Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/00352

 

 

 

     

 

 

Ж.Э-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/05553 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.О-т холбогдох, гэм хорын хохиролд 26,638,434 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:  

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 18-р хороо, 38-р байрны 7-р орцны 00 тоотод байрлах орон сууцанд хувиараа хөдөлмөр эрхэлдэг. 2023 оны 01 сарын 02-ны өдөр дээд айл болох 231 тоотын оршин суугч Д.О-ийнхээс их хэмжээний ус алдаж хохирол учруулсан. Ус алдсанаас хойш 3 хоногийн дараа Д.О нь ирж зураг дарж аваад даатгалд хандан хохирол барагдуулна гээд хугацаа авсан. Даатгалаас өгсөн 485,000 төгрөгөөр засвар хийх боломжгүй. Засвар хийхэд шаардлагатай үнэлгээг тогтоолгоход даатгалаас өгсөн 485,000 төгрөгийг хасаад 4,005,280 төгрөгөөр тогтоосон. Иймд Д.О-ээс үнэлгээгээр тогтоогдсон 4,005,280 төгрөг гаргуулахаар анх нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Байранд ус алдсанаас хойш би өөрийн зардлаар 2023 оны 01 сард 990,900 төгрөгөөр барилгын материал авч засвар хийсэн. 2023 оны 02 сард 174,000 төгрөгөөр хохирлын үнэлгээ хийлгэж, цоож худалдан авсан. 2023 оны 08 сард 8,072,800 төгрөгөөр барилгын бараа материал авч, н.Ц, н.Б, н.А нарт ажлын хөлс төлж засварын ажлыг гүйцэтгүүлсэн. Би орон сууцныхаа 55 м.кв талбайтай 2 өрөөг 2022 оны 11 сарын 15-ны өдрөөс 2023 оны 11 сарын 14-ний өдөр хүртэл сарын 1,000,000 төгрөгөөр  С.М-ад түрээслүүлэхээр гэрээ байгуулсан байсан. Гэсэн хэдий ч 2023 оны 01 сард ус алдсаны улмаас гэрээ цуцлагдсан. Гэрээ цуцалсны улмаас нийт 8,933,334 төгрөгийн олох байсан орлогоо хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас алдсан. Мөн уг орон сууцныхаа 38 м.кв талбайтай 1 өрөөг 2023 оны 02 сарын 24-ний өдрөөс 2024 оны 02 сарын 23-ны өдөр хүртэл сарын 1,600,000 төгрөгөөр С.А-т түрээслүүлэх гэрээ байгуулсан. Гэтэл 2023 оны 03 сард С.Алтаннур нь бараанд чийгний үнэр шингэсэн байна гээд түрээсийн гэрээг цуцалсан. Иймд 2023 оны 04 сарын 24-ний өдрөөс 2023 оны 08 сарын 24-ний өдөр хүртэлх түрээсийн орлого 8,000,000 төгрөгийг ус алдсан буруутай этгээд Д.О-ээс гаргуулна. Түрээслэгч нар түрээсийн гэрээг цуцлаагүй байсан бол сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг түрээслэгч нар төлөх байсан. Гэтэл түрээсийн гэрээг цуцалснаас би 2023 оны 03-09 сар хүртэл сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 183,400 төгрөг төлсөн. Мөн ус дулааны төлбөрт 1,456,870 төгрөг төлснөөс 728,435 төгрөгийг Д.О- хариуцах ёстой гэж үзэж байна. Иймд сууц өмчлөгчдийн холбоо болон ус, дулааны төлбөрт нийт 911,835 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ. 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: 2023 оны 01 сард Ж.Э-гийн өмчлөлийн орон сууц руу ус алдсан үйл баримтад маргахгүй. Бодитой учирсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлсэн боловч Ж.Э нь үндэслэлгүйгээр их хэмжээний мөнгө нэхэмжилж байна. Шүүхийн журмаар томилогдсон шинжээч нь Ж.Э-гийн орон сууцанд учирсан хохирлыг засварлахад гарах зардлыг 2,883,000 төгрөг болохыг тогтоосон. Иймд шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 2,883,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд энэ бараа материалын зардлаас гадна нэмэлт зардлыг оруулж тооцсон нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулга дээр цоож гэх гүйлгээний утгатай гүйлгээнээс тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл, ус алдахад тухайн үл хөдлөх хөрөнгийн цоож гэмтсэн эсэх асуудал, түүнчлэн уг материал нь хөндлөнгийн шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад буй шаардлагатай бараа материалд ороогүй байна. Хариуцагч Д.О нь нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшиж, ашиглаагүй, бусдад шилжүүлээгүй. Талуудын хооронд аливаа хэлбэрээр эд хөрөнгийн эзэмшил, ашиглалтын үүрэг үүсээгүй байна. Нөгөө талаар хариуцагчийн шууд үйлдлээр нэхэмжлэгч эд хөрөнгөө ашиглах боломжгүй болсон гэх баримт байхгүй атал үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Мөн түрээсийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангаагүй, эрх бүхий байгууллагад бүртгэгдээгүй гэрээнүүд байгаа юм. Энэ бол тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, ашиглаж ус дулааны зардал гаргаж байгаа этгээдийн төлбөрийн үүргийг уг байранд хамааралгүй гуравдагч этгээд Д.О- хариуцаж барагдуулах ямар ч үндэслэл байхгүй гэжээ.

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.О-ээс 3,048,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 24,075,434 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Э- нь 4,206,280 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63,718 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан хохирол 2,883,000 төгрөг мөн ус алдсанаас үүдэн учирсан хохирол 150,000 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт даатгалаас авсан 485,000 төгрөгийг хасч тооцоогүй. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдааны үед өгсөн тайлбар, хариуцагчийн тайлбар зэргээс нэхэмжлэгч нь ус алдсан даруй хариуцагчийн орон сууцны даатгалаас хохирлын төлбөр 485,000 төгрөгийг гаргуулж авсан байдаг. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтэд 2,883,000 төгрөгийн тооцооллыг хийхдээ дээрх 485,000 төгрөгийг оруулж тооцсон үнийн дүн биш юм. Иймд шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн 2,883,000 төгрөг нь даатгалын үнийг хасаж тооцсон шинжээчийн дүгнэлт юм. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал даатгалын мөнгөө хасуулна гэдэг талаар маргаагүй. Мөн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн учраас гомдлыг үндэслэлгүй гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:  

1.   Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдсон тул шийдвэрт өөрчлөлт оруулав. 

2.   Нэхэмжлэгч Ж.Э- нь хариуцагч Д.О-т холбогдуулан гэм хорын хохиролд 4,206,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа 26,638,434 төгрөгөөр нэмэгдүүлж, шүүх хуралдааны явцад 4,206,280 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзсан байна. /хх 1-3, 93-95, 177/

Хариуцагч Д.О нь дээрх шаардлагаас 2,883,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 41, 150-151, 158/ 

3.   Хэрэгт авагдсан Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-4-ийн 2023 оны 02 сарын 15-ны өдрийн Ус алдсан тодорхойлолт-оор Баянзүрх дүүргийн 18-р хороо, 38-р байрны 7-р орц, 00 тоот руу дээд давхар буюу 231 тоотоос ус алдсан болох нь тогтоогдсон, уг үйл баримтын талаар хариуцагч маргаагүй. /хх 8/

Дээрх тодорхойлолтод ...231 тоотын ванны өрөөний хүйтэн усны шугам элэгдэж, цоорсны улмаас ус алдсан... тухай дурджээ.

4.   Баянзүрх дүүргийн 18-р хороо, 13-р хороолол, 38-р байрны 7 орц 00 тоот хаягт байршилтай 212.8 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь нэхэмжлэгч Ж.Э- болох нь 000317480 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдсон тул нэхэмжлэгч Ж.Э- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.О-ээс өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй. /хх 9/

5.   Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хариуцагч Д.О нь нэхэмжлэгч Ж.Э-гийн эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 24,075,434 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын хүрээнд энэ талаар тусгайлан дүгнэлт өгөхгүй.

Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагчаас шинжээчийн ажлын хөлс 150,000 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөгийг тус тус гаргуулж шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

6.   Шүүхээс томилогдсон шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь нэхэмжлэгч Ж.Э-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг нийт 2,883,000 төгрөг гэж тогтоосон байх ба уг дүнд нэхэмжлэгч Ж.Э-гийн даатгалаас авсан нөхөн төлбөр гэх 485,000 төгрөг ороогүй байна. /хх 66-76/

Иймд хариуцагч талын гаргасан ...анхан шатны шүүх даатгалаас авсан 485,000 төгрөгийг хасч тооцоогүй... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Д.О-ээс 2,883,000 төгрөг /шинжээчийн тогтоосон дүн/ + 150,000 төгрөг /шинжээчийн ажлын хөлс/ + 15,000 төгрөг /нотариатын зардал/ - 485,000 төгрөг /даатгалаас авсан нөхөн төлбөр/ = 2,563,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан зохицуулалтад нийцнэ.

7.   Хэрэгт авагдсан Хөрөнгө эстимэйт ХХК-ийн гаргасан хохирол үнэлгээний тайланд нэхэмжлэгч Ж.Э-гийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг нийт 4,005,280 төгрөг гэж тогтоосон байх боловч анхан шатны шүүх шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн тогтоосон 2,883,000 төгрөгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосныг буруутгахгүй. /хх 11-33, 66-76/

Учир нь, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээч Ж.Уртнасанд шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 21.4 дүгээр зүйлд заасныг тус тус тайлбарлан өгч, хууль сануулсан байхаас гадна Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчид ...Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн гаргасан дүгнэлт үндэслэлтэй гарсан эсэх... тухай дүгнэлт гаргахыг шүүхээс үүрэг болгосон байдаг. /хх 60-62, 65/

8.   Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 26,638,434 төгрөгийг 27,123,434 төгрөг гэж алдаатай бичсэний улмаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүн буруу гарсан байна. Уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна. 

9.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/05553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...3,048,000 төгрөг... гэснийг ...2,563,000 төгрөг... гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...63,718 төгрөгийг... гэснийг ...55,958 төгрөгийг... гэж тус тус өөрчилж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Д.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 15,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Д.НЯМБАЗАР