Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2024/00457

 

 

 

 

 

 

 

 

                            2024        01          18

            101/ШШ2024/00457

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.******* даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоотод оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,, тоот хаягт оршин суух Боржигон овогт Гансүхийн /рд:/-т холбогдох,

 

13,148,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э., хариуцагчийн төлөөлөгч Х., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

         ТОДОРХОЙЛОХ нь:

1.             Нэхэмжлэгч “Монголиан Энделис Энержи” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Барилгын засал чимэглэл, хүнд машин механизм худалдаа, түрээс, барилгын материалын худалдааны чиглэлээр 2013 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

2021 онд Хан-Уул дүүрэг 4-р хороонд байрлах апартментын барилга угсралтын ажилд 17.8*17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад дараах ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулсан. Үүнд:

1.            Шилэн нүүр, хаалга,

2.            Цонх

3.            Сангийн ажил

4.            Дулааны шугам татах

5.            Салхивч

6.            Дээвэр

7.            Хаяавч

8.            Фасадны ажил

9.            Цахилгааны ажил

10.         Холбоо дохиолол

11.         Дүүжин тааз

12.         1,2 давхрын шалны плита наах

13.         00-ын өрөөний ханын плита наах

14.         Шатны чулуу наах

15.         Шатны хаалга наах

16.         Засал гэх зэрэг ажлууд багтсан.

Манай компани дээрх ажлыг туслан гүйцэтгэгчээр хийлгүүлэхээр болж, иргэн Г.той ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрийг мөн Г. луу шилжүүлсэн, гэрээний хавсралтаар хийгдэх ажлыг тус бүрчлэн нэрлэн зааж, тохиролцсон.

Гүйцэтгэгч Г. ажлыг 2022 оны 1 сард дуусган, хүлээлгэж өгсөн. Гэтэл гүйцэтгэгч нарын хийсэн ажлын нэг болох сангийн ажил чанаргүй хийсэн болох нь 2023 оны 1 сард тогтоогдсон.

2023 оны 1 сард сангийн шугам хоолой нь задарч, ус алдаж, ойр хавийн хана, дотор заслыг муутгасан. Энэ талаар тухайн орон сууцын оршин суугчид, контороос санд эвдрэл гэмтэд гарсан тухай манай компанид мэдээлсэн.

Өвлийн улирал байсан тул манай компани шуурхай арга хэмжээ авч 2023 оны 1 сарын 7-ны өдөр дахин өөр компанитай гэрээ байгуулан ажиллаж, сангийн хоолойг засварласан. Сангийн хоолойг дахин засварлах ажилд одоогийн байдлаар туслан гүйцэтгэгчид 4.500.000 төгрөг төлсөн.

Г.т энэ талаар хэлэхэд бид танай ажлыг гүйцэтгэхэд ашиггүй ажилласан, иймд дахин засварлахгүй, доголдлоо арилгахгүй, одоо надад хамаагүй гэх тайлбарыг өгсөн.

Иймд манай компани ажил гүйцэтгэх гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах хугацаанд гомдол гаргаж, ажил гүйцэтгэх гэрээнээс өөрт учирсан хохирлоо шаардаж байна.

2023 оны 10 сарын 06-ны өдрийн 23022 тоот захирамжид дурдсан алдааг засаж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж дахин нэхэмжлэл гаргаж байна.

Манай компанитай гэрээ байгуулсан хүн Г. байх тул зөвхөн түүнд холбогдуулан уг нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд бидний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Монголиан Энделис Энержи” ХХК хариуцагч Г.т холбогдох ажил гүйцэтгэх 'эрээнээс учирсан хохиролд 4.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 8.648.900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

2021 онд Хан-Уул дүүрэг 4-р хороонд байрлах апартментын барилга угсралтын ажилд 17.8*17 метр хэмжээтэй, 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад “түлхүүр гадуулах нөхцөлтэй ” барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. 2022 оны 1 сард ажлыг дуусган хүлээлгэн өгсөн.

Ажил гүйцэтгэгч гэрээнд заасан ажлаас барилгын баруун талын дээврийн засвар, урд хаалганы шат, барилгын манаасны ажлыг хийлгүй үлдээсэн.

Мөн 2022 оны 12 сарын сүүлээр 2 давхрын дотор сангийн шугам хоолой нь задарч, ус алдаж, ойр хавийн хана, шал, дотор засал, нэг давхрын 227.000 м.кв талбайн дотор засал, дээврийг эвдэлсэн. 2023 оны 1 сараас завсар хийж эхэлсэн.

“Монголиан Энделис Энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ч. нь өөрийн компани болох ‘” ХХК-аас хөрөнгийг гаргуулан ажил гүйцэтгэгч нартай гэрээ байгуулж, бараа материалаар ханган барилгын засварын ажлыг хийж, гүйцэтгэсэн. “” ХХК болон 'Монголиан Энделис Энержи” ХХК нар нь нэг хувьцаа эзэмшигчтэй компани.

Дараах зардлууд гарсан.

1.            Хоёр давхрын сангийн шугам хоолойг засахад худалдан авсан бараа материалууд

-           Салдаг хоолой, хог шүүгч 266.200 төгрөг

-           Винтель 352.000 төгрөг

-           Шугам, сантехник 2.117.500 төгрөг

-           Хуванцар материал 648.000 төгрөг

-           Хоолойн төгсөвч 182.000 төгрөг

-           Шилний өрөм, Кнал цаас, ам дарагч, кнал 53.350+69190=122.510 төгрөг \сангийн ажлын засварыг хийхийн тулд тавигдсан байсан плитаг хуулан авсан, үүнд шилний өрөм ашигласан\ нийт- 3.748.210

2.            Хоёр болон нэг давхрын дотор заслын ажлыг хийхэд худалдаж авсан баримт

-           Цемент авсан баримт 143.000 төгрөг

-           Дотор эмульс 220.000 төгрөг

-           Өнхөрүүш, багс, зүлгүүр, замаск, цаас 271.850 төгрөг

-           Плита, тааз 465.000 төгрөг

-           Цагаас замаск, хошуу, бээлий 155.420 төгрөг. Нийт-1.255.270

3.         Дотор заслын ажлыг Т.Пүрэвдоржоор 3.645.430 төгрөгийн гэрээ байгуулан хийлгүүлсэн.

Нийт 8.648.900 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна.

Барилгын шугам хоолой засах ажилд захиалагч тал өөрсдөө бараа материалыг худалдан авч, гүйцэтгэгч иргэнд өгч засуулсан. Хариуцагч Г. нь барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг хангалттай биелүүлээгүй, чанарын шаардлага хангахгүй байсан учир өндөр зардал гаргаж засварласан.

1а. Ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 13,148,900 төгрөг гаргуулна. 8,145,420 төгрөг нь бусдаар ажил гүйцэтгүүлсэн хөлс. Үлдэх 5,003,480 төгрөг нь доголдлыг арилгахтай холбоотой материалын зардал юм. Нэхэмжлэгч нь барилгын засал чимэглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг. 2021.9.7-нд хариуцагчтай барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэ ажил нь 60 хоногийн хугацаанд хийгдэх байсан. 2 давхар үйлчилгээний зориулалтай барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх байсан. Гадна дотно засал, сантехник, цахилгаан гэх мэт ажлуудыг бүрэн хийх байсан. Чанарын өндөр түвшинд хийнэ гээд гэрээ байгуулсан. Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бөгөөд 2022.1 сард ажлыг хүлээлгэж өгсөн. Гэрээ байгуулсны дараа хариуцагчид 70 сая, 30 сая төгрөг төлсөн. Үүнээс материал авах байсан. 2022 оны 12 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө нэхэмжлэгчид дуудлага ирсэн. 2 давхраас ус алдаад 1 давхар уруу орж усанд автсан. Үүнээс болж дулаан алдаж усны хангамж зогссон. Ингээд гэмтлийг яаралтай засах шаардлагатай болсон тул туслан гүйцэтгэгч аваад сантехникийн ажлыг хийлгэж ус алдалтыг зогсоосон. Ус алдсан шалтгаан нь хариуцагчийн ажил чанарын шаардлага хангахгүй байсан. Өвөл байсан тул нэн яаралтай ус алдалтыг зогсоогоод хариуцагчид хэлэхэд удахгүй засна гэсэн боловч засаагүй. Бид ажил хийж байсан хүмүүс уруу бүгдэд нь мэдэгдсэн. Гэрээгээр хариуцагч үүрэг хүлээсэн тул хариуцагчтай ярь гэсэн юм. Ингээд 2021.9.7-нд хийсэн гэрээний үр дүнгийн доголдлыг нэхэмжилж байгаа юм. Өмнөх хурал дээр хариуцагч нь ажлыг доголдолтой гүйцэтгэсэн гэдгээ зөвшөөрсөн. Гэтэл өнөөдөр хариуцагчийн төлөөлөгч нь төлбөрийн талаар ярьж байна. Анхнаасаа тай хамт ажил гүйцэтгэнэ гэсэн тул хариуцагчтай тохиролцож мөнгийг шилжүүлсэн. Энэ хэрэг нь төлбөртэй хамааралгүй. Хариуцагч нь гэрээ байгуулах эрх зүйн чадамжтай этгээд юм. Бид гэрээний дагуу учирсан хохирлоо шаардаж байгаа юм. Нэхэмжлэгч болон нь нэг удирдлагатай компани тул нэхэмжлэл шилжүүлсэн гэж ойлгож болно. нь ын ажилтан бөгөөд тэрээр гэрчээр мэдүүлэхдээ амралтын өдөр материалыг авч байсан гэсэн тул аас гарсан мөнгө нь нэхэмжлэгчээс гарсан мөнгө юм. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352.2-т зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа юм гэв.

 

2.             Хариуцагч Г. нь шүүхэд, түүний төлөөлөгч Х. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүргийн 4-р хороонд байрлах апартмэнт хотхон 17.8*17 м2 хэмжээтэй 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгын гүйцэтгэх ажлыг 2021оны 9-р сарын 10-с 11-р сарын 10 буюу 60 хоногийн хугацаанд хүлээлгэн өгөхөөр гэрээ хийн болон түүний дүү тай хамтран ажилласан болно. Гүйцэтгэгч тал уг ажлыг гүйцэтгэх явцад дэлхийд тархсан COVID-19 цар тахлаас болж 2021 оны 10-р сарын 15-аас хил гааль тодорхойгүй хугацаагаар хааж ард иргэдийн зорчих хөдөлгөөнд төр засаг хязгаарлалт тавьсан болно. Үүнээс болж бараа материал, ажиллах хүч, тэрэг техникийн зардал хяналтгүйгээр нэмэгдэж, уг ажлыг хүнд нөхцөлийн цаг хугацаанд 2021 оны 12 сард гүйцэтгэж дууссан болно. Г. миний бие уг гүйцэтгэх ажлаас ашиггүй, 30,000,000 төгрөгийн бараа материал, ажлын хөлс, ажилчдын хоол унааны зардал бас бус зүйлсээр хохирсон болно. Захиалагч талд учирсан хохирлоо тайлбарлаж хэлтэл хүлээж аваагүй " Гэрээ бол гэрээ" гэх хариулт өгөн авч хэлэлцээгүй билээ.

1.            Уг гүйцэтгэлийн "САН"-гийн угсралт ажлыг Х.- болон Х.- П. Чинзориг- нар бараа материалтай нь гүйцэтгэсэн нь үнэн болно.

2.            Уг "САН"-н ажлаас үүдэлтэй хохирлыг миний бие хариуцахгүй учир нь сангаас үүдэлтэй хохирол учраас дээрх 1-д дурдсан 3 хүнээс нэхэмжилнэ үү.

3.            Захиалагч талаас миний данс уруу 40 орчим %-г шилжүүлж үлдэгдэл төлбөрөө уруу өгсөн нь баримтаар гэрчлэгдэнэ.

Иргэн Гансүхийн намайг хариуцагчаар тооцон Монголиан Энделис энержи ХХК-аас “ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагыг 8,648,900 төгрөг болгон нэмэгдүүлснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэхүү тайлбарыг гаргаж байна.

Учир нь 2021 оны 09-р сард манай найз Х. нь надад хандаж Яармагт баригдаж буй барилга дээр туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх боломж байна. Би барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Монголиан Энделис энержи ХХК-ийн захирал Д.ийг танина тиймээс уг ажлыг би авч чадна. 2-лаа хамт уг ажлыг хийе гээд Монголиан Энделис энержи ХХК-ийн захирал Д.тэй уулзсан. Уг барилга нь нэхэмжлэлд дурдагдаж байгаа Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах 17,8 х 17 метр хэмжээтэй, үйлчилгээний зориулалттай барилга юм. Х. бид 2 уг барилга дээр очиж үзээд Х.ын энэ ажлыг хамтраад хийе гэж намайг ятгасны дагуу гэрээ байгуулан ажиллахаар болсон. Би тухайн үед гэрээний үнийн дүнг сонсоод тооцоо хийж үзэхэд ашиг багатай байсан тул дэмий юм биш үү гэхэд Х. намайг “адилхан залуу хүмүүс, найз нөхөд байна болгоно шүү дээ” гэж ятгасаар байгаад уг ажлыг хамтарч хийхээр намайг зөвшөөрүүлсэн юм.

Гэрээг байгуулахаас өмнө Х. нь уг барилгын сангийн ажлыг гардан хариуцаж хийх, миний зүгээс дотор засал, бусад ажлыг хийхээр бид хоёр тохирсон. Ингээд уг барилга дээр ажиллах бэлтгэл ажил хангаж байх үед Х. нь эхнэр хүүхдүүд рүүгээ явчхаад удахгүй ирнэ гээд АНУ-руу явчихсан. Х.ыг АНУ-руу явсны дараа Монголиан Энделис энержи ХХК-ийн захирал Д. гэрээгээ байгуулъя гээд дуудсан тул би Х.ын төрсөн дүү гэдэг залуутай хамт ажил дээр нь очсон. Ингээд уг ажлыг хамтран хийхээр тохиролцсон байсан найз Х. АНУ-д оччихсон байсан учир би арга буюу ганцаараа гэрээ байгуулж гарын үсэг зурсан. Х. надтай хамт уг ажлыг хамт хийхээр тохирсон байсан учир өөрийн төрсөн дүү ыг надтай хамт явуулсан. Би Х.тай найз нөхдийн харилцаатай, оюутан цагаасаа нөхөрлөсөн, өмнө олон ажил хийж байсан тул тухайн үед юм бодолгүй гэрээг өөрийн нэрээр хийж, ганцаараа гарын үсэг зурсан нь хууль зүйн хувьд алдаатай зүйл болжээ гэдгийг хожим ухаарч байна.

Би хариуцлагаас бултах гэсэндээ энэхүү тайлбарыг бичсэнгүй. Гагцхүү болж өнгөрсөн үйл явдлыг шүүгч үнэн зөвөөр ойлгож, нотлох баримтад тулгуурлан хэргийг үнэн зөв шийдэж өгөхийг хүсэж байна.

Барилгын ерөнхий гүйцэтгэгч Монголиан Энделис энержи ХХК-ийн гүйцэтгэх захирал Д. болон туслан гүйцэтгэгч талыг төлөөлж миний гарын үсэг зурж баталгаажуулсан Барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр уг барилга дээр 36 төрлийн ажлыг 235,883,700 /хоёр зуун гучин таван сая найман зуун наян гурван мянга долоон зуу/ төгрөгөөр гүйцэтгэхээр тохирсон.

Гэрээний төлбөрт 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгийг урьдчилгаа болгон гэрээ байгуулснаас хойш ажлын 3 өдөрт багтаан шилжүүлэх, үлдэгдэл төлбөрийг бартераар /орон сууц/ хийхээр гэрээнд заасан.

Ийнхүү барилгын ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурсны дараа 2021.09.08-нд 70,000,000 /далан сая/, 2021.09.17-нд 30,000,000 /гучин сая/ төгрөгийг урьдчилгаа төлбөрийг надад шилжүүлсэн. Би уг барилгын ажлын гүйцэтгээд захиалагчаас зөвхөн урьдчилгаа төлбөр болох 100,000,000 /нэг зуун сая/ төгрөгөөс өөр мөнгө огт аваагүй.

Барилгын ажил гүйцэтгэх гэрээний хавсралтаар 36 төрлийн ажлыг гүйцэтгүүлэхээр талууд тохирсон бөгөөд хавсралтын 1, 2, 6-21, 29-31, 32, 33, 34-р дэс дугаарт заагдсан ажлыг Г. би гүйцэтгэсэн. Харин Х. нь хавсралтын 3, 4, 5, 22, 23, 24-28, 35-д заасан ажлыг хариуцан гүйцэтгэсэн.

Сангийн ажлыг би хийгээгүй тул ямар материал ашигласан, хэрхэн гүйцэтгэснийг би огт мэдэхгүй. Харин сангийн ажлыг хариуцан хийсэн Х., түүний дүү , нар мэднэ.

Х., түүний дүү , нар сангийн ажлыг гардан хийсэн гэдгийг уг барилга дээр ажиллаж байсан маш олон хүн /давхардсан тоогоор 100 орчим/ гэрчилнэ.

Х.ын гэрээг байгуулахаас өмнө намайг ятгасан ятгалга болон энэ ажлыг яаж ийгээд дуусгачихвал цаашид бидэнд ашигтай нөхцөлүүд гарна гэсэн амлалтад итгэн Г. миний бие өөрийн ээжээр тэтгэврийн зээл 10 сая, бусад хүмүүсээс 20 сая төгрөг зээлэн барилгын ажлын зогсоохгүй дуусгахын төлөө чадлаараа зүтгэн ажилласан. Энэ нь миний найздаа итгэсэн итгэл, нөгөө талаас барилгын ажлын чанартай хурдан хугацаанд дуусгах гэсэн миний хичээл зүтгэл байсан юм. Энэ үед би хэдийнээ 30 гаран сая төгрөг өөрөөсөө гаргаж хариуцсан ажлаа дуусгасан байсан тул захиалагчаас гэрээнд заасан орон сууцыг эсвэл мөнгөөр үнэ дүйцэхүйц үлдэгдэл төлбөр авна гэсэн хүлээлттэй байлаа.

Гэвч Х. намайг хууран мэхэлж төлбөрийн үлдэгдэлд орон сууц / 2 хороололд А2 блок 6 давхрын 51.99 м.кв 2 өрөө/-ыг бартераар тооцон төлөх нөхцөлийг захиалагчтай хуйвалдан өөрчилж, өөрийн дугаарын хаан банкны дансаараа захиалагч талаас 92,777,062 төгрөгийг гэрээний үлдэгдэл төлбөрт авсан болохыг би ажил дуусаад хүлээлгэж өгөх үед мэдсэн. Үүнээс болж Х. бид 2-ын дунд үл ойлголцол үүсэж маргалдсан.

Х. нь захиалагч талаас 92,777,062 төгрөгийг 2021.10.04-өөс 2021.12.13-ны хооронд 5 удаагийн шилжүүлгээр өөрийн тоот хаан банкны дансаар авсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан мөнгө шилжүүлсэн баримтуудаар нотлогдоно. Сангийн ажлыг чанартай хийж хүлээлгэн өгсөн болоод тухайн барилгыг улсын комисс хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа болно.

Би гагцхүү хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр энэхүү тайлбарыг шүүхэд гаргаж байгааг ойлгоно гэж итгэж байна.

Иймд:

1.            Х.ыг хариуцагчаар татуулах.

/Монголиан Энделис энержи ХХК-аас анх 2023.04.23-нд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Х.ыг хариуцагчаар татсан боловч түүний байгаа газар тодорхойгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн аваагүй тул дахин нэхэмжлэл гаргахдаа зөвхөн намайг хариуцагчаар татсан байдаг./

2.            Х.ын дүү , нарыг шүүх хуралд гэрчээр дуудаж оролцуулах.

3.            Х., түүний дүү , нар сангийн ажлыг гардан гүйцэтгэсэн гэдгийг нотлох боломжтой.

2а. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Уг асуудал нь 2021.9.7-нд гэрээ байгуулсан. Ажлыг гүйцэтгэх үед нь хамтран гүйцэтгэнэ гэж тохиролцсон байсан. Гэтэл гадаад явчихсан байсан. Ингээд хариуцагч гэрээ байгуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь зарим хөлсийг т шилжүүлсэн байдаг. Мөн ажлыг ын дүү хамтран гүйцэтгэсэн. Хариуцагч нь өөрийн ажлыг алдаа дутагдалгүй гүйцэтгэсэн гэв.

 

3.            Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс барилгын ажил гүйцэтгэх гэрээ, түүний хавсралт /хх6-11/, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт 2 ширхэг /хх14, 15/, барилгын ажлын акт 2 ширхэг /хх16, 17/, 12 ширхэг гэрэл зураг /хх18-21/, ажил гүйцэтгэх гэрээ /хх26-29/, ажил гүйцэтгэлийн акт /хх30-31/, 6 ширхэг гэрэл зураг /хх32-34/, барилгын ажлын акт, холбогдох гэрэл зураг /хх50-55/, Хаан банк дахь “Чимбай зам” ХХК-ийн дансны хуулга 2 ширхэг /хх65, 75/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл 13 ширхэг /хх66, 71, 76, 78, 81, 82, 84, 93, 95, 97, 110, 134, 135/, ажил гүйцэтгэх гэрээ /хх86-88/, гэрэл зургууд /хх89-92/, “Чимбай зам” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх101/, тус компанийн дүрмийн хуулбар /хх102-103/, Хаан банк дахь Б.ын дансны хуулга /хх104/, 16 ширхэг гэрэл зураг /хх106-107/, “Чимбай зам” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 20/005 дугаар тушаал /хх108/, Б.ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх109/, санхүүгийн анхан шатны баримтууд 15 ширхэг /хх119-133/,

3б. Хариуцагчаас Г.ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх158/, барилгын ажил гүйцэтгэх гэрээ /хх159-162/, өөрийн иргэний үнэмлэхийн лавлаа /хх164/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

       ҮНДЭСЛЭХ нь:

1.             Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.             Нэхэмжлэгч “*******” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний доголдол арилгах болон доголдлоос учирсан хохиролд ажлын хөлс 8,145,420 төгрөг, материалын зардалд 5,003,480 төгрөг, нийт 13,148,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.             Хариуцагч Г. дотоод заслын ажил гүйцэтгэсэн бөгөөд сантехникийн ажил гүйцэтгээгүй тул уг ажлаас болж гарсан хохирлыг хариуцахгүй гэж маргаж байна.

 

4.             Зохигчид 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 2 давхар үйлчилгээний зориулалттай барилгад ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. /хх6-10/

Гэрээний 1.1-д зааснаар гүйцэтгэх ажлыг хавсралтад заахаар тохиролцсон байна. Улмаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нь гэрээний хавсралтыг хэргийн 10 дугаар талд байгаа гүйцэтгэлийг гараар бичсэн баримт гэж тайлбарласан бол хариуцагчийн төлөөлөгч нь үүнийг үгүйсгэж маргаагүй.

4а. Нэхэмжлэгч нь сантехникийн ажилд доголдол гарснаар хохирол учирсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон бол ус алдалтын улмаас хохирол учирсан болох нь гэрч Б.ын “2 давхраас ус алдсан. Шалтгаан нь ирж зассан хүнээс сонсоход коллектор бил үү, жийргэвч билүү эвдэрсэн гэсэн. Би сантехникийн хүнтэй хамт очоод засаж буй хүнээс асуухад тэгж хэлсэн” гэх тайлбараар тогтоогдож байна. /хх148/

 

5.             Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, түүний хавсралт буюу гүйцэтгэсэн ажлын жагсаалтаас үзэхэд хариуцагч нь сантехникийн ажил гүйцэтгээгүй байна. Тодруулбал, ус зайлуулах босоо шугам гэдэг нь барилгын ашиглалттай холбоотой сантехникийн шугам биш бөгөөд дээврийн ус зайлуулах шугам юм. Иймд хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд доголдол гарч, улмаар нэхэмжлэгчид хохирол учирсан гэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, доголдол гарсны улмаас хохирол учирсан гэх сантехникийн угсралтын ажлыг хариуцагч гүйцэтгээгүй байна. /хх10/

 

6.             Мөн доголдол болон учирсан гэх хохирлыг арилгахад зарцуулсан мөнгөн хөрөнгийн баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч төлөөгүй. Хэдийгээр нэхэмжлэгч болон “Чимбай зам” ХХК нар нь 1 үүсгэн байгуулагчтай боловч бие даасан хуулийн этгээд нь хууль зүйн хувьд тус тусдаа субъект юм. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг төлсөн “” ХХК-ийн шаардах эрхийг нэхэмжлэгч шууд хэрэгжүүлэхгүй. Түүнчлэн үүсгэн байгуулагч Д.ийн шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч шилжүүлсэн гэж үзэхгүй. Учир нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3-т зааснаар хуулийн этгээд нь хувьцаа эзэмшигчийн, хувьцаа эзэмшигч нь компанийн эрх, үүргийг бусдын өмнө хэрэгжүүлэхгүй.

 

7.             Дээрх үндэслэлээр хариуцагчийн гүйцэтгэсэн ажилд доголдол гараагүй, доголдол гарсан гэх сантехникийн ажлыг хариуцагч гүйцэтгээгүй, учирсан гэх хохирлыг нэхэмжлэгч төлөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8.             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.т холбогдох нийт 13,148,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 240,282 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ГАНБОЛД