Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 1720

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Лийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01645 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Р.Лийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Нд холбогдох,

 

Бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Л нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Б-д дүүргийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийн 0324095 дугаар гэрчилгээтэй, 698 м.кв газрыг, эхнэр Д.Д нь мөн өдрийн дүүргийн Засаг даргын захирамжаар газар эзэмших эрхийн 0324096 дугаар гэрчилгээтэй, 700 м.кв газрыг тус тус эзэмшдэг.

Анх газар авахад тухайн газарт газар эзэмших эрхийн зөвшөөрөлгүй дутуу баригдсан тоосгон байшин байсан.

Бид 2013 оны 6 дугаар сард уг газартаа хашаа бариулахад Л.Н миний эзэмшлийн газарт дураараа халдлаа гэж дүүргийн газрын албанд хандсан ба Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 604 тоот албан бичигт “шүүхэд хандаж шийдвэрлүүлэх”, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 тоот албан бичигт “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо б-д байрлах таны мэдээллийн санд бүртгэлтэй газарт Л.Н байшин барьсан тул маргаан үүссэн, маргааныг Иргэний хууль, Газрын тухай хуульд зааснаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх”, Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11\763 тоот албан бичигт “танд дүүргийн нутаг дэвсгэр болох 20 дугаар хороо, б-д дүүргийн Засаг даргын 2010 оны 370 дугаар захирамжаар 700 м.кв газрыг эзэмшүүлсэн боловч таны эзэмшил газар дээр иргэн Л.Н үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Иймд газар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх асуудлаа шүүх, хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг тус тус өгсөн болно.

Иймд Р.Л миний Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, б, газар эзэмших эрхийн 0324095 дугаар гэрчилгээтэй газрыг албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Л-ийн нэхэмжлэлийг хангаж, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, б-д байрлах, нэгж талбарын 3057/24324/18649324285032 дугаар, газар эзэмших эрхийн 0324095 дугаар гэрчилгээ бүхий, 698 м.кв газрыг хариуцагч Л.Нын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь хариуцагч нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн газарт үл хөдлөх хөрөнгө барьж байсан удаагүй.

Л.Нын эзэмшлийн гэх нэхэмжлэлд тодорхойлоод байгаа амины орон сууц нь Р.Лийн эхнэр Д.Дгийн эзэмшлийн газарт багтдаг.

Мөн хариуцагч талаас гаргасан төрийн байгууллагаас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч шүүгч захирамж гаргасан хэдий ч уг захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Түүнчлэн Улсын Дээд Шүүхийн зөвлөмжөөр бусдын хууль бус эзэмшлээс эд хөрөнгө чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхдөө уг эд хөрөнгийн үнийг тодорхойлж, тодорхойлсон үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Р.Л нь хариуцагч Л.Нд холбогдуулан өөрийн эзэмшлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Сүхбаатар дүүргийн засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 370 дугаар захирамжийн дагуу Р.Л нь 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0325095 дугаар гэрчилгээгээр 15 жилийн хугацаатай тус дүүргийн 18 дугаар хороо, б-д байрлах 698 м.кв газрыг эзэмшиж байгаа болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

Р.Л уг газрыг эзэмшилдээ авах үед дутуу барьсан тоосгон байшин байсан, 2013 оны 06 дугаар сард газар дээр хашаа барих ажлыг эхлэхэд Л.Нтай газар эзэмшлийн талаар маргаан үүссэн гэж тайлбарласан байна.

 

Р.Л нь газар эзэмшихтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэхээр харьяа газрын албанд өргөдөл гаргахад Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2014 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 604, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1559, Сүхбаатар дүүргийн газрын алба 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 11/763 тоот албан бичгүүдээр тус тус хариу өгөхдөө маргааныг шүүхээр шийдвэрлүүлэхийг мэдэгджээ. /хх 5-8/

 

Хариуцагч Л.Нд анхан шатны шүүх нэхэмжлэлийг 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гардуулсан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ба хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх баримт болон нөхцөл байдлыг нэхэмжлэгчийн тайлбартай тал бүрээс нь харьцуулан дүгнэж маргаан бүхий газрыг Р.Л нь эзэмших эрхтэй болохыг зөв тогтоожээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу анхан шатны шүүх нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийсний дагуу Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 14/1814 тоот албан бичиг ирүүлсэн ба уг албан бичигт газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программд иргэн Л.Н, Б.Энхцэцэг нарын нэр дээр өмчлөл, эзэмшил, ашиглалтын газрын мэдээлэл байхгүй гэжээ. /хх 137-138, 142/

 

Иймд Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Р.Лийн эзэмшлийн газрыг Л.Ныг хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар үнэлэх боломжгүй нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж нь 70 200 төгрөгийн хэмжээтэй байна гэж тодорхойлсны дагуу анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь зөв тул нэхэмжлэгч нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжийг буруу тодорхойлон төлсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2019/01645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

                                         ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА