Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2023/05553

 

 

 

 

 

 

 

 

 

2023 12 12

101/ШШ2023/05553

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүгч Д.Ганболд, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.******* -гийн,

 

Хариуцагч: Бн ******* -т холбогдох

 

Гэм хорын хохиролд 27,123,434 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, иргэдийн төлөөлөгч О.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.******* хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн  тоотод байрлах үйлчилгээний зориулалттай орон сууцанд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дээд айл болох 231 тоотын оршин суугч Д.******* нь их хэмжээний ус алдаж хохирол учруулсан. Ус алдсанаас хойш 3 хоногийн дараа Д.******* нь ирж зураг дарж аваад даатгалд хандан хохирол барагдуулна гээд нилээдгүй хугацаа авсан. Даатгалаас надад 485,000 төгрөг өгсөн. Энэ мөнгөөр засвар хийх боломжгүй байсан. Би үнэлгээний компаниар засвар хийхэд шаардлагатай үнэлгээг тогтоолгоход даатгалаас өгсөн 485,000 төгрөгийг хасаад 4,005,280 төгрөг болохыг тогтоосон. Иймд Д.*******ээс үнэлгээгээр тогтоогдсон 4,005,280 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Уг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Байранд ус алдсанаас хойш би өөрийн зардлаар 2023 оны 01 дүгээр сард 990,900 төгрөгөөр барилгын материал авч засвар хийсэн. 2023 оны 02 дугаар сард 174,000 төгрөгөөр хохирлын үнэлгээ хийлгэж, цоож худалдан авсан. 2023 оны 08 дугаар сард 8,072,800 төгрөгөөр барилгын бараа материал авч, Л.*******баяр, *******, ******* нарт ажлын хөлс төлж засварын ажлыг гүйцэтгүүлсэн. Би орон сууцныхаа 55 м.кв талбайтай, 2 өрөөг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл сарын 1,000,000 төгрөгөөр С.*******ад түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэвч 2023 оны 01 дүгээр сард ус алдсаны улмаас гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцалсан 2023 оны 01 сарын түрээсийн төлбөр 933,334 төгрөг, 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртлэх түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, нийт 8,933,334 төгрөгийн олох байсан орлогоо хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас алдсан. Мөн уг орон сууцныхаа 38 м.кв талбайтай өрөөг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сарын 1,600,000 төгрөгөөр С.******* түрээслүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл 2023 оны 03 дугаар сард С.Алтаннур нь чийг үнэртэж, бараанд чийгний үнэр шингээд байна гээд түрээсийн гэрээг цуцалсан. Иймд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 5 сарын олох байсан түрээсийн орлого 8,000,000 төгрөгийг ус алдсан буруутай этгээд Д.*******ээс гаргуулна. Түрээслэгч нар түрээсийн гэрээг цуцлаагүй байсан бол сууц өмчлөгчдийн холбооны төлбөр, ус, дулааны төлбөрийг эдгээр түрээслэгч нар төлөх байсан. Гэтэд түрээсийн гэрээг цуцалснаас үүдэн би 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 09 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 183,400 төгрөг төлснийг болон, ус дулааны төлбөрт 1,456,870 төгрөг төлснөөс 728,435 төгрөгийг Д.******* хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд сууц өмчлөгчдийн холбоо болон ус, дулааны төлбөрт нийт 911,835 төгрөгийг нэхэмжилнэ. Шүүхэд хандахын тулд бичиг баримтын зардалд 29,000 төгрөг, нотариатын зардалд 15,000 төгрөг, нийт 44,000 төгрөг зарцуулсан. Д.******* нь гэм хор учруулаагүй байсан бол эдгээр зардал гарахгүй байх байсан.

Иймд нийт нэхэмжлэлийн шаардлагаа 27,123,434 /990,900+174,000+8,072,800+8,933,334+8,000,000+911,835+44,000/ төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 31,329,714 төгрөгөөс даатгалаас авсан 485,000 төгрөгийг хасаж, үлдэх 30,844,714 төгрөгийг гаргуулахаар шаардсан байсан.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед нийт учирсан хохирол болох 31,329,714 төгрөгөөс анх нэхэмжлэлээр шаардсан орон сууцанд засвар хийхэд шаардагдах үнэлгээгээр тогтоогдсон 4,206,280 төгрөгөөс татгалзаж, үлдэх 27,123,434 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2023 оны 01 дүгээр сард Ж.*******гийн өмчлөлийн орон сууц руу ус алдсан үйл баримтад маргахгүй. Бодитой учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн боловч Ж.******* нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Шүүхийн журмаар томилогдсон шинжээч нь Ж.*******гийн орон сууцанд учирсан хохирлыг засварлахад гарах зардлыг 2,883,000 төгрөг болохыг тогтоосон. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,883,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагад дурдахдаа 2023 оны 08 дугаар сард 8.072.800 төгрөг болсон. Мөн бусад материалын зардалд нийт 990.900 төгрөг болсон талаар дурджээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасны дагуу хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх; үүрэг хүлээдэг боловч эдгээр баримтыг гаргаж өгөөгүй байна. Түүнчлэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ-ий татварыг борлуулалтын үнэлгээний 10 хувиар ногдуулдаг. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтуудад уг татварыг төлсөн баримтыг гаргаж өгөөгүйг үзвэл тухайн төрлийн бараа, материал, ажил үйлчилгээг худалдан авахдаа аливаа татвар төлөөгүй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл бодитоор уг ажил, үйлчилгээг худалдан авсан гэх баримт байхгүй. Уг хуулийн зорилго нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд татвар төлөгчийн оролцоотойгоор бүртгэл, хяналтын тогтолцоог сайжруулах, улмаар далд эдийн засгийг бууруулах зорилгоор төлсөн албан татварын 20 хүртэл хувийг татвар төлөгчид буцаан олгох зохицуулалтыг тусгасан билээ. Иймд уг хууль хэрэгжиж эхэлснээр аливаа бараа ажил үйлчилгээг бодитоор татварын аргаар хянах боломжийг олгосон онцлогтой. Түүнчлэн шүүхийн тогтоолоор томилогдсон шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №402 дугаартай дүгнэлтийг үзэхэд тухайн үл хөдлөх хөрөнгөд учирсан бодит зардал, хохирлыг тодорхойлсон байна. Эндээс үзэхэд: Ламинатан шал норж хөөсөн 7.6 м.кв, Хана таазны эмульс обой шарлаж, хууларсан 96.5 м.кв, ариун цэврийн өрөөний ханын будаг ховхорсон 8 м.кв, плита хөндийрсөн 3 м.кв, нүдэн гэрэл шатсан 7 ширхэг зэрэг бараа, материалд хохирол учирсан болохыг тодорхойлсон. Ингэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад буй бараа,материалын хохирол, ажлын хөлсний зардлын тооцоог тухайн үеийн үнэ ханшд тулгуурлан тооцоолж гаргасан. Харин нэхэмжлэгчийн гаргасан баримтууд нь энэ зах зээлийн ханшаас хамаагүй өндөр дүн бүхий байдлаар бараа материал, ажлын хөлсийг тодорхойлсон. Мөнгөн шилжүүлгийн албан ёсны хуулга, баримт байдаггүй. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд энэ бараа материалын зардлаас гадна нэмэлт зардлыг оруулж тооцсон байна. Энэ нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулга дээрээ цоож гэх гүйлгээний утгатай гүйлгээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл ус алдахад тухайн үл хөдлөх хөрөнгийн цоож гэмтсэн эсэх асуудал, түүнчлэн уг материал нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад буй шаардлагатай бараа материалд ороогүй байна.

Нэхэмжлэгч түрээсийн төлбөр 16,933,334 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилжээ. Гэтэл энэ маргааны агуулга нь талуудын хооронд бий болсон эд хөрөнгийн эзэмшил, өмчлөлтэй холбоотой маргаан огт биш. Өөрөөр хэлбэл хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй, бусдад шилжүүлээгүй. Талуудын хооронд аливаа хэлбэрээр эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын үүрэг үүсээгүй байна. Нөгөө талаар хариуцагчийн шууд үйлдлээр нэхэмжлэгч эд хөрөнгөө ашиглах боломжгүй болсон гэх баримт огт байхгүй атал үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна. Мөн нэхэмжлэгчийн байгуулсан гэх түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй гэрээнүүд байгаа юм.

Өмнө нь дурдсанчилан нэхэмжлэгч этгээдийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хариуцагч огт эзэмшиж ашиглаж байгаагүй. Гэтэл шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хариуцагчаас болж орон сууцны байрны ус, дулааны төлбөр гарсан гэх агуулгатай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлжээ. Энэ бол тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж ус дулааны зардал гаргаж байгаа этгээдийн төлбөрийн үүрэг. Энэ төлбөрийн үүргийг тухайн байранд огт хамааралгүй гуравдагч этгээд буюу Д.******* хариуцаж барагдуулах ямар ч үндэслэл байхгүй. Иймд дээрх байдлаар илт үндэслэлгүй байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д .Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь илт үндэслэлгүй байдлаар нэхэмжпэлийн шаардлагыг нэмэгдүүлж ус алдсаны улмаас үүсэн гарсан зардлаас гадна нэмэлт бараа материал ажил үйлчилгээний зардлыг нэмсэн байна.

Иймд гэм буруугийн шууд санаатай үйлдлээр тухайн иргэнд хохирол алдагдал, учруулсан аливаа идэвхитэй үйлдэл байхгүй байхад өөрийн хэрэглээ, ус дулаан, СӨХ-ны төлбөр, бусдад орон байраа түрээслүүлж олох байсан орлого, байрыг дахин сэргээн завсарласан төлбөр, бэлэн мөнгөний падаан дээр гараар бичсэн баримтыг үндэслэж үндэслэлгүйгээр шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан бэлэн мөнгөний орлогын баримт, нотариатын мөнгөний тасалбар, ус алдсан тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, ХХК-ийн хохирол үнэлгээний тайлан, зарлагын баримтууд, Г.*******, Л.*******баяр, А.******* нараас гаргасан тодорхойлолт, түрээсийн гэрээ, Төрийн банкны орлогын мэдүүлгийн баримтууд, дансны хуулга,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, ус алдсан тодорхойлолт,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Д.*******т холбогдуулан гэм хорын хохиролд 4,206,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа 27,123,434 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаас 4,206,280 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 27,123,434 төгрөг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,883,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс хүлээн зөвшөөрч маргасан.

 

2. Нэхэмжлэгч Ж.******* нь улсын бүртгэлийн Ү-2204015451 дугаартай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 7 дугаар орц 00 тоот хаягт байрлах 212,8 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

2.1 Уг үйлчилгээний зориулалттай үр хөдлөх эд хөрөнгөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дээд айл болох 231 тоотод байрлах орон сууцны ариун цэврийн өрөөний хүйтэн шугам элэгдэж, цоорсны улмаас их хэмжээний ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн гаргасан ус алдсан тодорхойлолтоор тогтоогдсон. /хх-8, 42/

Хариуцагч Д.******* нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 231 тоотод байрлах орон сууцны өмчлөгч нь мөн болох, 00 тоот руу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ус алдсан үйл баримтад маргаагүй.

 

2.2 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Ж.*******д учирсан гэм хорын хохирлыг арилгах үүрэгтэй.

 

3. Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв 4-ийн гаргасан ус алдсан тодорхойлолтоор Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 7 дугаар орц 00 тоот хаягт байрлах орон сууцанд паркет шал нойтон болсон. Хоёр өрөөний таазны эмульс, замаск хууларч хөндийрсөн. Хоёр өрөөний хананы обой замаск, эмульс ховхорсон. Өрөөний плита ховхорч хөндийрсөн талаар хохирлын хэмжээг буюу ус алдсаны улмаас орон сууцны аль хэсэг ямар хэмжээгээр доголдол үүссэн болохыг тухайн үед нь үзлэг хийх замаар гаргасан байна.

 

3.1 Нэхэмжлэгч Ж.******* нь ХХК-ийн хохирол үнэлгээний тайланг хэрэгт нотлох баримтаар цуглуулж өгсөн. ХХК нь 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үл хөдлөх эд хөрөнгөд ус алдсаны улмаас учирсан хохирлыг засварлахад гарах хохирлын хэмжээг 4,005,280 төгрөг гэж гаргажээ. /хх-11-20/

Хариуцагч Д.******* нь ХХК-ийн хохирол үнэлгээний тайланг үгүйсгэж, шүүхийн журмаар шинжээч томилж үл хөдлөх эд хөрөнгөд ус алдсаны улмаас учирсан хохирлыг хэмжээг тогтоолгох хүсэлт гаргасан.

Тус шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШТ2023/00250 дугаар тогтоолоор хариуцагчийн хүсэлтийг хангаж, шинжээчээр ХХК-ийг томилсон. Шинжээч ХХК-иас ... 00 тоотод ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээ 2,883,000 төгрөг болов. Үл хөдлөх эд хөрөнгөд ус алдсаны улмаас учирсан хохирлын үнэлгээг гаргасан ХХК-ийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэхийг шалгаж үзэхэд талбайн хэмжээ болон ажлын хөлсний дундаж үнэ ойролцоо боловч материалын орцыг алдаатай тодорхойлсон байна. Жишээ нь 96 м.кв талбайд замаск татахад 24 шуудай замаск орохоор, обойг 50.6 м.кв талбайд 17 боодол орохоор тооцсон. Эмульс обойн хэмжээний нийлбэр замаскийн талбайтай тэнцэхгүй байгаа нь алдаатай, ховхорсон плитаг наах зардлыг тооцоонд оруулаагүй байна. Хохирлын үнэлгээ гаргаж байгаа учир ашигласан хугацааны элэгдлийг тооцож хасаагүй зэргээс ХХК-ийн дүгнэлт үндэслэлгүй гэх дүгнэлтийг гаргасан.

Зохигчид шинжээч ХХК-иас гаргасан дүгнэлтийг үгүйсгэж, маргаагүй. Дахин шинжээч томилуулах хүсэлтийг хэн аль нь гаргаагүй.

 

3.2 Шинжээч ХХК нь Б0 тоотод байрлах орон сууцанд ус алдсаны улмаас хоёр өрөөний таазны эмульс, замаск хууларч хөндийрсөн, тус хоёр өрөөний хананы обой замаск, эмульс ховхорсон, плита ховхорч хөндийрсөн байгааг шинээр материал авч засварлахад гарах зардал болон ажлын хөлс нийт 2,883,000 төгрөгийн зардал гарах болохыг тогтоосон.

Уг шинжээчийн дүгнэлтээр маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөд ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохирлыг засварлахад гарах бодит үнэлгээг гаргасан болох нь тогтоогдсон тул хариуцагчаас орон сууц засварлахад гарах зардалд 2,883,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Хариуцагч уг шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 2,883,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэгт маргаагүй.

 

4. Нэхэмжлэгч Ж.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ХХК-иас гаргасан орон сууцанд ус алдсаны улмаас засварлах зардал 4,206,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа ...бодитоор өөрөөсөө зардал гарган засварласан, уг засварлахад гаргасан зардлаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлээр шаардаж байгаа үндэслэлээр татгалзсан. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч 4,206,280 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэв.

 

5. Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөд нэхэмжлэгч Ж.******* нь 2023 оны 01 дүгээр сард 990,900 төгрөгөөр барилгын материал авч засвар хийсэн. 2023 оны 02 дугаар сард 150,000 төгрөгөөр хохирлын үнэлгээ хийлгэж, 24,000 төгрөгөөр цоож худалдан авсан. 2023 оны 8 дугаар сард 8,072,800 төгрөгөөр барилгын бараа материал авч, Л.*******баяр, *******, ******* нарт ажлын хөлс төлж засварын ажлыг гүйцэтгүүлсэн гэж дээрх мөнгөн хөрөнгүүдийг шаардсан.

5.1 Үл хөдлөх эд хөрөнгөд 2023 оны 01 дүгээр сард 990,900 төгрөг, 2023 оны 8 дугаар сард 4,767,800 төгрөгөөр тус тус бараа материал /обой, эмульс, замаск, зүлгүүр, плита г.м/ худалдан авч засвар хийсэн гэх нэхэмжлэлийн шаардлагаа хэргийн 99-108 дугаар талд авагдсан зарлагын баримтаар тогтоогдоно гэж тайлбарласан.

Уг зарлагын баримтуудаас үзэхэд хэн бараа материал худалдан авч байгаа нь тодорхойгүй, бараа материалын үнийг төлсөн баримтгүй байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс зарлагын баримтын дагуу бараа материал худалдан авахдаа бэлэн мөнгөөр төлбөрийг төлсөн гэж тайлбарласан ба уг тайлбараа баримтаар нотлоогүй. Иймд дээрх зарлагын баримтаар нэхэмжлэгчээс 2023 оны 01 дүгээр сард 990,900 төгрөг, 2023 оны 8 дугаар сард 4,767,800 төгрөгөөр барилгын бараа материал худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

5.2 Нэхэмжлэгч нь иргэн Л.*******баярт 2,000,000 төгрөг, Г.*******эд 735,000 төгрөг, А.*******т 570,000 төгрөгийг тус тус үл хөдлөх эд хөрөнгийн засварын ажлын хөлсөнд төлсөн, уг мөнгөн хөрөнгийг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас төлж хохирсон гэж тайлбарлаж, шаардсан. Хэргийн 109-111 дүгээр талд Л.*******баатар, Г.*******, А.******* нараас гаргасан тодорхойлолтод ...Ж.*******гаас ажлын хөлс авсан нь үнэн гэжээ.

Хэдийгээр эдгээр иргэд нараас ажлын хөлс хүлээн авсан гэх бичгийн тодорхойлолтыг гаргасан байх боловч нэхэмжлэгч Ж.******* нь ажлын хөлсийг хүлээлгэн өгсөн болохоо санхүүгийн баримтаар нотлох шаардлагатай. Тэрээр шүүх хуралдаанд ажлын хөлсийг бэлнээр хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан ба уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

5.3 Нэхэмжлэгч Ж.******* нь үл хөдлөх эд хөрөнгөд ус алдсаны улмаас өөрт учирсан хохирлын үнэлгээг тогтоолгож, шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөгийн ажлын хөлс төлсөн байна. Уг мөнгөн хөрөнгө нь ус алдсаны улмаас учирсан гэм хорын хохиролтой шалтгаант холбоотой байх тул хариуцагч Д.*******ээс 150,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь дээд айлаас ус алдсаны улмаас хаалганы цоожийг шинээр худалдан авсан гэж 24,000 төгрөгийг нэхэмжилсэн нь гэм хорын шалтгаант холбоогүй, ус алдсан тодорхойлолтод эвдэрсэн эд зүйлд хаалганы цоож бүртгэгдээгүй байна. Иймд цоожны төлбөрт нэхэмжилсэн 24,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Нэхэмжлэгч Ж.Энхтуяа нь үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс 55 м.кв талбайг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл сарын 1,000,000 төгрөгөөр С.*******ад, 38 м.кв талбайтай өрөөг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сарын 1,600,000 төгрөгөөр С.******* тус тус түрээслүүлэхээр тохирсон байсан. Ус алдсаны улмаас уг иргэдтэй байгуулсан түрээсийн гэрээ цуцлагдсаны улмаас олох байсан орлогоо алдсан гэж тайлбарлаж,

С.*******тай байгуулсан түрээсийн гэрээг 2023 оны 01 сард цуцалсан, уг сарын төлбөр 933,334 төгрөг, 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөр 8,000,000 төгрөг, нийт 8,933,334 төгрөг,

С.*******ай байгуулсан түрээсийн гэрээгээр 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх 5 сар хүртэлх 8,000,000 төгрөг, нийт 16,933,334 төгрөгийг олох байсан орлогод тооцон гаргуулна гэж шаардсан.

 

6.1 Ж.*******, С.******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 07 дугаар орц, 212.8 м.кв талбайгаас 55 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, сарын 1,000,000 төгрөгөөр түрээслүүлэхээр,

Мөн Ж.*******, С.Алтаннур нарын хооронд 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн гэрээ байгуулагдаж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 38 дугаар байр, 7 дугаар орц, 212.8 м.кв талбайгаас 38 м.кв талбайг 1 жилийн хугацаатай, сарын 1,600,000 төгрөгөөр түрээслүүлэхээр тус тус тохиролцсон байна. /хх-112-117/

 

6.1а Эдгээр иргэдийн хооронд бичгээр түрээсийн гэрээ байгуулагдсан байх боловч уг гэрээний дагуу түрээслэгч С.*******, С.Алтаннур нараас түрээсийн төлбөр төлж байсан буюу уг гэрээг үндэслэн Ж.******* нь орлого олж байсан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Нэхэмжлэгч нь Хаан банк дахь дансны хуулгаар түрээсийн гэрээний дагуу орлого олдог байсан болох нь нотлогдоно гэх боловч хэргийн 129-146 дугаар талд авагдсан дансны хуулганы эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй баримт байна.

 

6.2 Түүнчлэн нэхэмжлэгч нь ус алдахаас өмнө үл хөдлөх эд хөрөнгөө бусдад түрээслүүлж орлого олдог байсан гэж тайлбарлах атлаа ус алдсанаас хойш 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр С.*******ай түрээсийн гэрээ байгуулсан байгаа нь учир дутагдалтай байна.

 

6.3 Аливаа иргэн, хуулийн этгээд өөрийн өмчлөлийн зүйлээ бусдад түрээслүүлэх замаар орлого олж байгаа тохиолдолд Хувь хүний орлогын албан татварыг төлөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу олсон орлогод татвар төлөөгүй гэж тайлбарлаж, энэ талаар баримт хэрэгт цуглуулж гаргаагүй.

Иймд нэхэмжлэгч Ж.******* нь түрээсийн гэрээний дагуу орлого олдог байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдохгүй байх тул олох байсан орлогод нэхэмжилсэн 16,933,334 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

7. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан.

Нэхэмжлэгч Ж.******* нь ус алдсанаас үүдэн 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 9 дүгээр сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 183,400 төгрөг, ус дулааны төлбөрт 1,456,870 төгрөг төлснөөс 728,435 төгрөг, нийт 911,835 /183,400+728,435/ төгрөгийг гаргуулна гэж шаардсан нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Дээд айлаас ус алдсан эсэхээс үл хамааран үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь өөрийн хэрэглэсэн хэмжээгээр ус, дулааны төлбөр болон сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүрэгтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь үйлчилгээний нийт талбайгаас хохирол учраагүй хэсгийг өөрөө ашиглаж, улмаар ус болон дулааны төлбөр гарсан гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахын тулд бичиг баримт бүрдүүлэлтийн зардал болон нотариатын зардалд нийт 44,000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн. Хэргийн 97 дугаар талд авагдсан Монголын нотариачдын танхимын мөнгөний тасалбарын баримтаар 15,000 төгрөгийг нотариатын үйлчилгээний зардалд төлсөн болох нь тогтоогдож байна. Иймд уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Бичиг хэргийн зардал буюу баримт хуулбарлахад хөлс төлсөн гэх шаардлагаа баримтаар нотлоогүй.

 

9. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон О.*******гоос ...шинжээчийн дүгнэлтээр гаргасан 2,883,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Нэхэмжлэгчийн бусад шаардлага нь баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэлт гаргасан нь үндэслэл бүхий байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч Д.*******ээс /2,883,000+150,000+15,000/ 3,048,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 24,075,434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй. Иймд хариуцагчаас 3,048,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 63,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

12. Шинжээч ХХК-ийг хариуцагчийн хүсэлтээр томилсон ба шинжээчийн ажлын хөлс 120,000 төгрөгийг хариуцагч Д.******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Голомт банкаар дамжуулан төлсөн байна. /хх-81/

Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхийн журмаар шинжээч томилуулсан тул уг шинжээчийн ажлын хөлсийг талуудад хуваан хариуцуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.*******ээс 3,048,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,075,434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.******* нь 4,206,280 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

Т.ЭНХЖАРГАЛ