Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 202/МА2023/00030

 

  

 

“***” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2023/00211 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар, “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О,

 

Хариуцагч: Н нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр 30,000,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөг гаргуулах, сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын давж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, Т /зайнаас цахимаар/, хариуцагч О, хариуцагчийн өмгөөлөгч Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “...зээлдэгч О, Н нар  2019 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр ***тай 1390018038 дугаартай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, Эргэлтийн хөрөнгө зориулалтаар  авсан. Банк нь зээлдэгч Т.Оын *** дахь 5001101400 дугаартай дансанд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 30,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч гэрээ байгуулснаас хойш огт төлөлт хийгээгүй хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба зээл, хүүний төлбөрийг төлөлгүй 2020/03 сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгсөн боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвх санаачилга гаргалгүй, санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүрсэн. 1390018038 дугаартай Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1390018038-01 дугаартай Ипотекийн гэрээ байгуулж, эд хөрөнгийг барьцаалуулсан. Иймд 1390018038 тоот зээлийн гэрээг үндэслэн 2022 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, хариуцагч нар нь сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэжээ.

 

2. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: “...тухайн үед “***” ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал байсан н.Хангай, Дорноговь аймгийн хариуцсан захирал н.Н гэх хүний хамт бид нартай уулзаж “зээлээ эргэн төлж чадахгүй нөхцөл байдалд орсон бол “***” ХХК-аас манай барьцаанд тавьсан байрыг м2-ийн 400,000 төгрөгөөр бодож зээлийн төлбөрт авъя гэсэн бид зөвшөөрч 2016 оны 11 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 4 дүгээр давхарын 270 мкв талбайтай орон сууцыг, 3 давхарын 35,95 мкв 01 тоот байрыг, 106.19 мкв 02 тоот байрыг, 66.93 мкв 03 тоот байрнуудыг *** ХХК-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн. 2019 оны 11 дүгээр сард “***” ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал Ч.У надтай ирж уулзан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 3 давхарын 01, 02, 03 тоот байранд засвар хийлгэе засварын хөлс хэдэн төгрөг болох вэ гэж асуусан. Би тухайн үед засвар хийж байсан Отгонбаяр даргатай засварын бригадтай уулзахад барилгын материал, цалин хөлс нийт 30,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Ч.У захирал засвар хийлгэе таны нэр дээр банкнаас зээл гаргаад байраа зараад таны зээлийг хаачихна гэж хэлсэн. Би тухайн үед үгэнд нь итгэж Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг барилгын материалын дэлгүүрүүдээс материалаа зээлж, өөрийн эзэмшлийн *** ДГС улсын дугаартай Альфалд маркийн тээврийн хэрэгслийг "68" ББСБ-д зээлийн барьцаанд тавьж засварын ажлыг хийж 2019 оны 12 дугаар сарын хорьд гаргаад засварын ажил дуусч *** ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал Ч.Ут хүлээлгэн өгсөний дараа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр надад 30,000,000 төгрөгийг өгсөн. Тэрнээс хойш над руу болон Н руу зээлээ төл гэж нэг ч удаа шаардаж байгаагүй, бидний зүгээс банкинд нэг төгрөг ч төлөөгүй. Банк өөрийн эзэмшлийн байрандаа засвар хийлгэсэн хөлсөө өгсөн учир 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ***тай байгуулсан 30,000,000 төгрөгний зээлийн гэрээний төлбөрийг Н бид төлөх учиргүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэжээ.  

 

3. Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Т.Оын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: “..засварын төлбөрийг өгөхдөө Ч.У захирал таны нэр дээр зээл гаргаад эхний байр зарагдангуут зээлийг чинь шууд хаачихна та санаа зоволтгүй. Таны нэр дээр зээл гарахад барьцаа хэрэгтэй байна гаражаа барьцаанд тавьчих гэсний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***т байрлах ГД-*** гэрчилгээний дугаартай, Y-*** улсын бүртгэлийн дугаартай 270 мкв гражийг барьцаанд тавьсан. Бидний хувьд хувь хүн гуйгаагүй “***” ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал гуйж, “***” ХХК-ийн эзэмшлийн байранд засвар хийлгэж байгаа гэж итгэж өөрийн нэр дээрээ зээл гаргуулсан. Уг зээлийн 30,000,000 төгрөгийг байрны засвар үйлчилгээ болон засвар хийсэн ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан. Иймд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай *** ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвтэй байгуулсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уын сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбар, түүний үндэслэлийн агуулга: “... *** нь 2019 оны 12 сарын 26-ны өдөр 1390018038 дугаартай зээлийн дансанд 30,000,000 төгрөгийн зээлийн гүйлгээг хийж, мөн өдрөө Т.Оын ***ин дахь 5001101400 дугаартай харилцах дансанд 30,000,000 төгрөгөө шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж зээлийг олгосон. 2019 оны 12 сарын 26-ны өдөр мөрдөгдөж байсан “Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.4-д ....Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно... гэж заасан ба дээрхи гүйлгээ зээлийн дансанд хийгдсэн тул 30,000,000 төгрөгийн зээлийг олгосон гэж үзэж байна. 2.О, Н нар нь 2020.2.10-ны өдөр 680,547.95 төгрөг, 2020.3.10-ны өдөр 42,305.31 төгрөг, нийт 722,853.26 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн нь уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Зээлдэгч нар өөрсдийн хүсэл зорилгоо тодорхойлж, зээл хүссэн өргөдлийг гаргасан ба дагуу зээлийн дүн, хугацаа, хүүг тохирон талууд зээлийн гэрээг байгуулж, банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч талд бодитоор шилжүүлж, зээлдэгч нь 30,000,000 төгрөгийг харилцах дансаараа хүлээн авч захиран зарцуулан, зээлийн хүүг төлсөн зэргээр бодит үр дүнд хүрсэн тул Иргэний хуулийн 56.1.2 д заасан дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Хэрэв Иргэний хуулийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл мөн гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 56.1-д заасан хэлцлүүд нь хийсэн цагаас эхлэн хүчин төгөлдөр бусад тооцогдох хэлцлүүд тул шүүх энэ хэлцлийн хүчин төгөлдөр эсэхийг тогтоохгүй мөн шүүхээр хүчин төгөлдөр бус гэдгийг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргах шаардлагагүй юм. Мөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар, хохирол арилгуулах асуудлыг тусгаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар *** Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч О, Н нараас үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, нийт 43,334,055.03 төгрөгийг гаргуулах, төлбөрийг сайн дураар эс төлбөл үүргийн гүйцэтгэлийн Т.Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Замын-Үүд сум, ***т байрлах ГД-*** гэрчилгээний дугаартай Ү-*** улсын бүртгэлийн дугаартай 270 мкв хувийн сууц, гражаар зэргээр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,620 төгрөгийн 374,620.28 төгрөгийг, хариуцагч О, Н нарын сөрөг нэхэмжлэлд төлсөн 374,62.28 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч байгууллагын илүү төлсөн 7,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгч талд буцаан олгож, нэхэмжлэгч *** Замын-Үүд тооцооны төвөөс 374,620.28 төгрөгийг гаргуулж хариуцагч О, Н нарт олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 53 дугаар зүйлийн 53.1, 53.1.1-т зааснаар шинжээчийн зардал 2,700,000 төгрөгийг нэхэмжлэгч *** Замын-Үүд тооцооны төв, хариуцагч О, Н нараас хувь тэнцүүлэн гаргуулж Хас үнэлгээ ХХК-нд олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...хууран мэхэлж хийсэн хэлцлийн гол шинж нь хууран мэхэлсэн этгээд мэхлэгдсэн этгээдэд бодит итгэл үнэмшлийг төрүүлсний үндсэн дээр хэлцэл хийсэн байх явдал юм. Гэрчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч өмчлөлдөө авсан эд хөрөнгөд хариуцагчаар хийлгэх засварын ажлын зардлыг зээлийн гэрээг байгуулан санхүүжүүлэх боломжтой талаар анх санал гаргах үед тодорхой илэрхийлж байсан бөгөөд хариуцагч нар хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг байгуулсан бөгөөд зээлийн гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй учир хариуцагч О, Н нараас зээлийн төлбөрт 43,334,055.03 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Тгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...хууран мэхэлж хийсэн хэлцлийн гол шинж нь хууран мэхэлж бодит итгэл үнэмшил дээр итгэж хэлцэл хийсэн байх ёстой, хууран мэхэлсэн этгээдтэй өөр хэлцэл байгуулах боломжгүй байх зэрэг хууран мэхлэх зорилгоор эсхүл хуурамч бичиг баримтаар зохиомол байдлыг бий болгох, бодит байдлыг нуух, урьдын бий болсон итгэл үнэмшлийг урвуулан ашиглах ийм нөхцөл байдал учирсан байхыг шаарддаг. Гэтэл тухайн үед ***ны захирлаар ажиллаж байсан У гэх хүн гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчийн мэдүүлгийг дүгнэхийн бол талуудын хооронд ямар харилцаа үүссэн бэ, анхнаасаа талууд ямар тохиролцоо хийсэн бэ гэдэг тухай ярьдаг. Мэдээж хэрэг хууль сануулаад гэрчийн мэдүүлэг авсан байгаа. Тэгэхээр талууд хооронд ямар тохиролцоо бий болсон тэр тохиролцооны үнэлэлт дүгнэлт дээр ямар үр дагавар үүсэх талаар талууд нэг л ойлголттой байсан. Бидний зүгээс ойлгохдоо засварын ажил хангалттай хийгдээгүй, тухайн үед засвар хариуцаж байсан хүмүүс болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдүүлдэг. Тэгэхээр талуудын тохиролцоо яг эцсийн дүндээ хүрч чадаагүй, засварын ажил бодитой хийгдээгүй, зарж үрэх талаар бодитой бий болоогүй, зорилгодоо хүрээгүй. Ийм нөхцөл байдал тогтоогдоод байхад анхан шатны шүүх хууран мэхэлж хийсэн хэлцэл байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй” гэв.

 

8. Хариуцагч Огийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...дарга байсан У надтай тохироод энэ ажлыг хийлгэсэн. ***ны мэдлийн байрыг банкны мөнгөөр янзалж өгчхөөд би өрөнд орчоод байна” гэв.

 

9. Хариуцагчийн өмгөөлөгч Чийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...хүчин төгөлдөр бус гэрээ гэж давж заалдах гомдол гаргасантай холбогдуулан тайлбар гаргаж байна. Тийм учраас анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар ***ны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдсэн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ. 

 

1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд: Нэхэмжлэгч “***” ХХК нь зээлдэгч О, Н нартай  2019 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр “***” ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар авсан, зээлдэгч нар гэрээний үүргээ зөрчсөн, огт төлөлт хийгээгүй учир 2022 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 11,704,544.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,629,511 төгрөг, нийт 43,334,055.03 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагаа зээлийн гэрээ /1хх 10-13/, ипотекийн гэрээ /1хх 14-15/, барьцаа хөрөнгийн жагсаалт /1хх 16/, хариуцагч Т.Оын “***” ХХК-ийн дансны хуулга /1хх 18-20/ зэрэг баримтад үндэслэжээ.  

 

Энэхүү шаардлагыг хариуцагч О, Н нар эс зөвшөөрч “...2016 оны 11 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг 102-р байрны 4 дүгээр давхарын 270 мкв талбайтай орон сууцыг, 3 давхарын 35,95 мкв 01 тоот байрыг, 106.19 мкв 02 тоот байрыг, 66.93 мкв 03 тоот байрнуудыг *** ХХК-нд шилжүүлэн өгсөн. 2019 оны 11 дүгээр сард “***” ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал Ч.У надтай ирж уулзаад компанийн өмчлөлийн дээрх байр буюу 102-р байрны 3 давхарын 01, 02, 03 тоот байранд засвар хийлгэе засварын хөлс хэдэн төгрөг болох вэ гэж асуусан. Би тухайн үед засвар хийж байсан Отгонбаяр даргатай засварын бригадтай уулзахад барилгын материал, цалин хөлс нийт 30,000,000 төгрөг болно гэж хэлсэн. Ч.У захирал засвар хийлгэе таны нэр дээр банкнаас зээл гаргаад байраа зараад таны зээлийг хаачихна гэж хэлсэн, 2019 оны 12 дугаар сарын хорьд гаргаад засварын ажил дуусч *** ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал Ч.Ут хүлээлгэн өгсөний дараа 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр надад 30,000,000 төгрөгийг өгсөн. Банк өөрийн эзэмшлийн байрандаа засвар хийлгэсэн хөлсөө өгсөн учир 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээний төлбөрийг бид төлөх учиргүй, биднээс нэг ч удаа зээлийг төл гэж шаардаж байгаагүй” гэж  татгалзсан, татгалзлаа гэрч С.С, Г.Д, О.О, Ч.У нарын мэдүүлэг, ***ны 3 давхарын 1, 02,03 тоот, 4 давхарын 270 мкв сууцанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /1хх 216-245/ зэрэг нотлох баримтад үндэслэсэн.

 

2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: О, Н  нар “***” ХХК-д холбогдуулан “...засварын төлбөрийг өгөхдөө Ч.У захирал таны нэр дээр зээл гаргаад эхний байр зарагдангуут зээлийг чинь шууд хаачихна та санаа зоволтгүй. Таны нэр дээр зээл гарахад барьцаа хэрэгтэй байна, гражаа барьцаанд тавьчих гэсний дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***т байрлах ГД-*** гэрчилгээний дугаартай, Y-*** улсын бүртгэлийн дугаартай 270 мкв гражийг барьцаанд тавьсан. Бидний хувьд хувь хүн гуйгаагүй “***” ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвийн захирал гуйж, “***” компанийн байранд засвар хийж байгаа гэж итгэж өөрийн нэр дээрээ зээл гаргуулсан. Уг зээлийн 30,000,000 төгрөгийг байрны засвар үйлчилгээ болон засвар хийсэн ажилчдын цалин хөлсөнд зарцуулсан. Иймд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1390018038 дугаартай “***” ХХК-ийн Замын-Үүд тооцооны төвтэй байгуулсан зээлийн гэрээг хуурч мэхэлж хийсэн тул хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “***” ХХК  эс зөвшөөрч “...зээлийн гэрээ хуулийн хүрээнд хийгдсэн, хүчин төгөлдөр гэрээ, сөрөг нэхэмжлэлд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагавар, хохирол арилгуулах асуудлыг тусгаагүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

3. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд үндэслэж, 30,000, 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээг байгуулахдаа 2 талын хүсэл зориг илэрхийлэгдсэн гэж үзэхгүй гэж дүгнээд “***” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О, Н нараас зээлийн төлбөр, нийт 43,334,055.03 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг Т.Оын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох 270 мкв хувийн сууц, гражаар зэргээр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангасан.

 

4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М “...гэрчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хариуцагч нарын тайлбараар нэхэмжлэгч зээлийн өр, төлбөрт тооцож өмчлөлдөө авсан эд хөрөнгөд хариуцагчаар хийлгэх засварын ажлын зардлыг зээлийн гэрээ байгуулан санхүүжүүлэх боломжтой талаар анх санал гаргах үед тодорхой илэрхийлж, хариуцагч нар хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан нь тогтоогдож байхад гэрээг хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.

 

5. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс маргааны үйл баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй  байх ба энэ нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

 

Шүүхээс үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь  нотлох баримтад үндэслээгүй мөн тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй,  хэрэгт ач холбогдол бүхий тогтоогдсон нөхцөл байдлын талаар бүрэн бодитой дүгнээгүй мөн маргаан бүхий зээлийн гэрээ байгуулагдах хугацаанд талуудын хэрэгцээ, шаардлага, тэдгээрийн үйлдэл болон бусад нөхцөл байдлын талаар тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

 

6. Хэргийн болж өнгөрсөн  үйл баримтаас үзэхэд  “***” ХХК-ийн Замын-Үүд салбарын захирал болон О нарын хооронд “***” ХХК-ийн өмчлөлийн орон сууцны 3 давхарт засвар хийлгүүлэх, засварын зардал 30,000,000 төгрөгийг хариуцагч О, Н нар тус банктай зээлийн гэрээ байгуулж, мөнгийг хүлээж авахаар, засвар хийгдсэн байрыг банк зарж, борлуулсны төлбөрөөс дээрх засварын ажилд зориулж, гаргасан 30,000,000 төгрөгийг төлнө гэж талууд тохирч, О байрны засварыг хийжээ.

 

Эндээс дүгнэхэд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон нөхцөлд талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үр дагавар үүсэхийг анхан шатны шүүх анхаараагүй, сөрөг нэхэмжлэлийг хангаж, шийдвэрлэсэн үндэслэлээ дурдаагүй, энэ талаарх дүгнэлт тодорхой биш ойлгомжгүй болжээ.     

 

7. Маргаан бүхий  “Жижиг, бичил бизнесийн зээл” зориулалт “Эргэлтийн хөрөнгө” гэж тодорхойлсон зээлийн гэрээ нь зохигчийн тайлбар, тэдгээрийн бодит үйлдэл буюу хэргийн бодит байдалд нийцэж байгаа эсэх, зээлийн гэрээг  банкны өмчлөлийн байрны “засварын ажлын зардал”-ыг гаргах зориулалттай гэрээ эсэхийг цаашлаад банкны өмчлөлийн байрны засварын ажлын зардал болон засварын ажил гүйцэтгэгчийн ажлын хөлсийг хэн, хэзээ, ямар байдлаар төлөх  талаар зохигчоос тодруулж, тогтоох нь зүйтэй байна.   

 

Өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулагдах цаг хугацаанд талуудын хүсэл зоригийн илэрхийллийн утгыг тодорхойлж, тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой болно.

 

8. Банкны өмчлөлийн, хариуцагч Т.Оын засвар хийсэн 3 орон сууцыг зарж, борлуулсан нөхцөлд тухайн байрны 4 давхарыг засварын хөлсөнд тооцон түүнд өгөхөөр тохирсон гэж хариуцагч нар тайлбарлаж, гэрчээс мөн мэдүүлсэн нь ямар бодит нөхцөл байдалд үндэслэснийг, хуулийн ямар зохицуулалтад нийцэхийг, мөн талууд тодорхой хугацаанд бий болох болзол тавьж хэлцэл хийсэн эсэх эсхүл талуудын хооронд үүссэн шаардлагыг хооронд нь тооцож, үүргийг дуусгавар болгох нөхцөл байдал бий болсон эсэх талаар  зайлшгүй тодорхойлж, дүгнэх шаардлагатай.  

 

Хариуцагч О засварын ажлыг хийж, гүйцэтгэсэн талаар талууд маргахгүй байх тул хэрвээ  талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн нөхцөлд гэрээний оролцогч талуудын хүлээх үүргийг хуульд тодорхой тусгасан байх ба тухайн гэрээ хоёр талын, хариу төлбөртэй хэлцэлд хамаарах эсэхийг анхаарч тодруулах нь зүйтэй.

 

Ажил гүйцэтгэх гэрээний ажил гүйцэтгэгч тал захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх, харин захиалагч  уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, хугацааг талууд тохиролцон тодорхойлсон байх учиртай.

 

Тиймээс банк өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг засварлах зардлын санхүүжилтийг ямар байдлаар яаж шийдвэрлэдэг болохыг нотлох баримтад үндэслэн тодорхойлж, энэхүү тодорхойлсон нөхцөл байдал нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагаанд нийцэх эсэхийг дүгнэх нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэх юм.  

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтаар, маргааны үйл баримтанд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын гомдлыг энэ үндэслэлээр хангахгүй орхиж, гомдол гаргахад төлсөн, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 137/ШШ2023/00211 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Мын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар “***” ХХК-ийн давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 374,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Н.БАТЧИМЭГ

 

                                                     ШҮҮГЧИД                                     А.САЙНТӨГС

 

                                                                                                       Н.БОЛОРМАА