Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 172

 

“Э б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг

даргад холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч:                Ч.Тунгалаг,  

Шүүгчид:                              Г.Банзрагч,

                                             Д.Мөнхтуяа,

                                             П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                     Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:    У.Батцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах”,

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0742 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н,

Хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч А.Э.

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э б” ХХК-аас Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68 дугаар, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0742 дугаар магадлалаар: Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.4-т заасныг тус тус баримтлан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамжийг хүчингүй болгох тухай” а/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Захирамжийн заалтанд нэмэлт оруулах тухай” а/75 дугаар захирамжуудыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3”, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0742 магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.

4. Учир нь, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянаж үзэхдээ: Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв татан буугдахаас өмнө “Э б” ХХК-д газрыг шилжүүлэх талаар аймгийн Засаг даргын албан бичиг, Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төвийн орон нутгийн өмчит газрыг “Э б” ХХК-д шилжүүлэх хүсэлт, “Э б” ХХК-ийн газрыг шилжүүлж авах тухай хүсэлт зэргээс харахад тухайн газрыг анхнаасаа зохион байгуулалттай үгсэн тохиролцож үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан байж болох талаар судлаагүй, нэгэнт сумын Засаг дарга холбогдох хуулиудыг судлалгүйгээр гаргасан захирамж нь өөрөө хууль эрх зүйн үндэслэлгүй, процессын алдаатай байсныг давж заалдах шатны шүүхээс тогтоосон байтлаа “Э б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр дахин шинэ акт гаргах гэж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5. Процессын алдаатай, хууль зөрчсөн Засаг даргын тухайн шийдвэрийг /2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн а/06 тоот захирамж/ хүчинтэй байлгаснаар сум орон нутгийн эрх ашгийг хохироосоор байна.

6. Иймд миний бие өөрийн гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн а/68, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн а/75 тоот захирамжуудыг тус тус хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсгийн 1, 2 дугаар заалтыг хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна.” гэжээ.

ХЯНАВАЛ: 

7. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Маргаан бүхий, Төвшрүүлэх сумын Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн а/68 дугаар захирамжаар “Э б” ХХК-д газар эзэмшүүлсэн 2015 оны а/12 дугаар захирамжийг хүчингүй болгож, мөн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн а/75 дугаар захирамжаар а/68 дугаар захирамжийн 1 дэхь заалтад “Тариалан эрхлэлтийг дэмжих техник дундын үйлчилгээний төвийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “Э б” ХХК-д шилжүүлсэн захирамж нь Газрын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, багийн иргэдийн нийтийн эрх ашгийг зөрчиж байгаа тул” гэсэн нэмэлт оруулж тус тус шийдвэрлэжээ. 

9. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, анх Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 38 дугаар тогтоолоор “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв” ОНӨААТҮГ-ыг тус аймгийн Төвшрүүлэх суманд байгуулж, улмаар сумын Засаг даргын 2011 оны 37 дугаар захирамжаар тус төвд Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, аймгийн ИТХ-ын 2010 оны 08 дугаар тогтоол, сумын ИТХ-ын 2010 оны 07 дугаар тогтоолуудыг үндэслэн төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газар буюу 1604 га газрыг тариалангийн зориулалтаар, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүйгээр эзэмшүүлж шийдвэрлэжээ. Улмаар “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв” ОНӨААТҮГ нь үйл ажиллагаагаа цаашид явуулах боломжгүй болж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 58 тогтоолоор татан буугдсан байх ба Төвшрүүлэх сумын Засаг даргын 2015 оны а/12 дугаар захирамжаар тус төвийн эзэмшиж байсан 1604 га газрыг “Э б” ХХК-д шилжүүлж эзэмшүүлсэн байна.

10. Анхан шатны шүүх маргааны үйл баримт, маргаж буй захиргааны актуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн “Төвшрүүлэх сумын сумын Засаг даргын 2016 оны а/68, а/75 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дараах үндэслэлүүдээр хуульд нийцжээ.    

11. Учир нь, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй”, 2-ийн 1/-д “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олгосон эрх хэмжээний дотор орон нутгийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.  

12. Мөн Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дугаар зүйлд орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож заасан байна.

13. Гэтэл хариуцагч Төвшрүүлэх сумын Засаг дарга Г.Б нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гараагүй, тухайн хурлаас түүнд эрх олгоогүй байхад, 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн а/12 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг баримтлан, аймгийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/20 тоот албан бичиг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтэд үндэслэн орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын эзэмшиж байсан, орон нутгийн өмчид хамаарах 1604 га газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжүүлж эзэмшүүлэн хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Э б” ХХК-д газар эзэмших эрх хуульд заасан журмын дагуу үүсээгүй болох нь тогтоогдсон байна.

14. Иймд хариуцагч сумын Засаг дарга хууль зөрчиж гаргасан дээрх а/12 дугаар захирамжаа өөрөө хүчингүй болгож буюу маргаан бүхий 2016 оны а/68, а/75 дугаар захирамжуудаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...хүчингүй болгоно” гэсэнтэй нийцсэн, анхан шатны шүүх дээрх захиргааны актуудад үндэслэл бүхий  дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

15. Хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдсон байхад давж заалдах шатны шүүх “Тариалан эрхлэлтийг дэмжих дундын үйлчилгээний техникийн төв”-д 1604 га газрыг эзэмшүүлэхдээ төсөл сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны журмыг баримталсан эсэх нь нэхэмжлэгчид үл хамаарах асуудал. ...Засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн газарт “Э б” ХХК-аас ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн... эдгээр нь хүчин төгөлдөр захирамжийн хүрээнд хийгдсэн хууль ёсны харилцаа бөгөөд харин хууль бус захирамж гаргаснаас үүсэн гарах хохирлыг нэхэмжлэгчид хариуцуулах нь шударга ёсны зарчимд үл нийцнэ” гэсэн дүгнэлтийг хийж, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. 

16. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “сумын Засаг даргын а/12 дугаар захирамжаар тус компанид эзэмшүүлсэн газарт үр тариа тариалж, үйл ажиллагаа явуулж байгаа, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, тус төвийн тоног төхөөрөмжийг лизингээр худалдан авснаар манайд их хэмжээний өр үүссэн, ...эдгээрээс үүсэн гарах хохирлын асуудлыг хэн хариуцах” гэж маргажээ. 

17. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна”, 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ” гэж тус тус заасан.

18. Нэхэмжлэгч “Э б” ХХК-ийн хувьд, тус компанид хууль зөрчиж газар эзэмших эрхийг шилжүүлсэн захирамжийн улмаас хохирол учирсан гэж үзвэл өөрт учирсан хохирлоо буруутай захиргааны байгууллага, албан тушаалтнаас нотлох баримтын үндсэн дээр жич нэхэмжилж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй байна.

19. Иймээс магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0742 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 109/ШШ2017/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Ч.ТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧ                                                                Б.МӨНХТУЯА