Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2021/00244

 

 

 

2021 03 23 001/ХТ2021/00244

 

Д.Туулын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2019/00236 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1721 дүгээр магадлалтай,

 

Д.Туулын нэхэмжлэлтэй,

Л.Энхтуяа, М.Анхжаргал нарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзсны үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

 

Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Л.Энхтуяа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд:  2019 оны 4 сарын дунд үеэр Багануур дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвийн хажууд өөрийн таньдаг хүнтэйгээ гэр авах тухай ярьж байхад М.Анхжаргал гэдэг хүн ирээд гэр авах гэж байгаа юм уу?, манайх дээр үеийн модтой, дээвэр, туурга бүтэн их 5 ханатай гэр зарна гэж хэлсэн. Хоёр хоногийн дараа би Багануур дүүргийн хоёрдугаар хороонд хураалттай байгаа гэрийг очиж үзсэн. Намайг очиход М.Анхжаргал нь ээж Л.Энхтуяагийн хамт өөрийнхөө гэрийг үзүүлээд гадна талын цагаан бүрээс байхгүй, берзенттэй, их таван ханатай гэр байгаа гэж хэлсэн. Намайг настай хүнээс гэр авч байгаа юм чинь дээвэр, туурга нь бүтэн байлгүй дээ гэж хэлэхэд бүтэн гэж хариулсан. Бид гэрийг 750,000 төгрөг, гэрийн хуучин хивсийг 50,000 төгрөг, нийт 800,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. 2019.04.20-ны өдөр уг мөнгөнөөс 500,000 төгрөгийг М.Анхжаргалд бэлнээр өгсөн. Би 2019.04.28-ны өдөр Багануур дүүргийн 2 дугаар хорооноос гэрийг очиж авсан. Гэрийг хүлээж авахдаа би М.Анхжаргалд гэрийн унь дутуу юу? гэж асуухад 3, 4 унь дутуу, дээвэр, туурга бүрэн гэж хэлсэн. Би тухайн үед түүнд найдаад гэрийг нь нэг бүрчлэн нарийн үзэж хараагүй үлдэгдэл 300,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгөөд гэрээ ачаад явсан. Би гэртээ ирээд үзэхэд дээвэр, туурга нь уранхай, 15 унь дутуу, берзент нь алга болчихсон байсан учир би тэр дор нь М.Анхжаргал руу залгаад энэ талаар хэлэхэд М.Анхжаргал үгүй гээд утсаа тасалсан. Би эгчийгээ дагуулаад М.Анхжаргалын гэрт очоод энэ талаар дахин хэлэхэд мөнгийг чинь өгч чадахгүй, хүнс авчихсан гэж хариулсан. Тэгэхээр нь би та тэгвэл дутуу юмнуудаа гүйцээгээд өгчих гэхэд манай гэр бүрэн, өгч чадахгүй гэж хэлсэн. Тэгвэл одоо очоод буулгасан юмнуудаа харчих гэхэд М.Анхжаргал үгүй, та одоо яамаар байна гэхэд нь дутуу юмнуудаа өг, эсвэл мөнгөө буцааж авъя гэхэд наймаа буцаахгүй гэж хэлсэн. Би маргааш гэрийг нь буцаагаад аваачиж өгье гэхэд за тэр яах вэ? маргааш авчраад өгчихвөл гэрээ буцаагаад авъя, 2, 3 хоног болсон тохиолдолд гэрээ буцааж авахгүй шүү гэж хэлсэн. Би маргааш өдрийн 11 цагийн үед гэрийг нь ачаад аваачиж өгөхөөр очтол зарагдсан барааг буцаахгүй гэсэн бөгөөд М.Анхжаргалын ээж Л.Энхтуяа нь эгч нь орой хүүхдүүдтэйгээ яръя, мөнгийг нь эргүүлж өг гэх нь үү? эсвэл гэрээ ав гэх нь үү? мягмар гарагийн өглөө 10 цаг гэхэд хариу өгье, дутуу унийг нь гүйцээж өгөөд, берзентийг нь аваад өгье, дээвэр, туургыг нь заваараа очоод оёоод өгье гэж хэлсэн. Хэлсэн ёсоороо над руу залгаагүй тул би гэрт нь дахин очиход М.Анхжаргал нь гэрээ буцааж авахгүй гэж уурласан. Дараа нь бид ярилцаад М.Анхжаргал, Л.Энхтуяагийн хамт манай гэрт очиж гэрийг үзүүлэхэд унь нь дутуу, дээвэр, туургыг үзүүлэхэд нэг туурга, дотор гэрийн цавгийг нь намайг сольчихсон байна гэсэн. Намайг 16 унь дутаад байна гэхэд зөвшөөрөхгүй байсан. М.Анхжаргалын ээж Л.Энхтуяа нь одоо гэрээ авч явж зараад мөнгийг чинь өгье гэхээр нь би гэрийг нь өгөөгүй. Миний хувьд энэ хүмүүсээс авсан гэрээ авчраад тэр даруй утсаар мэдэгдсэн. Надад бусдаас авсан гэрээ солих ёс суртахуун байхгүй ээ. Иймд М.Анхжаргал, Л.Энхтуяа нараас 800,000 төгрөгийг гаргуулж, гэрийг нь буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Л.Энхтуяагийн гаргасан хариу тайлбарт: 2019 оны 4 сарын сүүлээр Д.Туул гэдэг хүн гэр үзье гээд ирсэн юм. Бүтэн сайн өдөр Багануур дүүргийн 2 дугаар хороонд байрлах контейнерт хураалттай байгаа 5 ханатай гэрийг үзүүлэхээр болсон. Гэр үзэхээр Д.Туул гурван хүний хамт ирсэн. Тэгээд гэр таалагдлаа 750,000 төгрөгөөр зарах уу? гэж асуусан. Тэгээд бүрээсийн 50,000 төгрөгийг хасаж 750,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож 500,000 төгрөгийг бэлнээр өгөөд явсан. Гэрээ ачаад явахдаа үлдсэн 250,000 төгрөгөө өгөөд явсан. 5 ханатай, шалгүй, хуучин шар эсгий дээвэр, 6 ширхэг туурга, 3 ширхэг бүслүүр, 2 ширхэг тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр, цаваг, хөшиг зэргийг хүлээлгэж өгсөн. Тэр үед берзент байхгүй байсан. Гэр очиж үзэхэд ч берзент байхгүй байсан, мөн унь дутуу гэдгийг хэлж байсан. Нэгэнт гэрийг ачиж явчихаад берзент байхгүй байхад байсан гэж намайг гүтгээд байгаа. Би гэрийн унь дутуу гэдгийг анхнаасаа хэлж байсан. Их 5 ханатай гэрийн туурга, дээврийг худалдаж авснаас хойш 4 ханатай гэрийн дээвэр, туургаар, мөн цаваг, дотуур бүслүүр зэргийг сольсон байсан. Энэ гэр миний гэр байгаа юм. Гэр зарсан мөнгийг би охиноосоо хүлээн авч хэрэгцээндээ зарцуулсан гэжээ.

 

Хариуцагч М.Анхжаргалын шүүхэд гаргасан тайлбарт: 5 ханатай, шалгүй, хуучин шар эсгий дээвэр, 6 ширхэг туурга, 3 ширхэг бүслүүр, 2 ширхэг тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр, цаваг, хөшиг зэргийг хүлээлгэж өгсөн. Тэгтэл Д.Туул 4 ханатын дээвэр туургаар сольсон учраас маргаад байгаа. Угаасан цагаан бүрээс өгсөн байтал халтар цагаан бүрээс өгсөн, тэмээний ноосон хавтгай дотуур бүслүүр өгсөн байтал 1 ширхэг болгоод 3 шүлжээстэй бүслүүрээр сольсон байсан. Өмнө нь берзенттэй гэр барьж байсан гэж хэлсэн болохоос берзенттэй гэж хэлээгүй, берзент ч анх Д.Туулыг гэр очиж үзэхэд байхгүй байсан, өөр 3 хүнтэй хамт очиж үзсэн тэд ч мэдэж байгаа. Унь дутуу гэдгийг анхнаасаа хэлсэн, гэр ачиж явахад нь ч хэлсэн. Гэрээ хураагаад тавьсан 12 ширхэг зураг үзүүлсэн, манай хурааж тавьсан зүйлийг хөдөлгөсөн байсан, 2 ширхэг дээврийг 4 болгосон, 6 ширхэг туургыг 4 ширхэг болгосон учраас наймаагаа буцаагаагүй. Берзенттэй өгнө гэж хэлээгүй, өмнө нь барьж байсан гэр юм. Гэрээ 800,000 төгрөгөөр зарна гэж байсан боловч гадуур цагаан бүрээсийн үнэ 50,000 төгрөгийг хасаад 750,000 төгрөгөөр зарсан. Гэрийн эд зүйлийг сольсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Туул анх О.Норовсамбуу, С.Долгорсүрэн, Б.Бат-Эрдэнэ гээд 3 хүнтэй хамт контейнерт хураалттай байсан гэрийг ирж үзсэн энэ үед унь дутуу гэдгийг хэлж байсан. Худалдах-худалдан авах гэрээ хийгээд гэрийг ачиж явчихаад наймаагаа буцаана гэдэгт гомдолтой байна. Энэ гэр ээжийн минь гэр байгаа юм. Гэр зарсан мөнгийг ээждээ өгсөн гэжээ.

 

Багануур дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 103/ШШ2019/00236 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгүүдэд зааснаар Боржигон овогт Лхагвын Энхтуяагаас 800,000 төгрөг гаргуулж, Боржигин овогт Долгоржавын Туулд олгож, нэхэмжлэгчээс худалдан авсан гэрийг нь хариуцагч Л.Энхтуяад буцаан шилжүүлж, Боржигон овогт Мягмаржаргалын Анхжаргалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 23.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч Л.Энхтуяагаас 23,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1721 дүгээр магадлалаар: Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019  оны  06 дугаар  сарын  20-ны  өдрийн  103/ШШ2019/00236 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын 256 дугаар зүйлийн 256.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1 гэж, гэрийг нь гэснийг гэрийг, хивсийн хамт гэж нэмж оруулан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Д.Туул нь 3 хүн дагуулж ирээд гэрийг үзээд мөнгөө тохироод авъя гээд ачаад явсан. Нийслэлийн давж заалдах шатны шүүх рүү гэрийн 7 ширхэг эд зүйл сольсон, байрнаас нь хөдөлгөсөн байсан учир гэрийг буцааж авахгүй ээ, 12 ширхэг баримт зураг хавсаргасан, Д.Туул нь өөрөө бороо ороод байрнаас хөдөлгөснөө хүлээсэн. 2 гэрчтэй. Миний бие одоо 59 настай, хүнд хагалгаанд орсон, гэрийг худалдаж аваад явсан, манайх хүчээр өгөөгүй. Өөрсдөө ирж үзээд хуучны мод сайтай, туурга бүх эд зүйл нь таалагдсан гэсэн. Эд зүйл дутуу гэдгийг анхнаасаа хэлсэн. Иймд 800,000 төгрөг гаргах шийдвэрийг зөвшөөрөхгүй. Багануур дүүрэгт байдаг гэрч очиж үзсэн. Байрнаас нь хөдөлгөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Иймд хяналтын шатны шүүх үнэн зөвөөр шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Д.Туул нь Л.Энхтуяа, М.Анхжаргал нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж 800,000 төгрөг гаргуулж, гэрийг нь буцаан өгөх тухай шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, ...үзэж харж, үнэ тохирч авсан, бүрээс, туурга, хана, бүслүүрийг сольсон байх тул гэрээ авахгүй, мөнгийг буцааж өгөх боломжгүй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх Л.Энхтуяагаас 800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Туулд олгож, гэрийг хариуцагч Л.Энхтуяад буцаан шилжүүлж, М.Анхжаргалд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисон байна.

 

Хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тоггоогдохгүй байна.

 

1. Хоёр шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

 

Хэргийн баримтаар Д.Туул, Л.Энхтуяа нар 2019 оны 4 сарын 28-ны өдөр 5 ханатай гэрийг, хуучин хивсний хамт 800,000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцлийг аман хэлбэрээр хийсэн, гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдсөн, нэхэмжлэгч нь гэрийг хивсний хамт авсан нь тогтоогджээ.

 

2. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2-т заасан зохицуулалтаар Худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахгүй.

 

Нэхэмжлэгч Д.Туул гэрийг барих үед дээвэр, туурга уранхай, 15 унь дутуу, брезент байгаагүй нь эд хөрөнгийн доголдол гэж шаардлагынхаа үндэслэлийг, хариуцагч нь 3-4 унь дутуу байсан, брезентгүй гэдгийг худалдан авах үед нь мэдэгдсэн, нэхэмжлэгч их 5 ханатай гэрийн туурга, дээврийг авч явснаас хойш 4 ханатай гэрийн дээвэр, туурга, цаваг, дотуур бүслүүр, хана зэргийг сольсон гэж маргажээ.

 

Худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх нь бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний гол нөхцөл болно.

 

Хоёр шатны шүүх гэрч О.Норовсамбуу, С.Долгорсүрэн нарын мэдүүлэг болон М.Анхжаргалын тайлбар, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтыг зохигчдын тайлбартай харьцуулан үнэлж, хариуцагч нь нэхэмжлэгчид биет байдлын доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

3. Давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагавар болох худалдсан гэр болон хивсний үнийг нэхэмжлэгч Д.Туулд буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэн, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн байх тул магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1721 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750.00 /хорин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Х.СОНИНБАЯР

 

Г.ЦАГААНЦООЖ

 

Д.ЦОЛМОН