Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00458

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00458

 

 

 

 

 

 

 

Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/00068 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ю ХХК нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г ХХК-д холбогдох,

худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 541,152,140 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

стандарт гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Г ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр UBM-03/101 дугаартай байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тус гэрээгээр манай компанийн зүгээс чанар, стандартын шаардлага хангасан байгалийн шахсан хийг /CNG/ худалдан авагч талд нийлүүлж, худалдан авагч талаас үнийг төлөх үүргийг хүлээн хамтран ажиллахаар тохиролцсон. Анх гэрээ байгуулсан 2020 оноос хойш гэрээний хугацаа дуусах тухай бүрд нь гэрээгээ сунган өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байна.

Г ХХК нь 2022 оноос хойш худалдан авсан байгалийн шахсан хийн төлбөрөө төлөлгүй төлбөрийн хуримтлал үүсгэж байсан. Улмаар Г ХХК нь манайд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 491,956,491 төгрөгийн өр, төлбөртэй байгааг харилцан баталгаажуулсан боловч одоог хүртэл ямар ч төлөлт хийгээгүй. Мөн гэрээний 3.3-т худалдан авагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг худалдагч талд төлнө, алдангийн хэмжээ нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй хэмээн тохиролцсон.

Иймд хариуцагчаас үлдэгдэл төлбөр 491,956,491, алданги 49,195,649 төгрөг, нийт 541,152,140 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Манай компани анхны газан хөдөлгүүрт автобусыг 2017 оны 12 дугаар сард Солонгос улсаас оруулж ирсэн үеэс эхлэн Ю ХХК-тай байгалийн шахсан хий зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн.

Ю ХХК нь Хятад улсаас татан авалт хийж байгаад 2019 оны эхэн үеэс Орос улсаас татан авалт хийдэг болсноос эхлэн байгалийн шахсан хийн тасалдал их гарч, манай байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарах болсон. Энэ талаар манай байгууллага удаа дараа мэдэгдэж байсан боловч байгалийн шахсан хийн чанар өөрчлөгдөөгүйн дээр г үнийг удаа дараа нэмсээр байна. Байгалийн шахсан хийн хувьд онцгой албан татваргүй, үнийн хувьд тогтвортойгоор бусад колонкууд зардаг бол Ю ХХК-ийн нийлүүлж байгаа байгалийн шахсан хийн үнэ 1,650 төгрөгөөс 3,100 төгрөг болтлоо өссөөр ирсэн.

Энэхүү өндөр үнийн улмаас зардал өсч манай байгууллагад сул зогсолт үүссэн. Бидний хүнд байдлыг харгалзан үзэж Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2020 оноос 2022 оныг дуустал манай байгууллагад гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 02/744 тоот гэрчилгээ олгосон.

Иймд бид Ю ХХК-тай хамтран ажилласан хугацаанд зорчигч тээврийн үйлчилгээний гаралтаа алдсан, улсад болон хувийн хэвшлүүдэд ихээхэн хэмжээний өрөнд орж хэвийн үйл ажиллагаатай байсан байгууллага дампуурах хэмжээнд хүрсэн гэж үзэн нэхэмжилсэн алдангийн дүн болон үндсэн төлбөрийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Ю ХХК нь Монгол улсад автобусанд зориулсан байгалийн шахсан хий импортлох, худалдан борлуулах тусгай зөвшөөрөл эзэмшдэг ганц компани тул манай байгууллага худалдагч талын өгсөн гэрээг байгуулахаас өөр аргагүй байсан.

Гэрээний 3.1-д Худалдагч тал байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид бичгээр мэдэгдэнэ гэж зааж гэрээний тэгш байдал алдагдах нөхцөл бий болсон бөгөөд худалдагч үнийг дангаар тогтоох эрхийг гэрээгээр өөрт олгосон нь худалдан авагчид хохиролтой бөгөөд Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлийг зөрчсөн.

Иймд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоож, гэрээний 3.1 дэх хэсэгт заасан хэсгийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү.

2.3. Гэрээний 4.1-т Худалдан авагч нь чанарын шаардлага хангасан байгалийн шахсан хийг тасалдалгүй нийлүүлэхийг худалдагчаас шаардах эрхтэй гэж, гэрээний 5.5-д Худалдагч нь заасан үнэ, тоо хэмжээ бүхий чанарын шаардлага хангасан байгалийн шахсан хийг худалдан авагчид тасалдалгүй нийлүүлсэн байх үүрэгтэй гэж заасан боловч Ю ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн уг үүргээ биелүүлээгүй.

Ю ХХК нь байгалийн шахсан хий нийлүүлэхдээ тасалдал ихээр үүсгэж, өдөрт авах хэмжээнд хязгаар тогтоосноос манай компани 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Нийтийн тээврийн газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу зорчигч тээврийн үйлчилгээг хэвийн тасалдалгүй эрхлэн явуулах үүргээ биелүүлж чадахгүйд хүрч 50,887,000 төгрөгийн төргуулийг Нийтийн тээврийн газарт төлсөн.

Иймд Ю ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг буюу байгалийн шахсан хий тасралтгүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс манай компанид учирсан хохирол 50,887,000 төгрөгийг Ю ХХК-иас гаргуулж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Г ХХК-иас 541,152,140 төгрөгийг гаргуулж Ю ХХК-д олгож, байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээг стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, тухайн гэрээний 3.1 дэх заалтын худалдагч тал нь байгалийн шахсан хийн нэгж үнийг худалдан авагчид мэдэгдсэн байх ба үнэд өөрчлөлт орох бүрд худалдан авагчид мэдэгдэнэ гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 50,887,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,863,711 төгрөг, хариуцагчийн төлсөн 552,785 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,863,711 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. "Ю " ХХК нь автобусанд зориулагдсан байгалийн шахсан хийн түлшийг Монгол улсад импортлох, жижиглэнгээр худалдан борлуулах тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг бөгөөд энэ нөхцөл байдлаа өөрт давуу байдал болгон ашиглаж гэрээний үнийг дангаар тогтоох эрхийг гэрээгээр өөрт олгосон нь худалдан авагч талд хохиролтой, хуульд харшилсан, түүнчлэн гэрээний үнийг дураараа нэмж хариуцагч талыг 541,152,140 төгрөгийг төлөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ талаарх нотлох баримтыг хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх анхаарч үзээгүй.

Хариуцагчийн зүгээс Ашигт малтмал газрын тосны газраас холбогдох лавлагаа, "Ю " ХХК-аас байгалийн шахсан хий нийлүүлж эхэлснээс хойш байнгын тасалдал үүсгэж Нийтийн тээврийн газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс торгууль алданги тооцуулж, түүнийг төлсөн баримт болон бусад холбогдох баримтыг өгсөн боловч шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулалгүйгээр шийдвэрлэсэн.

Түүнчлэн анхан шатны шүүх тооцоо нийлсэн баримтад гарын үсэг зурсан, үнэ нэмсэнтэй холбогдуулж маргаж байгаагүй үйл баримт тогтоогдсон гэж шүүхийн шийдвэртээ дурдсан байх боловч "Ю " ХХК нь байгалийн шахсан хий худалдан борлуулах эрхийг дангаараа эзэмшдэг тул хариуцагч Г ХХК нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжүүлэхийн тулд тухайн заасан үнээр нь авахаас өөр аргагүй байдалд байсан.

4.2. Иргэний хуулийн 184 дүгээр зүйлийн 184.4, 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасны дагуу 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ"-г стандарт нөхцөл бүхий гэрээ мөн бөгөөд, тус гэрээний 3.1 дэх заалт нь худалдан борлуулах эрх буюу тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаа өөрт давуу байдал болгон ашиглаж гэрээний үнийг дангаар тогтоох эрхийг гэрээгээр өөрт олгосон нь худалдан авагч талд хохиролтой, хуульд харшилсан тул стандарт нөхцөл бүхий гэрээний тухайн заалт хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

 5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан байгалийн шахсан хий худалдах худалдан авах гэрээ нь стандарт нөхцөл бүхий гэрээ биш. Тухайн гэрээг манай байгууллагаас урьдчилан олон нийтэд зарласан, гэрээний нөхцөлийг тулгаж шаардсан зүйл байхгүй.

Манай байгууллагаас импортоор оруулж ирсэн байгалийн шахсан хийн үнийг урьдчилан тогтоох боломжгүй байдаг. Үнэ нэмэгдсэн шалтгаан нь валютын ханш өсөж цаанаас ирсэн худалдан авалтын үнэ өөрчлөгдсөн. Валютын ханш буурсан үед байгалийн шахсан хийн үнийг бууруулж байсан. Хариуцагч Г ХХК-аас үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар манай байгууллагад мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд хүлээн зөвшөөрч худалдан авалт хийж байсан.

Ашигт малтмал газрын тосны газраас ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн албан бичигт байгалийн шахсан хийг Ю ХХК дангаараа оруулж ирдэг талаар огт дурдаагүй.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа Г ХХК нь гэрээний зөрчлийн улмаас 50,887,000 төгрөгийн хохирол учирсан гэж шаардсан боловч манай байгууллагаас гэрээний үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй. Энэ талаарх нотлох баримтыг хариуцагч байгууллагаас гаргаж өгөөгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт 491,956,491, алданги 49,195,649 төгрөг, нийт 541,152,140 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 3. 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэрээгээр Ю ХХК нь худалдан авагчийн захиалгаар байгалийн шахсан хий нийлүүлэхээр, Г ХХК нь үнийг төлөхөөр харилцан тохиролцжээ /1хх 11-13/.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин талаар зөв дүгнэсэн.

 3.1. Талууд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлсэн байгалийн шахсан хийн төлбөрт Г ХХК нь 491,956,491.60 төгрөг төлөх төлбөрийн үлдэгдэлтэй байгааг тооцоо нийлэн баталгаажуулжээ /1хх 14, 202-209, /.

 3.2. Ю ХХК-аас 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 22/23, 07 дугаар сарын 18-ны өдрийн 22/40, 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22/54, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22/72, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23/04 тоот албан бичгүүдээр байгалийн шахсан хийн борлуулалтын үнийг өөрчилсөн талаар мэдэгдсэн, Г ХХК-аас Ю ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 065, 12 дугаар сарын 20-ны өдрийн 209, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05, 11 дүгээр сарын 23-ны өдрийн 167, 12 дугаар арын 05-ны өдрийн 178, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 66 тоот албан бичгээр тус тус төлбөрийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулах талаар илэрхийлж байжээ.

 4. Хариуцагчийн зүгээс хүлээн авсан бүтээгдэхүүний тоо хэмжээний талаар маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгчийг зах зээлд давуу байдлаа ашиглан үндэслэлгүй үнэ нэмсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн.

Үүнтэй холбогдуулан хариуцагч нь Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага бус, харин татгалзлын үндэслэлд хамаарч байна.

Анхан шатны шүүх хариуцагчийн татгалзлыг сөрөг нэхэмжлэл гэж дүгнэн шийдвэрлэсэн нь буруу тул үүнийг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 4.1. Анхан шатны шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийг байгалийн шахсан хийг Монгол улсад дангаар нийлүүлдэг, мөн гэрээний үнийг үндэслэлгүй нэмсэн гэх мэтгэлцээний байр сууриа баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчаас гаргаж өгсөн Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9/4916 тоот албан бичигт Ю ХХК-ийг байгалийн хий импортлох, худалдах тусгай зөвшөөрөлтэй болохыг тодорхойлсон байх бөгөөд зах зээлд давамгай аж ахуй нэгж болох талаар тодорхойлоогүй /1хх 220/.

Мөн хариуцагчийн гаргасан анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зах зээлд давамгай аж ахуй нэгж болохыг тодруулаагүй гэх гомдлыг хүлээн авахгүй. Нотлох баримтын хуваарилалтын хувьд энэ үүрэг хариуцагчид ногдоно.

 4.2. Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөлийг агуулсан гэж дүгнэх баримт хэрэгт авагдаагүй тул талууд гэрээний нөхцөлийг Иргэний хуулийн 39, 40 дүгээр зүйлд зааснаар харилцан хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан гэж дүгнэнэ.

Учир нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн, хуулийн этгээд гэрээний оролцогч байгаа тохиолдолд үүсэх хууль зүйн ойлголт бөгөөд энэ хэргийн хувьд хариуцагч нь байгалийн шахсан хийг үйл ажиллагаандаа тогтмол ашигладаг нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байгаа болно.

Иймээс гэрээний 3.1-д заасан үнэ өөрчлөлт орох бүрд албан бичгээр мэдэгдэхээр талууд тохиролцсоныг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэхгүй.

 4.3. Хариуцагч нь нь Байгалийн шахсан хий худалдах, худалдан авах гэрээ-г стандарт нөхцөл бүхий гэрээ болохыг тогтоолгох, гэрээний 3.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар маргахдаа гэрээний уг зохицуулалтын үйлчлэл, нэхэмжлэгчийн байгалийн шахсан хий нийлүүлэлт тасалдсан зэргээс шалтгаалан 50,887,000 төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэхдээ стандарт нөхцөл бүхий гэрээ, хүчин төгөлдөр бус байх хэлцэл, үнийг үндэслэлгүй өсгөсөн зэрэг сөрөг нэхэмжлэлийн үндэслэл үгүйсгэгдсэн, түүнчлэн нийлүүлэлтийн тасалдлын улмаас 50,887,000 төгрөгийн хохирол учирсан болохыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 4.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас байгалийн шахсан хийн үнэд 491,956,491.60 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт, 50,887,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт нийцэж байна.

Шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг бичихдээ техникийн алдаа гаргасан, мөн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 5. Гэрээний 3.3-т худалдан авагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0,1 хувийн алдангийг худалдагч талд төлнө, алдангийн хэмжээ нийт үнийн дүнгийн 10 хувиас хэтрэхгүй байхаар талуудын тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод, нэхэмжлэгч алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр 491,956,491 төгрөгийн 10 хувиар хязгаарлаж 49,195,649 төгрөгөөр алдангийг тодорхойлсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2024/00068 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-аас 541,152,140 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ю ХХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар Ю ХХК-д холбогдуулан гаргасан хохирол 50,887,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэх заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,633,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Т.БАДРАХ