Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 132/ШШ2023/00521

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Булган аймаг, Х******* сум, Хялганат тосгон, Н * дүгээр гудамж, ** тоотод оршин суух, Ц-ын Э******* ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Булган аймгийн тойргийн нотариатч П.З******* холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Б******* олгосон 00** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай 132/2023/00389/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н*******

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******

         Хариуцагчийн өмгөөлөгч М.Д*******

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.*******

         Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Мө*******,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Булган аймгийн тойргийн нотариатч П.З******* холбогдуулан 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Б.Б******* олгосон 00** дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Б.******* нь Ц.Э*******ын эзэмшиж байгаа Хялганат тосгоны Н 1 гудамж *** -р байр * тоот орон сууцны өвлөгчөөр 2019 оны 11 сарын 29-ний өдөр 08 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хууль бусаар олж авч улмаар түүнийгээ үндэслэн Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээр дурдсан орон сууцны өмчлөгчийн Ү-****** тоот гэрчилгээ авсан байдаг. Энэ асуудлаар Б.*******, Ц.Э******* нарын хооронд маргаан үүсэж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ** тоот шийдвэрээр түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хууль бусад тооцож, Б.Б******* олгосон Ү-***** тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний 420 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлсэн. Мөн Б.*******ийн нэхэмжлэлтэй маргаан бүхий Хялганат тосгоны Н * гудамж **р байр * тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Ц.Э*******аас байрыг албадан чөлөөлүүлэх, мөн өвлөх эрхээ алдсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 001** тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж, талууд давж заалдах гомдол гаргаснаар Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 000** тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн.

Эдгээр хэргийн явцад МНТ-ын Булган салбарын дарга, нотариатч П.З нотариатын бүртгэлийн талаар 2021 оны 05 дугаар сарын 24-нд 21/03 тоотоор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тайлбар ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл маргаантай харилцааны талаар мэдэж байсан.

Гэтэл Булган аймгийн тойргийн нотариатч П.З Б.*******ийн үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч шүүхийн маргаан дуусаагүй байхад 2022 оны 03 дугаар сарын 28-нд “Хялганат тосгоны давхар байр *-р байрны 1-р орц /амбааргүй/ байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Бат-Эрдэнийн Б******* өвлүүлэхээр 0097 тоот “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь хууль бус болжээ. Үүнд:

    1.Б.*******ийн өвлөх эрх авахаар хүсэж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхээр хэрэгсэхгүй болгосон өвлүүлэгч А.Б нь 1999 онд нас барсан, уг орон сууцны өмчлөгчийн эрх олж аваагүй байсан талаар шүүхийн дүгнэлт байсаар байхад өмчлөх эрх, хөрөнгийг өвлүүлсэн.

         2.Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-д заасан зохицуулалтыг анхаараагүй, хянаж үзээгүй зэргээр Нотариатын тухай хуулийн 3.1.1 “Хууль дээдлэх” зарчим, 21.2.5 “Нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах” нотариатчийн үүрэг, 21.3.3 “Нотариатын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариатын үйлдэл хийх” хориглолтыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Б.******* нь үндэслэлгүй, хууль зөрчсөн баримт бичиг бүхий хүсэлт гарган, нотариатч П.З хууль зөрчин 0097 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосныг үндэслэн одоо Хялганат тосгоны Н * гудамж **-р байр * тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож Ц.Э*******аас байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан байна.

Нотариатын хууль зөрчсөн үйлдэл, түүний үндсэн дээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь иргэн Ц.Э******* миний орон байрны эрхийг ноцтойгоор хөндөж байгаа учир Булган аймгийн тойргийн нотариатч П.Зын 2022 оны 03 дугаар сарын 28-нд Б Б******* 00** тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 0097 тоот гэрчилгээг хүчингүй болгоно уу гэв.

 

        2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Булган аймгийн тойргийн нотариатч П.З миний бие 2022 оны 03-р сарын 28-ны өдрийн 00** тоот өвлөх эрхийн гэрчилгээг Нотариатын тухай хууль болон холбогдох хууль зүйн актын дагуу өвлүүлэгч Алгаагийн Б /Б/-ийн өвлөгдөх хөрөнгийг Д1Ь ёсны өвлөгч Бат-Эрдэнийн *******-т олгосон болно. Үүнд:

         Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймаг Х******* сумын 4-р багийн засаг дарга Д.Гантулгын олгосон 2022/03/28-ны өдрийн тодорхойлолтоор Б.******* нь хамт амьдарч байсан нь нотлогдож байна.

          Нотариатын тухай хуулийн 43.2.3-т зааснаар ...өмч болохыг нотлох баримтанд Б.******* нь 1991оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байруудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байруудын материал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-н хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардацтай авч ирсэн болно.

    Өвлүүлэгч А.Бгийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Б нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ******** тоот УБЕГ-ын нас барсаны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Б, Б.Т нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзан Б.Б******* өвлүүлэх тухай өвлөхөөс татгалзах хүсэлт, өвлөгч Бат-Эрдэнийн *******ийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Бгийн 1999 оны 12 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан тухай иргэний бүртгэлийн ********** тоот УБЕГ-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Б, Д.Б нарын 1982 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гэрлэсэн тухай ********** тоот УБЕГ-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.******* нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон ********* тоот УБЕГ-ын төрсний бүртгэлийн лавлагаа, А.Бгийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, МНТ-ын Өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариу зэргийг үндэслэн Б.Б******* өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э*******ын маргаж байгаа орон сууцыг 2017 онд Гантулгаас худалдаж авсан гэх боловч иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 111дүгээр зүйлд заасан заалтуудыг хангаагүй учир хүн амын орлогын албан татвар болон, улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна. Өвлүүлэгч Б нь уг байрыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар бага хувьчлалын 34 ягаан тасалбараар худалдаж авсан болох нь дуудлага худалдаа явагдсан баримт материал нь Орхон аймгийн архиваас авсан баримтуудаар нотлогдож байх тул *******ийн өмч болохыг тогтоон өв нээсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.Э*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. 05, 01 гэсэн дугаарууд тухайн үеийн нотолгоо дотор зөрүүтэй бичигдэж явсан боловч сүүлдээ 01 тоот гэдэг нь тогтоогдсон гэв.

 

3.Гуравдагч этгээд Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Э*******ын нэхэмжлэлтэй Монголын нотариатчидын танхимын Булган аймгийн тойргийн нотариатч П.З******* холбогдох иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* болон түүний өмгөөлөгч Г.Мө*******ын зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* миний хувьд өвлөх эрхийн гэрчилгээг анх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Булган аймгийн Х******* сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Солгосон.

    Тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэгч буюу Х******* сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Снь Нотариатын тухай хуулийн 25.3-т “Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариатын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4 (өвлөх эрхийн гэрчилгээ), 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариатын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орсныг мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нотариатын тухай хуулийн 25.3-т орсон нэмэлт өөрчлөлтөөр нотариатын үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээг гэрчлэхгүй болсон байсан. Энэ талаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн  09 тоот шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлал дээр маш тодорхой зааж өгсөн бөгөөд өв хүлээн авагч Б.******* нь нотариатын үүрэг гүйцэтгэгч бус харин Булган аймгийн тойргийн нотариатаар гэрчлүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан юм.

    Тухайн нотариатын үүрэг гүйцэтгэгчийн Нотариатын тухай хуулийн өөрчлөлтийг мэдээгүй үйлдлээс болж одоог хүртэл миний бие өөрийн ээж ааваас өвлөж авсан хөрөнгийг хүлээн авч амьдарч, засан сайжруулж, захиран зарцуулж чадахгүй хохирч байгаа юм.

...Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймгийн Х******* сумын 4-р багийн Засаг дарга Д.Гантулгын олгосон 2022 оны 03 сарын 28-ны өдрийн тодорхойлолтоос Б.******* нь хамт амьдарч байсан нь нотлогдсон. Нотариатын тухай хуулийн 43.2.3- т “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг" гэж заасны дагуу өмч болох нотлох баримтад Б.******* нь 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, 34 ширхэг ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байрнуудын материал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай нотариатчид өгсөн болно.

   Өвлүүлэгч А.Бгийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Б нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ********** тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёснь өвлөгч болох Б.Б, Б.Т нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс татгалзаж Б.Б******* өвлүүлэх тухай өвлөхөөс татгалзсан хүсэлт, өвлөгч Бат-Эрдэнийн *******ийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Бгийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Б, Д.Бат- Эрдэнэ нарын 1982 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрлэсэн тухай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.******* нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон төрсний бүртгэлийн лавлагаа А.Бгийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, төрүүлсэн хүүхэд буюу Б.Түвшинхүү нь 1986 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №1390 тоот Монголын нотариатчидын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариуг тус тус үндэслэн Иргэний хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох Б.Б******* өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

     Нэхэмжлэгч Ц.Э******* нь 2021 оны 2 дугаар сард Булган аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж, нотариатын үүрэг гүйцэтгэгч Булган аймгийн Х******* сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.Сод- Эрдэнийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон №08 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин болгуулахаар хандсан бөгөөд тухай хэрэг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 09 тоот шийдвэр, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.******* миний бие тухай хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш 7 сар гаруйн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хууль, Нотариатын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэн Булган аймгийн тойргийн нотариатчаас 0097 тоот өвлөх эрхийн гэрчилгээг олж авсан болно. ...Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.

-Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 132/ШШ2022/00** дугаартай шийдвэрийн хуулбар /хх-ийн 9-14/

-Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 214/МА2022/000** дугаартай магадлал /хх-ийн 15-19/

-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 420 дугаартай магадлал /хх-ийн20-22/

-Нотариатч П.Заас Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүргүүлсэн тайлбар, холбогдох нотлох баримтууд /хх-ийн 61-72/

-А.Бгийн нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 24/

Гэрч Г.Бат-Энхийн гэрчийн мэдүүлэг

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 9 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл, бусад баримт

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: өвлөх эрхийн гэрчилгээ, бусад баримт /хх-ийн 39-51/-ыг бүрдүүлсэн байна.

Хариуцагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс хариу тайлбарыг бичгээр гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

         1.Шүүх Ц.Э*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Э******* нь нотариатч П.З******* холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Б******* олгосон 00** дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “нотариатч П.Зын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Б******* олгосон 0097 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний Ц.Э*******д холбогдох /хуучин 5-р байрны *-р орц * тоот, одоо Хялганат тосгоны Н 1-р гудамж **-р байрны * тоот/ хэсгийг хүчингүй болгуулах” гэж өөрчилжээ.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

Нотариатын хууль зөрчсөн үйлдэл түүний үндсэн дээр олгосон өвлөх эрхийн 00** дугаартай гэрчилгээний холбогдох хэсгийг хүчингүй болгуулна гэж,

Хариуцагч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хуульд заасан шаардлага хангасан баримтуудыг үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээг олгосон гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлсон.

 

3.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын маргааны зүйл нь нотариатын үйлдэл байх бөгөөд энэ нь хууль ёсны эсэх, бусдын эрх ашгийг зөрчсөн эсэхийг тогтоолгох тухай байна.

4. Булган аймгийн тойргийн нотариатч П.З нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хялганат тосгоны давхар байр *-р байрны *-р орц /амбааргүй/, /хуучин хаягаар/ хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өвлөх эрхийг Б.Б******* олгож, 00** дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгожээ. /хх-ийн 40 дүгээр хуудасны ар тал/

4.1 Б.******* нь өөрийн төрсөн эхийн нэр дээр Хялганат тосгоны давхар байр 1 дүгээр орц, 5 тоот хаягт байрлалтай /хуучин хаягаар/ үл хөдлөх хөрөнгийг өвлөх эрхийн гэрчилгээ олгуулахаар хүсэлт гаргасан байхад нотариатч П.З нь өвлөх эрхийн гэрчилгээнд Хялганат тосгоны давхар байр * дугаар байрны 1-р орцны хэдэн тоотод байрлалтай хөрөнгийг өвлөх эрх олгосон талаар тодорхой нэрлэн заагаагүй байна.  хх-ийн 40 дүгээр хуудасны ар тал/

5. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотариатч болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь тухайн нотариатын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгох бөгөөд нотариатч П.Зын Б.Б******* өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хөндөж байх тул нэхэмжлэгч Ц.Э*******ыг нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар сонирхогч этгээд гэж үзнэ.

6. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, 43.2.4-т “өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр”, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.2.9-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, 8.2.13-т “өвлөгдөх хөрөнгөд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас татгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотариатчдын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаазэрэг баримтыг үндэслэж өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ олгох талаар зохицуулсан байна.

6.1. Хариуцагч П.З нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0097 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээолгохдоо өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн Б.*******ийн хүсэлт, түүний иргэний үнэмлэхний хуулбар, Д.Б, А.Б нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа, А.Б, Д.Б, Б.Түвшинхүү нарын нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Бгийн 1 дүгээр маягтын лавлагаа /төрүүлсэн хүүхдийн тоо/, өв хүлээн авахаас татгалзах тухай Б.Б, Б.Т нарын хүсэлт, Булган аймгийн Х******* сумын * дүгээр багийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “А.Б нь тус суманд 1981-2000 онд албан ёсны бүртгэлтэй оршин сууж байсан талаарх” тодорхойлолт, Хялганат тосгонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товцоо, Хавсралт №1-д орсон байрнуудын материал зэргийг үндэслэсэн болох нь зохигчийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. /хх-ийн 40-51/

7. Хариуцагч нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 0097 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо дээр дурдсан Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох заалтыг хэрэгжүүлээгүй болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч нь Б.Б******* өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх баримтыг бүрэн гүйцэт шалгаагүй байна.

7.1.Маргааны зүйл болж буй Хялганат тосгоны Н 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлтэй холбоотой буюу Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Б.Б******* Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний “1” тоотод холбогдох хэсэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, Б.Б******* олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцуулах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч П.З 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2/03 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. /хх-ийн 61/

7.2.Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн ** дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-21/

Дээрхээс үзэхэд хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар сонирхогч этгээдийн зүгээс шүүх дээр маргаантай асуудал хэлэлцэгдэж байсан болохыг мэджээ.

7.3. Б.*******ийн нэхэмжлэлтэй, Ц.Э*******д холбогдох, Хялганат тосгоны Н 1 дүгээр гудамж ** дүгээр байрны * тоот орон сууцны өмчлөгч нь Б.******* болохыг тогтоолгож, Ц.Э*******ыг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий хэргийг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэж 107 дугаартай шийдвэрээр А.Б нь Давхар байр №5 /I орц/ 1 тоотод байрлах орон сууцыг худалдан авахаар Хялганатын “Ой модны үйлдвэр”-ийн танхимд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцсон боловч дуудлага худалдааны протоколд “Худалдан авагчид 15 хоногийн дотор материалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов” гэсний дагуу орон сууцыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ үүсгээгүй.

“Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа”-ны 33 дугаарт А.Бгийн худалдан авсан гэх байрны 1-6 тоотод Гантулга,  Энхтөр, Энхтуяа, Батмөнх, Б, Мөнхтөр зэрэг айлууд оршин суудаг талаар тэмдэглэгдсэн тэмдэглэгээ, 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцсон үе, түүнээс хойш А.Бг нас барах хүртлэх буюу 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл, нас барснаас хойш 2013 он хүртэл ** дүгээр байрны * тоотод Гантулга гэх айл оршин сууж байсан, тухайн орон сууц нь А.Бгийн эзэмшилд байгаагүй.

А.Б нь дуудлага худалдаанд оролцож худалдан авсан орон сууцаа эзэмших, ашиглах, хадгалан хамгаалах эрхээ хэрэгжүүлэхэд нь иргэн Гантулгын  хууль бус эзэмшил саад учруулж байна гэж үзвэл зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан боловч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байна. Маргаан бүхий Давхар байр №5 /I орц/ 1 /хуучнаар/ тоотод байрлах орон сууцыг өмчлөх эрх А.Бд хуульд заасан журмын дагуу үүсээгүй тул нэхэмжлэгч Б.*******ийг өв хүлээн авах замаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 9-14/

7.4. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ** дугаартай магадлалаар анхан шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /хх-ийн 15-19/

7.5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрүүд, Давж заалдах шатны шүүхийн магадлалуудад Б.******* нь хяналтын журмаар гомдол гаргаагүй.

Өөрөөр хэлбэл Хялганат тосгоны Н * дүгээр гудамж ** дүгээр байрны * тоотод байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлтэй холбоотой болон өмчлөх эрхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.

8. Нотариатч өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, 43.2.4-т “өвлөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр”, Нотариатын үйлдэх хийх зааврын 8.2.9-д “өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг”, 8.2.13-т “...өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх ...талаарх лавлагаа” байгаа эсэхийг нягтлан шалгаж тодруулалгүйгээр өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөлд хавсаргасан Хялганат тосгонд 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол, Хялганат хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа, Хялганат хорооноос хувьчлагдсан орон сууцыг худалдан авсан эздээс ягаан тасалбарыг хүлээн авсан актын нэгдсэн товцоо, Хавсралт №1-д орсон байрнуудын материал, бусад баримтад үндэслэн Б.Б******* 00** дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ” олгосон нь буруу байна.

Иймд нотариатч П.Зын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Б******* олгосон 00** дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний Ц.Э*******д холбогдох /хуучин хаяг: 5-р байрны 1-р орц * тоот, шинэчилсэн хаяг: Хялганат тосгоны Н *-р гудамж *-р байрны * тоот/ хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагчаас П.Заас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.3, 43.2.4-т заасныг баримтлан нотариатч П.Зын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Б.Б******* олгосон 00** дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний Ц.Э*******д холбогдох /хуучин хаяг: *-р байрны *-р орц * тоот, шинэчилсэн хаяг: Хялганат тосгоны Н 1-р гудамж **-р байрны * тоот/ хэсгийг хүчингүй болгосугай.

        2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ОДОНЧИМЭГ