Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2024/00068

 

 

 

 

 

 

 

 

                               2023         12            28

                                   184/ШШ2024/00068

              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ********************************* тоот хаягт байрлах, “****” ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ********************************** тоот хаягт байрлах, “****” ХХК /РД:****/-д холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 541,152,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, стандарт гэрээ болохыг тогтоолгож, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, Х.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэлдээ:

“...Манайх “****” ХХК-тай 2020 оны 08 сарын 01-ний өдөр UBM-03/101 дугаартай “Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр манай компанийн зүгээс чанар, стандартын шаардлага хангасан байгалийн шахсан хийг /CNG/ худалдан авагч талд нийлүүлж, худалдан авагч талаас үнийг төлөх үүргийг хүлээн хамтран ажиллахаар тохиролцсон. Анх гэрээ байгуулсан 2020 оноос хойш гэрээний хугацаа дуусах тухай бүрд нь гэрээгээ сунган өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа болно. Хамтран ажиллах хугацаанд “****” ХХК нь 2022 оноос хойш худалдан авсан шахсан хийн төлбөрөө тухай бүрд нь төлөлгүй өр, төлбөрийн хуримтлал үүсгэж байсан ч бидний зүгээс төлбөрийн уян хатан нөхцөлийг санал болгож, шахсан хий худалдан авах хүсэлтийг нь тухай бүрд нь шийдсээр ирсэн ч өдийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа. Улмаар “****” ХХК-тай хуримтлагдсан өр төлбөрийг баталгаажуулах үүднээс тооцоо нийлсэн акт үйлдсэн. “****” ХХК нь манайд 2022 оны 01 сарын 01-ны өдрөөс 2023 оны 03 сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 491,956,491 төгрөгийн өр, төлбөртэй байгааг харилцан баталгаажуулсан болно.

 

Дээрх гэрээний 3.2-т “ .. худалдан авагч нь тухайн сарын 15-ны дотор төлбөрийг нэхэмжлэхийг дагуу төлнө” хэмээн тохиролцсон. Гэвч “****” ХХК нь үлдэгдэл төлбөр төлөх тухай харилцан тохиролцсон төлбөрөөсөө одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй байгаа болно. Мөн гэрээний 3.3-т “Худалдан авагч нь гэрээний үүргээс үүдэлтэй төлбөрийг тохирсон хугацаанд төлөөгүй, хугацаа хожимдуулсан бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг худалдагч талд төлнө. Алдангийн хэмжээ нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй.” хэмээн тохиролцсон. Үлдэгдэл төлбөр төлөх сүүлийн хугацаанаас алдангиа тооцон үзэхэд нэгэнт нийт үнийн дунгийн 10 хувиас давсан байгаа. Иймд “****” ХХК-иас UBM-03/101 дугаартай "Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 491,956,491, алданги 49,195,649 төгрөг, нийт 541,152,140 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэдэг.  

 

2. Хариуцагч “****” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариу тайлбартаа:

“...Манай байгууллага Ч:45 /Ганхийц-Зайсан/ чиглэлд Нийтийн тээврийн газартай “Ажил гүйцэтгүүлэх гэрээ” байгуулан зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг. Манай байгууллага анхны газан хөдөлгүүрт автобусыг 2017 оны 12 дугаар сард Солонгос улсаас оруулж ирэн тухайн үеэс эхлэн **** ХХК-тай газан /CNG/ түлш зээлээр худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн. Газан түлшний хэрэглээ нь 100 километрт 35-40 m3 байдаг. Солонгос улсаас газан автобус оруулж ирэхэд газын баллондоо дүүрэн газтай замын үүд дээр тээврийн контейнерээс буудаг бөгөөд баллон дахь газаар Замын үүдээс Улаанбаатар хотод орж иртэл буюу 600-700 км газрыг явж ирдэг. Манай байгууллагын үйлчилгээ үзүүлдэг Ч:45 чиглэлийн хувьд нэг рейсийн эргэлтийн урт 29.6 км, тухайн өдрийн гүйцэтгэх ажлын рейсээс хамааран нэг автобусны нийт эргэлтийн урт өдөрт дунджаар 207 км байдаг. Юуби метан ХХК-аас нийлүүлж байгаа газаар банкаа дүүргэн нэг автобус 1.5 өдөр буюу 311 км зам туулдаг. Энэ нь Солонгос улсад хэрэглэдэг газ болон **** ХХК-ийн нийлүүлж байгаа газын чанарт асар их зөрүүтэйн дээр 2 дахин их зардал гарган газан түлшийг үйлчилгээнд ашиглаж байсныг харж болно. Энэ талаар манай байгууллага удаа дараа мэдэгдэж байсан боловч хийн даралт шахалт муу гэсэн шалтгаанаар газын чанар өөрчлөгдөөгүйн дээр газан түлшний үнийг удаа дараа нэмсээр байна. Газан түлшний хувьд онцгой албан татварууд байдаггүй үнийн хувьд тогтвортойгоор бусад газан колонкуудад зарагдсаар байдаг бол Юуби метан ХХК-ийн нийлүүлж байгаа газан түлшний үнэ 1650 төгрөгөөс 3100 төгрөг болтлоо өссөөр ирсэн. **** ХХК нь Хятад улсаас газ /CNG/ татан авалт хийж байгаад 2019 оны эхэн Орос улсаас татан авалт хийхээр болсон тухай мэдэгдэн тухайн үеэс эхлэн газын тасалдал маш ихээр гарч ажлын өдөр 20, амралтын өдөр 10 гаралтаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байсан манай байгууллагын үйлчилгээ доголдож гаралтыг дизель автобусандаа таарсан 5 гаралтаар үйлчилж Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргээ зөрчин cap бүр шугам цагийн торгуульд орсон. Мөн **** ХХК-аас өдөрт хийн түлш авах автобусанд хязгаар тогтоон олгох газаа багасган бидний ажлыг доголдуулсан. 15 гаралтаа алдаж, 5 гаралтаар үйлчилгээ үзүүлж тооцоолоогүй өр төлбөр, алдагдлыг үүрэн газан хөдөлгүүртэй автобуснуудыг авахаар банкнаас авсан зээлийн өрөө төлөх нь байтугай нэмж чанаргүй газын өр, банкны зээлийн төлөлт, нийгмийн даатгал, татварын өр зэрэг хэдэн зуун саяар тооцогдох өрөнд орон өнөөдрийг хүрч байна. Манай улсад газан хедөлгүүртэй автобусны сэлбэгийн олдоц муу, газан хөдөлгүүртэй техникийн талаар мэргэшсэн инженер, механик байдаггүй, газан түлшээр хангаж байгаа ганц компанийн тоног төхөөрөмж, газын чанар муугаас болж бусад байгууллагууд газан хөдөлгүүртэй автобуснуудаа дизель хөдөлгүүрээр сольж эхэлсэн. Манай байгууллагын хувьд **** ХХК-ийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласаар байсан боловч 2023 оны 03 дугаар сараас эхлэн хийн түлшний нийлүүлэлтээ зогсоосон. Нийлүүлэлтийн талаар хүсэлт олон удаа тавьсан боловч хүлээн аваагүй. Манай байгууллага **** ХХК-ны үйл ажиллагаа тогтворжиж чанартай газан түлшийг гүйцэт шахалтаар хангахыг маш олон жил хүлээн өөрсдөө эрсдэлд орон компанийн хэмжээнд тогтмол гарах зардлууд /цахилгаан, дулааны зардал, банкны зээлийн төлбөр, татвар даатгалын шимтгэл, ажиллагсдын цалин, бусад/ өр төлбөрүүдийг хойш тавин газын төлбөрт төлж байсан боловч эсрэгээрээ төлсөн төлбөртөө тохирсон ажлаа гүйцэтгэж чадахгүй газын зарцуулалт стандартад заасан хэмжээндээ хүрэхгүй чанаргүй, хийн шахалт муугаас олгосон хэмжээндээ газ нь хүрдэггүй, өндөр үнэтэй зэргээс болж бид ямарч үргүй зардлыг маш олон жил гаргасаар байна. Одоо манай байгууллагын хашаанд газан хөдөлгүүртэй автобуснууд ажлаа гүйцэтгэж чадахгүй сул зогссоор байна. Бидний хүнд байдлыг харгалзан үзэж “Худалдаа аж үйлдвэрийн танхим”-аас 2020 оноос 2022 оныг дуустал манай байгууллагад “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал” үүссэн байна гэж үзэн 2022.12.26-ны өдөр 02/744 тоот гэрчилгээ олгосон.

Иймд бид **** ХХК-тай хамтран ажилласан энэхүү хугацаанд тухайн байгууллагын үйл ажиллагааны золиос болон зорчигч тээврийн үйлчилгээний гаралтаа алдсан, улсад болон хувийн хэвшлүүдэд ихээхэн хэмжээний өрөнд орж хэвийн үйл ажиллагаатай байсан манай байгууллага дампуурах хэмжээнд хүрсэн гэж үзэн нэхэмжилсэн алдангийн дүн болон үндсэн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

3. Хариуцагч “****” ХХК шүүхэд гаргасан сөрөг шаардлагадаа:

"...Манай компани нь 4:45 /Ганхийц-Зайсан/ чиглэлд Нийтийн тээврийн газартай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн дээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд манай компанийн нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж буй 18 автобусны 11 автобус нь хийн хөдөлгүүрт автобус юм. Манай компани хийн хөдөлгүүрт автобуснуудын хийн түлшийг 2017 оны 12 дугаар сараас эхлэн “Юуби метан” ХХК-иас мөнгөөр болон зээлээр авч эхэлсэн. Юуби метан” ХХК нь Монгол улсад автобусанд зориулагдсан хийн түлш /CNG/-ийг импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг цор ганц компани бөгөөд тус компанитай 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр нэг жилийн хугацаанд байгалийн хийг тасралтгүй, худалдан авагчийн хүссэн хэмжээгээр нийлүүлэхээр харилцан тохиролцож №UBM-03/101 тоот “Байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан боловч гэрээ байгуулагдсанаас хойш байгалийн хийн тасалдал удаа дараа үүсгэсэн, түүнчлэн хийн түлшний үнийг удаа дараа үндэслэлгүйгээр нэмэх болсон. Манай компани нь “Юуби метан” ХХК-тай гэрээ байгуулахад буюу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 1Nm3 нэгжийн үнэ 2,150 төгрөгийн үнэтэй байсан боловч байгалийн шахсан хийн үнийг валютын ханшийн өөрчлөлт, тээврийн үнийн өсөлттэй гэрээгээр тохирсон үнийг удаа дараа дур мэдэн нэмсээр, 1 Nm3 шахсан хийн борлуулалтын нэгж үнийг 2022.09.01-ний өдөр 2,730 төгрөг, 2022.11.16-ны өдөр 2,950 төгрөг, 2023.01.13-ны өдөр 3,100 төгрөг болгон нэмэгдүүлсэн. “Юуби метан ХХК-ийн үнэ нэмсэн үндэслэлээ тайлбарлахдаа талуудын хооронд байгуулагдсан “Байгалийн хий худалдах худалдан авах гэрээ”-ний 3.1-д “Худалдагч тал нь Байгалийн шахсан гж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан албан бичгээр мэдэгдэнэ.” гэж заасны дагуу гэрээний үнийг манай байгууллага тогтоох эрхтэй тул хийн түлшний үнийг нэмэгдүүлсэн гэж манай компанид тайлбарласан.

 

Учир нь Монгол улсад байгалийн хийн түлш импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдээс “Юуби метан” ХХК нь дангаараа автобусны зориулалттай хийн түлш /CNG/ импортлох, худалдан борлуулах зөвшөөрөлтэй, бусад аж нэгжүүд нь автомашины зориулалттай хийн түлш импортлох, худалдан борлуулах зөвшөөрөлтэй тул “Юуби метан” ХХК-ийн манай компанид өгсөн гэрээг байгуулахаас өөр арга байгаагүй. “Юуби метан” ХХК-иас манай компанид тус гэрээг шууд санал болгосон, гэрээнд манай компанийн зүгээс өөрчлөлт оруулах, санал өгөх боломжгүй бөгөөд “Юуби метан” ХХК нь хийн түлш авч байгаа нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудтай ижил нөхцөлөөр гэрээ байгуулж байгаа гэсэн тул манай компани түлш худалдаж авахын тулд худалдагч талаас ирүүлсэн гэрээний нөхцөлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тус гэрээг байгуулсан.

 

Иргэний хуулийн 200-р зүйлийн 200.1-д зааснаар гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэх зорилгоор урьдчилан тогтоосон гэрээний нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ гэж заасан. Мөн “Байгалийн шахсан хий худалдах ан авах гэрээ”-ний 3.1-д “Худалдагч тал нь Байгалийн шахсан хийн нэгж үнийг ан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид албан бичгээр мэдэгдэнэ." гэсэн нь гэрээний тэгш байдал алдагдах нөхцөл бий болсон бөгөөд худалдагч нь худалдан авагчид нийлүүлж байгаа байгалийн шахсан хийн үнийг дүүлэх тохиолдолд худалдан авагчид мэдэгдэнэ гэж гэрээнд тусгасан нь худалдагч гэрээний үнийг өөрийн үзэмжээр тодорхойлох, хэдийд ч нэмэгдүүлж болох боломжийг олгосон. Иргэний хуульд худалдах худалдан авах гэрээний үнийг гэрээнд оролцогч талууд харилцан тохиролцож тодорхойлно гэж заасан боловч хуульд нийцэхгүй агуулгаар нийт үнийг худалдагч тал өөрт олгогдсон давуу байдлаар дангаараа тогтоох нь харилцан итгэлцэл шударга ёсны зарчимд харш бөгөөд худалдан авагчид хохиролтой гэрээ байгуулагдсан гэж “****” ХХК-ийн зүгээс үзэж байна. “Юуби метан” ХХК-ийн “Байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ”-ний нөхцөлүүд нь байнга хэрэглэгдэх шинжтэй, худалдагч тал гэрээний нөхцөлийг урьдчилан тогтоож, байгалийн шахсан хий авахаар хандсан худалдан авагч бүрт уг гэрээг санал болгодог тул талуудын хооронд байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ”-г стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэх үндэслэлтэй бөгөөд гэрээний стандарт нөхцөлөөр хуулийн заалтыг тодотгон тогтоож болох хэдий ч түүний агуулгыг өөрчилж, байгалийн шахсан хий /CNG/ худалдан борлуулах эрх буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаа өөрт давуу байдал болгон ашиглаж гэрээний үнийг дангаар тогтоох эрхийг гэрээгээр өөрт олгосон нь худалдан авагч авагч талд хохиролтой, хуульд харшилсан гэж үзэж байна.

Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.4-т “Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажил үйлчилгээ эрхлэх талаар тухайн зах зээлд давамгайлж байгаа этгээд үйл ажиллагааны хүрээнд түүнд хандсан этгээдтэй гэрээ байгуулах үүрэгтэй бөгөөд нөгөө талдаа тэгш бус нөхцөл тулган санал тавих буюу гэрээ байгуулахаас татгалзах гэж заасан, 200 дугаар зүйлийн 200.1-д “гэрээний нэг тал нөгөөдөө санал болгож байнга хэрэглэх зорилгоор урьдчилан тогтоосон гэрээний нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзнэ”, мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцөлийг тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу “****” болон “Юуби метан” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022 оны 08 сарын 01-ний өдрийн №UBM-03/101 тоот “Байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ”-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, тус гэрээний 3.1 дэх заалтын “Худалдагч тал нь байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид мэдэгдэнэ” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

“Юуби метан” ХХК нь 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №UBM-03/101 тоот ийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ”-ний 4.1-т “Худалдан авагч нь ын шаардлага хангасан байгалийн шахсан хийг тасалдалгүй нийлүүлэхийг худалдагчаас шаардах эрхтэй” гэж, гэрээний 5.5-д “Худалдагч нь заасан үн тоо хэмжээ бүхий чанарын шаардлага хангасан байгалийн шахсан хийг худалдан авагчид тасалдалгүй нийлүүлсэн байх үүрэгтэй” гэж заасан боловч “Юуби метан” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн уг үүргээ биелүүлээгүй. Манай компанийн үйл ажиллагаа байгалийн шахсан хийн тасалдалгүй, тасралтгүй нийлүүлэлттэй салшгүй холбоотой тул “Юуби метан” ХХК-иас хийн түлшний тасалдал үүсгэхгүй байх, хязгаар тогтоохгүй байхыг хүсч албан бичгээр удаа дараа хандаж байсан боловч “Юуби метан” ХХК нь газын тасалдал маш ихээр үүсгэж, өдөрт хийн түлш авах автобусанд хязгаар тогтоон олгох газаа багасгасан нь манай үйл ажиллагааг доголдуулсан. “****” ХХК нь ажлын 20 өдөр, амралтын 10 өдрийн гаралтаар зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байсан боловч хийн түлшний тасалдал үүсгэсэн, манайд олгохоос татгалзсан, хийн түлшний өдөрт олгох хэмжээнд хязгаар тогтоосноос манай компани 2023 оны 06 сарын 29 өдөр НТГ23007а тоот Нийтийн тээврийн газартай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-дагуу зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн тасалдалгүй эрхлэн явуулах гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрч, cap бүр нийтийн тээврийн шугам цагийн торгуульд орж өнөөдрийн байдлаар 50,887,000 төгрөгийг Нийтийн тээврийн газарт цагийн торгуульд төлсөн. “Юуби метан” ХХК нь хийн түлшийг гэрээний дагуу тасалдалгүй нийлүүлж байсан манай компани Нийтийн тээврийн газарт зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн үзүүлж, торгуульд орохгүй, торгууль төлөхгүй байх боломжтой байсан. 2022 оны 08 сарын өдрийн №UBM-03/101 тоот “Байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ”-нд “Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөнөөс үүдэн худалдан авагчид хохирол учирсан бол тэрхүү хохирлыг бүрэн хариуцна” гэж заасны дагуу “Юуби метан” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу хийн түлшийг тасралтгүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан бодит хохирол болох 50,887,000 төгрөгийг “Юуби метан” ХХК-иас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “****” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...2020 оны 08 сарын 01-ний өдрийн UBM-03/101 тоот Байгалийн шатсан хий худалдах, худалдан авах гэрээ нь талуудын харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Тус гэрээнд манай компанийн зүгээс байнга хэрэглэгдэхээр урьдчилан тогтоосон зохицуулалт байхгүй бөгөөд гэрээг тухайн байгаа нөхцөлөөр нь тулган шаардсан зүйл байхгүй. Дээрх гэрээг талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан бөгөөд Иргэний 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл биш юм. Мөн манай компани нь байгалийн шахсан хийг импортоор оруулж ирдэг бөгөөд бидэнд нийлүүлэгч байгууллагын санал болгосон үнэ, валютын ханш, дэлхийн зах зээл дэх байгалийн хийн үнэ зэрэг биднээс үл хамаарах нөхцөлүүдийн улмаас байгалийн шахсан хийн үнэ өөрчлөгдөж байдаг. Эдгээр шалтгаан нөхцөлийн улмаас байгалийн шахсан хийг бид байнга тогтмол нийлүүлэх боломжгүй тул тус гэрээний 3.1-т “Худалдагч тал нь БШХийн нэгжийн үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид албан бичгээр мэдэгдэнэ.” хэмээн зохицуулсан болно. Бид гэрээнд заасны дагуу үнэд өөрчлөлт орох бүрт мэдэгдэж байсан бөгөөд үнэд өөрчлөлт орсныг хариуцагчаас эсэргүүцээгүй тул бид мэдэгдэлд заасан үнээрээ нийлүүлсэн. Бидний зүгээс гэрээ байгуулснаас хойш хариуцагчид нийт 31 сарын хугацаанд байгалийн шатсан хийг тасралтгүй нийлүүлсэн. Хариуцагч “****”’ ХХК-ийн зүгээс төлбөр төлөх үүргээ удаа дараа зөрчиж нийт 491,956,491 төгрөгийн хуримтлал үүссэн байсан бөгөөд манай байгууллагын зүгээс өмнө нь өгсөн төлбөрөө авалгүй, цаашид үргэлжлүүлэн хий нийлүүлэх нь ихээхэн хэмжээний хохирлыг бий болгож байсан тул бид нийлүүлэлтээ зогсоосон. Гэрээ цуцлах хүртэл хугацаанд бидний зүгээс зориудаар хий нийлүүлэлтээ зогсоосон, хожимдуулсан зүйл байхгүй ба бид гэрээний үүргээ зөрчсөн бодит үйлдэл гаргаагүй болно. Талуудын хооронд байгуулагдсан “Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ”-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусад тооцуулах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс “****” ХХК-д учирсан хохирол 50,887,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

 

5. Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

5.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Улсын тэмдэгтийн хураамж 2,863,711 төгрөг төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “****” ХХК-ийн дүрэм, Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, байгалийн хийгээр цэнэглэх станцын зарлагын баримтууд, **** ХХК-ийн албан бичгүүд, Бүх төрлийн шатахууны, шатдаг хийн тусгай зөвшөөрөл бүхий ААН-ийн судалгаа., байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээнүүд, гэрээний хавсралт.

 

5.2. Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт – Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээний хуулбар,  “****” ХХК-ийн Нийтийн тээврийн газарт гаргасан хүсэлтийн хуулбар, “****” ХХК-нд гаргасан хүсэлтүүдийн хуулбарууд, **** ХХК-иас Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч автобус компаниуд, харилцагч компаниудад хүргүүлсэн албан бичгүүд, Нийслэлийн нийтийн тээврийн газар, **** ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, гэрээг дүгнэх аргачлал, ажил гүйцэтгэх гэрээнүүд, **** ХХК-ийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж 552,785 төгрөг төлсөн баримт, Нийслэлийн нийтийн тээврийн газар, **** ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, гэрээг дүгнэх аргачлал, ажил гүйцэтгэх гэрээ, **** ХХК-иас хүргүүлсэн албан бичгүүд, Ашигт малтмал, газрын тосны газрын албан бичиг, хавсралт, Д.Гэрэлбаатарын Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, торгуулийн тооцоо, торгууль төлсөн баримтууд, ХХБанкны дансы хуулгууд, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрчилгээнүүдийн хуулбар, газ нийлүүлэлтийн тооцоо, үнийн харьцуулалт.

 

5.3. Талуудын хүсэлтээр шүүхийн журмаар цуглуулсан баримт – И-мэйл хаягт хийсэн үзлэгийн тэмдэглэлүүд, Гаалийн ерөнхий газрын албан бичиг, лавлагаа.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “****” ХХК-иас хариуцагч “****” ХХК-нд холбогдуулан гаргасан Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний үүрэг 541,152,140 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж, мөн хуулийн, зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу гэрээг стандарт гэрээ болохыг тогтоолгон, 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч тал нь “...Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний дагуу тооцоо нийлсэн үлдэгдэл төлбөр 491,956,491 төгрөгийг, алдангийн хамт гаргуулна, үнийн өөрчлөлтийг мэдэгдэж байсан, хүлээн зөвшөөрөөд бүтээгдэхүүнийг авч төлбөр төлж явсан байгаа, стандарт гэрээ бус, ямар нэг монополь зүйл байхгүй, нөгөө талын эрх ашгийг хохироосон гэрээний зүйл заалт байхгүй” гэх агуулгаар шаардлагын үндэслэлээ тайлбарладаг, хариуцагч тал нь “...Монополь байдлаа ашиглан үнэ дураараа нэмж шаардаж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй, үнэ нэмээгүй байх хэмжээгээр хариуцах боломжтой. Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх заалт худалдан авагчийн харилцан үнэ тогтоох боломжийг олгоогүй зөвхөн үнийг дангаараа тогтоох боломжийг олгосон, худалдан авагчийн эрхийг хязгаарласан заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлтэй. Эдний буруутай үйл ажиллагаа буюу цаг хугацаандаа хий нийлүүлээгүй, чанар доголдолтой хий нийлүүлснээс чиглэлдээ автобус явах боломжгүй сул зогсож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр торгууль төлж хохирсон, үүнийг нэхэмжилж байгаа” гэх агуулгаар тайлбар, сөрөг шаардлага гарган мэтгэлцдэг.

 

3. Хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангасан баримтууд, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасан үнэн зөвөөр тайлбар өгөх үүргийн хүрээнд талуудаас гаргасан бодит үнэнд нийцсэн байх шаардлага бүхий тайлбаруудаас үзэхэд доорх үйл баримт тогтоогдож байна.

 

3.1. “****” ХХК болон “****” ХХК нарын хооронд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан UBM-03/101 дугаартай “Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ”-ээр “...Байгалийн шахсан хий буюу CNG-ийг худалдагчийн Улаанбаатар хот дахь БШХ-ийн агуулах нөхцлөөр худалдах, худалдан авагч нь БШХ-ийн төлбөрийг заасан хугацаанд төлөхөөр, ...энэхүү гэрээний хавсралтууд нь түүний салшгүй хэсэг болно. Үүнд: Гэрээний дагуу нийлүүлэх БШХ-ийн тоо хэмжээ, үнэ, төлбөр төлөх хугацааг тодорхойлсон хавсралт буюу тооцоо нийлсэн актууд хамаарна, ...худалдан  авагч тал нь БШХ-ийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид албан бичгээр мэдэгдэнэ. Талууд энэхүү гэрээний нийлүүлэх 1 м3 БШХ-ийн нэгж үнийг тооцоо нийлсэн актад тусгана” гэж тохиролцжээ.

 

3.2. “****” ХХК-иас Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч автобус компаниудад хүргүүлсэн:

 

2022 оны 05 сарын 03-ны өдрийн 22/23 дугаартай, 2022 оны 07 сарын 18-ны өдрийн 22/40 дугаартай, 2022 оны 9 сарын 01-ний өдрийн 22/54 дугаартай, 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 22/72 дугаартай, 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 23/04 дугаартай “Үнийн мэдээлэл хүргэх тухай” гэх албан бичгүүдээр байгалийн шахсан хийн борлуулалтын үнийг өөрчилсөн талаар мэдэгдсэн байна.

 

 

3.3. “****” ХХК-иас “****” ХХК-д хүргүүлсэн:

 

2021 оны 3 сарын 25-ны өдрийн 065 дугаартай хүсэлт, 2021 оны 12 сарын 20-ний өдрийн 209 дугаартай хүсэлт, 2022 оны 01 сарын 18-ний өдрийн 05 дугаартай хүсэлт, 2022 оны 11 сарын 23-ны өдрийн 167 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” гэх албан бичиг,

 

2022 оны 12 сарын 05-ны өдрийн 178 дугаартай “...Манай зүгээс нийтийн тээврийн үйлчилгээг тасалдалгүй үзүүлэн төлбөр төлөлтийн болон хүндрэлтэй нөхцөл байдлыг тухай бүр тусган бичгээр хүргүүлсээр ирсэн. Үүн дээр нэмэн газан автобусны мэргэшсэн механик, инженер, засварчин байхгүйгээс засварын ажил доголдолтой, автобусууд газын алдагдал ихтэй, газан хөдөлгүүрт автобусны сэлбэгийн олдоц муу, үйлчилгээнд ажиллахад дизель түлшнээс газан түлшний хэрэглээ 1.5 дахин их зарцуулалттай байдаг зэрэг нь газан автобуснуудын зардал нь орлогоосоо өндөр байж өрийн хуримтлал үүсэн бас нэг шалтгаан болдог. ...Танай компанийн үүссэн өр төлбөрийг барагдуулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор харилцагч банкиндаа зээлийн хүсэлт гаргаад байна. Энэхүү зээлийн шийдвэрийг гартал буюу 2023 оны 3 сарын 01-ний өдөр хүртэл хугацаа олгон биднийг дэмжин ажиллаж дараах саналыг хүлээн авна уу. /Өдөр бүрийн орлого орох үед ажлын өдөр бүр 300,000 төгрөг төлөн өмнөх оны үлдэгдлээс хасалт хийх, сар бүрийн санхүүжилтийн орлого орох үед өмнөх сарын төлбөрөө гүйцээж төлөх, 5 сая төгрөг нэмж төлөх, хасалт хийх, үлдэгдэл төлбөрийг зээлийн шийдвэр гарсан үед барагдуулах/” гэх албан бичиг,

 

2023 оны 05 сарын 01-ний өдрийн 66 дугаартай “...Манай байгууллага 2007 оноос эхлэн 16 гаралтаар Ч45 чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг тасралтгүй 15 дахь жилдээ эрхэлж байна. 2017 оны 12 сараас эхлэн газан автобусаар үйлчилгээг үзүүлэн танай байгууллагатай хамтран ажиллаж эхэлсэн. ...Үйлчилгээний орлогоо нэмэгдүүлэх, өр төлбөрөө төлөхийн тулд гаралтаа нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Иймд өдөр бүр 3 автобусанд газ авах хүсэлт гаргаж байна. Тухайн сарын татан авалтаа дараа сардаа төлж дээр нь тодорхой дүнгээр нэмж төлөлт хийн үүссэн өрөөс хасч өр төлбөрөө төлж барагдуулах хүсэлтэй байна. Бидний хүсэлтийг харгалзан үзэж газан түлшээр хангаж өгнө үү” гэх албан бичигүүдээр өр төлбөр төлөх талаар дурджээ.

 

3.4. 2020 оноос 2023 оны 4 сар хүртэлх хугацааны **** ХХК, **** ХХК нарын хооронд байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний дагуу тооцоо, үлдэгдлийн баталгаа гэх баримтуудыг үйлдэж, ажил хэргийн заншлын хүрээнд харилцан цахимаар харилцаж байсан болох нь талуудын мэйлд үзлэг хийсэн 2023 оны 10 сарын 26 болон 2023 оны 12 сарын 19-ний өдрийн тэмдэглэл, чатын гэрэл зургуудаар тогтоогдож байна.   

 

4. Дээрх тогтоогдож буй үйл баримтын хүрээнд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан гэрээний харилцаа үүссэн байх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т заасан хэлцэлийн хэлбэрийн шаардлагыг хангасан, гэрээний талууд хүсэл зоригоо илэрхийлсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

4.1. Худалдагч буюу нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу байгалийн шахсан хийг нийлүүлэх үүргээ биелүүлсэн, худалдан авагч буюу хариуцагч тал тухайн хийг үнийг төлж барагдуулж байсан, улмаар төлбөрийн үлдэгдэлтэй болохоо хүлээн зөвшөөрдөг тул хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч худалдсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

 

4.2. Нэхэмжлэгч “****” ХХК болон хариуцагч “****” ХХК нар нь “...2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлсээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд “**** ХХК нь 491,956,491.60 төгрөгийн өртэй гарсныг харилцан баталсан тооцооны үлэгдлийн баталгаа” гэх баримтыг үйлдсэн байх бөгөөд талууд дээрх үйл баримтын талаар болон Байгалийн шахсан хий нийлүүлсэн буюу худалдсан тоо хэмжээний талаар маргаагүй.

 

5. Харин дээрх гэрээний дагуу худалдсан, худалдан авсан байгалийн шахсан хийн нэгж үнэ өртөг дээр хариуцагч талаас ...зах зээл дээр монополь байдлаа буюу давуу байдлаа ашиглан үндэслэлгүй үнээ нэмсэнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзсан тайлбар гарган маргадаг. Мөн тухайн гэрээг стандарт гэрээ бөгөөд гэрээний 3.1 дэх хэсэг нь худалдан авагчийн эрхийг хязгаарласан тул хүчин төгөлдөр бус гэж үзэн сөрөг шаардлага гаргасан.

 

5.1. Хариуцагч тал татгалзлын үндэслэл болон сөрөг шаардлагадаа “...зах зээлд газ нийлүүлэх эрхийг дангаар гүйцэтгэж байгаа тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд бол зөвхөн **** ХХК болох”-ыг АМГТГазрын албан бичиг нотолно, БШХийн үнийг үндэслэлгүйгээр нэмсэнийг гаалийн мэдүүлэг, бүрдүүлэлт хийсэн лавлагаа нотолно, нэхэмжлэгч тал байгалийн шахсан хий нийлүүлэх үүргээ цаг хугацаандаа гүйцэтгээгүйгээс Нийтийн тээврийн үйлчилгээний газрын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй торгууль төлж хохирсон болохыг Нийтийн тээврийн үйлчилгээний газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, торгууль төлсөн банкны баримт, хуулга нотолно гэдэг.

 

5.2. Ашигт малтмал, газрын тосны газраас “****” ХХК-д хүргүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9/4916 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичигт “...Зөвшөөрлийн тухай хууль болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дагуу шатдаг хий импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас олгодог бөгөөд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын  2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/173 дугаар тушаалаар 683 дугаартай шатдаг хий  /LNG/ импортлох, 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн А/237 дугаар тушаалаар 733 дугаартай Шингэрүүлсэн байгалийн хийн  /CNG/ жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “****” ХХК-д тус тус 3 жилийн хугацаатай олгосон” гэжээ. Энэхүү албан бичгийн агуулга нь ...**** ХХК шингэрүүлсэн байгалийн хий /CNG/-н худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон талаар дурдсан байх бөгөөд зөвхөн тухайн хуулийн этгээд дангаар энэхүү тусгай зөвшөөрлийн эрхийг эдэлдэг гэж дүгнэх боломжгүй болно.

 

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч талын худалдан борлуулсан, импортоор авсан БШХийн үнэ өөрчлөгдсөн болох нь тогтоогдож байх хэдий ч үнэ өссөн, нэмэгдсэн талаар гомдол, санал, гэрээнд өөрчлөлт оруулах хүсэл зоригийг хариуцагч талаас илэрхийлсэн үйл баримт тогтоогдоогүй. **** ХХК нь БШХ нийлүүлэх эрхийг дангаар эзэмшдэг, давуу байдлаа ашиглан дураар үнэ тогтоосон, тэдний цаг хугацаандаа БШХ нийлүүлээгүйгээс бид торгууль төлж хохирсон гэх тайлбараа хариуцагч тал нь баримтаар нотлоогүй гэж үзэв.

 

5.4. Энэ үндэслэлээр хариуцагч талын хохиролд  50,887,000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлага үндэслэлгүй байна. Мөн 2020 оны 08 сарын 01-ний өдрийн UBM-03/101 дугаартай “Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ”-г стандарт гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

5.5. Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д “Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ”, 200.2-т “Талууд нэг бүрчлэн тохиролцож тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэж үзэхгүй, 200.3-т “Дараахь нөхцөл бүрдсэн тохиолдолд стандарт нөхцөл нь талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болно:

200.3.1.санал гаргагч тал нь гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцөлийг ил тод харагдахаар бичиж энэ нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй гэрээг байгуулахаар заасан бол;

200.3.2.нөгөө тал нь дээрх нөхцөлтэй танилцах боломжтой байсан бөгөөд уг нөхцөлийг зөвшөөрсөн бол” гэж заасан байх бөгөөд хуулийн зүйл заалтын агуулгаас үзэхэд нэхэмжлэгч буюу шингэрүүлсэн байгалийн хийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр худалдах эрх бүхий хуулийн этгээдээс талуудтай байгуулж буй худалдах, худалдан авах гэрээний нөхцлүүд нь олон нийтэд байнга хэрэглэгдэх, өөрийн хүсэл зоригийг урьдчилан тогтоосон, журамласан, гэрээ байгуулж байгаа газарт стандарт нөхцлийг ил тод харагдахаар бичиж байрлуулах шаардлага, шинжийг агуулсан байхыг хууль тогтоогч шаардсан байна. Дээрх урьдчилсан нөхцөлийг үндэслэл болгон тайлбарлах нэхэмжлэгч талын татгалзлыг үндэслэл бүхий гэж үзлээ.   

 

Нэгэнт тухайн гэрээ нь стандарт гэрээ бус тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна...” гэж заасны дагуу хэлцлийн зүйл, заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага үндэслэлгүй юм.

 

6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар болон дээрх үйл баримт нотлогдсон байдал, дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгч тал нь 2020 оны 08 сарын 01-ний өдрийн UBM-03/101 дугаартай “Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ”-нд заасны дагуу тооцоо нийлсэн акт буюу баримтаар тогтоогдож байгаа үлдэгдэл төлбөр БШХ-н үнэ болох 491,956,491 төгрөгийг, мөн гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүрэг үнийн дүнгийн 10 хувиар тооцож алданги 49,195,649 төгрөг, нийт 541,152,140 төгрөгийг хариуцагч тал хариуцах учиртай. Алдангийн хэмжээ нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцнэ.

Сөрөг шаардлагын хувьд хариуцагч шаардлага, үндэслэлээ нотлоогүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж шийдвэрлэв.

 

7. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд нэхэмжлэгчийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 541,152,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, “****” ХХК-нд олгож, Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний 3.1 дэх заалтын Худалдагч тал нь байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид мэдэгдэнэ гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамж 2,863,711 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар “****” ХХК-иас 541,152,140  төгрөгийг гаргуулж “****” ХХК-нд олгож, Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, тухайн гэрээний 3.1 дэх заалтын “Худалдагч тал нь байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид мэдэгдэнэ” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,863,711 төгрөг, хариуцагчийн төлсөн 552,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,863,711 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “****” ХХК-нд олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ