Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1721

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2019/00236 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Э, М.А нарт холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Т,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Үзмээ,

Хариуцагч: Л.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 4 дүгээр сарын дунд үеэр гэр худалдаж авах талаар өөрийн таньдаг хүнтэйгээ ярьж байхад М.А гэр авах гэж байгаа юм уу, манайх дээр үеийн модтой, дээвэр, туурга бүтэн их 5 ханатай гэр зарна гэж хэлсэн.

Хоёр хоногийн дараа М.А ээж Л.Э-гийн хамт өөрийн гэрийг үзүүлж гадна талын цагаан бүрээс байхгүй, брезенттэй, их таван ханатай гэр байгаа гэж хэлсэн ба гэрийг 750 000 төгрөгөөр, гэрийн хуучин хивсийг 50 000 төгрөгөөр буюу нийт 800 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон.

Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500.000 төгрөгийг М.А-д бэлнээр өгч, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр гэрийг очиж авах үед М.А 3, 4 унь дутуу, дээвэр, туурга бүрэн гэж хэлсэн бөгөөд тухайн үедээ гэрийг нь нэг бүрчлэн нарийн үзэж хараагүй, үлдэгдэл 300 000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан.

Би гэртээ ирээд үзэхэд дээвэр, туурга нь уранхай, 15 унь дутуу, брезент нь алга болчихсон байсан учир би тэр даруй М.А-д утсаар хэлэхэд М.А үгүй гээд утсаа тасалсан бөгөөд тар даруй эгчийг дагуулан М.А-ын гэрт очиход мөнгийг чинь өгч чадахгүй, хүнс авсан гэж хэлсэн.

Би маргааш нь гэрийг нь ачаад аваачиж өгөхөөр очиход М.А манай гэр дутуу биш, зарагдсан бараа буцаахгүй гэж хэлсэн, Л.Э нь эгч нь орой хүүхдүүдтэйгээ ярилцаж байгаад мөнгийг нь эргүүлж өгөөд гэрээ авах эсэх талаар хариу өгнө. Эгч нь дутуу унь, брезент авч өгөөд, дээвэр туургыг нь заваараа очоод оёоод өгнө гэж хэлсэн.

Дараа нь М.А, Л.Э нар хамт манай гэрч ирж гэрийг үзээд нэг туурга дотор гэрийн цавгийг нь сольсон байна, 16 унь дутах ёсгүй зөвшөөрөхгүй гэж байсан. Л.Э одоо гэрээ авч яваад зараад мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд нь би гэрийг өгөөгүй.

Иймд М.А, Л.Э нараас 800 000 төгрөгийг гаргуулж гэрийг нь буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Л.Э, М.А нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Д.Т гурван хүний хамт гэр үзэх гэж ирсэн ба 750 000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 500 000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан.

Дараа нь үлдсэн 250 000 төгрөгийг авч, 5 ханатай, шалгүй, хуучин шар эсгий дээвэр, 6 ширхэг туурга, 3 ширхэг бүслүүр, 2 ширхэг тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр, цаваг, хөшиг зэргийг хүлээлгэн өгсөн.

Угаасан цагаан бүрээс өгсөн байтал халтар цагаан бүрээс өгсөн, тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр өгсөн байтал 1 ширхэг болгоод 3 шүлжээстэй бүслүүрээр сольсон, 2 ширхэг дээврийг 4 болгосон, 6 ширхэг туургыг 4 ширхэг болгосон байсан.

Тэр үед брезент байхгүй байсан, гэрийн унь дутуу гэдгийг хэлж байсан. Их 5 ханатай гэрийн туурга, дээврийг худалдаж авснаас хойш 4 ханатай гэрийн дээвэр, туургаар, мөн цаваг, дотуур бүслүүр зэргийг сольсон байсан. Гэрийн эд зүйлийг сольсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Л.Э-гаас 800 000 төгрөг гаргуулж Боржигин овогт Д.Л-д олгож, нэхэмжлэгчээс худалдан авсан гэрийг нь хариуцагч Л.Э-д буцаан шилжүүлж, Боржигон овогт М.А-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Л.Э-гаас 23 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Л.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би өөрийн эзэмшлийн 5 ханатай гэрийг Д.Т-д дээвэр дан, бор эсгий 2 ширхэг, туурга хуучны бор эсгий 6 ширхэг, тэмээний ноосон хавтгай бүслүүр 2 ширхэг, угаасан цаваг 1 ширхэг, дотуур торгон хөшиг 1 ширхэг, унь 4-5 дутуу гэдгийг хэлээд өгсөн, шалгүй, бирзент байхгүй харуулаагүй, гэрийн үнийг 750 000 төгрөгөөр тохирсон. 50 000 төгрөгт 2 ширхэг хуучин хивс, 250 литрийн тагтай усны төмөр поошиг, 2 шихэг усны сав өгсөн.

Гэрийг буцааж авах гэтэл манай өгсөн дээвэр туурга, ханын бор эсгий туурга, цагаан цаваг бүслүүрүүдийг 4 ханатын муу уранхай цоорхой туургуудаар сольж гэрийн ханыг муу ханаар сольж байрнаас нь хөдөлгөсөн байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх үндэслэл байхгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг буруу тогтоож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч М.А, Л.Э нарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж 800 000 төгрөг гаргуулах, гэрийг нь буцаан өгөх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Л.Э нарын хооронд 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдаж, худалдагч Л.Э 5 ханатай гэрийг 750 000 төгрөг, хивс 50 000 төгрөгөөр тус тус Д.Т-д худалдах, худалдан авагч үнийг төлөх үүрэг хүлээсэн болохыг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээний дагуу Д.Т нь М.А-д 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500 000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Д.Т гэрийг хүлээн авч, өөрийн хашаандаа буулгаж, гэрийг барих үед гэрийн эд зүйлээс дээвэр, туурга уранхай, 15 унь дутуу, брезент байгаагүй нь эд хөрөнгийн доголдол гэж тайлбарласан бол хариуцагч нар нь гэрийн 3-4 унь дутуу байсан, брезентгүй гэдгийг худалдан авах үед нь мэдэгдсэн, нэхэмжлэгч их 5 ханатай гэрийн туурга, дээврийг авч явснаас хойш 4 ханатай гэрийн дээвэр, туурга, цаваг, дотуур бүслүүр, хана зэргийг сольсон гэж маргажээ.

 

Гэрч О.Н-гийн “16 унь дутуу гэж хэлээгүй, цөөхөн хэдэн унь дутуу гэж байсан, 2 хөшиг байгаа, брезент байгаа, битүү хулдаас байгаа гэж хэлсэн, дээвэр туурга нь эвхээтэй байсан, уранхай гэж хэлээгүй, ээж барьж байсан боломжийн сайн гэж гэж М.А хэлж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Д-гийн “ дээвэр нь уранхай, туурга нь муудсан, гэрийн унь 16 орчим дутуу, цаваг нь уранхай муудсан, гадуур цагаан бүрээс, брезент байхгүй, Д.Т тэр үед гэрт нь очиж дээвэр, туурга уранхай муудсан байна гэж хэлсэн, ” гэх мэдүүлэг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлд “..70 унь, үүнээс нарийн хатавчны унь 5 ширхэг, брезент байхгүй, туурга 4 ширхэг, дээвэр 4 ширхэг, жижиг тасархай эсгий 2 ширхэг, цаваг 1 ширхэг, хаалга 1 ширхэг” гэж тусгасан байдлыг анхан шатны шүүх харьцуулан дүгнэж хариуцагч Л.Э, М.А нар нэхэмжлэгч Д.Т-д биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан тул нь гэрээнээс татгалзах, түүнтэй холбоотой үр дагаврыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

 

Үүргийн зөрчилтэй холбоотой гэрээнээс татгалзах эрхийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд хэрэгжүүлэх тул мөн хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах эрхээр тайлбарласан анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болсныг заалруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иймд хариуцагч М.А, Л.Э нараас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан үр дагавар болох гэрээний дагуу худалдсан гэрийн үнэд авсан 750 000 төгрөг, хивс 50 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Т-д буцаан төлөх үүрэгтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2019/00236 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “256 дугаар зүйлийн 256.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж, “гэрийг нь” гэснийг “гэрийг, хивсийн хамт” гэж нэмж оруулан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Г.ДАВААДОРЖ

                                                          

                              ШҮҮГЧИД                                        А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА