Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/00023

 

 

 

 

 

 

 

 

               2024     12        25

182/ШШ2024/00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Төрийн банк ХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О.Ц,

 

Хариуцагч: Я.О нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 17,304,235.17 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,

Хариуцагч О.Ц,

Хариуцагч нарын өмгөөлөгч А.О, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

/Хариуцагч *******гийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1.  Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь ОЦэцэгдарь, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,304,235.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

            Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Зээлдэгч *******, ******* нар нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаартай цалингийн зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай,

1.2. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаартай лизингийн зээлийн гэрээ байгуулж 1,450,000  төгрөгийн лизингийн зээлийг жилийн 20,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. 153, 13 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөх үүрэгтэй боловч 2017 оны 04 дүгээр сараас эхлэн тус зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Төрийн банк ХК-д хохирол учруулаад байна.

1.3. Мөн зээлдэгч ******* нь оршин суугаа газраа өөрчлөн олдохгүй байсан тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/ 01260 дугаартай шийдвэрээр сүүлд оршин суугаа хаягаар болох Өмнөговь аймгийн цагдаагийн газраар эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний 423/252 тоотоор зээлдэгч ******* оршин суугаа хаягийг тодорхой болгож, тус цагдаагийн хэлтсээс “оршин суух хаягийг тодорхой болгож, эрэн сурвалжилах ажиллагааг зогсоосон тухай” албан бичгийг банканд ирүүлсэн.

1.4. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3, 30 дугаар зүйлийн 30.1, талуудын хооронд байгуулсан 153, 13 тус тус дугаартай цалин болон лизингийн зээлийн гэрээ, үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч *******, ******* нар 153,13 тус тус дугаартай цалин болон лизингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5,766,496.69 төгрөг, үндсэн хүүний төлбөр 9,961,010.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөр 1,576,728.07 төгрөг, нийт 17,304,235.17 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2.1. ******* миний бие Төрийн банкнаас 2014.06.09-нд 7,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2015.01.23-нд 1,450,000 төгрөгийн лизингийн зээлийг тус тус авсан. Уг зээлүүдээ тасралтгүй төлж байгаад 2015.06 сараас ажил хийх боломжгүй болоод зээлийнхээ эргэн төлөлтийг тасалдуулсан. Батлан даагч эгч *******гийн хүү Батбилгүүн 2015 онд тархины ховдлын хорт хавдар тусч тархины хагалгаанд 2 удаа орж асаргаанд орсон. Эгч ажлаа хийж би дүүгээ харах шаардлагатай болж зээлийн төлөлтөө тасалдуулсан.

2.2. Цалингийн зээлийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Лизингийн зээлийг төлнө гэв.

 

3. Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Би дүү О.Цэцэгдарийн 2014.06.09-нд авсан 7,000,000 төгрөгийн зээлийн батлан даагчаар орсон. 2015 онд миний хүү болох О.Батбилгүүн тархины ховдлын хавдар авхуулах мэс засалд орж, өвчин дахиж 2 удаа тархины мэс засалд орсон тул өөрөө ажил эм тарианы мөнгө олох шаардлага гарсан тул дүү О.Цэцэгдариар хүүгээ асран хамгаалуулсан. Иймд дүү зээлийн эргэн төлөлтийг хийж чадаагүй болно гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/,

3.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/,

3.3. Итгэмжлэл /хх 4/,

3.4. Төрийн банканд 2014.06.09-ний өдөр гаргасан О.Цэцэгдарийн өргөдөл /хх 6/,

3.5. Төрийн банканд 2014.06.09-ний өдөр гаргасан *******гийн өргөдөл /хх 7/,

3.6. Төрийн банкны 2014.06.096-ний өдрийн Зээлийн хорооны хурлын шийдвэр /хх 8/

3.7. Цалингийн зээлийн өргөдлийн маягт /хх 9/

3.8. Зээл олгосон баримт /хх 10-11/

3.9. 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1563 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт /хх 12-15/,

3.10. 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 дугаар Барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт /хх 16-20/,

3.11. О.Цэцэгдарийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 21/,

3.12. Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын Цогтцэций сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн 2023.07.04-ний өдрийн 423/252 тоот албан бичиг /хх 22/

3.13. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.21-ний өдрийн 182/шш2023/01260 дугаар шийдвэр /хх 23-25/,

3.14. Зээл, хүү тооцооны хуудас /хх 26-33/.

 

4.Хариуцагч нараас шүүхэд нотлох баримтаар хариу тайлбар гаргасан болно.

 

 Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 153 дугаар Зээлийн гэрээний үндсэн үүрэгт 5,188,980.83 төгрөг, үндсэн хүү 8,359,971.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,327,373.99 төгрөг, нийт 14,876,326.27 төгрөгийг,

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 577,515.86 төгрөг, үндсэн хүү 1,601,038.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 249,354.08 төгрөг, нийт 2,427,908.90 төгрөг, хоёр зээлийн гэрээний үүрэгт нийт 17,304,235.17 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

1.2. Хариуцагч нар, тэдгээрийн өмгөөлөгчөөс 2014.06.09-ний өдөр байгуулсан 153 дугаар цалин барьцаалсан зээлийн гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон тул хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж, 2015.01.23-ны өдөр байгуулсан 13 дугаартай лизингийн зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хүү тооцох үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

            2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК, хариуцагч *******, ******* нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээг байгуулагдаж, банк нь 7,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, зээл, хүүгийн төлбөрийг зээлд буцаан төлөх хуваарьт заасны дагуу эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, гэрээний дагуу 7,000,000 төгрөгийг зээлдэгч ******* хүлээн авсан, 36 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар,

мөн нэхэмжлэгч Төрийн банк ХК, хариуцагч ******* нарын хооронд 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээ байгуулагдаж, банк нь 1,450,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээл, хүүгийн төлбөрийг зээлд буцаан төлөх хуваарьт заасны дагуу эргүүлэн төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон, гэрээний дагуу 1,450,000 төгрөгийг зээлдэгч ******* хүлээн авсан, 24 сарын хугацаанд үндсэн зээл болон зээлийн хүүг хэрхэн төлөх талаарх зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний хавсралтаар тус тус харилцан тохиролцсон байна.

 

2.2. Хариуцагч *******гийн хүү О.Батбилгүүн 2015 онд тархины ховдлын хорт хавдар тусч тархины хагалгаанд 2 удаа орж асаргаанд орсны улмаас дээрх зээлийн гэрээнүүдийн эргэн төлөлтийг тасалдуулсан талаар хариуцагч нар тайлбарласан.

 

 2.3. Улмаар 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан 153 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр,

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тус дуусгавар болсноос хойш Төрийн банк ХК нь зээлийн гэрээнүүдийн үүргийг шаардаж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч нар нь зээлийн гэрээнүүдийн үүргээ бүрэн биелүүлээгүй байна.

 

 2.4. Зээлдэгч нар нь 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 1,811,019.17 төгрөгийг буцаан төлсөн байх ба 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй,

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 872,484.14 төгрөг, үндсэн хүүнд 129,559.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 99.94 төгрөг, нийт 1,002,143.76 төгрөгийг буцаан төлсөн байх ба 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, үүргийн зөрчил гаргасан болох нь зээл, хүү тооцооны хуудсаар тогтоогдож байна.

 

2.5. Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт буцаан төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

2.6. Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийж, талууд гэрээнд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно.

Төрийн банк ХК нь зээлийн гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч *******, ******* нар нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар хүчин төгөлдөр байна.

 

2.7. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр дуусахаар байна.

 

 Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заажээ.

 

 Нэхэмжлэгч нь хариуцагч нар дээр гэрээний үүрэгт 1,811,019.17 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж зээл, хүүний тооцооны хуудсыг нотлох баримтаар гаргасан ба үүнээс үзвэл хариуцагч нар нь гэрээний хугацаанд буюу 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 60,000 төгрөг төлснөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаантай өнгөрөөсөн гэх баримтыг болон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 182/ШШ2023/01260 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч ******* эрэн сурвалжлуулсан байх хэдий ч энэ нь хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойшхи хугацаанд байх ба Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

 Иймд хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 153 дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт 14,876,326.27 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

 

2.8. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээний тухайд нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар хоорондоо байгуулсан байх учир энэхүү гэрээний үүргийг хариуцагч *******гаас шаардах эрхгүй байна.

 

Тус гэрээний хугацаа 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болсон хэдий ч хариуцагч ******* нь гэрээний үүргийн гүйцэтгэлд 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 150,000 төгрөгийг төлсөн байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолох учир нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

 

Хариуцагч нарын өмгөөлөгчөөс 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээнд хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох ёсгүй гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

 

 Иймд хариуцагч ******* 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан 13 дугаартай Лизингийн зээлийн гэрээний үүрэгт 2,427,908.90 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгож, нэхэмжлэлийн энэхүү шаардлагаас *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

 

3. Хариуцагч ******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул түүний эзгүйд хэрэгт байгаа баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул 2,427,908.90 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,796.54 төгрөгийг хариуцагч ******* гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,471 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 76 дугаар зүйлийн 76.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус заасныг баримтлан ******* зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,427,908.90 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХК-д олгож, үлдэх 14,876,326.27 төгрөг гаргуулах шаардлага болон хариуцагч *******д холбогдох шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,471 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* 53,796.54 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      О.АЗЗАЯА