Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 221/MA2017/0455

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 27 өдөр            

 

 

 

   

   

      Дугаар 221/МА2017/0455

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

Б.Золбоогийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Сарантуяа, хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг нарыг оролцуулан, Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Золбоогийн нэхэмжлэлтэй, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 22 дугаар зүйлийн 22.1.1, 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг тус тус баримтлан Б.Золбоогийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан товлон зарлахгүй байгаа тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр Хурлын Төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүх хуралдааны нийтлэг журам зөрчсөн, холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Золбоогийн нэхэмжлэлд хариуцагч нь Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэж хариуцагчийг тодорхойлсон байхад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг энэхүү хэргийн хариуцагчаар татан оролцуулсан нь хууль зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт иргэдийн төлөөлөгчдийн хуралдааныг товлон зарлахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нарт даалгасан байж тухайн Тэргүүлэгч нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хариуцагчаар татагдсан этгээд нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь тогтоогдвол түүнийг шүүгч нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр жинхэнэ хариуцагчаар солино гэж заасан байна. Хариуцагчаар Хурлын Тэргүүлэгчид биш хурлын даргыг шүүх татан оруулах тохиолдолд нэхэмжлэгчийн зөвшөөрлийг аваагүй байгаа нь хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл юм. Засаг даргыг огцруулах саналыг хурлын төлөөлөгч нар 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаас гаргасан. Энэхүү хурлын тогтоолыг аймгийн Засаг даргад уламжилсан бөгөөд аймгийн Засаг дарга тухайн асуудалд татгалзсан хариуг өгсөн юм. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын гуравны нэгээс доошгүй хувь нь Засаг даргыг огцруулах саналыг гаргасан ба түүнийг 15 хоногийн дотор гэхгүйгээр тухайн өдөр нь хүлээн авч шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д дээд шатны Засаг дарга саналыг хүлээн аваагүй бол нэг жилийн хугацааны дотор дахин тавихгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн хурлын тэргүүлэгчид шийдвэрлэсэн нь хурлын төлөөлөгчийн эрхийг зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагатай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Золбоо нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдуулан “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахгүй байгаа тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Хурлын Төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ 14 төлөөлөгч Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж өргөн мэдүүлсэн атал хуульд зааснаар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахгүй Хурлын Төлөөлөгчдийн эрхийг зөрчиж байна гэж тодорхойлсон.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүйн шаардсанаар, эсхүл Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр ээлжит бус хуралдаан хуралдуулж болно”, 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасныг тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг хуралдуулах урьдчилсан нөхцөл, шаардлага гэж ойлгоно.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал 27 төлөөлөгчтэй, үүнээс 14 хурлын төлөөлөгчийн гарын үсэг бүхий Хурал хуралдуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дүгээр албан бичгээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-д Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах гэж заасныг баримтлан нэр бүхий 5 асуудлыг хурлаар хэлэлцүүлэх санал гаргажээ.

Дээрх албан бичигт баримталсан хуулийн зохицуулалт, хэлэлцэх асуудлын агуулгаас үзвэл Хурлын Төлөөлөгчдөөс гаргасан ээлжит бус хуралдааныг хуралдуулах шаардлага гэж ойлгохоор байх бөгөөд 14 төлөөлөгч шаардлага гаргасан нь нийт төлөөлөгчдийн гуравны хоёроос доошгүй байх шаардлагыг хангаагүй тул Хурлын Тэргүүлэгчдэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар ээлжит бус хуралдааныг хуралдуулах үүрэг үүссэн гэж үзэхгүй.

Нөгөөтэйгүүр, хурлын 14 төлөөлөгчөөс гаргасан “хурал хуралдуулах тухай шаардлага”-ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан Засаг даргыг огцруулах санал гэж үзвэл нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй байх шаардлагыг хангаж байгаа ч хуулийн 32.8-д заасан Ерөнхий сайд, дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэсэн хязгаарлалтад хамаарч байна. Тодруулбал,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2/11 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн г, 32 дугаар зүйлийн 32.2, 32.6 дахь заалтуудыг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарчийг үүрэгт ажлаас нь огцруулах санал гаргаж Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн байх ба Өмнөговь аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1/1979 дүгээр албан бичгээр саналыг хүлээн авах боломжгүй талаар хариу ирүүлжээ.

Ийнхүү дээд шатны Засаг дарга саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэж хориглосон дээр дурдсан хуулийн зохицуулалтыг зөрчиж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 төлөөлөгч дахин Засаг даргыг огцруулах санал гаргасаныг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар хуралдаанаар хуралдаан зарлах шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасантай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зүйл хэсэгт заасан дээд шатны Засаг дарга, Хурал энэ хуулийн 32.4, 32.6-д заасан саналыг хүлээж аваагүй бол Засаг даргыг огцруулах саналыг нэг жилийн дотор дахин тавихгүй гэх хязгаарлалтаар хурлын төлөөлөгчийн Засаг даргыг огцруулах санал гаргах болон Засаг даргыг огцруулахтай холбоотой хуралдааныг хуралдуулахыг шаардах эрхийг тодорхой хугацаанд хориглосон байх тул Хурлын Тэргүүлэгчдэд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасан ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах үүрэг үүсээгүй, хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул хариуцагчаас гаргасан дээд шатны Засаг дарга саналыг хүлээн аваагүй бол нэг жилийн хугацааны дотор дахин тавихгүй гэсэн хуулийн заалтыг үндэслэн хурлын тэргүүлэгчид шийдвэрлэсэн нь хурлын төлөөлөгчийн эрхийг зөрчөөгүй гэх давж заалдах гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
 

ТОГТООХ нь:

            1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасныг баримтлан Б.Золбоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг товлон зарлахгүй байгаа тус сумын Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн өргөн мэдүүлсэн саналыг хэлэлцэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                   

 

                                 ШҮҮГЧ                                  Б.ТУНГАЛАГСАЙХАН

                                     ШҮҮГЧ                                         Э.ХАЛИУНБАЯР

                                      ШҮҮГЧ                                         О.НОМУУЛИН