр зараад зээл эргэн төлөгдөнө гэх нөхцөл байдлыг мэдэж байсан. Анх хэргийг хэлэлцэж байхад Ууганбаатарын гаргасан тайлбараас харахад ямар нэгэн хууран мэхэлсэн шинж байхгүй байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 59.1 дэх хэсэгт зааснаар хуурч мэхэлсэн зүйл байхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар:

Хас банкны улсын бүртгэлтийн гэрчилгээ /1-р хх-ийн 6/

2021 оны 04 сарын 06-ны өдрийн А-314 дугаартай 3 жилийн хугацаатай шүүхэд төлөөлөх эрх олгосон Хас банкны гүйцэтгэх захирлын тушаал, Хас банк Замын-Үүд тооцооны төвийн 2022 оны 04 сарын 14-ний өдрийн 39/84 дугаартай итгэмжлэл олгосон албан тоот /1-р хх-ийн 7-9/

2019 оны 12 сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай Жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, гэрээний нэмэлт өөрчлөлт, ипотекийн гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт /1-р хх-ийн 10-18/

Хариуцагч Т.Отгонлхагвын Хас банкны дансны хуулга /1-р хх-ийн 19-20/

Хариуцагч Т.Отгонлхагвын Хас банкны 1390018038 дугаарын данс руу 30,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /1-р хх-ийн 68-70/

 2022 оны 06 сарын 22-ны өдрийн Б/666 дугаартай Хас банкны Н.Мартыг шилжүүлэн туршилтаар ажиллуулах, 2022 оны 12 сарын 27-ны өдрийн Б/1483 дугаартай Н.Мартыг жинхлэн ажиллуулах тухай тушаалууд /1-р хх-ийн 99, 132/

Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн 2022 оны 11 сарын 25-ны өдрийн 39/519, 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 39/148 дугаартай Б.Мөнхзаяаг төлөөлөгчөөр томилсон 2 жилийн хугацаатай итгэмжлэл /1-р хх-ийн 106-107, 133-134/

Хас банк Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхзаяагаас татгалзах тухай 2023 оны 07 сарын 17-ны өдрийн 39/383 дугаартай албан тоот /2-р хх-ийн 50/ зэрэг баримтуудыг өгсөн.

 

4.Хариуцагч талаас нотлох баримтаар

Хариуцагч Н.Нарантунгалаг Т.Отгонлхагвад олгосон 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 0297 дугаартай 1 жилийн хугацаатай итгэмжлэл /1-р хх-ийн 27/

Сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 374,620 төгрөг төлсөн баримт /1-р хх-ийн 37/

Барилгын материал авсан зарлагын баримтууд, өрөөнүүдийн гэрэл зураг /1-р хх-ийн 40-41, 44-47/

2023 оны 06 сарын 20-ны өдрийн Н.Нарантунгалагийн Т.Отгонлхагвад олгосон итгэмжлэл /1-р хх-ийн 10/

Хариуцагчийн төлөөлөгч Т.Отгонлхагваас татгалзсан тухай хариуцагч Н.Нарантунгалагийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн хүсэлт /2-р хх-ийн 66/ зэрэг нотлох баримт гаргаж өгсөн болно.

 

5.Шүүх талуудын хүсэлтийн дагуу бүрдүүлсэн нотлох баримт:

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Чимэгийн хүсэлтийн дагуу С.Сүхтөмөр, Г.Дашням, О.Оросоо нарыг гэрчээр асуусан тэмдэглэл /1-р хх-ийн 55-60, 110/

Дорноговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 03 сарын 21-ний өдрийн 1/215 дугаартай “Газрын нэгж талбарын 4401011806 дугаартай Э-0714000643 дугаарт бүртгэгдсэн эзэмшигчийн гэрчилгээг” тус хэлтэс нь бүртгэдэггүй болохыг тодорхойлсон албан тоот /1-р хх-ийн 145/

Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн 0061 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 150-199/

Хас үнэлгээ ХХК-ийн хариуцагч Т.Отгонлхагваас үнэлгээний хөлс 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл /1-р хх-ийн 201/

2023 оны 06 сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг 102 дугаар байрны 3 давхарын 01 тоот 35,95 мкв, 02 тоот 106,19 мкв, 03 тоот 66,93 мкв, 4 давхарын 270 мкв орон сууцнуудад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 216-245/

Дорноговь аймгийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 1/417 дугаартай Улсын бүртгэлийн Ү-0714004477 дугаарт бүртгэлтэй Замын-Үүд сумын 2-р баг 102 дугаар байр 3 давхарын 01, 02, 03 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүд /2-р хх-ийн 33-36/ зэрэг болно.

Хавтаст хэрэгт цугларсан эдгээр нотлох баримтууд болон тус шүүхийн 2023 оны 07 сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл зэргийг шинжлэн судлаад

  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүү 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4-р баг, Сүлд 12 хэсэг гудамж 204 тоот 1 давхарт байрлах ГД-000733326 гэрчилгээний дугаартай Ү-0714001728 улсын бүртгэлийн дугаартай 270 мкв хувийн сууц, граж зэргээр хангуулахаар,

-хариуцагч Т.Отгонлхагва нь Хас банк ХХК-тай 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв. Үндэслэл нь :

1.Үндсэн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч тал нь “ хариуцагч Т.Отгонлхагвын Хас банк дахь 5001101404 дугаартай харилцах дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн, хариуцагч зээлийн хүүг төлсөн байгаа нь гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно” гэсэн агуулгаар шаардлагаа тодорхойлсон,

 

-Хариуцагч тал нь “Хас банкны ХХК-ний өмчлөлийн орон сууцанд засвар хийж өгөхийг тухайн үед ажиллаж байсан захирал Ууганбаатар гуйсан, шагналд нь 4 давхрын орон сууцыг өгнө гэж тохирсон, засвар хийх зардлыг миний нэр дээр зээл хэлбэрээр гаргаж өгнө, засвар хийлгэсэн байрнаас эхний байр зарагдахад банкны зээлийг төлнө гэж тохирсон, Хас банкны ХХК-ний өмчлөлийн орон сууцанд засвар хийх зорилгоор 30,000,000 төгрөгийн гэрээ байгуулж зээлсэн, энэ мөнгөө   гаргасан зардал, зээлэнд төлсөн” гэх агуулгаар шаардлагаас татгалзаж маргасан.

 

1.1.Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт хэрэгт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нартай 2019 оны 12 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр 30,000,000 төгрөгийн зээлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4-р баг, Сүлд 12 хэсэг гудамж 204 тоот 1 давхарт байрлах ГД-000733326 гэрчилгээний дугаартай Ү-0714001728 улсын бүртгэлийн дугаартай 270 мкв хувийн сууц, граж зэргийг барьцаалан, зээлдэгч Т.Отгонлхагвын Хас банк дахь 5001101400 тоот дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн, тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь 2020 оны 01 сарын 26-ны өдрөөс эхлэн үүргийг гүйцэтгэж эхлэх үүрэг хүлээсэн байна.

 

Зээлдэгч нар нь тухайн зээлийн гэрээг Хас банк ХХК-тай байгуулах болсон шалтгаан нөхцөл нь Хас банкны өмчлөлийн орон сууц болох 102 дугаар байрны 3 давхрын орон сууцыг банкны захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаатарын хүсэлтийн дагуу засварлах, засварын мөнгийг зээл хэлбэрээр банкнаас гарган авах зорилгыг агуулсан байна.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 12 сарын 26-ны өдрийн  жижиг, бичил биенесийн зээлийн гэрээнээс үзэхэд гэрээг  “эргэлтийн хөрөнгө“-ийн зорилгоор байгуулсан бөгөөд энэ нь зээлдэгч талуудын хүсэл зоригод нийцээгүй байхаас гадна банк өөрийн ашиг сонирхлыг хангах үүднээс бусадтай гэрээ байгуулж, гарсан зардлыг нөхөн төлөх  нөхцөл байдал байна. Тодруулбал:

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн  үйл ажиллагааны  тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “ зээл “ гэж банк эрх бүхий хуулийн этгээдээс  гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцлөөр хүүтэй буюу хүүгүй бусад хэлбэрээр  олгосон мөнгөн хөрөнгийг хэлэхээр,

 

хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д “зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан  зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж зээл олгоно”, 19.8-д “ зээлийг зээлийн гэрээнд заасан зориулалтаар нь ашиглах бөгөөд олгосон зээлийн ашиглалтыг зээлдүүлэгч шалгаж, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд зээлийн гэрээг нэг талын  санаачлагаар цуцалж, олгосон зээлийг нэн даруй буцаан зээлдэгчээс төлөхийг шаардана” гэж,

Банкны зээл олгох үйл ажиллагааны журмын 5.2-д зааснаар “Банк зээл олгох шийдвэр гаргахдаа энэ журмын 4.1-д заасан буюу судалгааг үндэслэнэ” гэж тус, тус заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд банк нь зээлийн гэрээг иргэн, хуулийн этгээдтэй байгуулах нь гадагшаа чиглэсэн үйл ажиллагаа байх бөгөөд тэдний хэрэгцээ шаардлагыг хангах, ийнхүү гэрээ байгуулсаны үр шим нь банканд хүү хэлбэрээр ашиглагдах зорилгыг агуулж, зээлийг зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэхэд хяналт тавих, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд зээлийг буцаан дуудах, гэрээг нэг талын санаачлагаар цуцлах журам үйлчилдэг байна.

 

Гэтэл зээлдэгчийн үндсэн зорилго нь банкны өмчлөлийн байрыг засварлуулсан зардлыг зээл хэлбэрээр засвар хийсэн иргэнд гаргаж өгсөн, зээлийг төлөх талаар мэдэгдсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, зээлийн ашиглалтанд хяналт тавиагүй, гэрээнд заасан хугацаанд гэрээг нэг талын санаачлагаар цуцлаагүй байгаа зэрэг нь банк өөрийн ашиг сонирхлын төлөө зээл олгосон гэх Т.Отгонлхагвын мэдүүлгийг нотолж байна.

 

Нэхэмжлэгч тал нь “...зээлийн үйл ажиллагааны журамд өмчлөлийн байраа засварлуулсан зардлыг олгох байдлаар зээл олгож болно гэх заалт байхгүй ч журам бусаар шийдвэрлэсэн байж магадгүй” гэсэн тайлбарыг гаргадаг боловч “журам бусаар зээлийн асуудлыг шийдвэрлэдэг” гэдгийг хэрхэн яаж ойлгохыг тайлбарлаагүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх бөгөөд банкны зээлийн үйл ажиллагаа нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн  үйл ажиллагааны  тухай хууль, Иргэний хууль, Банкны зээл олгох үйл ажиллагааны журам зэрэгт нийцсэн байх учиртай.

 

Иймд Хас банк ХХК нь хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нартай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон зээл нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны  тухай хууль болон банкны зээл олгох үйл ажиллагааны журамд нийцээгүй байна.

 

1.2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Март, хариуцагч Т.Отгонлхагва нарын тайлбар, гэрч Ч.Ууганбаатарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд  Т.Отгонлхагва, тухайн үед Хас банкийг төлөөлж байсан Ч.Ууганбаатар нарын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулга тодорхойлогддог боловч Хас банк ажлын үр дүнг хүлээн авсан, гэрээг дүгнэсэн,  хөлсийг төлсөн гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагч Т.Отгонлхагва нь зөвхөн зээлийн гэрээгээр Хас банкийг ажлын хөлсийг төлснөөр ойлгож, зээлийн үүргийг биелүүлээгүй нөхцөл байдал хэрэгт тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарын зүгээс ажил гүйцэтгэх гэрээний үүргийг дүгнэх, хөлсийг төлөхийг шаардах,  Хас банкны өмчлөлийн орон сууцанд засвар хийсний хөлсөнд 4 давхрын орон сууцыг авах шаардлага гаргаагүй тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

 

2.Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч Т.Отгонлхагва нь нэхэмжлэгч Хас банк ХХК-тай 2019 оны 12 сарын 19-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь  засварын зардлыг зээл хэлбэрээр гаргаж өгнө гэж хуурч байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж шаардлагаа тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Март нь “ Отгонлхагва, Ууганбаатар нар аль, аль нь харилцан ашигтай байдлаар аман гэрээ байгуулж, Хас банкнаас 30,000,000 төгрөгийн зээлийг авч тэр байрыг зассан. Банкны хувьд үүргээ биелүүлж зээлийг Отгонлхагвын дансанд олгосон байгаа. Зээлийн хүүд 680,537 төгрөгийн зээлийг төлсөн. Тэгэхээр уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. ...Гол нь амаар хийсэн хэлцэл нь биелэгдээгүй яваад байгаа. Засвар бүрэн хийгдээгүй, хөрөнгөө зараагүй гэх нөхцөл байдал байгаад байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа” гэсэн тайлбарыг,

 

нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Тэмүүжин нь “Зээлийг хууран мэхэлж хийсэн гэх шинж байхгүй гэж үзэж байгаа. Анхнаасаа зорилго нь тодорхой байсан. Хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй холбоотой тайлбар хэлж байхдаа ийм зорилгоор, ийм мөнгө гаргаад, засвар үйлчилгээ хийсэн. Байр зараад зээл эргэн төлөгдөнө гэх нөхцөл байдлыг мэдэж байсан” гэсэн тайлбарыг тус тус гаргасан.

 

2.1. Хэрэгт авагдсан Дорноговь аймгийн 2023 оны 06 сарын 27-ны өдрийн 1/417 дугаартай Улсын бүртгэлийн Ү-0714004477 дугаарт бүртгэлтэй Замын-Үүд сумын 2-р баг 102 дугаар байр 3 давхарын 01, 02, 03 тоот үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнүүдээс үзэхэд дээрх хөрөнгүүд нь Хас банк ХХК-ний хөрөнгүүд байх бөгөөд хариуцагч Т.Отгонлхагва нь Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Ч.Ууганбаатарын хүсэлтээр засвар хийсэн, энэхүү засварын зардлыг Хас банк ХХК-наас гаргуулан авах зорилгоор зээлийн гэрээ байгуулсан нь гэрч Ч.Ууганбаатарын 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 133 дугаартай шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хариуцагч нарын тайлбар зэргээр хэрэгт тогтоогддог.

 

Гэрээ байгуулахад Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар  хүсэл зоригийн илэрхийлэл  нь нөгөө тал түүнийг  хүлээн авснаар  хүчин төгөлдөр болохыг анхаарах бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын тухайд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан  банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх  эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг байгуулахад хүсэл зоригийн илэрхийлэл нь зээлдэгч нар өөрийн эргэлтийн хөрөнгийг сайжруулах зорилгоор зээлээгүй болох нь 2023 оны 07 сарын 20-ны өдрийн 133 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд /2хх-ийн 65-93/ авагдсан хариуцагч Н.Нарантунгалагийн тайлбар, гэрч Ч.Ууганбаатарын мэдүүлгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар 56.1.9-д “ хуулийн этгээд  үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл” нь хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар заасан байна.

 

Нэхэмжлэгч Хас банк нь өөрийн хөрөнгөд засвар хийлгэсний зардлаа төлөх байдлаар тухайн иргэнтэй гэрээ байгуулсан нь Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны  тухай хууль болон банкны зээл олгох үйл ажиллагааны журамд нийцээгүй гэж шүүхээс дүгнэсэн бөгөөд энэ нь Иргэний хуулийн 56 дугаар 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарч байна.

 

Түүнчлэн хариуцагч нарын зүгээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан “хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн” гэж үзэж, сөрөг шаардлагаа тодорхойлсон бөгөөд Хас банк нь хариуцагч Т.Отгонлхагват зээлээр 30,000,000 төгрөг өгөхдөө тухайн зээл өөрт нь огт хамаагүй байдлаар тайлбарлаж, байр зарагдахаар өрийг төлнө гэх мэтээр буюу зээлийн эрсдлийг банк өөрөө хариуцахаар ойлгуулж зээлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шаардах эрхийн үндэслэл болсон байна.

 

Иймд нэхэмжлэгч Хас банк ХХК, хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөдөр бусад тооцож шийдвэрлэв.

Нэгэнт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар зээлийн гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч Отгонлхагва Нарантунгалаг нараас гаргуулан Хас банк ХХК-д, зээлийн гэрээний барьцаанд байх Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 4-р баг, Сүлд 12 хэсэг гудамж 204 тоот 1 давхарт байрлах ГД-000733326 гэрчилгээний дугаартай Ү-0714001728 улсын бүртгэлийн дугаартай 270 мкв хувийн сууц, граж, зээлэнд төлсөн 680,547 төгрөг зэргийг Хас банк ХХК-иас гаргуулж, Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт олгох нь зүйтэй байна.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал нь Хас банкны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөнд засвар үйлчилгээний ажлын хөлсийг тогтоолгохоор хүсэлт гаргасныг шүүх хангаж, Хас үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилж үнэлгээг гаргуулсан бөгөөд Хас үнэлгээ ХХК-ийн 2023 оны 06 сарын 05-ны өдрийн 23/124 дугаартай албан тоот, нэхэмжлэх /1-р хх-ийн 200-201/-ээр тэргүүлэх төсөвчин болон хөрөнгийн үнэлгээчний ажил үйлчилгээний хөлсөнд 2,700,000 төгрөгийг нэхэмжилсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1-д “шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д “шинжээч ... шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ... ажлын хөлсийг зохигчоор нөхөн төлүүлнэ” гэж заасан. Иймд зохигчдоос 2,700,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Хас үнэлгээ ХХК-нд олгохоор шийдвэрлэв. 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Хас банк Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9, 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Хас банк ХХК болон Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарын хооронд 2019 оны 12 сарын 26-ны өдөр байгуулсан 1390018038 тоот зээлийн гэрээг  хүчин төгөлдөр бусад тооцсугай.

3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар гэрээгээр шилжүүлсэн 30,000,000 төгрөгийг хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нараас гаргуулан Хас банк ХХК-д, зээлийн барьцаанд байх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4-р баг, Сүлд 12 хэсэг гудамж 204 тоот 1 давхарт байрлах ГД-000733326 гэрчилгээний дугаартай, Ү-0714001728 улсын бүртгэлийн дугаартай 270 мкв хувийн сууц, граж, зээлэнд төлсөн 680,547 төгрөг зэргийг Хас банк ХХК-иас гаргуулж, Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 381,620 төгрөгийн 374,620.28 төгрөгийг, хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 374,62.28 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын илүү төлсөн 7,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, нэхэмжлэгч Хас банк ХХК-иас 374,620.28 төгрөгийг гаргуулж хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т зааснаар шинжээчийн зардал 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгч Хас банк Замын-Үүд тооцооны төв, хариуцагч Т.Отгонлхагва, Н.Нарантунгалаг нараас хувь тэнцүүлэн гаргуулж Хас үнэлгээ ХХК-нд олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.ЦЭРЭНХАНД