Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 236

 

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн

Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З-гийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад тус тус холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн    М.Батсуурь,

Шүүгчид:                                     Г.Банзрагч,

                                                    Д.Мөнхтуяа,

                                                    П.Соёл-Эрдэнэ,

Илтгэгч шүүгч:                           Б.Мөнхтуяа,

Нарийн бичгийн дарга:             У.Батцэцэг.

Нэхэмжлэлийн шаардлага: “...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах”

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0020 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0141 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0020 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 32 дугаар зүйлийн 32.6, 32.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгах" шаардлага бүхий Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын төлөөлөгч Б.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0141 дүгээр магадлалаар: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 120/ШШ2017/0020 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З-гийн нэхэмжлэлтэй Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааныг зарлан хуралдуулахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хурлын даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.  

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Наранбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрйн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оы 02 дугаар сарын 27-ны өдрийн 141 дүгээр магадлал хууль буруу тайлбарласан гэсэн үндэслэлээр хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна.

4. Давж заалдах шатны шүүх иргэдийн төлөөлөгч Г.Золбоогийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэдийн төлөөлөгч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т “хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, 12.1.3-т “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах” гэж зааснаас үзэхэд хэлэлцэж байгаа асуудлаар санал дүгнэлт гаргах, санал хураалгах, санал дүгнэлттэй холбоотойгоор өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлэх эрхтэй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж зааснаас үзэхэд хурлын төлөөлөгч нь тухайн Хурлын ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулахтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй байна.

5. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандахын Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0029 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа болно.

6. Иймд Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 0029 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оы 02 дугаар сарын 27-ны өдрийн 0141 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү

ХЯНАВАЛ:

7. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

8. Нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.З- нь “иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаан зарлахгүй байгаа Өмнөговь аймгийн Цогтцөций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоон, Хурлын төлөөлөгчдийн шаардсаны дагуу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

9. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар ...Хурлын төлөөлөгч Б.З- нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэн, түүний гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

10. Учир нь, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэдгийг хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг гэж ойлгохоор хуульчилжээ.

11. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Хурлын төлөөлөгчийн гуравны нэгээс доошгүй нь Засаг даргыг огцруулах саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн бол Хурал 15 хоногийн дотор уг саналыг хуралдаанаараа хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэж заасан байна.

12. Хуулийн энэхүү зохицуулалтаар Засаг даргыг огцруулах саналыг тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь шаардаж, саналд гарын үсэг зурж Хурлын даргад өргөн мэдүүлсэн байхаар хуульчилсан байхад тэдгээрийн хэн нэг нь санал нэгдсэн асуудлаар буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах асуудлаар дангаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг тухайн санал гаргасан нийт төлөөлөгчдийн шаардлага, өөрөөр хэлбэл, нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

13. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2018/0141 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                               М.БАТСУУРЬ

             ШҮҮГЧ                                                         Б.МӨНХТУЯА